9thofmay

 

Бараг бүх Европ тив тэр чигээрээ гитлерийн Германд хэдхэн сарын дотор бууж өгч эзлэгдсэн байсан ба удалгүй армиуд нь Гитлерийн талд орон байлдаж аж үйлдвэрүүд нь нацистуудыг шаардлагатай бүх зүйлээр хангаж байсан юм.

1. 1938 оны хавар Англи, Францын эрх баригчид Мюнхенд цуглаж нацистуудыг улам хүчирхэгжүүлэхийн тулд цэргийн аж үйлдвэрлэл өндөр хөгжсөн байсан Чехословакийг Гитлерт хаяж өгөх хуйвалдааныг хийсэн бөгөөд түүнээс хойш Чехословакийн бүх аж үйлдвэрүүд фашист Германы талд ажиллаж эхэлсэн юм. Жишээлбэл, ганц "Шкода" үйлдвэр гэхэд л ЗХУлстай дайн эхлэхийн өмнөх 1940 онд Английн бүтэн нэг жилийн үйлдвэрлэлтэй тэнцэх хэмжээний машин, буу, сум зэвсгийн хэрэглэлүүд үйлдвэрлэж нацистуудад нийлүүлж байсан юм. Мөн фашист Германы армиудыг 1-хан хоногт эзлэгдсэн Дани улс хүнсээр, 6-хан долоо хоногт бууж өгсөн Франц улс автомашинуудаар, эрх баригчид нь Гитлерийн талд урвасан Румын улс газрын тосоор хангаж байсан нь түүхэн бодит баримт юм.

2. Эх орны дайн эхэлсэн 1941 оноос Финлянд, Румын, Венгерийн 29 дивиз, 16 корпус цэрэг арай хожим Словак, Чехийн Богеми Морави, Хорват, Албани, Голланд, Дани, Норвеги, Францын сайн дурын легионууд, Италийн экспедицийн армиуд, сайн дурынхан фашист Германы талд орж ЗХУлсын эсрэг байлдаж байсан нь бас түүхэн бодит баримт билээ. Эдгээр "ардчилсан" улсуудын армиуд, сайн дурынхан фашист Германы нийт 5,9 сая цэрэгтэй Вермахтын 26-30%-ийг нь бүрдүүлж байжээ. Харин энэ бүх дайнч-тонуулчдын эсрэг 2,9 сая цэрэгтэй ЗХУлсын Ажилчин Тариачны Улаан арми Улс Эх Орноо, Гэр бүлээ, Итгэл үнэмшлээ хамгаалан сөрөн зогсож байсан юм.

3. Их британи, АНУлс хоёр 1942 оноос албан ёсоор ЗХУлстай гэрээ байгуулж "холбоотнууд" болсон байсан хэдий ч өөрсдийн "тун ч өвөрмөц" тоглоомоо тоглосоор байсан юм. 1942 онд нацист Германы баруун талаас нь II фронт нээхийг И. Сталин удаа дараа албан ёсоор хүсэлт тавихад У.Черчилл элдэв шалтаг тоочин эрс татгалзаж байсан нь бас л түүхэн баримт билээ. Мөн АНУ-ын ерөнхийлөгч Франклин Рузвельт ч ийм татгалзсан хариу өгсөн бөгөөд арай хожим дэд ерөнхийлөгч нь болсон Гарри Трумэн тэр үед ингэж мэдэгдэж байжээ: "Хэрэв немцүүд давамгайлаад эхэлбэл оросуудад туслах хэрэгтэй, эсвэл оросууд дийлээд эхэлбэл немцүүдэд туслах хэрэгтэй. Тэд аль болох удаан бие биенээ алж хядаж байг". If we see that Germany is winning we ought to help Russia and if Russia is winning we ought to help Germany, and that way let them kill as many as possible...., ("New York Times", 24.06.1941).

4. Их британи, АНУ мөн тэдний дагуул улсууд 1939 оны 9-р сард гитлерийн Германд дайн зарласан боловч зөвхөн 1944 оны 6-рд сард л сая 2-р фронт нээж нацистуудыг цаад баруун талаас нь дайрч давшиж эхэлсэн түүхтэй! Европ дахь II дайны талбар бол тэр үед Хойд Африк, Ази - Номхон далайд болж байсан жижигхээн мөргөлдөөнүүдтэй харьцуулбал хүн хүч, зэвсэг техник, гарз хохирлын хувьд зүйрлүүлшгүй юм. 2-р фронт нээсэн 1944 оны 6-р сар бол ЗХУ ганцаараа нацист фашистуудыг дарж чадах нь нэгэнт тодорхой болсон, хэн энэ дайнд ялалт байгуулах нь ойлгомжтой болсон, мөн оросууд Берлинийг ганцаараа эзлэн авчих "аюул" гарч ирсэн байсан үе юм. Энэ нь ялалтын бялуу, нэр төрийг хуваалцахад мөн дайны дараах Европыг хянахад барууны улсуудад том саад болж геоулстөрийн том ялагдал хүлээх байлаа... Чухамдаа эндээс л Германыг хоёр хуваах, Төмөр хөшиг, Хүйтэн дайн үүссэн түүхтэй. Дайны дараа тэд ийм хоёр нүүртэй "өвөрмөц" бодлогоо өнөөдрийг хүртэл үргэлжлүүлэн явуулсаар байгаа билээ...

