Цуврал нийтлэлийн 7-р хэсэг

Одоо дараагийн асуулт. Түүхч Д.Өлзийбаатарын дүгнэлтээр, Зүүний нугалаа бол И.Сталины Монголд хэрэгжүүлсэн “амжилтгүй туршилт” байсан юм байна. Өөрөөр хэлбэл И.Сталин ЗХУ-д хэрэгжүүлж байсан маш богино хугацаанд аж үйлдвэржсэн орон болгох хөтөлбөрөө манай улсад “сохроор” тулгасан гэсэн үг. Мэдээж үр дүн нь тэг байсан. Ийм туршилт хийх боломж байсан уу? Одоо задлан авч үзэцгээе.

Боломж байсан уу?

Манай оронд ер нь богино хугацаанд аж үйлдвэржсэн орон болох боломж байсан уу?

Сталины хэлсэн дараах зүйлд анхаарлаа хандуулъя. “Хэрэв бидэнд улс ардын аж ахуйн бие даасан байдлыг хангаж өгдөг төлөвлөгөөний төв байгаагүй бол аж үйлдвэржилт маань шал өөр замаар, бүх зүйл хүнд аж үйлдвэрээс биш хөнгөн аж үйлдвэрээс эхлэх байсан юм. ...Тэдэнд(капиталистуудад) хамгийн чухал нь ашиг, харин хөнгөн аж үйлдвэрлэл л илүү их ашиг өгдөг. Бид харин хүнд аж үйлдвэрлэлээс эхэлсэн, тиймдээ ч бид капиталист гүрнүүдийн хавсарга болоогүй. Үйл ажиллагааны үр ашиг маань бүтээн байгуулалтад, хэдийгээр улсаас маш их хөрөнгө шаарддаг хирнээ ашгаа тэр дор нь өгдөггүй байсан ч гэсэн - юуны түрүүнд хүнд аж үйлдвэржилтэнд захирагдаж байсан юм.” (1941-01-29)

Хүнд аж үйлдвэр гэж юу вэ? Үндсэндээ үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж үйлдвэрлэх аварга үйлдвэр гэсэн үг. Үүнд төмөрлөгийн үйлдвэрлэл, ашигт малтмал олборлолт, химийн үйлдвэрлэл, машин зэвсэг техникийн үйлдвэрлэл орно. Харин хөнгөн аж үйлдвэрлэлд хэрэглэгчдийн гар дээр шууд очдог бэлэн бүтээгдэхүүнүүдийн үйлдвэрлэл бүгд орно. Хоол хүнс, хувцас хунар болон ахуйн бусад бүтээгдэхүүнүүд гэх мэт.

Тэгвэл 1929 онд манай оронд богино хугацаанд хүнд аж үйлдвэрлэл хөгжүүлэх боломж байсан уу? Мэдээж ямар ч боломж байгаагүй ээ. Тэр байтугай хөнгөн аж үйлдвэрийн томоохон үйлдвэр ч байгаагүй улсад ийм зүйл боломжгүй гэдэг нь хэнд ч ойлгомжтой. Бидэнд мэргэшсэн, туршлагатай ажиллах хүчин, технологичид, хими, физик, биологийн мэргэжилтнүүд, мэргэшсэн судлаачид, инженерүүд байгаагүй. Хүн ардын 90 хувь нь кирилл, латин байтугай үндэснийхээ бичиг үсэгт ч тайлагдаагүй хүмүүст энэ хэр үнэмшилтэй сонсогдож байна вэ? Хүн ам нь нэг сая ч хүрээгүй, үндэсний ажилчин анги байхгүй, өмнө нь ямар нэг орчин үеийн үйлдвэрлэл явуулж байсан туршлага байхгүй, авто тээвэр, төмөр зам, харилцаа холбоо орчин үеийн хэлбэрээр хөгжөөгүй ард түмнийг 10 жилийн дотор дэлхийн зах зээлээс хамааралгүй үйлдвэржсэн орон болгох гэж хүчлэх нь эрүүл ухаантай хүний үйлдэл мөн үү? И.Сталин ийм солиотой зүйл бодож, бүүр хийх хүн байсан гэж үү?

Энд ганц жишээ авахад, манай орон социализмын замаар замнасан 70 жилийн хугацаандаа бүрэн аж үйлдвэржсэн орон болж амжаагүй бөгөөд харин хөдөө аж ахуй, аж үйлдвэрийн орон болсон байсан юм. Энэ нь манай орны дэлхийн хөгжлөөс хэдэн зуунаар хол хоцорсон хоцрогдол, асар өргөн уудам нутагт маш сийрэг суурьшсан цөөн хүн ам, боловсрол, эрүүл мэнд, газар тариалан, үйлдвэрлэл, дэд бүтцийн салбарууд маань бараг тэгээс эхэлсэн гэх мэт олон шалтгаантай. 

Харин ЗХУ биднээс өөр, аж үйлдвэржилт явуулах бодит хөрс дэвсгэртэй байсан, нөгөө талаас энэ үйл явц бол тэдний хувьд түүхэн зайлшгүй шаардлага, цаашид оршин тогтнох эсэхийн гол зангилаа болсон амин чухал асуудал байсан юм. Жишээ нь АНУ-ын санаачлагаар 1924 онд батлагдсан, Версалийн энхийн гэрээний дагуу Дэлхийн I дайнд ялагдсан Герман улсыг сэргээн босгохтой холбогдсон “Дауэсын төлөвлөгөө” байна.  Уг төлөвлөгөөний дагуу ЗХУ ба Зүүн Европын газар тариалангийн орнууд Герман улстай хийх худалдаануудын дүнд Герман улс нийт 130 тэрбум алтан маркийн ашиг олох ёстой байв. Өөрөөр хэлбэл ЗХУ барууны капиталист гүрнүүдийн газар тариалангийн хавсарга орон болох ёстой байв. И.Сталин болон түүний хамтран зүтгэгчид энэ бүхнээс нэгэн чухал дүгнэлтэд хүрчээ: ЗХУ байж болох хамгийн хурднаар аж үйлдвэржсэн орон болж, улмаар барууны капиталист гүрнүүдээс үл хамааран бие даан оршин тогтнож чадах хүчирхэг эдийн засаг, батлан хамгаалах салбар бүхий орон болох ёстой. Улмаар ЗХУ-д аж үйлдвэржилт өрнүүлэхийн төлөө ширүүн тэмцэл, тэр дундаа ЗХУ-ыг ямар ч үнээр хамаагүй газар тариалангийн орон хэвээр үлдээх гэсэн хүсэлтэй троцкистуудтай хийсэн тэмцэл өрнөж, 1920-иод оны сүүл гэхэд И.Сталин болон түүний хамтран зүтгэгчид энэ тэмцэлд ялснаар анхны таван жилийн төлөвлөгөөгөө батлан аж үйлдвэржилт эхэлсэн ажээ.

Харин манай улсад яг тэр үед хоолой дээр хутга тулгасан аж үйлдвэржсэн, эдийн засгийн хувьд бие даасан улс болох хэт яаруу зорилго, гадаад, дотоод нөхцөл ч байгаагүй юм. Харин бидэнд ард түмнээ боловсролтой болгох, эрүүлжүүлэх, мал сүргээ өсгөх, зарим хэрэглээний бараагаа өөрсдөө үйлдвэрлэдэг болох, зам тээвэр, харилцаа холбооны салбараа хөгжүүлэх, хуучин феодалын нийгмийн үлдэгдлийг үгүй хийх зэрэг нэн тэргүүний шаардлагатай ажил олон байсан юм.

