Александр Дугины лекц. 2014 он.

Орчуулсан Б.Оюун. 2017 оны 2 дугаар сар

 

11 Figure1 1

Өнөөдөр геополитикт Геополитик-1, Геополитик-2, Геополитик-3 гэж нэрлэж болохуйц гурван шугам байна.

Геополитик-1: Англосаксоны

Геополитик-2: Евроазийн

Геополитик-3: Эргийн

Геополитикийг яагаад 1,2,3 гэж ангилж байна вэ? Учир нь геополитикт яг квант механикт байдаг шиг “ажиглагч”-аас маш олон зүйл хамаардаг. Ажиглагч геополитикийн ямар цэг дээр, геополитикийн картын аль цэг дээр байна, тэрээр тухайн геополитикийн орон зайн бүтээгдэхүүн, тэндээсээ үйл явцад оролцож байна.

Ингэхлээр яриа бол зөвхөн улстөр, газарзүйн тухай биш юм, харин иргэншлийн, тэр дундаа социологийн хэмжигдэхүүний тухай юм.

Бид социологичийн парадокс гэж юу байдаг талаар судалсан:

- Социологич нийгмийг судалдаг.

- Тэгвэл социологич тэнд, нийгэмд өөрөө хэн бэ? Тэр ямар чиг баримжаа, хандлагатай хүн бэ?

Социологич өөрийн судалж байгаа нийгмийнхээ бүтээгдэхүүн. Социологичийн судалж байгаа хүмүүсийн нэг нь ч тухайн нийгмээс тусдаа байхгүй. Харин нийгэм нь социологичоор дамжуулан өөрийгөө судалдаг.

Социологич мэдээж нийгэмтэй харьцуулахад субъект юм. Учир нь тэр түүнийг судалж байгаа. Яг зэрэгцэн тэрээр энэ нийгмийн бүтээж бий болгосон объект мөн. Ингэхээр нийгэм өөрийнхөө бий болгосон объектын хувьд субъектийн шинж чанартай болж байна.

Бидний хувь хүний шинж чанарууд, Маша, Катя, Саня... гэх мэт хүн нэг бүр нийгмийг бүрдүүлнэ. Тэд бүгдээрээ хувь хүнийхээ хувьд бидэнд харьяалагдахгүй. Социологич хүнийг ч нийгэм бүтээсэн. Хэл, бодол санаа, хичээлээр, мөн хэн нэгэн бидэнд зааж өгсөн. Арга хэрэгслүүд... багш заасан. Энэ “хэн нэгэн” гэдэг субъект хэн бэ? Таныг та болгосон энэ субъект хэн бэ?

  • Энэ бол таны нийгэм (общество). Иймээс бид өөрийн оролцож байгаа оролцоо хэсгээ заавал судалж үзэх ёстой. Энэ маш чухал.

Социологич гэж... гэсэн нэг зүйрлэл хэллэг байдаг даа “Та гадагш гараад цонхоороо дотогшоо харж байгаа мэт, өөрийгөө талханд гарсан хүн мэт бусдыг авч үзэх ёстой “ гэдэг. Систем, хөгжлийн процессын түүхэн төлөв байдлыг хөөж буй тохиолдолд энэ бол боломжгүй, Харин социологийн энгийн, тухайлсан сэдвийн хувьд байж болох юм.

Энэ бол социологичийн зөрчил (парадокс). Өөрийн доторх нийгмээ судлах, яг нийгмийг судалж байгаа юм шиг, "та юу хийж байна, та ер нь ямар хүн юм" - үүнийг социологийн аппериепци гэдэг. (аппериепци- шинэ хүртэхүй бүхэн нь хүмүүсийн урьдны амьдралын туршлага, хүртэж буй үеийн сэтгэлийн байдлаас хамаарахуй. Өөрийн ухамсарлахуйтай холбон үздэг. Перцепцийн (хүртэхүйн) эсрэг. Өгөгдөл, суурь гэж ч хэлж болмоор санагдав. Орч.)

Энгийн социологич хүрээлэн байгаа нийгмээ ухан ойлгож байгааг перцепц гэдэг. (юмс үзэгдэл мэрэхүйн эрхтнээр дамжин ухамсарт тусах шинж. Хүртэхүй).

Социологич өөрийнхөө гадна талаар хүрээлэн буй нийгмийг судлахтай зэрэгцэн өөрийнхөө дотоодод байгаа нийгмийг судлах, өөрийн өгөгдөл, урьдач нөхцөлүүд, тохируулгууд, арга хэрэгслүүд, зөн, өөрийн рефлекс... гэх мэтчилэн өөрийн гэсэн бүхнээ судлах хэрэгтэй. Энэ бол ШУ-ны хамгийн чухал ажиллагаа буюу – Социологийн аппериепци.

