Нийгэм ба улстөрийн бодлого

t_youngХэнд : АНУ-ын эрх баригчдад

 
Хэнээс : Иракийн дайны ахмад дайчин, АНУ-ын тэнгисийн явган цэрэг асан, үхлийн хүнд шарх авсан

 

 
 
Үнэний Дээд Шүүхийн өмнө очих миний цаг ойртон ирж байна. Та нарынх ч бас удалгүй ирнэ ээ! Та нар бас Бурхны энэ шүүхийн өмнө хийсэн бүх нүгэл хилэнцүүдийнхээ төлөө шийтгэл гэсгээлээ амсана гэдэгт би найдаж байна. Гэхдээ та нар намайг болон надаас өөр, өдийд амьд сэрүүн, эрүүл саруул явах учиртай байсан олон олон над шиг хүмүүсийг чухам ямар болгосноо хүлээх ёс суртахууны тэвчээр хаттай байгаасай гэж хамгийн их хүсч найдаж байна.
 
Би энэхүү захидлыг Иракийн дайн эхэлснээс хойш 10 жилийн дараа энэ дайнд оролцож хүний сүг болсон олон цэрэг нөхдийнхээ нэрийн өмнөөс бичиж байна. Би үүнийг Иракт амиа алдсан америкийн 4488 тэнгисийн явган цэрэг болон бусад цэргүүдийн нэрийн өмнөөс бичиж байна. Би энэхүү захидлыг бас энэ дайнд оролцож эрэмдэг зэрэмдэг тахир дутуу болсон зуу зуун мянган шархдагсад, энэ дайнаас авсан бие болон сэтгэлийн шархнаасаа болж амь амьдрал нь сүйрч дууссан цэрэг эрсийн нэрийн өмнөөс бичиж байна.

 

Би үхлийн шарх авсан тэдгээр дайчдын нэг бөгөөд 2004 онд Иракын Садар хотод босогчдын отолтод өртөж одоо хөдлөх чадваргүй болтлоо шархдсан билээ. Одоо миний амьдралын сүүлчийн мөч ирж байна. Би эмчилгээгүй өвчтөнд үзүүлдэг эцсийн асаргаа сувилгаанд байгаа.
Би энэхүү захидлыг өөрийн хань ижилээ алдсан эхнэр нөхрүүдийн өмнөөс, эцэг эхээ алдсан үй олон хүүхдүүдийн өмнөөс, хөвгүүд охидоо алдсан эцэг эхүүдийн өмнөөс, мөн миний нэгэн адил үхлийн шарх гэмтэл авсан, эрэмдэг зэрэмдэг болсон олон мянган цэрэг нөхдийнхөө өмнөөс бичиж байна.
Би энэхүү захидлыг Иракт үүрэг гүйцэтгэж явахдаа үзэж харсан тэр аймшигт зүйлүүдэээсээ болоод сэтгэл санааны гүн гүнзгий цочирол, хямралд өртөж эцэст нь амиа хорлосон, бас одоо үүрэг гүйцэтгэж байгаа америкийн тэнгисийн явган цэргүүдийн өмнөөс бичиж байна. Тэнд одоо дунджаар өдөрт нэг америк цэрэг үзэж харж байгаа аймшиг, цөхрөл  мухардлаас болж амиа хорлож байгаа шүү дээ!

 

Би энэхүү захидлыг Ирак улс газрын тостой байснаасаа болж та нарт алагдсан 1 сая орчим иракчууд, одоо тоогийг нь тогтоох боломжгүй болсон шархдаж, хүнд гэмтэж эрэмдэг зэрэмдэг болсон олон зуун мянган жирийн ирак хүмүүсийн өмнөөс бичиж байна. Би энэхүү захидлыг та нарын өдөөсөн тэр дайнаас гэмтэл шарх авч хүний биеийн тасархайнууд болж үлдсэн, үлдсэн бүх амьдралынхаа турш эцэс төгсгөлгүй өвдөлт ёолоон, зовлон гасланд өнгөрөөх болсон тэр хүмүүсийн өмнөөс бичиж байна. 

