0618013245 lres

 

ХУДАЛ ХУУРМАГИЙН ЭДИЙН ЗАСАГ

Энэ удаа та бүхэнтэйгээ америкийн төр нийгмийн зүтгэлтэн, нэрт эдийн засагч Жон Кеннет Гелбрейт(1908-2006)-ийн “The economics of innocent fraud”(2004) (оросоор “Экономика невинного обмана”(2009)) номын тухай ярилцахаар бэлдлээ.

Авторын тухай. Жон Гелбрейт бол өнгөрсөн XX зууны хамгийн нөлөө бүхий 10 эдийн засагчийн нэгт зүй ёсоор тооцогддог нэрт эдийн засагч төдийгүй америкийн төр нийгмийн нэртэй зүтгэлтнүүдийн нэг юм. Тэрээр Жон Кеннеди болон Билл Клинтоны зөвлөхөөр ажиллаж байсан бөгөөд америкийн иргэний хамгийн дээд шагнал ерөнхийлөгчийн нэрэмжит Эрх чөлөөний одонгоор хоёр удаа шагнуулжээ. XX зууны АНУлсуудын эдийн засгийн амжилтын нэг хэсэг нь түүний гавъяа зүтгэлтэй салшгүй холбоотой хэмээн дүгнэдэг юм байна.

Хэдий тийм ч тэрээр өөрийн амьдралын сүүлийн он жилүүдэд өөрийн бүтээлцэн босголцсон тэр нийгэм нь чухам ямар үр дүнд хүргэсэн байгааг хараад өөрийн XX зууны дунд үед баримталж байсан үзэл баримтлалдаа ихээр эргэлзэх болжээ. Тийм ч учраас тэрээр амьдарлынхаа хамгийн сүүлийн жилүүдэд бичсэн одоо энд хүүрнэн буй номоо чухам энэ сэдэвт зориулсан байдаг.

Нэгэн удаа нэрт эдийн засагч, Нобелийн нэрэмжит эдийн засгийн шагналтан Василий Леонтьев (Оросын эзэнт гүрнээс гаралтай цагаач) “Жон Гелбрейт энэ шагналыг нь авах болов уу” гэсэн асуултанд “Үгүй ээ! Тэр чинь хөрөнгөтний улсуудыг шүүмжилдэг, ардчилсан социализмыг өмгөөлөн хамгаалдаг эрдэмтэн шүү дээ” хэмээн хэлж байсан байдаг.

Номын тухай. Энд номын агуулгыг бүхэлд нь бичих боломжгүй учир хамгийн гол зүйлсийг нь түүж сийрүүлье. Уг ном өөрөө их авсаархан-их биш. Зуу хүрэхгүй хуудастай. Гэхдээ агуулга нь тун өгөөжтэй.

Номын нэрээс эхэлье. Автор өөрөө ч номынхоо энэхүү зөрчилтөй өвөрмөц нэрээс эхэлж байна. “The economics of innocent fraud”. “Economics” бол мэдээж эдийн засгийн ухаан гэсэн утгатай (олон тооны “s” дагавар өөрөө үүний цаана нэг биш нэлээн хэдэн урсгалуудын нийлбэр гэсэн санаа. Товчоор бол политэкономиа-г сөрөн гарч ирсэн өнөөдрийн дэлхий дээр ноёрхон буй “чөлөөт зах зээлийн эдийн засаг” хэмээгчийг өөр өөрийн өнцгөөс тайлбарладаг олон урсгал онолуудын нийлбэр юм).  “Innocent” гэдэг нь гэмгүй, буруугүй гэсэн утгай. “Fraud” бол хууран мэхлэлт гэсэн утга. Тэгэхээр нийлээд “Гэм буруугүй худал хуурмагуудын эдийн засаг” гэсэн утгатай нэр.

Автор өөрөө яагаад чухам ингэж нэрлэх болсон шалтгаанаа “Номын маань нэр өөрөө эрс зөрчилтэй: яахаараа худал хуураг зүйл гэм буруугүй байж болох юм бэ? Эсвэл гэм буруугүй зүйл яаж өөртөө худал хуурмагийг агуулж болох юм бэ? Хариулт нь багагүй утга учиртай, яагаад гэвэл гэм буруугаа хүлээдэггүй хуульчлагдсан худал хуурмагууд хувь хүмүүсийн амьдралд ч, нийгмийн хэлэлцүүлгүүд дунд ч том үүрэг гүйцэтгэсээр байдаг билээ. Гэвч эдгээр гэм буруугүй худал хуурмагуудыг аялдан дагалдагчид ч, тэдгээрийг цаанаас нь удирдан чиглүүлж байдаг тэрхүү хэсэг ч энэ бүхэн бодитоор байдаг гэдгийг хүлээн зөвшөөрдөггүй юм аа. Тэдэнд энэхүү худал хуурмагийнхаа төлөө гэмших сэтгэл болон энэ бүхнийхээ төлөө хариуцлага үүрэх ёстой гэсэн мэдрэмж огтоос төрдөггүй”. Миний ойлгож буйгаар бол номын нэр “экономикс” хэмээгч (үндсэндээ нэг нэрийн дор нэгтгэсэн шуудайд хийсэн ямааны эврүүд шиг хоорондоо зөрчилдөөнтөй онолуудын нийлбэр) нь гаднаа “гэмгүй” (яагаад гэвэл энэ бол хуулиар хориглоогүй – либерал хууль зүйн системийн суурь зарчим бол “Хуулиар хориглоогүй бүхэн “чөлөөтэй” буюу ямар ч гэм буруугүй” гэсэн үзэл байдгийг санацгаая) мэт боловч бодит байдал дээр асар гүн гүнзгий төөрөгдөл үүсгэдэг “худал хуурмагууд” юм гэсэн утгатай юм байна.

