Нацизм фашизмын үүр уурхай Европ тивийг энэ үхлийн өвчнөөс нь ангижруулж дэлхийн дахиныг сүйрэл мөхлөөс аварсан, дэлхийн II дайны хамгийн хүнд хүчрийг үүрч асар их гарз хохирол амсаж Агуу Ялалт байгуулсан жирийн орос цэрэг эрийг барууны неофашистууд одоо видео тоглоомууд, уран сайхны кинонуудаар гүтгэн гүжирдэж залуусын ой тойнд оросуудыг мангасжуулж манкуурт боолуудаа бэлдэж байна!!!


ТАРХИ УГААЛГА- ХҮЙТЭН ДАЙНЫ БАШИР НАРИЙН АРГУУДЫН НЭГ БОЛ УРАН САЙХНЫ ЗОХИОМОЛ КИНО, КОМПЬЮТЕРЫН ТОГЛООМУУДААР ТҮҮХИЙН ҮНЭНИЙГ ГҮТГЭН ГУЙВУУЛЖ ХОЙЧ ИРЭЭДҮЙ ХҮҮХЭД ЗАЛУУСЫГ МУНХРУУЛАХ АРГА АЖЭЭ! ЯАХ ГЭЖ ЯМАР ЗОРИЛГООР ВЭ?


Хойч үе - хүүхэд залууст нь харийн хэн дуртай нь юу дуртайгаа ярьж үзүүлж толгойг нь эргүүлэн зүрх сэтгэлийг нь өөртөө урвуулан авч харийн үзэл сурталд сургаж байгаа тийм улс үндэстэнд ИРЭЭДҮЙ бол БАЙХГҮЙ ээ.

Гүн ухаантан Платон



Худал гүтгэлэг хичнээн ичгүүр сонжуургүй, хичнээн үнэмшмээргүй байх тусмаа ГЭНЭН ТЭНЭГ хүмүүс төдийчинээ их дуртай итгэцгээдэг юм аа!

Нацист Рейхийн Үзэл суртлын яамны сайд И. Геббельс


Нэг ч улс үндэстэн, засгийн газар ард түмнийхээ оюун санааг хамгаалах - ЦЕНЗУРГҮЙ оршин тогтнох боломжгүй. Хэвлэл мэдээлэл нь дан хувийн өмчид, бүрэн эрх чөлөөтэй болсон тэр газар үнэн хэрэг дээрээ харийнхны суртал ухуулга бүрэн давамгайлдаг бөгөөд өөр хэн ч бодит байдал дээр эрх чөлөөгүй гэсэн үг ээ!

Томас Джефферсон


Эх үүсвэр: http://www.gamefront.com/company-of-heroes-2-russian/


Орчуулга:

Дэлхийн II дайн бол үнэхээр даян дэлхийг хамарсан асар том зэвсэгт мөргөлдөөн байсан билээ. Түүний үнсэн доороос энэ дайны үед бүтээгдэж дараа нь энхтайван цагт улам боловсронгуй болгосон олон шинэ технологиудын дэмжлэгтэйгээр өнөөгийн дэлхийн эдийн засаг босож өндийсөн билээ. /Дайныг шинэ технологи, шинжлэх ухааны дэвшил авчирдаг гэх үзэл бол чухамдаа өрнөдийн дайнч араншинг зөвтгөх гэсэн евро-төвт башир суртал билээ. Барууны нийгэм олон нийт эрх баригч олигарх ангийнхаа тархи угаалгын эхний золиосууд нь болсон бөгөөд тэднийг тун "өвөрмөц" байдлаар хүмүүжүүлдэг болохыг уншигч Та анзаарна биз ээ.../

Бараг 70 жилийн дараа, саяхан Канадын /дэлхийн II дайны дараа фашизмын олон гэмт хэрэгтнүүд Нюрнбергийн шүүхээс зугтаж Канадад очиж орогносон түүхтэй!/ Relic Entertaiment компани компьютерийн дүрс зургийн технологиор дэлхийн II дайны тухай нэгэн видео тоглоомыг зохион бүтээж түүнийгээ Оросын зах зээл дээр бас худалдаж эхэлсэн юм. Гэвч энэ видео тоглоом нь Оросын эгдүүцэн уурлаж хилэгнэсэн хэрэглэгчдийг энэ тоглоомын талаар сэтгэл маш дундуур байгаа тухайгаа интернэт даяар зарлахад хүргээд байгаа.

