Цуврал нийтлэлийн 20-р хэсэг

Д.Өлзийбаатар диссертацдаа мөн “Үүнээс арван хоногийн дараа буюу 1921 оны 3 дугаар сарын 13-нд Тройцкосавск хотноо зэвсэгт бослогод бэлтгэх ба бослогыг удирдах ардын түр засгийн газар гэгчийг ЗОУ-ын шахалт санаачлагаар байгуулснаар Монгол хоёр Засгийн газартай боллоо. 10 жилийн өмнө Монголын эх оронч язгууртнуудын тэмцэж босгосон Богдын засгийн газар, Зөвлөлтийн нутаг дээр байгуулагдаж тэдний засгийн бодлогыг хэрэгжүүлэх тоглоом болсон түр засгийн газар тогтсоноор...” гэжээ.

Монгол Ардын армийг байгуулан Хиагт хотыг гамин цэргээс, Нийслэл хүрээг Барон Унгерний харгис дэглэмээс чөлөөлөх зорилго тавин бэлтгэж байсан, улмаар уг зорилгоо ч биелүүлж ард түмнээ харийн дарлалаас чөлөөлсөн баатрууд Д.Өлзийбаатарын дүгнэлтээр зүгээр нэг “зэвсэгт бослогод бэлтгэж” байсан “зэвсэгт босогчид” байсан хэрэг үү?

Нэгт, түр засгийн газар бол нийт ард түмний олонхын дэмжлэгийг асар ихээр хүлээж байсан тул энэ нь ямар нэг өөр улсын санаачлагаар байгуулагдсан мөн тэр тусмаа “тоглоомын засгийн газар” байгаагүй юм (Гэхдээ мэдээж энэ том зорилго бүхий хүнд хэцүү ажлыг санаачлан хийж хэрэгжүүлэхэд Зөвлөлтийн талаас заавар, зөвлөгөө өгч байсан бөгөөд учир нь тэр цагт нийгмийн олонхын төлөө нэгдмэл зохион байгуулалтад орж дэвшилтэт өөрчлөлт хувьсгал хийсэн бодит туршлага манай хувьсгалчдад төдийгүй дэлхийд өөр хаана ч байгаагүй билээ). Үүний баталгаа бол чухам яг түр засгийн газар байгуулагдсаны дараа Хиагтыг гамин цэргээс чөлөөлөх тухай шийдвэрийг Түр засгийн газар гаргасан бөгөөд үүнийг монголын нийт ард түмэн халуунаар талархан хүлээн авч Монгол орны өнцөг булан бүрээс Ардын Журамт цэргийн бүрэлдэхүүнд монголын ард ангийн төлөөллүүд ирж нэгдэн улмаар хүч тэнцвэргүй асар хүнд тулааны эцэст 3 дугаар сарын 18-нд Хиагт хотыг гамингаас чөлөөлсөн явдал юм. Мөн үүний дараа Түр засгийн газар Хиагтад шилжин ирж улмаар чөлөөлсөн нутаг дэвсгэрт өөрийн засаглалыг тогтооход ард түмэн талархан хүлээж авсан зэрэг үйл явдал бол Ардын түр засгийн газар бол монголын ард түмний чин хүслийг илэрхийлж байсан ард түмний төр засаг мөн байсны давхар баталгаа болох юм.

Хиагтыг чөлөөлсөн нь
Монгол ардын журамт цэрэг

Хоёрт, Д.Өлзийбаатарын хэлсэн “10 жилийн өмнө Монголын эх оронч язгууртнуудын тэмцэж босгосон Богдын засгийн газар”-ын тухайд гэвэл 1919 онд чухам Үндэсний эрх чөлөөний хөдөлгөөнийг манлайлан оролцож байсан “Монголын эх оронч язгууртнууд”-ийн төлөөлөл өөрсдөө Хятадтай наймаалцан улс эх орон, ард түмнээ лан мөнгө, цалин пүнлүүгээр тохиролцон зарж нийт ард түмнийхээ итгэл найдварыг алдаж жигшил хорслыг барж байснаас гадна “Богдын засаг” гэгч нэгэнт бодит байдал дээр де факто байхгүй болсон байсан ба Монгол оронд гаднын цэргийн эрхтний засаглал тогтсон байсан юм. (Энэ тухай өмнөх нийтлэлдээ дэлгэрэнгүй тайлбарласан)