Номын дараагийн хэсэгт автор маань “чөлөөт зах зээлийн эдийн засаг” хэмээх нэршлийн тухай тайлбарлаж байна. Түүний баталж байгаагаар, энэ бүхэн бол ном уншдаг хүмүүст нэр нүүрээ нэгэнт бүрэн барсан “капитализм” хэмээх бурангуй системийг өөр нэрээр нэрлэж баг зүүлгэх замаар капиталист эдийн засгийн загвараа цаашид хадгалан үлдэх гэсэн зальжин арга нь ажээ. Дэлхийн I дайны төгсгөл гэхэд капиталист систем үндсэндээ “хөгжингүй” гэгч улс орнуудын ард иргэдийн өмнө нэр нүүрээ бүрэн барсан юм. Европод энэ үг хэн илүү хөрөнгөтэй, хэн баян чинээлэг нь эрх мэдлийг эзэмшдэг, ажилчин хүмүүсийг шулж мөлждөг мөлжлөгийн систем гэсэн ерөнхий утгыг илэрхийлдэг болсон ба иймээс цаашид хувьсгал гарах магадлал өндөр байгаа гэсэн үзэл санаа ихэд дэлгэрсэн байв. Америкт харин энэ нэршил бүр ч илүү сөрөг утгыг илэрхийлж байсан ба зөвхөн ажилчин анги ч бус нийгэм тэр чигээрээ энэхүү ойлголтод маш дайсагнасан байр сууринаас ханддаг болсон байв. Тэнд капитализм хэмээгч нь үнэ ба зардлыг удирддаг механизмуудыг ашиглан мөлжлөг хийх гэсэн утгыг илэрхийлж байжээ. Ялангуяа үүнийг маш ихээр баталж өгсөн үйл явдлууд бол тэр үед үүсээд байсан олон төрлийн монополиуд – Жон Рокфеллерын газрын тосны үнэмлэхүй монополь, Карнегийн гангийн үйлдвэрлэл дээрхи монополь, Дьюкийн тамхины салбар дахь монополь, Жон П. Морганы банк санхүүгийн монополь болон төмөр замын сүлжээний монополи компаниуд үүссэн байв.

Ялангуяа 1907 оны Уолл-Стритийн банкуудын дампуурлын давалгаа нь капитализм бол зөвхөн мөлжлөгч биш өөрөө өөрийгөө сүйрүүлэгч систем юм байна гэсэн итгэл үнэмшлийг нийгэмд бий болгосон байлаа. Улмаар 1920-иод оны Флорида муж дахь газрын наймааны ба хөрөнгийн зах зээлийн хөөсрөл, үүний дараах 1929 оны Агуу хямрал, түүнийг залган арван жил үргэлжилсэн их хямралын он жилүүд нь капитализмын нэр хүндийн бүр ч илүү унагаж байв.

Ингээд тэд өөр “аюулгүй” нэрийн эрэлд гарцгаасан ажээ. (мэдээж энэ системээс хамгийн их ашиг хүртдэг тэрхүү хэсгийн захиалгаар эдийн засагчид нэртэй суртал ухуулагчид нь). Америкд “free enterprise (свободное предпринимательство)” гэсэн нэр томъёог ашиглах гэж оролдсон ч энэ нь амжилтанд хүрээгүй байна. Европт “social-democratism (социал демократизм)” буюу капитализм ба социализмын холимог гэсэн нэршил гарч ирсэн байна. Гэвч социализм гэдэг нэршил нь өөрөө Америкт таагүй хандлагыг төрүүлсээр байсан тул өргөн дэлгэрээгүй байна. Үүний дараа нэг хэсэг “new course (новый курс)” гэсэн нэршил хэрэглэгдэж байгаад тэд эцэст нь “market system (рыночная система) - зах зээлийн систем” гэсэн нэр дээр тогтжээ. Учир нь нэгд, энэ бол өмнө нь огт хэрэглэгдэж байгаагүй цоо шинэхэн нэршил байсан тул ямар нэг сөрөг ойлголт хандлагыг нийгэмд төрүүлэхгүй байсан, хоёрдугаарт шууд ойлгогдохооргүй - маш бүрхэг, тодорхой утгагүй нэршил тул хамгийн тохиромжтой гэж тэд үзэж байжээ.

