Үлгэр бол бидний багадаа сонсож итгэж байсан, гэвч үнэн бодит байдал дээр бол огт байхгүй, болоогүй үйл явдлын “тухай” үнэн мэт болгож бичсэн, ам дамжин ярьдаг хийсвэр түүхүүд билээ. Бид том болж ухаан суухын хэрээр үлгэр, бодит амьдрал хоёр хоорондоо тэнгэр газар шиг зөрөөтэй, үлгэрт гардаг олон зүйлүүд угаасаа боломжгүй бодитой бус болохыг аажмаар ойлгож гагцхүү үлгэрүүдээр дамжуулан өгч байгаа тэр үнэт сургамжууд нь илүү чухал болохыг ухамсарладаг. Үлгэр бол ам дамжин яригддаг хийсвэр түүх байдаг бол харин одоогийнх шиг зарим нэг үлгэр дотор амьдрах нь өөрөө ухаангүй хэрэг ба алсын уршигтай төөрөгдөл юм.

Бидний өнөөгийн “ардчилсан, хүний эрхүүдийг дээдэлсэн, чөлөөт зах зээлийн” нийгмийн бодит амьдрал үнэндээ бол зориуд зохиож тарааж байдаг элдэв хоосон үлгэрүүдээр дүүрэн юм. Гэвч аливаа үзэл суртлын ойлголтуудыг гагцхүү үндэстнийхээ язгуур эрх ашгуудад тохируулж хэрэглэж байж л сая утга учиртай, хамгийн гол нь нийгэм, хүн ард эндээс үр шимийг нь хүртэж байх боломжтой болох билээ. Өнөөдрийн манай энэ ойлголтууд бол үндсэндээ гаднаас яг таг тулгаж хуулбарласан, ийм болохоор манай улс орны түүхэн хувь заяа, ард түмний уламжлал, дийлэнхийн чин хүсэл эрмэлзлэлд тохирохгүй, харин ч олон сөрөг үр дагавруудад хүргээд байна...

Ийм үлгэрүүдийн нэг нь бензин шатахууны асуудлыг тойрсон, бид үе үе “санахаараа” бие биеэсээ ам өрсөн ярьцгаадаг үлгэр юм. Гэвч энэ үлгэрийн хичнээн олон янзын хувилбаруудыг бодит байдал мэт болгож ярьж бичсэн ч одоо болтол юу ч өөрчлөгдөхгүй байгааг, ийм хэвээр байсаар байвал мөнхөд үргэлжлэх “тоглоом” юм байна гэдгийг ойлгох цаг нэгэнт болсоон. Тоглоом тоотой нь дээр, толгой мөлжүүртэй нь дээр гэдэг билээ...

Манай улс, ард түмэн газрын хэвлийн асар их баялагтай, түүний дотор гаднынхнаар голдуу хийлгэсэн хайгуулын дүгнэлтээр тогтоосон газрын тосны “багахаан” нөөцтэй билээ. Гэвч олон жилийн турш ядаж энэ “багыгаа” боловсруулж өөртөө хэрэглэхээр үйлдвэрлэлийн цогцолбор барих тухай ярьж байгаа боловч уран цэцэн үгс, "хошгируулсан" сайхан амлалтууд, ядуурч цөхөрсөн дийлэнх ард түмний горьдолт мөрөөдлөөс цааш хэтрээгүй юм. Гагцхүү газрын тос боловсруулах үйлдвэрлэлийн эхний ээлжийг ашиглалтанд оруулж суурийг тавьсны дараа л хайгуулын ажил улам эрчимжих, олж илрүүлэх бодит хэрэгцээ шаардлага нь бий болох юм. Яагаад энэ ажил ийм олон жил урагш явахгүй байна вэ? Хэн, юу үүнийг хазаарлан бариад байна вэ? Энэ байдал нь хэнд ашигтай вэ?...

