Эмүжинд тавих хэдэн асуулт

Манай “ардчилсан” залуу үеийн төлөөлөл яруу найрагч Эмүжин саяхан фэйсбүүк хуудсандаа “ардчилсан” нэртэй төрийн эргэлтийн 30 жилийн ойг тохиолдуулан “Амьдардаг байр улсынх, арчилдаг мал нэгдлийнх, хэлдэг үг намынх, хийдэг ажил социализмынх, зорьсон зорилго коммунизмынх, зовдог зовлого л гагц өөрийнх байсан цаг үе улираад 30 жил өнгөрчээ...” гэж ирээд нэг их “уран яруу” пост оруулсан байна. Энд дарж үзнэ үү!

Түүний бичсэн зүйлсээс зөвхөн дээрх хэсгийг цааш дэлгэрүүлэн ярилцмаар санагдлаа. Ялангуяа эрхэм яруу найрагчийн бичсэнээр тэр бол өмнөх нийгмийн маргашгүй ололт амжилтуудыг ч хүртэл ямар нэг бодит үндэслэл гаргаж тавилгүйгээр “зөвхөн үгүйсгэхийн тулд л үгүйсгэдэг” неолиберал үзэл баримтлалтай нэгэн гэдэг нь харагдаж байгаа. Ер нь нэг талаас, үгээ хэлэх эрх чөлөө гэдэг бол юу хүссэнээ зохион бурна гэсэн үг огт биш, нөгөө талаас, таны ярьж буй сэдэв бол таны бичдэг “яруухаан найраглал-найруулал” эсвэл элдэв хайрын романсууд биш, харин түүхэн бодит үйл явдлууд тул энэ “найруулал”-ыг тань уншсан хэнбгуай ч танаас баримт баталгаа нэхэх бүрэн эрхтэйн хувьд өөрт тань дараах хэдэн асуултыг тавимаар байна. Болгоон соёрхоно уу!!

Та эхний хэдэн мөрөндөө “арчилдаг мал нэгдлийнх” хэмээн ихээхэн ёжилж, бас хорсон бичсэн байна. Нэгдэл хамтралжуулалт бол хангалттай өргөн хүрээтэй сэдэв болохын хувьд энэ удаад яг энэ сэдвээр яриагаа хязгаарлая. Ер нь “Манай аав, ээж, өвөө эмээгийн малыг улс хураагаад авчихсан” хэмээн “гонгинодог” хүн гэж өргөмжлөгдсөн бодгалиуд мэр сэр биш нэлээн их болсоон. Хэлсэн бичсэнийг тань харвал эрхэм Эмүжин та болбоос яг ийм БОДГАЛИУДЫН нэг мөнөөсөө мөн бололтой!

Тэгэхээр яагаад чухам хүмүүсийн малыг хураан нэгтгээд нэгдэлжүүлээд байсан юм бол оо? Энэ арга хэмжээ та нарын зоргоороо бурдгаар ээлжит нэг социалист-коммунист солиорол байсан уу, эсвэл манай улс орны хувьд цаг үеийн зайлшгүй шаардлага байв уу? Хар шар феодалуудаас 20 хүрэхгүй жилийн өмнө буцааж авч ардуудад тараан өгсөн мал сүргээ коммунистууд яагаад “хүч хэрэглэн” буцаагаад "хураагаад авчихсан" юм бол оо?