Харин автор өөрөө өдгөө тогтоод буй эдийн засгийн системийг “corporate system (корпоративная система)” буюу “корпорациудын систем” гэж нэрлэх нь илүү бодит байдалд нийцнэ гэж үзэж байна. Учир нь өнөөдрийн энэ системд том корпорациуд л хамгийн хүчирхэг болсон, тэд л асар олон зүйлсийг дангаараа шийддэг болчихсон байгаа билээ.

Номын дараагийн хэсэгт автор энэхүү системийн өөр нэгэн “гэмгүй царайлсан худал хуурмаг”-ийг нь илчилж байна. Өнөөгийн эдийн засгийн онолд “хэрэглэгчид бол үндсэн эрх мэдлийг өөртөө барьж байдаг – хэрэглэгчид л тухайн бараа бүтээгдэхүүнийг авах уу, үгүй юу гэдгийг шийддэг” хэмээн номлодог. Үүнийг автор маань “чөлөөт, ардчилсан” сонгуультай адилтган үзэж байна. Энэхүү төрлийн үлгэрт ч бас ард түмэн сонгуулиар төр засгийнхаа удирдлагуудыг сонгодог учир сонгогчдын гарт улс орны бүх эрх мэдэл агуулагддаг гэж номлодог. Гэвч Жон Гелбрейт энэ хоёр бол хоёулаа адилхан хоосон худал үлгэр хэмээн баталж байна. (Дахин сануулахад тэр өөрөө америкийн улс төрийн үйл явцад маш олон жил идэвхтэй оролцож, бодит байдал дээр чухам юу болдгийг яг дотроос нь олон жил харж ажиглаж байсан хүн билээ). Чухамдаа сонгогчид ба худалдан авагчдыг өнөөдрийн зар сурталчилгаа ба бараа бүтээгдэхүүнийг борлуулах элдэв технологи хөгжсөн эрин үед, нийгмийн бодол санааг далдаас сэм удирддаг шалгарсан аргуудын тусламжтайгаар өөртөө ашигтай шийдвэрүүдийг гаргуулж чаддаг болсон тухай тайлбарлаж байна.

Түүний баталж байгаагаар, сонгуулийн үеэр сайн санхүүжилттэй суртал ухуулгын ажил ба телевиз радио, мөн илтгэх урлагийн тусламжтайгаар иргэдийн сонголтонд маш хүчтэй нөлөөлдөг. Гэхдээ хэрэглэгчдийн бодол санаанд нөлөөлөх нь үүнээс ч илүү далайцтай, асар их хөрөнгө зарцуулдаг ба үүгээрээ зохиомол эрэлтийг бий болгосоор байгаа тухай бичиж байна. Бүр энэ үйл явц нь аль ч байгууллагын үйл ажиллагааны салшгүй нэг хэсэг болоод зогсохгүй нилээд хэмжээний зардлыг сурталчилгаа -  урлагийнхан, зохиолчид болон бусад бараа үйлчилгээнд байнга зарцуулж байхыг бодит байдал өөрөө шаарддаг болсон байна. Ингээд тэрээр “Хэрэглэгчид хэнээс ч хамааралгүй байдаг хэмээн номлодог зах зээлийн эдийн засгийн тухай итгэл үнэмшил бол хамгийн их дэлгэрсэн төөрөгдлүүдийн нэг юм. Хэрэглэгчдийн эрэлтийг удирдаж түүнийг өөртөө ашигтай зүгт залж чиглүүлэхгүйгээр хэн ч юу ч зарж борлуулж чадахгүй ээ” хэмээн дүгнэж байна.

Мөн тэрээр Дотоодын нийт бүтээгдэхүүн (ДНБ) хэмээх өнөөгийн улс орны эдийн засгийн гол хэмжүүрт маш эргэлзэнгүй, бас шүүмжлэлтэй хандаж байна. Тэрээр хүний нийгмийн хүрсэн амжилтыг одоо зөвхөн энэ үзүүлэлтийн өсөлт бууралтаар хэмжиж байгаа тухай, энэ нь өөрөө маш учир дутагдалтай тухай тайлбарлаж байна. Энэ бол бас нэгэн маш том төөрөгдөл хэмээн дүгнэж байна. Учир нь нэг талаас ДНБ өснө гэдэг нь дангаараа бидний нийгэм илүү сайн сайхан болсон гэсэн үг огтоос биш, нөгөө талаас мөнгөөр (ДНБ бол тухайн хугацаанд үйлдвэрлэгдсэн бүх бараа бүтээгдэхүүнүүдийн нэмүү өртгүүд буюу үнүүдийн нийлбэр) илэрхийлэгдэхгүй олон зүйлс байдаг бөгөөд эдгээр нь бидний амьдралын сайн сайхныг түүнээс ч илүүгээр тодорхойлж байдаг гэсэн санааг илэрхийлж байна.

