Төгрөг үндэсний валют мөн үү

1992 онд Монгол улс ОУВС-д элссэнээс хойш монгол төгрөг Монгол улсын үндэсний валют биш болсон юм. Мэдээж ийм дүгнэлт “галзуу, солиотой” мэт сонсогдох нь ойлгомжтой. Тиймээс энэ нийтлэлээр чухам бид (МҮЧХ) яагаад ийм дүгнэлтэд хүрэх болсноо дэлгэрэнгүй тайлбарлах болно. Зөвхөн бодит баримтуудад тулгуурлан бичих бөгөөд эцсийн дүгнэлтийг уншигч та өөрөө хийх биз ээ!

Үндэсний мөнгөн тэмдэгт (валют) гэж юу вэ гэдгээс эхэлье. Нэгт, энэ бол тухайн улсын нутаг дэвсгэр дээрх хууль ёсны төлбөрийн хэрэгсэл. Хоёрт, уг валютыг тухайн улсын төр өөрийн улсын (бүр тодруулбал, эдийн засгийн) хэрэгцээ шаардлагаас хамааран гүйлгээнд оруулах эсвэл гүйлгээнээс буцаан татах бүрэн эрхтэй байх. Энэ 2 шалгуурын аль нэг нь, эсвэл хоёулаа хангагдаагүй тохиолдолд нэгт, уг валютыг үндэсний валют гэж нэрлэх боломжгүй болох бөгөөд, хоёрт, энэ тохиолдолд тухайн улсын тусгаар тогтнолд ноцтой аюул учирдаг. Бүхий л колоничлолын түүх үүнийг батлан харуулсаар байна.

Колонийн захиргаа нь хамгийн түрүүнд колони улсынхаа нутаг дэвсгэр дээр үндэсний валют гүйлгээнд оруулахыг бүрэн хориглодог. Америкийн хувьсгалыг л эргэн санахад хангалттай. 1776 оныг хүртэл өнөөдрийн АНУлсууд тухайн үеийн Британийн эзэнт гүрний колони байсан билээ.18-р зууны эхнээс 1750 оныг хүртэл Пенсильвани муж улсын захиргаа өөрийн улсын мөнгөн тэмдэгтийг гүйлгээнд идэвхтэй нэвтрүүлэн ашиглаж байжээ. Улсын зээлийн хороо (бюро) байгуулж хувийн банкнаас 8%-ийн зээл авсан иргэд болон байгууллагуудад 5%-ийн зээл нэмж өгч анхны зээлээ дахин санхүүжүүлэх (хуучин зээл болон түүний хүүг шинэ зээлээр төлөх) боломжоор хангаж байжээ. Энэ жишгээр Делавер, Нью-Йорк, Нью-Жерси муж улсууд ч өөрсдийн мөнгөн тэмдэгтийг хэвлэн гүйлгээнд оруулсаар байсан байна. Үүний ачаар колониуд (эдгээр мужууд) маш хурдтай цэцэглэн хөгжиж эхэлсэн байна.

Мэдээж ямар ч колони эзэмшигчийн хувьд түүний гол зорилго нь колониудаа хөгжүүлж цэцэглүүлэх яав ч биш нь тодорхой. Колоничлолын ганцхан зорилго бол колони улсуудыг эцэс төгсгөлгүй бүх аргаар мөлжих билээ. Хэрэв колони улсууд өөрсдийн мөнгөн тэмдэгтийг гүйлгээнд оруулж, үүнийгээ зөв оновчтой бодлогоор удирдаад эхэлбэл колони улсуудын эдийн засаг хөгжиж эхэлдэг төдийгүй, улмаар энэ хэрээрээ хяналтаас гарч эхэлдэг (сул дорой улсыг л гаднаас нь удирдах хамгийн хялбар байх нь мэдээж!) гэдгийг ойлгосон Английн хаан Георг II 1751 онд Америкийн "Шинэ Англи" нэртэй (өнөөдрийн АНУлсуудын зүүн-хойд хэсгийн муж улсууд) колониудад өөрсдийн мөнгөн тэмдэгтээ хэвлэн гүйлгээнд оруулахыг нь хориглож, улмаар өөрийн муж улсын хэрэгцээ шаардлагыг хангахдаа зөвхөн Английн банкируудаас зээл авч байхыг тулгасан байна. Энэ тушаалыг 1752 онд хааны сэнтийд заларсан Георг III мөн давтан баталсан байна.

Колони улсууд, ер нь аливаа нэг улс өөрийн мөнгөн тэмдэгтийг хэвлэн гүйлгээнд оруулах эрхээ ухаалгаар, бусад улс орнуудаас хамааралгүйгээр ашиглаж, эдлэх нь ямар гайхалтай үр дүнд хүргэдгийг АНУлсуудын “эцгүүд”-ийн нэг Бенжамин Франклины дурсамжаас харж болно. Тэрээр колониуд өөрсдийн мөнгөн тэмдэгттэй байхын ач холбогдлыг тэр үед ойлгосон бөгөөд энэ эрхийнхээ төлөө тууштай тэмцэж байсан юм. 1764 онд Франклин колонийн захиргаанаас өмнө гаргасан шийдвэрээ дахин харж үзэхийг хүсэхээр Лондонд очсон байна. Түүнийг Лондоны гудамжууд дахь үгээгүй ядуу байдал машид гайхшруулж байжээ. Учир нь ийм нөхцөл байдал колони муж улсуудад (Америкийн дээр дурдсан муж улсуудад) аль хэдийн байхгүй болсон байсан аж.

Харамсалтай нь Франклины айлчлал ямар нэг эерэг үр дүнд хүргэсэнгүй. 1764 онд Их Британийн Засгийн газар колони улсуудад өөрсдийн мөнгөн тэмдэгтийг хэвлэхийг хориглосон хууль гаргаж, түүгээр ч зогсохгүй колонийн захиргаанд төлдөг алба татвараа зөвхөн алт, эсвэл мөнгөөр төлж байхыг хуульчилсан байна. Хэрэв хангалттай хэмжээний алт, мөнгө байхгүй бол Английн банкнуудаас зээл авч алба татвараа төлөхөөс өөр аргагүйд хүрэв. Энэ шийдвэр үр дагавраа удаан хүлээлгэсэнгүй. Ганцхан жилийн дараагаас Америк дахь "Шинэ Английн" гудамжнууд яг Лондон шиг ажилгүй болсон үгээгүй ядуучуудаар дүүрсэн байна. Английн түүхч Жон Твеллз (John Twells) “Британийн парламент Америкаас мөнгийг нь булааж, өөрсдийн мөнгөн тэмдэгтээ хэвлэхийг нь хориглон дотоодын муж улсын мөнгөн тэмдэгтийн эргэлтийг нь хууль бус хэмээн зарлаж, бүх алба татвараа зоосон мөнгөөр (монетоор) төлөхийг албадан тулгасан. Энэ шийдвэр колониудын үйлдвэрлэлийн хүчин чадлыг “саажуулсан” юм. Колониудад үгүйрэл хоосрол эхэлж, энэ хямрал бүх айл өрхийг хамарсан билээ. “Тэсрэлт” тэгээд гарцаагүй болсон билээ” гэж бичжээ.

“Тэсрэлт” үнэхээр болсон юм. Чухам энэ тэсрэлт хүн төрөлхтний түүхийг өөрчилсөн билээ. 1765 онд америк колониуд тусгаар тогтнолынхоо төлөө бослого гаргаж, уг бослого түүхнээ Америкийн хувьсгал (1765-1783) нэрээр үлдсэн бөгөөд түүний нэгэн чухал үр дүн бол 1776 оны тусгаар тогтнолын тунхаглал болов.

Чухам энэ тэмцлийн хамгийн гол оч нь Британийн захиргаанаас колониуддаа өөрийн мөнгөн тэмдэгтийг хэвлэхийг хориглосон шийдвэр байсныг толгойдоо маш сайн тогтоож аваад үндсэн сэдэв рүүгээ орцгооё.