 

Та нар шударга шүүхээс зугтаж бултаж мэдэх юм. Гэвч та нар бүгдээрээ бузар булай энэ дайныг өдөөсөн, дээрэм тонуул хийсэн, бүр цаашилбал мянга мянган америк залуусын амь амьдрал, ирээдүйг сүйтгэж алсан энэ гэмт хэрэгт буруутай хүмүүс мөн шүү! 
Би энэхүү сүүлчийн захидлаа ноён Джордж Буш, ноён Дик Чейни та нарт бас хандан бичиж байна. Үүнийг бичиж байгаагийн учир нь та нар хувийнхаа эд баялаг, өмч хөрөнгө, хувийнхаа ашиг сонирхол, хувийнхаа эрх мэдлийн төлөө хувийнхаа ёроолгүй шуналдаа хөтлөгдөж хүмүүс олон нийтэд худал хэлж элдэв арга заль мэх зохион хэрэглэж байсан (бидний тархийг угаасан байсан) явдал чинь хүний ёс суртахуун болоод хүнлэг ёсыг уландаа гишгэж ийм аймшигтай үр дагавруудад хүргэсэн гэдгийг эрхбиш ойлгоно байх гэж бодсон, найдсан учраас тэр юм аа.

 

Би одоо үхэхийнхээ өмнө энэхүү сүүлчийнхээ захидлыг бичиж байгаагийн учир нь энэ дайнд оролцсон миний нөхөд - мянган мянган цэрэг дайчид, тэдний зэрэгцээ манай сая сая энгийн иргэд, Ирак болон Ойрхи Дорнодын зуу зуун сая энгийн номхон хүн ардууд та нарыг үнэн хэрэг дээрээ чухам хэн болохыг чинь ойлгоосой гэсэндээ бичиж байгаа юм.
Та нарын тэр ардчилал гэгч хувийн эрх мэдэл, хувийн өмч хөрөнгө болох сая сая долларууд чинь, жирийн хүмүүсийн тархийг угааж эргүүлж байхад тусалдаг тэр хөлсний зөвлөхүүдүүд чинь; өндөр эрх дарх, хүч нөлөө чинь та нарын хуурамч гаднах дүр төрхийг чинь цаашид халхлан нууж байж чадахгүй ээ! Ноён Дик Чейни та өөрөө Вьетнамын дайнд цэрэгт явахаасаа бултан зайлж байсан байж, ноён Буш та өөрөө Үндэстний гвардиас чөлөөгүй оргон зайлж байсан хирнээ жирийн хүмүүс бид нарыг болохоор өөрсдийнхөө хувийн эд баялагийн шуналын төлөө эздийг нь алж талцгаа бас өөрсдөө үхэцгээ хэмээн Ирак уруу хууран мэхэлж илгээсэн шүү дээ.

 

Та нарын энэхүү хулчгар хуурамч гял цал гаднах төрх байдал чинь, зөвхөн амин хувиа хичээсэн араатан мэт араншин төрх чинь хэдэн арав цаашилбал зуун жилээр тогтож бүүр хэвшсэн, та нарын хүний мөс цаад мөн чанар чинь шүү дээ.
Та нар өөрсдөө улс үндэстнийхээ төлөө амиа өрсөхийг хүсдэггүй, зөвхөн хувийнхаа эд хөрөнгийн шуналыг урьдтал болгодог хирнээ одоо зуу зуун мянган эрчүүд ба эмэгтэйчүүдийг ийм утга учиргүй, бусдын нутгийг эзлэн түрэмгийлж нөөц баялагийг нь булаан авах дайнд ердөө хогоо гаднаа гарган асгаж байгаатай адил илгээж байсаан.

