Нийгмийн олонхын төлөө үзэл санааг улстөр эдийн засгийнхаа чиг баримжааг болгож байсан социалист орнуудын дотроос хамгийн анх бослого тэмцэл өрнүүлж “өөрчлөн байгуулалт”-ыг эхлүүлсэн Польшийн Солидарность хөдөлгөөн өдгөө 24 жилийн дараах өндөрлөгөөс улс орныхоо байдлыг эргэн харсан өөрсдийн “хувьсгалын” тухай нэг ярилцлагыг саяхан долоо хоног тутмын “Солидарность” сэтгүүлдээ нийтэлжээ...

 Витольд Кежун бол эрдэмтэн судлаач, улс орнуудын хөгжлийн асуудлууд болон удирдлагын талаар дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн мэргэжилтнүүдийн нэг юм. Тэрбээр НҮБ-ын хамгийн том хөтөлбөрүүдийн нэг – Төв Африкийн улс орнуудыг орчин үеийн түвшинд ойртуулах хөтөлбөр дээр 10 жилийн турш ажиллаж удирдаж байжээ. Одоо 76 настай тэрээр өнөөдөр ч Польшийн нийслэл Варшавын Леон Козьминскийн Академид багшилсаар байгаа аж. Профессор Кежун Польш дахь нөхцөл байдлыг зөвхөн өнөөгийн улстөрийн ашиг сонирхлын үүднээс бус харин улс орныхоо хэтийн ирээдүйн ашиг сонирхлын үүднээс ингэж үнэлж дүгнэж байна.

-Професссор, Та өнөөгийн Польшийг неоколоничлолын нэг обьект болсон гэж ярьж байгаа. Тэгвэл энэ колоничлол нь чухам юугаар илэрч байгаа, хэн энэ үзэл баримтлалыг хэрэгжүүлж байгаа вэ мөн үүний үр дагаврууд нь ямар байх бол?

-Шинэ үеийн колоничлолын асуудлыг би хангалттай сайн мэднэ ээ, учир нь би өөрөө Төв Африкт 10 жилийн турш [Барууны] том капиталын бодлого нь тэдний колони улс орнуудад хэрхэн ажиллаж байдгийг нь ажиглан судалж байсан. Тэр улсууд эрх чөлөөтэй тусгаар улсууд болохын хэрээр урьд өмнө нь колоничлогчдын гарт байсан түүхий эдийн эх үүсвэрүүдээ буцаан авч үндэстний үйлдвэрүүдээ өмчлөх эрхээ сэргээж байсан юм. Үүний дараахан 1980-аад оны сүүлийн хагасаас колоничлолын шинэ хэлбэр – неоколоничлол асар далайцтай тэнд эхэлсэн юм. Барууны том капиталын зүгээс Африкийн ард түмнүүдэд хандаж ингэж зарласан юм шүү дээ: та нар тусгаар тогтнож өөрсдийн улсуудыг байгуулж л бай, гэсэн ч хариуд нь бид нар танай ашигт малтмалын олборлох үйлдвэрүүдийг чинь мөн кофе, цай болон халуун орны үр жимсний салбаруудыг чинь хувьчлуулж хуу хаман худалдан авах болно. Ингээд та нар жижиг дунд үйлдвэрүүдээ л удирдаж газар дээрээ ажилласаар байх болно, тэгээд мэдээжийн хэрэг манай аж үйлдвэрлэлийн бараануудыг худалдан авах болно, учир нь та нар багахан зүйл үйлдвэрлэх болохоор ихэнх аж үйлдвэрийн бараагаа гадаадаас - биднээс худалдан авахаас өөр аргагүй байдалд орно гэсэн юм шүү дээ.