Үндсэндээ өнөөдрийн монгол төгрөг бол Монголын үндэсний мөнгөн тэмдэгт огтоос биш юм. Энэ бол Чингис хаан, Сүхбаатар жанжны хөрөгтэй л болохоос зөвхөн дэлхийн нөөцийн валютуудын (америк доллар, британийн фунт, европын евро, японы иен, саяхнаас хятадын юань) "будганд оруулж" өнгийг нь өөрчилсөн "дууриамал" нь юм. (Яг үнэндээ америк долларын "дууриамлууд"!!!, учир нь америк доллар л манай гадаад валютын нөөц дотор үнэмлэхүй дийлэнх хувийг нь эзэлдэг!) Яагаад гэдгийг маш дэлгэрэнгүй тайлбарлая:

Фиат мөнгө. Өнөөдөр практикт бид зөвхөн фиат мөнгө ашиглаж байна. Доллар, евро, иен, юань, төгрөг – эдгээр нь бүгд фиат мөнгө. Фиат мөнгө гэж юу вэ? Энэ бол тухайн мөнгөн тэмдэгтийг үйлдвэрлэх зардал нь тэр тэмдэгтээр илэрхийлэгдэж буй нэрлэсэн дүнгээс үргэлж бага байхыг хэлдэг. Жишээ нь, 100 долларын дэвсгэртийг хэвлэхэд 1 доллар хүрэхгүй хэмжээний зардал л гардаг. Үүнээс гадна өнөөдөр дэлхий дээр эргэлдэж буй бүх валютын (мөнгөний) 95-аас дээш хувь нь цаасан эсвэл зоосон мөнгө биш, харин дансны бичилт – компьютерийн санах ой дахь 2-тын тооллоор илэрхийлэгдэх кодууд гэдгийг санавал фиат мөнгө үйлдвэрлэх зардал бараг 0-тэй тэнцүү юм.

Фиат мөнгөнөөс өмнө хүн төрөлхтөн хэд хэдэн өөр хэлбэрийн мөнгөн тэмдэгтүүд ашиглаж иржээ. Хамгийн түгээмэл нь үнэт металлаар хийгддэг зоосон мөнгө (монет) байв. Энэ тохиолдолд зоосон мөнгөний өөрийн өртөг нэрлэсэн дүнтэйгээ тэнцүү эсвэл маш ойролцоо байдаг. Нийгмийн, тэр дундаа эдийн засгийн харилцаа хөгжиж, үндэсний мөнгөн тэмдэгтэд болон бусад улс орнуудын валютуудад итгэх итгэл нэмэгдсээр фиат мөнгө бусад өмнөх хэлбэрүүдийг үндсэндээ хэрэглээнээс шахан гаргаад байна. Фиат мөнгөний хамгийн том давуу тал бол түүнийг ямар нэг бодит хязгаарлалтгүйгээр хэвлэж-гүйлгээнд оруулж болдогт байдаг (энд хэвлэх гэдэгт зөвхөн цаасан мөнгийг биш дансны бичилтээр бий болдог бэлэн бус мөнгийг ч ойлгох хэрэгтэй). Нэгэнт мөнгөн тэмдэгт нэг бүрээ өөр үнэт баялгаар (жишээ нь, алтаар) баталгаажуулах шаардлага байхгүй учир фиат мөнгө ямар нэг хязгаарлалтгүй болж байгаа юм. Зоосон мөнгө, эсвэл алт болон бусад үнэт металлаар баталгаажсан мөнгөний хамгийн гол сул тал нь эдгээр металлуудыг олборлоход бодит хязгаарлалттай, улмаар эдийн засгийн хөгжлийн тодорхой нэг түвшнээс эхлэн ийм валют эдийн засгийг дэмжих биш хойш нь улдан чангааж эхэлдэг (металл олборлолтын өсөлт эдийн засгийн өсөлтийг гүйцэхгүй болж ирнэ гэсэн үг).

Түүхийн туршид тухайн улсын төв банк фиат мөнгийг шинээр гүйлгээнд оруулах үндсэн 4 арга хэлбэр практикт ашиглагдаж байсан. Тус бүрийг нь жишээгээр тайлбарлая:

1. Засгийн газрын үнэт цаасыг худалдан авах. Энэ загварыг өнөөдөр дэлхийн нөөцийн валютыг гүйлгээнд оруулахад (эмисс хийхэд) ашигладаг (Холбооны нөөцийн систем, Европын төв банк, Английн, Японы, Швейцарын төв банкууд, Хятадын Ардын банк). Жишээ болгож АНУлсуудын хувийн төв банк Холбооны Нөөцийн систем(ХНС)-ийг авч үзье. АНУлсуудын Конгресс жил болгон, мэдээж, төсвөө баталдаг. Гэхдээ энэ төсөв жил бүр нэлээд хэмжээний алдагдалтай байдаг (төсөвлөсөн зардал татварын орлогоос бага). Энэ алдагдлаа засгийн газрын өрийн бичиг – трежерс гаргах замаар нөхдөг. Өөрөөр хэлбэл зээл авах замаар гэсэн үг. Эдгээр өрийн бичгийн дийлэнх хувийг ХНС худалдан авдаг. Өөрөөр хэлбэл ХНС эцсийн зээлдүүлэгчийн хувиар (мөнгийг оргүй хоосноос бий болгох үнэмлэхүй эрх эдэлдэг тул төв банкуудыг эцсийн зээлдүүлэгчид хэмээн нэрлэдэг) шинээр доллар хэвлэж, эсвэл дийлэнх тохиолдолд дансны бичилтийн аргаар (өөрийн дансанд бичилт-шивэлт хийх замаар шинэ мөнгө бий болгох – таны дансны үлдэгдэл дээр чинь хэдхэн цифр нэмж бичээд л болно гэсэн үг) шинээр доллар бий болгоод түүгээрээ засгийн газрынхаа өрийн бичгийг худалдаж авдаг (Мэдээж ХНС-ээс гадна гадаад улсуудын төв банкууд, гадаадын хөрөнгө оруулагчид, дотоодын хөрөнгө оруулагчид эдгээр өрийн бичгүүдийг худалдаж авдаг ч энэ нь нэгэнт зах зээлд гаргасан байсан мөнгөн тэмдэгтүүдээр хийгддэг тул энэ тохиолдолд шинэ мөнгө бий болдоггүй).

Яг ийм загвараар дээр дурдсан төв банкууд дэлхийн нөөцийн валютуудаа (энэ нь ОУВС-ын шийдвэрээр "нөөцийн валют" гэсэн статус хүртсэн дээр дурдсан цөөн хэдэн улсуудын мөнгөн тэмдэгтүүд юм) зах зээлд шинээр гүйлгээнд ордог.

2. Арилжааны банкуудыг дахин санхүүжүүлэх (refinancing). Өмнөх тохиолдолд төв банк засгийн газарт зээл өгч байсан бол энэ тохиолдолд арилжааны банкуудад өгнө гэсэн үг. Энэ загварыг зөв ухаалгаар ашиглаж чадвал маш үр дүнтэй болох нь Дэлхийн II дайны дараах баруун европын улсуудын сэргээн босголтын түүхээс тодорхой харж болно. Дайны дараа Бреттон Вүүдсийн системийн хүрээнд доллар нэлэнхүй давамгайлахаас өмнө Герман, Францын төв банкууд энэ загварын тусламжтайгаар өөрийн эдийн засгийг санхүүжүүлж байсан байна. Тэр аймшигт дайны дараа Европын эдийн засаг маш хурдацтай сэргэж чадсаны гол нууцуудын нэг нь энэ схемд байсныг эдийн засагчид баталдаг.

Энэ загварын давуу тал чухам юунд оршиж байна вэ? Төв банк энэ тохиолдолд зүгээр нэг “баруун солгойгүй” мөнгө цацаад байдаггүй. Эхлээд хувийн компаниуд аль нэг арилжааны банкан дээр ирээд өөсдийн төслийг танилцуулна. Арилжааны банк төслийг хянаж үзээд санхүүжүүлэхээр шийдвэл төсөл санаачлагч зээлийн барьцаанд ямар нэг эд материал (газар, тоног төхөөрөмж, байр байшин биш!!) өөрийн хувьцааг зээлийн барьцаанд тавина. Арилжааны банк энэ хувьцааг төв банкны өөрийн дансанд байршуулснаар төв банкнаасаа харгалзах хэмжээний мөнгийг зээл хэлбэрээр жилийн 0-1% хүүтэй (10-аас дээш жилийн хугацаатай!!) авах бөгөөд энэ мөнгөө төсөл санаачлагчид жилийн 1-3% хүүтэйгээр 10-аас дээш жилийн хугацаатай(!!)  зээлдүүлнэ (аж үйлдвэржилтийг 20-30% хүүгээр явуулдаггүй юм аа!!, 5%-иас дээш гаргаж болдоггүй!!). Энэ тохиолдолд арилжааны банк төв банкны шинээр үүсгэсэн мөнгийг төсөл санаачлагчдад дамжуулах зуучлагчийн үүрэг гүйцэтгэх бөгөөд төв банкнаас авсан ба төсөл санаачлагчдад олгосон зээлийн хүүний зөрүүнээс ашиг олдог.

Хэдий улс орны эдийн засгийн хөгжлийг гайхалтай хурдан дэмждэг (учир нь эдийн засагт буюу үйлдвэрлэгчдэд хэрэгцээ шаардлагатай мөнгийг төв банк маш шуурхай зах зээлд оруулж чадаж байгаа бөгөөд хамгийн гол нь шинэ төсөл хэрэгжүүлэхэд тулгардаг хамгийн том саад болох зээлийн барьцааны асуудлыг маш уян хатан шийдсэнд байгаа юм!) боловч нөгөө талаар том эрсдэлийг дагуулж байдаг. Хэрэв зээл олгосон төсөл олноороо үр ашгаа өгөхгүй бол (буцаан төлөгдөхгүйд хүрвэл) энэ нь эдийн засагт сөргөөр нөлөөлдөг.