Энэ Company of Heroes 2 видео тоглоомын талаарх энэхүү эсэргүүцлийн хөдөлгөөн нь TheBadComedian нэртэй шоумений энэ тоглоомыг нь шүүмжилж шоолж тавласан нэг видеотоймоос эхэлсэн юм. Түүний тэр 30 минутын видеотойм нь Улаан армийг хүнлэг бус арга тактик хэрэглэж байсан мэт болгож дүрсэлсэн энэ тоглоомыг нь илчилсэн шүүмжлэл байсан. Тэрээр ингэхдээ Relic-ийн энэ тоглоомыг бүтээгчдийг нэг бус удаа нацистын гол үзэл сурталч Йозеф Геббельстай харьцуулсан байгаа.

Энэ видеотоймыг улам бүр олон хүмүүс үзэж дэлхийн өнцөг булан бүрт хүмүүсийн анхаарлыг маш их татаж байсан тэр үед оросын видеотоглоом сонирхогчид Metallic сайтны “тоглоомын хэрэглэгчдийн сэтгэгдлүүд” хуудас руу хандаж энэ тоглоомыг +1/-10 гэсэн үнэлгээнүүдээрээ “шагнаж” уурлаж хилэгнэсэн сэтгэгдлүүдээ бичиж байсан юм. “Энэ тоглоом бол тэр чигээрээ шал худлаа, бидний эцэг өвгөдийн Агуу их баатарлаг гавьяаг ичгүүргүй сонжуургүй гүтгэн гуйвуулж байна” гэж тэдний нэг нь бичсэн байгаа. Өөр нэг бүүр уурлаж хилэгнэсэн геймер шүүхэд онлайн нэхэмжлэл бичиж энэхүү тоглоомыг Орос болон ТУХНийгэмлэгийн орнуудын нутаг дэвсгэр дээр худалдахыг хориглохыг шаардсан юм.

Энэхүү нэхэмжлэл нь одоогоор 18 мянга гаруй гарын үсэг цуглуулсан боловч өөрийн зорилгодоо хараахан хүрээгүй байна. Гэвч Game Front сайтан дээр мэдээлж байгаагаар бол ТУХНОрнуудад энэхүү тоглоомыг борлуулж байсан хамгийн том борлуулагч - 1C-SoftClub компани канадын энэ Company of Heroes-2 тоглоомын худалдааг бүрмөсөн зогсоосон юм.

Came Front сайт мөн энэ видео тоглоомыг зохион бүтээсэн Relic ба SEGA- компаниудын хамтарсан мэдэгдлийг хэвлэсэн байгаа.

“SEGA ба Relic компаниуд өөрийн Company of Heros 2 тоглоомын агуулгатай холбогдож Оросын талаас гаргасан гомдол саналуудын талаар 1C-SoftClub компанитай нягт хамтран ажиллаж байна. Хэдийгээр бид эдгээр асуудлуудыг судалсаар байгаа боловч тус тоглоомын агуулгатай холбогдсон аливаа гүжир гүтгэлэг доромжлолуудын талаар бид харамсаж та бүхнээс уучлалт хүсэж байгаагаа илэрхийлэхийг хүсэж байна”.

SEGA болон Relic –ийн олон нийттэй харьцах пиар бүлгүүд нь одоо бүх талаас нь ирж байгаа шүүмжлэл, эсэргүүцлүүдээс бултан зайлж хамгаалалтын байдалд орсон байгаа хэдий ч дэлхийн II дайны үед асар олон хүнийхээ амь нас, цус болон хөрөнгө хүчээ зарцуулсан, мөн Гитлерийг ялахад эргэлзэх юмгүйгээр өөр ямар ч холбоотон гүрнээс илүү ихийг хийсэн оросуудын энэ түүхийг гүтгэн гуйвуулж мөн энэ дайны үеийн цэргийн ажиллагаануудыг нь бүхэлд нь харлуулж байна гэж Relic-ийг буруутгах шалтгаан ер нь байгаа юу? Эсвэл энэ геймерүүд оросууд учраас л энэ бүхнийг сэтгэлдээ дэндүү ойрхон хүлээж авсан хэрэг үү? Алив уг асуудлыг авч үзэцгээе.