Та бүхэн бол постЗөвлөлтийн, Оросын нийгэм. Энэ нийгмийн 75-80 хувь нь "тэнд" бүтээгдсэн. Танд "хувийн" гэж бодогдож байгаа бүхэн; “би хүссэн, надад баталсан, би тэгж бодож байна, би тэгж үзэж байна” энэ бүх “хүссэн, бодсон, харуулсан” болгон танд “оруулсан хөрөнгө”. Таных биш. Танд харьяалагдахгүй. Танд ачиж өгсөн, жишээ нь, аягатай олон зайрмагийн нэг шиг, хоорондоо жаахан өөр л юм. Таны мэдлэгийн бүх бүрдэл нийгмийн урьдач нөхцөлүүдэд захирагдана. Энэ хэсэг таны "хувийн" 75 хувийг бүрхэнэ. Үлдсэн нь 20 хувь яг минийх, өөр гэж хэлж болох юм. Гэтэл энд бол Зөвлөлтийн үеийн, эсвэл эртний түүхийн дүрүүд, архитеп, эртний оросын түүх домог, угсаатны үлгэрийн хэлбэр загварууд гэх мэтчилэн үндэстний, уламжлалын, соёлын архитепүүд уран зохиол, соёл шашнаар дамжин, бас гэр бүлийн уламжлалаар хүрч ирсэн байгаа. Эд бүгд нөгөө үлдсэн 25 хувь нь. Мөн л таных биш.

"Сайн муу, зөв буруу, болно болохгүйг" та эдгээр урьдач төлөвөөсөө л авч үзэж байгаа болохоос биш, таны хувийн гэж байхгүй. Тэг/0. Надад ч, танд ч, хэнд ч адилхан ТЭГ. Зөвхөн Оросын нийгэмд биш, аль ч нийгэмд байгаа хүмүүс адилхан, “өөрийн” гэж ТЭГ байна. Либерал нийгэм, барууны нийгэмд ч мөн адил. “Яалаа гэж дээ, тэнд эрх чөлөөтэй шүү дээ” гэж хэлж болох юм. Үгүй ээ. Учир нь тэнд байгаа нийгэм (общества) нь либерал. Нийгэм нь тэр чигээрээ хувь хүний үнэ цэнэ гэж ярьж байна шүү дээ. Тэгээд энэ үнэт зүйлээ нийгмийн үнэт зүйл болгож байна. Түүнийгээ нэн тэргүүнд хуульчилж, түүнийгээ үнэ цэнтэй гэж ухуулж, ярьж байна. Хэрэв тэнд тийм нийгэм (общество) байгаагүй бол, хэн ч мэдэхгүй “юун хувь хүний үнэ цэнэ” ... гэх болно.

Исламын ертөнц ч өөрийн нийгэмтэй. Биеэ битүү ороосон хувцас өмсөж, нүдээ л зөвхөн гаргаад явж байна. Тэр нь тэдэнд аугаа сайхан зүйл нь. Тэр хувцаснаасаа гарах, салах ямар ч хүсэл төрөхгүй. Үүнийг нь бас л нийгэм төрүүлж байгаа юм, зөвхөн Барууныхаас л ялгаатай. Энэ бол хүн өөртөө аппериепц шаарддаг социологийн зөрчил (парадокс) билээ.

Үүний нэгэн адил, геополитикчдэд ч геополитикийн аппериепц (суурь өгөгдлүүд) бий. Социологичид байдаг шиг өөрийн арга хэрэгслүүд, өөрийн багажууд, өөрийн утга, өөрийнхөө харьяалагддаг нийгмээсээ авсан бүхэн түүнд бий.

Явцуу түвшинд хэлбэл, геополитикч өөрийн харьяалагдаж байгаа нийгмийнхээ иргэншлээс хамааралтай гэж болно.

Геополитикч зөвхөн дэлхийг гаднаас нь дүгнэн шинжилдэггүй юм, түүнд заавал геополитикийн апперцепц (суурь өгөгдөл) байгаа гэдгийг авч үзэх хэрэгтэй.

Дэлхийг харж, авч үзэж байгаа түүний - иргэншил нь түүний байр суурийг урьдчилан тодорхойлж өгсөн. Бодит байдлыг судалж байгаа геополитикч "бодит байдлыг" өөрийнхөөрөө зурж “бүтээж” байгаа юм. Түүний зураглаж байгаа геополитикийг түүний иргэншил нь бий болгож өгсөн, бусад нь ч мөн адил.

Үүнтэй холбоотойгоор, геополитикийн дүрмэнд дурын аль ч школын геополитикч нар  үндэсний үзэлтнүүд байдаг билээ.

Маккиндер тийм байсан. Бжезинский маш түрэмгий, өөрийн либерализмд хэт үнэнч байсан. Тэд консерватор, цэвэр үндэсний үзэлтнүүд. Яагаад?

- Учир нь тэд өөрийн иргэншлийн чиг хандлагын рефлексээ хүчтэй илэрхийлж байгаа нь тэр юм.

Маккиндер “Би дэлхийг судалж байна (геополитикийн газрын зураг зурсан хүн) дэлхийг өгөгдсөн объект болгон авч, дэлхийг Их Британийн эзэн хаант нийгэм байхаар төсөөлж, тэр ашиг сонирхлын үүднээс, манай иргэншил, манай ард түмэн, манай Далайн эзэнт гүрэн, манай соёл иргэншлийн захиа даалгавраар эзэнт гүрнийхээ төлөө тулалдаж байна. Би бусдад дургүй учраас гэж үү, Үгүй ээ. Би зөвхөн, манай эзэнт гүрэн надад бүхнийг өгсөн гэдгийг маш сайн ойлгодог юм. Би Далайн соёл иргэншлийн мах цусан бие. Би түүний илэрхийлэл, би түүний хүү, би түүний дамжуулагч. Би дэлхийд үүнээс өөр иргэншлийг онцгойлж харахгүй байна. Өөр иргэншлүүд байгааг би сайн мэдэж байна аа. Гэхдээ би энэ байр сууриа, Геополитик 1-ийг баримтална. Энэ талд нь байна. Миний үзэл бол - Далайн хүний харах өнцөг, миний хувийн үзэл (Маккиндерийн хувийн) Би үүнийг ил тод хэлж байна.” гэсэн юм даа.

