Нийгэм ба улстөрийн бодлого
 
Дорно дахины ард түмнүүдэд "цаасан бар" гэдэг маш онож хэлсэн нэг шог зүйрлэл байдаг билээ. Энэ зүйрлэлийг хүмүүст янз бүрийн аргаар зориудаар төрүүлсэн байгаа тэр ойлголт төсөөлөл нь үнэн хэрэг дээрээ бодит байдлаас бол шал өөр, хууртаж мэхлэгдсэн тэр хүмүүсийн бодол санаа нь бодит чин үнэнээс хол тасарсан байгааг илэрхийлэхэд хэрэглэдэг.

2008 онд АНУ-ын ипотекийн пирамид нуран унаснаас хойш далд хэлбэрээсээ ил хэлбэртээ шилжин өнөөдрийг хүртэл  үргэлжилсээр байгаа дэлхийн санхүү-эдийн засгийн хямрал нь ийнхүү үл үзэгдэх гартай чөлөөт зах зээлийн онол - экономикс гэгч мөн монетаризм гэгч номлол онолууд нь үнэн хэрэг дээрээ асар том залилангийн онол үйл ажиллагаа байсныг нэгэнт нотлосон билээ. Барууны "үл үзэгдэх" нударга доор өнөөг хүртэл хүчинд автан "ойлгон хүлээж авч байгаа" мэт даган гэлдэрч байсан хүн төрөлхтөнг тэд эцэстээ ийнхүү  ямар ч гарцгүй мухардалд хөтлөн оруулсан байгаа гэдгийг үнэн зөв мэдээлэлтэй, жинхэнэ мэдлэг боловсролтой хүмүүс одоо нэгэнт ойлгож ухаараа биз ээ.

Энэхүү хямрал мухардал ньдэлхийн II дайны үр дүнд мөн Хүйтэн дайны "ачаар" хүчээр тогтоосон, АНУлс тэргүүтэй барууны цөөн хэдхэн улс орнуудын зүгээс дэлхийн бусад бүх улс үндэстнүүдийг дөнгөлсөн байгаа улстөр-санхүү-эдийн засаг-мэдээллийн бүрэн эзэрхийлэл-колоничлол, түүний гол зэвсэг - долларын санхүүгийн пирамид тогтолцооноос үүдэлтэй юм. Харин тэгвэл тэдэнд энэхүү бүх талын ноёрхол болон хүн төрөлхтөнг колоничилж байх боломжийг олгож бусад улс ард түмнүүдийг хүлцэнгүй боолчлолд тогтоон барьж байгаа хамгийн гол хүчин зүйл бол юуны өмнө Хойд атлантын цэрэг улстөрийн бүлэглэл - НАТО билээ...

Гэвч сүүлийн 3-5 жилд дэлхийн геоулстөрийн хүчний тэнцвэргүй байдалд маш том гүн гүнзгий өөрчлөлтүүд алгуурхан орж АНУ-гийн дангаар ноёрхол нуран унаж байгааг ихэнх хүмүүст анзаарч эхэлсэн боловч олонх нь энэхүү асар том өөрчлөлтийн үр дагаврудыг хараахан сайн ойлгож ухаарахгүй байгаа бололтой. Гэсэн ч үүнийг тойрсон үйл явдлууд улам хурдацтай өрнөж улам хурц хэлбэртээ орсоор байгаа билээ...

Хэдхэн хоногийн өмнө НАТО-гийн шинэхэн удирдагч Иейн Столтенберг /норвегийн иргэн/ ажлаа аваад Польшид хийсэн анхны ажлын айлчлалынхаа үеэр "НАТО хаана хүссэн газраа цэргийн баазаа байгуулах болно... НАТО бол дэлхийн хамгийн хүчирхэг армийн нэгтгэл" гэж сүржин мэдэгдснийг олон улс орны цэргийн мэргэжлийн шинжээчид "мансуурсан этгээдийн солиотой бувтнал шиг сонсогдож байна" гэж дүгнэж байна.