1970-80-аад оны зааг дээр мэдээллийн хувьсгал эхэлсэн. Даян дэлхийн улс үндэстнүүдэд мэдээллээр дамжуулан нөлөөлж чадах боломжийг олж авсан асар хүчирхэг бизнесчин эзэрхэг гүрнүүд гарч ирсэн. Ингэж тэд ийм шинэ аргаар эрхшээлдээ оруулж неоколоничлох урьд өмнө байгаагүй боломжтой болж авсан юм. Жишээлбэл, Барууны санхүүгийн ганцхан бүлэглэл л Конго, Руанда болон Угандад уул уурхайнуудыг нь өөрийн болгож чадсан. Африкт тэд нар хуйвалдаан хээл хахуулийг аймшигтай түвшинд хүргэсэн байгаа нь тэдэнд энэ бүхнийг маш хямдхан худалдан авах зорилгыг нь улам хялбарчилж өгсөн юм. ОУВСан, Дэлхийн банкны дэмжлэгтэй иймэрхүү ажиллагаа тэнд одоо хавтгай болсон байгаа.

-Руандад Том мөнгөний иймэрхүү бодлогын ямар үр дагавруудыг Та олж харсан бэ?

-Би Руандын мөргөлдөөний цаад нарийн учрыг сайн мэднэ ээ. Миний төсөлд 56 хүн ажиллаж байсны 45 нь африкчууд байсны зөвхөн 2 нь одоо амьд үлдсэн. Бусад нь алагдсаан. Энэ бүх мөргөлдөөн бол америкийн том капиталын тэнд явуулсан өргөн хэмжээний үйл ажиллагааны нэг хэсэг байсан. Бүх зүйл миний нүдэн дээр болж байсан юм. Америкчууд Уганда руу зэр зэвсэг зээлээр нийлүүлж тутсичүүд тэдэнтэй тохиролцсон ёсоор энэ дайнаа эхлүүлсэн юм шүү дээ. Угандын тутси үндэстнүүд эхлээд Руандыг эзлэн авч цааш Бурундийг дайран эзэлж эцэст нь алмаз, уран зэрэг байгалийн нөөц баялаг ихтэй Заирийг довтолсон юм. Тэр үед Заирийг Бельги болон Францын капитал колоничлож байсан ба америкийн капитал тийшээ орж бүрэн эзлэн авахаар шийдсэн байсан. Энэ улсад тэд 500-600 мянган хүнийг нь хүйс тэмтэрсэн бөгөөд эцэст нь энэ бүс нутаг америкийн болон британийн капиталд булаан эзлэгдэж бүрэн мэдэлд нь орсон байгаа. Өнөөдөр энэ капитал бүх төв Африкийг тэр чигээр нь эрхшээл хяналтан доороо барьж байна.

-Африкийг колоничилсон энэ бодлого Европын энэ хэсэгт – Польшид ямар замаар хэрэгжсэн юм бол?

-Түүхий эд ихтэй Африкийн нөхцөл байдал нь өөрөө их сонирхолтой. Гаднын капитал тэндхийн ажилчид, бүр инженерүүд нь хүртэл мэдлэг мэргэшил муутай гэдгийг ойлгож байсан. Би негрүүдэд сайн ханддаг байсаан, тэд нар нүдэнд дулаахан сайн хүмүүс, гэвч тэдэнд нэг сул тал байдаг – тэд байнгын ажил хөдөлмөрт сурч дасаагүй хүмүүс. Африкийн уур амьсгалаас болж тэдний ахуй соёл иргэншил, амьдралын хэвшил нь байнга тасралтгүй ажиллах дээр бус харин амарч цэнгэх дээр үндэслэсэн байдаг. Жишээлбэл, Бурундид гадил жимсний модны төглүүд энд тэндгүй ургадаг, бурундичууд энэ бананаар шөл, шар айраг эсвэл талх хийдэг. Мөн 1930-аад онд Бужумбур хотынх нь гудамжуудаар гөрөөсүүд давхилдаж байсан ба иймд тэднийг агнахын тулд нум сумаар харвахад л хангалттай байсан байна. Иймээс хоол олохын тулд тэнд ажиллах хэрэггүй шахам байжээ. Тэндхийн оршин суугчид нь байнга олон хоногоор найрлаж цэнгэж цагаа өнгөрөөж байсан ба энэ уламжлал нь өнөөдрийг хүртэл хадгалагдан үлдсэн юм.