Богдын засгийн газар яг тэр үед Монголын нутаг дэвсгэр дээр чухам өөрсдийн бодлогыг хэрэгжүүлж чадвартай бодит субъект огт биш болохоо баталчихсан, өөрсдөө ч үүнийгээ ойлгочихсон байсан ба харин дахин харийн аль нэг хүчтэнд дахин зарагдах санаархал нь тэднийг Барон Унгерний тоглоомын засаг болгочихсон байсныг батлах олон түүхэн баримт бий. Юуны түрүүнд яг тэр үед Богдын засгийн мэдэлд монгол арми гэж байгаагүй (өөрсдийнх нь 1919 оны Хятадтай байгуулсан гэрээний дагуу тэдэнд бүх зэвсгээ хураалгасан байсан) бөгөөд Барон Унгерний болон Хятадын гамин цэрэг л монголын нутаг дэвсгэр дээр хоорондоо Монголыг булаалдан тэмцэж байсан юм. Хэнд цэрэг зэвсэг байна, тэр л засаглалаа тогтоодог шүү дээ! Хэдийгээр Барон Унгерн Хүрээг гамин цэргээс чөлөөлсний дараа монгол эрсийг цэрэгт дайчлан татаж эхэлсэн боловч тэд Богд ламын удирдлага дор бус харин Унгерний армид түүний удирдлага дор байсан юм. Нөгөөтэйгүүр, Богдоор толгойлуулсан ноёд том лам нар улс эх орноосоо урваж ард түмнээ худалдсан, иймээс харийн улсын арми цэргүүд Монгол орныг цөлмөн мөлжиж ард түмнийг дарлан дээрэмдэж, алж хядаж байсан учир ард түмний олонх Богдын засгийн газарт найдахаа аль эрт больсон байсан төдийгүй тэд нэгэнт цөхөрсөн байсан нь Богдын толгойлсон бүлэг этгээдүүд Монголын нийт ард түмний олонхын ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРСӨН бүрэн эрхт засаг биш болсон байсны давхар нотолгоо билээ.

Улмаар Монголын Ардын арми Зөвлөлт Орос улсын Ажилчин тариачны улаан армийн тусламжтайгаар 1921 оны 7 сард нийслэл Хүрээг чөлөөлөхөд “хүрээний ардууд Монгол, Зөвлөлтийн цэргийг баяртайгаар хүлээн авч сүү, цайныхаа дээжийг өргөж байжээ. Хүн амьтан гудамжаар дүүрч, хүүхэд багачууд хашааны оройд авиран гарч цэргүүдийг харж байв гэж партизан Баяртын Бат, Мэндбаярын Ишдорж нар дурсан ярьжээ”* гэснээс энэ бүхэн улам эргэлзээгүй болж буй юм. Октябрийн хувьсгалаас зугтан ирсэн Барон Унгерн Монголд ямархуу эрх дарх эдэлж байсны нэгэн жишээ бол Богд хааны дараах зарлиг юм: “Монголын хил хязгаарын олон газарт байгаа хятадын цэргийг бут ниргүүлэхийн тул орон нутгийн түшмэл, ард хэн боловч бүгдээр түүнийг хүндэтгэж, цэрэг татах, мал авах зэрэгт нь яаралтай тусалж, тушаал шийдвэрийг нь үг дуугүй биелүүлж байх хэрэгтэй”*.