Тэр бол шударга геополитикч, Бжезинский ч шударга геополитикч, тэрээр: - “Оросыг задалж, олон хэсэг хуваана, Путиныг унагаах хэрэгтэй, Оросыг нураах хэрэгтэй” гэж шулуухан ярьдаг хүн. Тэр хүн бидэнд дургүй учраас эсвэл үзэн яддагтаа биш, харин Геополитик-1 нь тэгж ярьдаг учраас юм.

Өөрийнх нь иргэншил, соёл нь тэднийг тэгж л программчилсан. Бжезинский англо-сакс, Америкийн үндсэрхэг үзэлтэн, империалист. Тэр өөрийнхөө зүгээс дэлхийг ингэж харж байна. Иймээс геополитикт “ажиглагч” гэдэг чухал. Тэр Польшид ч юм уу, Орост, өөр хаана ч ирж, амьдарч болно. Гэхдээ тэр хэзээд л Геополитик 1- ийн байр суурин дээрээ, өөрийн мөн чанартайгаа байх болно.

ГЕОПОЛИТИК-1. Англосаксоны геополитик. Дэлхийг "далайн иргэншлийн", талассократын байр сууринаас авч үздэг. Ноёлох геополитикийн парадигмууд Америкийн Нэгдсэн Улсад бий. Энэ геополитик 20 дугаар зууны эхнээс онол болж цогц хөгжсөн. Англосакс Маккиндерээс орчин цагийн геополитикч Бжезинскийн хүртэл Америкийн геополитикчид бий. Мөн Колин Грей гэх мэт англосаксончуудын геополитикийн, Геополитик 1 - ийн сонгодог төлөөлөгчид бий. Геополитик-1 нь “Далайн (иргэншлийн)” ашиг сонирхлын үүднээс бүхнийг авч үзнэ. Далайн-геополитик.

Геополитикийн сууурь ойлголт 1

Геополитик-1 бол Атлантын, далайн, талассократ, англосаксоных. Англосаксоны иргэншлийн суурь нь - хувь хүний, либерал, бие даасан зах зээл, худалдааны – гэх мэт үнэт зүйлстэй иргэншил.

Европт өөр нэг туйл бий. Франко-Германы шугам – “Тивийн”. Тэнд нийгмийн ардчиллын, эв хамтын, солидаризмын элементүүдтэй, хажуугаар нь бас чөлөөт худалдаа, нийгэм дэх индивидуализм ч бий. Европын иргэншилд энэ хоёр загварын сөргөлдөөн бий. Энэ нь Европын дотоод дахь иргэншлийн зөрчил болж байдаг. Харин Геополитик-1 Европын иргэншлийнхээ хувьд англосаксоны вектор нь юм (Эхлээд Английнх байсан, дараа нь Америкийнх болсон).

Энд яриад буй “англосакс” гэсэн үг нь угсаатны ямарваа нэг утга аваагүй, гагцхүү, англосаксчууд өөрийн гэсэн Европын хувилбарыг бүтээсэн гэсэн үг. Энэ бол: индивидуализм, либерализм, чөлөөт худалдаа, Карфаген. Европын энэ хоёр геополитикийн вектороос маш сонирхолтой хоёр чиг хандлагыг харж болно. Нэг нь англосаксын цэвэр талассократ байхад, нөгөө нь Франко-Германы “Тивийн” геополитик. “Тивийнх” нь бүүр Геополитик 2- той илүү ойр. Ийнхүү Европ тивд Франко-Германы бүс, далайн Английн бүс байна. Европын дотоод геополитик энэ.

Франц эргийн бүс болохынхоо хувьд “тивийнх” рүү заримдаа шилждэг. (Наполеон Английн эсрэг байсан шиг) Эсвэл “далайнх” болж (Англитай нийлж Германы эсрэг байсан шиг) өөрчлөгддөг.

Европын дотоод дахь геополитик ийнхүү гурван давхаргаас бүрдэж байна.

  1. 1. Талассократ Англитай “тив" нэгдэж “эргийн” давхарга болж Германы эсрэг буюу Тивийн эсрэг.
  2. 2. Талассократ, далайн, Английн эсрэг Германтай нэгдэж Европын тивийн хэмжээний интеграци бий болдог - Напалеоны загвар - Европ тивийн мөн чанарын хандлагын төлөө тэмцэл.
  3. 3. Англи - Америкийн буюу Атлантын талассократ Европ.

ГЕОПОЛИТИК-2

Тивийн- Эх газрын хүний байр сууринаас харсан – теллурократуудын, Хартлендыг тойрсон. Евроазийн, хуурай газрын, теллурократын Геополитик 2 - ийг Геополитик 1 тодорхойлж өгсөн юм.

Геополитик-2 хаанаас гарсан бэ? Маккиндерийн 1905 оны картын дагуу "Оростой өрсөлдөх ёстой. Учир нь Орос Хартленд дээр байна” гэсэн. Энэ тохиолдолд бид зайлшгүй хариу өгөх ёстой.

