radiation


РАДИОЦАЦРАГ ИДЭВХТ ХОРДЛОГЫН СЭРЭМЖЛҮҮЛЭГ   

2011 оны 3-р сарын 11-нд Японд болсон аймшигт газар хөдлөлт, түүний дараах цунамийн давалгаанд эвдэрч сүйдсэн "Фукусима Дайичи" атомын цахилгаан станц дээр 2011 оны 3-р сарын 29-ны байдлаар “маш ноцтой нөхцөл байдал үүсээд байна” гэж Японы эрх баригчид албан ёсоор мэдээлсээр байна. Мөн энэ станц дээр өмнө нь болсон багахан дэлбэрэлтээс үүдэлтэй одоо ч агаарт цацагдсаар байгаа усны уур, утааны нөлөөгөөр радиоцацраг идэвхт бодисууд агаар мандлаар дамжин тархсан нь тогтоогдоод байна.

Одоо АНУ, Европын улс орнууд болон ОХУ-ын Приморскийн хязгаар, БНХАУ-ын зарим газар нутагт плутони, цезийн радиоцацраг идэвхт тоосонцрууд илрээд байгааг дэлхийн улс орнуудын хэвлэл мэдээллийн агентлагууд мэдээлж түгшүүрийн харанга дэлдэн анхааруулж байна. 

Радиоцацрагийн аюул занал учруулж байгаа үндсэн голомтууд бол радиоцацрагт нуклидуудаар нэгэнт бохирдсон тухайн газар нутгийн өнгөн хөрсөн дээрх шороо тоостогтмол уснуудын ёроол дахь лаг шаврууд ба мод ургамлууд, байшин барилгууд болон бусад бүх ил объектууд болоод байгаа ажээ. Одоогоор хаврын улирал үргэлжилж шороон шуурга, цас бороо орж байгаа учир агаар мандлын дээд давхаргад цацагдсан байгаа  радиоидэвхт бодисуудын маш жижиг тоосонцрууд газарт аажмаар бууж хүн, ургамал амьтдын амьдралын орчинд нэвчих аюулыг улам их болгож байна. Хаврын улиралд шороон шуурга, хүчтэй салхины урсгалууд дайрч байдаг Монгол орны хувьд энэ нь байдлыг улам ноцтой болгож байгаа нь маргаангүй юм.

Агаар мандалд цацагдаж замхарсан радиоидэвхт тоосонцрууд нь аажмаар заримдаа бол хэдэн долоо хоног, саруудын турш газарт бууж газрын гадарга, хөрс, навч, өвс зүлэг, мод бут байшингуудын дээвэр, хануудыг бохирдуулдаг байна. Тухайн үеийн цаг уурын байдлаас шалтгаалж агаарын урсгалууд эдгээр радиоидэвхт тоосонцруудыг асар хол зайд тараан цацаж орхидог нь нэгэнт тогтоогдсон юм. Ийнхүү хүн, амьтдын амьсгалж байгаа агаараар дамжин бие организмд нь нэвтэрч байгаа радионуклидуудын нөлөөгөөр зөвхөн гадна талаасаа бус мөн дотор талаасаа радиоидэвхт цацрагт нэрвүүлэх аюул занал улам их болж байна. 

Иймд монгол хүмүүст сэрэмжлүүлж хамгаалах зорилгоор гадаадын хэд хэдэн эх үүсвэрүүдээс авсан ТУСГАЙ ЗӨВЛӨГӨӨНҮҮД-эд Та бүхний анхаарлыг хандуулж байна. 