Нөгөө талаас "ЗХУ өөрийн хүчээр манайд аж үйлдвэржилтийг хүчлэн өрнүүлж өгөх байсан юм" гэх байх. Үгүй дээ! Тийм боломж ЗХУ өөрт нь ч байгаагүй байна. 1929 онд капиталист гүрнүүдэд Их хямралын үе тохиосныг санаж байгаа байх. Энэ бол бүх барааны эрэлт огцом буурна, улмаар бараа бүтээгдэхүүний үнэ навс унана гэсэн үг. Нэг талаас энэ нь ЗХУ-д ашигтай байсан. Учир нь яг тэдэнд хэрэгтэй байсан үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийн үнэ хямдарна гэсэн үг. Нөгөө талаас эдгээр тоног төхөөрөмжийг олж авахын тулд ЗХУ-д асар их гадаад валют хэрэгтэй болсон байна. Тэд энэ валютыг олохын тулд өөрсдийн түүхий эд, үр тариа болон бусад хэрэглээний бүтээгдэхүүнээ гадаадад борлуулах хэрэгтэй болов. Гэтэл чухам үр тариа, түүхий эдийн үнэ бэлэн бүтээгдэхүүнүүдийнхээс илүү ихээр унасан тул ЗХУ хэрэгтэй тоног төхөөрөмжөө олж авахын тулд асар их гарз гаргахад хүрчээ. Мөн нөгөө талаас тэд үйлдвэрлэсэн аж үйлдвэрийн бүтээгдэхүүнээ экспортод гаргахыг яарахгүй байсан ба үүний оронд аль болох хурдан социализмын материал техникийн баазыг бий болгоод бие даах зорилгыг өмнөө тавьж байв. Энэ нь хүнс, үр тариа, талх, түүхий эдийг хэсэг хугацаанд асар ихээр гадагшаа экспортлон “бүсээ чангалаад” хэрэгтэй валютын нэг хэсгийг олохоос аргагүй байдалд хүргэсэн байна. Ийм нөхцөлд өөр нэг улсад өөрийн хөрөнгөөр аж үйлдвэржилт явуулна гэдэг жинхэнэ тэнэглэл байх байсан юм.

Бас нэгэн жишээ. Үнэндээ ЗХУ-д ч мэргэшсэн ажиллах хүчин маш дутмаг байсан байна. Аж үйлдвэржилтийн үед ЗХУ-д нийт 30000 орчим гадны инженер, мастер, ажилчид ирж ажилласан байна. Шинэ үеийн техникүүд болох - экскаваторууд, өргөгч крануудыг ажиллуулах мэргэшсэн ажилчид ЗХУ-д бараг байхгүй байсан бөгөөд энэ талын ажлыг зөвхөн Бельги, Италийн иргэд гүйцэтгэсэн байна. Хамгийн гол нь тэд нар нь цалингаа гадаад валютаар авч байжээ. Ийм хүнд нөхцөлд манай оронд Зөвлөлтийн загварыг тулган хэрэгжүүлэх ямар ч боломж байгаагүй ээ!


Ямар зорилгоор?

-  Социализмыг дэлхий даяар түгээх хувьсгалч үзэл санааны илрэл байв уу?

Үгүй юм аа. Өнөөгийн хүлээн зөвшөөрөгдсөн судлаачид улс төр ба эдийн засгийн аль ч утгаараа И.Сталин дэлхийн хувьсгалын үзэл санаанаас эрс татгалзаж, харин социализмыг эхлээд цор ганц ЗХУ-д цогцлоох төлөвлөгөөтэй байсан хэмээн дүгнэн бичиж байна. Үүнийг маш олон бодит баримтуудаар баталж, нотолж болно оо!! Жишээ нь, “Эхлээд хувьсгалын түймэр Европ тивийг нөмрөн авсны дараа л социализмыг байгуулах боломжтой, тиймээс юуны түрүүнд бүх Европ даяар социалист хувьсгалыг экспортлох ёстой” хэмээн үзэж байсан Л.Троцкий ба Г.Зиновьев нартай И.Сталин өрсөлдөн тэднийг улс төрийн тавцангаас зайлуулж байж ЗХУ-ын жолоог гартаа авсан бөгөөд түүний дараа дараагийн үйл хэргүүд ч түүнийг галзуу хувьсгалын онолын фанатик байгаагүйг батлан харуулдаг.

-  Манай улсыг туршилтын лаборатори болгох санааны илрэл байв уу?

Бас л үгүй юм. Учир нь өмнө хэлсэнчлэн, ЗХУ-д, Сталинд ийм туршилт хийх нэгт, цаг хугацаа (1931 онд хэлсэн үгийг нь сана), хоёрт, тийм хөрөнгө хүч, мэргэшсэн боловсон хүчний бодит ямар ч боломж байгаагүй. Хэрэв Зүүний нугалаа үнэхээр ямар нэг туршилт байсан бол хэтэрхий үнэтэй бас бүтэлгүй туршилт байх байсан нь эхнээсээ ойлгомжтой байх байсаан. Харин Сталин өөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ алхам алхмаар урагшлан зорилгодоо хүрэх зарчмыг барьж, аливаа салбарт амжилттай хэрэгжих магадлал бүхий туршилтыг алдаа-оноонд нь дүгнэлт хийн бага багаар сайжруулах аргатай хослуулан ашигласан юм. Тиймээс дахин хэлэхэд, бодит байдал дээр манай оронд тийм туршилт явуулах ямар ч бодит нөөц бололцоо, ашиг сонирхол, утга учир, боломж чадавх тухайн үед ЗХУ-д байгаагүй юм.


Дүгнэлт

Нэг. Энэ бүхнээс үзэхэд И.Сталин өөрийн оронд 1928 оноос хэрэгжүүлсэн эдийн засгийн социалист хөтөлбөрөө манай оронд хэрэгжүүлэх гадаад, дотоод ямар ч шалтгаан байхгүй байсныг бид харлаа. Тэгвэл яагаад Зүүний нугалаа гарсан юм бол? Эхлээд тухайн цагийн гол онцлогийг авч үзье. Энэ бол нийтээрээ орчин цагийн боловсролгүй байсан үе. Ард түмний бичиг үсэгт тайлагдсан байдал туйлын хангалтгүй байснаас л үүнийг шууд харж болно. Энэхүү боловсрол нимгэн байдал нам төрийн удирдлагуудад ч нийтлэг байсан нь хэнд ч ойлгомжтой. Гэтэл тэд ЗХУ-д гарсан өөрчлөлт шинэчлэлт-НЭП буюу Шинэ эдийн засгийн бодлого нэртэй хагас социалист, хагас капиталист эдийн засгийн загварыг халж хүн төрөлхтний түүхэнд өмнө ч, түүнээс хойш ч байгаагүй загвараар сольж, улмаар огцом өөрчлөлт, шинэчлэлт явагдаж байгаа тухай мэдээлэл авах болсон. Мэдээж чухам Зөвлөлтийн нийгэм эдийн засагт гарч буй өөрчлөлт, ерөнхий хандлагыг дагаж явах нь манай орны хувьд зайлшгүй зүйл байсан нь ойлгомжтой. Учир нь, ерөөс хүн төрөлхтний түүхэнд өмнө нь хэн ч, хэзээ ч хийж байгаагүй тийм зүйл болох социалист нийгмийг бүтээн босгоход манай ард түмний мэдлэг чадвар ч тэр, соёл боловсрол ч тэр, хамгийн гол нь хөрөнгө хүч, материаллаг нөөц бололцоо ч дэндүү дутмаг, хангалтгүй байсан юм. Тийм үед ЗХУ бол өмнөө тавьсан зорилго нэг болохын хувьд ч, газар нутаг, хүн амын нөөц илүү ихийн хувьд ч, хамгийн гол нь оюун санааны, мэдлэг боловролын хувьд боловсорсон чадварлаг удирдагч илүү олонтой байсны хувьд ч бидний чиглүүлэгч болсон байсан нь хэн нэг хүний хүсэл зоригийн бус, түүх нийгмийн зайлшгүй шаардлага нөхцөл байсан юм.

Тэгвэл И.Сталин бидэнд тулгаагүй юм бол, мэдлэг боловсрол нимгэн тэр үеийн манай удирдлагууд ЗХУ-д гарсан өөрчлөлтийг өөрийн орны хэт хоцрогдол хийгээд нөөц бололцоо, тухайн үеийн түвшнээ харгалзан үзэлгүйгээр муйхарлан даган дууриах гэсэн эндүү оролдлого, хийрхэл байсан байж болох бүрэн үндэстэй юм. Үнэндээ тэд Зөвлөлтийн удирдагчдын өмнөө тавьсан хамгийн гол зорилгыг ч хүртэл эндүү ташаа ойлгосон байсныг түүхэн баримтуудаас харж болно. Бид яагаад буруу бүхнээ бусдад тохож байх ёстой гэж?!!

Хоёр. Одоо Д.Өлзийбаатарын судалгаанаас авсан ишлэлүүдийг дахин нэг харна уу! Түүнийхээр манай оронд болсон гэгддэг 1937 оны "Их хэлмэгдүүлэлт" хэмээгчийн яг эхлэлийн цэг нь 1929-1932 онд И.Сталины манай оронд тулган хүлээлгэсэн “бүтэлгүй туршилт” буюу одоо бидний мэдэх “Зүүний нугалаа“ байжээ. Чухам түүний судалгааны үндсэнд энэ үйл явдал, яг энэ дүгнэлт байна. Түүнээс л улбаалан дараа дараагийн үйл явдлуудыг тайлбарласан байна. Өөрөөр хэлбэл, энэ дүгнэлт бол түүний судалгаа - ХӨЗРӨН ПИРАМИДЫН суурь нь гэсэн үг! Гэтэл тэр чухам “Зүүний нугалаа” нь Сталины бүтэлгүй туршилт байсан гэдэг энэ үндсэн дүгнэлтээ хөдөлшгүй баримтаар нотлоогүй байгаа юм. Мөн өөр эх үүсвэрээс ишэлсэн зүйл ч алга. Харин түүний энэхүү дүгнэлтийг няцаах бүрэн үндэслэл байгааг би сая харууллаа.