(Энд тусгайлан зарим нэг зүйлийг сануулах шаардлага гарч байна. Хэрэв тухайн үед Европын улсуудын төв банкууд эдийн засаг руугаа хэн хүний “хүссэн зоргоор” (төсөл бүрийг) шинэ мөнгөөр санхүүжүүлээд байсан юм бол нөгөө “хамгийн аймшигт” хөнөөлт дайсан инфляци нь хаачсан хэрэг вэ? Мэдээж инфляц байсан, гэхдээ сүүлийн 30 жил Монголбанкны удирдлагууд болон манай либерал эдийн засагчдийн номлосоор ирсэн зах зээлд орсон мөнгө бүр араасаа инфляц дагуулдаг, тиймээс инфляцыг хязгаарлахын тулд эдийн засаг руу мөнгө орох “крант” бүрийг бүх боломжоор хаах хэрэгтэй (20-иос дээш хувийн арилжааны хүүг санацгаая!!!) гэдэг шиг өндөр түвшинд байгаагүй байна. Яагаад? Яагаад гэвэл эдийн засаг руу шинээр орж буй мөнгө бүр хэрхэн ямар шугамаар орж байгаагаасаа хамаараад харилцан адилгүй хэмжээнд инфляц үүсгэдэг байна. Хэрэв шинэ мөнгө шууд хэрэглэгчид рүү хэрэглээний зээл болж очвол мэдээж энэ мөнгө өндөр инфляц үүсгэнэ. Харин шинэ мөнгө бодит бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэж буй үйлдвэрүүд, бизнесүүд рүү очвол, мөн энэ мөнгө зөвхөн үйлдвэрлэл эрхлэх анхны зорилгоороо зарцуулагдаж байвал нэг бол огт инфляц үүсгэдэггүй, үгүй бол маш багахан хэмжээний инфляц үүсгэдэг байна. Инфляц гэдэг бол эдийн засагт байгаа мөнгөний хэмжээ, ө.х түүгээр илэрхийлэгдэж буй бодит эрэлт, бэлэн байгаа бараа бүтээгдэхүүнээс, ө.х бодит нийлүүлэлтээс их болсон үед ажиглагддаг үйл явц. Үүнийг ойлговол эхний тохиолдолд инфляц үүсэх нь зүйн хэрэг. Харин хоёрдох тохиолдолд шинэ мөнгө өөрөө шинэ бараа бүтээгдэхүүн үүсгэж буй учир эрэлт нийлүүлэлт хоёрыг тэнцвэржүүлснээр инфляцын сөрөг нөлөөг маш бага түвшин хүртэл бууруулж чаддаг. Дараа дараагийн нийтэлүүдээрээ инфляц гэж юу болох, ямар хэлбэрүүд байдаг, ямар хор уршиг авчирдаг, яаж тэмцдэг ба тэмцэх ёстой, манай болон бусад улсуудын практикт ямар механизмууд ажилладаг тухай дэлгэрэнгүй тайлбарлах учир үндсэн сэдэв рүүгээ эргээд орцгооё.

Европын улсууд энэ асуудлыг маш хатуу хяналтын аргаар шийдвэрлэсэн. Нэгт, төв банк болон улсын зүгээс арилжааны банкуудад маш хатуу хяналт тавьж байсан. Ингэснээр банкууд дур зоргоороо ямар нэг ирээдүйгүй, эсвэл ашиггүй, хуурамч төслүүдийг санхүүжүүлэх нэрээр мөнгө завших эрсдэлийг бууруулсан. Хоёрт, зээл авч буй төсөл бүрт мөн төдий хэмжээний хатуу шаардлага, хяналт тавьж байсан байна. (Манай либералуудын “элийрч сэрүүн зүүдэлцгээдэг” шиг Баруун Европын улс орнууд хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн аймшигт дайны дараа “халдашгүй дархан, ариун гэгээн” зах зээлийн “үл үзэгдэгч гар”-ын зарчмаар эдийн засгаа сэргээн босгоогүй гэдгийг энд маш сайтар анхаар!! Мөн Монголбанк гучин жилийн хөнөөлт бодлогоороо манай эдийн засгийг боомилон “үхүүлэхээр” байгааг бас ухаар!! Монголбанкны ганц хэлдэг “маань тарни” нь “шинэ мөнгө бүхэн инфляц дагуулдаг” хэмээх үлгэр билээ. Тиймээс тэд зориуд манай эдийн засгийг мөнгөний дутагдалтай байлгасаар байна. Ийм нөхцөлд эдийн засаг хөгжих 1 хувийн ч боломж байдаггүй юм аа!! Ромын эзэнт гүрнээс эхлээд дэлхийн бүх түүх, ялангуяа капитализмын түүх үүнийг маш тодорхой баталдаг (дээр дурдсан Америкийн жишээг бас сана). Энэ байдлаас гарахын тулд “өөрийн толгойтой” улс орнууд хэрэгтэй хэмжээгээр нь эдийн засгаа мөнгөөр “цутгадаг”, гэхдээ үүнийгээ ухаалгаар хийдэг, зөв хийдэг. Харин манай төв банкны удирдлагууд энэ бүхнийг ойлгох тархины потенциал хүрэхгүй учир хамгийн муйхар, бүдүүлэг аргаар инфляцтай “тэмцсээр” байна (энэ “тэмцэл” ямархан үр дүнтэй болохыг та надаар хэлүүлэлтгүй сайн мэдэж байгаа биз ээ!)).

3. Төлөвлөгөөнд суурилсан эмисс. Энэ загварыг ЗХУ-д ашиглаж байсан бөгөөд 5 жилийн төлөвлөгөөнд үндэслэн рублийг эдийн засагт оруулдаг онцлогтой. Энэ загвар маш үр дүнтэй болох нь зөвхөн ЗХУ-ын төдийгүй өнөөдрийн БНХАУ-ын бодит туршлагаар батлагдаж байна. Зөвлөлтийн загварын тухай товчхон тайлбарлая. 1929-1941 оныг Зөвлөлтийн “Аж үйлдвэржилтийн эрин үе” гэж түүхэнд тэмдэглэдэг. Энэ хугацаанд ЗХУ-д 9000 орчим үйлдвэр ашиглалтанд орж, 360 гаран цоо шинэ хотыг бүтээн босгосон юм. Тухайн үед мөнгөний хоёр тусдаа урсгал бүхий санхүүгийн загварыг маш үр дүнтэй ашигласан байдаг. Хоёр тусдаа урсгал гэдэг нь бэлэн ба бэлэн бус мөнгөний эргэлтийг маш хатуу тусгаарласан гэсэн үг юм. Бэлэн мөнгийг иргэд өдөр тутмын амьдралдаа, харин бэлэн бус мөнгийг үйлдвэр заводууд хөрөнгө оруулалт, зээл, хадгаламж хэлбэрээр ашиглана. Ямар ч эрх мэдэлтэй, бас том үйлдвэрийн эрхлэгч байсан зөвхөн цөөн хэдэн тохиолдолд л өөрийн үйлдвэрийн дансан дахь бэлэн бус мөнгийг бэлэн мөнгө болгох боломжтой байв. Энэ нь ихэвчлэн ажилчдын цалин олгох, зарим төрлийн бэлэн мөнгөний шагнал урамшуулал зэрэгт л хамаарч байв. Энэ загварын давуу тал нь, нэгт, улсын үйлдвэрийн санхүүг зүй бусаар ашиглах эрсдэлийг маш хүчтэй бууруулсан байсан ба, хоёрт, 2 урсгалыг бараг бүрэн тусгаарласан нь инфляц үүсэх нэг том сувгийг бүрэн хаасан юм.

Дашрамд дурдахад, өнөөдөр дээр дурдсан 3 загварыг холимог байдлаар маш үр дүнтэй ашиглаж байгаа жишээ бол манай урд хөрш юм.

4. Валютын удирдлага (Currency board). Энэ бол өнөөдөр "хөгжиж буй" хэмээх ангилалд багтдаг улс орнуудын практикт хэрэглэгддэг, дэлхий дээр хамгийн түгээмэл загвар юм. Энэ загварын суурь нь ОУВС-ын дүрмэн дэх гишүүн улсууд өөрийн үндэсний валютыг бусад нөөцийн валютуудаар эсвэл алтаар баталгаажуулах ёстой гэсэн хатуу шаардлага юм. Энэ шаардлагаас үүдэн энэ загварыг хүлээн зөвшөөрч баримталдаг улсын мөнгөн тэмдэгт зөвхөн тухайн нөөцийн валютын өнгийг нь өөрчилсөн “дууриамал” л болж хувирдаг байна. Улмаар тухайн улсын эдийн засагт шинэ мөнгө орох эсэх нь тухайн үеийн эдийн засгийн хэрэгцээ шаардлагаар бус гадаад зах зээлийн нөхцөл байдлаас (манай тохиолдолд уул уурхайн ашигт малтмалын үнэ, гадны зээлдүүлэгчид, тэдний зээл, хөрөнгө оруулалт гэх мэт) шууд хамаарна гэсэн үг. Ийнхүү гаднаас шууд хамааралтай үед тухайн улс бие даасан эдийн засгийн бодлого явуулах ямар ч боломжгүй бөгөөд эдийн засгийн өсөлт хөгжлийн тухай ярих ч хэрэггүй юм.