Энэ бүхнийг хэтэрхий эмзэг хүлээн авсан байгаа хэдий ч TheBadComedian-ий тэр видео тойм үнэхээр үнэн бодит байдалд нийцэж байгаа. Энэхүү тоглоомын эхэн болон дунд хэсэгт ухралтанд орж байгаа орос цэргүүд немцүүдэд хожим ашиглагдаж болох ямар нэг зүйл үлдээхгүйн тулд дотор нь энгийн хүмүүс үлдсэн байшингуудыг хүртэл шатааж байсан мэт болгож мөн түлшнийхээ агуулахуудыг устгаж мөн гүүрүүдээ дэлбэлж байсан мэт болгож харуулсан байдаг. Мөн орос офицерууд нь нэг авьяаслаг жанжнаа аврахын тулд тушаалд захирагдаагүй зарим цэргүүдээ шууд буудан хороож байсан мэт болгож дүрсэлсэн байдаг. Мөн гол дүрүүдийн нэг нь нэг чухал немцийн офицерыг олзлохын тулд польшийн партизануудыг ч алж байсан мэт болгож дүрсэлсэн байгаа.

Харин Relic компани энэ бүх үзэгдлүүдээ түүхэн бодит баримтат үйл явдлууд дээр үндэслэсэн гэж худалдаанд гаргахдаа зарлаж байсан шүү дээ. Гэсэн хэдий ч Relic компани эдгээр үзэгдлүүдийг энэ тоглоомд хэрхэн яаж суулгаж өгсөн тэр аргаас нь харвал иймэрхүү үзэгдлүүд хаа сайгүй бүр хавтгай байсан мэт ойлголт сэтгэгдэл төрүүлэхээр байгаа! Энэ тоглоомын гол баатар болох Лев Абрамович Исакович (ийм хоёр овогтой хүн огт байгаагүй нь оросуудыг бүүр алмайруулж байгаа) нь Улаан армийн дээд командлалын хэн нэг нь ямар нэг ёс суртахуунгүй үйлдэл хийж байсан мэт болгож, үүнийг нь илрүүлж байсан Зелиг шиг чадвартай нэгэн байсан гэж тэнд харуулсан байдаг.

Оросын шүүмжлэгчид хэдийгээр Relic компанийн үзүүлж байгаа зарим зүйлүүд дэлхийн II дайны хатуу ширүүн дайны нөхцөлд тохиолдож байсан ч, гэхдээ ганц нэгхэн тохиолдлууд л байсан шүү дээ гэж мэдэгдэж байгаа. Тэдний энэхүү мэдэгдэл нь тус маргааныг шийдэхийн тулд АНУ болон ТУХНОрнуудын олон эрдэмтэд түүхчдээс энэ бүхнийг асууж лавлаж polygon сайтанд зориулж бичсэн Колин Кэмпбеллийн тэр гайхалтай нийтлэлд олон талаасаа бүрэн батлагдаж байгаа. Энэ судлаач эрдэмтэд бүгдээрээ Relic компани энэ видео тоглоом дотроо түүхэн бодит үнэнийг гүтгэн гуйвуулсан хэрэгт буруутай гэдэгтэй санал нэг байгаа юм.

Жишээлбэл, энэ маргааны нэг гол цэг - Сталинградын давшилтыг дүрсэлсэн тэр хэсэгт айж сандарсан шинэхэн цэргүүд голын нөгөө талаас завиар ирцгээж байдаг, харин тэдэнд зэвсэг тавьж өгөхдөө хоёр цэргийн дунд ганцхан винтов буу өгч байгаа харагддаг. Үүний дараа хашгирч командалж байгаа офицерууд нь тэднийг шуудхан л немцийн пулемётуудын өмнөөс давшилтанд орохыг тушааж байгаа мэт харагддаг. Тэгээд энэхүү амиа хорлох гэсэн давшилтууд нь амжилтанд хүрэхгүй оросууд ухрахаар нь өөрсдийнх нь цэргүүд өмнөөс нь буудан алж байсан мэт болгож энэ видео тоглоомд дүрслэн харуулсан байдаг!