Маккиндерийн хэлснээр, хуурай газрын сэтгэлгээ, үзэл санаатай хүн оршин байна. Геополитик-2 гэсэн байр суурь, хандлага байна.

Мэдээж хэрэг, евроазичууд “Та нарын санаа тун сайхан юм. Та нар үзэл суртлаараа манай нийгмийг сурталжуулаад өг, болж байна” гэхгүй юм.

Бид гарцаагүй хариу үйлдэл хийх ёстой.

“Эрэг хүртэлх газарт амар тайван тогтоож та нартай харилцан энх тайван оршиж болох юм. Учир нь, Та нар биднийхийг эзэлж авна гэсэн тул бид хариу барих ёстой.

Бид Хартлендаа өөрсдөө хянахыг хүсэж байна. Учир нь энд бид амьдардаг. Бид дэлхийн удирдлагын төлөө тулалдана. Бид үү, эсвэл та нар уу?”

Энэ бол геополитикийн яг таг оновчтой үзэл санаа.

Геополитикийн сууурь ойлголт 2

ЕВРОАЗИ

Хөгжих газар-месторазвитие - (урган төлжих (хөрс) газар гэж ойлгож болно, “үндэс нь хаана байна ургамал тэнд ургана”. орч)

Тодорхой бодитой нэг газарт тодорхой, бодитой хөгжил, тухайлсан үйл явдал, үзэгдэл явагддаг. Энэ үзэгдэл нь тухайн газраасаа саармаг ч юм уу ангид чөлөөтэй биш, харин тухайн газартайгаа холбоотой.

Тоймлож хэлбэл; тодорхой нэг ландшафт дээр, тодорхой байр байршил буюу газар нутагт түүх нэг өөр байдаг, өөр газарт, өөр ландшафт дээр түүх өөрөөр хөгждөг гэж хэлнэ. Ландшафтынх нь (үйлчлэл) нөлөөлөл сэтгэл зүй, соёл, оюун санаа, нийгэмд цаашилбал гадаад бодлого, улс хоорондын харилцаа гэх зэрэг олон зүйлийн урьдач нөхцөл, үндсэн хүчин зүйл болно.

Хөгжих-газар гэдэг тун чухал хэмжигдэхүүн юм. Евроазичуудын геополитикийн философитой шууд холбогддог. Орос ч өөрийн гэсэн геополитикийн хэмжигдэхүүнийг хэрэглэдэг байсан байна. Үүнийг Маккиндер мэддэг байв. Тэр өгүүлэлдээ Геополитик 1-т далайн – тивүүдийнхийг авч үзээд, Геополитик 2- ыг Евроазид хаягласан юм. Тэрээр Евроази руу түрэн орох Барууны ноёрхлын шугамын олон элементийг тодорхойлж өгсөн. Үндсэндээ, Евроазид барууны тэлэлтийг хангаж, барууны империализмыг өргөтгөх, барууны ноёрхлыг Евроазид тогтооход чиглэсэн байдаг. Зөвхөн стратегийн хувьд ч биш шүү, соёлын, үзэл санааны, ухамсар хандлагын, чиг баримжааны түрэлт тэлэлт байх ёстой байв. Энэ маш чухал асуудал!

Оросууд бол Евроазийн соёл иргэншил; Нэгт, Орос зөвхөн славянчууд, праславчууд байгаадаа ч бус, евроазийн бусад ард түмний соёл (түрэгийн, кавказын, монголын, эртний уйгарын гэх мэт олон иргэншил) Оросын иргэншлийн мөн чанарыг бүтээхэд  хувь нэмэр болсон. ОХУ Евроазийн улс юм гэдгийн эхний элемент нь энэ.

Харин хоёр дахь нь, Барууны нийгэм журмын шаардлага нь колоничлол дээр тогтдог. Иймээс Барууны үнэт зүйлс болох -хүний эрх, ардчилал, колонизм... энэ бүгд тэр тусмаа туйлын Барууны иргэншлийнх. Тэдний бусад газар нутагт тархах хэлбэр нь - колоничлол. Зорилго нь ердөө л дэлхийг колоничлох юм байна гэж Евроази тэднийг үздэг. Энд бид шууд колоничлолыг ярьж байна.

Колоничлолыг дайны, эдийн засгийн, үнэт зүйлсийн үнэлэмжийн колоничлол гэж хэлэх үндэстэй. Учир нь тухайн улсын ард түмэнд харш, харь стандартыг тэд тулган хүлээлгэдэг.

Жишээ авцгаая: Исламын ертөнцөд мөнгө хүүлэх эрх нэг ч хүнд, хэнбугайд ч байдаггүй. Үүнийг исламын шириат нь сургаж, ислам нь номлодог. Энэ бол тэдний шашны үнэт зүйл. Тэндхийн банк мөнгөний ханшийг хөдөлгөж болохгүй. Исламын ертөнцийнхний шашнаар нь дамжсан догмат энэ юм. Харин Баруун европчууд дайнаар колоничлон тэнд орж ирээд: Та нарт зориулсан банк энэ байна, та хүү төлөх ёстой гэлээ. Таныг огт сонсохгүй. Хэрэв та үүнийг нь хүлээн зөвшөөрөхгүй, оролцохгүй, тоохгүй бол мулгуу тэнэг, хууль бус хүн болж хувирна. Энэ тохиолдолд тэд бусдын үнэт зүйлийг гишгэлж байна.