 

Би 2001 оны 9 сарын 11-ний халдлагын дараа цэрэгт явахаар шийдсэн билээ. Миний цэрэгт явсны гол шалтгаан бол тэр үед та нар Эх орныг маань гаднын дайралтанд өртсөн гэж өдөр шөнөгүй тархи угааж сурталчилж байсан явдал байсаан. Тэр үед манай 3000 гаруй иргэн энэхүү халдлаганд амь үрэгдсэн гэж та нар ярьж ухуулж ятгаж баталж байсан учраас л би тэр дайснуудад хариуг нь өгөхийг хүссэн юм. Гэвч энэ бүхнийг та нар өөрсдөө хийсэн байсан билээ.
Хэрэв Ирак улс 2001 оны 9-р сарын 11-ны дайралтанд оролцоогүй гэдгийг би мэдэж байсансан бол мөн хөрш улс орнууд нь АНУ-д аюул занал учруулж байна гэж та нар хүмүүсийн тархийг угаагаагүй бол би Ирак-т явна гэж цэрэгт мордохгүй байсаан. Би Иракийн ард түмнийг та нарын ухуулж ятгаад байдаг тэр “дарангуйллаас нь чөлөөлөх” гэж, хожим хоосон үлгэр домог болж хувирсан тэрхүү "үй олноор хөнөөх зэвсгийг" нь устгах гэж, Багдад болон Ойрхи Дорнодод та нарын тэр цаанаа ёжтойхон хэлээд байдаг "ардчилал" гэгчийг чинь тогтоох гэж би цэрэгт яваагүй ээ.
Tа нарын бас ярьдгаар Иракийн газрын тосноос орох орлогоор хийгдэх Иракийн сэргээн босголтод оролцох гэж би цэрэгт яваагүй ээ. Гэвч энэ дайн чинь АНУ-аас 3 триллион доллар зарлагадахад хүргэсэн шүү дээ! Би бас өрсөж цохилт хийх дайн гэгчид чинь оролцох гэж цэрэгт яваагүй ээ. Өрсөж цохилт хийх дайн гэгч чинь олон улсын эрхзүйн хэм хэмжээгээр бол хууль бус шүү дээ.
Иракт цэргийн үүргээ гүйцэтгэж байхдаа би та нарын энэ ёроолгүй тэнэглэл, гэмт хэргийн чинь хамсаатан болж байсаан.

 

Иракийн дайн бол АНУ-ын хувьд стратегийн хамгийн муйхар алдаа байсан билээ. Энэ дайн бол Ойрхи Дорнод дахь хүчний харьцааг бүрэн алдагдуулсан юм. Хүний ёс суртахуун, цаашдын геоулстөрийн тэнцвэр, цэрэг - эдийн засгийн бүх талаасаа Иракийн дайн бол АНУ-ын хувьд жинхэнэ том алдаа, өнөөгийн энэ сүйрлийн эхлэл нь байсан юм.
Энэхүү алдаа-сүйрлийн эзэд бол ноён Джордж Буш, ноён Дик Чейни та нар байсан шүү.  Ийм учраас энэ бүхний үр дагаврыг та нар бүрэн хариуцах ёстой!
9 сарын 11-ний дайралтыг хийсэн гэгддэг Афганистанд байлдаж яваад ингэж шархадсан бол би энэхүү захидлыг бичихгүй байх байсаан. Би тэнд шархадсан байлаа ч, миний бие эрүүл мэндийн доройтол, одоо гарцаагүй болсон үхэл гээд ямар л олигтой байв гэж дээ. Гэсэн ч би өөрийн хайрт Эх орноо хамгаалж яваад ийм болсон гэдгээсээ жаахан ч гэсэн уужрал тайтгарлыг авах байсан биз ээ. Гэвч огтхон ч тийм бус билээ!
Үнэнийг хэлэхэд, миний бие эрүүл мэнд өдөр хоногоор сулран доройтсоор байна. Та нарын газрын тосны хувийн компанийн өчүүхэн тэр шунал тачаал, Саудын Арави дахь газрын тосны эзэд шеихүүд болон та нарын тэр хамтарсан бизнесүүд, мөн та нарын тэр дэлхийн эзэрхэг гүрнийг байгуулах тухай галзуу солиотой бодлын чинь төлөө золисон зуу зуун мянган хүний амь нас, бие эрүүл мэнд, түүний дотор энэ дайны золиосууд болсон тэр олон мянган гэм зэмгүй хүүхдүүдийн нэгэн адил миний бие одоо сульдан доройтсоор байна.
Энэ дайнд оролцож тахир дутуу, эрэмдэг зэрэмдэг болсон олон олон мянган цэрэг ахмад дайчид одоо болохоор "Дайнд оролцогчдод туслах байгууллага"-ын чинь хангалтгүй, мөн идэвхгүй, ямар ч хайхрамжгүй асрамжаас чинь болж зовж шаналж зүдэрсээр байгааг ч энд хэлмээр байна. Tахир дутуу болсон тэр олон цэрэг дайчид болон би ч гэсэн бас бид бүхний бие, сэтгэлийн шарх зовлон шаналал та нарт болоод бусад улс төрчдөд огт хамаагүй болохыг одоо бүүр сайн ойлгож байгаагаа бас энд хэлмээр байна.