Өнөөгийн улстөр-эдийн засгийн гүн гүнзгий хямрал мухардалд орсон Европ дахь НАТО-гийн гол гишүүн орнууд, тухайлбал, ХБНГУлс, Польш, Румын, Эстони, Латви, Унгар, Болгар зэрэг олон орнууд цэрэг зэвсэглэлд битгий хэл бусад олон зүйл дээр ч мөнгөгүй, бүсээ чангалах бодлогыг үргэлжлүүлэн явуулсаар байгаа билээ.

НАТО-гийн Европ дахь хамгийн том түнш, гол түшиг тулгуур нь Европын Холбооны санхүү-эдийн засгийн гол түүчээ ХБНГУлс юм. Гэвч ХБНГУлсын батлан хамгаалах яам, зэвсэгт хүчин-Бундесверийн захиалгаар бие даасан хараат бус хэсэг судлаачдын хийсэн нэг тайлан Германы хэвлэлд саяхан гарсан нь ихээхэн дуулиан шуугиан тариад байна. Үүний дараахан дээрхи тайлантай холбогдуулж ХБНГУлсын батлан хамгаалахын сайд, хатагтай Урсула фон дер Ляйен албан ёсоор мэдэгдэл хийхдээ "манай улсын цэргийн  төсөвт шинэ нисэх онгоц авах битгий хэл, хуучин техниктээ завсар хийх ч мөнгө байхгүй, одоо бундесверийн цэргийн нисэх онгоцуудын 60% (118 онгоц) нь хөөрөх боломжгүй шалтгаанаар жагсаалаас гарсан, зөвхөн 40% (80 онгоц) нь хөөрч үүрэг гүйцэтгэж чадна, манай хуягт танк машины зөвхөн 59% (377 ширхэг), цэргийн нисэх тэрэгний 23% (17 ширхэг) нь хөдөлдөг, ажилладаг" хэмээн бодит байдлаа хүлээн зөвшөөрсөн юм. Үүнээс өмнөхөн Германы зэвсэгт хүчин - Бундесвер НАТО-гийн Иракт явуулж байсан цэргийн ажиллагаанд туслахаар цэргийн 3 тээврийн онгоц ачааг илгээсэн боловч зөвхөн ганцхан онгоц нь л Ирак хүртэл нисч чадсан ажээ. Үлдсэн 2 нь газраас ч хөөрч чадаагүй байна. ХБНГУлс цэргийн зардлаараа дэлхийд дээрээсээ 7-р байрт ордог боловч герман зэвсэг техникийн нэг өртөг нь өрсөлдөх чадвар маш  сул өөрөөр хэлбэл өндөр үнэ ханштай байдаг байна... Засгийн газраасаа цэрэг дайны захиалга авах нь барууны том компаниудын хамгийн том, хамгийн ашигтай бизнесийн нэг юм. Иймд тэдэнд дайн дажин "ашигтай" байдаг.

Үүний дараахан НАТО-гийн Европ дахь хүчний ерөнхий командлагч Филипп Бридлав албан ёсоор мэдэгдэхдээ "...Өнөөгийн энэ бүрэлдсэн нөхцөлд ОХУлс маш хүчирхэг орчин үеийн батлан хамгаалах зэвсэгт хүчинтэй болсон байгаа нь бодит факт бөгөөд хэрэв оросууд хүсэх л юм бол тэд хэдхэн өдрийн дотор Украйныг бүрэн эзлэн авч чадна" хэмээн бодит байдлыг хүлээн зөвшөөрч байна. Гэвч ОХУлсын ерөнхийлөгч В. Путин армиа Украйн улс уруу урьд өмнө нь ч оруулаагүй, цаашид ч оруулах төлөвлөөгүй байгаагаа албан ёсоор дэлхий дахинд зарласан билээ...