Аливаа судалгааны дүгнэлт нэг бүр баталгаажсан байх ёстой. Хэрэв дүгнэлтүүдийн хэлхээнээс бүтсэн судалгааны аль нэг дүгнэлт л бүрэн батлагдаагүй, эсвэл ор тас худал байвал энэ нь тэр судалгааг бүхлээр нь хүчингүйд тооцож, үгүйсгэх бүрэн үндэслэл болдог хатуу зарчимтай. Тэгвэл яг ийм зүйл түүхч Д.Өлзийбаатарын диссертацын ажилд гарч ирж байна. Өөрөөр хэлбэл түүний энэхүү ХӨЗРӨН ПИРАМИДЫН СУУРЬ - СУУРЬ ДҮГНЭЛТИЙГ нь няцаачихаар, бүх судалгаа - ПИРАМИД нь өөрөө тэр чигээрээ нуран унаж байгаа юм!!!  Гэхдээ энэ нийтлэлд өгүүлж буй зүйл бол яг ийм  “но”-той зүйлсийн зөвхөн нэг нь юм. Өөр олон “но” байгааг дараагийн нийтлэлүүдээр баримттайгаар дэлгэрэнгүй харуулах болно оо.

 

Холбоотой нийтлэлүүд

ӨлзийБҮҮБУР!!! Эмээгийн ярьсан үлгэр
ӨлзийБҮҮБУР!!! Баабар v2.0
ӨлзийБҮҮБУР!!! Зүүнтний нугалааг барууны неолибериалчид гүтгэсэн нь
Ардын засгаас өмнөх ард түмний аж байдал  
ӨлзийБҮҮБУР!!! Ламын шашин ба нүглийн хүүдийнүүд 
ӨлзийБҮҮБУР Улсаа зарсан урвагч ноёдыг улсын баатар болгосон нь
ӨлзийБҮҮБУР!!! 1921 он - Ардын хувьсгал уу? Алуурчдын бослого уу?
Феодалуудын эрх чөлөөний хөдөлгөөн

 

 

 Цуврал нийтлэлийн 6-р хэсэг

Тэгвэл Д.Өлзийбаатарын дээрх дүгнэлт хэр үндэслэлтэйг шалгах үүднээс Сталины урдаа тавьж байсан эдийн засгийн зорилт, эдийн засгийн загвар болон хүрсэн үр дүн хийгээд, нөгөө талаар манай оронд хэрэгжсэн Зүүний нугалаа хоёрыг тус тусад нь тоймлож үзээд хэр олон төсөөтэй тал байгааг нь харьцуулцгаая.

 

Сталины эдийн засгийн загвар

Экономика Сталина

1920-иод оны төгсгөлд Иосиф Сталин троцкистуудтай хийсэн тэмцэлд ялалт байгуулж ЗХУ-ын удирдлага жолоог гартаа авсан юм. Түүний өмнө асар том сорилт хүлээж байлаа. Дэлхийн I дайн, хоёр удаагийн хувьсгал, иргэний дайны хөлд сүйдэж задран бутарсан эх орноо сэргээн босгох шаардлага байв. Нөгөө талаас капиталист гүрнүүдийн байнгын шахалт, тулгалт, ЗХУ-ын эсрэг явуулж буй эдийн засгийн дайнд тэсэж үлдэх ёстой байв. Нэг үгээр хэлбэл ЗХУ газар тариалан, хөдөө аж ахуйн орноос аж үйлдвэржсэн, гадаад зах зээлээс үл хамаарсан санхүү, эдийн засгийн цогц тогтолцоотой улс болох шаардлагатай байлаа. Гэтэл яг тэр үед ЗХУ-ын аж үйлдвэржилтийн түвшин дөнгөж Дэлхийн I дайны өмнөх түвшиндээ эргэн хүрч байжээ. Уг зорилгоо И.Сталин өөрөө тодорхойлсон байдаг. Тэрээр 1931 оны 2-р сард “ЗХУ аж үйлдвэр хөгжсөн орнуудаас 50-100 жилээр хоцорсон бөгөөд бидэнд энэ хоцрогдлоо нөхөхөд 10 жил л байна. Эс чадвал биднийг сүйрэл хүлээж байгаа” хэмээн хэлж байжээ. Гайхалтай нь тэрээр энэ тооцоогоо дөрөвхөн сараар зөрүүлсэн байдаг. Үнэхээр энэ өдрөөс яг 10 жил 4 сарын дараа буюу 1941 оны 6-р сарын 22-нд фашист Герман улс ЗХУ-руу халдан довтолсноор Аугаа их эх орны дайн эхэлсэн байдаг.

Тэгэхээр эхлээд ЗХУ-ын хүрсэн амжилтыг товчхон авч үзье. 1913 онд Орос улс дэлхийн нийт аж үйлдвэрийн бүтээгдэхүүний 4 орчим хувийг үйлдвэрлэж байсан бол 1937 оны байдлаар 10 хувьд хүрсэн байна. 1930-аад оны дунд үе гэхэд ЗХУ дотоодын нийт бүтээгдэхүүн ба аж үйлдвэрийн бүтээгдэхүүний хэмжээгээрээ Европт нэгдүгээр байранд, дэлхийд зөвхөн АНУ-ын дараа хоёрдугаар байранд орсон байв. 10 хүрэхгүй жилийн дотор тэд Их Британи, Франц, Германыг гүйцэн түрүүлж чадсан байна. Эхний гурван 5 жилийн төлөвлөгөөний(3 дахь таван жил дуусаагүй байхад II дайн эхэлсэн) 15 хүрэхгүй жилийн хугацаанд нийт 364 шинэ хот, 9000 аварга үйлдвэр (өдөрт 2 үйлдвэр!!!) барьж байгуулжээ. Мөн ЗХУ нь Дэлхийн II дайнд фашистын Германыг ялсан билээ. Энэ бол дан ганц цэрэг зэвсгийн дайн биш байлаа. Энэ бол бас эдийн засгийн дайн байсан юм. Дайны бүхий л үйл явцад ашиглагдаж байсан хүнд техник, буу зэвсэг, сум, хүнсний хангамж, эмнэлгийн тусламж зэрэг нь тухайн орны аж үйлдвэр, эдийн засгийн түвшинг харуулж буй юм. Үнэндээ ЗХУ энэ дайны ялалтаараа социалист эдийн засгийн загвар нь капиталист загвараас хол илүү гэдгийг батлан харуулсан юм.

Дайны дараа ч энэ хүчин чадлаа тод томруун харуулсаар байв. Дайны туршид Зөвлөлтийн 1710 хот(нийт хотуудын 60%), 70000 тосгон, суурин, 32000 үйлдвэр бүхлээрээ эсвэл тодорхой хэмжээнд эвдэн сүйтгэгджээ. Дайны өмнөх түвшинтэй харьцуулахад ган хайлуулалт 60%, нүүрс олборлолт 70%, нефть ба хий олборлолт 40%-иар буурч, 65000 км төмөр зам сүйдэж, 25 сая хүн орон гэргүй болж, 26,6 сая хүн амиа алджээ. Нийтдээ Зөвлөлтийн эдийн засгийн гуравны нэг нь энэ дайнд сүйдсэн байна. Өнөөгийн Оросын тэргүүний эдийн засагчдын нэг В.Ю.Катасонов “Ийм гарз хохирлыг дэлхий дээр өөр ганц ч эдийн засаг тэсэн гарч чадахгүй байсан” хэмээн хэлж байна. Харин ЗХУ зөвхөн тэсэж гараад зогсохгүй өөрсдөөсөө хавьгүй бага хохирол амссан капиталист орнуудаас (жишээ нь Их Британиас энэ дайнд 900 мянга хүрэхгүй хүн л амь эрсэдсэн) түрүүлж эдийн засгаа сэргээн босгож чаджээ. Жишээлбэл, ердөө 1948 он гэхэд ЗХУ эдийн засгийн ихэнх үзүүлэлтээрээ дайны өмнөх түвшиндээ хүрсэн бөгөөд 1947 он гэхэд дайны үед хэрэгжиж байсан хүнсний картын системээс гарч чадсан байхад, харин АНУ-ын ихээхэн зээллэгийг авч байсан Их Британи улсад картын систем 1953 он хүртэл хэрэглэгдэж байжээ.