Хэрэв та бүхэн 2001 онд гарсан Холливудын “Үүдэнд тулж ирсэн дайсан” гэдэг уран сайхны нэг гүтгэлгийн киног нь үзсэн бол энэ бүхэн нь танд танил, үнэмшмээр мэт байгаа байх. Харин тэгвэл Relic компани Company of Heroes 2-ыг танилцуулахдаа энэхүү гүтгэлгийн уран сайхны киноны нэг үзэгдлийг бараг тэр чигээр нь хуулан авч видеотоглоомдоо ашигласан байдаг. Гэвч энд цорын ганц асуудал байгаа нь Кэмпбеллийн тэр түүхэн эх үүсвэрүүдээс харвал үүнтэй төстэй зүйлүүд хэзээ нэгэн цагт болж байсан гэдгийг батлах ямар ч түүхэн нотлох баримтууд огт байдаггүй ажээ. Сталинградын бүслэлт маш хүнд хэцүү тэгээд сунжирч байсан, гэвч Улаан арми олон тооны их хэмжээний буу зэвсэгтэй байсан байдаг. Сталинградын тулааны үеэр тушаалгүй ухарч зугтсан зарим нэгхэн цэргүүдийг буудан хороож байсан боловч тэднийг ингэж пулемётоор өөдөөс нь шүршиж бөөнөөр нь хядаж байгаагүй юм шүү. Тэгээд бүүр дайснуудынхаа нүдэн дээр шүү. Цэргийн анги нэгтгэлүүдийн ар талд “хашилтын отрядууд” гэж байсан зарим нэг жишээнүүд бол байдаг. Гэвч тэдгээр нь голдуу фронтын шугамаас нилээд хол байрлаж байсан нь түүхэн баримтуудаар батлагддаг.

Чухамдаа үнэн бодит байдал ийм байсан учраас л оросын геймерүүд яагаад тэгж их уурлаж хилэгнэснийг таахад хялбар юм. Relic компани холливудын тэр уран зөгнөлийн гүтгэлгийн киноных нь огт түүхэн бодит бус хэсгийг шууд л хуулан авч оросын армийг ямар ч зохион байгуулалтгүй, тактикийн хувьд маш энгийн бүдүүлэг бас өөрийнхөө цэргүүдийг офицерууд нь дуртайяа алж хядаж байсан болгож дүрсэлж үзүүлсэн юм. Энэ канадын студио оросууд өөрсдийнхөө цэргүүдийг өөрсдөө хажуугаас нь буудаж хядаж байсан мэт холливудын энэ тун эргэлзээтэй “түүхэнцэр”-ийг нь тэр чигээр нь авч тоглоомынхоо нэг гол хэсэг болгосон байгаа юм даа!

Эдгээр тун ч эргэлзээтэй фактуудыг нь санаандаа барьж байгаад хойш эргэн харах юм бол энэ видео тоглоомын бусад олон алдаануудыг нь ч, тухайлбал энэ видео тоглоомоо зах зээл дээр гаргахаар бүтээгчид нь ид рекламдаж пиардаж байхдаа “түүхэн яв цав үйл явдлууд” мөн “бодит үнэн баримтууд” гэсэн жирийн хүмүүсийн бүр ой ухаанд багтамгүй санагдаж байсан тэр амбицтай мэдэгдлүүд нь чухамдаа юу байсныг одоо ойлгож авахад хялбар байх биз ээ. Мөн Company of Heroes-2 видео тоглоомд оросуудыг ямар байдлаар харуулж байгааг харин Company of Heroes 1 –д америк цэргүүдийг болохоор ямар “цэвэрхэн” байдлаар харуулж байсных нь хооронд ихээхэн ялгаа байгаа нь үнэхээр эмгэнэлтэй байгаа хэдий ч үүнд нэг их гайхаад байх хэрэггүй биз ээ.

Оросын геймерүүд иймэрхүү тархины угаалга - хүйтэн дайны гүтгэлгүүдэд одоо бүүр дөжрөө биз. Энэ тоглоомд немцийн фашистуудыг бүүр дэндүү байдлаар, тэд эелдэг даруухан хүмүүс байсан мэт болгож харуулсан нь үүнээс ч хамаагүй илүү муу хэрэг юм. Company of Heroes 1 ба 2 видео тоглоомд немцүүдийн үйлдсэн цэргийн гэмт хэргүүдийн талаар бүрэн таг чиг дув дуугүй байгаа мөртлөө зөвлөлтийн армийн жижиг сажиг зүйлүүдийг нь хэт дөвийлгөн гөрдөж гүтгэж байгаа нь энэхүү шударга бус байдлынх нь бүүр оргил болсон юм.