Дараагийн хөндөж буй сэдэв бол хөдөлмөрийн нөхцөл байдлын тухай юм. Ажил хөдөлмөр бол албадлага-дарамт, хүнд хэцүү, уйтгартай зүйл юм хэмээн нэг хэсэг нь тайлбарлаж байхад нөгөө хэсэг нь энэ бол таашаал, сэтгэл ханамж юм хэмээцгээдэг тухай бичиж байна. Орчин цагт ажлаасаа таашаал авч чаддаг тэр хэсэг нь, өөрөөр хэлбэл бараг тэдэнтэй тэдэнгүй байж болох дээд албан тушаалынхны цалин асар өндөр байна. Тэд биеийн хүнд хүчир хөдөлмөр эрхлэлдэггүй, бүр хийж буй ажлаасаа таашаал авдаг – учир нь тэд үүнийхээ төлөө өндөр цалингаасаа гадна асар өндөр урамшууллууд авч байна. Тэдний энэ их хий хөөрөгдсөн цалин урамшуулал, үнэхээр үүндээ нийцсэн мэргэжлийн ур чадвартай эсэх, тийм хэмжээний бодит баялаг бүтээж байгаа эсэх тухай ямар ч маргаан хэлэлцүүлэг өрнөхгүй таг чимээгүй байсаар байгаа тухай тайлбарлаж байна. Харин эсрэгээрээ “ажлын хүндийг үүрдэг” өөрийн ажлаас таашаал биш хүнд хэцүүг мэдэрдэг тэр хэсэг нь асар бага цалин хөлсөөр амьдарсаар байгаа тухай хэлж байна.

Тэгсэн хэрнээ АНУлсуудад нийгмийн эмзэг хэсэгт өгдөг халамжийг асар ихээр шүүжилцгээж байна. Бага цалин орлоготой, ядуу, эсвэл ажилгүй хүмүүс тэтгэмж авах нь шударга бус, тиймээс улсын зүгээс өгч буй халамжуудыг танах ёстой. Аа харин бараг юуг ч бодитоор хийж бүтээдэггүй менежерүүд зүгээр шахуу сууж байгаад асар их “сул” цалин авч байгаа шударга ёс гэцгээж байгаа!? Бүр түүгээр ч барахгүй тэдэнд байнгын нэмэлт урамшуулал олгох ёстой гэцгээж байгаа шүү дээ!??

Джон Гелбрейт ингэж дүгнэн бичиж байна: Ингээд АНУлсууд болон бүх хөгжилтэй орнуудад “баяр баясгалант” анги давхаргынхан ажилгүй сууж байхдаа өөрсдийгөө магтуулан дуулуулж харин ядуурсан хэсгүүд нь ажилгүй бол бүр ч зэмлүүлэн чичлүүлцгээж байна. Гэвч нийгмийн оюун санаа энэ бүхнийг яг эсрэгээр нь ойлгож хүлээж авч байна.

Дахин давтан хэлье, сайн ажилтан гэдэг бол өдөр бүр өөрийн биеэрээ хүч гарган хөдөлмөрлөж буй тэр хүмүүс билээ. Харин ажил нь түүнд сэтгал ханамж өгдөг, хамгийн өндөр цалин хангамжтай, гэхдээ түүнд бодитоор ажил хөдөлмөр хийх ямар ч шаардлага байдаггүй тэрхүү хэсгийн энэ хэтэрхий сайн сайхан ая тухыг нь хэн ч хөндөн ярихгүй байна шүү дээ.”

Дараагийн бүлэг маш сонирхолтой, “Корпораци бол бюрократи болох нь”. (Манайд “бюрократия” гэдэг үгийг хүнд суртал гэж буруу орчуулдаг. Энэ бол бодит эрх мэдэл зөвхөн цөөн хэдхэн алба хашигч удирдах албан тушаалтнуудад л (бюрократуудад) харъяалагддаг болгосон удирдлагын систем(хэлбэр) юм.

Гелбрейт бичиж байна: “Нийгэмд бюрократи зөвхөн төрийн удирдлагад л байдаг, харин корпарициудын түвшинд-хувийн секторт бол огт байдаггүй гэсэн хэвшмэл ойлголт байдаг, гэвч энэ бол тун ташаа ойлголт бөгөөд чухам корпориуцын түвшинд л бюрократи бол байнгын үзэгдэл нь юм. Учир нь хичнээн авъяас чадвартай, мэдлэг боловсролтой, туршлагатай удирдагч байсан том корпорациудыг удирдана гэдэг нэг хүний хирээс хэтэрсэн хүнд ажил бөгөөд энэ түвшинд амжилт зөвхөн багийн үйл ажиллагаанаас буюу бюрократи давхаргаас хамаардаг шүү дээ хэмээн тайлбарлаж байна.

Корпорацийн бюрократид нэгэн онцлог шинж байдаг нь бусад бюрократиудын адилаар үргэлж өөрийнхөө хэмжээг улам тэлэхэд байнга тэмүүлж байдаг. Хичнээн олон хүнийг өөрийнхөө доод тушаалуудад ажиллуулахаас тэдний цалин хангамж, нэр нөлөө, мөн ажлын ачаалал-хүндрэл нь шууд хамаарч байдаг. Энэхүү механизм нь улам томрох тусам тэд хамгийн гол хүнд шийдвэрүүдийг гаргах үүргийг доод түвшний удирдлагууддаа шилжүүлэх замаар өндөр мэдлэг чадвар шаардсан, ихэнхдээ уйтгартай, төвөгтэй ажил үүргүүдийг өөрсдөөсөө холдуулж байдаг . Ингээд энэ тэлэлт өргөжих тусам корпорацийн удирдлага идэвхигүй, бас үр ашиггүй болж эхэлдэг”(ганцхан төр л үр ашиггүй ажилладаг, тиймээс төрийн (уг нь бол улсын) өмчийг бүгдийг нь хувьчил хэмээн улайран зүтгэдэг либералуудыг санацгаая).