Газрын тос боловсруулах үйлдвэрлэл бол зоосны нүхээр бүгдийг тооцдог цэвэр санхүүгийн ашгийн тухай асуудал биш бөгөөд энэ асуудал нь эдийн засгийн /ард түмний аж амьдралын түвшин гэсэн үг/, үндэстний аж үйлдвэрлэлийн бусад салбаруудын үүсэл хөгжлийн, эдийн засгийн тэлэлтийн, хөдөлмөр эрхлэлтийн, боловсролын түвшин дээшлэхийн, жинхэнэ шинжлэх ухаан судалгааны гэх мэт улс орны дотоод ба гадаад аюулгүй байдлын амин чухал стратеги цогц бодлогын нэг үндсэн тактик нь юм.

Одоо манай улс шатах тослох материалын харьцангуй багахан хэрэглээтэй байгаа ба учир нь үндэстний аж үйлдвэрлэлийн салбарыг бүтцийн өөрчлөлтүүд, хувьчлал нэрээр устгаж үндсэндээ байхгүй болгосон билээ. Чухам үүнээс болж ажилгүйдэл ядуурал гэдэг нийгмийн үзэгдэл үүссэн ба улс орон маань түүхий эдийн талбар, гадаадын элдэв барааг нугалж дамлан зарж бизнес хийдэг нэгэн том супермаркет дэлгүүр болж хувирсан юм. Энэ бол жинхэнэ сүйрэл мөн бөгөөд мөхлийн дохио юм !...

Одоогийн неолиберал улстөрчид, гагцхүү монголын ард түмнээс л эрх “чөлөөтэй” болж авсан зах зээлчид “манайд бензин шатахууны үнэ зах зээлийн журмаараа үнэ нь тогтож байг, гол нь монголын төрийг /цаад утга нь төрөөр дамжуулаад шатах тослох материалын үндсэн хэрэглэгчид болох ард түмэн, ААН-үүдийг гэсэн үг/ энэ асуудлаас холхон байлга” гэж хашгиралдаж байхад эрхбиш “хүрд эргүүлэх” боломж олж авсан засгийн эрх мэдлийг барьж байгаа хүмүүс яг ийм үзэл суртал, зарчмаар цаашид явахад ядаж өөрсдөд нь суудалдаа тогтож байхад халгаатай, цаашилбал чухамдаа тэд өөрсдөө ард түмнээ дагуулан улс орноо нэг тийм урхинд аваачиж хийснээ, өөрсдөө ч “гогцоонд” орсноо ойлгож эхэлсэн бололтой...

Гэсэн ч энэ байдлыг тэд ойлгомжтой шалтгаануудаар одоохондоо ил хэлж ярихыг “хүсэхгүй” байгаа ба тэдний суртал ухуулга, ятгалгаар төөрөлдөлд орсон байсан нийгмийн бухимдал, уур хилэнгээс эмээж мөн цаашдаа ч засаглалд ойрхон байх боломжоо алдахыг зөвшөөрөхгүй, “амжуулсан жаал” зүйлээ алдахыг хүсэхгүй байгаа юм. Тэдний ихэнх нь ер нь томоохон асуудал - “бухыг” унагахыг бодож сэтгэх сэтгэлгүй, чадваргүй бөгөөд харин үхсэн “бухын” бол дээр нь үсрэн гарч зогсож байгаад эрэлхэгээр орилолдон амтархан зооглодог сүрэг юм. Энэ бол чухамдаа өнөөгийн тэдний араншин, цаад мөн чанар нь бололтой...

Ингээд энэхүү уг шалтгааны асуудлаа түр хойш нь тавиад газрын тосны, бензин шатахууны асуудлыг тойрсон үлгэрийн хувилбаруудыг авч үзэж хамгийн гол нь холбогдох бодит баталгаа, нотлох баримтуудыг авч үзье. Манайд бензин шатахууны үнийн түвшин ямар явж ирсэн, түүний шууд нөлөөллүүдийг хүмүүс ямар нэг хэмжээнд мэдэж байгаа учир энэ байдлыг чухамдаа ер нь яг ийм байх ёстой гэж “батлаад” байгаад нь анхаарлаа хандуулцгаая.

Газрын тосны үнэ чухам юунаас хамаардаг вэ?

Дэлхийн зах зээлийн үнээс яаж хамаарал багатай байх боломжтой вэ?

