КАПИТАЛИЗМЫН ТУХАЙ ЗОРИУД ТАРХИ УГААЖ БАЙГАА ТӨӨРӨГДЛҮҮД

Одоогийн энэ эдийн засгийн хувилбар - неолиберализм бол капитализмын нөөц боломжийн сүүлчийн шавхагдал юм. Санхүүгийн мөнгө хүүлэгчдийн ашиг орлого хэзээ ч буурдаггүй, харин асар их өрийн гол ачааг тэтгэврийнхэн болон ядуучууд үүрч байна. Европ тивээр “Европын хавар”-ын хий үзэгдэл тэнүүчилж, капитализмыг эсэргүүцэж байгаа жирийн ард иргэдэд амьдрал нь хэрхэн сүйрч байгааг тайлбарласан нийтлэлүүд их гарч байна.

Ард түмэн ямар байна, тийм л засгийн газартай байдаг гэж ярьдаг нь тийм ч шударга үнэн бус юм. Учир нь ард түмнийг хууран мэхэлж, түрэмгий суртал ухуулгаар толгойг нь эргүүлж байдаг. Өнөөдөр 1) худал хэлж, арга заль хэрэглэх нь үнэндээ бол нэг төрлийн үй олноор нь хөнөөх зэвсэг болсон ба 2) харийн далд эздийнхээ нөлөө гарт орсон либерал засгийн газар нь ард түмнээ дарангуйлах нэгэн төрлийн зэвсэг болсон бөгөөд энэ нь дайн хийдэг уламжлалт аргатай адил үр дүнтэй арга ажээ. Олонх тохиолдолд энэ аргууд нь нь бие биенээ нөхдөг ба жирийн хүмүүсийг нийлж "хавсаадайж" байна. Дээрхи энэ хоёр арга нь хоёулаа нийлээд тэднийг сонгуульд ялах боломжтой болгодог ба мөнгө хөрөнгөгүй, төрийн өндөр эрх мэдэлгүй жирийн олонхийг улстөрийн хувьд ч бусад талаар ч "устгах" арга нь болдог аж.

Нийгмийн санаа бодлыг эргүүлэх олон арга байдгийн дотор капитализмын үзэл санааг бол бүүр хавтгай төөрөгдөл болгож чадсан ажээ. Үеэс үед олон сая удаа давтагдаж ирсэн энэхүү «хуурамч үнэн» нь олон хүний хувьд маргашгүй үнэн МЭТ болгосон байдаг. Капитализмыг ард түмнүүдийн дэмжлэг хүлээсэн эдийн засаг-нийгмийн байгуулалт гэж ойлгуулахын тулд эдгээр төөрөгдлүүдийг зориуд сонин хэвлэл, ТВ, боловсролоор дамжуулан тарааж ирсэн аж. Капиталистууд жирийн олонхийн цус хөлсийг шавхаж олж байгаа асар их мөнгө хөрөнгө баялагийн өчүүхэн хэсгээр нь аль эрт ихэнхи "ардчилсан " орнуудын сонин хэвлэл, ТВ, эрх баригч 2 намын гол гол улстөрчдийг далдуур худалдан авсан байгаа билээ. Тэгээд хэвлэл мэдээллийн хэрэгсэл, боловсрол сурах бичгүүд, гэр бүлийн уламжлал заншил, сүмийн төлөөлөгчдөөр дамжуулан үүнийгээ түгээдэг байна. Ингээд эдгээр төөрөгдлүүдээс хамгийн түгээмлийг нь танилцуулья.

 

Төөрөгдөл 1. Капитализмын үед олон цагаар, сайн ажилласан хэнбугай ч баяжиж болно гэдэг төөрөгдөл

Капиталист системийн үед сайн ажилласан хүн шууд л хөрөнгө чинээтэй болдог. Ажилчин хүн энэ хоосон горьдлогод хөтлөгдөж, найдвар нь тасрахаар зөвхөн өөрөө өөрийгөө л буруутгадаг. Үнэн хэрэгтээ капитализмын үед та хэчнээн их ажилласан ч амжилт олох магадлал нь сугалаанд хожихтой адил маш өчүүхэн байдаг. Ховорхон тохиолдолд шаргуу ажилласны үр дүнд бус, харин томоохон танил талтай нэг нь луйврын аргаар хөрөнгө мөнгөтэй болдог. Энэ нь бизнес эрхлэх авьяас болон өрсөлдөх чадвараас хамаардаг гэсэн итгэл үнэмшлийн дээр аз тохиовол амжилт олдог гэсэн төөрөгдөл юм. Ийм төөрөгдлийг шашны мэт дасгах замаар хуурамч итгэл мэт болгодог.