Гол нь орчин үед корпорацийн бюрократи удирдлагын тогтолцоог ил тод хүлээн зөвшөөрдөггүй бөгөөд үүний оронд түүнийг өөрөөр “корпорацийн  менежмент (менежерүүдийн баг)” хэмээн эвфемизм(аливаа зүйлийн үндсэн мөн чанарыг нуухын тулд өөр үгээр нэрлэх гэсэн утгыг илэрхийлдэг үг бөгөөд өөр нэгэн жишээ бол капитализмыг зах зээлийн систем гэж нэрлэсэн үүний тод жишээ юм) ашиглан нэрлэдэг байна.

“Менежментийн механизмаар удирдлага нь явдаг корпорациуд бол орчин цагийн эдийн засгийн тогтолцооны үндсэн багана нь бөгөөд иймээс корпорациудын нэг нь ч бюрократиас зугтаж чадахгүй юм” хэмээн тэр баталж байна. Мөн “Өнөөдрийн бидний “корпорацийн менежмент” хэмээгч нэршлийн дор ойлгож буй тэрхүү ойлголт төсөөллүүд бол орчин цагийн хамгийн сайн өнгөлөн далдалсан гэхдээ сайтар эргэцүүлэн бодвол илэрхий байгаа тэр төөрөгдлүүдийн нэг юм

Мөн үүнээс шууд урган гарч буй бас нэгэн худал хуурмаг бол “корпорациудыг бодит байдал дээр эзэд нь - хувьцаа эзэмшигчид нь, бас хөрөнгө оруулагчид нь удирддаг хэмээх бас нэг хоосон үлгэр байдаг тухай тайлбарлаж байна. Цааш нь тэрээр “Өдгөө энэ худал хуурмаг нь бүр албан ёсны шинжийг олсон бөгөөд үүний нэг бол захирлуудын зөвлөл юм. Үнэндээ тэднийг менежментийн баг (бюрократи) өөрөө сонгож томилдог бөгөөд  ийм ч учраас тэд эргээд энэхүү менежментийн багтаа бүрэн харъялагддаг юм. Гэтэл энэхүү захирлуудын зөвлөлийг нь хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг төлөөлдөг хэмээн ойлгуулцгаадаг шүү дээ”. Менежментийн баг ямар шийдвэр гаргасанаа тогтмол захирлуудын зөвлөлдөө мэдээллэдэг бөгөөд тэд харин эдгээр шийдвэрүүдийг баталдаг ба тэд бас менежментийн хүсэл сонирхлын дагуу тэдэнд өгөх нэмэлт урамшууллуудыг ч бас баталдаг байна. Энэ тухайд автор маань 2000-аад оны эхэнд дуулиан тарьсан “Энрон” корпораци дампуурахынхаа өмнөхөн тэдний менежерүүд ямар их хэмжээний урамшуулал гаргуулан авч байсан тухай, мөн яг ийм явдал “Женерал электрик”-ийг ч бас тойроогүй тухай жишээгээр тайлбарлан бичиж байна. Тэрээр “Хуульчлагдсан хувийн баян тансаг байдал, энэ нь бүр хэдэн сая доллараар хэмжигдэнэ, бол орчин цагийн корпарацийн удирдлагуудын ерөнхий нийтлэг дүр төрх юм” хэмээн бичиж байна (Нэмж хэлэхэд менежрүүд нь өөрсдийн ажилладаг корпарацийнхаа хөрөнгийг хайр найргүй хувьдаа завшдаг байдал нь энэ ном бичигдсэнээс хойш ч үргэлжилсээр байгаагийн нэг жишээ бол 2009 оны дэлхийн санхүү-эдийн засгийн хямралын үеэр Уолл-Стритийн томоохон банкууд, рейтингийн агентлагууд, даатгалын магнатуудын менежрүүд хэрхэн мөнгөөр туйлж байсан баримтууд нь юм. Энэ тухай та манай сайт дээр орчуулан тавьсан байгаа, 2010 оны Оскарын шагналыг баримтат киноны номинацид өрсөлдөж хүртсэн “Inside job” баримтат киноноос үзэх боломжтой).

Мөн үүнтэй холбоотойгоор “хувьцаа эзэмшигчдийн хурал нэртэй тавилттай жүжгийн үнэн нүүр төрхийг автор маань илчилж байна. Энэ хурал нь корпорацийн удирдлагад ямар нэг онцгой нөлөө огтоос үзүүлдэггүй бөгөөд ихэвчлэн нэг талаас, менежментийн гаргаж тавьсан саналуудыг “ёсчлон” батлах, нөгөө талаас хувьцаа эзэмшигчдийн зүгээс оруулсан саналуудыг менежмент өөрөө элдэв шалтгаар бут ниргэн няцаахаар л төгсдөг тухай бичиж байна.