ӨДРИЙН ЕРӨНХИЙ ДЭГЛЭМ

  1. Ялангуяа салхи ихтэй өдрүүдэд задгай агаарт байх хугацааг аль болох багасгах, цагийн ихэнхийг ямар нэг байшин, сууцанд өнгөрөөх хэрэгтэй байна. Энэ үед хүний гадна талаасаа авах цацрагийн хордлогын хэмжээ янз бүрийн байшин, сууцнуудаас хамаарч 2-100 дахин буурдаг байна.
  2. Радиоцацраг идэвхт бодисууд хамгийн гол нь тоос, тоосонцруудтай хамт дамжин тархдаг учир өрөө тасалгаа, цонх хана хаалга, таримал ургамлуудын навч цэцгүүдийн чийгтэй цэвэрлэгээг боломжийнхоо хэрээр маш сайн хийж байх хэрэгтэй болоод байна. Гэртээ, орон байшинд орохдоо гутлаа хөлийн чийгтэй дэвсгэрт сайтар арчиж дараа нь гутлаа шороо, тоосноос маш сайн цэвэрлэж байх ёстой.
  3. Радиацийн аюул нэмэгдсэн нөхцөлд хүмүүс хувийн ариун цэврийг сахих явдал онцгой ач холболдолтой болж ирдэг байна. Хоол хүнс идэхийн өмнө нүүр, гараа маш сайтар угаах хэрэгтэй. Мөн гэртээ ирээд шүршүүрт орж байх хэрэгтэй. Энэ үед ер нь ялангуяа уруулын будаг, нүүрийн тос, энгэсэг зэрэг косметикийг бага хэрэглэхийг зөвлөдөг байна.
  4. Газрын гадаргуу, өвс бут ургамал, модны навчис, цэцгүүд ялангуяа шилмүүст моднууд радиоцацраг идэвхт бодисоор илүү бохирдсон байдгийг байнга санаж байх ёстой. Бороо орж байгаа үед модны доор хорогдох нь эрсдэлийг нэмэгдүүлдэг байна.
  5. Гудамж, орц, гэр сууц, албан тасалгааг цэвэрлэх зэрэг тоос шороо бужигнадаг ажил гүйцэтгэхийн өмнө амны хаалт, амьсгалын тусгай шүүлтүүр зүүхийг зөвлөдөг.
  6. Өдөр бүр орон гэр, албан тасалгаандаа чийгтэй цэвэрлэгээг сайн хийж байхаас гадна аль болох нэвт салхи үүсэхээс сэргийлж байх хэрэгтэй.
  7. Хүнсний нунтаг бүтээгдэхүүнүүд /гурил, элсэн чихэр, давс гэх мэт/ -ийг битүү саванд хадгалж байх ёстой.
  8. Мөн тоос шороо харьцангуй багатай хөдөө хээр газар цэвэр агаарт аль болох олон удаа гарч байхыг бас зөвлөдөг байна.
  9. Спортоор хичээллэх нь, жишээлбэл гүйх нь цусны эргэлтийг эрчимжүүлж хөлсөөрөө хорт бодисуудыг бие организмоос угаан гаргахад тустай байдаг.
  10. Хөлсөө гаргах. Биеийн хүчний ачааллын дараа шууд саунд орох нь их ашигтай байдаг. Хөлс нь биеийн эд эсүүдээс элдэв давснууд, хорт шавхдасууд, радионуклидуудыг угаан гаргах үйлчлэл үзүүлдэг.