 

Төөрөгдөл 2. Капитализм бүх хүнийг баян чинээлэг, аз жаргалтай болгодог гэдэг төөрөгдөл

Цөөнхийн гараар хуримтлуулсан эд баялгийг эрт эсвэл орой хэзээ нэг цагт хуваана. Ингэж ярьдгийн учир нь хэн буй болгосон бэ гэсэн асуулт тавихгүйгээр хөрөнгө мөнгөтэй болох боломжийг ажил олгогчид өгдөг. Ажлаа үнэнчээр гүйцэтгэсний эцэст шагнуулна гэсэн горьдлого ажилтнуудад төрдөг. Үнэн хэрэгтээ капитализмын эцсийн зорилго нь эд баялгийг хувааж хуваарилах бус, харин хуримтлуулж төвлөрүүлэхэд оршдог гэсэн дүгнэлтийг Маркс хийсэн байдаг. Үүнийг сүүлийн 10 жилд баян, ядуугийн ялгаа ялангуяа неолибериализм тогтсоноос хойш асар их болсон нь дахин нотолж байна. Энэ төөрөгдөл нь дайны дараахь “нийгмийн амьдрал сайхан байх» үед хамгийн өргөн тархсан бөгөөд социалист орнуудыг устгах гэсэн гол зорилгыг өмнөө тавьжээ.

 

Төөрөгдөл 3. Бид бүгд нэг завин дээр явдаг гэдэг төөрөгдөл

Капиталист нийгэмд анги гэж байдаггүй учир хямралын хариуцлагыг нийтээр хүлээдэг. Энэ нь ажилтнуудад бурууг тохоох зорилготой бөгөөд хөрөнгөтнүүдэд орлогоо өсгөх боломж олгож, харин ард түмэн зарлагыг үүрэхэд хүргэдэг байна. Яг үнэндээ эрх баригчид татвар, тендер, санхүүгийн луйвар, татваргүй бүс, танил тал татах зэргээр дэмждэг тэрбумтнуудаас бүрдсэн элитүүдэд хариуцлага оногддог. Энэ төөрөгдлийг ард түмэн ядуу зүдүү байгаагийн хариуцлагаас зугтаж, тэдэнд хариуцлагыг тохооход элитүүд ашигладаг байна.

 

Төөрөгдөл 4. Капитализм бол эрх чөлөө гэдэг төөрөгдөл

Капитализмын “зах зээл өөрийн зохицуулалтын” үед жинхэнэ эрх чөлөөтэй болдог. Энэ нь капитализмыг шашин мэт ашиглаж, ард түмнийг макро эдийн засгийн шийдвэр гаргахад оролцох эрхийг хасах зорилготой юм. Шийдвэр гаргах эрх чөлөө бол хамгийн дээд эрх чөлөө бөгөөд түүнийг явцуу хүрээнийхэн л эзэмшдэг. Дээд хэмжээний уулзалтын үеэр явцуу хүрээнд томоохон компаниуд, банкууд, үндэстэн дамнасан корпорациудын удирдагчид хаалттай хаалганы цаана стратегийн болон дунд хугацааны шинжтэй санхүү, эдийн засгийн гол шийдвэрийг гаргадаг. Тийнхүү зах зээл өөрөө өөрийгөө зохицуулдаггүй, харин түүнийг луйвар маягаар буруугаар ашигладаг байна. Энэ төөрөгдлийг жишээ нь капиталист бус орнуудын дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцож, тэдгээр улсад эрх чөлөө байхгүй болохыг нотлоход ашигладаг аж.

 

Төөрөгдөл 5. Капитализм бол ардчилал мөн гэдэг төөрөгдөл

Зөвхөн капитализмд л ардчилал гэж байдаг. Нийгмийн тогтолцооны бусад загварыг үгүйсгэхийн тулд энэ төөрөгдлийг бодож олжээ. Капитализмаас бусад нь дарангуйлал дор оршдог гэж нотолдог. Үнэн хэрэгтээ нийгэм нь анги давхаргад хуваагдсан байдаг ба хэт цөөнх болсон баячууд бүх зүйл дээр ноёрхдог. Энэ нь капитализмын “ардчилал” бөгөөд далдлагдсан дарангуйллаас огт өөр, харин “ардчилсан өөрчлөлт” гэдэг нь огт өөр үйл явц юм. Өмнөх төөрөгдлийн адил үүнийг капиталист бус орнуудыг шүүмжлэх, тэдэн рүү дайрч давшлах шалтаг болгож ашигладаг байна.