Энэ видеотоглоомд тэр түүхэн үйл явдлуудын чин үнэнийг ингэж гуйвуулж үнэнийг худлаагаар сэмхээн сольж байгаа ба энэ бүхний хожмын үр дагаврууд нь [хүүхэд залуусын толгойд бүрдүүлж байгаа буруу ташаа ойлголтын хувьд] нэг чухал цаад утга, далд зорилготой нь тодорхой. TheBadComedian үзэхдээ ЗХУлс Дорнод фронт дээр нацист фашистуудтай тулалдаж байхдаа дээр хэд хэдэн ноцтой алдаануудыг улс үндэстнийхээ хэмжээнд ч мөн хувь хүний түвшинд ч гаргасан гэдгийг бол хүлээн зөвшөөрч байгаа. Гэсэн хэдий ч эдгээр зарим зүйлүүдийг дайны хатуу ширүүн амь өрссөн нөхцөлд өөр арга байхгүй байснаас, цөхөрлөөс болж хийсэн юм – энэ бол ЗХУлс ялагдахад тун ойрхон байсан, тэдний улс үндэстнийг бүрэн устгах гэж санаархсан аймшигт дайн байсан билээ. Мөн тэд зарим нэг зүйлийг ердөө л өшөө авахын тулд хийсэн байсан юм – Орост дайран орсныхоо дараа немцүүд асар харгис хэрцгий байсан тухай олон тооны гэрчлэх түүхэн баримтууд байдаг билээ. Харин немцүүдийн энэхүү аймшигт харгислалын тухай Company of Heroes 2 видео тоглоомд ганц ч удаа дурдаагүй байгаа юм даа. Немцүүдийн энэ цэргийн гэмт хэргүүд нь ЗХУлсын тэр зарим үйл хөдлөлийг бүрэн зөвтгөж чадахгүй ч түүнийг чухам яагаад хийсэн бэ гэдгийг тайлбарлахад эргэлзэх юмгүй тусалж байдаг билээ.

Хэдийгээр Relic-т уучлал гуйх өчнөөн шалтгаанууд байгаа ч оросын энэ шүүмжлэгчид өнөөгийн энэ бүрэлдсэн нөхцөл байдалд өөрсдийнх нь идэвхгүй, тухай бүрт нь няцаалт өгөхгүй байсны "хувь нэмэр" байгааг хүлээн зөвшөөрөх ёстой. Мөн Relic шинэ фашист үзэл суртлыг сурталчилж байгаа тухай TheBadComedian-ы тэр хошигнолоос татгалзах хэрэгтэй.

Энэ видео тоглоомын бас нэг хэсэг нь зөвлөлтийн цэргүүд өөрсдийн Эх орны төлөө тэмцэхийг хүсэхгүй байсан хулчгарууд байсан мэт Relic-ийн үзэж байгаа юм байна гэсэн ойлголтыг хүмүүст төрүүлэхээр байгаа. Хэдийгээр энэ тоглоомд өгүүлж байгаа бүхэн нь зөвлөлтийн ард түмний баатарлаг тэмцэлд бус харин орос цэргүүдийг харгис хэрцгий байсан болгон харуулах дээр гол анхаарлаа төвлөрүүлж байгаа ч энэ бол дэндүү ухамсаргүй гөрдлөг юм. Дэлгэц дээр оросуудын үнэхээр баатарлаг эр зоригийг өгүүлсэн олон жишээнүүдийг үзүүлсэн боловч гайхалтай нь энэ бүхэн нь таныг энэ тоглоом тоглож байхад чинь цаад талд нь зөвхөн хальт харагдаад л өнгөрч байгаа. Орос цэргүүд гал утааг нэвтлэн жигүүрээс галлаж байгаа пулемётууд руу давшиж миномётын суманд нөхдөө алдаж байгаа ч галласаар давшсаар байгаа эсвэл немцийн танкуудыг өөрсдийн гайхалтай танк Т-34-өөр мөргөн зогсоож байгаа тэр үед ард чинь зурвас гараад өнгөрч байгаа.

Мэдээжийн хэрэг, зөвлөлтүүдийг аль болох муу муухай аймшигтай байсан болгож харуулах дээр төвлөрч энэ тоглоомыг бүтээлгэхээр цаанаасаа өгсөн даалгаврууд бол байгаа, гэвч жирийн орос цэрэг эрсийн эрэлхэг зориг ур чадварын үлгэр жишээг харуулсан – жишээлбэл, винтовоор зэвсэглэсэн хэдхэн дайчид нь немцийн асар том танк руу сэмхэн ойртож очоод түүнийг жагсаалаас гаргаж байгаа, дараа нь түүнийг эзлэн авч байгаа хэсгүүд ч энэ тоглоомд бас байгаа. Оросын геймерүүдийн /видео тоглоом сонирхогчдын/, түүний дотор TheBadComedian-ийн ууртай шүүмжлэлүүдийг уншиж байхад Relic бүхэнд буруутай, энэ тоглоомд огт сайшаах зүйл байхгүй мэт санагддаг.