Харин тэгвэл саяхныг хүртэл Польш улс өндөр мэргэжилтэй инженер техникийн ажилтнууд, мэргэжлийн ажилчидтай байсан шүү дээ. Бүр америкийн судалгааны эх үүсвэрүүдээс нь харах юм бол 1980 онд Польш улс аж үйлдвэрлэлийн хэмжээгээрээ дэлхийд 12-р байр эзэлж байсан юм шүү. Дараа нь энэхүү том зах зээлийг нь Польшоос булаан авах сайхан далим боломж Барууны том капиталд гарсан даа.

Тэгээд л Джордж Сорос манайд орж ирсэн. Тэр бол биржийн дамын наймаанаас асар их хөлжсөн, дэлхийн хамгийн баян 10 хүний нэг. Тэр л Польшийг нээлттэй нийгэм ба нээлттэй зах зээл гэж тунхагласан зорилготой шинэчлэл өөрчлөлтүүд хийхэд түлхсэн. Үүний тулд тэд эхлээд Польшийн дээд дунд албан тушаалтнуудын үлэмж хэсгийг АНУлсад аваачиж “мэргэжил дээшлүүлсэн” юм. Олон олон Тимошевичууд, Квасневскчууд, Росатууд, Бальцеровичууд тэдний дунд байсаан. Лешек Бальцеровичийг бүүр Сент Джонсын их сургуульд аваачиж бизнесийн магистр цол өгсөн шүү дээ.

Ингээд шийдэж бид Польшид хөдөлж эхэлсэн дээ. Барууны Том капиталын агуу төлөөлөгч Джордж Сорос 1988 оны 5-р сард Польшид орж ирээд эхлээд Раковски, Ярузельски нартай уулзсан юм. Тэгээд шууд л өөрийн сая сая долларуудаар Софи Баторийн нэрэмжит Сангаа энд нэн даруй байгуулж зорилгыг нь нээлттэй нийгэм ба нээлттэй зах зээл гэж зарласан. Арай хожуухан Польшийн Үндэстний банк/төв банк/ 9 арилжааны банк байгуулж удирдлагад нь энэ намынхыг тавьсан. Ингэж намын боссуудын удирдлага доорх аж ахуйн нэгжүүдийг байгуулах I шат ингэж эхэлсэн юм. Мөн Сорос “Вашингтоны консенсус” гэж нэрлэгддэг өөрсдийн үзэл сурталдаа тулгуурласан нэг хөтөлбөрийг боловсруулж тэдэнд өгсөн. Энэ хөтөлбөр нь тухайн улс бүх дотоодын эдийн засгаа хамгаалж байсан бүх хамгаалалтуудаа цуцалж хил гаалиа тэдэнд бүрэн нээж өгөх, их хэмжээний бараа материалыг нь гаднаас оруулж ирэх (дотоодын үйлдвэрлэгчдийг нь борлуулалтын зах зээлгүй болгож сүйрүүлж нэгмөсөн устгах бодлого- Орч.) боломжийг тавьж өгөх мөн хавтгай хувьчлалыг тун ч алсын зорилготойгоор тулган хэрэгжүүлдэг юм даа.

Энэхүү хөтөлбөр нь Мильтон Фриидманы нөгөө зүтгүүлж ирсэн неоколоничлолын үзэл баримтлал дээр нь үндэслэдэг бөгөөд энэ нь чөлөөт зах зээл гэгчийг үнэмлэхүй бодит чин үнэн болгон өргөмжилж төрийн үүрэг ролийг бүрэн үгүйсгэдэг онол. Сорос тэгээд энэ ажилдаа Джеффри Саксыг татан оруулж ирж Софи Баторийн Сангаасаа санхүүжүүлж эхэлсэн юм.

 

-Харин Сакс Солидарность хөдөлгөөний үйл ажиллагаа, бодлогыг барьж байсан гол хүмүүстэй уулзсан шүү дээ.