ӨДӨР ТУТМЫН ХҮНС ХООЛ

  1. Радиоцацраг идэвхт хордлогын нөхцөл бүрдсэн нөхцөлд хүний өдөр тутмын хоол хүнс нь олон янз, тэжээлэг, эрдэс бодис ихтэй, шим ихтэй бодисууд, амин дэмүүд ба амин хүчлүүд ихтэй байх хэрэгтэй.
  2. Ялангуяа цагаан хоолтнууд, хоолоо сойх дуртай хүмүүс дээрх зөвлөмжийг онцгой анхааралдаа авах ёстой. Радиоцацраг идэвхт бодисууд амьсгал болон ус, хоол хүнсээр хүний бие организмд нэвтэрсэн байх бодит магадлал бүрдэж хүн дотор талаасаа радиоцацраг идэвхт хордлогын нөхцөл бүрдсэн тохиолдолд өлөн байх нь сөрөг үр дагавруудад хүргэж болохыг анхаарах ёстой.
  3. Натрий, кали, кальци, фосфор зэрэг бусад олон эрдэс элементүүд нь зарим радионуклидуудын эсрэг биетүүд болдог. Иймээс хүний бие организм дахь ямар нэг эрдэс бодисын хомсдол нь тухайн тэр эрхтэнд нь зарим радиоизотопууд хуримтлагдах боломжийг огцом өсгөдөг байна. Бичил элементүүд нь хүнстэй хамт хүний биед хэвийн хэмжээгээр тэр байтугай жаахан нэмэгдэл тунгаар орж байгаа нөхцөлд өрсөлдөгч радионуклидууд бүрэн хэмжээгээр бодисын солилцоонд орж чаддаггүй ба ихэнх нь биеэс зайлуулагддаг байна.
  4. Хангалттай хэмжээний кальци нь хүний бие организмд стронци, радий зэрэг цацраг идэвхит бодисууд хуримтлагдахад саад учруулж тэдгээрийг биеэс зайлуулахад сайн нөлөө үзүүлдэг. Харин хүнсэнд кальци дутагдсан нөхцөлд бие организмд стронци хуримтлагддаг байна. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагаас зөвлөж байгаагаар бол том хүн нэг өдөрт 0,4-0,5 грамм, хүүхдүүд 0,4-0,7 грамм, харин жирэмсэн эмэгтэйчүүд 1,-1,2 грамм кальци хүнсээрээ авч байх ёстой.
  5. Радиацийн ерөнхий нөлөө нэмэгдсэн, хүний биед нэвтэрсэн байх магадлалтай нөхцөлд кальцийн өдөр тутмын тунг 2-3 дахин ихэсгэж 1-2 грамм болгох шаардлагатай. Кальцийн тусгай эмүүд уух хэрэггүй ба харин хүнсээрээр авахыг эрмэлзэх хэрэгтэй. Жишээлбэл, 1 литр сүүнд 1-1,2 грамм кальци байдаг.
  6. Үүнээс гадна бяслаг, кальцижуулсан талх, үхрийн мах, өндөг, эрдэс бодис ба амин дэмүүдээр баялаг ургамлын гаралтай хүнсний бүтээгдэхүүнүүд (мандарин, апельсин, нохойн хошуу, усан үзэм, нэрс, абрикос, үхрийн нүд зэрэг)-ийг өдөр тутмын хүнсэндээ хэрэглэж байхыг хичээх хэрэгтэй.
  7. Одоогийн Фукусимагийн АЦС-аас алдагдаад байгаа, дотоод радиоцацрагийн хордлого үүсгэх магадлалтай цези-137-ийн эсрэг ион биет нь кали юм. Ногоон вандуй, төмс, улаан лооль, тарвас, баклажан зэрэг хүнстэй хамт хүний биед орж байгаа калийн хэмжээ нь хүний зохих эрхтнүүдэд цези-137 хуримтлагдахыг багасгадаг болох нь дээхэн тогтоогдсон байна.
  8. Амин дэмүүд их хэмжээгээр маш хэрэгтэй болж ирдэг. Амин дэмүүд нь хүний организмын исэлдэх үйл явцыг сааруулдаг. Жишээлбэл, Е амин дэм нь хүний эд эсийн ионжуулах цацрагийн нөлөөнд мэдрэмтгий байдлыг бууруулдаг. Е амин дэмийн гол эх үүсвэрүүд бол эрдэнэ шиш, наран цэцгийн, нохойн хошуун, чацарганын тос юм. А, Е, Р, С ба В-гийн төрлийн амин дэмүүдтэй хүнсний хэрэглээг нэмэгдүүлэх шаардлагатай. С амин дэм нохойн хошуу, үхрийн нүд, мандарин, ногоон вандуй, лууван, манжин, улаан манжин, өнгөт байцаа, гоньдонд их хэмжээгээр байдаг.
  9. Бүх ногоо, жимсүүдийг хэрэглэхийн өмнө урсгал усаар сайтар угааж гаднах хальсыг нь цэвэрлэж дахин угаах ёстой. Чанасан тохиолдолд энэ усыг асгах хэрэгтэй.
  10. Мөн “Ундевит”, “Декамевит” зэрэг олон төрлийн амин дэмүүдийн орцтой бэлдмэлүүд ба аскорбины хүчлийг бас урьдчилан сэргийлэх байдлаар хэрэглэж болно.
  11. Боломжтой бүх хүнсний гадна талыг арилгаж хусаж зүсэж авч сайтар чанаж хэрэглэхэд радионуклидуудын агууламж огцом багасдаг байна.
  12. Бохирдсон газар байсан малын ясны шөл радиоцацраг идэвхт бодисууд их агуулдаг болохыг тогтоосон байна.