Энд улс үндэстний үзэл суртлын асуудал байгаа юм. Дэлхийн II дайнд Оросын байгуулсан гавьяа, ололт амжилтууд бол тэдний үндэстний бахархлын нэг хязгааргүй эх ундарга нь бөгөөд энэ нь ч маш шударга түүхэн үнэн юм. Зөвлөлтийн ард түмний энэ ер бусын ур чадвар, эр зориг хатуужлыг үзүүлж өөрсдийгөө золиослон тэмцэж байсан түүх нь зарим утгаараа энэ дайнд АНУ-ын оруулсан хувь нэмрийг ихээхэн бүдэгрүүлэхэд хүргэж байгаа нь бодит үнээн. Жишээлбэл, хамгийн даруухан тооцоогоор, 1939-1945 оны хооронд амь үрэгдсэн ЗХУлсын энгийн номхон иргэдийн гарз хохирол нь барууны орнуудаас 50 дахин илүү билээ.

Гэсэн хэдий ч Зөвлөлтийн арми ба Сталин үнэхээр хатуу ширүүн байсан ба энэ дайны хатуу ширүүн нөхцөл цаг үед өөрөөр байх ч боломжгүй байсан билээ. Үүнийг нь ч Company of Heroes 2-д бас харуулсан байгаа. Гэвч тэнд 20 мянган польшуудыг Катыньд буудан хороосон гэх мөн Зөвлөлтийн арми Берлин рүү давших явах замдаа бүгдийг толгой дараалан хүчиндэж байсан гэх мэт хоосон үлгэрүүд хараахан байхгүй байгаа нь яамай даа.

Дайн дууссаны дараа зөвлөлтийн удирдлага энэхүү тун амаргүй олдсон ялалтаа ойлгомжтой шалтгаанаар коммунизмд эерэг хандах үзлийг бэхжүүлж авахад ашиглахад их анхаарч байсан юм. Энэ нь зарим нэг эвгүй үнэнийг жишээлбэл, хаших отрядууд (Гитлер 1941-42 оны өвлийн давшилтаасаа анх эхлэн ийм хаших отрядуудыг фронтууд дээрээ анх удаа хэрэглэж эхэлсэн ба харин үүний дараа Сталин 1943 оны 2-р сараас бас хэрэглэх болсон юм, дэлхийн аль ч томоохон дайны түүхэнд байсан эд ажээ), тулаанд дадлага туршлага муутай цэргүүдийг бөөнөөр нь илгээж байсан, оргон очсон цэргийн зарим олзлогсдыг тагнуул шиг буудан хороож байсан зэрэг улстөрийн цаад нарийн ширийн зүйлүүд болон гэмт үйлдлүүдээ энэ түүхээс сугалан хаяж байсан. [Хрущевын үеэс] оросын сурагчдын үе үеийнхэн энэ түүхийн ийм зарим нэг засвартай хувилбарыг судалж ирсэн юм.

АНУ болон барууны бусад орнуудад иргэд нь магтан сайшаах болон шүүмжлэхийг байх ёстой зүйл гэж хүлээн авдаг. Тэд Дэлхийн II дайны үеийн нисгэгчдийнхээ баатарлаг эр зоригийг үнэлдэг боловч үүний хажуугаар Дрезден (энэ дайнд хэн ялах нь нэгэнт тодорхой болж цэрэг-стратегийн талаасаа ингэх шалтгаан төдийлөн байхгүй байхад Хамбург ба Дрезден хотуудыг Англи - Америкийн нисэх хүчнүүд 1944 оны 10-11 сард агаараас хавтгай бөмбөгдөж үнсэн товрог болгоход Германы асар олон энгийн номхон иргэд нь шуурган галд шатаж амь насаа алдсан нь түүхэн баримт юм. Улаан Арми давшсаар Европ тивийн бүх улсуудыг бүрэн чөлөөлж капитализмыг нь булшлахаас Англи ба АНУлсууд ихээхэн болгоомжилж байсан учир дэлхийн II дайн эхэлснээс хойш 5 жилийн дараа (!) 1944 оны 6-р сард сая II фронтоо нээж Гитлерийн эсрэг дайнд орсон нь бас түүхэн баримт билээ – Орч.) ба Хирошима хотод (1945 оны 8-р сард Дэлхийн II дайн нэгэнт дуусаж Японы арми Улаан армид бууж өгөх нь зөвхөн цаг хугацааны асуудал болсон байсан юм. Гэвч ийнхүү цэрэг дайны талаасаа ямар ч шаардлагагүй Япон улс бараг ялагдаж дайн дуусаж байхад АНУ дэлхийд анх удаа атомын бөмбөг хэрэглэж 1945 оны 8-р сарын 3-7нд Японы Хирошима ба Нагасаки хотууд дээр атомын бөмбөгүүд хаяж энэ хотуудын 130-140 мянган энгийн оршин суугчид нь нэг дор эгшин зуур амь үрэгдсэн түүхтэй – Орч.) үрэгдсэн амь насуудыг ч дурсаж эмгэнэн гашуудаж байдаг. Ер нь энэ дайныг Оросын ард түмэн зүгээр л [барууны суртал ухуулгаар хүмүүжсэн] биднээс илүү ойрхон мэдэрч ойлгодог болохоор арга ч үгүй юм.

