Флууд
– тухайн сэдэвтэй холбоотой ямар нэг ашигтай мэдээлэл байхгүй, ойлгосноороо санагдаж байгаагаараа, өөр хийх зүйл байхгүйдээ, цаг нөгцөөхдөө сараачсан "сэтгэгдлүүд"-ийг интернэтийн орчинд флууд гэж нэрлэдэг.

Оверпост – нэгхэн сэтгэгдэл - мэдээлэлд нэгтгэн бичиж болох байсан зүйлүүдийг тухайн этгээд цувруулан савируулан энд тэнд бичихийг хэлдэг. Энэ нь тухайн хүний хэр соёлтойг, бусдыг хэр хүндэтгэж харьцаж байгааг илтгэж байгаа хэрэг юм.

Троллинг – интернэт харьцааны соёлын хэм хэмжээг зөрчиж бусдын харилцаа, танин мэдэхүй, мэдлэгийн солилцоо, ер нь бусдын амар тайван байдлыг алдагдуулж байгаагаа “эрх чөлөөтэй” гэж, юу хүссэнээ хийж зоргоороо тэнэглэж байгаагаа “хүний эрх” гэж төөрөлдөж яваа зарим цөөн этгээдүүдийн хийж байгаа үйлдлүүдийг ингэж нэрлэдэг. Тухайн хуудсан дээр байгаа нийтлэл, хэлэлцүүлэгтэй шууд холбоогүй зүйлийг, ер нь “санагдаж байгаагаараа” бичих нь туйлын бүдүүлэг, тэнэг араншин юм. Ийм хүмүүс ямар нэг зүйлийг хэлэх, бичихийн өмнө ихэнх тохиолдолд ядаж эргэцүүлэн боддоггүй, харин араас нь “үглэдэг” хүмүүс байдаг байна.

Жич: Хэрэв үнэхээр бусдыг сургах, заах юм, хуваалцах зүйл түүнд байгаа бол өөрийнхөө сайтаа нээгээд тэнд юу дуртайгаа эрх чөлөөтэйгөөр, хүний эрхээ эдлээд бичиж болох боломж бас байгаа билээ.

Бан – хориглох, хэм хэмжээ дүрэм журам зөрчсөний төлөөх хариуцлага, шийтгэл гэсэн утгатай англи үг. Интернэтийн орчинд флууд, троллинг бичигчидтэй ер нь тухай сайтны хүрээнд тогтоосон хэм хэмжээ зөрчсөн этгээдүүдтэй тэмцдэг нэг арга юм.

Модераци - уншигчдын бичсэн сэтгэгдлүүдийг сайтан дээр хэвлэгдэхээс нь өмнө тус сайтны журам сахиулагч үзэж тухайн сэдэвтэй холбоогүй эсвэл баталгаагүй элдэв мэдээллүүдээс ялгах, тус сайтан дээрх соёлын хэм хэмжээг мөрдүүлэх ажиллагаа юм. Энэ нь сайтыг "хогийн сав" болгохоос сэргийлдэг үр дүнтэй арга.

Транслит – өөр гадаад үсгийг хэрэглэж өөрийн хэлний галигаар бичихийг хэлдэг. Ихэнх ард түмэн түүхэндээ хэд хэдэн бичиг хэрэглэж ирсэн байдаг ч тухайн үеийн, улсын албан ёсны бичиг үсгээр зөв бичгийн дүрмээр бичих нь бусдыг хүндэтгэж харьцаж байгаагийн нэг чухал илрэл юм. Манай зарим ухвар мөчид этгээдүүд латин үсгээр монгол галигаар дураараа бичиж байгаа нь харийн нөлөөнд автаж эх хэл, бичиг соёлоо өөрийн гараар устгаж байгаагийн нэг хэлбэр юм. Хэрэв таны PC, iPad монгол үсгийг дэмжихгүй байгаа бол интернетээс монгол unicode фонтыг татан авч суулгах, эсвэл латинаар бичсэн зүйлээ монгол үсэгт хувиргахын тулд тусгай транслит сайтуудыг ашиглах хэрэгтэй. Зарим ухвар мөчид этгээдүүд өнөөгийн Монголын албан ёсны кирилл үсгийг монгол үсэг бичиг биш гэж муйхарладаг. Харин тэгвэл "англи" үсэг бол мөхсөн латин хэлнээс үүссэн, 23-хан тэмдэгттэй бас л "зээлсэн" цагаан толгой шүү дээ...

Жишээ нь, Та англи хэл дээрх эсвэл дурын нэг хэл дээрх сайтанд өөр үсгээр(тэндэхийн бус) эсвэл өөр хэлээр сэтгэгдэл бичиж үлдээх гээд оролдоод үз дээ! Даруй устгах бөгөөд нэг удаа сануулж дараагийн удаа хэсэг хугацаагаар бан хийж дахин давтвал хэзээ ч энэ сайтанд дахин орохгүй эсвэл сэтгэгдэл үлдээж болохгүй болгож "мөнхийн бан" хийдэг. Бид дэлхийн жишиг гэж ярьдаг, яагаад тэгвэл монгол хэл дээр интернэтийн орчин ийм "заваан бохир" байх ёстой гэж ?!...

Бид одоо төрөлх хэлээ, дараа нь бичиг үсгээ самарч хаяад дуусах гэж байна! Соёлт монголчууд байсан бид одоо хаашаа гэлдэрч байна вэ?... биднийг ойрын ирээдүйд юу тосож байна вэ? Дэлхий даяар интернэт хэрэглэгчид сүлжээний ёс зүйг мөрддөггүй, бусдын харилцааг хүндрүүлж байдаг зарим ийм цөөн этгээдүүдийг жигшин буруушааж тэдэнтэй тэмцдэг.

Жич: Флууд, тролингуудаа устгуулсан, бан хийлгэсэн зарим донтсон этгээдүүд интернэтийн энд тэнд очиж бусдыг гүтгэж бичиж бас л нөгөө флуудээ савируулж явдаг араншинтай байдгийг анхаарах хэрэгтэй. Зарим судалгаагаар тэдний ихэнх нь өөрсдөө юу ч бүтээгээгүй боловч өөрсдийгөө бусдаас илүү их мэдэж байгаа гэж төөрөлдсөн “их мэдэгчийн мани”-тай үнэндээ бол бусдын эрх гэж зүйл бас байдгийг умартсан харин ганцхан өөрийгөө л илүү эрх чөлөөтэй, илүү их хүний эрхтэй гэж ойлгосон “хулхи либералчид” байдаг байна...

Харамсалтай нь, манай интернэтийн орчинд энэ соёлын тухай мэдээллүүд бараг байхгүй, үүнийг мөрдүүлэх ямар нэг дүрэм журам, оролдлого одоо хэр нь байхгүй байсаар байгаа юм...?!

Бусдыг хүндэтгэн харьцаж бас өөрсдийгөө хүндлүүлж харьцъя!
Төрөлх монгол хэлний, хэл бичгийн орчноо самрахаас хамгаалцгаая!