5.Зөвлөлтийн ард түмэн (бас цорын ганц үнэнч холбоотон нь байсан БНМАУлсын ард түмэн), Улаан арми дэлхийн II Дайны бүх хүнд хүчрийг үүрэн гарч ялалтанд шийдвэрлэх хувь нэмрийг оруулж Агуу Ялалт байгуулсныг тэр үеийн бүх том улс гүрнүүд, улстөрийн зүтгэлтнүүд нь ч хүлээн зөвшөөрч байсан юм. Жишээлбэл, Британийн ерөнхий сайд Уинстон Черчилл Иосиф Сталинд хандаж бичихдээ: "Би маргааш Британийн парламентын Төлөөлөгчдийн танхимд үг хэлэхдээ энэ тохиолдлыг ашиглан урьд өмнө нь хэлж байснаа дахин давтан - чухамдаа Оросын арми л Германы энэ дайны машины гэдсийг нь цувуулж орхисон юм гэдгээ дахин хэлэх болно оо" гэж байжээ. Мөн АНУ-ын ерөнхийлөгч Франклин Рузвельт : "Оросын армиуд үлдсэн бүх 25 улсын нэгдсэн аримудаас ч илүү дайсны цэрэг, зэвсэг техникийг устгаж байгаа энэхүү илэрхий бодит фактаас зугтах үнэхээр хэцүү юм" гэж бичиж байсан байна.

6. Гэвч энэ хүнд дайнд асар их цус, гарз хохирол хүчээр ЗХУ ялалт байгуулсны дараа саяхан холбоотон нь байсан Англи (У.Черчилл), АНУ (Г.Трумэн) гүрнүүд өвөрмөц "тоглоомоо" цааш үргэлжлүүлж гэнэтхэн, 1946 оны 3-р сарын 5-нд ЗХУлс, социалист блокийн улс орнуудад анх эхлэн "Хүйтэн дайн" зарлаж байгаагаа мэдэгдэж "Төмөр хөшгөө" буулгасан билээ...

Хожим бүүр 1972 оны эхээр Ерөнхийлөгч Ричард Никсон АНУ-ын Конгресст хандаж үг хэлэхдээ " ... Бид бүхэн Орост дахин хэзээ ч тийм Александр Матросовууд, тийм Зоя Космодемьянскууд шиг хүмүүс гарч ирэхгүй байлгахын төлөө бүх зүйлийг хийх ёстой байна..." гэж хэлсэн байдаг!?

Ийнхүү дэлхийн 2 дайны тулааны талбар дээр өөд өөдөөсөө харж шударгаар байлдан ялж чадаагүй тэд Хүйтэн дайн - хулхи суртал ухуулга, сэтгэлзүйн явуулга, тархины угаалгын дайнд "ялсан" билээ... гэхдээ түрхэн хугацаагаар, яагаад гэвэл Чин Үнэн хэзээ ч даравч далдайдаг, булавч бултайдаг ! Хүмүүс түүхэн үнэнийг хичнээн бага мэдэж байгаа тусмаа төдийчинээ их туйлширцгаадаг. Зарим нь бүүр сургаар үнэмшчихсэн "шүдээ хавиран" үзэн ядахыг нь яана!? Харин "Та яагаад ингээд байна вэ" гэхээр "би тэгж хүнээс сонссон, эсвэл нэг [шар] сонин, ухуулга-уран сайхны номон дээрээс дээр үед хальт (!) уншсан, эсвэл нэг "мундаг" нийтлэлч тэгж ингэж бичсэн байсан" гэдэг гэнэн хүмүүс их байдаг. Тэгээд "та энэ бүхнийг шалгаж үзсэн үү, тэр чинь ядаж найдвартай эх сурвалжтай үнэн мэдээлэл үү" гэж асуухаар гайхаад бүр ийм асуултыг хүртэл "ойлгодоггүй" хүмүүс их болсон байгаа?! ...

Та бүхэн энэ бүхнийг өөрсдөө бас судалж уншиж шалгаарай. Тэгээд эргэцүүлэн тунгаан бодож байж дүгнэлтээ хийнэ биз ээ!

Анхаар! Энэ нийтлэлийг ЧӨЛӨӨТЭЙ хуулан авч өөр сайт, сонинд тавьж болно! Гагцхүү монгол хэл дээрх эх үүсвэрийг заах, мөн тус сайт руу шууд холбоос хийх ёстойг сануулъя.