ГЕОПОЛИТИКИЙН ЗОЛИОС УУ ЭСВЭЛ ГУРАВ ДАХЬ ХӨРШИЙН БОДЛОГО УУ ?!

Эх үүсвэр: http://www.olloo.mn/modules.php?name=News&file=article&sid=1225586

 

Ер нь аливаа улстөрчийн хэр хэмжээг амбиц нь тодорхойлдог. Жижиг улстөрчид албан тушаал зэрэг дэвийн төлөө үхэн хатан өрсөлддөг бол төрийн томоохон зүтгэлтнүүд улс Эх орныхоо эрх ашгийн ирээдүйн төлөө өрсөлдөөнд ордог.

Ийм боломж тэр болгон олон улстөрчид олддоггүй. Ардчилсан "хувьсгал"-аас хойшхи хорин гурван жилд ийм болож ердөө гарын таван хуруунд багтах цөөн хүнд л олдсон. Н.Энхбаяр, С.Баяр, Ц.Элбэгдорж гэсхийгээд дуусч байна. Сүүлийн хоёроо эхнийх нь төрүүлсэн юм л даа. Дотогшоо харж тоглосон улстөрч энэ намгандаа л ваагласаар л дуусдаг!

2000 оны сонгуулийн дараачаас эхлэн АНУ-ын зүгээс Монголын улстөрийн эрх мэдлийг гаднаас нь хянах талаар маш эрчимтэй ажиллаж эхэлсэн юм. Ингэхдээ Ц.Элбэгдорж, З.Энхболд, Ч.Сайханбилэг, С.Баярцогт гэх мэт АН-ын олон лидерүүдийг АНУ-д аваачиж сургаж "боловсруулж" эхэлсэн. Чухамдаа Коминтерн Засгийн эрхийг авахын тулд хамгийн түрүүнд Монголын бичиг үсэгтэй сэргэлэн залуусыг КУТВ-д (Коммунистический Универсистет Трудяшихся Востока) сургаж эхэлсэнтэй л адил зүйл. (Коминтерн бол бас л тэдний төрүүлсэн "хүүхэд" нь байсан юм... - bolor.info )

Харин тэр үед Монголд АН-ын даргаар Д.Дорлигжав, генсекээр Н.Алтанхуяг, бас Э.Бат-Үүл, Р.Гончигдорж нар үлдсэн. Тэд л гудамжинд даарч хөрч, трактор жагсааж, Зоригийн хэргээр баригдаж, Эрдэнэтийн хэргээр шалгуулж муугаа үзсээр АН-ын голомжтыг арай ч унтраачихалгүй авч үлдсэн дээ. Тэд тухайн үеийн МАХН тэр дундаа Н.Энхбаяртай хэлэлцэн тохиролцож байж “Алтан гадас” ТББ хүртэл хамтран байгуулж байж намаа авч үлдсэн.

Энэ зуур өнөөдүүл нь Америкт неолиберал номын дуу сонсож, хаусанд тансагласан шигээ сууж байв. Хэрэв 2000 оны сонгуулийн дараа АН эрх барьсан дөрвөн жилийн хугацаандаа асгаж цутган идсэн үй түмэн хэргийг нь сөхсөн бол АН-ын олон лидерүүд нь торны цаана “жаргаж”, үнэндээ тэнд “жиргэж” байх байв. С.Баярцогт, Ч.Сайханбилэг нарын "тэлээ төлөгүүд" дунд нь гүйж байж энэ асуудлыг "зохицуулсан" агаад АН-ынхан Монголд байж цор цор гээд байвал гарцаагүй Ганц худагт морилчих гээд байсан юм.

Америкчууд Монголын дараагийн удирдагчдыг - чухамдаа гарын хүмүүсээ болгон бэлтгэж байх яг тэр үед монголчуудад өөрсдөө төрийн хэргээ эрхлэн явуулах үүлэн чөлөөний нар шиг боломж гарсан агаад энэ үед Н.Энхбаяр тогтвортой засагласан юм. Энэ боломжийг ашиглан Монгол улс их өрнөөс салж, олон улсын энхийг сахиулах ажиллагаанд оролцож, хөрөнгө оруулалтыг нэмж татан эдийн засгаа тогтворжуулж, “Мянганы зам” хөтөлбөрөөр зам харилцаагаа сайжруулж, баруун аймгуудыг эрчим хүчний нэгдсэн системд холбож бас ч үгүй нэлээдгүй амжилт олж байсан юм. Өнөөгийн эдийн засгийн өсөлтийн суурь чухамхүү тэр үед тавигдсан билээ. (?!)

