Роберт Скиделски, Warwick-ийн Их сургуулийн Улстөрийн эдийн засгийн ухааны хүндэт профессор, Британийн түүх ба экономиксын академийн гишүүн, Британийн Лордын танхимын гишүүн. Джон Мэйнард Кэйнсийн намтарын тухай гурван боть ном бичсэн. Британийн Хөдөлмөрийн намаас улс төрийн гараагаа эхэлсэн ба дараа нь Консерватив намд элссэн, НАТО-гийн эвсэл 1999 онд Косовод хууль бусаар түрэмгийлэн орох үед үүний эсрэг байр суурь баримталсан учир намаасаа хөөгдсөн.


Лондон - Одоо чин шударга байцгаая: өнөөдөр дэлхийн эдийн засагт чухам юу болоод байгааг хэн ч ойлгохгүй байна шүү дээ. 2008 оны сүйрлийн дараах сэргэлт хүлээж байснаас ч их удаан, явцгүй байна. Бид нар одоо бүрэн эдгэрэх зам дээр байна уу, аль эсвэл бүр "зуу жилийн хөшүүн байдал"-даа гацчихав уу? Даяарчлал урьдын хэвээр үргэжилсээр байна уу, аль эсвэл бүр улиран одож байна уу?

Бодлого тодорхойлогчид одоо юу хийхээ ч мэдэхгүй болчхоод байна. Тэд нар одоо сурсан зангаараа эдийн засгийн ердийн хөшүүргүүд /мөн ердийн бус ч/ дээрээ дараад л байгаа боловч ямар ч нэмэргүй байгаа билээ. Тэд нарын явуулсан " тоо хэмжээний сулруулалт" /эдийн засаг дахь мөнгөний хэмжээг нэмэгдүүлэх - Орч./ гэдэг арга хэмжээ нь инфляцийг "зорилтот түвшинд" нь хүрэх ёстой гэж байсан. Гэвч тэгээгүй. Төсвийн зардлын хумилт эдийн засаг дахь итгэлтэй байдлыг сэргээх ёстой гэцгээж байсан. Гэвч ийм үр дүнд хүргээгүй. Саяхан арван хоёрдугаар сарын эхээр Английн төв Банкны тэргүүн Марк Карни “Монетаризмын хий үзэгдэл” гэж нэрлэсэн нэг илтгэл тавьсан билээ. Өө, мэдээжийн хэрэг, түүний үзэж байгаагаар тэдний энэ монетарист үзэл суртал нь бид бүхнийг кэйнсч үзлийн хий үзэгдэл гэгчээс аврах ёстой байсан ажээ!

Одоо макроэдийн засгийн хувьд ашиглаж болох бүх арга хэрэгслүүдийг хэрэглэсэн, өөр ямар ч арга хэрэгсэл бодит байдал дээр үлдээгүй байгаа учраас одоо тэд бүгдээрээ “бүтцийн өөрчлөлт” гэж ам уралдуулан бурж байна. Гэвч та нарын энэ “бүтцийн өөрчлөлт” гэж нэрлээд байгаа чинь яг юуг хэлээд байна вэ гэхээр тэдэнд бас л нэгдсэн нэг ойлголт байхгүй байгаа. Үүн дээр нэрмээс болж хагас ухаантай, улстөрийн намын лидерүүд одоо энэ бүхэнд сэтгэл дундуур байгаа сонгогчдыг өдөөн хатгасаар байгаа. Ер нь өнөөгийн энэ эдийн засаг түүнийг удирдаж зохицуулж байх ёстой тэр хүмүүсийн гараас нэгэнт алдуурсан бололтой, одоо бас үүний араас манай улс төрийн бодлого ч алдуурч эхлээд байна.

2008 оны сүйрлээс өмнө бол эдийн засгийн энэ их мэдэгчид бүх зүйл тэдний хяналтад байгаа гэж итгэлтэй бурж байсан билээ. Тийм ээ, орон сууцны зах зээл дээр санхүүгийн асар том хоосон хөөс үүссэн, гэвч энэ бол ердөө л жижихэн саад, "зам дээрх том нүх" гэцгээж байсан. Энэхүү санхүүгийн хоосон хөөсийг АНУ-ын Холбооны Нөөцийн Системийн одоогийн тэргүүн Жанет Йеллен яг ингэж нэрлэж байсан билээ.