НЭГЭНТ БИЕ ОРГАНИЗМД НЭВТЭРСЭН РАДИОНУКЛИДУУДЫГ
ХЭРХЭН БАГАСГАЖ ГАРГАХ ВЭ

Ходоодны дотор талд механик, химийн ба дулааны илэрхий үйлчлэл үзүүлдэг бодисуудыг агуулсан хоол хүнс хэрэглэж байх шаардлагатай.

ИДЭХ ХООЛ ХҮНС

  1. Бүдүүн гурилын талх, гурвалжин будаа, ногооны хүйтэн шөлүүд, чанасан ногоотой хоолууд мөн түүнчлэн амьтны гаралтай хүчлүүд агуулсан тараг, хоормог, айраг өдөр тутмын хүнсэндээ хэрэглэхийг хичээх ёстой.
  2. Хүйтэн шөл гэдэс ходоодыг угааж цэвэрлэдэг учир эхлээд тасалгааны хэмтэй ус ууж дасгах хэрэгтэй. Ер нь гэдэс ходоодоо угааж байх нь ашигтай.
  3. Ургамлын хандтай цай, ундаа компот сайн байдаг.
  4. Ургамлын гаралтай тосуудыг салалт хүнсэндээ хэрэглэх нь чухал байдаг. Улаан манжингийн шүүс өдөрт 3 удаа уух нь ашигтай.
  5. Йод их хэмжээгээр агуулсан далайн байцаа, загас, хушга, вандуй, байцаа, сармисыг өдөр тутмын хоол хүнсэндээ хэрэглэх хэрэгтэй.

УУХ ЦАЙ, УНДАА

  1. Энэ үед уух усны, жимсний шүүсүүд, цай, амин дэмийн ундаануудын хэмжээг хязгаарлах хэрэггүй ба уусан шингэнийг аль болох хурдан биеэсээ гаргаж байхыг хичээх ёстой. Бусад хүнстэй хамт хүний биед орж байгаа кальци, калийн давсууд шингэнийг түргэн хөөж гарахад тустай байдаг.
  2. Гадаадаас нийлүүлэгдэж байгаа хүнсний болон ундааны зүйлүүдийг маш анхааралтай судалж хэрэглэж байх, аль болох урьд өмнө нь ба одоогийн радиоцацрагт бохирдолд нэрвэгдээгүй улс орнууд, газраас гарал үүсэлтэй хүнсийг хэрэглэж байхыг хичээх ёстой.
  3. Цайны ургамлаас радионуклидууд 16-20 цагийн дараа ханд руу орж эхэлдэг гэдгийг санаж байх ёстой. Иймээс шинэхэн хандалсан цай хамгийн аюулгүй бөгөөд ашиг тустай байдаг.
  4. Согтууруулах ундаанаас ганцхан улаан дарс л бага хэмжээгээр тустай байдаг. Үүнээс шинэхэн хандалсан ялангуяа ногоон цай хамаагүй илүү тустай байдаг байна. Архи, тамхи биеийн эсэргүүцлийг бууруулдаг тул багасгах аль болох хэрэглэхгүй байвал зохино.

Радиоцацраг идэвхт бодисуудын хордлогоос хамгаалах үйлчлэлтэй радиопротекторууд гэдэг бэлдмэлүүд байдаг. Эдгээр бэлдмэлүүд нь хүний бие организмын радиоцацрагийн мэдрэмжийг бууруулж радиохимийн урвалуудыг сааруулдаг. Эдгээр бэлдмэлүүдийг эмчийн заавраар радиоцацраг идэвхт хордлогын бодит онцгой аюул занал нүүрэлсэн үед хэрэглэдэг.