Н.Энхбаярыг “үндэсний удирдагч” гэж нэрлэж байсан нь зүгээр ч нэг тохиолдлын цол гуншин эсбөгөөд хөгийн магтаал байгаагүй юм. Тухайн үеийн улстөрийн хүрээнийхэн чухамхүү өөрсдөө тогтвортой засаглах үүлэн чөлөөний нар шиг боломж нь Н.Энхбаярын үе гэж үзэж түүнийг дэмжиж тогтвортой ажиллуулж байлаа.

Харин энэ зуур манай 2 хөрш тэр ч байтугай гуравдагч "хөрш" маань ч зүгээр сууж байгаагүй юм. Чухамдаа сонгуульд ялагдан хавчигдаж зовж зүдэрч байгаа үед нь янкууд АН-ын лидерүүдэд гараа сунган тусласан нь тэдний тун алсын бодлого байсан юм.

С.Баярыг ОХУ-д удтал барьж өөрийн хүн болгон бэлтгэж байв. Энэ зуур бас ч зүгээр байсангүй, МАХН-тай Оросын шинэ эрх баригч хүчин хэлхээ холбоогоо зузаатгахыг хичээсээр байв. Мөн хугацаанд БНХАУ-ын эрх баригчид ч зүгээр байсангүй. УБ хотын удирдлагад байсан М.Энхболд, Т.Бадамжунай тэргүүтэй “хотын” хэмээх бүлэглэлийг дэмжин тэтгэсээр байв. Монголчуудын засаглалын энэ он жилүүд үүлэн чөлөөний нар шиг ахархан гэдгийн хаа хаанаа ойлгож энэ хугацаанд болж өгвөл аль болох ихийг амжуулахыг хичээсээр байсан юм.

Н.Энхбаярын засаглалын жилүүдэд МАХН ер нь ХКН-тай айхтар ойр байгаагүйг өнөөдөр бүгд санаж байгаа байх. Харин М.Энхболд, У.Хүрэлсүх нарын үед харилцаа илэрхий идэвхжиж эхэлсэн билээ. ОХУ-ын намуудтай ч МАХН ойр байгаагүй, С.Баярын засаглалын үед л “Нэгдсэн Орос” намтай илэрхий ойр дөт болж эхэлсэн. ЗХУКН таран бутарч ор суурин дээр нь бий болгосон Оросын Коммунист нам үнэндээ Монголын ИЗН-ын дайны л нам болж хувирсан бөгөөд Г.Зюганов хэмээх халзан эрээс өөр лидергүй болоод байв.

Харвард, Денвер, Массачусетсийн их сургуулийн манай "мастерууд" 2004 оны сонгуулийн өмнөхөн гэв гэнэт “гэрээ санасан гэсэр” мэт Монгол руу цутган орж ирэв. Улстөр үймж бужигнаж эхэллээ. Ирэхэд Г.Батхүү тосч хөл дүүжлэх унаатай залгуулсан Ц.Элбэгдорж “Нүх үү, үлдэх үү?” цуврал лекцээ уншиж, Ерөнхий сайд Н.Энхбаяраас Хархорины засаг дарга болгож өгөхийг гуйж байв.

Яг энэ үед Н.Багабандийн дэмжлэгээр М.Энхболд ихээхэн идэвхжсэн үе байлаа. Их өр тэглэсэн ч сөрөг суртал нэвтрүүлгийг маш хүчтэй явуулсан тул түүний ач холбогдлыг олон нийт олйгож үнэлж чадаагүй. Тэр үед Н.Багабандийн бүлэглэл Бээжинд Оюу толгойн худалдааны гэрээний эхлэлийг тавьсан ба үүнд нь М.Энхболдын нэр төдий толгойлдог хотын бүлэглэл намдаа хаалт болж энэ гэрээг хамгаалах учиртай байв. Тэр үед л Н.Багабанди М.Энхболдын эцэг Миеэгомбо гуайд “Ардын багш” цол олгож байсан санагдана. Өөртөө татах ганц арга боломж л тэр байсан юм.