 

Төөрөгдөл 6. Сонгууль бол ардчилалтай ижил утгатай үг гэдэг төөрөгдөл

Сонгууль бол ардчилалтай ижил утгатай бөгөөд улс төрийн болон сонгуулийн бусад системийг муу муухай талаас нь харуулах зорилгыг тавьсан байдаг. Үнэн хэрэгтээ капиталист систем сонгогчдын саналыг луйварддаг, харин сонгууль бол ёс төдий ажиллагаа юм. Сонгуульд хөрөнгөтний цөөнх хэзээд ялдаг нь энгийн баримт. Хөрөнгөтний сонгууль болдог газар ардчилал байдаг тухай төөрөгдөл нь зүүний зарим нам хүчинд итгэх итгэл шиг гүн гүнзгий шигдсэн байдаг.

 

Төөрөгдөл 7. Төрийн эрхэнд гарсан намууд өөр өөр мөрийн хөтөлбөртэй байдаг гэдэг төөрөгдөл

Төрийн эрхэнд ээлж дараагаар гардаг хөрөнгөтний намуудын мөрийн хөтөлбөр өөр өөр байдаг. Энэ нь ардчилал сонгуулиар хязгаарлагддаг тухай төөрөгдөлд автсан ноёрхогч ангийн хүрээнд капиталист тогтолцоог мөнхжүүлэх зорилготой юм. Үнэн чанартаа парламентын хоёр намын эсвэл олон намын тогтолцооны систем нь нэг намын системтэй адил юм. Улс төрийн нэг хүчин дэх хоёр болон түүнээс олон бүлэглэл намын нэг бодлогыг хэрэгжүүлэн бие биенийхээ халааг авч байдаг. Ард түмэн эрх баригчдыг солигдож байна хэмээн урьдын адил итгэж явдаг. Хөрөнгөтний намууд янз бүрийн мөрийн хөтөлбөртэй, бүр сөрөг хүчинтэй гэдэг нь хамгийн чухал төөрөгдөл бөгөөд энэ нь капиталист систем ажиллаж байгаагийн нотолгоо юм.

 

Төөрөгдөл 8. Сонгогдсон улс төрч ард түмнийг төлөөлдөг, тийм учраас ард түмний өмнөөс шийдвэр гаргадаг гэдэг төөрөгдөл

Сонгогдсоныхоо дараа улс төрч өөрийн үзэмжээр ажиллах бүрэн эрхтэй болдог. Энэ нь ард түмнийг хоосон амлалтаар тэжээж, бодит байдлыг нуун далдлах зорилготой юм. Үнэн хэрэгтээ сонгогдсон удирдагч амласнаа биелүүлдэггүй, хийнэ гэж амлаагүй зүйлийг хийж, анх амлаж байснаасаа огт өөр, бүр Үндсэн хуулинд харшилсан зүйл хийж эхэлдэг.Тийм улс төрчид бүрэн эрхийн хугацааны дунд үедээ нэр хүндээ алддаг. Ийм тохиолдолд нэр хүндээ алдсанаар Үндсэн хуулийн дагуу улс төрч халагдаж солигдоход хүргэхгүй, харин ч эсрэгээр, капиталист Ардиллыг далд эсвэл ил дарангуйлал болж хувирахад хүргэдэг. Капитализмын үед хуурамч Ардчилал тогтдог практик нь сонгуульд оролцдоггүй хүмүүсийн тоо өсөх нэг шалтгаан болдог байна.

 

Төөрөгдөл 9. Өөр капитализм гэж байхгүй гэдэг төөрөгдөл

Капитализм нь төгс бус, гэхдээ энэ нь эдийн засаг-улс төрийн тогтолцооны цорын ганц боломжийн хувилбар юм. Энэ нь бусад системийг үгүйсгэх, өрсөлдөөнгүй болгох зорилготой аж. Үнэн хэрэгтээ улс төр-эдийн засгийн өөр системүүд байдаг ба хамгийн алдартай нь шинжлэх ухааны социализм юм. Капитализмын хүрээнд Өмнөд Америкийн “Ардилсан социализм” эсвэл Европын “социалист капитализм” гэсэн хувилбар байдаг. Энэ төөрөгдөл нь өөр капитализм байж болох асуудлыг хэлэлцэхээс урьдчилан сэргийлж, нэгдмэл санаа бодолтой байлгахын тулд ард түмнийг айлгах учиртай юм.