КОЛОНИЙН ЭЗЭД ХАМГИЙН ТҮРҮҮНД КОЛОНИ УЛСЫНХАА МӨНГӨ САНХҮҮГ НЬ ГАРТАА АВЧ, ҮНДЭСНИЙ МӨНГӨН ТЭМДЭГТЭЭ ГҮЙЛГЭЭНД ОРУУЛАХ ЭРХИЙГ НЬ ҮГҮЙ ХИЙДЭГ ГЭДГИЙГ ДАХИН САНАЦГААЯ!!! ӨНӨӨДӨР ЭНЭ БОДЛОГЫН ЗӨВХӨН ХЭЛБЭР НЬ Л ӨӨР БОЛСНООС ШИНЭ АНГЛИЙН КОЛОНИУДАД МУЖ УЛСЫНХАА МӨНГӨН ДЭВСГЭРТИЙГ ХЭВЛЭХИЙГ ХОРИГЛОЖ БАЙСАН ТЭР ҮЕЭС МӨН ЧАНАРЫН ХУВЬД ОГТХОН Ч ӨӨРЧЛӨГДӨӨГҮЙ ЭЭ!!!

Ингээд дээрх 4 загварын сул ба давуу талуудыг хүснэгт хэлбэрээр харьцуулан харъя:

Загвар

Давуу талууд

Сул талууд

1

Арилжааны банкуудыг дахин санхүүжүүлэх

Эдийн засгийн өсөлтийг дэмжих асар үр дүнтэй хэрэгсэл болдог.

Эдийн засаг дахь мөнгөний хэмжээ улс орны эдийн засгийн хэрэгцээ шаардлагаар (чухамдаа зах зээлийн эрэлт нийлүүлэлтийн зарчмаар) тодорхойлогддог.

Зээлийн механизмаар эдийн засагт орж байгаа мөнгө бүр яг зориулалтынхаа дагуу ашиглагдаж байгаа эсэхийг төв банк ба төрийн зүгээс байнга хатуу хянаж байх шаардлага тулгардаг.

Хэрэв эдгээр зээлүүд үр ашиггүй зарцуулагдсан (томоохон төслүүд үр ашгаа өгөөгүй, зээлийг зориулалтын бусаар ашигласан) тохиолдолд эдийн засагт хүчтэй инфляц бий болох эрсдэл үүсдэг (Учир нь шинээр гүйлгээнд орсон мөнгө буцааж төлөгдөөгүй хэрнээ өөртэйгөө тэнцэх хэмжээний материал баялаг бий болгоогүй юм).

2

Засгийн газрын өрийн бичиг худалдан авах

Засгийн газрын зүгээс эдийн засагт нөлөөлөх, түүнийг зохих түвшинд удирдах, гол нь дэмжих үр дүнтэй хэрэгсэл болдог.

Засгийн газарт ашгийн норм багатай том төслүүдийг (дэд бүтэц – зам, гүүр, суурь шинжлэх ухаан, цахилгаан, дулааны сүлжээ г.м) санхүүжүүлж байх боломж олгодог.

Төсвийн алдагдлын, цаашлаад засгийн газрын өрийн шууд эх үүсвэр болдог (гэхдээ засгийн газар төв банкиндаа өртэй байх нь үндсэн мөн чанараараа том асуудал биш юм. Учир нь энэ нь өөрөө өөртөө өр тавьж байна  аа гэсэн үг, хэрэв төв банк нь улсын байгууллага бол шүү дээ!).

Улс төрийн өндөр эрсдэл – эрх барьж буй хүчин өөрийн рейтингийг барьж байхын тулд төсвийн алдагдлаа өрөөр хаадаг энэхүү механизмыг зүй бусаар ашиглах эрсдэл оршиж байдаг. Энэ тохиолдолд эдийн засагт шинээр орсон мөнгө инфляц үүсгэх, хөрөнгийн зах зээл дээр хөөс үүсгэх зэрэг хортой үр дагавруудтай байдаг.

3

Төлөвлөөнд суурилсан эмисс

Эдийн засгийн өсөлт, хөгжлийн хүчирхэг хэрэгсэл болдог.

Мөнгөний эрэлт ба нийлүүлэлтийг тогтмол зохистой түвшинд барих боломж олгодог.

Ингэснээр ил хэлбэрийн инфляц үүсгэдгүйгээрээ бусад загваруудаас давуу талтай.

Хэдий ил инфляц үүсгэдэггүй ч далд хэлбэрийн инфляц байсаар байдаг (ил ба далд инфляцын тухай, инфляц болон түүнийг тойрсон асуудлуудын тухай дараагийн нийтлэлүүддээ тодорхой тайлбарлах болно)

Зах зээлийн эдийн засгийн үед хэрэглэх бололцоо хумигдмал, зөвхөн улсын өмчийн аж ахуй нэгжүүдэд ашиглах боломжтой.

4

Алт болон нөөцийн валют худалдан авах (Currency board – валютын удирдлага)

Онолын хувьд үндэсний мөнгөн тэмдэгтийн ханшийг тогтвортой түвшинд барих боломж өгдөг.

Энэ загварыг ашигласан тохиолдолд тухайн улсын эдийн засаг гадаад зах зээлээс маш хүчтэй хамааралтай болдог (манай тохиолдолд ашигт малтмалын түүхий эдийн үнэ, гадаадын зээл, хөрөнгө оруулалт)

Мөнгөний бодлогын идэвхгүй хэлбэр бөгөөд төв банк өөрийн эдийн засгийг бодлогоор дэмжих боломжгүй болгодог.

Идэвхгүй хэлбэрийн мөнгөний бодлогын үр дүн болсон эдийн засаг дахь байнгын мөнгөний (үндэсний мөнгөн тэмдэгтийн) хомсдол нь яг мөнгөний илүүдэлтэй адилаар инфляцыг үүсгэсээр байдаг. Ийм инфляцыг зардлын инфляц гэж нэрлэдэг.

Фиат мөнгөний хамгийн гол чухал давуу тал болох сеньоражийг хүртэх боломжгүй болдог (энэ тухай доор дэлгэрэнгүй)

Энэ загвараар хийгддэг мөнгөний эмисс (нийлүүлэлт) нь тухайн улсын биш гаднын (нөөцийн валют хэвлэж буй улсын) эдийн засгийг санхүүжүүлэх шууд хэрэгсэл болдог.

Эхний 3 загварын хувьд сул ба давуу талууд ерөнхийдөө ойлгомжтой байгаа гэж найдаж байна. Тиймээс шууд 4 дэх буюу манай улсад хэрэглэгддэг загварын тухай дахин ярилцъя. Энэ загварт үнэндээ давуу тал байхгүй юм. Хүснэгтийн “Давуу талууд” хэсэгт байгаа ойлголт бол зөвхөн “онолын” хувьд л тийм байдаг гэдгийг маш сайн ойлгох хэрэгтэй. Практик дээр харин үндэсний мөнгөн тэмдэгт тогтвортой байх албагүйг манай төгрөгийн ханш бүхий л гол валютуудын эсрэг зогсолтгүй унасаар байгаагаар хангалттай харж болно. Учир нь тухайн улсын үндэсний валютын ханш тогтвортой байхад өөр үүнээс чухал нөхцөлүүд биелсэн байх ёстой байдаг нь дэлхийн улс орнуудын болон манай улсын мөнгөний бодлогын практикаас харагдаж байна. Энэ бол нэгт, валютын орж гарах урсгалыг хатуу хянах, зарим төрлийн капиталын урсгалыг хязгаарлаж байх (хятадын туршлага), валютын (ченжийн) арилжааг хязгаарлах гэх мэт (энд яригдаж буй асуудлууд тус бүрдээ томоохон хэмжээний нийтлэлийн сэдвүүд учир энэ 2 нөхцөлийн тухай дараа дараагийн нийтлэлүүддээ статистик болон баримтаар тусад нь тайлбарлахаас өөр аргагүй байна).