Яагаад ч юм 2004 оны сонгууль маш гайхалтай үр дүнтэй өндөрлөв!? Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр УИХ-д асуудлыг гишүүдийн гуравны нэгээр шийддэг байсныг өөрчилж оролцсон гишүүдийн 50 хувиарс дээш хувиар шийддэг болсон байтал яг тэр өөрчлөлтийг нь урьдчилан мэдсэн юм шиг парламент дахь хүчний харьцаа 50:50 болж тогтжээ. Эсвэл бас үүнийг цаанаасаа тааруулсан уу?

Үүнээс улстөрийн хямрал эхлэв. Тогтвортой засаглах боломж алдарлаа. МАХН дахь М.Энхболд, Н.Багабандийн бүлэг нийлж байгаад Н.Энхбаярыг Засгийн газраас шахан гаргав. Ингэхдээ ОХУ-д элчингээр сууж байсан С.Баярыг дуудан авчирч Н.Энхбаярыг шахаж дэвшүүлсэн Ерөнхийлөгчийн сонгуулийн штабын Ерөнхий менежерээр нь тавьжээ. Энэ сонгууль ширүүн өрсөлдөөнтэй эхэлсэн ба харин сонгуулийн ид дундуур С.Баяр гэнэт энэ ажлаа хаяад БНХАУ руу 7 хоног алга болчихов.

Гэвч тэр удалгүй эргэж ирсэн ба харин сонгуульд Н.Энхбаярыг заавал ялуулах ёстой болсон байлаа. Хэрэв Н.Энхбаяр ялагдвал МАХН хүнд цохилт авч задран бутарч магадгүй байв. Учир нь МАХН дахь Н.Энхбаярын баг хүчтэй хэвээр байв. Тэд М.Энхболд, Н.Багабандийн бүлэгтэй тулбал яаж ч мэдэх маш хүчирхэг бүлэг хэвээр байсан юм. Нөгөө талаас Н.Энхбаярыг “эе эвээр засаж” намын удирдлагаас “дэвшүүлэн” зайлуулах л хамгаас чухал, түүнийг явсны дараа бий болгосон нэгдмэл бүтцийг нь эвдэлгүй өвлөн авах нь хожмын ажил хэрэгт туйлаас чухал байсан юм.

Парламентад хүч тэнцсэнээс Засгийн газар байгуулах болоход Хархорины Засаг дарга болгохыг гуйж байсан Ц.Элбэгдорж гэв гэнэтхэн Ерөнхий сайд болчихов. Тухайн үед МАХН-ын дотоод дахь далд тэмцэл туйлдаа хүрснээс Засгийн эрхийн нөгөө талд түр шилжүүлж ингэж дотоод амбицыг нь дарах нь туйлын чухал байжээ. Энэ зуур Н.Багабанди өөрийн нөлөөгөөр бас С.Баярын дэмжлэгээр ИЗН-ыг өөртөө татав. Ингэж АН-ыг бүлэггүй болгож хувааснаар Засгийн эрх МАХН-ын гарт аяндаа ороод ирэв. Энэ ажлыг сайн зохион байгуулсан гавъяаг МАХН-ын генсек С.Баярт оноосон юм.

Намын дарга М.Энхболд нь "тоглоомын" Ерөнхий сайдаар дэвшжээ. Энэ зэргийн шагнал хүртэх эрх түүнд бий. Дараагийн алхам хийгдтэл тэр байж байх ёстой байв. Энэ зуур Оюу толгойн гэрээний суурийг тавьж байсан юм. Гэхдээ энэ гэрээг батлах нь давхар ач холбогдолтой байх ёстой байжээ. Яг энэ үед Н.Энхбаяр гадны гүрнүүдийн нөлөөлөл хэт давамгай болж болзошгүйг мэдэрч Оюу толгойн гэрээнд тээг саад болж эхэлсэн юм.(!?) Гэрээний үйл явц ахицгүй болж дороо хий эргэж эхэлжээ.