Фукусима - 1 АЦС-аас тархаж байгаа радиоцацраг идэвхт үүлийн тархалт

 cs hem 1h movall 1

2011.4.15-ны байдлаар: Радиоидэвхт йод-131, цезий-137 бөмбөрцгийн хойд хагас/энэ Монгол улсыг мөн хамарч байгаа гэсэн үг/-т улам тархсаар байна. Үүнийг Европын улс орнуудад агаар, ус, хүнснээс илрүүлээд байгаа ажээ. Харин дэлхийн хэвлэл томоохон мэдээллийн хэрэгслүүд, орон нутгийн хэвлэлүүд өнөөгийн радиоидэвхт тоосонцрууд дэлхий дахиныг бүрхээд байгаа нөхцөлд хүмүүсийн бие организмд үүсэж болох йодын дутагдал нь ирээдүйд бамбай булчирхайн хорт хавдрын нэг гол шалтгаан болж болох тухай бараг таг чиг байсаар байна. Учир нь хүний бие организмд хүнснээс авдаг йод дутагдсан тохиолдолд түүний бамбай булчирхай нь хүний биед амьсгал, ус, хоол хүнсээр дамжин нэвтэрсээр байгаа радиоидэвхт йодыг өөртөө цуглуулан хуримтлуулагч сав болж хувирдаг ба энэ нь цацрагийн өвчнүүд, хамгийн гол нь бамбай булчирхайн хорт хавдар үүсгэдгийг нэгэнт тогтоосон байна.

Хэдийгээр 2011.3.11-нээс хойш цөмийн аюул, цацрагийн бодит нөлөөллүүд багасаагүй харин ч улам өндөр болж хамгийн дээд зэрэг - 7-р түвшинд хүрээд байгаа боловч одоогийн энэ ОНХМ-ийн таг дуугай байдал, засгийн газруудын хийж байгаа бодит үнэн байдлаас хол зөрсөн мэдээллүүд, хүн ардаа хамгаалах үр дүнтэй үйл ажиллагааг хийж эхлэхгүй гараа хамхин сууж байгааг олон улс орнууд дахь бие даасан, ямар нэг байдлаар хараат бус эрдэмтэд, судлаачид, цөмийн мэргэжлийн хүмүүс, эмч нар хүн төрөлхтний эсрэг хийж байгаа гэмт хэрэг, асар олон хүмүүсийг бөөнөөр нь устгахад хүргэх гэмт үйлдэл гэж нэрлэж байна.


ЯПОН, АНУ ХАМТРАН МОНГОЛ УЛСАД ЦӨМИЙН ХАЯГДЛЫН АГУУЛАХ БАЙГУУЛАМЖ БАЙГУУЛНА ГЭЖ МАЙНИЧИ СОНИНД МЭДЭЭЛЛЭЭ

Японы эдийн засаг, худалдаа, аж үйлдвэрлэлийн яам ба АНУ-ын эрчим хүчний яам хамтран цөмийн ажилласан түлшний болон бусад радиоидэвхт хаягдлыг хадгалах агуулахын байгууламжийг Монгол улсын нутаг дэвсгэрт барьж байгуулахаар төлөвлөж байна. Энэ тухай даваа гаригт японы бүх үндэстний хэмжээний Майничи сонинд мэдээллээ.

Энэ сонинд бичснээр Монголд энэхүү агуулахыг барьж байгуулах нь японы компаниудад атомын технологийн зах зээл дээр ОХУ ба Францтай илүү үр дүнтэй өрсөлдөх боломжийг олгох юм байна. Мөн энэхүү агуулахыг Япон ба АНУ-ын тусламжтайгаар өөрийн нутаг дэвсгэр дээр атомын цахилгаан станц байгуулсан дэлхийн бусад орнууд ч ашиглаж байх боломж бүрдэнэ гэж Япон, АНУ тооцоолж байгаа ажээ. Гэвч энэхүү төсөлд Япон улс оролцох нь Фукушимагийн АЦС-ын осолтой холбоотойгоор шүүмжлэлд өртөж болзошгүй гэж тэд болгоомжилж байгаа ажээ.

Мөн энэ сонинд өгсөн мэдээллээр бол Монгол улсын нутаг дэвсгэрт цөмийн хаягдлын агуулах байгууламж барих тухай хэлэлцээрийг монголын эрх баригчидтай өнгөрсөн 2010 оны 9 сараас хойш “нууц горим”-оор хийж байгаа ажээ. Энэ хэлэлцээрийн ээлжит үе шат Японд болж байгаа үйл явдалтай холбоотойгоор түр хойшлогдоод байгаа юм.

Харин Монголын тал өөрийн зүгээс Япон ба АНУ-тай цөмийн технологиуд солилцох (??!!) сонирхолтойгоо илэрхийлсэн байна.