Энэ мэтээр ярьвал үүнээс олон жишээ, амжилт ололт байгаа ч үндсэн сэдвээсээ хазайхгүйн тулд ингээд зогсъё. Сая дурдсан бүхнээс нэг дүгнэлтэд хүрч болно: Сталины ЗХУ-д хэрэгжүүлсэн эдийн засгийн загвар бол чухам аж үйлдвэржилт, тэр дундаа хүнд үйлдвэрлэл - металл, ган хайлуулалт, хүнд машин механизм, үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж үйлдвэрлэж, улмаар эдийн засгийн хувьд бусдаас бүрэн хараат бус болох зорилго бүхий төлөвлөгөө байжээ. Чухам 1929-1941 оны үеийг эдийн засгийн хувьд Аж үйлдвэржилтийн эрин үе хэмээн нэрлэдэг юм байна.

Одоо Сталины эдийн засгийн загварын бусдаас ялгарах хамгийн гол онцлогуудыг авч үзье.

1. Үйлдвэрийн хэрэгсэл бүх ард түмний өмч байв.
2. Эдийн засагт улс шийдвэрлэх үүрэг рольтой байв.
3. Аж ахуйн улсын хэвшлээс гадна хамтрал хоршооллын аж ахуйн хэлбэр, мөн жижиг үйлдвэрлэлийг хавсран хөгжүүлсэн.
4. Нэгдсэн удирдлагатай.
5. Эдийн засгийн төвлөрсөн төлөвлөгөөтэй.
6. Улс ардын аж ахуй, үйлдвэрлэл - эдийн засгийн нэгдсэн цогц комплексийг бий болгосон.
7. Олон нийтийн дайчилгааг өргөнөөр ашиглаж байв.
8. Үнэмлэхүй бие даасан шинжтэй. Ялангуяа социалист блок хараахан үүсэж бий болоогүй байх үед гаднаас дээд зэргээр үл хамаарч байв.
9. Үйлдвэрлэлд зардал, үнэ, ашиг зэрэг өртгийн хэмжүүрийг чухалчлах бус, бүтээгдэхүүний жин, тоо ширхэг, чанар зэрэг бодит физик хэмжигдэхүүнийг гол болгосон. Өөрөөр хэлбэл үйлдвэрлэлийн гарцын хэмжээг физик нэгжээр бүртгэж үнэлж байв.
10. Ашгийг үйлдвэрлэлийн гол зорилго гэж үзээгүй бөгөөд харин бүтээгдэхүүний өөрийн өртгийг бууруулахыг зорьж байсан.
11. Бараа бүтээгдэхүүний жижиглэнгийн үнийг тодорхой хугацааны давтамжтайгаар хямдруулдаг байсан.
12. Таваар-мөнгөний харилцаанд хяналт хязгаарлалт тавьж байсан.
13. Банк-санхүүгийн нэг шатлалт системтэй, мөн банкны тоо хязгаартай байв.
14. Бэлэн ба бэлэн бус мөнгөний гүйлгээг зааглаж тусгаарласан. Өөрөөр хэлбэл өнөөдрийн мөнгө санхүүгийн тогтолцоотой адилаар дансан дахь бичилт-депозит мөнгийг хэн хүссэн хүн бэлэн-цаасан мөнгө болгох боломжгүй буюу бэлэн ба бэлэн бус мөнгө хоорондоо чөлөөтэй хөрвөдөг байдлыг маш хатуу хязгаарласан байв.
15. Б зэрэглэлийн бүтээгдэхүүний (хэрэглээний бүтээгдэхүүний) өсөлттэй харьцуулахад А зэрэглэлийн бүтээгдэхүүний (үйлдвэрлэлийн хэрэгслийн) үйлдвэрлэл илүү эрчимтэй өсөж байсан. Өөрөөр хэлбэл үйлдвэрлэлийн хэрэгслийн (суурь машин, тоног төхөөрөмж, трактор, комбайн гэх мэт) үйлдвэрлэл давамгайлж байв.
16. Улсын үндэсний аюулгүй байдлын баталгаа болох - батлан хамгаалах салбарын үйлдвэрлэлд онцгой, тэргүүлэх зэргийн ач холбогдол өгч байсан.
17. Гадаад худалдаанд улсын монополь тогтоож, мөн улсын валютын монополь бодлогыг хэрэгжүүлж байв.
18. Өрсөлдөөнөөс татгалзаж, түүнийг бүтээлч социалист уралдаанаар орлуулж байсан.
19. Хөдөлмөрт материаллаг ба ёс зүйн урамшууллыг хослуулсан.
20. Хөдөлмөрийн бус орлого ба хэт их мөнгө баялаг хувь иргэнд төвлөрөхийг хориглосон.
21. Нийгмийн бүх гишүүдийн амьдралын зайлшгүй хэрэгцээг хангаж чаддаг байв. Мөн тэдний ахуй амьдралын түвшинг тогтмол өсгөж чадсан. Нийтийн эзэмшил бий болж, хувийн эрх ашгийг нийтийн болон улс нийгмийн эрх ашгаас дээгүүр тавилгүй, хувийн болон нийгмийн ашиг сонирхлыг тодорхой хэмжээнд харилцан тэнцвэртэй хязгаарлах замаар оновчтой зохицуулж байв.

Одоо дээрх бүх онцлогийг нэг бүрчлэн хэлэлцэхгүйгээр, Зүүний нугалааны үед явагдсан тэрхүү буруу бодлогыг тоймлон авч үзээд, эдгээр онцлогуудтай харьцуулж харцгаая. Учир нь түүхч Д.Өлзийбаатарынхаар бол И.Сталин Зөвлөлтөд хэрэгжүүлсэн бодлого - эдийн засгийн загвараа манай оронд тулган хэрэгжүүлсэн гэж байгаа. Үнэхээр тийм байсан эсэхийг нягталцгаая.


Зүүнтнүүдийн хийрхэл

1929-1931 оны үед намын удирдлагад шинээр гарсан нэр бүхий хүмүүс хэт хийрхсэн зүүний бодлого явуулсан юм. Энэ бодлогын хүрээнд улс орны ардын аж ахуйг нэгэн амьсгаагаар түргэн нийгэмчлэн хамтралжуулж, хуучин хар шар феодалуудын хөрөнгийг төдийгүй харьцангуй чинээлэгт тооцогдох - шинээр бэхжин буй чинээлэгт тооцогдох ардын аж ахуйтны хөрөнгийг мөн хурааж, хувийн худалдаа наймааг капиталист элемент хэмээн хэт хийрхэн худалдааны бүх эрхийг эд хэрэглэгчдийн хоршоо ба Монголтранст шилжүүлж, улсын хэр хэмжээнээс хэтэрсэн төсөв зардлын бодлого явуулан асар их үргүй зардал гаргаж, ард түмний шашин соёл, сүм хийдийн талаар явуулсан аажим, аядуу бодлогыг эрс шийдэмгий хатуу хавчилгаар сольсон зэрэг үйл явдал өрнөсөн байна. Эдгээрийн үр дүнд ардуудын мал сүргээ өсгөн нэмэгдүүлэх урам зориг багасаж, хүчээр байгуулсан олон хамтрал нь зохион байгуулалтгүй, үр ашиггүй ажиллан улсын хөрөнгийг хий үрэгдүүлэхэд хүрсэн бөгөөд бүрэн бэхжээгүй байсан улсын тээврийн гачигдал нь худалдааны салбарыг уналтанд оруулж ард түмнийг хэрэглээний бараагаар хангах үйлсэд маш том доголдол гарсны дээр энэ хугацаанд 6 сая орчим мал үрэгдсэний улмаас ард түмний амьдрал ахуй доройтон, улмаар энэ бодит нөхцөл нь шашин, сүм хийдийн талаар явуулсан хэт түрэмгий, адгуу бодлоготой нийлэн ард түмний төр засагтаа итгэх итгэлийг сулруулсан байна. Яг энэхүү суурин дээр дөрөөлөн 1932 онд хуучин эрх ямбаа сэргээх зорилготой лам нараар толгойлуулсан зэвсэгт бослого гарч, улмаар түүнийг цэрэг зэвсгийн хүчээр дарсан бөгөөд босогчид “энэ хүрээнд анхны хоршоо 45, сумын захиргаа 33-ыг устган олон арван хамтрал, сургууль соёлын газруудыг цөлмөн дээрэмдсэнээс гадна холбооны шугамыг гэмтээх таслах зэрэг хорлон сүйтгэх ажлыг үйлдэж, улсад арав гаруй сая төгрөгийн шууд хохирлыг учруулсан байна. Эсэргүүчүүд хүний зүрхийг сугалах, үе мөчийг нь таслан огтчих, арьс махыг нь өвчих зэрэг бузар булай харгис хэргүүд үйлдэж байжээ”. Мөн хэдэн мянган ард нутгаасаа хилийн чанад руу дүрвэн гарсан бөгөөд түүний дараа өрнөсөн Шинэ эргэлтийн бодлогын хүрээнд тэр бүх хүнийг буцаан нутагт нь суурьшуулсан байна.