Хариуд нь Н.Энхбаярын Засгийн газрын үед Сү.Батболдтой байгуулсан гэрээний дагуу Монголд ашиггүй үйл ажиллагаа явуулж байсан “Бороо гоулд”-ын асуудлыг сөхөн тавьжээ. Ингэж шахсанаар энэ бүх үйл ажиллагаанд Н.Энхбаяр буруутай мэт сэтгэгдэл олон нийтэд төрүүлэхийг хичээж байв. Тухайн үед Бороо Гоулдын захирлаар Австралийн иргэн, орос хүн ажиллаж байсан билээ. Энэ зуур Н.Энхбаярын үед төрийн ажилд татан оруулсан байсан залуучуудыг шахалт үзүүлэн урвуулан авах талаар хүчтэй ажилласан байна. Сү.Батболд аймхай бас том нээнтэгтэй байсан тул амархан автав. Бороогийн зөвлөх байсан тагнуулын Сандагаа энэ бүх мэдээллийг С.Баярт зөөж байлаа.

Энэ үед Монгол дахь Хятадын нөлөө М.Энхболдоор дамжин илт анзаарагдам сэргэж эхэлсэнд Монголчууд түгшиж эхлэв. Энэ түгшүүрийг намжаах цорын ганц хүн нь Оросын талыг баримтлагч гэж харагддаг С.Баяр байсан тул түүний нэр хүнд гэрлийн хурдаар цойлсон юм. С.Баяр л Монголыг энэ хэт савалтаас аварна гэж нийгэм түүнд итгэн хүлээж байв.

АНУ-д бэлтгэгдээд ирсэн Ц.Элбэгдорж тэргүүтэй АН-ынхан байсан авч тэд дотоод зөрчил, М.Энхсайхантай хийсэн увайгүй явуулгынхаа дараа хүч буурай болсон ба парламентад бүлэг ч үгүй болтлоо уруудан доройтсон байв.

2008 оны сонгууль дөхөхийн хирээр С.Баяр, Н.Багабанди нар шийдэмгий хөдлөж М.Энхболдыг нам, засгийн эрхнээс зайлуулав. Цаашдаа бүрмөсөн дарж авахын тулд түүнийг Н.Энхбаяртай холбох шижим хайж байлаа. Тухайн үед асуудал эвгүй эргэж байгааг мэдэрсэн Н.Энхбаяр М.Энхболдод тусламж үзүүлэхийг хичээсэн гэхдээ төдийлөн хүчлээгүй юм. Ямар боловч нам доторх фракцуудынхаа зөрчлийг барьж байхгүй бол алсдаа туйлын аюултай нөхцөл байдал үүсч болзошгүй байв. Үнэхээр ч тийм юм болсон билээ.

С.Баяр ерөнхий сайд болмогцоо хамгийн түрүүнд өөрийн найз Р.Болдыг ТЕГ-ын даргаар тавьжээ. Р.Болд Нью-Йорк дахь төлөөлөгчийн газар ажиллаж байхдаа ч, Вашигтонд элчингээр ажиллаж байхдаа ч Америк-Монголын хооронд лоббиг тун ч гарамгай хийж сурсан хүн юм. Нэгэнтээ Н.Энхбаярын тухай “Далай давуулсан улстөр” нийтлэлийг тэр үед гарч байгаад хожим хаагдсан “Улстөрийн сонин”-д гаргасныг Р.Болд АНУ-аас далай давуулан шидсэн гэлцдэг. Тэгэхэд Н.Энхбаяр АНУ-д айлчилж тэнд монголчуудтай уулзахдаа Н.Багабанди гэгч ямар шуламын хорлолт амьтан болох тухай материалыг хэвлэн тараасан гэх шуугиан дэгдээд байсан билээ.