Ер нь алгебр, математик анализ, дээд математикийн үндэс зэрэг хичээлүүд ээлж дараагаар орж, “тооны хичээл дээр үсэг үзээд эхэлдэг” 6-р ангиасаа хойш гавал доторх кило хагас хүрэхгүй саарал бодис дотор нь хүчтэй саажилт үүсэж, тархины хөгжил нь яг тэр үедээ нэг түвшиндээ гацчихсан, ХҮН ТӨРӨЛХТНИЙ ХАМГИЙН ЭНГИЙН МЭДЛЭГИЙН САН болсон ийм сэдвүүдийг уншин ойлгох чадваргүй БОДГАЛЬ болохоо тэр үед нэгэнт харуулсан, өөрөө ч үүнийгээ нэгэнт ойлгосон тул цаашид амьдрахын тулд ямар нэг яруу найраг, утга зохиол, сэтгүүл зүй мэтийн тархины чадамжийн хувьд 6-р ангийн мэдлэг л шаардах тийм чиглэлээр амиа зогоохоос өөр аргагүй болсон зарим нэг УРАН ЗОХИОЛЧ нэртэй УРАН БУРАГЧДАД бол миний сая тавьсан асуултын хариулт яг аман дээр нь бэлхээн байгаа. Наад бэлэн хариултаа түр залгиж байгаарай, би яагаад гэдгийг нь эхлээд тайлбарлаад өгье!

Нэгдэлжих аян өрнөж эхэлсэн тэр цаг үед манай орон өндөр хөгжилд хүрсэн орнуудаас хамгийн багадаа зуун жилээр хоцорсон байсан юм. Орчин цагийн шинжлэх ухаан, анагаах ухаан, боловсрол байгаагүйтэй адил, түүн дээр үндэслэдэг аж үйлдвэрлэл ч бараг байхгүй шахам, дээрээс нь асар том газар нутаг дээр маш цөөхөн ард түмэн аж төрж байлаа. Өөрөөр хэлбэл, "ядахад яр" гэгчээр ажиллах хүчний тоо ч тун чамлалттай байсан билээ. Гэхдээ бид цаашид оршин тогтнохын тулд дэлхийтэй хөл нийлүүлэх, олон зууны хоцрогдлоо нөхөх хүндхэн даалгавар, сорилттой тулгарсан юм. Яг ийм үед нэгдэлжих аян өрнөсөн. Яагаад? Маш том энэ зорилтыг биелүүлэхийн тулд ХҮЧЭЭ НЭГТГЭХ-НЭГДЭЛЖИХ хэрэгтэй болсон юм аа!! Эмүжээн!! “Цувж явсан барнаас цуглаж суусан шаазгай дээр” гэдэг биз дээ, уран зохиогч оо!!

Манай оронд ядаж ЭХНИЙ ЭЭЛЖИНД хамгийн энгийн хөдөлмөрийн хуваарь тогтоох, түүгээрээ дамжуулж хэд хэдэн зорилтыг биелүүлэх зайлшгүй шаардлагатай болсон юм аа.

НЭГТ, нэгдэлжсэнээр бага хүн хүчээр их зүйлийг амжуулах боломжтой болсон юм. Тэртэй тэргүй хүн ам цөөн, ажиллах хүчин бага байсан тэр үед хөдөлмөрийн ийм хуваарийг нэвтрүүлж хүн хүч хэмнэснээр үлдсэн бусад хүмүүс өөр илүү чухал салбаруудад ажиллах, тэр хэрээрээ улс орон урагшлах боломж бүрдсэн юм. Хэрэв тэгээгүй бол хэн бусад салбаруудыг шинээр үүсгэж барьж босгох мөн харь оронд явж эрдэм мэдлэгт суралцаж ирээд улс эх орноо хөгжүүлэх байсан бэ, Эмүжээн?

Одоо 70 гаруй сая мал хувийн өмчид байгаа ч яагаад махны үнэ ийм өндөр болсон байгаа, бас хятадууд ба харийн эзэдтэй хувийн банкууд яагаад ихэнхийг нь хураан өмчилсөн байгаа вэ? Хувийн эзэдтэй мал сүрэг чинь улс эх орны хөгжилд чухал ямар бодит тус дэмтэй байгаа вэ?.......