Мэдээж европчуудын хувьд банкны энэ ажил бол хэвийн зүйл, тэгж яривал бүүр хөгжил нь. Ингэж л явагддаг процесс нь байж болно. Банк хүү авна, та төлнө, сайн байна шүү дээ гэнэ.

15 – 16 дугаар зуунд Европт банкны ийм процесс ёс суртахууны хурц асуудал болж тавигдаж байсан (Шекспирийн зохиолууд дээр байдаг). Тухайн үед хүмүүс үүнийг эсэргүүцэж байсан хэдий ч банк, санхүүгийн капитализм бүрэн төгс бүтсэн байдаг. Харин, Исламын ертөнцөд иймэрхүү нэг ч шаардлагыг хүлээн авахгүй байсан билээ. Өнөөг хүртэл Исламын банкнууд мөнгийг хүмүүст ямар ч хүүгүй өгдөг. Энэ бол Исламын банкны онцгой байдал. Та мөнгө авч болно, буцаагаад тэр хэвээр нь өгнө.

Харин христианчуудын банк бол Евангел дээр байдгаасаа тэс өөр. Христианы соёл бэлгэдлийн чанартай, харин христанчууд анти-Христиан болж таарч байна. Банк, капитал, санхүүгийн капитализм бүгд христианыхаа бүх хэм хэмжээг зөрчдөг. Тэгэхлээр, исламын нийгэм бүх юмсаа санаж байхад христианы нийгэм бүхнээ гээсэн байна. Үүнийг яагаад дурдав, Учир нь, Евроази тэдэнд юу хэлж байна вэ, 

- “Евроазийн ИРГЭНШИЛ гэж байгаа шүү” гэж хэлж байгаа юм. Энэ хамгийн чухал.

Барууны иргэншил Барууны бус нутаг дэвсгэр, иргэншилд түгэн тархана гэдэг бол империализмын эзлэн түрэмгийлэл юм гэсэн үзэл санаа байна. Евроазистууд роман-германы буулгын тухай ярьж байна. Харин “монгол - татарын буулга гэж огт байгаагүй, энэ бол 18-р зуунд орос хэл мэдэхгүй германы түүхч нар Петрт тухайлан зориулж зохиосон зүйл болох талаар ярьж байна. Тэд өөрийн, европын сэтгэлгээгээр түүхийн үйл явцыг үнэлж, оросын түүхийн процессийг загварчилсан байна. Ямар ч монгол - татарын буулга байгаагүй, харин Монголын эзэнт гүрэн Оросын нийгэмд маш нарийн симбиоз байдалтай оршиж байсан юм. (симбиоз- хоёр өөр төрөл зүйлийн организм, харилцан ашигтайгаар зэрэгцэн хамт орших) Тэгэхдээ тодорхой хувь хэмжээгээр. Энэ “буулгын” тухай бүх гажуудуулсан түүхийг 18-р зуунд немцүүд хийж өгсөн. Харин роман-германы буулга бол Орост бодитой байсан юм. Их Петрээс эхлэн оросууд өөрийн нүдээрээ өөрийгөө европ гэж харах болтол нь хатуу нөлөөлсөн тэрхүү буулга.” Ингэж евроазистууд Тивийн, эх газрын, хуурай газрын иргэншлийнхээ үүднээс, байр сууринаасаа хэлж байна. Энэ бол зөвхөн философийн талаасаа. Харин геополитикийн талаас Евроазийн философи асар том утга агуулна.

Геополитикийн үүднээс бол Оросын давамгайлах иргэншил - Евроазийн иргэншил  гэдэг асар том ухагдахуун.  

Геополитик 2 - ын Хартленд, Орос орон бол Евроазийн хөгжмийн найрал аялгуу.

Өмнөх зууны 20-30-аад оны цагаачлалын давлагаагаар Евроазийн геополитикийн үзэл баримтлалын уламжлал бараг тасарсан. Ганцхан түүхч эрдэмтэн Лев Николаевич Гумилев үргэлжлүүлж угсаатны түвшинд судалж гарган тавьсан юм. Тэр геополитикоор, улстөрийн урлагаар огт оролдож байгаагүй, гэхдээ л үзэл баримтлалыг (Оросыг Евроази гэж үзэх, ази европын дундын иргэншил) амжилттай үргэлжлүүлсэн.

Ингээд, 1980-аад оноос ЗХУ гаднаас хумигдаж эхлэх тэр үед тэр үзэл санаа бараг л байхгүйтэй адил байлаа. Марксизм-ленинзмын үзэл санаа алга болоход Евроазийн үзэл баримтлал оронд нь дахин төрөх ёстой болсон. Ямар нэгэн байдлаар 1980-аад он хүртэлх 50 жилд Евроазийн геополитик завсарлаагүй байсаар байв. Марксисизмын номлолын ард Геополитик-2 үзэл санааныхаа хувьд байж байсан юм.

Зөвлөлтийн эхэн үед геополитикийг нэрээр нь нэрлэдэггүй, түүнийг хөрөнгөтний шинжлэх ухаан гэдэг (англосаксон үүсгэсэн учир), геополитик гэдэг тэр үг л тухайн хэлсэн хүнийг "буудах" цаг үе байсан. Иймээс манайд түүгээр зориглон ярьдаг, оролдох хүн бараг л алга болсон нь ойлгомжтой. Бүүр 1980-аад он, цаашаа 1990 он, 2000 он хүртэл манайхны хэрэгсдэггүй, барьж авдаггүй сэдэв байв.