Ардын түр засгийн газрыг “Зөвлөлтийн тоглоомын засгийн газар” байсан - “Зөвлөлтийн бодлогыг хэрэгжүүлэгч” хэмээж буй нь тэр үеийн бусад бодит нөхцөл байдлуудыг огт тооцоогүй тун болхи дүгнэлт гэж үзэж байна. Учир нь тухайн үед манай орныг харийн 2 өөр улсын цэргийн хүчин эзлэн түрэмгийлж, хүн ардыг тонон дээрэмдэж, манай улс орон сүйрлийн ирмэг дээр байсан билээ. Мөн манай ард түмэнд өөрийн хүчээр улс орноо харийн түрэмгийлэгчдээс аврах, тэднийг бут ниргэх ямар ч боломж байгаагүй ээ! Яг ийм үед манай ард түмэнтэй ижил олон жилийн дарлал мөлжлөгт байгаад өөрийн хүчээр салсан найрсаг хөрш улсын ажилчин тариачны цэргийн хүчний тусламж дэмжлэг хэрэгтэй болсон байсан бөгөөд тийм хүчин зөвхөн Зөвлөлт улс байлаа. Зөвлөлтийн хувьд ч энэ нь тэдний ашиг сонирхолд нийцэж байсан ба ганц л асуудал үүсэх байв. Харийн мөлжигчдөөс чөлөөлж Монголд туслахаар цэрэг оруулахын тулд Монголын ''албан ёсны'' засгийн газрын зүгээс Монголын нутаг дэвсгэрт тусламжийн хүрээнд цэрэг оруулах тухай албан ёсны хүсэлт хэрэгтэй байв. Ийм хүсэлтгүй бол Зөвлөлтийн арми Монголд орох нь өөрөө олон улсын түвшинд Зөвлөлтийн Монгол руу хийсэн цэргийн түрэмгийлэл, интервенц болж харагдах байлаа. Гэвч ийм хүсэлтийг Богдын засгийн газар гаргахгүй гэдэг нь (учир нь социалист үзэл санаа бол феодалын нийгэм, хаант засгийн үзэл санааны эсрэг чиглэдэг), Барон Унгерн ч ийм зүйл хийлгэхгүй гэдэг нь тодорхой байсан юм. Чухам ийм нөхцөлд Зөвлөлтийн нутаг дэвсгэр дээр Монголын түр засгийн газрыг үүсгэн байгуулах нь хамгийн оновчтой шийдвэр байсан юм. Монголын нутаг дэвсгэрийн өөр аль нэг хэсэгт байгуулах нь мөн л Богд болон Барон Унгерний гарцаагүй эсэргүүцлээс үүдэн огт боломжгүй байсан тул Монголын хилд аль болох ойрхон, Зөвлөлт улсын хил дотор Түр засгийн газраа байгуулах нь боломжит хамгийн сайн бас аюулгүй сонголт байсан байна.

Монгол Ардын Нам 1

Мөн Д.Өлзийбаатар “...ах дүүс бие биенээ алж хядалцах, талцан тэмцэлдэх аюул нүүрлэж, угаас зөвхөн үндэсний эрх чөлөөний хувьсгалд нэгдэж байсан Монголчууд үзэл санаа бутран сарниж улмаар иргэний дайн дэгдэж болзошгүй боллоо” хэмээжээ.

Энэ нь Монголын ардын Түр засгийн газрыг Богдын засгийн газар эхнээсээ хүлээн зөвшөөрөөгүй ба энэ нь тэднийг ”гамин цэргийн адил монголын ард түмний дайсан” хэмээн үзэж байсантай холбоотой юм. Гэхдээ Д.Өлзийбаатар чухам ямар бодит нөхцөл байдал үндэслэлээр Монгол орон иргэний дайны ирмэг дээр ирснийг зуун хувь батлан харуулаагүй байж ийм том, ийм дэгс дүгнэлт хийсэн байгаа.