“Сул талууд” хэсгээс 2 зүйлийг онцолъё. Зардлын инфляцыг авч үзье. Мэдээж гаднаас ямар нэг нөөцийн валют орж ирсэн тохиолдолд л манай эдийн засаг руу шинэ төгрөг нийлүүлэгдэж байдаг (чухам яаж хийгддэг механизмыг нь доор тайлбарлах болно) учир манай эдийн засаг үргэлж мөнгөний хомсдолтой байсаар байна. Энэ нөхцөлд мөнгөний өөрийн үнэ – зээлийн хүү өсөж байдаг. 20-иос дээш хувийн арилжааны зээлийн хүү бол үүний шууд үр дүн. Хэдий Монголбанк "эдийн засаг дахь мөнгөний хэмжээ их байх тусам л инфляц өндөр байдаг" хэмээх монетарист маани тарниа тасралтгүй 30 жил бувтнасаар байгаа боловч үнэндээ энэ нь үргэлж тийм биш юм. Инфляц нэн тэргүүнд зах зээлд орж байгаа мөнгө хаашаа явж байгаагаас шууд хамаардаг. Үнэхээр шууд хэрэглэгчид рүү явж байвал, тэр хооронд энэ шинэ мөнгөтэй өртгөөрөө тэнцүү хэмжээний шинэ бараа бүтээгдэхүүн зах зээлд нийлүүлэгдэхгүй бол үнэхээр инфляц үүсдэг. Харин шинэ мөнгө үйлдвэрлэгчид рүү – шинэ бараа бүтээгдэхүүн нийлүүлэх салбар руу явж байвал тодорхой ухаалаг бодлогын хүрээнд (чухам ямар бодлого гэдгийг нь бас л дараа дараагийн удаа тайлбарлах болно) инфляцыг маш доор түвшинд (барууны орнууд болон хятадын туршлагыг сана!!) барьж болдог.

Мөнгөний нийлүүлтээс инфляц үүсэх эсэх нь бас нэгэн чухал хүчин зүйлээс хамаарч байдаг. Энэ бол эдийн засгийн мөнгөжилтийн түвшин юм. Мөнгөжилтийн түвшин (monitization) гэдэг нь тухайн улсын эдийн засагт эргэлдэж буй нийт үндэсний валютыг ДНБ-ий хэмжээнд нь харьцуулсан харьцаа юм. Энэ харьцааны оновчтой түвшнийг 90-110% гэж үздэг. Энэ харьцаа энэ оновчтой түвшнээс бага бол шинээр эдийн засагт орж байгаа мөнгө инфляц үүсгэдэггүй (мэдээж энэ мөнгө хашаа, яаж явж байгаагаас шууд давхар хамаарна, өнөөдрийнх шиг шинэ мөнгөний дийлэнх хэсэг нь зөвхөн валютын ченж, бүх төрлийн дамын наймаачид, монополь кампаниуд эсвэл олигархуудын халаас руу явж байгаа нөхцөлд инфляц үүсэх нь гарцаагүй – гол нь зөв зохистой БОДЛОГО!! бүхнийг шийддэг). Манай мөнгөжилтийн түвшинг зориудаар (ОУВС ба түүний “туслан гүйцэтгэгч” Монголбанк!!) үргэлж 40%-иас бага байлгасаар байгаа нь манай эдийн засаг үргэлж мөнгөний дутагдалтай байна аа гэсэн үг. Өмнө хэлсэн ёсоор ийм нөхцөлд инфляц үүсгэхгүйгээр эдийн засгийнхаа “ангасан цангааг тайлах” боломж байсаар байгаа.

Мөнгөжилтийн түвшин ийм бага түвшинд байх нь нэгт, эдийн засгийг шууд “саажуулдаг” бөгөөд эдийн засаг өсөж хөгжих бүх боломжийг хааж "хатингаршуулдаг" (хэрэв эдийн засгийг хүний биетэй зүйрлэвэл мөнгө бол хүний цус юм. Хүний цус бүх биеэр хэрэгтэй шим тэжээл болон хүчил төрөгчийг хуваарилж байдагтай адилаар мөнгө ч бас яг ийм үүргийг (мөнгө бол солилцооны хэрэгсэл гэдгийг сана!) эдийн засагт гүйцэтгэдэг юм. Хүний биед тогтмол 5 литр цус эргэлдэж байж л хүн эрүүл саруул, эрч хүчтэй амьдрах боломжтой. Цусны дутагдал, өтгөрөл, бөөгнөрөл хүнийг идэвхгүй, дархлаа сул, өвчлөмтгүй болгодогтой адил эдийн засаг дахь мөнгөний хэмжээ дээр дурдсан зохистой түвшнээс бага байх тусам л эдийн засаг “саажиж” идэвхгүй болж эхэлдэг. Биеэр нь 5 биш 2 литр цус эргэлдэж байгаа хүн 5 л цус эргэлдэж байгаа хүнтэй адил байх ямар ч боломжгүй гэдэг нь хэнд ч ойлгомжтой!!!.

Чухамдаа ийм хэт бага мөнгөжилт өөрөө шууд өндөр инфляцын эх үүсвэр болж байдаг. Хачин сонсогдож байгаа ч бидний өдөр тутмын амьдрал ч үүнийг батлан харуулсаар байна. Манайд Монголбанкны амладаг шиг мөнгө бага байх тусам инфляц бага байдагсан бол өнөөдөр манай инфляц үргэлж 0-тэй ойрхон түвшинд байх байлаа. Гэтэл 30 жилийн турш инфляц нэг ч удаа ийм түвшинд байсангүй. Учир нь мөнгөжилтийн түвшин бага байх тусам зардлын инфляц үүсэж эхэлдэг. Зардлын инфляц бол мөнгөний өөрийн өртөг, эсвэл хөрвөх чадвар суларсны улмаас үүсдэг инфляцын хэлбэр юм. Нэг талаас, арилжааны зээлийн хүү өндөр байгаа учир үйлдвэрлэгчид, бараа бүтээгдэхүүн импортлогчид, дамын наймаачид авсан зээлээ өндөр хүүтэй нь төлж барагдуулахын тулд барааны үнээ өсгөж байдаг (20%-ийн хүүтэй зээлээ төлөөд цаана нь ашигтай ажиллахын тулд байнга 30-аас дээш хувийн ашигтай ажиллах шаардлага тулгарна). Энэ бол зардлын инфляц. Нөгөө талаас, зах зээл дээр 1000 төгрөгний бараа байхад (ДНБ гэж төсөөлье) бидэнд 400 төгрөг л байгаа (манай эдийн засгийн мөнгөжилтийн түвшин). Мэдээж энэ бүх бараа бүтээгдэхүүнийг хоорондоо солилцох (зарж борлуулах) зайлшгүй шаардлагатай (үүний тулд л зах зээлийн эдийн засаг байдаг!!). 400 төгрөг л байгаа юм чинь гээд үлдсэн 600 төгрөгийн бараа бүтээгдэхүүнийг “хог дээр гаргаад хаяна” гэж байхгүй. Солилцож л таараа. Харин яаж? Энэ үед мөнгөний суррогатууд гэж зүйл гарч ирдэг, эдийн засагт. Энэ бол мөнгийг орлох солилцооны хэрэгслүүд юм. Эдгээрт бартер, корпорациудын өрийн бичиг гэх мэтийг нэрлэж болно. Үлдсэн 600 төгрөгийн бараа бүтээгдэхүүнийг нэг бол бараа бараагаар солилцож бартер хийх (манайд бартерийн солилцоо ямар өргөн тархсаныг сана!!!), эсвэл компаниуд өөрт хэрэгтэй бараа бүтээгдэхүүнүүдээ худалдаж авахдаа төгрөгөөр биш өөрийн өрийн бичгэрээ төлнө гэсэн үг (байгууллагууд хоорондоо өр тавилцана гэсэн үг). Мөнгөний суррогатуудын хөрвөх чадвар мөнгөнөөс хамаагүй сул байдаг – мөнгийг ямар ч хүн, аж ахуй нэгж ямар ч саадгүй төлбөрийн хэрэгсэл хэмээн тооцож хүлээж авдаг бол суррогатуудыг хэн бүхэн хүлээж аваад байдаггүй уян хатан бус буюу хөрвөх чадвар сул байдаг. Тийм учраас мөнгөний суррогатаар төлбөрөө төлж буй тэр хүн, эсвэл албан байгууллага буулт хийж худалдан авч буй бараа бүтээгдэхүүнийхээ зах зээлийн үнээс илүү үнээр худалдаж авахад хүрдэг (суррогат хүлээж авсных нь хариуд өгч буй “шовгор”). Энэ бол нөгөө зардлын инфляц юм.