Англосаксончуудын үндэслэсэн, шинжлэх ухаан болтол хөгжүүлсэн геополитик Америкийг хүчирхэг гүрэн болгосон билээ. Америкт улстөрийн элит сургуулиудад, бас элит эдийн засгийн сургуулиудад нь үүнийг заадаг. Эдийн засгийн сургуульд нефть, үндэстэн дамнасан корпорацууд гэх мэт салбараар элитүүд нь мэргэшнэ. Мэдээж жирийн америкчууд огт биш ээ. Түүхэн уламжлалаараа тодорхой, өөр хүмүүс нь геополитикийг үзнэ. Иймээс тэд улсынхаа бүхий л стратеги, бодлогыг мэдэж байдаг.

Геополитикийг Америкийн улс төр, эдийн засаг, соёл, хэвлэл мэдээллийн салбарын элитүүдийн зөвшилцлөөр хэрэгжүүлдэг. (CFR гэх мэт)

Том улс төр, том бизнес, хоёр намын систем, хэвлэл мэдээллийн монопол төлөөлөгчид бүгд геополитикийн үйл ажлыг харилцан зөвшилцдөг. Өөрийн компаниа дэлхийн хэмжээний болгох гэх мэтчилэнгээр.

Бидний саармаг байсан 50 жилд Барууны геополитикийн онол тэсрэлт болтлоо хөгжиж; газрын зураг, ном, лавлах, төлөвлөгөө, судалгаа, шинжлэн дүгнэлт гэх мэтээр ШУ болтлоо өргөжсөн байна. Энэ бүхнийх нь үр дүнг 1990-ээд онд бид угтан авсан юм.

Барууны, геополитикийн дээд зэргийн мэдлэгтэй хүмүүсийн өмнөөс эхний аксиомыг нь ч мэдэхгүй хүмүүс эх орноо хамгаалах, тэдэнд ямар нэгэн саад хийх, Геополитик 1 - ийн тавьсан зорилгыг саатуулж таслах ямар ч үндэсгүй юм. Ямар ч яриа хэлцэл тэдэнтэй хийж барахгүй шүү дээ.

Тэгвэл ер нь Геополитик-2 гэж ерөөсөө огт юу ч байгаагүй юу гэсэн асуултад Европын хоёр хандлагын тухай ярих хэрэгтэй болж байна. Энэ бол 1920-иод оноос эхэлсэн Немцийн школ-Карл Хаус Хоффер (Гитлертэй ойр байсан хүн)

Бүх геополитикч үндэсний үзэлтэн байсан шиг, Маккиндер шиг, Бжезинский шиг тэр ч мөн өөрийн иргэншлийг тэргүүнд тавьсан үндэсний үзэлтэн байсан юм. Зөвхөн өөрийн гэсэн "шаардлага" нь л ондоо. Тэр Берлин-Москва-Токио гэсэн холбоог санал болгож байсан. Манай дайснууд зөвхөн англосаксууд гэж тэр хэлсэн. ЗХУ бол бидний аврал гэж тэр үзэж байв, 1930-аад онд Гитлерт үүнийг хэлж байсан байдаг. 1941 оноос мэдээж бүх хөдөлгөөн бүгд зогссон, Дараа нь Хаус Хоффер "Тивийн" школыг үүсгэхдээ Геополитик 2 - ын зарчим дээр бий болгосон байдаг... Өнөөдөр Германд Хаус Хофферын тухайн үед хэлсэн бүгд биелсэн байгаа. Иймээс л геополитик гэдэг аугаа юм.

...Сонирхолтой нь, Евроазийн геополитикийн үзэл санааг латин америкийн орнуудад их дэмждэг. Бразилын нийгмийн чиг баримжаа, хүн ардынх нь үзэл бодолд энэ шугам ихээхэн бий. Арабын ертөнц, Туркт байдаг. Латин америкт өөрийн “евроазист” сэтгэлгээг тивийнхээ дотоодод, тивийн хэмжээнд дэмждэг.

Евроазийн иргэншлийн Геополитик-2 төгсгөлгүй хөгжиж байна. Магадгүй олон улсын, дэлхийн үзэгдэл болох хэмжээнд хөгжиж, 21-р зууны сонголт болж болох юм.

Барууны либерал, капиталист геополитикт Оросууд бидэнд ямар ч сонголт байхгүй. Харин, Евроазийн геополитикийн үзэл санаа байхгүй хүмүүс чемоданаа аваад Лондон нисэж магадгүй л юм. Жирийн иргэдийн хувьд бол бид тэгэхийг хүсэхгүй. Бид эндээ байхыг хүснэ. Бид өөртөө геополиткийн аппериепц хийж “Би энэ евроазийн соёл иргэншлийг тээгч мөн үү? Бид хартлендын хүүхдүүд мөн үү? Бид эх газрын хүмүүс үү? Би Эх газрын үнэт зүйл бүхий загвар уу, эсвэл бид гадаадын удирдлагын нэг хэсэг үү? зөвхөн улс төрийн байгаад зогсохгүй, ёс суртахуун, мэдээлэл, оюун санаа, үнэт зүйлийн хувьд гадаадын нэг хэсэг үү? гэж асуух болно оо.