Яагаад тэгвэл тэд нар - эдийн засагчид ийм том аймшигт шуурга ирж явсныг олж хараагүй, анзаараагүй юм бол оо? Чухамдаа яг энэ асуултыг хатан хаан Елизавета 2008 онд хэсэг эдийн засагчдад тавьж байсан шүү дээ. Тэдний олонх нь зүгээр л гараа буулган далан таваар бууж өгсөн биш бил үү. Тэд нар үүнийгээ “олон ухаантай хүмүүс хамтран бодож төсөөлж чаддаггүйн" үр дагавар гэж тайлбарлаж байсан билээ.

Гэвч зарим эдийн засагчид огт өөр (яллах) дүгнэлт санал болгож байсан ба тэр нь өнөөгийн эдийн засагчдыг хэрхэн сургаж бэлтгэж байгаа тэр асуудлуудтай холбоотой гэж баталцгааж байсан юм. Одоо эдийн засагч болохоор суралцаж байгаа оюутнуудын ихэнх нь сэтгэл судлал, философи, түүх, улс төрийн ухааныг судлах ямар ч шаардлагагүй, албагүй болгосон байгаа! Тэдний аманд нь бодит амьдрал дээр байх ямар ч боломжгүй тийм хийсвэр нөхцлүүд дээр суурилсан эдийн засгийн бэлэн загваруудыг халбагадан өгч байдаг бөгөөд харин тэд нар нь эргээд өөрсдийн олж авсан энэ мэдлэг гэгчийг математикийн тэгшитгэлүүд бодож шалгаж байдаг (ингэж өөрөө өөртөө зөвтгөж хуурч байдаг гэсэн үг) билээ. Өнөөгийн оюутнуудыг бодит эдийн засгийн амьдралын дүр зургийг бүтнээр нь харах боломжийг олгодог оюун сэтгэлгэээний тийм арга хэрэгслүүдийг хэрэглэх, ашиглахад огт сургадаггүй шүү дээ.

Энд бид XIX зууны агуу эдийн засагч, философч Жон Стюарт Милл руу эргэн очих ёстой ба тэрээр "хэрвээ тухайн хүн зүгээр л нэг байдаг эдийн засагч байхыг хүсэж байгаа юм бол тэр хэзээ ч сайн эдийн засагч болж чадахгүй ээ” гэж үзэж байсан юм. Тийм ээ, мэдээжийн хэрэг, Миллийн үеэс хойш шинжлэх ухааны олон салбарууд улам төрөлжиж нарийссан ба үүнээс гадна бүх юм Бурхнаас эхлэлтэй тухай судалгааны ухаан /теологи/ сүйрснээс хойш хүний нийгмийг илүү сайн ойлгох, танин мэдэхийг зорилгоо болгосон нэг ч шинжлэх ухааны салбар үлдээгүй билээ! Гэсэн хэдий ч өнөөгийн энэ эдийн засаг /экономикс/ шиг өөрийгөө ер нь бүх шинжлэх ухаанаас тэр дундаа бусад нийгмийн ухаанаас тэгж их хүчтэй таслан тусгаарласан нэг ч судалгааны ухаан байхгүй ээ.

Энэхүү байдал нь эдийн засгийн судалгааны объект, арга зүй нь өөрөө ийм учраас биш юм аа. Харин ч яг эсрэгээрээ, ямар нэг ажил төрөл хийж мөнгө олох нь өнөөг болтол хүмүүс бидний амьдралын болон санаа бодлын маань ихэнх хэсгийг урьдын адил эзэлсээр байгаа. Эдийн засаг (зах зээлүүд хэрхэн ажиллаж байдаг вэ, яагаад зах зээлүүд заримдаа нурж эхэлдэг вэ, өөрийн нэг санаачилга - төслийн зардлуудыг хэрхэн зөв үнэлэх вэ г.м) ихэнх хүмүүст сонирхолтой, уг нь хамаатай байх учиртай юм. Харин үнэн хэрэг дээрээ энэхүү зах зээлийн эдийн засаг /экономикс/ гэгч нь хэн ч ойлгох аргагүй (учир нь зориудын хулхи онол юм!), харин гадна талаасаа бол бодит үнэн мэт бөөн тоо тэгшитгэлтэй загварууд байдаг ба тэдгээрийг их мэдэгч гэгддэг хэсэг хүмүүээс бусад бүх хүмүүсийг зүгээр л айлган үргээж өөрөөсөө түлхэж байдаг эд билээ.