-1989 оны 5-р сард Сакс [Солидарностийн нэг удирдагч] Геремектэй очиж уулзсан. Нөгөөх нь түүнд зах зээлийн эдийн засгийн тухай өчүүхэн ч ойлголт төсөөлөл байхгүй гэдгээ хүлээн зөвшөөрсөн юм. Дараа нь тэр Жолибож руу явж Куроньтай очиж уулзсан. Куронь англи хэл мэдэхгүй байсан тул америкийн иргэн Липтоныг тэнд урьсан юм. Липтон тэр үед ОУВСанд бас нэгэн зэрэг манай “Газета Выборчей” сонины редакцид ажиллаж байсан юм. Куронь түүнд бүх зүйл болох байх аа гээд үүний тулд нэг хөтөлбөр боловсруулж өгөхийг Сакст өөрт нь даатгасан. Тэндээсээ тэд “Газета Выборчей” руу очиж комьпютер дээр нь Липтон, Сакс хоёр хамтран сууж тэр хөтөлбөрийг нь боловсруулсан юм. Тэд бас [Солидарностийн нэг удирдагч] Михник дээр ч очсон, нөгөөх нь бас л эдийн засгийн тухай өчүүхэн ч ойлголт байхгүй гэдгээ хүлээн зөвшөөрсөн. Гэсэн хэдий ч тэрбээр “Танай ерөнхийлөгч ба манай ерөнхий сайд” гэсэн нэгэн нийтлэл бичиж манай засгийн газрыг тэрхүү хөтөлбөрийг нь хэрэгжүүлэхийг албадан шахахаар шийдсэн юм. Би энд ямар нэг шинэ зүйл яриагүй ээ. Энэ бүхэн бас Джеффри Саксын өөрийнх нь бичсэн “Ядуурал гуйланчлалын төгсгөл: Бидний үеийнхний зорилт” гэсэн номонд нь байгаа шүү. Хожим Сакс манай Иргэний парламентын клубын төлөөлөгчидтэй уулзаж байсан...

-... тэр депутатуудын ихэнх нь бас л эдийн засгийн мэдлэг боловсрол байхгүй гэцгээж байсан шүү дээ.

-Тийм ээ. Бүр Александр Малаховски хожим “Бид нар тэр үед яг тэнэг ухнууд шиг байсан юм байна лээ” гэж хүлээн зөвшөөрсөн шүү дээ. Тэр үед тэгээд энэ үзэл баримтлалыгнь хэн хэрэгжүүлэх вэ гэдэг асуулт босож ирсэн. Эхлээд Тшецковскид санал тавьсан, тэр татгалзсан. Мөн Юзефяк, Шиманьки нар ч бас татгалзсан. Тэгэхээр нь Стефан Братковски миний нэрийг дэвшүүлсэн байсан. Би тэр үед манай элчин сайдын яам байдаггүй Бурунди улсад байсан юм. Иймд Кени улсаас манай элчин сайд над руу утасдсан боловч тэд нар яг ямар санал тавьж байгааг тэр тодорхой хэлж мэдэхгүй байсан. Би 10 жилийн хугацаатай тэр хөтөлбөрөө дуусгахад ганцхан жил үлдээд байсан болохоор татгалзсан юм. Тэгээд эцэст нь Кучиньски яагаад ч юм гэнэтхэн Бальцеровчийг бариад авсан байдаг. (…) Энэ үед Иргэний парламентын клубээс профессор Януш Бексякийн удирдлага доор эдийн засгийн нэг хөтөлбөр боловсруулах ажлын хэсгийг бүрдүүлсэн юм. Энэ үед Мазовски асуудлыг түс тас хөндлөн тавьсан – эсвэл бид нар уу, эсвэл тэд нар уу гэсэн. Ингээд л эцэст нь Бальцерович үлдсэн юм даа.

-Яагаад бусад хүмүүс энэ хөтөлбөрийг хэрэгжүүлэхийг хүсээгүй юм бол ?