Сеньоражийн тухай товчхон ярилцъя. Сеньораж бол мөнгө хэвлэж зах зээлд гүйлгээнд оруулахад үүсдэг ашиг юм (эмиссийн ашиг). Төв банк 10000 төгрөгийн дэвсгэрт гүйлгээнд оруулахад түүний сеньораж “10000 – дэвсгэртийг үйлдвэрлэх зардал” гэсэн ялгавраар тодорхойлогдоно. Харин цаасан төгрөг биш дансны бичилтийн аргаар мөнгө бий болгож байгаа тохиолдолд энэ ашиг шууд 10000 төгрөгтэй тэнцүү байх юм. Энэ бол энэ дэлхий дээрх хамгийн өндөр ашигтай “үйлдвэрлэл” юм (Та гэртээ мөнгө хэвлэдэг машинтай, түүгээрээ мөнгө хэвлээд л хүссэн зүйлээ худалдаж аваад байна гэж төсөөл). Мэдээж яг энэ тохиолдолд хувь хүн эсвэл хэсэг бүлэг хүмүүст мөнгө хэвлэх эрхийг олгох нь маш аюултай тул ийм эрхийг зөвхөн тухайн улсын төв банк эдэлдэг – хэн нэгэн мөнгө хэвлэж гүйлгээнд оруулах зайлшгүй шаардлагатай шүү дээ! (дашрамд дурдахад Монголбанк бол Монгол улсын их хурал, Засгийн газар буюу ард түмний төлөөл болсон бүтцүүдийн өмнө ямар ч бодит хариуцлага хүлээдэггүй улсын бус байгууллага юм – энэ тухай дараа дараагийн нийтлэлүүддээ дэлгэрэнгүй...). Сеньоражийн хамгийн гол онцлог бол түүний ашгийг мөнгийг хамгийн анх хэвлэж (эсвэл дансны бичилтээр буюу заавал хэвлэмэл цаасан мөнгө байх албагүй!!) гүйлгээнд оруулж байгаа тэр субъект л хүрдэг ба түүнээс хойших ямар ч гүйлгээнээс сеьоражийн ашгийг хүртэх боломжгүй юм. Энэ тохиолдолд монгол төгрөгийг гаднын валют худалдан авах замаар гүйлгээнд оруулж байгаа нь мөнгө шинээр үүсгэж байгаа хэлбэр огт биш бөгөөд зөвхөн тэр гаднын валютыг Чингис хаан, Сүхбаатар жанжны зурагтай “хуулбар, дууриамлаар” нь сольж байна аа гэсэн үг (нэгэнт зах зээл дээр байгаа зүйлийг өөр өнгөтэй "төстэй" зүйлээр сольж байгаа нь шинэ зүйл үүсээгүй гэсэн үг юм). Хэрэв үнэхээр энэ солилцооны үр дүнд шинэ мөнгө үүссэн юм бол эдийн засаг дахь мөнгөний хэмжээ өсөх ёстой. Гэтэл энэ тохиолдолд эдийн засаг дахь төгрөгийн хэмжээ өссөн ч зөрүүлээд гадаад валютын хэмжээ яг тэр чинээгээрээ буурч байгаа юм (гадаад валютыг Монголбанк худалдаж авснаар гүйлгээнээс татан авч буй хэрэг юм).

Өнөөдөр бүрэн боломж нь байсаар байхад Монгол улсын эдийн засаг сеньоражийн ашгийг хүртэж чадахгүй байна гэдэг бол 100%-ийн хожигдолтой “тоглоом” юм. Танд мөнгө хэвлэдэг машин байсаар байхад түүнийгээ зориудаар хэрэглэхгүй зэврээсээр суух хэрнээ өөрөө өлөн хоосон хоносоор байгаатай энэ байдлыг зүйрлэж болно. Энэ бол валютын удирдлага (currency board) хэмээх ОУВС-аас өөрийн гишүүн орнууддаа тулгадаг хорлонт бодлргын үр дүн юм. Энэ тохиолдолд дэлхийн нөөцийн валютуудыг хэвлэж гаргадаг (дахин сануулья, хэвлэх гэдгийн доор зөвхөн цаасан мөнгөнөөс гадна дансны бичилтээр бий болгож байгааг оруулж тооцоорой, дэлхий дээрх бүх валютын 95%-аас дээш хувь нь дансны бичилтээр бий болдог!!) тэр улсуудад л үнэмлэхүй давуу байдлыг олгодог!!! Учир нь тэд өөрсдөө нөөцийн валютыг бий болгодог юм чинь өөрийнхөө мөнгөн тэмдэгтүүдийг нөөцийн валютаар баталгаажуулах ямар ч шаардалагагүй гэсэн үг шүү дээ!!! Тэдний валютууд өөрөө өөрийгөө баталгаажуулдаг!! (Энэ хэсгийг дахин дахин уншаад сайтар бодож тунгаагаарай!!!)

Энд бас нэг зүйлийг сайтар анхаарна уу!  Хэрэв та дээр бичсэн бүхнийг ойлгосон бол Монгол улс яагаад заавал долларын зээл авч улам улам өрөнд орсоор байдгийн учрыг одоо ойлгож чадна гэсэн үг. Манай улс гадаад худалдааны ашгаараа хангалтай хэмжээний доллар олж чаддаггүй учир долларын зээл авч энэ долларынхаа үндсэн дээр дээр дурдсан механизмын дагуу төгрөгөө гүйлгээнд оруулахаас өөр аргагүй байдалд байдаг гэсэн үг!! ДОЛЛАР БАЙХГҮЙ БОЛ ТӨГРӨГ БАЙХГҮЙ ГЭСЭН ЗАРЧИМ ЮМ АА!!!

Миний бие ОХУ-д эдийн засгийн чиглэлээр сурдагийн хувьд ашигласан зүйлээ тэмдэглэхэд, энэ загварыг үнэхээр мөнгөний бодлогынхоо суурь болгон ашигладаг болохоо, цаашлаад энэ загвар улс орны эдийн засгийн хөгжилд ямар хор нөлөөтэй болохыг олон нийтийн дунд ч, улс төрчдийн хүрээнд ч, шинжлэх ухааны нийгэмлэгүүд, өндөр түвшний судлаач эрдэмтдийн хүрээнд ч ил тод хүлээн зөвшөөрцгөөдөг бөгөөд нэг хэсэг нь өөр дэвшилтэт загварт шилжих ёстойг сануулсаар байна. Гэтэл манайд байдал яг эсрэгээрээ. Бүгд нүдэн балай чихэн дүлий мэт дүлий дүмбэ оргин суусаар, тэр хооронд улс орны эдийн засаг улам бүр уруудан доройтсоор байна. Ялангуяа их сургуулийн эдийн засгийн профессорууд, судалгааны хүрээлэнгүүд, "гавьяат" хочтой эдийн засагчдын амнаас энэ тухай нэг ч үг олж сонсолгүй өдий хүрсэн учир энэ хүмүүс ер нь ийм зарчмаар монгол төгрөг бий болдог гэдгийг мэддэг юм болов уу гэдэгт эргэлзэхэд хүртэл хүргэж байна (би өөрөө МУИС-д 6 жил эдийн засгийн чиглэлээр сурсан болно!)

Дахин сануулж хэлэхэд энэ загвар эдийн засгийг хөгжүүлэх ямар ч боломж өгдөггүй болохыг сүүлийн 30 жилийн хөгжиж буй орнуудын жишээ нотлон харуулсаар байна. Гагцхүү өөр илүү уян хатан дээр дурдсан бусад загваруудыг ашигласан улсуудын эдийн засаг хөгждөг гэдгийг сайтар ойлгохоос бидний өнөөдрийн бүх асуудлаа шийдэх үндэс тавигдах юм. ЭДИЙН ЗАСАГТ ЭХЛЭЭД МӨНГӨ (ЗЭЭЛ, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ) БАЙХ ЁСТОЙ, ҮҮНИЙ ДАРАА Л ҮЙЛДВЭРЖИЛТ, ЭДИЙН ЗАСГИЙН ХӨГЖИЛ ЭХЭЛДЭГ БОЛОХООС ЭСРЭГЭЭРЭЭ БИШ!!! (манай улс өөрийн эдийн засгийг дээр дурдсан 3 загварын аль нэгээр, эсвэл оновчтой хослуулан бодлогоор дэмжихгүйгээр зөвхөн гадаадын хөрөнгө оруулалтаар хөгжих боломжгүйг, яагаад 30 жил нөгөө гаднын хөрөнгө оруулалт нь уул уурхай, банк ба үйлчилгээний салбаруудаас бусад улс орны амин чухал салбаруудад орж ирэхгүй байгааг, орж ирэх боломжгүйг дараа дараагийн нийтлэлүүдээрээ дэлгэрэнгүй тайлбарлах болно).

Одоо чухам ямар схемээр Монголбанк Монголын эдийн засагт мөнгө оруулдаг, тэр нь яаж валютын удирдлагын (currency board) зарчмыг хангаж байдаг тухай дэлгэрэнгүй тайлбарлая.