Үүний араас НАТО-гийн өнөөгийн байдлын талаар Америкийн армийн өндөр албан тушаалтнууд шуугиан тарьсан мэдэгдэлүүд хийж үүнийг томоохон хэвлэлүүд нь ид хэлэлцэж байна. Америк шинэ Хүйтэн дайнд бэлэн бус - America isn't ready for new Cold War http://www.thedailybeast.com/articles/2014/03/20/the-pentagon-isn-t-ready-for-a-new-cold-war.html  нийтлэлээс:

Дэвид Депулла, АНУлсын Цэргийн нисэх хүчний Агаарын тагнуулын штабын орлогч :
"Америкийн арми сүүлийн хэдэн арван жилийн турш мэргэжлийн бус сайн дурын босогчдын эсрэг залхаан цээрлүүлэх ажиллагаанууд л явуулж ирсэн болохоор яг үүндээ дасч зохицсон армитай болсон ба үүний үр дүнд одоо Оросыг цэрэг зэвсгийн хувьд сөрөн зогсох чадваргүй болсоон! Вашингтоны эрх баригчдын явуулж ирсэн терроризмын эсрэг даян дэлхийн дайн гэгч нь АНУлсын агаарын цэргийн болон тэнгисийн цэргийн хүчнийг стратегийн хувьд маразмаар өвчлөхөд хүргэсэн. Ийм болохоор Украйны эргэн тойрон дахь өнөөгийн энэ хямралтай холбогдуулж Оросын эсрэг шинэ "Хүйтэн дайн" зохион байгуулах гэж оролдож байгаа Америкийн эрх баригчид одоо өөрийн зэвсэгт хүчин, цэргийнхэндээ найдаад байх хэрэггүй биз ээ...

... Одоо манай гариг дээрхи хамгийн сайн агаараас эсэргүүцэн хамгаалах системтэй улс бол ОХУлс юм. Нөгөө магтаад байсан манай нисгэгчгүй дрон-онгоцууд моралийн хувьд хуучирсан болох нь гэнэтхэн ил тодорхой болсон шүү дээ. Үүний нэг тод жишээ бол одоогоор бид л албан ёсоор хүлээн зөвшөөрөөгүй болохоос америкийн агаарын цэргийн хүчин Крымийн тэнгэрт нэг ийм дрон-онгоцоо устгуулж алдсан явдал юм. Өнөөдөр оросууд "газар-агаар" ангиллын зэвсэглэлээр биднээс хамаагүй их давуутай болсон нь үнэн бөгөөд оросын агаараас эсэргүүцэн хамгаалах системээр хамгаалагдсан аливаа улсын нутаг дэвсгэрт (Сири, Иран) НАТО агаараас нэвтрэх боломжгүй болсон байгаа. Оросууд өөрийн агаарын орон зайдаа ямар ч онгоцыг нэвтрүүлэхгүй хориглох батлан хамгаалах орчин үеийн хүчирхэг систем, зэвсгийн боломжтой болсон".

Нью-Йорк Таймс сониноос: "Оросын цэрэг дайчид одоо нарнаас хамгаалах нүдний шилтэй шинэхэн дуулга малгайнууд болон сайн материалтай нямбай хийсэн дүрэмт хувцасаараа гайхуулж чадах болсоон. Тэд бас /манайх шиг байнга сэтгэцийн эм ууж мансуурсан цэргүүд биш/ эрүүл саруул цэргүүдтэй. Энэхүү дэвшлийнх нь хамгийн чухал шинж тэмдэг бол тэдний цэргийн албан хаагч нэг бүр нь, бүр харуулд зогсож байгаа цэрэг нь хүртэл нууц радио давтамжууд дээр ажилладаг жижигхээн богино долгионы рациатай болсон байгаа байдал юм. Өнөөгийн Оросын армийг орчин үеийн зэвсэглэл техникээр хангах гэсэн Путины 5 жилийн өмнө эхэлсэн хүчин чармайлт нь одоо амжилт олсны нэг жижигхээн шинж тэмдэг бол оросын армийн зэвсэглэл дахин айдас төрүүлэх түвшинд хүрсэн явдал юм".