Тэрхүү баримтыг тэр үед “Азийн сан”-гийн захирал байсан, хожим “Айвенхоу майнз”-ын хэвлэлийн төлөөлөгч байхдаа “Оюу толгой”-н гэрээг батлуулахад чухал үүрэг гүйцэтгэсэн учир “Айвенхоу”-гийн Азийн бүсийг хариуцсан захирлаар дэвшин одсон Лейтон Крофт гэгч тус сонины тоймч одоо “МонЦаМэ”-гийн захирал болоод байгаа А.Баатархуягт биечлэн дамжуулсан байна. Үүний дараа Ц.Элбэгдорж ирээд А.Баатархуягийг шууд АН-ын нарийн бичгийн даргаар томилсон бөгөөд бас одоо УИХ-ын гишүүн болсон Г.Уянгыг Стэнфордын Их сургуульд суралцуулах талаар ярилцаж байсан ч нөгөөх нь татгалзсан гэдэг. Тэр үед нөгөө талаас оросууд тэдэнд асар их мэдээллийг өгч “Оюу толгой” ба “Таван толгойн” гэрээг байгуулахад саад болоход их нөлөөлүүлсэнд цаад учир нь байгаа гэлцдэг.

Р.Болд ТЕГ-ын даргаар ирээд өмнөх хэлхээ холбоогоо ашиглан С.Баярыг АНУ-ын нөлөөлөлд оруулах, хамтран ажиллахад гол үүрэг гүйцэтгэсэн байна. Р.Баяр өмнө нь Вашингтоны Их Сургуульд судалгааны ажилхийж байсан нь ч энд тус дөхөм болжээ. Тэр үедээ С.Баяр Бээжингээр дамжин Монгол руу буцах замдаа “Би Америкийн талыг баримтлагч болчихлоо” гэж хошигнож байсан гэдэг. Хожим Р.Болдын үед Монголын супер тагнуулч гэгдсэн Б.Хурц Их британид баривчлагдсан нь гайхалтай тохиолдол биш юм. Мэдсээр байж энэ хүнийг тийш нь явуулдаг тагнуулын газар ч гэж юу байхав дээ. Учир нь Б.Хурц Н.Энхбаярын засаглалын жилүүдэд Францаас Б.Энхбатыг хулгайлан авчрах ажлыг удирдан зохион байгуулсан ба тагнуулаас оролцсон ганц хүн нь юм. Түүний багийнхан нь тагнуулынхан байсан гэж өнөө болтол ярьдаг ч үнэндээ дан цагдаагийнхан байсан юм. Н.Энхбаярыг дарахын тулд Б.Хурцыг золих бол юу ч биш байсан юм.

Ийнхүү Н.Багабанди, С.Баяр, Р.Болд нарын идэвхтэй үйл ажиллагааны үр дүнд “Оюу толгой”-н гэрээ байгуулагдсан ба С.Баяр эцсийн алхамыг нь хийж өгчээ. 2012 оны хавар С.Баяр энэ гэрээг өөрчлөхийг шаардсан намынхаа гишүүдийн үйл ажиллагааг зогсоож чадаагүйнхээ төлөө канадууддаа нүдүүлж, булхайтай энэ гэрээний асуудал хурцадмагц нэр дэвшилгүй Монголоос зугтан гарсан юм. Тэрээр Канадад иргэний орогнол олгох хууль ёсны боломжтой зүрхний хагалгаанд орсноор Канадын иргэн болсон гэдэг. Нөгөө талаас Канадын хуулиар бол тус улсад 400 мянган ам.доллар оруулсан этгээд иргэн болох бололцоотой юм. Бүр Ли Пэний үед түүний авгайтай хуйвалдаж их хэмжээний шатахуун татваргүй оруулж баяжсан энэ этгээд яг энэ заалтаар нь Канадын иргэн болсон ба хэрэг илэрмэгц зугтан гарч Канадад орогнон суусан байна. Түүнийг БНХАУ-ын Засгийн газар нэхээд ч авч чадаагүй юм.

“Стратегийн ач холбогдол бүхий салбарт үйл явуулж байгаа аж ахуйн нэгжид гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай” хууль гарснаар Канад, Австралийн компаниудын лицензээр дамжуулан хийдэг луйвартаслагджээ. Энэ бол чухамхүү тэдний хамгийн гол луйврын бизнесийг тас цохисон хэрэг байв.

2012 он дөхөхөд америкчууд МАХН-ынхныг биш, харин АН-ынхныг илэрхий дэмжиж эхэлсэн билээ. Учир нь МАХН-ынхан хийдгээ хийсэн, харин одоо бол АН-ыг эрх бариулах хэрэгтэй байсан учраас нөгөөдүүл нь хэрэггүй болжээ. Энэ зуур У.Хүрэлсүх нар намынхаа нэрийг сольж Ардын нам болгосон билээ. Төрд хуйвалдсан энэ эвсэлд тэр дор нь МАНАН гэдэг нэр өгөв.