 

2014 оны байдлаар америкийн 1 сая гаруй ахмад дайчид орон гэргүй гудамжны тэнүүлчид болон хувирчээ... Тэдний дунд эмэгтэй дайчид ч олон байгаа аж!
"Ардчиллын төлөө" зогсоо зайгүй дайн хийж байгаа Америкийн төлөө долларт хөлслөгдөж ! байлдаж явсан цэргүүд эцэст нь ийм байдалд оржээ...
Бид нар бүгд та нарт хууртаж ашиглагдчихжээ! Бид бүхэн та нарт мэхлэн залилуулж хууртагдчихжээ!  Одоо болохоор бид бүгд цөмөөрөө та нарын хэнд нь ч хэрэггүй хаягдсан байгаа шүү дээ.
Эрхэм Буш! Та Христийн шүтлэгтэн болж их дүр исгэдэг хүн шүү дээ. Худлаа ярина гэдэг чинь нүгэл биш гэж үү? Хүн алж тална гэдэг нүгэл биш гэж үү? Хулгай дээрэм тонуул хийж хувиа хичээн шунан тачаадаж байгаа чинь нүгэл биш гэж үү дээ?
Би өөрөө Христийн шүтлэгтэн биш л дээ. Гэхдээ би Христосын эрхэм дээд эрмэлзлэлд нь итгэдэг нэгэн. "Та бусад хүмүүст юу хийж байна, тэр зүйлээ өөртөө бас хийж байгаа" гэсэн сургаалд нь би итгэдэг.
Үнэний Шүүхийн өмнө очих миний цаг ойртон ирж байна. Та нарынх ч бас ирнэ ээ. Та нар шийтгэл гэсгээлээ хүлээх болноо. 
Гэхдээ би та нар намайг болон надаас өөр, өдийд амьд сэрүүн, эрүүл саруул явах учиртай байсан олон олон над шиг хүмүүсийг чухам ямар болгосноо хүлээх ёс суртахууны тэвчээр хаттай байгаасай гэж хамгийн их хүсч найдаж байна.
Миний амь амьдрал ингээд дуусаж байгаагийн нэгэн адил, та нарын ч ялгаагүй амь амьдрал дуусахаас өмнө та нар Америкийн ард түмний өмнө, ер нь бүх хүн төрөлхтний өмнө, хамгийн гол нь Иракийн ард түмний өмнө уучлал өршөөл гуйх сэтгэлийн хат тэнхээтэй байгаасай гэж хүсэх байна даа.
 

 

Нийтлэлийн эх үүсвэр: http://www.presstv.com/detail/2013/03/20/294508/dying-veteran-to-bush-cheney-day-of-reckoning-is-coming/

 

 

 
3.625 1 1 1 1 1 1 1 1 1 1 Одоогийн үнэлгээ= 3.63
СҮҮЛЧИЙН ИЛ ЗАХИДАЛ - 3.5 out of 5 based on 4 votes

Онлайн уншигчид


Олон нийтийн сүлжээнүүд