... ОХУлсын Ерөнхийлөгчийн суудалд эргэн ирсэн цагаасаа хойш батлан хамгаалах төсөвтөө олон тэрбумыг зарцуулах болсон Путины хувьд батлан хамгаалах зэвсэгт хүчнээ дахин хүчирхэгжүүлэх нь түүний ажлын хамгийн чухал нэг чиглэл болсон нь эргэлзээгүй... Путин энэ замаасаа ухрахгүй ээ. Тэрээр батлан хамгаалах зэвсэгт хүчнээ сэргээн босгох нь Оросын ирээдүйд асар их чухал болохыг нэг бус удаа цохон тэмдэглэж байсан юм. Ерөнхий командлагчийн хувиар ноён Путин урьд өмнө үзэгдээгүй цэргийн сургуулилалтуудаа биечлэн очиж хянаж байсан билээ".

Дэлхийн II дайнаас хойш "ардчиллын төлөө" нэртэй үнэн хэрэг дээрээ эцэс төгсгөлгүй булаан эзлэх дайн дажингууд өдөөхөд нь америкчуудад шинэхэн хэвлэсэн цаасан доллараар нь хөлслөгдчих "махан золиосууд"-ын хэрэгцээ улам бүр их болж эхэлсэн юм. Тэгвэл ийм шинэхэн "махан золиосууд"-ыг хаанаас авах вэ?

1960-аад оны сүүлчээс, Вьетнамын дайны төгсгөл үеэс эхлэн Америкийн зэвсэгт хүчин армид эх орноо хамгаалахын төлөө гэсэн үзэл санаа улам бага болсон тул аажмаар хөлсний армийн хэлбэрт орсон бөгөөд энэ армид одоо АНУ-д оршин суух ногоон карт горьдсон гадаадын иргэд, тэрбайтугай нийгмийн гаж донтнууд хүртэл хөлслөгдөх боломжтой болсон юм.

Одоогоос 20 жилийн өмнө АНУлсын зэвсэгт хүчин ижил хүйстэн, гаж донтнуудыг эгнээсээ хөөн цол хэргэмийг нь хураан авч армийн тэтгэврийн гэрээг нь хүртэл цуцалдаг байсан ажээ. Харин 1998 онд америкчууд ХБНЮгослав улсыг агаараас бөмбөгдөн "ардчилж" хэдэн хэсэг сул дорой "ардчилсан улсууд" болгон тас татаж байсан яг тэр үед ардчилсан намаас АНУлсын ерөнхийлөгч болсон Билл Клинтон армидаа "ижил хүйстэн эсэхийг нь бүү асууцгаа, ийм асуултанд бүү хариул" гэсэн шинэхэн дүрмийг хуульчлан тогтоож өгсөн юм. Энэхүү алхам нь ижил хүйстнүүдийг хүртэл армидаа элсүүлэн авахаас өөр аргагүй болсон гэсэн үг ээ.

Дараа нь Афганистан, Иракт америкийн арми хүн хүчний нөхөгдөшгүй гарз хохирол их амсч байсан тул шинэ ардчилсан ерөнхийлөгч Барак Обама дээрхи хязгаарлалтыг бүрмөсөн авч хаяхаас өөр аргагүй байдалд орсон юм. Тэр үед АНУлсын зэвсэгт хүчинд 70 000 гаруй ижил хүйстэн эрэгтэй эмэгтэй цэргийн албан хаагчид хөлсөөр алба хааж байсан байна. Дахин 100 000 гаруй ижил хүйстнийг хөлсний армидаа элсүүлэн авахын тулд Пентагон бүх хориг хаалтуудыг авч хаяж арми дахь ижил хүйстнүүд нь хоорондоо гэр бүл байхыг хүртэл зөвшөөрсөн ажээ. Дараа нь хүйсээ солиулсан трансвестит хөлсний цэргүүдийн ээлж ирсэн аж ...