Relic компани тэр үеийн Зөвлөлтийн Армийн тактик, дотоод дүрмийн тухай эсвэл Дорнод фронт дээрх болж байсан аймшигт тэр үйл явдлуудын тухай одоо нэг мөр ойлгоход төвөгтэй асуудлуудыг ингэж ийм өнцгөөс сөхөж байгаа нь зарим хүмүүсийн хувьд ялгуусан Улаан армийн алдар хүндэд наах гэж оролдож байгаа толбо гэж харагдаж байгаа. Зарим оросууд ЗХУлс энэ дайны эхний үед хүнд ялагдал хүлээж бүтэлгүйтэж байсан үнэнийг хүлээн зөвшөөрч байгаа ч оросын ард түмний хязгааргүй баатарлаг тэмцлийн жишээнүүдийг мартах ёсгүйг бас сануулж байгаа. Харин TheBadComedian мэтийн зарим нэг нь зөвлөлт засгийн үед болон хожим ардчилсан засгийн үед сайтар сурталчилсаар байсан, харин одоо бол тун ч эргэлзээтэй сэдэлтэй хэсэг канадчуудын ноцоод байгаа үндэстний энэ бахархалд нь зарим нэг цоорхойнууд байгааг л олж харсан юм.

Ер нь дайн бол айшигтай гэдэг нь эргэлзээгүй. Гэвч дайн бол олон шалтгаануудаар нөхцөлдсөн аймшгуудтай байдаг билээ. Дайны энэ аймшгийн тухай нэг видео тоглоом зохион бүтээх гэж оролдохдоо Reilc компани хамгийн чухал нэг алдааг гаргасан юм. Энэ тоглоомыг бүтээгчид нь зөвхөн Дорнод фронт дээр л, Сталин л, Зөвлөлтийн коммунизм л ийм аймшигтай хэрцгий байсан мэтээр харуулж Оросыг энэ бүхний золиос болгон хувиргасан байгаа юм. (Урвагч Суворов-Резун мэт нь хаанаас гүтгэлгийн номууд хэний захиалгаар бичиж байгаа вэ? Канадын үнэмлэхүй бүрэн эрхт төрийн тэргүүн нь аль улсын хатан хаан байдаг бэ? Мэдэх үү?! – Орч.)

Та бүхэн энэ бүхнийг нь хүмүүсийг бөөнөөр нь цаазлахад бэлэн алхаж яваа пантомимо яргачид шигээр зөвлөлтийн цэргүүдийг дүрслэн харуулсан байгаагаас нь олж харж болно оо. Мөн энэ бүхнийг Relic компани оросуудыг хэрхэн яаж дүрсэлж харуулж харин америкчуудыг, англичуудыг бүр тэр байтугай нацист немцүүдийг хэрхэн яаж дүрслэн харуулж байгаа тэр ялгаатай байдлаас нь төвөггүй олж харж болно оо. Бас үүний хажуугаар, зөвлөлтийн цэргүүд Рейхстагийн оройд ялалтын тугаа мандуулж байгаа тэр хэсэг дээр “Энэхэн фото зургийг авахын тулд л хичнээн сая амь үрэгдсэн билээ” гэсэн өөрийн залхмаар тэнэг асуултаа энэ тоглоом дахин дахин тавьж асууж байдаг.