-Учир нь тэр хөтөлбөр манай эдийн засгийг багалзуурдах болсон инфляцийг үүсгэснээс гадна манай улсын үйлдвэрүүдийг устаж үгүй болоход хүргэж мөн манай улсын газар тариалан хөдөө аж ахуйг устгахад хүргэн бүх нийтийн ажилгүйдлийг үүсгэсэн шүү дээ. Яг энэ үеэс л Польш улс асар их хэмжээний гадаадын барааг худалдан авч оруулж ирдэг болоход хүрсэн - тэр үед бид нар үсний хавчаар, хаягдмал цаас хүртэл гаднаас импортолж байсан шүү дээ. Би Польшид ирснийхээ дараа дэлгүүрийн лангуун дээр францын сүү байхыг олж харсан юм. Хамаатны нэг дүү маань ярихдаа польшийн сүүг худалдаж авч болохгүй шүү, учир нь сүүний шилэн савыг нь IXI гэдэг хортой химийн нунтгаар угаадаг мэтээр суртал ухуулга явж байгаа гэж надад хэлж байсан...

Би сахал хусахад зориулсан “Поллена” түрхлэг худалдан авахын хүссэн юм. Урьд өмнө нь шведүүд манай архи болон польшийн косметик авахын тулд Польшид ирдэг байсныг санах хэрэгтэй. Харин одоо бол “Поллена” байхгүй болж оронд нь “Колгейт” орж ирсэн байгаа. Эцсийн эцэст тэр дэлгүүрийн худалдагч нь агуулахаасаа надад “Поллена” түрхлэгийг олж өгсөн дөө, тэр түрхлэг импортоор орж ирсэн “Колгейт”-оос 3 дахин хямд байсан шүү! Худалдагч эмэгтэй үүнийг тайлбарлахдаа түүнд үнэтэй импортын бараа худалдах нь унац ашигтай, иймээс польшийн барааг гарган тавихаа больсон гэж байсан.

Товчхон хэлэх юм бол польшийн үйлдвэрлэгчдийг - Барууны өрсөлдөгчдийг тэд санаатайгаар зориуд устгаж байгаа нь тэр ээ! Германы Siemens польшийн ZWUT үйлдвэрийг худалдан авсан шүү дээ. Энэ үйлдвэр тэр үед ЗХУлсад телефонууд нийлүүлэх монополь эрхтэй, амжилттай ажиллаж байсан үйлдвэр байсан юм шүү. Немцүүд польш ажилчдад нь 9 сарын цалинтай нь тэнцэх нэг удаагийн тэтгэмж өгч тараасан. Бүгд л сэтгэл ханамжтай байцгаасан биз дээ. Гэвч дараахан нь энэ үйлдвэрийн барилгыг тэд нурааж бүх аппаратурыг нь Герман руугаа зөөж Орост телефон нийлүүлэх бүх эрхийг нь немцүүд өөртөө авсан юм. Интеграл микросхемууд, диод транзисторууд, мөн манайхны зохион бүтээсэн хөх лазер үйлдвэрлэдэг байсан Каспшакийн нэрэмжит үйлдвэрийг мөн ингэж устгасан шүү дээ. Польшийн цементын заводууд, сахарын заводууд, хөвөн цаасны бүхэл бүтэн үйлдвэрлэлийн цогцолборууд, Квидзынийн цаасны гайхамшигт үйлдвэрийг барууны том капитал хуу хаман авсан. Тэр бүхнээ зарсан мөнгөө одоо бид “идээд дуусаж” байна.


-Гэвч хамгийн том хэрүүлийн алим бол NFI – манай Үндэстний хөрөнгө оруулалтын сангууд болсон шүү дээ.

-Тэр үед би NFI-ийн нэг хувьцааг 20 злот-оор худалдан аваад гарч ирэхэд банкны үүдэнд 140 злот-оор авъя гэж байцгаасан. Хожим нь NFI-ийн хувьцааны 35%-ийг эзэмших болсон этгээд түүнийг худалдах эсэх тухай шийдвэрийг дангаар гаргах эрхтэй болох нь тодорхой болсон. NFI санд польшийн 500 тэргүүлэх аж үйлдвэрүүд багтаж байсан юм шүү. Энэ бүхний дараа тэд бүгд нэг нь ч үлдээгүй ээ, цөм дампуурч тэдгээрийг гаднынхан сохор зоосоор худалдсан юм шүү. Харин үүний дараа нөгөө тэр хувьцаанууд нь 5-хан злот болсон байсан. Энэ бүхнийг уриалж гардан гүйцэтгэсэн этгээдүүдийг шүүх хурлууд болж байсаан, тэдний нэг Януш Левандовскийн хэргийг шүүгээд түүнийг өнгөрсөн жил цагаатгасан шүү дээ. Тэд нар бүгд албан тушаал, эд хөрөнгөтэй болцгоосон. Бальцерович Цагаан Бүргэдийн Одонгоор хүртэл шагнуулж бүүр Нобелийн шагналд нэр дэвшиж байсан шүү. Ийм юм болж байгаа гэхэд итгэх үнэхээр ямар ч боломж байхгүй ээ!