Энэ нь нам дотроо туйлын хүнд явуулга, хорлонт барьцаа хүлээсэнд байсан Н.Энхбаярт чөлөөтэй ажиллах орон зай гаргаж өгсөн юм. Өнгөрсөн жилүүдэд түүний зүтгэж хийсэн бүхэн нуран унаж байгааг тэрээр харж байлаа. Монголын гадаад өр бүр өмнөх их өрийн түвшинд дөхөж очжээ. Бүх томоохон ордуудыг гадныхны зээлийн барьцаанд тавьж өгөөд юу ч үгүй үлдэв. Таван толгойн ордыг түшиглэн цахилгаан станц барих замаар БНХАУ-д эрчим хүч экспортлогч орон болох зорилт нь нуран унахаар барахгүй БНХАУ-аас цахилгаан импортлогч орон болон хувирчээ. Нэг талаас, М.Энхболдынхны Тянжин дахь чөлөөт бүсийн бизнесийн эрх ашиг мөн нөгөө талаас, С.Баярыг санхүүжүүлэгч “Петровис”-ын эрх ашиг ийм байдалд хүргэжээ. “Оюу толгой” ашиглалтад орон ортлоо дизель станцаар цахилгааны хангамжаа шийдэж ирсэн бөгөөд энэ компанид дизель нийлүүлэгч монополь эрхийг “Петровис” эзэмшиж байв.

Америкчуудын Монголыг нэгмөсөн бүрэн нөлөөндөө авах хамгийн гол суваг нь Ц.Элбэгдоржийг Ерөнхийлөгч болгосноор батжив. Ц.Элбэгдорж Н.Энхбаяраас Ерөнхий сайдын суудлыг өвлөсөн шигээ Ерөнхийлөгчийн суудлыг нь бас өвлөж жийргэвчийн үүргээ дахин гүйцэтгэв. Цаагуураа америкуудын заавар зохицуулалтаар ажиллаж байсан учраас Ц.Элбэгдорж, С.Баяр нар элбэж байгаад Н.Энхбаярыг дарж авсан юм.

Дараа нь Ц.Элбэгдорж С.Баярын бариулсан Б.Хурцаар Н.Энхбаярыг бариулав. Б.Хурц үнэндээ томчуулын энэ тоглоомонд "сул хүү" болж байна. Б.Хурц хэн нэгний нөмөр нөөлөгт байхгүй л бол хүндхэн байгаа. Тиймээс ёстой л далайхад нь далд орж, даллахад нь ил гарч яваа юм зайлуул.

2012 оны сонгуульд АН заавал ялах шаардлагатай байсан учраас Н.Энхбаярыг түр суллаж МАН-ыг хуваажээ. Үүний дараа АН санал тоолох машинтай сонгуульд гарцаагүй ялсан ба одоо бүрдсэн засгийн газрыг нь харцгаая л даа. Ц.Элбэгдорж Харвардад "боловсруулагдсан", УИХ-ын дарга Денверт "боловсруулагдсан", УИХ-ын дэд дарга болон ЗГХЭГ-ийн дарга нь мөн л Америкт "боловсруулагдаж" төгссөн хүмүүс. Үндсэндээ Н.Алтанхуягаас бусад нь гадаадад тэр дундаа АНУ-д төгссөн хүмүүс байгаа. Тэр ч байтугай Ц.Элбэгдорж Стэнфордод боловсруулагдсан Ц.Оюунгэрэлийг Соёл, аялал жуулчлалын яамны сайдаар томилуулж байна. Манай төр үндсэндээ бүрэн америкчлагдаад байна. Энэ нь бодит байдал дээр бүр хурцаар илэрч байгаа бөгөөд хөрш 2 гүрний дунд орших Монгол улс "гуравдагч хөршийн бодлого" ярьж, АНУ-тай хэт сүжирснийхэ хариуг амссаар байна.