Хэрэв нэгдэлжээгүй бол хүн болгон нэг нэг жалганд очиж суугаад, малаа маллаад амар жимэр хувиа хичээн амь зуух байсан биз ээ. Эрдэм сурч инженер болоод улс орноо урагш чирч өөрийгөө ч нийгмийн өөр шатанд гаргах байсан хүүд аав нь “За миний хүү сайн малчин болоорой, өвгөдийнхөө буяныг улам улам арвижуулаарай. Тэр эрдэм мэдлэг яах вэ, тэрэнтэй тэрэнгүй болоод л ирсэн юм. Хойшид болох ч биз. Мал дагасан хүн ам тостдог гэдэг үгтэй. Малтайгаа л байвал өлзийтэй” гэж хэлээд хэдэн мал тасалж өгөөд тусад нь гаргах байсаан. Тэгээд тэр хүү мал дагаж амиа борлуулж, довоо шарлуулсаар "даваанаас цааш газаргүй" гэж итгэсээр нэг насыг барах байсан. Тэр хооронд улс орон 300 жил шпрот болтлоо мухар сүсэгт даршлагдсан дундад зууны нийгэмдээ цавуу болтлоо үргэлжлүүлэн чанагдах байсан. Үгүй юм уу, Эмүжээн!!

Ялангуяа эртний өвөг дээдсийн хүчирхэг байсны гол үндэс буюу нүүдэлчин соёлын амин утга учир болох - аливаа бүхэндээ эзэн шиг эзэн байдаг эрүүл бодит сэтгэлгээ, дайчин соргог ялагдашгүй чанарыг харийн дайснууд Шарын шашнаараа даран үхүүлсний дараах монголчуудын 300 жилийн ухамсар сэтгэхүй маллаж буй малаасаа ялгагдахгүй болтлоо дорд унаж шавар бурхан шалдан төвдөд мөргөхөөс өөрийг мэдэхээ байсан тэр бурангуй мөхөлд цэг тавих зайлшгүй шаардлагатай байсан юм аа!

Өөрөөр хэлбэл, тухайн цаг үедээ нийгэм-эдийн засгийн байгууллын хувьд асар их амжилтанд хүрч байсан монгол нүүдэлчин соёлын ухамсар ба ахуйн гайхамшигт хослол зүй зохицлыг зориудаар үгүй хийж, орон зай-цаг хугацаа-бие сэтгэлдээ эзэн байж чаддаг ухамсар сэтгэлгээг нь алж устган оронд нь харийн улстөрийн бодлогоор айдас хүйдсийн мухар сүсгийг суулгасны уршгаар цагтаа дэлхийн талыг эзэлж явсан тэрхүү баатрууд зөвхөн нүүдлийн мал аж ахуй эрхлэгч тархай бутархай балар харанхуй малчид төдий болсон байсан юм. Бусад улс орнууд монголчуудыг мөхөж байх энэ 300 жилийн хугацаанд шинжлэх ухаан, техник технологи, аж үйлдвэрлэлийг хөгжүүлснээр барахгүй, хойд хөрш маань хүний төлөөх шударга ёсны нийгэм байгуулан үсрэнгүй амжилт олж байсан, гэтэл бид хөмөрсөн тогоон дотроо суугаад байх ёстой байсан хэрэг үү, Эмүжээн?

ХОЁРТ, Аж үйлдвэрлэл хөгжүүлэхийн тулд НЭГДЭЛЖҮҮЛЭЛТ ЗАЙЛШГҮЙ ШААРДЛАГАТАЙ болсон юм аа. Аж үйлдвэрлэл хөгжүүлэхийн тулд мэдлэгтэй боловсон хүчин хэрэгтэй болсон байсан. Үүнийг дээр хэлсэн. Бас нэг чухал шаардлага бол түүхий эдийн хангамжийн асуудал байсан юм. Манай орны хувьд тэр үед хамгийн наад захын түүхий эд бол малаас гарах ашиг шим, түүхий эдүүд байлаа. Гэтэл чанартай, хүртээмжтэй түүхий эд гаргаж авахад манай уламжлалт мал маллагааны арга ажиллагаа шаардлага хангахгүй, маш хоцрогдсон байсан юм. Малын эрүүл ахуй, үүлдэр угсааг сайжруулах, малаас гарах ашиг шимийг нэмэгдүүлэх, хамгийн гол нь нэгэнт өсгөсөн малаас ашиг шимийг нь бүрэн гүйцэд авч ашиглах асуудал туйлын дутмаг бүдүүлэг хоцрогдсон байв. Үүнийг засаж сайжруулахын тулд ХҮЧЭЭ НЭГТГЭХ - НЭГДЭЛЖҮҮЛЭЛТ ЗАЙЛШГҮЙ ШААРДЛАГАТАЙ БОЛСОН юм аа, үүнийг ойлгож чадах уу, Эмүжээн!