Дэлхийн II дайнд оролцож дайтаж байсан улс орон бүрд өөрийн гэсэн баатрууд бий. Мөн улс орон бүрт бас увайгүй этгээдүүд байдаг. Бас улс орон бүр өнөөдөр баатрууд байсан, харин маргааш нь гэмт хэрэгтнүүд шиг болж байсан цэрэг эрсүүдтэй байдаг. Энэ дайны тэр аймшгийг ганцхан улс амсаагүй билээ.

Relic компани энэхүү сөргөлдөөнд хэрхэн яаж хандахаар шийдсэнийг нь бид бүхэн удалгүй олж харах болно оо. Шүүмжилж байгаа хүмүүс ч хэрхэн яаж хариуг нь барихыг бас үзэх болно оо. Үүний хажуугаар бас өнөөдөр, хоёр тивийн жирийн иргэд энэхүү тулаанаа эхлэхдээ өөрсдийн компьютерийн товчлуур дээрээс л явуулж байгаад бид бүхэн бас баяртай байж болох билээ.

Бен Ричардсон

Жич: Эцэст нь хэлэхэд өнгөрсөн 70 жилийн хугацаанд хүний нийгмийн төлөө үзэл санаа - социалист систем улстөр-эдийн засгийн бүрэн хавчлага дунд гадна талаас тулгасан Хүйтэн дайны нөхцөлд байнга байсан хэдий ч монголчууд бид мөхлийн ирмэг дээр ирсэн байсан дундад зууны үндэстнээс НҮБ-ийн гишүүн - тусгаар тогтносон улс болон дэвшиж улс үндэстнийхээ хувьд асар их том алхам хийсэн билээ. 1945 оноос хойш манай улс үндэстний орчин үеийн сэхээтэн, инженер техникийн ажилтан, ажилчидтай Улаанбаатар, Дархан, Эрдэнэт, Чойбалсан, Ховд зэрэг орчин үеийн олон хот суурингуудтай болж 300 гаруй сум нэгдэл сангийн аж ахуйнууд, аж үйлдвэрлэлийн цогцолборуудыг бүтээн байгуулж хүн амаа 4-5 дахин өсгөж эрүүлжүүлж чадсан байсан билээ... Энэ бүхний зарим нэг төлбөр болох 11 тэрбум шилжих рублийн гадаад өрийн 98 хувийг ОХУлс цуцалсан билээ.

Харин одоо бидний болон өмнөх үеийнхний маань бүтээж босгосон байсан тэр бүх үндэстний нөөц баялаг - аж үйлдвэрийн цогцолборууд, ажлын байрууд, боловсрол эрүүл мэндийн тогтолцоо маань гадна талаасаа тулгасан, дотоодын либералчдын хэрэгжүүлсэн хувьчлал, бүтцийн өөрчлөлтөөр "нохойн" замаар орж нэгэнт үрэгдэн шамшигдаж бараг байхгүй болсон байгаа ч харин өнөөдөр бид түүнээс ч их өр - 18 тэрбум америк долларын гадаад өртэй болчхоод байгаа...

Энэ их өрийг "гуравдахь хөрш" маань харин яах бол...?! Эцэст нь өнөөгийн бидний аж амьдрал ба бидний хойч үеийн маань ирээдүй ер нь ямар байх бол оо?...

"Бид юуны ч тухай ярьж байсан энэ нь эцэстээ таны хөрөнгө баялгийг бидний хэн нь эзээмших тухай л асуудал байдаг" гэдэг тэдний энэ үгийн цаад учрыг ойлгож ухаарах, сэрэх сэхээрэх цаг хэдийнэ болсоон!...


 

Сэтгэгдэл бичих

Таны бичсэн сэтгэгдлийг сайтын админ зөвшөөрсөн үед нийтлэх болно. Зөвхөн кирилл үсгээр зөв бичгийн алдаагүй бичсэн, интернет соёлын хэм хэмжээнд нийцсэн сэтгэгдлийг хүлээн зөвшөөрөхийг анхаарна уу. Сэтгэгдэл бичихийн өмнө "Интернет соёлын хэм хэмжээ" нийтлэлийг уншихыг танд зөвлөж байна.


Security code
Шинэчлэх

    • Цахим шуудан:
      • This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
      • This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
    • Мэдээлэл харилцаа хариуцсан ажилтны утас: 88167001
    • Номын борлуулалт хариуцсан ажилтны утас: 88167001
    • Банкны данс:
      • Банкны нэр: Худалдаа хөгжлийн банк
      • Дансны дугаар: 456 094 040
      • Данс эзэмшигчийн нэр: Дэмчигийн БОЛОР
      • Валютын төрөл: Төгрөг