Аливаа уламжлалт батлан хамгаалах армийн цэрэг эрс бол Эх орон газар нутгаа, гэр бүлээ, элгэн саднаа, итгэл үнэмшлээ хамгаалахын төлөө халдан ирсэн ямар ч дайсны өөдөөс сөрөн зогсдог бол харин хөлсний армийн (үүнийг мэргэжлийн гэж зальжин нэрлэж байгаа боловч үүнээс цаад зорилго мөн чанар нь огт өөрчлөгдөхгүй) цэргүүд бол газар газраас цугласан, зөвхөн долларын төлөө "хүн алж хүрээ талдаг", бусдын газар нутгийг булаан эзлэх, булаан эзлэлтийг эсэргүүцэж байгаа уугуул нутгийн ард түмнээс харийн түрэмгийлэгчдийг сахин хамгаалах, залхаан цээрлүүлэх болон бусад үүрэг гүйцэтгэгчид байдаг.

Хөлсний армийн энэ мөн чанарыг жирийн хүмүүсээс нуун халхлахын тулд "үүрэг гүйцэтгэгч", "энхийг сахиулагч" гэх мэтээр зальжин нэрлэдэг бөгөөд тэднийг голдуу ардчилж сүйрч доройтсон улс орны цэргийн албан хаагчдаас, эсвэл ядуусын дүүргүүдийн ажилгүй, боловсролгүй залуусаас цаасан доллараар хөлсөн авдаг.

Гэвч хэзээ ч хэн ч мөнгөний төлөө үхэх - амь насаа золих гэрээг бол хийдэггүй, харин гагцхүү хүн алж хүрээ талах, ард түмнээс хамгаалах гэх мэт үүрэг гүйцэтгэх гэрээг хийдэг!

Хүн төрөлхтний буурал түүхээс үзвэл хүмүүс зөвхөн Эх орноо хамгаалах,Ард түмнийхээ үзэл санааны төлөө л амь насаа үнэгүй зольж ирсэн түүхтэй. Харин  мэргэжлийн гэх хөлсний армийн дайнчид эхний хэдэн үүрэг гүйцэтгэгчид нь амиа алдах тэр мөч хүртэл "эрэлхэг дайчид" байдгийг өнгөрсөн энэ бүх түүх гэрчилдэг.

Харин улс Эх орноо өмгөөлөн хамгаалж байгаа цэрэг эрс хэзээд эцсээ хүртэл байлдах тангарагтай, Эх орноо хамгаалж яваад амь насаа золиход ч бэлэн байдаг билээ.

Гэвч англисакс гүрнүүд бусдын гараар - цусаар, бусдын газар нутаг дээр - ЕвроАзийн бүс нутагт дэлхийн дайн өдөөж хийдэг уламжлалт арга мэхтэй бөгөөд ингэж бусад өрсөлдөгч улс орнуудынхаа эдийн засгийг нь сүйрүүлж хөгжил өсөлтийг нь улдан чангааж байгаад дангаараа ноёрхож ирсэн нь түүхэн үнэн юм. 

Харин энэ удаа яах бол? Одоо хэн ч тэдний төлөө "халуун чулуу долоохыг" хүсэхгүй байна!

Жич: ОХУлсын батлан хамгаалахын сайд Сергей Кужугетович Шойгу: эцэг тува үндэстэн сонины редактор, эх орос үндэстэн зоотехникч. Тувагийн жирийн нэг айлын хүү билээ. 

Харин Барууны армид, жишээлбэл, Английн армид цагаан арьст англи хүнээс өөр үндэстэн угсаатны нэг ч өндөр дээд тушаалын дарга офицер байдаггүй. Тэдний эзэрхэг гүрний үзлээр бол бусад үндэстэн угсаатнууд жишээлбэл, энэтхэг сипаичууд, бенгалийн армийн хөлсний цэргүүд, зөвхөн тэдний ашиг хонжооны төлөө цусаа урсгаж амь насаа өгч байх "ёстой" ажээ. Энэ бүх түүхийг зарим "ардчилсан монголчууд"  мэдэхгүй эсвэл үнэмшихгүй байгаа бол Рэдъярд Киплинг, У. Черчиллийг анхааралтай сайн уншаарай гэж зөвлөе.