Харьцуулалт

Одоо эдгээр хоёр өөр үйл явцыг хооронд нь харьцуулж үзье.

- Зөвлөлтөд хэрэгжсэн бодлого-загварыг ерөнхийд нь тодорхойлж буй 21 шинжээс 1, 6, 9, 10, 14, 15, 16 дугаарх нь аж үйлдвэрлэлийн салбарыг хамарч байна. Гэтэл үнэндээ Зүүний нугалааны үед манай оронд аж үйлдвэржилт эхлээгүй бөгөөд харин түүний дараах Шинэ эргэлтийн бодлогын үед л анхны орчин үеийн үйлдвэрүүд буюу 1933 онд Хатгалын ноос угаах фабрик, 1934 онд Аж үйлдвэрийн комбинат, мөн энэ онд илчит цахилгаан станц Улаанбаатар хотноо байгуулагдсан ба үнэндээ аж үйлдвэржүүлэлт жинхэнэ утгаараа Дэлхийн II дайны дараа л манайд эхэлсэн байна. Өөрөөр хэлбэл ЗХУ-ын өмнөө тавьсан байсан хамгийн гол зорилго болох аж үйлдвэржсэн орон болох зорилгыг Зүүний нугалааны үед манайд дэвшүүлж байгаагүй ажээ.

- 2 ба 5-р шинжүүдийн хувьд, эдийн засаг дахь улсын оролцоо нь нэг талаас төвлөрсөн төлөвлөгөө нөгөө талаас түүнийг хэрэгжүүлэх нарийн бүтэц, бүртгэл тооцоо, харилцаа холбоо, эдгээрийг хийх мэргэшсэн боловсон хүчнийг шаардаж байсан юм. Гэтэл тухайн үед энэ бүхний аль нь ч манай оронд бүрэн бүрэлдээгүй, байгаагүй юм. Жишээ нь манай оронд зөвхөн 1941 оноос жил бүрийн төлөвлөгөө гаргах болж, бүүр 1948 оноос л анхны таван жилийн төлөвлөгөөг томьёолон хэрэгжүүлж эхэлсэн байдаг. Хэрэв Д.Өлзийбаатарын хэлсэн шиг И.Сталин өөрийн улсад хэрэгжүүлж байсан бодлогоо манайд ШУУД тулган хэрэгжүүлсэн бол уг нь хамгийн эхэнд анхны таван жилийн төлөвлөгөөг боловсруулан баталж, хэрэгжүүлэх байсан биш үү? ЗХУ-д бол энэ чинь И.Сталины бүүр 1928 оноос хийсэн хамгийн анхны чухал зүйлүүдийн нэг байсан шүү дээ!!!

- 7 дугаарх буюу дайчилгааны тухайд, Зөвлөлтөд энэ ажиллагаа хөдөлмөрчин ардад үйлдвэрлэлийн норм дүрэм, төлөвлөгөөг биелүүлэх, хөдөлмөр эрхлүүлэхээр дайчилж байснаар голчлон илэрч байсан бол манайд зөвхөн ардуудыг хүчээр нэгдэлжүүлэхээр илэрч байснаараа ялгаатай юм.

- 8 дахь буюу эдийн засгийн үл хамаарах шинж манай оронд байгаагүй. Хэдийгээр ЗХУ-ын үл хамаарах ба бие даасан байх зорилго харьцангуй сүүлд буюу бидний авч үзэж буй хугацаанаас хойно биеллээ олсон боловч Зүүнтний нугалааны үед манай удирдагчид улс орны өмнө яг ийм зорилго урдаа тавьж байгаагүй, ийм зорилго тавих ямар ч бодит нөхцөл байхгүй байсан юм. Харин ЗХУ-ын хувьд энэ бол амин чухал шаардлага байсан бөгөөд анхнаасаа энэхүү зорилгыг өмнөө тавьсан байв.

- 11 дэх буюу бараа таваарын үнийн хямдрал байгаагүй, тийм зорилго ч байгаагүй. Учир нь ЗХУ-д хэрэгжиж байсан хямдралын системийн үндэс нь үйлдвэрлэлийн өөрийн өртгийг байнга бууруулж, түүгээр ашигтай ажиллагаагаа хэмждэг байсан бөгөөд харин манай улсад тэр үед үндэсний хэмжээний үйлдвэрийн газар байгаагүй тул энэ талын яриа нь ямар ч боломжгүй юм. (Үнийн хямдрал ЗХУ-д бүүр хожим буюу 1948 оноос эхэлсэн тул энэ харьцуулалтад хамааралгүй)

- Социалист уралдаан бол хөдөлмөрчдийг улсын төлөвлөгөөг биелүүлэх, улмаар түүнийг давуулан үр бүтээлтэй ажиллахад ашиглагддаг хэрэгсэл байсан бөгөөд харин манай оронд 1941 оныг хүртэл төлөвлөгөө нормыг нэгдсэн журмаар гаргадаггүй байсныг тооцвол 18-р шинж манай оронд байгаагүй юм.

- 19-р шинж чанар хэрэгжсэн тухай ямар нэг мэдээ одоогоор надад байхгүй байна.

- 21-р шинж үнэндээ ЗХУ-д арай хожим ажиглагдсан, мөн манай оронд ч яг 1929-1931 онд илрээгүйг харгалзан энэ тооцооноос түр хасаж болох юм.

Ийнхүү Зүүний нугалааны үед зөвхөн 2, 3, 4, ба 20-р шинж л бүрэн бусаар илэрсэн байна. Тэр дундаа зөвхөн ардуудыг хамтралжуулах үйл явц ба хөдөлмөрийн бус орлогын эсрэг зарчим хоёр л харьцангуй гүйцэд хэрэгжсэн гэж дүгнэж болохоор байна.

1929 оноос И.Сталин чухам ямар бодлого баримталж байсныг нарийн сайн мэдэхгүй хүмүүст энэ нь зөвхөн хамтралжуулалт байсан гэж ойлгогддог. Хэрэв үнэхээр тэгж эндүү төсөөлбөл Д.Өлзийбаатарын “И.Сталин манай оронд өөрийн бодлогоо хүчээр хэрэгжүүлсэн” гэсэн дүгнэлт үнэн санагдах юм. Гэтэл энэ бол маш том эндүүрэл болохыг, ялангуяа манайд хэрэгжсэн Хэт зүүний бодлого бол И.Сталины бодлого зорилгоос олон талаар тэс өөр зүйл байсан гэдгийг бид харлаа.

Одоо дараагийн асуулт. Түүхч Д.Өлзийбаатарын дүгнэлтээр, Зүүний нугалаа бол И.Сталины Монголд хэрэгжүүлсэн “амжилтгүй туршилт” байсан юм байна. Өөрөөр хэлбэл И.Сталин ЗХУ-д хэрэгжүүлж байсан маш богино хугацаанд аж үйлдвэржсэн орон болгох хөтөлбөрөө манай улсад “сохроор” тулгасан гэсэн үг. Мэдээж үр дүн нь тэг байсан. Ийм туршилт хийх боломж байсан уу? Одоо задлан авч үзэцгээе...

Үргэлжлүүлэн унших

 

 Цуврал нийтлэлийн 4-р хэсэг

 ХХ зууны Монгол буюу Түүхийг бүү бур!

Д.Өлзийбаатар диссертацын ажилдаа нийтлэлч Баабар буюу Б.Батбаярын 1996 онд хэвлэгдсэн “XX зууны Монгол” номоос иш татжээ.

Д. Өлзийбаатар 2

Хамгийн хачирхалтай нь, уг “XX зууны Монгол” номонд эргээд Д.Өлзийбаатарын энэ диссертацын ажлыг олон удаа ишилчихсэн байх юм!?