Иргэний дайн дэгдэх үндсэн нөхцөл нь болдог дотоодын сөргөлдөгч хоёр зэвсэгт бүлэглэл энэ үед манайд байхгүй байсан билээ. Түр засгийн газар Монгол Ардын армийг шинээр зохион байгуулж байсан бол Богдын засгийн газарт тэдний талд зогсож тэдний өмнөөс Ардын армийн эсрэг тулалдах дотоодын зэвсэгт хүчин гэж байгаагүй. (Барон Унгерний хувьд хэдий Богдын хажууд байсан боловч тэр бол харь хүн, түүний армийн үндсэн хэсэг мөн харь хүмүүс байсан юм) Харин өөр ямар нэг дотоодын зэвсэгт бүлэглэл Богдын талд байсан эсэхийг Д.Өлзийбаатар огт дурдахгүй байгаа нь ийм учиртай. Хэдийгээр Барон Унгерний армид монгол цэргүүд байсан боловч тэд өөрсдийн хүслээр энэ армид нэгдээгүй, тэдний ихэнхийг хүчээр элсүүлсэн байсан ба хатуу ширүүн нөхцөл, өлөн зэлмүүний улмаас монгол цэргүүд хэд хэдээрээ оргон зугтаж өөр өөрийн нутгийн зүг явах эсвэл Ардын журамт цэрэгт ирж нэгддэг байсан тухай олон баримт бий. Учир нь “Унгерний цэрэгт (монгол цэргүүдийн тухай ярьж байна Л.П) хатуу ширүүн сахилга бат ноёрхож, цэргийг мод шийдмээр зодож нүдэх, буудан алах ял шийтгэлийг хэрэглэж байснаа Унгерн баригдсаныхаа дараа шүүхийн хурал дээр өөрөө ч хүлээж байв”*. Тиймээс нэг талаас, Ардын журамт цэрэг ард түмнээ харийн дарлалаас чөлөөлөх гэж тулалдаж явсан болохоос элэг нэгтнээ эзлэн түрэмгийлэх зорилго огт агуулж яваагүй ба нөгөө талаас Унгерний монгол цэргүүд хүчээр түүний командлал доор аргагүйн эрхэнд орсон байснаас биш Ардын журамт цэрэг ба Ардын түр засгийн газрын эсрэг тэмцэх зорилгоор сайн дураар нэгдсэн хэрэг биш байсан тулах дүүс бие биенээ алж хядалцах, талцан тэмцэлдэх аюул нүүрлэж, улмаар иргэний дайн дэгдэж болзошгүй боллоо” гэдэг бол ямар ч баталгаагүй гүжир гүтгэлэг юм. Мөн Нийслэл хүрээг чөлөөлөхөд, түүний дараа ч Ардын засгийн эсрэг ямар нэг дотоодын зохион байгуулалттай зэвсэгт эсэргүүцэл гараагүй нь миний энэ дүгнэлтийг давхар баталж буй хэрэг юм.

Д.Өлзийбаатарын дурдан буй судалгаанд мөн “Гэлээ ч 1921 оны 7 дугаар сарыг хүртэлх хугацаанд хоёр тал харилцан бичиг захидал илгээлцэж тулгарсан ноцтой нөхцөлөөс гарз хохиролгүй гарах зам эрэлхийлсээр дайсагналыг эвлэрэл болгож чадсан бөгөөд ийм улс төрийн шийдэл хожим 1990 оныг эс тооцвол сүүлийн 500-гаад жилийн дотор ер гараагүй билээ. Энэ бол төрийн холч ухаантай өвөг дээдсийн улс төрийн зөв шийдвэр, түмний заяа тавилан нь ивээсэн хэрэг байлаа. Хүрээн дэх Богдын Засгийн газар бий болсон улс төрийн нөхцөл байдлыг цэгнэн үзээд ЗОУ-ын цэрэг, улс төрийн нөлөө Монголд нэг мэдэхнээ яах аргагүй түрж улмаар шийдвэрлэх үүрэгтэй болсныг ухаарчээ. Буулт хийж чадсанаараа тэд эрх ямба, эд хөрөнгө, эх орон, олон түмний өмнө тулгарсан бодитой эрх ашгаас дээгүүр тавиагүй улс төрийн шинэ нөхцөлийг ухаалгаар мэдэрсэн улс төрчид болохоо харуулсан юм” хэмээжээ.

Энэ бол мөн л хэт нэг талыг барьсан маш "гэнэн" дүгнэлт байна. Гэхдээ ийм дүгнэлт нь эрүүл ухаантай аливаа хүний хувьд бол санамсаргүй алдаа огтхон ч биш бөгөөд энэ бүхэн бол зориудын, чухам өмнө нь “урьдчилан томьёолсон зохиомол” дүгнэлтээ хүчээр гөрдөн батлахын тулд тухайн асуудлын зөвхөн нэг талыг харуулсан өрөөсгөл баримтыг дөвийлгөн харин бусад баримтыг ор тас орхигдуулах замаар гөрдөн “батлах” гэсэн, түүх судлаачийн хувьд байж боломгүй маш бохир мэх, бүдүүлэг оролдлого юм!