Бүтээмж багатай, зөвхөн хувийн хэрэгцээгээ хангах төдийхнөөр зорилго нь ханадаг байсан хуучны, явцуу, ХАМГИЙН ГОЛ НЬ МАНАЙ ОРНЫ ӨМНӨ ТУЛГАРААД БУЙ ШИНЭ ШИНЭ ЗОРИЛТУУДАД НЭГЭНТ НИЙЦЭХЭЭ БОЛЬСОН БАЙСАН мал аж ахуйн загварыг халж нэгдэлжсэний ачаар малчид нэгдсэн зохион байгуулалтад орж, хөдөлмөрийн тогтсон дэг жаяг, хуваарилалтад ТҮҮХЭНДЭЭ АНХ УДАА шилжсэн бөгөөд улмаар тодорхой норм дүрмийн дагуу ажиллаж эхлэн өмнө нь ашигладаггүй байсан түүхий эдийн боломжит нөөцийг илрүүлэн бүрэн авч түүнийгээ улс даяар нэгдсэн журмаар татан төвлөрүүлж, төвлөрүүлсэн арьс шир, ноос, ноолуур, сүү цагаан идээгээ тэр үеийн шинэхэн үйлдвэрүүдэд манай түүхэнд мөн л АНХ УДАА боловсруулан өөрсдөө бэлэн бүтээгдэхүүн үйлдвэрлэн эргүүлээд ТЭР МАЛЧДАД ӨӨРСДӨД НЬ жигд тараан хуваарилан өгдөг болсон юм аа!

Ер нь бол “Хамтын нэгдсэн зохион байгуулалтад оръё, амьтад шиг биологийн зөнгөөрөө биш харин хүмүүс шиг дэм дэмэндээ амьдардаг болъё, нийгмийн зохион байгуулалтын хувьд нэг алхам урагшилъя” л гэсэн юм шүү дээ!! Бүгдийг хувьд өгөөд өнгөрсөн 30 жилд юунд хүрэв дээ?!

Өмнө нь зөвхөн алдаа онооны практикт тулгуурладаг байсан мал аж ахуйд орчин үеийн, шинжлэх ухааны ололт амжилтуудыг НЭГДСЭН ЖУРМААР зардал багатай нэвтрүүлье гэсэн юм аа, Эмүжээн! Хүч хөдөлмөрөө илүү хэмнэн, бага зардлаар илүү их үр ашигтай мал аж ахуйг хөгжүүлэн бий болгохын тулд нарийн мэргэшсэн мэргэжилтэн, орчин үеийн техник тоног төхөөрөмж, эм бэлдмэлүүдийг ашиглаж байя гэсэн юм аа! Нэгдэлжүүлэхгүй бол зам харилцаа маш муу, байгалийн асар хүнд ширүүн нөхцөлтэй манай оронд өргөн уудам нутагт хаа сайгүй алслагдан тарсан малчдад тэрхүү эм тариа, тоног төхөөрөмж, түүнийг ашиглах мэргэжилтнүүд хүрч үйлчилж чадахгүй болчих гээд байсан юм аа, уран яруу найруулан бурагч гуай !!