Оросууд төмөр замыг нь гацааж, Хятадууд нүүрсээр боож байна. Гэтэл манайхан гуравдагч хөрш энэ тэр гэж далдганасаар! Үнэндээ одоо байгаа удирдагчдаас “Монголын бүтээгдэхүүн” бол Н.Алтанхуяг цор ганцаараа. Түүнийг америкчууд Ч.Сайханбилэгээрээ мануулахаа мэдэлгүй яахав дээ. Төмөр зам, Оюутолгойн эцэс төгсгөлгүй маргаан дунд тун ч хатуу байр суурь баримталж байгаа Н.Алтанхуягийн энэ зүтгэлийг саармагжуулж зөөллөх гэсэн үү? Тэгээд ч Ч.Сайханбилэг нь Тони Блейрийг урьж л байх юм. Өнөөх Н.Алтанхуяг нь шазуур зууж Хятадууд нүүрсийг худалдан аваагүйн хариуд "Петро Чайна Дачин Тамсаг"-ийн татварын бүх хөнгөлөлтүүдийг нь устган хаяв. Хамгийн гайтай нь, Ерөнхий сайдын энэ хүсэл эрмэлзлийг хэн ч үл тоох бөгөөд “Ийгл”, “Блүүмбэрг”, “News.mn” зэрэг хэт барууны хамааралтай мэдээллийн байгууллагууд монголчуудын оюун санааг барууны неолибералчуудын бэлтгэж өгсөн мэдээллээр ховсдож, Ерөнхий сайдыг буулт хийлгэхээр өдөр шөнөгүй шахаж байгаа юм.

Бүр дөнгөж АН-ын шинэчлэлийн Засгийн газар байгуулагдмагц л Стэнфордын их сургуулийн эрдэмтэд ирж, Монголыг Орос, Хятад мэтийн төрийн ардчилалтай улсуудаас хол байж бүх баялгийн орлогоо өөрсдөд нь тушаахыг уриалсаар байгаад явчихав. "Танай улстөрчид мөнгөө зарцуулж чадахгүй ээ, харин бид танай мөнгийг удирдаж чадна, тэгээд жаргаагаад өгье ч" гэх шиг. Үүнээс өмнө Баабар Хернандо д’Сотог авчирч байсан бол Р.Болд Збигнев Бзежинский гэгч польш жүүдийг урьж монголын улстөрийн хүрээхнийг лекцлүүлж байна. Хамгийн сүүлд, Каддафи сангийн шугамаар тодорсон Т.Блейр ирсэн байна.

Хятадууд геоулстөрийн бодлогоор барууны гурав дахь хөрштэй Монголын нүүрсийг авахгүй боож эхлэхэд австраличууд энэ орыг нь эзэлж авахаар зүтгэж байхад Баабар, Жаргалсайхан нарын монголын неолибералчид Австралид уул уурхайнхны цугласан хуралд нь оролцож "Монголд үндэсний үзэлтнүүд гарч ирсэн, Н.Энхбаяр толгойгоо өндийлгөж байна, Монголд хөрөнгө оруулаад хэрэггүй" гэж донгодож байх юм. Уг хуралд оролцсон энэ нөхдүүдийг, С.Баярыг явмагц Австралид элчингээр сууж аюулгүй байдлаа хангасан Р.Болд зохион байгуулж авсраличуудад их тус болжээ. Чухамдаа үүний улмаас л Монголын Засгийн газрын өрийн бичгийн хүү огцом өсөж байв. Хийсэн арга барилыг үзвэл үүнийг монгол хүн зохион байгуулалцсан нь илт байгаа бөгөөд тэнд, Австралид Баабар нарын илтгэлийн хуулбарыг баасан гарагт тарааж Монголоос амралтын өдрүүдэд хариу тайлбар өгөх ямар ч бололцоогүй болгож байсан юм!