Яагаад гэдгийг тайлбарлая. Нэгт, чухам яг энэхүү Богд тэргүүтэй ноёд, лам нар уг үйл явдлаас хоёрхон жилийн өмнө “эрх ямба, эд хөрөнгө”-нийхөө төлөө “эх орон, олон түмэн”-ээ харийнханд албан тушаал, олон лан мөнгөөр худалдсан нь түүхэн бодит үнэн билээ! Тэд өөрсдөө 1915 оны “Хиагтын гурван улсын гэрээ”-ний заалтуудыг ноцтой зөрчиж, 1919 онд хятадын цэргийн эрхтнүүдэд өөрийн улсын автономит эрхийг ямар ч бодит эсэргүүцэлгүйгээр (цэрэг зэвсэг, олон улсын дипломат харилцааны олон арга хэрэгслүүдийг ашиглах оролдлогыг ч ядаж хийлгүйгээр) сайн дураар хүлээлгэн өгч, Хятадад ард түмнээ дагуулан дагаар орж үүнийхээ оронд зөвхөн өөрсдийн хувийн эрх ямба, цол зэрэг, цалин пүнлүүг Манжийн үеийнх шиг урьдын ёсоор авч байх гутамшигт гэрээг байгуулсан нь бас л түүхэн бодит үнэн билээ! Түүгээр ч зогсохгүй тэд үүнийхээ хариуд Хятадын эрх баригчдаас их хэмжээний лан мөнгө, авто машин зэргийг хувьдаа шагнал болгон авсан байсан юм.

Хоёрт, Ардын түр засгийн газрыг Богд тэргүүтэй ноёд, лам нар хүлээн зөвшөөрсөн явдал бол нэгэнт улс орноо Хятадад арилжаалан зарж, мөн тэдний шаардлагаар өөрийн улсын цэрэг армийг тарааж, Хятадад бүх зэвсгээ хураалган, улмаар ээлж дараалан харийн түрэмгийлэгчид (хятадын гамин цэрэг ба барон Унгерны цагаан оргодлуудын арми)-ийн хөлд бөхөлзөн тэдний үгээр, тэдэнтэй нийлэн эгэл жирийн ардуудыг үргэлжлүүлэн дарлан мөлжиж байсан (энэ тухай асар олон бодит тоо баримт бий!) Богдын засгийн газар нь тэр үед нэгэнт ард түмний өмнө нүүрээ барж, хүлээн зөвшөөрөгдөх харизматик шинжээ аль хэдийнээ алдсан байсны улмаас эрх ямбыг нь хамгаалан Ардын журамт цэргийн эсрэг тэмцэх хүчин байхгүй болсон байсан тул аргагүйн эрхэнд бууж өгсөн үйлдэл байсан болохоос биш Д.Өлзийбаатарын гөрдсөн шиг шиг “улс төрийн шинэ нөхцөлийг ухаалгаар мэдэрсэн” хэрэг огтоос биш байсан юм! 

Чухамдаа ийнхүү энэхүү түүхийн хамгийн чухал түүхэн баримтуудыг зориудаар тойрон гарч орхигдуулсан Д.Өлзийбаатар Монголын ард түмний нүдэнд манай түүхэнд тохиосон хамгийн гутамшигт гэмт хэргүүдийн нэгийг үйлдсэн увайгүй урвагчдыг “ардын баатрууд” болгон гуйвуулан харуулж эрдмийн зэрэг цол, төрийн шагнал завшсан байгаа нь монголын нийт ард түмнийг хууран мэхэлсэн мөн басан доромжилсон хэрэг юм.

Үнэндээ тэрээр ингэж дүгнэхээсээ өмнө 1919 онд ноёд автономит эрхээ Хятадад худалдсан бузар гэмт хэргийг хятадын арми манай орныг цэрэг зэвсгийн хүчээр эзлэн авсан байсан мэтээр мөн л гүжирдэн дүгнэсэн ба ингэхдээ асар олон баримтуудыг, тэр дундаа 64 зүйлт гэрээний тухай, ноёдын авсан шагнал урамшууллын тухай баримтуудыг мөн л “санамсаргүй” таг мартчихсан байгаа! (Энэ тухай цуврал нийтлэлийн өмнөх хэсгээс уншина уу.) Ийм энгийн, мэдээжийн зүйлсийг орхигдуулсан нь түүний энэхүү дүгнэлт бол хэрхэвч жинхэнэ судлаачийн, асуудлыг түүнийг тойрсон бүх бодит баримтууд дээр тулгуурлан, түүнээс логик гаргалгаа гаргах замаар хийсэн объективист дүгнэлт огт бус, харин асуудлыг зөвхөн өөрийн үзэмжээр харж дүгнэсэн, хэт нэг талыг барьсан цэвэр субъектив-хувийн буруу дүгнэлт гэж үзэхэд хүргэж буй юм. Гэтэл эрдэм шинжилгээний судалгааны ажил бол зөвхөн объектив-бодит дүгнэлтүүдийг шаардаж байдаг билээ.