Улмаар тэрээр ийнхүү дүгнэн бичиж байна: “Ямар ч томоохон корпорацид хувьцаа эзэмшигчид-эзэд нь, бас захирал нь бүхэлдээ энэхүү менежментын багт бүрэн харъяалагддаг(захирагддаг) гэдэгт эргэлзэх огт шаардлагагүй ээ. Хэдий бодит эрх мэдэл эзэмшигчдэд нь харъяалагддаг гэсэн өнгөцсөн ойлголт төсөөлөл байдаг ч бодит амьдрал дээр огт тийм биш юм. Харин энэхүү худал хуурмагийг бүгд яг тэр чигээр нь хүлээн зөвшөөрсөөр байна”.

Дараагийн бүлэгт автор маань улсын ба хувийн секторын тухай “гэм буруугүй” худал хуурмагуудыг нь илчлэн тавьж байна. “Ерөнхийдөө хэрэв сайн ойртож харвал хувийн ба улсын секторуудын хооронд ялгаа үнэндээ алга байна. Тэр ялгаа гэгч нь зөвхөн хоосон үг, бодит байдал бол огт биш. Бодитоор харвал өдгөө улсын гэж нэрлэгддэг салбаруудаас хамгийн их хөгжсөн салбарууд нь бүгд л хувьд харъяалагдаж байна”.  Үнэндээ АНУлсуудын төсвөөс гардаг жил бүрийн тэр их батлан хамгаалахын зардал бол хувийн корпорациудын нөлөө(лобби, эсвэл зүгээр л хээл хахууль)-өөр батлагдаж байгаа. Энэ зардлыг гаргуулахаар зүтгүүлж “нөлөөлсөн” тэр корпорациуд л өөрсдөө энэ зардлаас батлуулж аваад, хариуд нь армиудад бараа материал, үйлчилгээ, технологиудаа “шахдаг” хэмээн тайлбарлаж байгаа.

“Сүүлийн хэдэн жилийн хугацаанд хувийн секторууд улсын гэж нэрлэгддэг секторуудад нэвтрэх нь ердийн үзэгдэл болсоор байна. Өнөөгийн аварга корпорацийн менежментийн баг нь бүх эрх мэдлийг бүрэн атгацгаасан байгаа бөгөөд, зүй ёсоор, өөрийн нөлөөгөө цааш улс орны бодлого тодорхойлоход, мөн төр засгийн эрх мэдэлд хүртэл хүргэхээр зүтгэцгээж байна. Хуучин цагт энэ бол төрийн нөлөөний бүс байсан бол одоо корпорациудын менежментийн гарт оржээ. Энэ номыг бичиж байгаа энэ цаг үед корпорациудын менежрүүд ерөнхийлөгчтэй, дэд ерөнхийлөгчтэй, бас батлан хамгаалахын сайдтай маш нягт холбоотой болцгоосон байна. Аварга корпорациудын төлөөний хүмүүс холбооны засгийн газрын бүх албан тушаалуудад сууцгааж байна, үүний нэг жишээ нь саяхан дампуурсан “Энрон”-оос гарсан эрхэм зэвсэгт хүчнийг удирдаж байна”.

Үүний дараагийн бүлэгт Гелбрейт санхүүгийн ертөнцийн булхайг илчилж байна. Энэ бүлэгт үндсэндээ Уолл-Стритийн санхүүгийн аналитикч-прогнозистууд нэрийн дор залилан үйлдэж байгаа тухай тайлбарлаж байна. Тэрээр өнөөдрийн энэхүү нарийн нийлмэл эдийн засгийн системд аливаа тодорхой прогноз гаргана гэдэг боломжгүй болсон тухай тайлбарлаж байна. Гэтэл тэд зүгээр л үйлчлүүлэгчид нь юу сонсохыг хүсэж байна, түүнийг нь л хэлж өгдөг бөгөөд үүнийхээ төлөө асар өндөр цалин урамшуулал авдаг ч бодит амьдрал дээр бол тэдний ихэнх нь зүгээр л ямар ч мэдлэг чадваргүй нөхдүүд байдаг тухай, тэдний сүр бараанаар айж сүрдээд байх ямар ч шаардлага байхгүй (яг энэ тухайд манай сүртэй сүртэй зөвлөгөө өгөхөөр ирцгээдэг ОУВС, Дэлхийн банк зэрэг Барууны банк санхүүгийн байгууллагуудын төлөөлөгчдийг эргэн санацгаая!) тухай тайлбарлаж байна. Гол нь тэд хийсэн алдаагаа (биелээгүй прогнозоо) “дундаа хийх” аргаар л хаацайлсаар байдаг. Өөрөөр хэлбэл “би биш бүгд л алдсан шүү дээ” гэдэг утгагүй тайлбараар (2008 оны дэлхийн санхүү-эдийн засгийн хямралыг эдгээр аналитикчдаас нь хэд нь үнэхээр урьдчилан харж чадсаныг та мэдэх үү? Ийм хүн гарын арван хуруунд багтхаар л байдаг юм шүү дээ, тэдний дунд!!).