1. Улс орон өөрийн газрын тосны нөөц баялагтай байх хэрэгтэй гэдэг : Мэдээж хэрэг, тухайн улс орон ядаж өөрийн дотоод хэрэгцээндээ хангалттай газрын тосны нөөц баялагтай бол энэ нь маш том давуу тал юм. Гэвч түүхий газрын тосоо өөрсдөө дотооддоо боловсруулдаг улс орнуудын газрын тос боловсруулах үйлдвэрүүдийн бүтэгдэхүүнүүдийнх нь үнэ нь түүхий газрын тосны хэрэгцээгээ гаднаас хангадаг орнуудын үнээс хамаагүй доогуур байдаг.

Жишээ нь: Газрын тосны их баялагтай, түүнийгээ нэрдэг, дахин боловсруулдаг үйлдвэрлэлтэй Венесуэлд (бүх жишээг октаны тоо нь 95 буюу АИ-95 бензины үнээр жишиг болгож авсан болно) 1 литр бензин 0,04$ буюу 4 ам.цент орчим, харин түүхий газрын тосыг 100 хувь гаднаас авч өөртөө боловсруулдаг Японд – 1,42$ байдаг.

2. Газрын тос боловсруулах үйлдвэрлэлтэй эсэхээс хамаардаг гэдэг: Эндээс нэг сонин байдлыг бас ажиглаж болно: Доорх орнууд бүгд газрын тосыг нэрж боловсруулах үйлдвэрлэлтэй.

Гэвч 1 литр бензиний үнэ:

- Венесуэл – 0,04$
- Туркменистан – 0,038$
- Иран – 0,08$
- Казахстан – 0,6$
- ОХУлс – 0.74$

ОХУлсын бензины үнэ Венесуэлээс 46 дахин их, Туркменстанаас 33 дахин их байдаг байна. Яагаад ийм байна вэ? Учир нь төр засгаас нь барьж байгаа үзэл суртал, эдийн засгийн чиг баримжаа явуулж байгаа дотоод бодлогоос хамаардаг байна. Одоогоор ОХУ либерал бодлого давамгайлсан эдийн засагтай, үүний хажуугаар бас газрын тосны харьцангуй өндөр татвартай, энэ татварын орлогын нэг хэсгийг буцаагаад нийгэмд хэрэгцээнд хуваарилдаг, үлдсэн хэсгээр алт-валютын нөөцөө нэмдэг байхад Туркменистанд бензины үнийн 30 орчим хувийн субсидээр дотоод эдийн засгаа дэмжих, ард түмнийхээ амьдралын түвшинг дэмжих бодлогыг барьдаг байна.

3. Үйлдвэрлэгчдийн хоорондох өрсөлдөөн л үнийг бууруулдаг гэж номлодог. Энгийн ухамсраар хүлээн авахад, сонсоход ийм мэт байдаг. Олон үйлдвэрлэгчид хоорондоо өрсөлдсөөр үнэ буурдаг гэж “орчин үеийн эдийн засгийн” ном сурах бичгүүдэд заадаг билээ. Гэвч бодит амьдрал орчин үеийн эдийн засгийн сурах бичгүүдийн неолиберал номлол, хоосон догмуудаас маш хол зөрж байдаг.

- Ганцхан төрийн өмчийн үйлдвэртэй Туркменистанд АИ95 бензин: 0,023$
- Олон үйлдвэрлэгчидтэй ОХУлсад АИ95 бензин: 0,74$
- Олон үйлдвэрлэгчидтэй, зах зээлийн ардчилсан Канадад: 1$

Либерал эдийн засагчдын энэ хоосон суртал номлол амьдралын шалгуурыг бас л даахгүй байна. Эндээс бүх зүйл үзэл суртал, барьж байгаа эдийн засгийн чиг баримжаа - бодлогодоо байгааг харж болж байна.

4. Төрийнх нь дотоод бодлогын өвөрмөц байдлаас хамаардаг гэдэг. Либерал эдийн засагчид зарим улсууд бензинд монополь өндөр татвар тавьж буцаан хуваарилах замаар иргэдийнхээ амьдралын өндөр түвшнийг хангадаг гэж номлодог. Тэгвэл бензины үнэ Венесуэлд – 0,04$, Иранд – 0,2$, Норвегид 2,7$ байдаг. Харин АНУ-д- 0,75$, ОХУ-д -0,74$, Узбекстанд- 0,86$ буюу бараг адилхан байхад харин амьдралын түвшин нь маш зөрүүтэй байдгийг бид мэдэх билээ.