Мөн түүгээр ч үл барам Богд тэргүүтэй монгол ноёд, хутагт лам нар бол аргагүйн эрхэнд харийн хүчний эрхшээлд орсон “халиуны зулзага” огт биш байсаан. Тэд харийн хүчинтэй хамтран эгэл ардыг үргэлжлүүлэн дарлан мөлжсөөр байсныг олон баримт гэрчилдэг. Жишээ нь, “Олон сая лангийн зээл мөнгийг жилээс жилд өсч байсан хүүгийн нь хамт ардууд харийн худалдаачдад төлсөөр байв. Хуучин өрийг төлж бараагүгй байхад шинэ шинэ өр гарч ирдэг байсан ажээ. Эзэрхийлэгч цэргийн хэрэгцээтэй холбогдсон зардлыг нөхөхийн тулд монголын эрх баригчид гадаадын пүүсээс зээллэг авч түүнийгээ төлөхөөр ардаас гаргуулсаар байв. Түшээт хан аймгийн чуулганы газар 1920 онд аймгийн хэрэгцээнд гэдэг нэрээр хятад Буянт гэгчийн пүүсээс өндөр хүүтэй зээллэг авчээ. Зээлсэн дан мөнгө нь 16700 лан байсан хүүгийн хамт 18208 лан болгожээ. Энэ зээллэгийн хугацаа дуусмагц бүх хүүгийн хамт аймгийн ардууд төлөх ёстой байжээ. Энэ мөнгөний ихэнх болох 10000 гаруй ланг Богд ба түүний эхнэрт, мөн нэлээд хэсгийг гамин цэрэгт зориулан ард олноос мал, эд хөрөнгийг гаргуулах үүрэг хүлээсэн аймгийн төлөөлөгч Банзрагч гүн ба түүний харьяаны хүмүүсийн хэрэгцээг хангахад зарцуулжээ.

Хүрээний засгийн газар 1920 онд нөгөө хятад Буянтын пүүсээс 14000 лан мөнгө зээлж, монголын феодалын төлөөлөгчдөөс хятадын ерөнхийлөгчид барих бэлэгтэй холбогдсон зардлыг нөхжээ. Энэ өрийг, мөн онд Түшээт хан аймгийн 15 хошуунаас гаргуулан авчээ.

Түүнчлэн энд бас нэг “но” байна. Д.Өлзийбаатарын хэлснээр “Зөвлөлтийн нутаг дээр байгуулагдаж тэдний засгийн бодлогыг хэрэгжүүлэх тоглоом болсон түр засгийн газар” маань яагаад гэнэт “том толгой” гаргаж Богдын засгийн газартай “эвлэрэл” байгуулаад, улмаар бүүр түүнийг хаан суудалд (хэмжээт эрхт) нь үлдээчихсэн юм бол оо? Уг нь үнэхээр “тоглоомын засгийн газар” байсан юм бол, үнэхээр зөвлөлтийн “засгийн бодлогыг хэрэгжүүлэх” субъект байсан юм бол үйл явц арай өөрөөр өрнөх байсан юм биш үү? Хамгийн түрүүнд Богдыг хаан ширээнээс буулгаж, Монголд Зөвлөлтийн засаглалыг тунхаглах байсан юм биш үү? Уг нь түүний дүгнэж байгаачлан “утсан хүүхэлдэй тоглуулагч” Зөвлөлтөд үүнийг хийх бүрэн нөөц боломж байсан шүү дээ! Тэдний гарын аясаар хөдлөх “тоглоомын засгийн газар”, уг засгийн газарт харьяалагдах зэвсэгт хүчин, мөн өөрсдийнх нь үүнээс хүчирхэг улаан арми байсаар байхад яагаад анхны “хувьсгалт хүчирхийллийн замаар төр засгийн мэдлийг авах зорилго”-оосоо гэнэт ухрах болов оо?

Учир нь Д.Өлзийбаатарын ямар ч баталгаагүйгээр бурсан шиг Ардын засгийн газар бол “тоглоомын засгийн газар” огтоос биш байсан учраас тэр юм...