Автор маань тэдний энэ байр байдлыг “Энэ бүхэн бүхэн бол мэргэжлийн эдийн засгийн ухаан дахь шимэгчлэл-паразитизм юм” хэмээн шууд тодорхойлж байна.

Дараагийн бүлэгтээ тэрээр АНУлсуудын хувийн эзэдтэй төв банк Холбооны Нөөцийн Систем(ХНС)-ийн явуулж ирсэн бодлогыг эрс хатуу шүүмжилж байна. Түүний үндсэн дүгнэлт бол ерөөсөө тэдний дэвшүүлдэг үзэл суртал, бодлого арга хэмжээнүүд нь эдийн засгийн хөгжилд бодит хувь нэмэр байдаггүй, ялангуяа хямралын үед, эдийн засгийн рецессийн үед тэдний үйл ажиллагаанаас тус нэмэр огт ирдэггүй тухай тайлбарлаж байна. Ялангуяа тэдний (бас манайд ч яг ингэж 30 жил тархи угаасаар байгаа) эдийн засгийг зөвхөн мөнгөний нийлүүлэлт буюу татан авалтаар - бодлогын хүүгээр удирдана гэсэн худал үлгэрийг маш хүчтэй шүүмжилж байна.

Номын энэ бүлгээс шууд орчуулан хүргэе:

“ХНС-ийн хуурамж хоосон нэр хүнд нь банкууд болон банкируудын асар их хүч нөлөө ба авторитет дээр, бас мөнгө хэмээгч зүйлийн ид шидийн хүчин дээр л тогтож байдаг. Мөн чухам энэ хүчин зүйлс л ХНС ба түүний гишүүн банкуудын үйл ажиллагааг дэмжиж бас хангаж байдаг. Хэрэв эдийн засгийн рецессийн үед Төв банк бодлогын хүүгээ бууруулбал түүний гишүүн банкууд дагаад арилжааны зээлийн хүүгээ буруулж улмаар банкны харилцагчид зээл авах нь нэмэгдэнэ. Ингээд үйлдвэрлэгчид үйлдвэрлэл ба үйлчилгээгээ эхлүүлж, үйлдвэрийн барилга, машин, тоног төхөөрөмжүүд худалдан авах бөгөөд эдгээрийгээ ашиглан илүү их мөнгө олж эхэлнэ. Мөн үр дүнд нь хямд зээлийн ачаар хэрэглэгчдийн хэрэглээ дагаад нэмэгдэнэ(хэрэглэгчид хэрэглээний зээлүүд авч эхэлнэ орч.). Эдийн засаг хариу үйлдэл үзүүлэн улмаар рецесс төгсгөл болно. Харин эсрэгээрээ эдийн засгийн бүүм болж инфляци үүсэх эрсдэл үүсвэл ХНС гишүүн банкууддаа өгдөг зээлийн хүүгээ (бодлогын хүү, дахин санхүүжилтийн хүү гэдэг орч.) өсгөснөөр арилжааны банкуудын харилцагчиддаа өгдөг зээлийн хүүг өсгөдөг. Энэхүү арга хэмжээ нь хөрөнгө оруулалт ба хэрэглээг хязгаарлах бөгөөд огцом өсөлтөөс бий болоод байсан хэт өөдрөг хандлагыг (эдийн засгийн огцом өсөлтийн үед эдийн засаг цаашид ч энэ чигээрээ өснө гэж үзэх болсон нийгмийн нийтлэг хандлага орч.) дарж үнийн өсөлтийг хазаарлах ба ингэснээр инфляцаас сэргийлж чадна.

Гэвч хамгийн төвөгтэй нь дээр сийрүүлсэн итгэл төрүүлэхүйц логик процесс нь зөвхөн нийтэд өргөн тархсан эдийн засгийн номлол (орос орчуулгад энэ үгийг “верование” буюу шашны итгэл үнэмшил гэсэн утгатай үгээр орчуулсан байгаа нь маш анхаарал татаж байна орч.)” дотор л оршдгоос бодитоор байдаггүй юм аа. Энэ номлол (верование орч.) зөвхөн гаднаас нь харахад итгэл үнэмшил төрүүлэхүйц сайхан онол дээр л суурилдаг болохоос бодит практик туршлага дээр бол огт тийм биш ээ.

Арилжааны банкууд зөвхөн тэдэнд ашиг өгөх нөхцөлд л төв банкнаас зээл авдгаас биш зүгээр л хүү нь буураад ирэхээр аваад байдаг юм огт биш ээ.