Баабар 1 Баабар 2

Хэрэв та анзаарч буй бол Баабарын уг номондоо ишилсэн диссертацын ажлын нэр нь Д.Өлзийбаатарын диссертацын жинхэнэ нэрээс өөр байгаа. Гэтэл нэрсийг нь анхааралтай ажиглавал хоёулаа “хэлмэгдүүлэлт” хэмээх нэгэн сэдвээр бичигдсэн байх ба Д.Өлзийбаатар гэсэн авторын нэр нь ижил байна. Тэгвэл Баабарын ишилсэн эрхэм түүхч Д.Өлзийбаатарын диссертацын ажил миний энэ нийтлэлдээ авч үзэж буй тэрхүү диссертацын ажил мөн үү?

Ямар нэг чиглэлээр докторын зэрэг хамгаалсан судлаач өөрийн диссертацын ажлын нэг хувийг “Монголын үндэсний номын сан”-д хүлээлгэн өгөх ёстойг Эрдмийн зэрэг хамгаалахтай холбоотой Монгол улсын холбогдох журамд тусгайлан зааж өгсөн байдаг. Иймээс хэрэв ижилхэн нэртэй, мөн овгийн эхний үсэг нь ч ижил хоёр өөр түүхч хоёр өөр диссертацын ажил хамгаалсан бол тэрхүү диссертацын ажлууд хоёулаа Үндэсний номын санд хадгалагдаж байх ёстой гэсэн үг юм. Гэтэл би Үндэсний номын сангийн “Эрдэм шинжилгээний фонд”-оос Д.Өлзийбаатар гэсэн нэрийн доор нэг л диссертацын ажлыг олсон юм.

Тэгэхээр энд хоёр тайлбар байж болно:

Нэгдүгээрх нь, Баабар энэ хүний нэрийг барьж “хуурамч диссертацын” ажлаас ишилсэн.

Хоёрдугаарх нь, уг хоёр диссертацын ажил нэг хүнийх, өөрөөр хэлбэл эрхэм түүхч Дэмбэрэлийн Өлзийбаатарынх.

Хэрэв хоёр дахь тайлбар нь үнэн бол...? 1996 онд буюу Баабар энэхүү нийтлэлийн (шинжлэх ухааны судалгаа биш харин олон нийтийн ойлголт бодолд нөлөөлөх зорилготой сэтгүүлчийн) номоо бичиж байх үед Д.Өлзийбаатар өөрийн диссертацын ажлыг зохих комиссын өмнө батлаагүй байсан (хожим 1999 онд хамгаалсан) боловч түүний судалгааны ажлын сэдэв, агуулгыг - хамгийн гол нь эрхэм түүхч Д. Өлзийбаатарын хийх ноцтой дүгнэлтүүдийг Баабар урьдчилан мэдэж байсан гэсэн үг ба иймээс уг диссертацыг албан ёсоор хамгаалж баталгаажуулахаас нь өмнө тэрбээр урьдчилан тохиролцож тэр дүгнэлтүүдийг шинжлэх ухааны судалгаагаар нэгэнт батлагдсан түүхэн чин үнэн баримтууд мэт тооцон! нийтлэлчийн номондоо түүхэн эх сурвалж болгон ашигласан гэсэн үг юм. Үүний дараа Д.Өлзийбаатар ч бас 1999 онд хамгаалсан диссертацдаа Баабарын нийтлэл-номыг эргүүлээд бас иш татан баталгаа нотолгоо болгон ашигласан байгаа. Хэрэв энэ бүхэн бодит бол уг хоёр бүтээл хоёулаа “Эрдэм шинжилгээний судалгааны ажил” гэсэн ангиллаас гарч огт өөр (ямар?!) зорилготой (Монголын ард түмний оюун санааны эсрэг далдуур хуйвалдсан гэсэн үг) дор хаяж уран зохиолын номын ангилалд л багтах ёстой гэсэн үг.

Энэ мэт наад захын илэрхий алдаанууд нь юуны өмнө түүхч Д.Өлзийбаатарын докторын цол горилсон диссертацыг шинжлэх ухааны судалгааны бүтээл мөн эсэхэд эргэлзэхэд гарцаагүй хүргэж байна. Учир нь, Баабарын нийтлэл-номыг мэдээж хэрэг докторын зэрэг хамгаалах комиссоор орж хамгаалаагүй (Д.Өлзийбаатар диссертацын ажлаа хамгаалахаас 3 жилийн өмнө ишилсэн тул) батлагдаагүй эх сурвалж ашигласан үзэл суртлын зэвсэг гэж үзэж болох ч, түүхч Д.Өлзийбаатар нь өөрийнх нь хамгаалаагүй, батлагдаагүй судалгааг урьдчилан ишилсэн эрдэм шинжилгээний судалгааны ажил огт биш харин ч олон нийтийн тухайн үеийн ойлголт төсөөлөлд сөргөөр нөлөөлөх зорилготой үзэл суртлын зэвсэг нийтлэлийн ном - Баабарын “шар сонины” бичвэрүүдээс иш татсан гэсэн үг. Өөрөөр хэлбэл, энэ тохиолдолд Д.Өлзийбаатар мөн л баталгаагүй эх сурвалж (эмээгийн хууч ба Солженицыны зохиолтой адилаар) ашигласан болж буй нь илэрхий. Жинхэнэ эрдэм шинжилгээний ажлын практикт ийнхүү далдуур тохиролцон “бие биенээсээ харилцан ишилж дүгнэлтээ батлах нотлох” үзэгдэл хэрхэвч байж болохгүй юм. Ийм байх аваас уг хоёр номыг хоёуланг нь албан ёсоор “хүчингүй” болгож Монголын түүхийг мушгин гуйвуулсан, ард түмний оюун санааны эсрэг чиглэсэн харийн үзэл суртлын зэвсгийн хувьд нь олон нийтийн эргэлтээс татан авч устгах ёстой.

Энд онцгойлон сануулахад, Д.Өлзийбаатар өөрийнх нь хамгаалагдаагүй - батлагдаагүй байсан судалгааны дүгнэлтийг нийтлэлч Баабар номондоо ашигласныг мэдээгүй байх магадлал маш бага юм. Нэгдүгээрт, Баабарын "ХХ зууны Монгол" номын 1996 оны буюу анхны хэвлэлийн эхний хуудсанд уг номыг бичихэд тусалж дэмжсэн хүмүүст тусгайлан талархал дэвшүүлсэн байх ба уг хүмүүсийн дунд Архивийн ажилтан Д.Өлзийбаатар гэсэн нэр байж байна. Иймээс Д.Өлзийбаатар нь уг номыг бичихэд ямар нэг хэмжээгээр оролцсон нь тодорхой бөгөөд өөрийнх нь "үр дүнг" ашигласныг мэдсэн байх бүрэн магадлалтай. Хоёрдугаарт, аливаа судлаач өөрийн иш татаж буй судалгааны ажлынхаа зөвхөн агуулгыг уншаад зогсохгүй уг судалгаанд ашигласан материалууд буюу "Ном зүй"-г маш нарийн урьдчилан шалгадаг ёстой. Өөрөөр хэлбэл, түүхч Д.Өлзийбаатар нийтлэлч Баабарын номоос иш татахдаа уг номын "Ном зүй" хэсгийг заавал шалгасан байх учиртай ба тиймээс тэнд өөрийнх нь яг тэр үед бичиж байсан судалгааны ажлыг иш татсан болохыг мэдэж байсан гэсэн үг. Тэгэхээр энэ бол санамсаргүй алдаа байх магадлал маш бага бөгөөд харин санаатай зориудын үйлдэл байх магадлал төдийчинээ их юм.

Магадгүй намайг хүн гүтгэж байна гэж үзэж болох юм. Гэхдээ миний тавьсан баримтууд бол гарцаагүй ийм хоёр тайлбарын аль нэгийг шаардаж байна. Хэрэв өөр нэг Д.Өлзийбаатар “Монгол дахь улс төрийн хэлмэгдүүлэлтийн шалтгаан, сургамж” сэдвээр доктор хамгаалсан ч түүнийгээ холбогдох журмын дагуу үндэсний номын санд хүлээлгэн өгөөгүй, эсвэл хүлээлгэн өгсөн ч уг номын сангийн фондоос ямар нэг байдлаар алга болоогүй бол шүү дээ!?