Тийм ээ. Бид өөрийнхөө нутаг дэвсгэр дээрээ иргэншлийн хувьд булаан эзлэгдсэн. Бидний үйл хэрэг, үнэт зүйлс, хэм хэмжээний норм бүгд өөр иргэншлийнх болж хувирч байна... Евроазийн хүмүүс энэ тухай л ярьж байна: “Нэг л биш байна, таалагдахгүй байна. Ямар нэг сонголт хийхэд хэцүү байна.” гэж бид ярьж байна.

Мэдээж, Барууныг төгс хэмээн сонгож байгаа хүмүүс энд барууны нөлөөний төлөөлөл, тээгч түгээгчид болох болно. Тэд “далайн иргэншил”, Геополитик 1 -ийг баримтална. Мөн мэдээж огт өөр зарчимтай, олон нийттэй, нийгэмтэйгээ зөрчилдөнө. Гэхдээ тэд чинь “дэлхийн иргэн” шүү дээ, наашаа цаашаа явдаг, орлого ч олдог.

Манай дээд түвшний улс төрийнхөн, “эдийн засгийн” анги давхаргын олигархууд үнэндээ Лондонд амьдардаг шүү дээ. Өнөөдөр тэндээс бидэн лүү дургүйцлээ илэрхийлээд сууж байгаа. “Таны үнэт зүйлс хаана байна, таны зүрх тэнд байна” гэдэг л зарчим.

Атлантистуудын нөлөөний агентыг Оросын дотоодод үзэн ядна, дургүйцнэ – Энэ бол геополитикийн хууль! Энэ хуулийн эсрэг яг хэн явж байна вэ, хэн оролцож байна вэ? хэн Атлантизмын нөлөөний агент вэ? Бид маш сайн мэднэ.

Манай тэдгээр орос хүмүүст бараг ямар ч шанс байхгүй ээ.

Мөн чанарын "асуудал"

Харин ганцхан тохиолдолд - евроазийн хувь хүн Евроазийн геополитикт дургүй байж мэдэх юм. Манай соёл иргэншил таалагдахгүй, хүмүүс маань таалагдахгүй, энэ авилгалд, энэ Путинд, бидний удаан хөгжилд дургүй хүн байг. Бүх орос хүнийг ийм болтол нь өдөөж болох болов уу?!

За тэгвэл, түүнд өөр соёл таалагдаад байгаа юм бол, америк хүнтэй гэрлээд Атлантистийн геополитикийн гэр бүлийн хүн болж болно. Яг Трейнинг шиг, Дмитрий Трейненг, Карнеги фондын дарга, Орост амьдардаг хүн.

Түүний бичсэн номын нэр “Евроазийн Төгсгөл.” Тэр маш баяр бахдалтайгаар “Оросын задрал”-ын тухай бичдэг. Тэр цаашид орос хүн байхаа больсон.

Үүн шиг өөрийн чиг баримжаагаа, мөн чанараа өөрчилдөг хүмүүс байдаг. Тэд явж болно, Атлантын геополитикийнх болж болно, хэвийн асуудал. Харин бие хүнийхээ хувьд шүү дээ.

Харин энд эх орондоо байгаа байж өөрийн мөн чанараа өөрчилчхөөд, НАТО-гийн цэрэг хэзээ ирэх юм бол хэмээн хүлээж, тэгэхлээр нь хаалгыг дотроос нь нээж өгөхийг мөрөөдөөд суудаг хүн байна. Ийм хүмүүс цаг үргэлж байдаг. 

Гол нь ийм хүмүүс манайд маш олон, Америкт тийм ч олон биш байх юм.

Эцэстээ дээрх тохиолдолд л байж мэдэх юм. Гэхдээ л энэ бол өвчин. Бараг л бэлгийн чиг хандлагын өөрчлөлт шиг тийм өвчин.

Евроази мөн чанарыг атлантын хандлага болгон өөрчлөхөд ихээхэн мэс засал шаардагдаж таарна. Энэ нь бас далд, томоохон хэмжээтэй сэтгэл зүйн хандлагатай холбоотой байдаг. Бид уул нь өөрийн нийгэмлэгийн төрмөл бүтээгдэхүүн шүү дээ. Яг ямар цэгт, ямар түвшинд тэрээр өөрийн матрицаасаа, өөрийн соёлын кодоосоо тасран салдаг вэ гэдэг их сонин сэдэв...

Манай охид европ хүнтэй сууж нэлээн гарсан. Эхэндээ бол, их сайхан шударга хүмүүс юм байна, соёлтой юм, халуун ус, байшин барилга бүх юм байна... гэсэн. Тэгснээ хэсэг хугацааны дараа тэд маань “яагаад гэдгийг мэдэхгүй, зүгээр л уйтгартай байна” гээд буцаад ирдэг.

Орос эрчүүд тааруухан, дорд, ядуу гэх мэт хэлбэр төдий үзүүлэлтийг л авч үзжээ. Гэтэл зүрх сэтгэл гэж байсан байна шүү дээ. Тэр нь бас онцлог өөр "амьд" байжээ. Ингээд л уйтгарлаж эхэлнэ. Мэдээж сайн сайхан тодорхой тохиолдлууд байгаа. Гэхдээ тэр бол ихэвчлэн хувь хүнээс шалтгаалдаг, тухайн тохиолдол. Харин нийтлэг соёл иргэншил гэдэг нэн чухал зүйл.