...Факт фактаараа л үлдэнэ(Гелбрейт АНУлсуудын эдийн засгийн хүнд хэцүү болон таатай сайхан цаг үеүүдэд дунд нь өөрөө ажиллаж олж авсан бодит туршлагууд, тэр дундаа дэлхийн II дайны үеэс эхлээд олон жил яг эдийн засгийн чиглэлээр улсын удирдах албанд зүтгэж байсан өөрийн туршлагууд дээр тулгуурлан хэлж байна орч.): эдийн засгийн таатай сайхан цаг үеүдэд илүү өндөр хүүгийн түвшин үйлдвэрлэлд орж буй хөрөнгө оруулалтыг хязгаарладаггүй юм аа, энэ арга хэмжээ хүчтэй нөлөө үзүүлдэггүй. Харин хөрөнгө оруулалт бүр нь цаашид өгөөж-ашиг авчирна гэсэн хэтийн төлөв л хамгийн хүчтэй нөлөөтэй байдаг юм. Эргээд эдийн засгийн рецесс  эсвэл депрессийн үед хөрөнгө оруулалтанд нөлөөдөг хамгийн гол хүчин зүйл бол ашиг цаашид буурна гэсэн хэтийн төлөв байдаг юм. Харьцангуй бага хүүтэй үед ипотекийн зээл бол дахин санхүүжигдсээр байдаг, энэ үед зээлдэгчдэд өгсөн нийт зээлийн хэмжээ тун чамлалттай, иймээс тэдгээрийн зарим нэг хэсэг нь л хадгалагдан үлддэг. Харин ерөнхий эдийн засагт үзүүлэх нөлөө нь бол бараг анзаарагдамгүй бага байдаг.

...Эдийн засгийн уналт дахин эхлэх үед тодорхойлогч үндсэн хүчин зүйлс нь хэрэглэгчдийн гаргаж буй зардал ба үйлдвэрлэлд оруулж буй үндсэн хөрөнгө оруулалт хоёр байдаг бөгөөд гэтэл ХНС эдгээрт үзүүлж чадах бодит нөлөө хамгийн бага байдаг. Учир нь арилжааны байгууллагууд, үйлдвэрлэгчид хамгийн түрүүнд  борлуулалт буурч буйд л хариу үйлдэл үзүүлдэг байхад ХНС үүнд нь шийдвэрлэх үүрэг огт гүйцэтгэдэггүй билээ. ХНС хэрэглэгчдийн зардал ба үйлдвэрлэлийн хөрөнгө оруулалтуудыг удирдаж байдаг гэдэг бол бас нэг гэм буруугүй худал хуурмагуудынх нь нэг юм аа”.

Үүгээр уг номын тэмдэглэлээ өндөрлөе. Энэ хүртэл тэвчээр гарган уншсан танд талархая. Бас зүгээр нэг уншаад өнгөрөх биш энэ бүх бодит байдлыг өнөөдрийн Монгол улсынхаа бодит байдалтай зэрэгцүүлэн харж эргэцүүлэн бодохыг танаас хичээнгүйлэн хүсэх байна. Учир нь энд бичигдсэн дүр зураг-худал хуурмагууд өдгөө зөвхөн америкийн эсвэл европын өндөр хөгжсөн гэх улс орнуудын ч биш бас манай ч бодит байдал болсон гэдгийг ойлгохоос бидний сүүлийн 30 жилийн хямрал мухардлуудаас гарах зөв зам нээгдэх болно хэмээн бид дүгнэж, бас итгэж үнэмшиж буй юм аа.

Дахин сануулж хэлэхэд энд өгүүлэн буй ном бол зүгээр нэг “сайн дурын уран сайханч”-ын бүтээл огтоос биш бөгөөд XX зууны америкийн эдийн засгийн амжилттай салшгүй холбоотой, энэ үйл явцад асар өндөр үүрэг гүйцэтгэсэн, XX зууны хамгийн шилдэг арван эдийн засагчийн нэгт зүй ёсоор тооцогддог хүлээн зөвшөөрөгдсөн эдийн засагчийн бичсэн ном юм шүү.

Мөн танаас энэ нийтлэлийг уншаад ямар бодол сэтгэгдэл төрснөө уг нийтлэлийн доорх сэтгэгдэл бичих хэсэг бичиж үлдээвэл үүнийг бичиж суугаа миний бие тун талархахын сацуу та бүхний бодол санал бүхэн бидэнд маш үнэтэй байдгийг уламжлан хэлье. 

Сэтгэгдэл бичих

Таны бичсэн сэтгэгдлийг сайтын админ зөвшөөрсөн үед нийтлэх болно. Зөвхөн кирилл үсгээр зөв бичгийн алдаагүй бичсэн, интернет соёлын хэм хэмжээнд нийцсэн сэтгэгдлийг хүлээн зөвшөөрөхийг анхаарна уу. Сэтгэгдэл бичихийн өмнө "Интернет соёлын хэм хэмжээ" нийтлэлийг уншихыг танд зөвлөж байна.


Security code
Шинэчлэх

    • Цахим шуудан:
      • This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
      • This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
    • Мэдээлэл харилцаа хариуцсан ажилтны утас: 88167001
    • Номын борлуулалт хариуцсан ажилтны утас: 88167001
    • Банкны данс:
      • Банкны нэр: Худалдаа хөгжлийн банк
      • Дансны дугаар: 456 094 040
      • Данс эзэмшигчийн нэр: Дэмчигийн БОЛОР
      • Валютын төрөл: Төгрөг