-Польш улс банкуудаа бас тэдэнд өгсөн, одоо манай эрчим хүчний салбарыг гаднын үндэстэн дамжсан компаниуд булаан эзэлсэн байгаа, жишээлбэл шведийн Vatenfall.

-Өмнөхөн нь TP SA (Польшийн Цахилгаан холбоо компани) Францын France Telecom-ын мэдэлд очсон байсан. Яг иймэрхүү зүйлүүд өмнөхөн нь Африкт бас болж байсан юм шүү дээ. Тийшээ Европ болон Америкаас экспортоор оруулж ирж байгаа бүх бараанууд нь хамаагүй өндөр үнэтэй байсан юм! Би Африкт байхдаа нэг Фольксваген автомашиныг 15 мянган доллараар худалдан авсан, харин Берлинд ирээд хартал яг тийм машин ердөө 8 мянган доллар байх жишээтэй. Өнөөдөр Польшид аж үйлдвэрлэлийн бараанууд хамаагүй үнэтэй байхад харин манай цалин хөлс харьцуулахын аргагүй доогуур байгаа. Чухамдаа энд л гаднын компаниудын бизнес ашиг сонирхол нь нуугдаж байдаг юм шүү. Хэрвээ үйлдвэрчний эвлэлүүдийн шахалт шаардлагаар цалин хөлсийг Барууны түвшинд хүргэчих юм бол тэдний концернууд нь Румын, Болгар, Беларусь, Хятад бүүр Африк руу арилаад өгөх байсан. Форд Варшавын дэргэдэх үйлдвэрээ хаагаад одоо Санкт Питербургт нээсэн байгаа шүү дээ.

-Ийм байдлаар урьд өмнө нь зөвлөлтийн блокт орж байсан бусад улс орнуудыг ч неоколоничлолд оруулсан уу?

-Тийм ээ, ийм бодлого үйл ажиллагааг бүх Төв болон Дорнод Европ даяар хэрэгжүүлсэн байгаа.


-Та Польшийн өнөөгийн байдлыг хэрхэн үнэлж дүгнэж байна вэ?

-Эмгэнэлтэй байдалд орсон байгаа гэж! Манай улсын гадаад өр болон хувийн өрүүдийн нийт нийлбэр манай үндэстний орлогын түвшинг давж байна. Тэгээд энэ их өр улам өсөж байна, учир нь өнгөрсөн 20 жилийн турш бид гадаад худалдааны сөрөг баланс (гаднаас оруулж ирж байгаа импортын дүн гадагшаа арилжиж байгаа экспортын дүнгээс давж байгаа хэмжээ)-тай явж ирлээ. Бид ерөнхий сайд Туск (Польш гаралтай америкийн энэ иргэнийг авчирч ерөнхий сайдаар тавьж байсан)-ын томьёолсон “Яг энд, яг одоо” [идэх уух, эдлэх хэрэглэх] гэсэн үзэл баримтлалаар амь зууж байна. Бидэнд ямар ч алс хэтийн зорилго, төлөвлөгөө байхгүй байна. (Колони улсад өөрийн гэсэн хөгжлийн бодлого, загвар онол гэж байдаггүй, учир нь гаднын маш хүчтэй ил далд хяналтан доор мөн тавиул туршуулууд засгийн эрхийг авч тойрон арзаганалдаж байдаг тул байх боломжгүй юм-Орч.)

-ЕХолбооны СО2 хийн хаягдлыг хязгаарлах бодлого нь польшийн аж үйлдвэрлэлийг бүрэн сүйрүүлэх нэг арга бач мөн үү?