ОХУлсын ерөнхийлөгч В.В.Путин: Барууны гүрнүүд шиг Оросын армиар далайлган дэлхийгээр нэг булаан эзлэх дайн хийхгүй нь мэдээж (үүнийг хууль цэргийн номлолдоо тодорхой хуульчилсан байдаг), харин ичгүүр сонжуургүй харийн дээрэмчдэд бол цохилт өгөхөд хэзээд бэлэн байх ёстой!

Финляндын цэргийн шинжээч, профессор Стефан Форсс : Оросын эсрэг дайнд агаарт ноёрхох ямар ч шанс АНУлсын агаарын цэргийн хүчинд байхгүй ээ!

"2015 онд Эстонид явуулахаар төлөвлөсөн байгаа НАТО-гийн хээрийн сургуулилалт бол  бидэнтэй энхийн цагт "эв санаа нэгтэй" гэдгээ харуулахаас өөр юу ч биш ээ, харин жинхэнэ дайн гарсан тохиолдолд Барууны гүрнүүд Балтийн улсуудад туслахаар нисэх онгоцуудаа ирүүлэх нь юу л бол доо" гэж финляндын цэргийн шинжээч Стефан Форсс http://deutsche-wirtschafts-nachrichten.de/2015/01/21/schwedischer-militaer-experte-us-airforce-im-baltikum-chancenlos/ сонинд ярилцлага өгөхдөө мэдэгдсэн байна.
"Барууныыг 3 дахь хөршөө гэж үзэх болсон Балти хавийн "ардчилсан" Латви, Литов, Эстони 3 улсад НАТО-гийн байруулсан байгаа  цэргийн нисэх баазууд нь үнэн хэрэг дээрээ эдгээр 3 улсыг Оросоос батлан хамгаалахын үүднээс авч үзвэл маш бага ач холбогдолтой" хэмээн Форсс үзэж байна. "Мөн энд байршуулсан НАТО-гийн нисэх онгоцууд нь хэрэв дайн гарсан тохиолдолд маш ноцтой хүндрэлүүдтэй тулгарч үүргээ биелүүлж чадахгүй болно" гэж тэрээр мэдэгдээд байна.

"НАТО-гийн иймэрхүү хээрийн сургуулилалтуудын үр дүнд гоё фото зургууд л үлддэг бөгөөд харин жинхэнэ цэрэг дайны нөхцөлд "хөзрөөр эвлүүлж байсан байшин мэт энэхүү гадна талын гоё гялгар байдал нь нуран унах болно" гэж тэрээр ярьж байна. Ер нь Санкт-Петербург болон Калининградад байруулсан байгаа ОХУлсын агаараас эсэргүүцэн хамгаалах маш хүчирхэг систем нь Балти орчмын энэ улсуудын нутаг дэвсгэр дээр ямар ч агаарын цэргийн ажиллагааг "хэрэв үнэхээр боломжгүй болгохгүй биш юм аа гэхэд маш хүнд болгоно" гэж тэр баталж байна.

Эх сурвалж:
РИА Новости http://ria.ru/world/20150121/1043590601.html#ixzz3PTjJuFEU

Тун саяхан Никсоны нэрэмжит улстөрийн төвөөс эрхлэн гаргадаг The National Interest сэтгүүл АНУлсын цөмийн зэвсэглэлийн талаархи хоосон домгуудыг арилгахаар шийдсэн байна.