Хүн болгон хувьдаа малтай хэвээр байсан бол ингэж чадна гэж бодож байна уу, Эмүжээн? Чадахгүй ээ!!! Итгэхгүй бол одоо хувь хувьдаа малтай болцгоосон манай өнөөдрийн малчдыг хар даа, тэгж чадаж байна уу? Хувьдаа малтай болоод тэр нь бүүр 1000 хүрсэн ч хэдэн ямаагаа ч бүрэн сааж дийлэхээ байсан малчид захаас аваад хаа сайгүй байна. Зовж зовж өсгөчхөөд ашиг шимийг нь хүртэхгүй бол ямар хэрэг байна вэ? Өөрийн боломжоос хэтэрсэн их малтай болчхоод түүнийхээ ашиг шимийг хүртэж чадахгүй байгаагийн дээр малын хөл нэмэгдэхийн хэрээр бэлчээр сүйдэж, хомсдож, одоо бүүр хоорондоо булаалдан муудалцаж, зарим нэг нь аргаа барахдаа нутаг нутаг хэсэж хөөгдөн амьдарч буй эмгэнэлт жүжгийг “уран зохиогч” минь та харахгүй байна уу?

Бүхнийг хувьд шилжүүлчихвэл л сайхан болно, харин одоо ёстой “муу хоцрогдсон” байна гээд байсан хаана байна аа, айн? Хамгийн их “ардчилагдсан” хэрнээ хамгийн огцом уруудан доройтсон салбар бол мал аж ахуй биз дээ!! (Жил бүрийн мал тооллогоор бид төдөн сая малтай боллоо, социализмын үед ч ийм байгаагүй гэж солиорох бол үнэндээ хагас галзуугийн шинж шүү!) Өмнө нь бол хэмжээгээ мэдээд хүн хүч, үйлдвэрлэлийн нөөц боломжиндоо нийцүүлэн өсгөдөг, ашиг шимийг нь бүрэн авдаг байсан, одоо харин ямар ч зах замбараагүй - “Даахгүй нохой булуу хураах”-ын үлгэр болсон шүү!!

Өмнө нь нэгдэл бүрд байсан зоо техникч, малын эмч нар, хадлан тариалан бэлтгэх станцууд хаа байна вэ? Нэгдэлжсэний хүчээр л бий болсон энэ орон тоо, хариуцлагатай мэргэжилтнүүд, чухал албууд “Малыг малчдад” уриатай цуг устаж алга болсоон. Одоо яаж байна? Малын тоо нь өссөн ч нэг малаас гарах ашиг шим багасаж, өвчлөмтгий, эцэнхий болсон. Малын үржил селекц, үүлдэр угсаа сайжруулах ажил эртний үлгэр домог болсон. Өмнө нь хангай, говь, хээр талын бүсүүдэд ямар мал илүү зохицдогийг судлан гаргаж таван хошуу малаа бүс бүсээр, цаг уурын нөхцөл байдалд нь уялдуулан тоо хэмжээг нь тааруулан өсгөж үржүүлдэг, энэ нь эргээд малын ашиг шим, бэлчээрийн зөв зохистой ашиглалтад бүрэн нийцсэн байдаг байсан бол энэ бүхэн бас л оргүй болсон шүү дээ. Малчид нь өмнөө байгаа хэдийгээ маллаж хүчрэхгүй болсон тул хангалттай хэмжээний хадлан тэжээл бэлтгэх хүн хүч хүрэхээ больж, зуд турхан болоход хөлдөө хөгөө чирч, нусаа хацартаа наах болсоон. Өмнө энэ асуудлыг тусгай мэргэжлийн алба хариуцаж, наанадаж малчдыг гал алдуулахгүй байх үүргийг ч хүлээн ажилладаг байсан юм шүү, уран яруу зохион бурагч аа!!

Нэгдэл сангийн аж ахуйгаар тогтмол явж урлаг уран сайхны ТӨЛБӨРГҮЙ тоглолт үзүүлж, шинэ шинэ уралдаан, сургалт зохион байгуулдаг байсан малчдыг соён гэгээрүүлэх ажлууд хаана байна вэ? Хувийнхан тийм зүйл хийж байна гэж та дуулсан уу, энэ 30 жилд, Эмүжээн?