-Цаг уурын багц хуулиуд бол Төв Европын улс орнуудыг шулж мөлжиж байхын тулд бүхнийг найруулж байдаг Баруун Европт л ашигтай эд. Энэ улсууд тэдний шинэ колониуд байх ёстой гэнэ ээ! Чухамдаа тэдний энэ л зорилгод нь польшийн банкуудыг хувьчлуулж байгаад худалдан авсан, аж үйлдвэрлэлийг нь устгаж мөн худалдааны салбарыг нь гартаа оруулсан байгаа зэрэг нь үйлчилж байгаа юм. Сүүлийн жилүүдэд польшийн худалдаа тэднийх болсоон. Зөвхөн энэ жилд гэхэд л “Саrrefour” ба “Бедронка” борлуулалтын хэдэн зуун шинэ цэг нээхээр зэхэж байна.

-Үүнээс хойш польшууд өөрсдөө томоохон пүүсийн эзэд байх ёсгүй гэсэн үг байх нь ээ?

-Чухамдаа зорилго нь яг тийм юм. Польш улсад одоо маш том гүн гүнзгий санхүүгийн хямрал нүүрлэж байна. Нийгмийн халамжийн тогтолцоо маань хэдийнэ аюул занал доор орчхоод байна. Ер нь манай хүмүүсээс 7,5 хувийн шимтгэл авч байгаа OFE – гадаадын хэд хэдэн компаниуд байгуулах зөвшөөрөл өгч яаж болох вэ дээ? Үүний оронд Польшийн тэтгэврийн нэг компанийг үүнд татан оролцуулж түүгээр нэг сан байгуулуулж тэгээд өндөр барилгын салбар, том үйлдвэрүүдэд хөрөнгө оруулж тэтгэврийн санг арвижуулж байх ёстой байсан юм. Жишээ нь, НҮБ-ын ажиллагсдын тэтгэврийн сан Нью-Йоркийн өндөр барилгуудын нэг эзэмшигч нь байдаг, тэр барилгуудын үнэ жил ирэх бүр өсөж байгаа. Ийм байхад манайд болохоор гаднын даатгалын компаниудад тийм их мөнгө хийх боломжийг олгож л байдаг?!

-Яагаад немцүүд өөрийн хөдөлмөрийн зах зээлийг нээсэн юм бол?

-Тодорхой мэргэжлийн, жишээлбэл, мэдээллийн технологийн, эмч, настай хүмүүсийг асрах хүмүүс тэнд хэрэгцээтэй байгаа. Үүний хажуугаар Герман улс нэг бодлогыг чанд мөрдөн явуулдаг. 1970-аад онд Герман руу тэнд хамаатан садан нь байсан хэдэн зуун мянган польшууд цагаачилсан юм. Тэд одоо немцүүд болон хувирцгаасан. Мөн Доод Силезийн хүн амын нэг хэсэг нь немцийн иргэншилтэй, зөвхөн амралтаа л Польшид өнгөрөөдөг, харин Германд ажилладаг хүмүүс. Одоо 5-р сарын 1-нээс хойш дахин 400 мянган мэргэжилтэй польшууд гарч явна гэж бид тооцоолж байгаа.

-Одоо хилийн чанадад 1,5 сая польшууд ажиллаж байна. Энэхүү асар олон хүмүүсийг хамарсан хөдөлмөрийн цагаачлал ямар үр дагавруудад хүргэх бол ?

-Маш эмгэнэлтэй үр дагавруудад! Бидэнд сайн чанартай мэргэжилтнүүд, өндөр мэргэшилтэй ажилчид өөрсдөд маань хүрэлцэхгүй байгаа, харин тэгвэл энэ байдал нь манай улсын хөгжлийн боломжуудыг хязгаарлаж байна. Хамгийн чадвартай, чадавхтай хүмүүс гадагшаа яваад өгч байна, тэдний зөвхөн багахан хувь нь л эргэж ирцгээнэ. Одоохондоо тэд Польш руу мөнгө илгээж байгаа, гэвч гэр бүлүүд салж сарних нэг бол нийлж нэгдмэгц энэ бүхэн дуусна. Ер нь бид нэг ард түмэн үндэстний хувьд мөхөж байна, учир нь нэг польш эмэгтэй одоо дунджаар 1,23 хүүхэд төрүүлж байна. Тэгвэл Европын холбооны лидер улс Германы хүч чадал нөлөө байр суурь маш хурдан өсөж байгаа. Герман улс одоо дэлхийн 4 дэх том эдийн засаг болсон тул хамгийн сайн мэргэжилтнүүдийг өөртөө уургалан авч байна. Польшоос ч бас.