Сэтгүүлчдийн тараасан, Холливудын уран сайхны кинонуудын хүчээр одоо ам дамжин яригдах болсон 5 хоосон үлгэрүүд:

1. Цөмийн зэвсэг бол АНУлсын зэвсэгт хүчний хамгийн гол хүчирхэг зэвсэг мөн гэдэг хоосон үлгэр одоо ихэд тархсан байдаг. Энэ нь бодит байдалтай огт нийцэхгүй гэж мэргэжлийн шинжээчид үзэж байгаа бөгөөд үүнийг Пентагоны захирал Чак Хейгл саяхан хийсэн мэдэгдлээрээ бас баталсан ажээ. Иймэрхүү хоосон үлгэрүүдийг Холливудын уран сайхны кинонууд бий болгодог байна.

2. Өнөөдөр АНУлс геоулстөрийн өрсөлдөгчдийнхөө эсрэг цөмийн зэвсэг хэрэглэх магадлал Хүйтэн дайны үеэс ч өндөр гэдэг хоосон үлгэр бас газар аван тархсан байдаг. Энэ бол огт үндэслэлгүй, Америкийн бодит боломжийг хэтэрхий хэтрүүлэн үнэлсэн хэрэг юм.

3. Цөмийн зэвсэг тийм ч их өндөр үнэтэй эд биш гэсэн хоосон үлгэр хүмүүсийн дунд тэнүүлчилж явдаг. Энэ нь огт тийм биш бөгөөд АНУлс шинээр үйлдвэрлэхгүй зөвхөн өнөөгийн хуучирсан цөмийн зэвсэгээ засч сайжруулахын тулд ойрын гурван жилд 1 их наяд доллар хэрэгтэй гэсэн тооцоо гарсан бөгөөд ийм их мөнгө байхгүй юм.

4. Цөмийн зэвсэг тийм ч их аюултай эд биш, хариуцлага сахилга бат алдах, золгүй тохиолдол гарах магадлал маш бага гэсэн хоосон үлгэрийг бас их тараасан байдаг. Гэвч энэ бол маш аюултай төөрөгдөл мөн бөгөөд АНУлсад зөвхөн 1950-аад оноос 1968 он хүртэл хугацаанд 1200 атомын цэнэгт хошуутай холбогдсон, маш аюултай байж болох байсан хариуцлага сахилга бат алдсан тохиолдлууд удаа дараа гарч байжээ. Жишээ нь, 1980 онд хайхрамжгүй байдлаас болж Арканзас муж улсад атомын цэнэгтэй пуужин дэлбэрч байжээ. Мөн 1961 онд Хойд Каролины нутаг дэвсгэрт 2 атомын бөмбөгийг золгүй тохиолдлоор унагасан боловч харин азаар дэлбэрээгүй байна. Энэ бүхнийг чанд нууцалсаар иржээ.

5. Америкийн цөмийн зэвсэглэлтэй холбоотой өнөөгийн энэ хүнд асуудлуудыг их мөнгөөр бол шийдэж болно гэдэг хоосон үлгэр америкчуудын дунд тархсан байдаг байна. Гэвч "асар их доллар байсан ч өнөөгийн Америкийн арми дахь уур амьсгалын ялзрал, ёс суртахууны уналт нь цөмийн зэвсэглэлийн төлөвлөлт, үйл ажиллагааны удирдлагыг үр дүнтэй боловсронгуй болгож чадахгүй юм" гэж тус сэтгүүлд бичсэн байна.

"Одоо нэгэнт байхгүй болсон ЗХУлстай сөргөлдөхөд зориулагдсан байсан, хэзээ ч ашиглахгүй байх өндөр магадлалтай, гэхдээ маш өндөр үнэтэй, асар аюултай цөмийн зэвсгийг байнгын бэлэнд байдалд, техник технологийн өндөр түвшинд барьж байх нь бараг боломжгүй юм" гэж энэ нийтлэлд эцэст нь дүгнэжээ.


Эх үүсвэр: The National Interest №1, 2015

 

 

3.875 1 1 1 1 1 1 1 1 1 1 Одоогийн үнэлгээ= 3.88
НАТО цаасан бар уу ... эсвэл - 3.8 out of 5 based on 4 votes

Онлайн уншигчид


Олон нийтийн сүлжээнүүд