Эх сурвалж: Майничи/Япон/, Вести/ОХУ/ 2011.05.09

ФУКУСИМАГИЙН БАЙДАЛ УЛАМ АЙМШИГТАЙ БОЛСООР БАЙНА...

Фукусима АЦСтанц дээрх нөхцөл байдал хамгийн муу хувилбар буюу хайлсан цөмийн түлш нь реакторын хамгаалалтын дотоод металл ханыг нэвтлэн хайлуулж гадна талын хануудад тулж ирээд байна гэж Японы албаны хүмүүс мэдээлсэн байна. Японы хэвлэл мэдээллүүдэд мэдээлэхдээ энэ бол цөмийн түлш хайлснаас ч асар их муу нөхцөл байдал ба ер нь цөмийн объект дээрх ослуудын хамгийн муу хувилбар гэдгийг цохон тэмдэглэж байна. НҮБ-ийн шинжээчдэд тавих тайландаа ийм хэмжээний осол аюулд бэлэн биш байсан гэдгээ албаны хүмүүс хүлээн зөвшөөрсөн байна.

Эх үүсвэр: abc.net.au , Аустрали 2011.06.08

Жич: Шинэ чухал мэдээллүүдийг байнга хүргэж байхыг хичээх болно...

Та энэ сэрэмжлүүлгийн талаар гадаад дотоодод суугаа бусад монгол хүмүүст, найз нөхдөдөө мэдээлнэ үү...

Энэ талаарх Таны бодол...?

Энэ нийтлэлийг хуулан авч өөр сайт, сонинд тавих бол монгол хэл дээрх эх үүсвэрийг заавал заах, мөн тус сайт руу шууд холбоос хийх ёстойг сануулъя.

 

 

  

Сэтгэгдлүүд  

erka
0 # erka 2011-03-30 18:02
сайн байна уу цагаа олсон маш чухал мэдээлэл бна баярлалаа :oops:
Хариулах | Ишлэл татаж хариулах | Ишлэл
muugii
0 # muugii 2011-11-03 13:04
мэдээлэл сайтай байна гэдэг нь ямарч тохиолдолд хохиролыг арилгах багасгахад хамгын чухал үүрэгтэй байдаг гэж бодож байна. баяраллаа
Хариулах | Ишлэл татаж хариулах | Ишлэл
zochin
0 # zochin 2012-03-07 05:43
sain medeelel xurgej baigaad bayarlaj bna. texdee yagaad odii xurtel shinechleegui orxison yum bol?
Хариулах | Ишлэл татаж хариулах | Ишлэл
Зочин
0 # Зочин 2012-10-12 23:59
Цацрагын аюул японоос биш ердоо энэ хэдэн цахилгаан станцуудаас ирж байгаа шуу Учир нь бугд багануурын нуурсыг хэрэглэдэг уг нуурсны уурхай цацраг идэвхижил ондортэй тул цахилгаан станц болон ахуйд хэрэглэх боломжгуй гэсэн олон улсын дугнэлт аль ерээд онд гарсаныг тор засаг нугаад хав дарчихсан Учир нь бух станцуудыг багануурын нуурсны шатах дулаанд тохируулсан тогоотой хийчихсэн оорчлоно гэвэл Маш их зардалтай гээд
Хариулах | Ишлэл татаж хариулах | Ишлэл

Сэтгэгдэл бичих

Таны бичсэн сэтгэгдлийг сайтын админ зөвшөөрсөн үед нийтлэх болно. Зөвхөн кирилл үсгээр зөв бичгийн алдаагүй бичсэн, интернет соёлын хэм хэмжээнд нийцсэн сэтгэгдлийг хүлээн зөвшөөрөхийг анхаарна уу. Сэтгэгдэл бичихийн өмнө "Интернет соёлын хэм хэмжээ" нийтлэлийг уншихыг танд зөвлөж байна.


Security code
Шинэчлэх

    • Цахим шуудан:
      • This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
      • This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
    • Мэдээлэл харилцаа хариуцсан ажилтны утас: 88167001
    • Номын борлуулалт хариуцсан ажилтны утас: 88167001
    • Банкны данс:
      • Банкны нэр: Худалдаа хөгжлийн банк
      • Дансны дугаар: 456 094 040
      • Данс эзэмшигчийн нэр: Дэмчигийн БОЛОР
      • Валютын төрөл: Төгрөг