ГУРАВТ, “Малыг эздээс нь бүрмөсөн булаагаад авчихсан” мэт худлаа бурдаг. Өмчлөлийн хэлбэр л өөрчлөгдсөнөөс мал малчдадаа л байсан шүү дээ!! Тэрнээс хэдэн малыг нь улс нэртэй хэдэн нөхөр хурааж аваад идэж уугаад үрэн таран хийсэн юм байхгүй шүү! Феодалын үеийнх шиг жас жав, ноёд тайжуудын малыг хариулж хоногийн хоолоо арай ядан зогоож явсан эмгэнэлт түүхтэй арай адилтгаж бодоод явдаг юм биш биз дээ, Эмүжээн? Харин ч малчид өөрсдөө төлбөргүй, чанартай, хүртээмжтэй эрүүл мэнд, боловсролын үйлчилгээ авч, олон зууны хоцрогдлоосоо салж, тэдний үр удам болсон 50000 (зөвхөн гадаад улсад суралцсан оюутны тоо шүү!!!) хүн гадаад оронд сурч нарийн мэргэшил, мэдлэг боловсрол эзэмшиж ирсэн байсан юм шүү.

Одоо өөрийн чинь магтан дуулаад байгаа “Ард-чи-лалар” чинь харин феодалын нийгмийг эргээгээд сэргээсэн шүү. “Хувийн өмчтэй болцгооё” гэж хамгийн их орилж хашгирсан “алтан хараацайнууд” л өөрсдөө хамгийн их хувийн өмчтэй болсныг, тэгэхдээ ард түмний маань, аав, ээж, өвөө, эмээгийн маань 70 жил цэвэр ариун хөдөлмөрөөрөө бүтээн босгосон бүхнийг “ХУВЬЧЛАЛ-ХУЛГАЙЧЛАЛ” нэрээр луйвардаж аваад бидэнд ХӨХ-ЯГААН ТАСАЛБАР нэртэй хулхи цаас шавхруугаа шидэж өгчхөөд яаж хуурсныг нь харин та өөрөө санаж байна уу, Эмүжээн?

Одоо нэг зүйлийг энд цухасхаан тайлбарлаад өгье. Зургадугаар ангийн түвшний мэдлэгтэй бодгалиуд ойлгох эсэхийг мэдэхгүй ч, өөр бусад хүмүүст хэрэг болж магадгүй юм аа! Феодалын нийгмийн үед ноёд тайж, том лам нар маш их хөрөнгө хуйтай байсан бол жирийн иргэд үгээгүй ядуу байсныг түүхэн бодит үнэн гэрчилнэ. Үүнийгээ баячууд “Энэ их эд хөрөнгө бол бидэнд бурхнаас өгсөн бэлэг, харин та нар бол дорд гаралтай тул бидэнд үйлчилж амьдрах заяатай” хэмээн худал зөвтгөж мухар сүсгийн намагт байсан бодгалиудыг хуурдаг байсан юм аа. Гэтэл энгийн ардууд үгүйрэн хоосрохын хэрээр нэг л зүйлийг хожим ойлгосон юм. “Адилхан л хоёр хөлтэй хохимой толгойтой атал бид эд нараас юугаараа дутуу гэж ингэж амьдрах ёстой билээ” гэж хэлээд Ардын хувьсгалыг дэмжсэн шүү дээ. Тэгэхээр нь 70 жилийн дараа нөгөө феодалуудын үр удам нь аргаа нарийсгаад “эрх чөлөө, тэгш эрх, хувийн өмч” гэж өвөө нарынхаа өмнөх уриаг өөрчилсөн юм. Учир нь “Угаасаа би чамаас илүү, ийм байх заяа тавилантай” гээд улс эх орныхоо эсрэг явбал юу болдгийг өвөө эмээгийнхээ "хэлмэгдсэн" туршлагаас мэдэж авсан тэд “За тэгвэл БҮГДЭЭРЭЭ АДИЛХАН ТЭГШ ЭРХТЭЙ гэсэн уриа гаргаад монголчуудыг хошгируулъя” гэж шийдсэн байсан. Үүнийг тэдэнд гадны араатны хаад зааж өгсөн юм аа. Бүх юм “чөлөөтэй” болонгуут “хувьчлал” нэрээр улс ард түмний асар их баялгийг тэдний гар хөл хэдхэн этгээдүүд “хулгайлчихна” гэж тооцсон байхгүй юу. Харин дараа нь “Бүгдээрээ л тэгш байсан шүү дээ, харин бид нар л жаахан илүү азтай байлаа. Яахав яахав, дараа хэзээ нэгэн цагт та нарт бас аз таарна аа” гэж хэлэхээ мэдсэн байхгүй юу! Энэ арга нь ч илүү үр дүнтэй байж таарсан. Учир нь БҮГД ТЭГШ ЭРХТЭЙ, ХУВИЙН ӨМЧТЭЙ гээд хэлчихсэн юм чинь өмнөх тохиолдол шиг “Бид юугаараа эднээс дутуу юм?!” гээд ̶х̶ү̶м̶ү̶ү̶с̶ бодгалууд босоод ирэхээ больсон байхгүй юу.