Монголбанкны сайт дээр мөнгөний бодлогын хэрэгслүүдийн жагсаалт байна (https://www.mongolbank.mn/documents/moneypolicy/2013/Instrument_table.pdf):

Мөнгөний бодлогын хэрэгслүүд

Мөнгөний бодлогын хэрэгслүүд гэдэг бол Монголбанк Монголын эдийн засагт төгрөг оруулах эсвэл татаж авах хэрэгслүүд гэсэн үг. Эдгээр хэрэгслүүдийн тусламжтайгаар Монголбанк Монголын эдийн засаг дахь мөнгөний хэмжээг тохируулж “бодлогоо хэрэгжүүлдэг” (тэд л өөрсдөө энэ завхарсан хорлонт ажиллагаагаа бодлого гэж нэрлэдэг, бүүр эмгэнэлтэй нь түүндээ итгэцгээдэг!!!).

Энэ хүснэгт өөрөө Монгол улс валютын удирдлагын загварыг тасралтгүй хэрэгжүүлдгийн шууд баталгаа юм. Учрыг нь тайлбарлая. “Гадаад валютын зах зээл дэх ажиллагаа” хэсэг бол тэр чигээрээ валютын удирдлага!! Энэ хэсэг дэх хэрэгслүүдээр Монголбанк гадаад валют худалдаж авах замаар Монголын эдийн засагт төгрөг нийлүүлдэг (хэрэв валют зарж байгаа бол эдийн засгаас мөнгө татаж авч байна гэсэн үг). Олон төрлийн хэрэгслүүд байгаа нь энэ арилжаануудын үндсэн мөн чанарыг огтхон ч өөрчлөхгүй юм. Гагцхүү тодорхой тодорхой нөхцөлүүдэд аль тохирохыг нь ашигладаг гэсэн үг.

Одоо үлдсэн хэрэгслүүдийг тайлбарлая (хэрэгсэл тус бүрийн тодорхойлолт ба зориулалтыг Монголбанкны сайтаас болон бусад эх үүсвэрээс уншихыг зөвлөе). Мөн л өмнөхтэй адилаар олон хэлбэртэй ч нэг л мөн чанартай хэрэгслүүд. Гол зорилго нь арилжааны банкны системийн тогтвортой байдлыг хангах. Харин Монголын эдийн засгийн төгрөгийн хэрэгцээг хангах тухай огт биш юм. Яагаад? “Хугацаа” гэсэн хэсгийг нь гүйлгээд нэг хараарай. Дээд тал нь 3 сар хүртэл хугацаатай хэрэгслүүд байна (2, 3 жилийн хугацаатай хэрэгслүүд маш цөөн ашиглагддаг). Энэ хугацаа юуг илэрхийлж байна вэ? Энэ хэрэгслүүдийн тусламжтайгаар Монголбанк арилжааны банкуудад 3 сар хүртэлх хугацаатай зээл олгож байна гэсэн үг. Гол зорилго нь банкны балансыг тэнцвэржүүлэх. Ө.х арилжааны банкуудад зарим тохиолдолд өр ба авлагын харьцаа алдагддаг ба энэ тохиолдолд нэг бол төв банкнаас эсвэл бусад нөөц илүүдэлтэй банкнаас банк хоорондын зээлийн зах буюу нээлттэй зах дээрээс зээл авч тайлант хугацаанд балансаа тэнцвэржүүлэх шаардлага гарч байдаг.

Гэхдээ энэ бол эдийн засагт төгрөг нийлж байна гэж шууд ойлгох боломжгүй юм. Учир нь энэ мөнгө зөвхөн арилжааны банкнуудын баланс дээр л түр хугацаанд (тийм учраас дандаа богино хугацаатай хэрэгслүүд байгаа юм!!!) байршаад эргээд төв банк руу буцаан төлөгддөг (хүүгийн хамтаар). Эдийн засагт мөнгө орж байна (эмисс хийгдэж байна) гэдгийн дор зөвхөн дунд эсвэл урт хугацаат (5-аас дээш жил) мөнгийг ойлгох ёстой юм!! Фиат мөнгөний эмисс хийдэг эхний 3 загварыг санаж байгаа бол эдгээр тохиолдлуудад дандаа 5-аас дээш жилийн хугацаатай зээл хэлбэрээр шинэ мөнгө эдийн засаг руу орж байгааг сайн анхаар!!! (Засгийн газрын бонд худалдаж авдаг загварт мэдээж 1 болон 2 жилийн хугацаатай бондыг төв банкууд худалдаж авдаг ч энэ тохиолдолд энэ худалдан авалт тасралтгүй явагддаг тул уг тохиолдолд урт ба богино хугацааны ялгаа зарчмын хувьд гардаггүй байна).

Яагаад заавал урт хугацаатай байх ёстой гэж? Яагаад гэвэл энэ тохиолдолд л хэвлэн гаргаж байгаа мөнгө бодит эдийн засагт (иргэд, бизнесүүд) хүрч очдог юм аа!! Мөнгөний эмисс хийж байгаагийн зорилго нь чухам энэ шүү дээ!!! Урт хугацаатай зээл л эдийн засгийн өсөх, хөгжих хэрэгцээ шаардлагыг хангаж чаддаг юм. Жижиг дунд бизнесийг өдрийн зээлээр эхлүүлэх, ашигтай ажиллах боломжгүй шүү дээ! 3 сар ч бас хангалтгүй, хэрэв энэ нь Эрээнээс чихэр печень, оймс турсик оруулж ирж байгаа л биш бол!?

Ингээд ч асуудал дуусаагүй ээ!! Хэрэв зөвхөн төв банк л мөнгөн тэмдэгтийн эмисс хийдэг гэж ойлговол маш том эндүүрэл болно. Төв банкнаас ч хүчтэй, түүнээс хэд дахин их хэмжээний мөнгөний эмисс хийдэг бүтцүүд эдийн засагт байдаг, энэ бол хэнээс ч нуух аргагүй дэлхий даяар хэрэгжиж буй практик бөгөөд маш том сөрөг үр дагавруудыг авчирсаар, бидний амьдрал ахуйг хором мөч өнгөрөх бүр илүү хүнд хэцүү болгосоор байдаг юм. Дараагийн удаа АНУлсуудын хувийн төв банк Холбооны нөөцийн системийн Чикагогийн салбараас нийтэд гаргасан брошураас зах зээлийн эдийн засагт мөнгө хэрхэн бий болдог тухай тайлбарыг орчуулан хүргэх болно (Хэдийн энэ механизмын тухай судлаач Д.Болор гуай сүүлийн 15 жил ярьж, бичиж, хор уршгийг нь тайлбарласаар  байгаа хэдий боловч монгол хүн монгол хүндээ итгэх нь өдрийн од болсон тул "шүтэж мөргөх дуртай" барууны, тэр дундаа "халдашгүй ариун" АНУлсынх нь эх сурвалжаас орчуулан хүргэхээс өөр аргагүй болж байна!!!). 

Энэ удаад нийтлэлээ ямар нэг дүгнэлт хийлгүй өндөрлөе. Нэгт, цаашид илүү нарийн сэдвүүдээр нийтлэлүүд бичих учир. Хоёрт, дүгнэлтийг уншигчид өөрт нь үлдээе. Таны дүгнэлт нийтлэлийн хамгийн эхэнд хийсэн бидний (МҮЧХ) дүгнэлттэй нийцэж байна уу, өөрийн бодлыг сэтгэгдэл хэсэгт бичиж үлдээгээрэй! Монгол төгрөг Монголын үндэсний мөнгөн тэмдэг мөн үү?

Хамгийн чухал нь энд бичсэн бүхнийг дахин уншиж, бидний амьдрал ахуйд ямар их хор уршигтайг нь толгой дотроо дахин дахин сайтар эргэцүүлэн тунгаан бодоорой!!!

 

0618013245 lres

Авторын тухай. Жон Гелбрейт бол өнгөрсөн XX зууны хамгийн нөлөө бүхий 10 эдийн засагчийн нэгд зүй ёсоор тооцогддог нэрт эдийн засагч төдийгүй америкийн төр нийгмийн нэртэй зүтгэлтнүүдийн нэг юм. Тэрээр Жон Кеннеди болон Билл Клинтоны зөвлөхөөр ажиллаж байсан бөгөөд америкийн иргэний хамгийн дээд шагнал ерөнхийлөгчийн нэрэмжит Эрх чөлөөний одонгоор хоёр удаа шагнуулжээ. XX зууны АНУлсуудын эдийн засгийн амжилтын нэг хэсэг нь түүний гавъяа зүтгэлтэй салшгүй холбоотой хэмээн дүгнэдэг юм байна.