5. Дарангуйллын дэглэмтэй учир Венесуэл, Туркменистан, Иран, Ливи, мөн Саудын Аравид л бензин хамгийн хямд байдаг гэдэг. Яагаад ? Эдгээр улс орнууд бол төрийн өмч давамгайлсан эдийн засагтай, хүний эрхийг зөрчдөг, нэг хүний дарангуйллын засагтай газрын тосны том нийлүүлэгчид гэж либерал эдийн засагчид номлодог. Эрх баригчид нь иргэдийнхээ бухимдлыг барьж байхын тулд бензиний үнийг зохиомлоор маш хямд барьж байдаг гэж барууны шинжээчид зүтгэдэг. Одоо бензин 1 литр бензин Туркменистанд - 2.3 цент, Венесуэлд – 4 цент, Иранд - 8 цент орчим байгаа ба Арабын орнуудад 1 литр нь 10 цент орчим байдаг. Хамгийн өндөр үнүүд Германд, Исландад, Туркт, Норвегид байдаг. Тэгвэл Конго, Нигери мэтийн цэргийн дарангуйллын дэглэмтэй улсуудад бензины үнэ ардчилсан зах зээлийн орнуудын үнүүдтэй ойролцоо заримдаа бол илүү байдаг?!

Дэлхийн зах зээлд "өврөө бүрэн дэлгэсэн" улс орнуудад бензины үнэ байнга өсөж байгаа нь дэлхийн зах зээлийн үнээр буюу улс орныхоо дотоод амьдралаа гадна талаас удирдуулж байгаатай холбоотой. Тэгвэл энэхүү “дэлхийн зах зээлийн үнэ” нь хэрэглэгчид гэнэтхэн л 2-3 дахин их бензин хэрэглэдэг болж /эрэлт/ үүнийг нийлүүлэлт гүйцэхээ больж байгаагаас үүдэн "зах зээлийн жамаараа" өсөөд байгаа бус юм! Харин санхүүгийн элдэв хэрэгслүүдээр зогсоо зайгүй өсгөж байгаа активуудын хөөс мөн дэлхийн хөрөнгийн биржүүд дээр яг хөөс дээр үндэслэсэн газрын тосны эчнээ дамын наймаа маш эрчимжиж байгаа нь эцэстээ бүх барааны түүний дотор түүхий газрын тосны үнийг цаашид өсгөхөд хүргэж байдаг ба одоо хямралын үед энэ тоглоом улам халуураад байгаа юм...

Ер нь бензин түлш, шатах тослох материалын хувьд гаднаас бүрэн хараат байгаа, үүнээс болж дотоодын бензин түлш, эрчим хүчний үнэ өндөр буюу дэлхийн зах зээлийн хэмжээнд байгаа нь Монголын дотоод бодит үйлдвэрлэлийн салбараа боомилж үйлдвэрлэлийн бусад салбаруудын үүсэл, эдийн засгийн тэлэлт, хөгжлийг хязгаарлаж байгаа харалган "бодлого" юм. Бүх бүтээгдэхүүн үйлчилгээний үнэ бүрдэлд харьцангуй жин дардаг, нийгмийн амьдралын бүх хүрээнд маш хүчтэй нөлөөлдөг суурь үнүүдийг дэлхийн зах зээлийн үнээр болгох гэдэг бол угтаа эдийн засгаа, улс орныхоо нийгмийн дотоод аж амьдрал ахуйгаа гаднын "хүчтэнүүдийн" нөлөөлөлд оруулж үүнээс үүдээд улстөрийн бодлогоо, тусгаар тогтнолоо алдаж улс орноо, ард иргэдийнхээ өнөөгийн аж амьдрал ба ирээдүйг нь бусниулж байгаа хэрэг ба энэ бол жинхэнэ төрийн хүмүүсийн алсын хараатай бодлого бус харин түр зуурын улстөрчдийн - цэвэр үзэл сурталчдын мунхаг "цэцэрхэл" юм.