Миний энэхүү нийтлэлдээ гаргаж тавьсан наад захын эдгээр баримтууд бол Д.Өлзийбаатарын диссертацын ажлыг “Эрдэм шинжилгээний судалгааны ажил” биш болохыг нотлох бүрэн үндэслэл мөн юм. Өөрөөр хэлбэл, үүнтэй хамт “Түүхийн ухааны доктор” цол нь ч эргэлзээтэй байдалд хүрч буй юм. Зарчмын хувьд энэ бол Түүх архилеогийн хүрээлэнгийн захирлын албыг түр гүйцэтгэгч, доктор С.Чулуун ШУА-ын жинхэнэ гишүүн болохдоо бүрдүүлсэн судалгааны ажлууд дунд бусдын судалгааны үр дүнг өөрийн мэт ашигласан байсан хэмээх саяхны дуулиант үйл явдалтай яг ижилхэн утга - үр дагавартай гэсэн үг юм.

Манай Улс эх орон 1990 оноос 29 жилийн турш хөл толгойгоо бүрэн алдаж улстөр, эдийн засаг, боловсрол, эрүүл мэндийн гээд бүх салбар дампуурсан атал одоо бүр шинжлэх ухааны салбар нь хүртэл дотроосоо ийнхүү ялзран дампуурч бүүр хуурамчаар эрдмийн зэрэг цол “хамгаалцгаадаг” бас төрийн шагналын нэр хүнд ийм доор шалдаа уначихсан гэж үү дээ?

 

Холбоотой нийтлэлүүд

ӨлзийБҮҮБУР!!! Эмээгийн ярьсан үлгэр
ӨлзийБҮҮБУР!!! Зүүнтний нугалаа
ӨлзийБҮҮБУР!!! Зүүнтний нугалааг барууны неолибериалчид гүтгэсэн нь
Ардын засгаас өмнөх ард түмний аж байдал  
ӨлзийБҮҮБУР!!! Ламын шашин ба нүглийн хүүдийнүүд 
ӨлзийБҮҮБУР Улсаа зарсан урвагч ноёдыг улсын баатар болгосон нь
ӨлзийБҮҮБУР!!! 1921 он - Ардын хувьсгал уу? Алуурчдын хувьсгал уу?
Феодалуудын эрх чөлөөний хөдөлгөөн

 

 Цуврал нийтлэлийн 2-р хэсэг

 Хэт нэг талыг барьсан субъектив дүгнэлтүүд
(Хэний талыг гэдэг нь ойлгомжтой!)

Эрдэм шинжилгээний ажилд тавигддаг хамгийн чухал шаардлага бол асуудлыг олон талаас харж бодитоор дүгнэх явдал юм. Аливаа үйл явдал(асуудал, бодлого)-ыг тойрсон, түүнтэй зэрэгцэн өрнөсөн эсвэл уг үйл явдал болохоос өмнө юм уу, дараа нь болсон, учир шалтгааны хувьд уг үйл явдалтай шууд холбоотой, тухайн тэр үйл явдлыг нөхцөлдүүлсэн эсвэл түүнээс нөхцөлдөн урган гарсан олон үйл явдлууд, баримтууд байж болдог. Тухайн үйл явдлыг бодитоор дүгнэхийн тулд энэхүү баримтуудыг бүгдийг нь авч үзэх шаардлагатай бөгөөд зарим нэг баримтыг орхигдуулах нь хэт өрөөсгөл, нэг талыг барьсан худал дүгнэлтэд хүргэдэг. Энэ нь геометрийн цилиндр дүрсийг чухам аль талаас нь – дээрээс нь эсвэл хажуугаас нь харахаас хамаарч өөр өөр дүрс харагддагтай яг ижил юм. Цилиндрийг эгц дээрээс нь, эсвэл эгц доороос нь харвал ДУГУЙ мэт харагдах бөгөөд харин эгц хажуугаас нь харвал ТЭГШ ӨНЦӨГТ мэт харагдах боловч энэ бүхэн нь бодит байдал дээр ЦИЛИНДР хэмээх орон зайн биет байгааг илэрхийлж чадахгүйтэй ижил. Таны өмнө чухам ямар дүрс байгааг олж харахын тулд та зөвхөн дээрээс нь юм уу, доороос нь бус, бас хажуугаас нь, түүгээр ч барахгүй налуу, жишүү өнцгөөс ч харах шаардлагатай болох юм. Асуудалд бодитоор, олон талаас хандана гэдэг нь яг үүнийг хэлж буй юм.

Д.Өлзийбаатарын уг диссертацын ажлын 1921 оны Ардын хувьсгалын тухай хэсэгт хэдийгээр хэдхэн сарын өмнө Ардын түр засгийн газар ба Ардын намыг “гамин цэргийн адил монголын ард түмний дайсан” хэмээн үзэж байсан ч нэгэнт Ардын журамт цэрэг Нийслэл хүрээг чөлөөлсний дараа гарцаагүй үнэн бодит байдлын өмнө бууж өгч Ардын түр засгийн газрыг Монгол улсын байнгын засгийн газар мөн болохыг хүлээн зөвшөөрсөн Богд тэргүүтэй тайж ноёд, лам нарын тэрхүү үйлдлийг “Буулт хийж чадсанаараа тэд эрх ямба, эд хөрөнгөө, эх орон, олон түмний өмнө тулгарсан бодитой эрх ашгаас дээгүүр тавиагүй улс төрийн шинэ нөхцөлийг ухаалгаар мэдэрсэн улс төрчид болохоо харуулсан юм”(диссертацын ажлын 37-р нүүр) хэмээн дүгнэжээ. Энэ бол “цилиндрийг зөвхөн дээд талаас нь харж" дүгнэсэн маш болхи, нөгөө талаас маш чухал олон нийтлэг баримтыг илтээр орхигдуулан хэт нэг талыг барьсан дүгнэлт юм! Гэхдээ ийм дүгнэлт нь эрүүл ухаант хүний хувьд бол санамсаргүй алдаа огтхон ч биш бөгөөд зориудын, чухам өмнө нь “урьдчилан томьёолсон зохиомол” дүгнэлтээ хүчээр гөрдөн батлахын тулд тухайн асуудлын зөвхөн нэг талыг харуулсан өрөөсгөл баримтыг дөвийлгөн харин бусад баримтыг орхигдуулах замаар “батлах” гэсэн, судлаачийн хувьд байж боломгүй маш бохир мэх, бүдүүлэг оролдлого юм.

Яагаад гэдгийг тайлбарлая. Нэгт, чухам яг энэхүү Богд тэргүүтэй ноёд, лам нар уг үйл явдлаас хоёрхон жилийн өмнө “эрх ямба, эд хөрөнгө”-ийхөө төлөө “эх орон, олон түмэн”-ээ харийнханд албан тушаал, олон лан мөнгөөр худалдсан байсан билээ! Тэд 1915 оны “Хиагтын гурван улсын гэрээ”-ний заалтуудыг ноцтой зөрчиж, 1919 онд хятадын цэргийн эрхтнүүдэд өөрийн орны “автономит” эрхийг ямар ч “бодит” эсэргүүцэл (цэрэг зэвсэг, дипломатын) үгүйгээр сайн дураар хүлээлгэн өгч, тэдэнд дагаар ороод, үүнийхээ оронд зөвхөн өөрсдийн эрх ямба, цол зэрэг, цалин пүнлүүг урьдын ёсоор авч байх гутамшигт гэрээг байгуулсан байв. Түүгээр ч зогсохгүй тэд үүнийхээ хариуд Хятадын эрх баригчдаас их хэмжээний лан мөнгө, авто машин зэргийг шагнал болгон авсан байсан юм. Хоёрт, Ардын түр засгийн газрыг Богд тэргүүтэй ноёд, лам нар хүлээн зөвшөөрсөн явдал бол нэгэнт улс орноо Хятадад арилжаалан зарж, мөн тэдний шаардлагаар өөрийн улсын армийг тарааж, тэдэнд зэвсгээ хураалган, улмаар ээлж дараалан харийн түрэмгийлэгчид(хятадын гамин цэрэг ба Барон Унгерны цагаан оргодлуудын арми)-ийн хөлд бөхөлзөн тэдний үгээр, тэдэнтэй нийлэн эгэл ардуудыг үргэлжлүүлэн дарлан мөлжиж байсан(энэ тухай асар олон бодит тоо баримт бий!) Богдын засгийн газар нь тэр үед нэгэнт ард түмний өмнө нүүрээ барж, хүлээн зөвшөөрөгдөх харизматик шинжээ аль хэдийнээ алдсан байсны улмаас эрх ямбыг нь хамгаалан Ардын журамт цэргийн эсрэг тэмцэх хүчин байхгүй болсон байсан тул аргагүйн эрхэнд бууж өгсөн үйлдэл байсан болохоос биш Д.Өлзийбаатарын дүгнэсэн шиг “улс төрийн шинэ нөхцөлийг ухаалгаар мэдэрсэн” хэрэг огтоос биш байсан юм!