Энд бид өвөө эмээгийн тухай ерөнхийлөн ярьсан хэдий ч, энэ бүхэн урвагч хар феодал, улсаа Хятадад худалдаад 20 000 лан мөнгөөр шагнуулсан Бао Лин овогт Цэрэндоржийн урагшаа харсан?! хөшөө 90 оны төрийн эргэлтийн дараа хотын төвд сэмхэн босож түүний ач хүү Монгол Улсын 21 дэх Ерөнхий Сайд болсонтой шууд холбоотой юм шүү!!

ДӨРӨВТ, эрхбиш сая бичсэн бүхнээс энэ нэгдэлжүүлэлт хэмээгч нь үнэхээр таны бичдэг “яруухаан-найраглал” шиг чинь ОРГҮЙ ХООСНООС ЗОХИОЖ гаргаж ирсэн зүйл огт биш байжээ гэдэг нь ойлгомжтой биш гэж үү? Хатуу чанд түүхэн бодит амьдралын үнэнээс гарч ирсэн зайлшгүй арга хэмжээ байсан юм шүү!

Харин та “Хүний эрхийг зөрчиж малыг малчдаас хүчээр булааж авсан” хэмээн мэлзэн муйхарлаж бухсаар байх биз. Би ТАНД ойлгуулах үүднээс дахиад маш хялбараар тайлбарлаж өгье. Мэдээж малаа өгөх дургүй нэг хэсэг малчид байсан байж таарна. Бас улс орны өмнө тулгарсан бодит байдлыг ухаараад түүнийг сайшаан дэмжсэн хэсэг ч байсан. Чухам эсэргүүцэл гарахыг мэдээд ухуулга сурталчилгаа, тайлбар таниулгын ажил хийсэн муу нэртэй луу данстай нөгөө муу “Хувьсгалт Нам”(ХН) ч байсан. Тэгвэл одоо зүйрлүүлээд бодъё. ХНамыг эмч гэе. Тэд улс орныг эмчлэх ёстой болсон гэе. Үүний тулд эмчилгээ-нэгдэлжих аяныг өрнүүлэх хэрэгтэй болжээ. Гэтэл зарим “өвчтөн” “тариа” тариулахаас айгаад “Сэрэлт” кинонд гардаг шиг зугтаад байж. Гэвч зөвхөн нөгөө “учрыг ойлгоод байгаа” хэдэд нь тариа хийсэн болоод, “зугтсан” хэдийг нь орхичих гэхээр хэсэгхээн хугацааны дараа “тариулаагүй” хэдээс нь “эрүүл” хэддээ нөгөө “өвчин”-өө дахиад халдаачих гээд байсан байхгүй юу. Тэгээд л арга буюу “зугтаасан” хэдийгээ “чирч” авч ирээд, вандан дээр хэвтүүлж байгаад “шипп” гээд тарьчихсан юм аа.