Тэгээд энэхүү хачин байдал нь бодит эдийн засгийн асуудлуудыг эргэцүүлэн бодож тунгаах, мэтгэлцэх явцад гарч болох аливаа алдаатай үзэл бодлуудыг шалгах боломжийг олгодог логик үндэслэлүүд энэ эдийн засгийн ухаанд өөрт нь чухал байдагт бас биш юм аа. Хамгийн гол асуудал нь өнөөгийн энэ эдийн засаг гэгч нь бүх зүйл яаж ажилладаг (эсвэл ажиллах ёстой) гэдэг бүх нийтийн хүлээн зөвшөөрсөн тэр нийтлэг ойлголтоос асар хол тасархай байгаад л оршиж байгаа юм. Харин энэ эдийн засагчид болохоор бүдэг бадаг байгаа тэр юмыг л бид яг таг тодорхой болгож өгч байгаа гэж мэлздэг. Тэд бүр эдийн засгийн ухаан бол бусад шинжлэх ухааны салбаруудаас дээгүүр гэж үздэг ба учир нь мөнгө гэдэг зүйлийн бодитой тодорхой байдал нь эдийн засгийн ухаанд өөрт нь түүхийн хүчийг тодорхойлох боломжийг олгодог гэдэгт бүрэн итгэлтэй байдаг.

Экономиксч - эдийн засагчдын хувьд энэ эдийн засгийн ухааны билэг тэмдэг нь /хүний нийгэм биш, харин амьгүй/ машин байдагт гайхах огт хэрэггүй ээ. АНУ-ын нэрт эдийн засагч Ирвинг Фишер бүүр тухайн үедээ усан хөдөлгүүр, шахуургатай нэг машин хүртэл зохион бүтээж түүний ажиллагаан дээр үндэслэж зах зээл дээр эрэлт ба нийлүүлэлтийн өөрчлөлтөнд үнэ хэрхэн яаж зохицож байгааг тайлбарлан сурталчилж байсан билээ.

Хэрвээ та эдийн засгийг яг машин мэт ажилладаг гэдэгт итгэдэг бол та эдийн засгийн асуудлуудыг мөн чанарын хувьд яг математикийн асуудлууд шиг авч үзэж эхэлнэ гэсэн үг шүү дээ. Тэгвэл ийм эдийн засгийн хамгийн үр ашигтай байдал нь - бүх зүйл тэнцвэржсэн - нэг шийдэлтэй систем тэгшигтгэлүүдийн шийдэл байх болно гэсэн үг. Хэрэв энэхүү тэнцвэрт байдлаас нь хазайвал үүний үр дагавар нь зүгээр л нэг "зам дээрх нүх" - өчүүхэн саад гэсэн үг болох нь ээ!? Хэрэвзээ ийм хазайлтуудыг гаргахгүй гэж үзвэл ийм шийдлүүдийг - эдийн засгийн үр дүнгүүдийг урьдаас тодорхойлж болох ба энэ нь бас оновчтой шийдлүүд болно гэсэн үг байх нээ. Яг ийм байдлаар сэтгэж сургасан эдийн засагчид санхүүгийн элдэв [хулхи] загваруудад итгэж үнэмших маш дуртай байдаг ба харин яг энэ нөхцөлд банкууд ямар ч эрсдэл хүлээдэггүй болохыг одоо л та бүхэн ойлгож эхэлж байгаа биз ээ.

Сайн эдийн засагчид үүнийг үзэхдээ тэдний иймэрхүү математикт суурилсан арга хэрэгсэл нь өөртөө дотроо ноцтой хязгаарлалтуудыг агуулж байгаа гэдгийг хэзээд сайтар ойлгож ухаарч байсан юм. Тэд экономиксийг - өөрсдийн энэ судалгааны ухааныг - эдийн засгийн асуудлуудыг бодож эргэцүүлэх, үнэлэлт дүгнэлт өгөх үед гарч болзошгүй ноцтой алдаануудаас нь хамгаалж өгдөг нэг төрлийн оюуны ариун цэврийн хэрэгсэл л болгож ашиглаж байсан билээ. Нэрт эдийн засагч Джон Мейнард Кейнс шавь нартаа энэ талаар “бүх зүйлийг яг таг хийх"-ийг оролдох хэрэггүй ээ гэж сануулж сургаж байсан билээ. Түүний бичсэн “Ажил эрхлэлт, хүү ба мөнгөний ерөнхий онол” хэмээх алдарт бүтээл дотор ямар ч яг таг математик томьёо, загвар байдаггүй шүү дээ. Тэрээр эдийн засгийг хүчээр хялбарчлан математик загварт оруулан бичихийг бусдад үлдээхээр шийдсэн ба учир нь уншигчид нь (өргөн олон нийт биш ээ, харин ядаж мэргэжил нэгт эдийн засагчид нь) түүний энэ номондоо яриад байгаа тэр зүйлүүдийн цаад мөн чанарыг нь ойлгож ухаараасай гэж хүсэж байсан учраас тэр юм аа.