Оливд болсон Солидарность хөдөлгөөний I бүгд хурал дээр томьёолж байсан тэр хөтөлбөр бол өөрсдийгөө удирддаг үйлдвэрүүдтэй болъё, үйлдвэрчний эвлэлүүдийг байгуулж орон нутгийн өөрийгөө удирдах үзэл баримтлал байсан юм. Гэвч өнгөрсөн хугацаанд улс үндэстний хэмжээнд энэ хөтөлбөрийг туршаад одоо татгалзсан байгаа шүү дээ...

Эх үүсвэр: http://tysol.salon24.pl/286593,polska-neo-kolonia

Манайхны зарим нэг ухвар мөчид этгээдүүд, XX зууны түүхэн үнэн факт баримтуудыг эдийн засгийн тоон үзүүлэлтүүдтэй нь тулгаж судалсны үндсэн дээр бус харин өнөөгийн улстөрийн үзэл сурталд тал засан дулдуйдаж мөн бичиж байгаа зүйлдээ хүч өгөх - том дүгнэлт хийсэн хүн болох гэсэн цэвэр сэтгэл хөдлөлийн үүднээс “Оросын колоничлол”, “Монгол улс 70 жил ЗХУлсын колоничлол дор байсан” мэтээр "эрх чөлөөтэй" = "зоргоороо" бурцгааж байгаа. Уг нь дэлхийн улс төр эдийн засгийн түүх судалгаанд Оросын колоничлол гэсэн тогтсон ойлголт, нэр томьёо байдаггүй юм шүү... Учир нь уг түүхэн үзэгдэл нь бодит байдал дээр байгаагүй болоод тэр ээ.

Тэд аргагүй биз ээ, тэдний олонх улс орон "дороо унан хөрвөж" байсан 1990-ээд онд ухаан орж тэр үед хамгийн их үнэд орж байсан "бараа" болох “коммунизмыг илчилсэн” "үнэн түүхүүд"-ийг уншиж хүмүүжсэн ба "тэнэг байх" эрх чөлөөтэй болсноосоо хойш унших бичих, ялангуяа өөрөө бодож эргэцүүлэх чадвараа улам бүр гээсээр ирсэн тул тэр сүрхий түүхүүдээс нь өөр юм уншиж үзээгүй, мэдэхгүй, өөр үнэн түүх байдаг гэдгийг төсөөлөх ч үгүй байгаа биз...

Энд би 1-рт колоничлол гэж чухам юу болохыг нилээд гүнзгий судалсны хувьд мөн XX зууны түүхэн үнэнийг өнөөгийн улстөрийн нөхцөлд дулдуйдаж гуйвуулж гүтгэх "эрх чөлөө" нь одоо дуусаж байгаа гэдэгт итгэдэг учраас, 2-рт ингэж худал дэгсдүүлж гүтгэх нь харин манай улс Эх оронд бодит байдал болчхоод байгаа өнөөгийн жинхэнэ колоничлолын бодлого, үйл ажиллагаа болон түүний уршигт үр дагавруудыг олж харахад ойлгож ухамсарлахад саад болж байна гэж, 3-рт өргөн олон нийтийг хов хоосон хүлээлтээр баглаж улс үндэстний хувьд мөхлийн үр дагавруудтай төөрөгдөлд оруулж байгааг үгүйсгэх бүдэгрүүлэх асар аюултай үр дагавартай байгаа учир эмзэглэж үүнийг зориуд сануулж байна...


Энэ нийтлэлийг хуулан авах бол тус эх үүсвэрийг зааж мөн тус сайт руу шууд холбоос хийхийг сануулж байна.