 

Төөрөгдөл 10. Хэмнэлт эд баялгийг буй болгодог гэдэг төөрөгдөл

Эдийн засгийн хямрал нь ажилтнуудад хэт их хөнгөлөлт үзүүлснээс үүдэлтэй. Төр хөнгөлөлтийг үгүй хийвэл улс хэмнэлт хийж, баяжина. Энэ нь улсын салбарт, тэр дундаа өндөр настнуудад хөрөнгөтнүүдийн өрийг барагдуулах хариуцлагыг тохоох зорилготой юм. Түр зуурын гэж итгүүлж байгаад хүмүүсийг ядуу байлгахыг хүлээн зөвшөөрүүлдэг. Энэ нь улсын салбарын хувьчлалыг хөнгөвчлөхөд зориулагдсан байдаг. Ард түмэн хамгийн ашигтай салбарыг хувьчилж, ирээдүйд олох ашгаа алдаж буйгаа мэдэхгүй, “аврагдахын” тулд хэмнэлт хийж байна гэж итгэдэг. Энэ бодлого нь улсын орлого буурч, тэтгэвэр тэтгэмж багасахад хүргэдэг.

 

Төөрөгдөл 11. Улс орон жижиг байх тусмаа ашигтай гэдэг төөрөгдөл

Менежментийн хувьд хувийн салбар улсынхаас илүү үр дүнтэй ажилладаг. Энэ нь хөрөнгө болон үйлчилгээний салбарын хувьчлалыг хөнгөвчлөхийн тулд хэмнэлт гаргах зорилготой юм. Энэ нь 10 дугаар төөрөгдлийн нэг адил тэтгэвэр тэтгэмж буурахад хүргэж, татвар төлөгчдөд ирэх дарамт шахалтыг ихэсгэдэг. Капиталист талаас нь авч үзвэл олон нийтийн байгууллагыг удирдах нь бизнес эрхлэх боломж юм. Капитализмд нийгмийн шударга ёс гэж байдаггүй. Энэ төөрөгдөл нь неолиберал капитализмын хамгийн “үзэл сурталжсан” төөрөгдлүүдийн нэг юм. Улс орныг хувийн бизнес удирдаж, харин улс түүнийг ердөө л дэмжих ёстой.

 

Төөрөгдөл 12. Капитализмын одоогийн хямрал нь богино хугацаанд үргэлжлэх ба ард түмний тусын тулд шийдэгдэнэ гэдэг төөрөгдөл

Санхүү-эдийн засгийн одоогийн хямрал нь капитализмын ердийн нэг үеийн хямрал болохоос, системийн хямрал биш бөгөөд сүйрэлд хүргэхгүй. Энэ нь улс дээрмээ үргэлжлүүлж, боломжтой байгаа дээр нь хүмүүсийг мөлжсөөр байх зорилготой юм. Энэ нь мөн төрийн эрхэнд байсаар байх гэсэн арга хэрэгсэл аж. Гэхдээ Марксын хэлснээр, өнөөдөр болж байгаа бүхэн капитализмын системийн хямрал юм.

Капитализм өөрчлөгдвөл эсэн мэнд үлдэж чадна гэж капиталист зарим онолч, тухайлбал, “социалистууд” болон социал-демократууд нотолж байна. Тэдний үзэж буйгаар, хямрал нь улс төрчид, харамч хахир банкныхан болон луйварчдын алдаа юм. Гэхдээ өнөөдөр бидний харж буйгаар, хүмүүсийн амьдралын түвшин сайжрах ямар ч найдлагагүй болж улам муудсаар байна. Капитализм мөхөж байна, гэхдээ энэ үйл явц удаан үргэлжилнэ. Капитализм үгүй болоход түлхэц өгөх нь бидний зорилт мөн.

Эх үүсвэр: http://www.trueactivist.com/ten-myths-about-capitalism/

Орчуулсан: З.Амгалан, “Монцамэ”

 

1 1 1 1 1 1 1 1 1 1 Үнэлгээ: 0.00 (0 удаа үнэлсэн)

Сэтгэгдэл бичих


Security code
Шинэчлэх