Гагцхүү түүхий эдүүд олборлон гаргаж түүнийгээ дэлхийн түүхий эдийн зах зээлийн хувирамтгай /үнийн ерөнхий хандлага нь буурч байдаг/ үнээр өгч эндээс олсон жаахан валютаар гадаадын бэлэн бараа бүтээгдэхүүнүүдийг бас л хувирамтгай / үнийн ерөнхий хандлага нь зөвхөн өсөх тал руугаа "хувирч" байдаг/ дэлхийн зах зээлийн үнээр авч, бас мөнгө санхүүгийн тусгаар тогтнолоо алдсан тул дотооддоо дандаа мөнгөний хомсдолтой байдаг учир гадаадын аж үйлдвэрлэлийн бараа, бүтэгдэхүүнүүдийг тэдний "өгөөмөр" зээлээр нь шахааны үнээр нь авч амь зууна гэдэг бол колони улсын тавилан юм.

Өнөөгийн бодит байдал товчхондоо ийм л байна...

Та энэ тухай юу бодож явдаг вэ....?

 

 

 

1 1 1 1 1 1 1 1 1 1 Үнэлгээ: 5.00 (2 удаа үнэлсэн)

Сэтгэгдлүүд  

tulga
0 # tulga 2012-01-20 17:06
олон зүйлийг ойлгохгүй явснаа мэдлээ, баярлалаа. Манай хэвлэлүүд тархины угаалгууд болсон гэдэг нь харагдаж байна даа
Хариулах | Ишлэл татаж хариулах | Ишлэл
Моногол
0 # Моногол 2012-10-01 21:27
09.01.05 0:42:21
Өнөөдөр дэлхийн зах дээр 1 баррел нефтийн үнэ 40$ орчим байна. Манайд 1литр А92 бензин 1190₮ (0,9$) байна. Харамсалтай нь манай сэтгүүлчид олон түмэндээ тодорхой ойлголт өгч чадахгүй тооны цаана өөрсдөө мөн төөрөлдөөд байна. Энэ талаар хэдэн тоо хэлж өгье. 1 баррел=158,9литр юм. Дээрхи үнээр бол 1тн бензин 350$ байна. 1995-6-2 өдрийн автобензин, дизелийн түлшний албан татварын тухай монгол улсын хуулиар 90 хүртэл октантайд 20350₮, 90-ээс дээш октантайд 25700₮, дизелийн өвөл, зуны түлшинд 2140 төгрөгийн татварыг тонн тутамд нь, 2006-06-29-ны онцгой албан татварын тухай хуулиар 90 хүртэл октантайд 11$, 90-ээс дээш октантайд 12$, дизелийн өвөл, зуны түлшинд 15 долларын татварыг тонн тутамд нь төлж байна. Энэ тооцоогоор А92 бензин 1тн нь 380$ орчим өртгөөр орж ирж байна. Үүн дээр тээвэрлэлтийн зардал(их биш) мэдээж нэмэгдэнэ. Тэгвэл 1литр А92 бензин 0,38 доллар 520 орчим төгрөг өртөгтэй болж байна.
болорболдоо амжилт хүсье
Хариулах | Ишлэл татаж хариулах | Ишлэл

Сэтгэгдэл бичих

Таны бичсэн сэтгэгдлийг сайтын админ зөвшөөрсөн үед нийтлэх болно. Зөвхөн кирилл үсгээр зөв бичгийн алдаагүй бичсэн, интернет соёлын хэм хэмжээнд нийцсэн сэтгэгдлийг хүлээн зөвшөөрөхийг анхаарна уу. Сэтгэгдэл бичихийн өмнө "Интернет соёлын хэм хэмжээ" нийтлэлийг уншихыг танд зөвлөж байна.


Security code
Шинэчлэх

    • Цахим шуудан:
      • This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
      • This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
    • Мэдээлэл харилцаа хариуцсан ажилтны утас: 99721223, 88167001, 98279574
    • Номын борлуулалт хариуцсан ажилтны утас: 99721223, 88167001
    • Худалдаа хөгжлийн банк:
      • Хүлээн авагчийн банк: Худалдаа хөгжлийн банк
      • Хүлээн авагчийн данс: 456 094 040 (төгрөгийн данс)
      • Хүлээн авагчийн данс: 456 086 397 (долларын данс)
      • Хүлээн авагчийн нэр: Болор Дэмчиг(-ийн) Бусад данс