Д.Өлзийбаатарын диссертацын ажил дахь илэрхий гүжир гүтгэлгүүд үүгээр огт дуусахгүй ээ!!! Түүний зөвхөн диссертацын ажил дээрх гүтгэлгүүдийг бүгдийг нь энэ мэт няцаах юм бол бүтэн боть ном болох юм. Гэхдээ үүнээс хойш түүний гүжирдлэгийг би биш харин жинхэнэ мэргэжлийн архивын түүхч нягталж ажиллах ёстой болно. Учир нь түүний судалгааны ихэнх хэсгийг "архив"-ын гэх материалууд дээр үндэслэн хийсэн байгаа. Харин миний хувьд тэрхүү материалуудад хүрэх боломж бололцоо, цаг зав ч байхгүй юм. Гэхдээ өөрийн энэ хүртэл бичсэн, тайлбарласан, батлан харуулсан бүхнээс харвал түүний тэр "архив"-ын материалууд гэгч дээр суурилсан дүгнэлтүүд дунд миний олж илчилснээс ч олон гүжир гүтгэлэг байгаа гэдэг нь туйлын тодорхой юм. Учир нь түүний бидний хүрэх бололцоотой, нийтэд нэгэнт ил болсон тэрхүү материалууд, баримтууд дээр хийсэн дүгнэлтүүд нь ямар ичгүүргүй гүжир гүтгэлгээр дүүрэн болохыг та сая харлаа. Тэгвэл ийм ичих нүүргүй юм хийж буй хүн бидний ихэнхийн хүрч, танилцаж, шүүн тунгааж чадахгүй "архив"-ын нэртэй баримтуудыг ашиглан ямар өөдгүй хор хутгаж чадахыг одоо төсөөлөхөд тийм ч хэцүү биш биз ээ.

 

Ашигласан материал

* Б. Ширэндэв, “Монгол ардын хувьсгалын түүх”, 1969 он
** Х. Чойбалсан, Д. Лосол, Г. Дэмид, “Монголын ардын үндэсний хувьсгалын анх үүсэж байгуулагдсан товч түүх”, 1979 он (хоёрдох удаагийн хэвлэл)
*** Х. Чойбалсан, “Илтгэл ба өгүүллүүд”, 1953 он (дам ишлэв)
**** Ж. Неру, “Ертөнцийн түүхийг сөхөн үзвэл”, 3-р боть, 1989 он

 

Холбоотой нийтлэлүүд

ӨлзийБҮҮБУР!!! Эмээгийн ярьсан үлгэр
ӨлзийБҮҮБУР!!! Баабар v2.0
ӨлзийБҮҮБУР!!! Зүүнтний нугалаа
ӨлзийБҮҮБУР!!! Зүүнтний нугалааг барууны неолибериалчид гүтгэсэн нь
Ардын засгаас өмнөх ард түмний аж байдал
ӨлзийБҮҮБУР!!! Ламын шашин ба нүглийн хүүдийнүүд 
ӨлзийБҮҮБУР Улсаа зарсан урвагч ноёдыг улсын баатар болгосон нь
Феодалуудын эрх чөлөөний хөдөлгөөн

 

Сэтгэгдэл бичих

Таны бичсэн сэтгэгдлийг сайтын админ зөвшөөрсөн үед нийтлэх болно. Зөвхөн кирилл үсгээр зөв бичгийн алдаагүй бичсэн, интернет соёлын хэм хэмжээнд нийцсэн сэтгэгдлийг хүлээн зөвшөөрөхийг анхаарна уу. Сэтгэгдэл бичихийн өмнө "Интернет соёлын хэм хэмжээ" нийтлэлийг уншихыг танд зөвлөж байна.


Security code
Шинэчлэх

    • Цахим шуудан:
      • This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
      • This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
    • Мэдээлэл харилцаа хариуцсан ажилтны утас: 88167001
    • Номын борлуулалт хариуцсан ажилтны утас: 88167001
    • Банкны данс:
      • Банкны нэр: Худалдаа хөгжлийн банк
      • Дансны дугаар: 456 094 040
      • Данс эзэмшигчийн нэр: Дэмчигийн БОЛОР
      • Валютын төрөл: Төгрөг