Хэдий тийм ч тэрээр өөрийн амьдралын сүүлийн он жилүүдэд өөрийн бүтээлцэн босголцсон тэр нийгэм нь чухам ямар үр дүнд хүргэсэн байгааг хараад өөрийн XX зууны дунд үед баримталж байсан үзэл баримтлалдаа ихээр эргэлзэх болжээ. Тийм ч учраас тэрээр амьдарлынхаа хамгийн сүүлийн жилүүдэд бичсэн одоо энд хүүрнэн буй номоо чухам энэ сэдэвт зориулсан байдаг.

faithonomics

Өнгөрсөн 30 жилийн хугацаанд бид хамгийн чухал салбаруудынхаа нэг болох улс орныхоо эдийн засгаа "Экономикс" хэмээх харийн номлолуудын дагуу хөтлөн явуулж ирлээ. Ийнхүү бүхэл бүтэн гучин жилийн турш улс орныг минь өөрсдийн маань нүдэн дээр эвдэн сүйтгэж байхад зүв зүгээр харж суусаар өдийг хүрсний цаад нэгэн шалтгаан нь "Барууны "өндөр хөгжилтэй" улс орнуудын тэрхүү "сайн сайхан, хөгжил цэцэглэлт, баян тансаг байдал" нь тэд өөрсдийн эдийн засгийн бүхий л харилцааг чухам энэхүү номлолуудынхаа дагуу эрхлэн явуулж байсны шууд үр дүн байсан" гэдэгт биднийг итгүүлсэнд байгаа юм. Гэтэл үнэндээ эдгээр эдийн засгийн онолууд нь яг чухам дээрээ "мөнхийн үнэнүүдийн нийлбэр" огтоос биш болохыг, үндсэндээ олон талаараа мухардмал байдалд орчихсон болохыг мэргэжлийн хүрээндээ ч зарим талаар хүлээн зөвшөөрцгөөсөн байдаг юм байна. 

Энэхүү нийтлэлдээ би өөрийн хөндөн бичиж буй сэдвийнхээ хүрээнд зөвхөн баримт нотолгоо, логик дүгнэлтүүдэд үндэслэсэн шинжлэх ухаанч арга барилуудыг баримтлахыг хичээх бөгөөд энэ нийтлэлийг уншиж буй таныг ч бас асуудалд яг тэгж хандаасай гэж хүсэж байна.

Монголбанк3

Хамгийн чухал гол нэрийн бараа бүтээгдэхүүний үнэд хязгаар тавьж, гагцхүү тухайн бараа бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн зардал өссөн тохиолдолд л үнэ нэмэгддэг байхаар зохицуулах хэрэгтэй. Үүнтэй зэрэгцэн бодлогын хүүг буулгаж мөнгөний зөөлөн бодлого явуулах ёстой ба уг 2 алхмын хүрээнд инфляц өсөхгүй. Үүнийг өнөөгийн хувийн шахуу Монголбанк, неолиберал шашнаар бамбай хийж байгаа өнөөгийн эрх баригч бүлэглэл хийж чадахгүй, чадваргүйгээ нэгэнт олон удаа нотолсоон.

 


Ер нь хаа газрын "ардчилагч" хэмээн өөрсдийгөө өргөмжлөгч - үүгээр бамбай хийн хувьдаа ашиг хонжоо хайгчид одоохондоо олон юмны наад цаад учрыг хараахан мэдэхгүй, ухааран ойлгохгүй байгаа олонхыг хуурч мэхлэн аргалахын тулд дандаа нэг талыг хэт барьж гүтгэн гөрдсөн, иймээс худлаа дэгс юм ярьж бичиж мэдэгдэл хийх зэргээр эсвэл алс холын нэг бие хүн, үйл явдлаар бамбай хийн өөрсдийгөө өргөмжлөн пиардаж хамгийн гол нь харанхуй олонхын гэнэн төсөөлөл дээр нь дөрөөлж албан тушаал дээрээ ядаж хэдэн өдөр хоногийг өнгөрөөхийг хүсэж тачаадаж байгаа нь одоо бүүр ч илт харагдаж байгаа.

utaa 1

Өнөөгийн "ардчилсан, зах зээлжсэн" Улаанбаатарын утаа бол сүүлийн 26 жилийн турш Монголд элдэв арга бачаар тогтоосон Барууны "ардчилсан" дэглэмийн үр дүнд манай улс нийгэмд цоо шинээр үүссэн асар олон гай зовлон, уруудал доройтол - хүнд асуудлуудын зөвхөн нэг нь юм. Харин утааг чухам юу үүсгэсэн бэ? Төвлөрөл гэж үү?

Лондон - Одоо чин шударга байцгаая: өнөөдөр дэлхийн эдийн засагт чухам юу болоод байгааг хэн ч ойлгохгүй байна шүү дээ. 2008 оны сүйрлийн дараах сэргэлт хүлээж байснаас ч их удаан, явцгүй байна. Бид нар одоо бүрэн эдгэрэх зам дээр байна уу, аль эсвэл бүр "зуу жилийн хөшүүн байдал"-даа гацчихав уу? Даяарчлал урьдын хэвээр үргэжилсээр байна уу, аль эсвэл бүр улиран одож байна уу?

Анхаар! Бодит баялаг бүтээдэггүй өчүүхэн хэсэг нь хүн төрөлхтний бүх баялгийн үлэмж хэсгийг ийнхүү завшин өмчилсөн байгаа нь "ардчилсан чөлөөт" гэгч хэвлэл мэдээллийн хэрэгслүүд, өндөр төлбөртэй өнөөгийн "боловсрол" гэгчтэй ОГТХОН Ч ХАМААГҮЙ, харин ч жирийн хүмүүсээс маш их нууцалдаг залилангийн аргууд тэдэнд байдаг гэдгийг дахин дахин баталж нотолж байгаа хэрэг юм!..

hayek nobel fraud

Нилээд хэдэн жилийн өмнөөс эдийн засгийн форум гэж сүржин нэрлэсэн ч "чөлөөт зах зээлийн үл үзэгдэх гар" гэгч шашныг сурталчлах зорилготой,  үнэн хэрэг дээрээ неолибералч шашны сект-ийнхний цугларалтыг бас л гаднынхны зааварчилга, санхүүжилтээр зохион байгуулж шоудах болсон ба хамгийн гачлантай нь, тэнд тэдний зарлаад байсан шиг монголын шилдэг санхүүчид, эдийн засагчид бус харийн энэ неолибералч түрэмгий шашны хоосон үзэл сурталчид цуглаж бие биенээ хөөргөж магтаж шашиндаа үнэнчээ харуулцгаагаад тардаг билээ.

debt addiction

Америкийн "улстөрийн товчоо" нь болох санхүүгийн элитүүд болон тэдний дуулгавартай гар хөлүүд нь болсон улстөрчид зориуд санаатайгаар жирийн америк иргэдээ маш доогуур мэдлэг боловсролтой, мөн маш доогуур ёс суртахуун, соёлын түвшинтэй болгож тэднийг шинэ маягийн /өрийн/ боолчлолын системдээ байнга барьж байхыг хичээж байдаг. Яагаад гэвэл жинхэнэ гүн гүнзгий өргөн мэдлэг боловсрол бол өнөөгийн өнгө мөнгөний нийгэмд зээлийн хэрэглээнд донтсон хүн сүргийг өрийн боолчлолд хүлж барьж байх гэсэн доллар-фунт-еврогийн эзэд - мөнгө хүүлэгчдийн туйлын хүсэл, жирийн хүмүүсээс нууцалж байдаг цаад далд зорилготой нь зөрчилдөж байдаг байна.

Урьд өмнө нь би зөвхөн мэдэрдэг байсан бол өнөөдөр Нью-Йоркт асар олон хүмүүс гэр оронгүй гудамжинд хоног төөрүүлж байгааг хараад энэ бодит байдлыг ойлгож эхэлсэн тэр цагаас хойш «Өнөө цагийн өнгө (Sign of the Times)» нэртэй энэ төслөө 2013 оны 10-р сарын эхээр эхэлсэн юм. Намайг, энэ хотын унаган оршин суугчийн хувьд, урьд өмнө нь би ийм олон хүмүүс гудамжинд гуйлга гуйж хоног төөрүүлж байсныг хэзээ ч харж байгаагүй учир үнэхээр гайхшруулж цочирдуулсан билээ.

Өчигдөр УИХ дахь бие даагчдын зөвлөл Оюутолгойн асуудлаар мэдээлэл хийсэн. УИХ-ын гишүүн С.Ганбаатар, Ц.Даваасүрэн, Х.Болорчулуун нар Оюутолгойн талаар анхнаасаа баримталж ирсэн зарчим дээрээ хатуу зогсож, Оюутолгойгоос Монголын талын хүртэх ашгийг 51 хувь болгох ёстой гэдэг байр суурь баримталж байгаа ажээ. Мэдээллийн дараа УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэнгээс дараах тодруулгыг авлаа.

    • Цахим шуудан:
      • This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
      • This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
    • Мэдээлэл харилцаа хариуцсан ажилтны утас: 88167001
    • Номын борлуулалт хариуцсан ажилтны утас: 88167001
    • Банкны данс:
      • Банкны нэр: Худалдаа хөгжлийн банк
      • Дансны дугаар: 456 094 040
      • Данс эзэмшигчийн нэр: Дэмчигийн БОЛОР
      • Валютын төрөл: Төгрөг