Одоо харин америкчууд эргээд МАН-ынхныг өөд нь татаж эхэлсээн. УИХ-аас У.Хүрэлсүхээр нэрийг нь татуулж түүнийг АНУ-д аваачиж Харвардад сургаж байна! Эхнэрийг нь эмчилж өөрийг нь ардчиллараа "гэгээрүүлээд" өгөхөөр тэр хаачих билээ!? Гадаад яамны төрийн нарийн байгаад Байгаль орчны сайд болж байсан Д.Цогтбаатар, НИТХ-ын МАН-ын бүлгийн дарга Амарбаясгалан, МАН-ын нарийн бичгийн дарга НАМЗХ-ны дарга Оюун-Эрдэнэ нарыг Джорджтауны их сургууль тэтгэлэгээрээ сургаж байна! Юу зааж өгч байгаа бол оо?!! Дэлхийн зөн-гийн Оюун-Эрдэнэ илүү найдвартай учраас энэ есдүгээр сараас Харвардад дэвшүүлэн сургана. Эд бол Монголын төрийн дараагийн Засгийн газрын сайдууд, У.Хүрэлсүх дараагийн Ерөнхий сайд юм. Яг өнөөгийн Ч.Сайханбилэг, С.Баярцогт, З.Энхболд нар шиг. Алсдаа Ц.Элбэгдоржийн орыг авах хүмүүс ч тэнд бэлтгэгдэж байна.

Одоо харвал Н.Энхбаярын эсрэг олон жил ил далд дайтсан америкийн гар хөл бологч Ц.Элбэгдорж, Баабар, С.Баяр, Р.Болд, Н.Багабанди гэсэн нам дамнасан бүлэглэл нэг л "багийнхан" бөгөөд харин төрийн эрхийг хэн нь бүрэн хянахаа шийдэхээр зөрчилдөж байна. Хоёрдугаар эгнээнд Ч.Сайханбилэг, С.Баярцогт, З.Энхболд, Сү.Батболд, Н.Энхболд нарын хүмүүс гүйлдэж байна. Олон хүн тэдний мөн чанарыг ойлгож зайгаа барьж эхэлсэн байна. Энэ зөрчил дунд Н.Энхбаярын асуудал нэг тодорч нэг бүдгэрч байгаа ба хамгийн гол нь аль ч тал нь Н.Энхбаярыг улстөрийн тавцанд дахин гаргаж болохгүй гэдгээ мэдэж, хамтарч байгаа билээ.

Яг энэ үед америкийн эдгээр гар хөл бологсод монгол бүтээгдэхүүнийх нь хувьд Н.Алтанхуягаар туг тахих гэж оролдож байна! Нөгөө талаас Н.Алтанхуягийн хатуу байр суурийг зөөллөж чадахгүй байгаа нөхцөлд ялангуяа “Оюу толгой”-н гэрээний хэлэлцээрийг ашигтай зохицуулж чадахгүй байгаа С.Баярцогтыг гутаах маягаар (бусад гар хөлүүддээ хэн төмсөгийг нь атгаж байгааг сануулж) хашраах үүгээр дөрөөлж Монголд дотоодын улстөрийн үймээн бужигнаан үүсгэхээр чармайн оролдсоор байна.

Одоо Монгол улс яг шоронд байгаа мэт тийм муу нөхцөлд орчихоод байна. Гадагшаа харилцаа хязгаарлагдсан, харин хоёр хөрш маань геоулстөрийн бахиа улам чангалсаар. Харин "Гуравдагч хөршүүд" маань энэ зуур Монголыг тэдний балагаар ингэж боомилж байгаагаас улам л их ашиг хонжоо унагах гэж оролдож байгаа ба Монголыг хоёр том хөрш нь улам чангалаад өгөөсөй гэж хүсэн алгаа үрж байна.

"Баруунаар ардчилсан" монголчуудын одоо хийж буй алхам бүр нь хоёр том хөршийнхөө дургүйг улам бүр хүргэхүйц байгаасай гэсэндээ энэ харийн "үл үзэгдэх гарууд" дотоодын гар хөл бологчдоо, монголын либерал мэдээллийн байгууллагуудаа турхирсаар. Тэгээд тэр хожим үүлэн чөлөөний нар шиг "эрх чөлөөтэй" байсан энэ неолиберал агшин нь хамгаас сайхан байсан гэж бас л гүтгэх байх даа.

Энэ нийтлэлд хийсэн зарим дүгнэлттэй тус сайт санал нийлэхгүй байгаа болохыг анхаарна уу. Харин ерөнхий ЛОГИК, бодит байдал ийм л байгаа....


Холбоотой нийтлэлүүд