Чухамдаа хамгийн чухал баримтуудыг орхигдуулснаараа Д.Өлзийбаатар Монголын ард түмний өмнө манай түүхэнд тохиосон хамгийн гутамшигт гэмт хэргүүдийн нэгийг үйлдсэн урвагчдыг эсрэгээрээ “ардын баатрууд” болгон харагдуулсан байгаа юм. (Үнэндээ тэрээр ингэж дүгнэхээсээ өмнө 1919 онд ноёд автономит эрхээ Хятадад худалдсан бузар гэмт хэргийг хятадын арми манай орныг цэрэг зэвсгийн хүчээр эзлэн авсан байсан мэтээр мөн л гүжирдэн дүгнэсэн ба ингэхдээ асар олон баримтуудыг, тэр дундаа 64 зүйлт гэрээний тухай, ноёдын авсан шагнал урамшууллын тухай баримтуудыг мөн л “санамсаргүй” таг мартчихсан байгаа!). Ийм энгийн, мэдээжийн зүйлсийг орхигдуулсан нь түүний энэхүү дүгнэлт бол хэрхэвч жинхэнэ судлаачийн, асуудлыг түүнийг тойрсон бүх бодит баримтууд дээр тулгуурлан, түүнээс логик гаргалгаа гаргах замаар хийсэн “объектив” дүгнэлт огт бус, харин асуудлыг зөвхөн өөрийн үзэмжээр харж дүгнэсэн, хэт нэг талыг барьсан цэвэр субъектив-хувийн буруу дүгнэлт гэж үзэхэд хүргэж буй юм. Гэтэл эрдэм шинжилгээний судалгааны ажил бол зөвхөн объектив-бодит дүгнэлтүүдийг шаардаж байдаг билээ.

Д.Өлзийбаатарын диссертацын ажилд яг ийм “субъектив” дүгнэлт дан ганц үүгээр тогтохгүй олон тохиолдох бөгөөд ганц энэ жишээг нь өмнө дурдсанчлан зөвхөн судалгааны ажлын нийтлэг, зайлшгүй шаардлагуудыг зөрчсөн байна гэдгийг харуулах үүднээс жишээ болгон авлаа. Бусад эргэлзээтэй дүгнэлтүүдийг өөр нийтлэлээр тусад нь авч үзэх болно.

 

Эмээгийн хууч яриа ба түүхэн бодит үнэн

Аливаа эрдэм шинжилгээний судалгааны ажлын хамгийн наад захын зайлшгүй шаардлагуудын нэг бол тухайн судлаач өөрийн хийж буй дүгнэлтүүдээ бодит, хөдөлшгүй, шалгаж болох бусад баримтуудаар баталж нотолсон байх ёстой. Судлаач өөрийн хийж байгаа эрдэм шинжилгээний дүгнэлтээ нэг бол бусад эрдэмтэн судлаачдын өмнө нь хийсэн мөн мэргэжлийн хүрээнд нэгэнт хүлээн зөвшөөрөгдсөн эрдэм шинжилгээний судалгааны ажлуудаас иш татах, эсвэл архивын болон түүхэн баримтууд, олдворуудаар буюу уг түүхэн бодит баримтуудаас шинжлэх ухааны логик зарчмуудын дагуу гаргалгаа хийх замаар баталж нотолж болдог. Хамгийн гол нь ишилж буй баримт бүхэн нь бодитой эх үүсвэрт үндэслэсэн, мөн тэрхүү эх сурвалж нь баттай байх ёстой. Хүссэн хэн нэг хүн тэдгээр эх сурвалжуудыг давхар нягталж, уг судлаачийн гаргасан үнэлэлт дүгнэлтийн бодит үнэн эсвэл худал дэгс болохыг шалгаж болдог байх ёстой.

Түүхч Д.Өлзийбаатарын диссертац доторх судалгааны ажлын 67 дугаар нүүрэнд энэхүү зайлшгүй чанд шаардлагыг бүдүүлгээр зөрчсөн дараах хэсэг байх юм:

 “... Мөн түүнийг нэлээд сайн мэдэх миний эмэг эх Пүрэвгялын надад ярьсан яриа ч түүний зан чанарын талаарх бодит тодорхойлолт болно. Учир нь тэр хоёр нэг голд өсч айл зэргэлдээ явжээ. Эмээгийн яриагаар Лхүмбэ тэр үед /1910-аад он/ өөрөөс нь 7, 8 насаар ах, том ногоон нүдтэй, хүнд их тусархуу, дуу багатай, их ядуу тарчиг амьдралтай, нэлээд хатуу чанга зантай байрын хүү байжээ. Хүмүүс “ногоон” Лхүмбэ гэж хочилдог байж.”

Энэ бол түүний судалгаан дахь хожим, 1934 онд хэлмэгдсэн гэгдэх болсон МАХН-ын Төв Хорооны дарга Ж. Лхүмбийн хэргийн тухай хэсэг юм. Гэтэл эрхэм түүхч “эмээгийнхээ хууч яриа”-г Лхүмбийн гэмгүй байсныг батлах баримт болгон оруулсан байна. Хэрэв дурдаж буй ажил нь ямар нэг уран сайхны найруулал, сэтгүүлчийн нийтлэл, эсвэл уран зохиолын бүтээлийн нэг төрөл зүйлд хамаарч байсан бол энэ нь ердийн хэрэг байх байлаа. Гэтэл энэ чинь эрдмийн зэрэг горилсон шинжлэх ухааны судалгааны ажлын тайлан шүү дээ! Өмнө өгүүлсэнчлэн “эмээгийн хууч яриа” бол  түүхэн бодит баримт хэрхэвч биш юм. Түүний эмээ үнэхээр ингэж ярьсан уу, ярьсан байлаа ч энэ бүхэн нь түүхэн бодит үнэн үү, мөн энэ хууч яриа гэгч нь тухайн хувь хүний – Лхүмбийн олон жилийн дараах улстөрийн байр суурийг гарцаагүй батлан нотлох үндэслэл болж чадах уу, мөн тэр үеийн Лхүмбэ хожим хойно бага залуугийнх шигээ огт гэмгүй үзэлтэн, буяны үйлтэн хэвээрээ байсан уу, эсвэл эрхэм түүхч өөрийн дүгнэлтийг үнэмшилтэй болгохын тулд хожим эмээгийнхээ нэрийг барьж санаанаасаа зохиосон зүйл үү гэдгийг одоо хэн ч нягтлан шалгаж тодруулах боломжгүй тул энэ бол эрдэм шинжилгээний судалгааны ажилд ашиглаж болох шаардлага хангасан түүхэн баримт яавч биш гэдэг нь хэнд ч ойлгомжтой.

Гэвч эрхэм түүхчийн, дахин сануулъя, энэхүү эрдэм шинжилгээний судалгааны ажлын баталгаа нотолгоонууд гэгч нь зөвхөн энэ “эмээгийн хууч яриа”-аар ч дуусахгүй ээ!

 

Түүхийг гүтгэнэ гэдэг бол тухайн ард түмний өнгөрснийг нь биш ИРЭЭДҮЙГ нь устгаж буй хэрэг юм. (c)

 

Яагаад гэдгийг нь та эргэцүүлэн нэг бодоод үзээрэй.

 

Холбоотой нийтлэлүүд

ӨлзийБҮҮБУР!!! Баабар v2.0
ӨлзийБҮҮБУР!!! Зүүнтний нугалаа
ӨлзийБҮҮБУР!!! Зүүнтний нугалааг барууны неолибериалчид гүтгэсэн нь
Ардын засгаас өмнөх ард түмний аж байдал 
ӨлзийБҮҮБУР!!! Ламын шашин ба нүглийн хүүдийнүүд 
ӨлзийБҮҮБУР Улсаа зарсан урвагч ноёдыг улсын баатар болгосон нь
ӨлзийБҮҮБУР!!! 1921 он - Ардын хувьсгал уу? Алуурчдын хувьсгал уу?
Феодалуудын эрх чөлөөний хөдөлгөөн

 

    • Цахим шуудан:
      • This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
      • This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
    • Мэдээлэл харилцаа хариуцсан ажилтны утас: 88167001
    • Номын борлуулалт хариуцсан ажилтны утас: 88167001
    • Банкны данс:
      • Банкны нэр: Худалдаа хөгжлийн банк
      • Дансны дугаар: 456 094 040
      • Данс эзэмшигчийн нэр: Дэмчигийн БОЛОР
      • Валютын төрөл: Төгрөг