Өнгөрсөн зууны хамгийн алдарт, Австрийн /Ротшильдын гэсэн үг - Орч./ эдийн засагчид Йозеф Шумпетер, Фридрих Хайек хоёр хоёулаа эдийн засгийг машин мэт авч үзэхийг шүүмжилж байсан билээ. Шумпетер үзэхдээ капиталист эдийн засаг бол урьд өмнөх хуучин харьцаануудыг зогсоо зайгүй эвдэн бусниулж цөлмөн гударч байж л сая өсөж чаддаг хэмээн баталж байсан юм. Харин Хайекийн хувьд зах зээлийн эдийн засгийн ид шид нь зах зээлийн тогтолцоо нь өөрөө тэнцвэржсэн нөхцөл байдлыг бий болгодогт биш, харин олон хүмүүсийн мэдлэгүүд янз бүр, тархай бутархай байгаа энэ нөхцөлд тоо томшгүй олон хүний өөр хоорондоо харилцан эвлэх боломжгүй төлөвлөгөө - хүсэл мөрөөдлүүдийг хооронд зохицуулж өгдөгт оршдог гэж үзэж байсан юм.

Сайн эдийн засагчдыг (мөн бусад олон сайн хүмүүсийг) тэдний мэдлэг боловсролынх нь хамрах өргөн хүрээ ба тухайн асуудлыг харж байгаа тэр өнцөг [хүмүүжил, ёс суртахуун] нь нэгтгэж байдаг. Энэ өргөн хүрээ нь тэдэнд эдийн засгийг ойлгох ухаарах олон янзын аргуудыг бас өгч байдаг билээ. Өмнөх үеийн агуу эдийн засагчид эдийн засгаас гадна олон зүйлийг олж мэдэж ойлгож ухаарсан байсан юм аа!

Кейнс математикчийн дипломтой байсан хэдий ч дараа нь эртний философийг судалж эхэлсэн бөгөөд яг эдийн засгийн ухааныг бол ердөө ганцхан жил орчим судлаад л дараа нь шууд багшилж эхэлсэн байдаг. Шумпетерийн хувьд тэрээр хууль зүйн ухааны PhD байсан бол, харин Хайек хууль эрх зүй, улс төр, философ, сэтгэл судлал бас хүний тархины анатомийг судалж байсан юм.

Харин өнөөгийн мэргэжлийн экономиксч эдийн засагчид, яг эсрэгээрээ, зах зээлийн эдийн засгаасаа өөр юу ч үзэж судлахаа - мэдэхээ больсон юм. Тэр бүү хэл тэд нар өөрсдийнхээ энэ мэргэжлийн сонгодог эх бүтээлүүдийг ч уншихаа больсон байгаа биш гэж үү. Эдийн засгийн түүхийн тухайд бол тэд, хэрэв ядаж үзэж хардаг бол шүү дээ, зөвхөн тухайн түүхэн үеийн эдийн засгийн өгөгдлүүдтэй хүснэгтийг л гүйлгэн харах замаар эдийн засгийн түүхийг судалж байна шүү дээ. Тэдний энэ математикт суурилсан эдийн засгийн судалгааны арга хэрэгсэл нь ноцтой хязгаарлагдмал эд гэдгийг тэдэнд ойлгуулж тайлбарлаж чадах байсан философийн ухаан бол тэдний хувьд бүр хэзээ ч сөхөж харахгүй эрдэм билээ.

Олон янзын хийсвэр шаардлага ихтэй, бас яг таг, тэгээд харьцангуй хялбархан учир дурламаар математикийн энэ ухаан нь тэдний өнөөгийн оюуны хараа царааг нь бүрэн эзэрхийлж хаачхаад байна.

Иймээс өнөөгийн энэ экономиксч эдийн засагчид бол манай үеийн эрдэмтэй тэнэгүүд (idiots savants) юм.

Эх сурвалж: https://www.project-syndicate.org/commentary/mathematical-economics-training-too-narrow-by-robert-skidelsky-2016-12

... зав гармагц энэ нийтлэлд өөрийн тайлбар комментуудыг бичнэ ээ...