Бид зүгээр очиж үзэж харж болно.

Баяртайгаар цагаачилсан олон хүн буцаж ирсэн. Жишээ нь алдартай зохиолч Юрим Андреев. Тэнд тэд сайхан амьдарч байсан ч Оростоо эргэн ирсэн юм.

Тэр “Энд байгаа юм тэнд байхгүй. Энэ бол СОЁЛЫН КОД байв. Үүнийг манай нийгэм (эх орон, ард түмэн, түүх уламжлал...) бий болгосон. Бид үүндээ л амьдрахыг хүссэн дээ” гэж хэлсэн. Энэ бас геополитикийн апперцепцийн хэлбэр.

Геополитик 2 - т хоёр школ бий. Немцийн, Евроазийн энэ талаар цухас ярьсан.

Харин өнөөдөр Геополитик - 1 хэрэгжиж байна, Геополитик-2 гэсэн зорилт бидэнд байна гэж ойлгож болно. Геополитик-2 хэсэг хугацаанд саармаг, хэсэг хугацаанд бүүр тасарсан, хэсэг хугацаанд цагаачлалтай холбоотойгоор, хэсэг зуур фашизмтай холбоотойгоор.

Тэгээд 1990-ээд оны эхэн 1980-аад оноос асар хэмжээний сөрөг дайралтад өртсөн учир эсрэг үйлчлэл төдий хэмжээгээр босож ирж байна. Тэр бол мэдээж өнөөх либерал, ардчилагчид, капиталистууд, зарим коммунист хүмүүсийн тусламжтайгаар болсон амжилттай дайралт.

Геополитик-2 их сургуулиудад нэвтэрсэн, манай эрдэмтэн судлаачид үзэж эхэлсэн, мөн тэдний санал болгож байгаа зүйлсийг нь манай улстөрийн удирдагчид сонсож эхэлсэн байна.

Сонгуулийн өмнөх Путины ихэнх үг яриа, үйлдэл Евроазийн холбооны гэсэн үгнээс бүтэж байна. Гадаад бодлогын тухай ярьж байна.

Иймээс Евроазийн геополитикийн загварын босгон дээр бид ирээд байгааг улстөрийн бүхий л алхам илэрхийлж байна.

1990-ээд онд Барууны асар их хэмжээний сөрөг хүч ирээд Зөвлөлтийн, теллурократын социалист хүмүүсийг түүхийн тэс өөр нөхцөлүүдөөр өөрчилж эхэлсэн. Гэлээ ч одоо түүнийг анхаарч, судалж эхэлж байна. Манай улстөрийнхөн түүнийг барьж авч ажиллаж эхэлсэн байна.

Харин Путины “эдийн засгийн” блокын эрх мэдэлтнүүд энэ чигээрээ үлдье гэж байна аа. Либерал, капиталист загвар, Карфагены нэг хэсэг, ертөнцийг үзэх үзэл нь либерализм, эрх чөлөө, зах зээл... гэх мэт.

Харин улстөрийн зүтгэлтнүүд тэр тусмаа гадаад бодлогынхон бүүр илүү ихээр, улам улам Евроазийн байр сууринаас хөдөлж, евроазистын жигүүр болох - консерватизм руу явж байна.

Манай нийгмийн, хүн ардын өвөрмөц онцлог, өөрийн бодол санаа, үнэт зүйлс, соёлын код бол барууны нийгмийн соёлын кодоос эрс тэс ялгаатай учраас хүлээлт, хэрэгцээ, сэргэлт байна. Өнөөдөр геополитикийн олон ном орчуулагдаж, сурах бичгүүд бичигдэн гарч, хүмүүсийн сонирхол ихээр өсөж байгаа нь энэ СОЁЛЫН КОДЫН сэргэлт юм.

Энэ бүхэн ямар нэг үзэл суртлын үүднээс биш, тэмцэгч, социологичид нийгмийн зүтгэлтнүүдийн хүсэл зориг өөрийн шийдвэрээр, нийгмийн захиалгаар урсан гарч ирсээр байна.

Александр Гельевич Дугин. 2014 он.

 

Сэтгэгдэл бичих

Таны бичсэн сэтгэгдлийг сайтын админ зөвшөөрсөн үед нийтлэх болно. Зөвхөн кирилл үсгээр зөв бичгийн алдаагүй бичсэн, интернет соёлын хэм хэмжээнд нийцсэн сэтгэгдлийг хүлээн зөвшөөрөхийг анхаарна уу. Сэтгэгдэл бичихийн өмнө "Интернет соёлын хэм хэмжээ" нийтлэлийг уншихыг танд зөвлөж байна.


Security code
Шинэчлэх

    • Цахим шуудан:
      • This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
      • This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
    • Мэдээлэл харилцаа хариуцсан ажилтны утас: 88167001
    • Номын борлуулалт хариуцсан ажилтны утас: 88167001
    • Банкны данс:
      • Банкны нэр: Худалдаа хөгжлийн банк
      • Дансны дугаар: 456 094 040
      • Данс эзэмшигчийн нэр: Дэмчигийн БОЛОР
      • Валютын төрөл: Төгрөг