Эрхбиш нөгөө “зугтсан” хэдэн нөхөд хэдийгээр тариа тариулахад “часс” гээд өвдсөн ч удалгүй бие нь сайжраад эдгэрээд-нүдэн дээр нь улс орон нь хөгжиж дэвшээд ирснийг өөрсдөө нүдээрээ харж, гараараа тэмтэрч мэдээд, яах гээд араас нь “хөөгөөд” байсныг ойлгосон байх аа, ихэнх нь. Тэр малчдыг бол ойлгож байна, аа. Тэдний ихэнх нь 4 аргын тоо мэдэхгүй, бичиг үсэгт ч бүрэн тайлагдаагүйн дээр мухар сүсэгт удаан чанагдсан жинхэнэ бодгалиуд байсан юм шүү дээ. Харин таныг болон танай үзэл бодол нэгт хампаануудыг л ёстой ойлгох арга алга даа. Жишээ нь та бол эрхбиш арван жил суурь боловсрол эзэмшээд, байгалийн шинжлэх ухааны биш ч нийгмийн ухааны чиглэлээр, их биш юм аа гэхэд дээд курс сургуулийг бол дүүргэсэн байлгүй дээ. Тийм “мундаг ардчилсан боловсролтой” эрхэм зохиолч гуай атлаа нэгэнт болоод өнгөрсөн, мэдээ баримт нь бэлэн байж байгаа зүйлсийн цаад учрыг одоо болтол ойлгоогүй явсаар байгааг л ёстой ойлгож чадахгүй байна!

Эцэст нь энэ хүртэл тэвчээртэй уншсан уншигч танаас миний бичсэнийг өөрийн боломжоор эрхэм “уран зохиогч” Эмүжин авхайн сонорт хүргэж өгөхийг хүсэх байна. Энэхүү нийтлэлээ би түүний нэрээр хаяглан наад захын хэдхэн асуулт тавилаа.

Өөрийн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж болох ч энэ нь юу хүссэнээ, мөн санаанд орсноо чөлөөтэй бурж болно гэсэн үг ОГТ биш гэж ойлгож явдаг тул миний тавьсан асуултуудад хариулах замаар өөрийн тэгж их хорсон бичсэн учрыг тайлбарлахыг эрхэм найрагч танаас хүсэх биш бүүр ШААРДАЖ байна.

Учир нь олны анхааралд байдаг хүний хувьд таны бичсэн ярьсан бүхнийг нийгмийн нэг тодорхой хэсэг харж уншиж, зарим талаар үлгэр дууриалал авч байдаг тул аливаа түүхэн бодит үйл явдлуудтай холбоотой үнэлэлт дүгнэлтээ заавал БОДИТ БАРИМТУУДААР баталгаажуулж нотолж байхыг шаардах нь ардчилсан Монгол улсын нэгэн иргэн миний болон бусдын эрх биш бүүр ҮҮРЭГ байх ёстой юм аа.

 

Сэтгэгдэл бичих

Таны бичсэн сэтгэгдлийг сайтын админ зөвшөөрсөн үед нийтлэх болно. Зөвхөн кирилл үсгээр зөв бичгийн алдаагүй бичсэн, интернет соёлын хэм хэмжээнд нийцсэн сэтгэгдлийг хүлээн зөвшөөрөхийг анхаарна уу. Сэтгэгдэл бичихийн өмнө "Интернет соёлын хэм хэмжээ" нийтлэлийг уншихыг танд зөвлөж байна.


Security code
Шинэчлэх

    • Цахим шуудан:
      • This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
      • This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
    • Мэдээлэл харилцаа хариуцсан ажилтны утас: 88167001
    • Номын борлуулалт хариуцсан ажилтны утас: 88167001
    • Банкны данс:
      • Банкны нэр: Худалдаа хөгжлийн банк
      • Дансны дугаар: 456 094 040
      • Данс эзэмшигчийн нэр: Дэмчигийн БОЛОР
      • Валютын төрөл: Төгрөг