социопат

Улс нийгмийн маань уруудал доройтлын үндэс болсон харийн заль мэх, хорлонт үзэл санаа, хорт бодлого, буруу чиг хандлагыг ямар төрлийн хүмүүс гардан дэлгэрүүлж, улайран сурталчилж, хамгаалан зөвтгөж, идэвхийлэн зүтгүүлдэг вэ?     

Чухам ямар хүмүүсийг харийнхан шилж "ухаж гаргаж ирж", "угааж арчиж", "усалж тордож" зорилгодоо үйлчлүүлдэг вэ? Тэр хүмүүст өөрсдийнх нь төрж өссөн эх орон яагаад тийм чухал биш байдаг вэ?

Тэд хүмүүс үү, эсвэл бодгалууд уу? Хүн гэх эрхэм нэрийг зүүх ёс суртахууны, ухамсар сэтгэлгээний, үүрэг хариуцлагын чадвар чадамж, эрх тэдэнд бий юу?

Жишээ нь, харийнхны зохиож өгсөн түүх гүтгэлгийг хуулан бичиж, нэмж баяжуулж, хэвлэж тарааж, хорлонт үзэл суртлыг дэлгэрүүлэн түгээгсэд өөрсдийн үйлдэлдээ гэмшдэг үү?  

Улс ард түмнээ өрөнд оруулж ядууруулж, маш их алдагдал хохиролтой гэрээ байгуулж, асар аймшигтай үр дагавартай хууль дүрмүүд баталж, буруу хортой бодлого явуулагсад юу боддог вэ?  

Хэлж ярьж хийж үйлдэж байгаа нь харсаар байтал муу үр дагавартай, улс нийгэмд хор хөнөөлтэй болох нь ил тодорхой болсоор байхад хүн чанар нь тэднийг зовоохгүй байгаагийн учир юу вэ?  

Тэд бусдыгаа хайрладаг уу, өөртэйгөө адилтгаж үздэг үү, ард түмнээ хуурч мэхэлж хорлож байхдаа ичиж гэмших мэдрэмж тэдэнд төрдөг үү?    

Социопатууд...    

Дүлзэн
Манай кино урлагт тод томруунаар харуулсан урвагч Дүлзэнгийн дүр бол социопатуудын СОНГОДОГ жишээ юм


1830 онд хүний сэтгэлзүйн ийм шинж төлөв байдлыг “ёс суртахуунгүй зэрэмдэг сэтгэц” гэж үзэж байж.

Архи дарс ууснаас болж царай нь улайж мэнчийж магад ч бусдыг хуурч мэхлэхдээ бол тэд харин хэзээ ч улайхгүй...  

Бусдыг хохироож хорлочхоод хэзээ ч гэмшихгүй...муу арга саам ихтэй тул бүх бурууг яаж ийгээд өрөөлд тохно. Тэд өөрийн өчүүхэн зорилгодоо хүрэхийн тулд л хүмүүсийн төлөө байгаа мэт дүр эсгэж, түр хугацаагаар баг өмсдөг...ямар ч хамаагүй аргаар санаснаа гүйцэлдүүлнэ...  

Тэд уран яруу, алиа марзан, хурц ёгтоор, сонирхол татам ярьж бичиж чадна, гэвч тэд бусдын төлөө гэх сэтгэлгүй, бусадтай өөрийгөө хэзээ ч адилтгаж үздэггүй, тэр бол "тусдаа хүн", тэр өөртөө л хайртай...    


Социопатууд гэж чухам хэн бэ?  

Социопат гэдэг үг нь "социо" буюу "нийгмийн"; "пат"-"pathos" буюу грек хэлний анхны утгаараа "хүний хэвийн бус арчаагүй байдлыг хараад төрдөг мэдрэмж" (өрөвдөх жигшихийн хоорондох мэдрэмж), хожим шилжсэн утгаараа "эмгэг" гэсэн утгатай хоёр үгийн нийлбэр юм. 

Нийгэм гэдэг нь хүмүүсийн - хамтаар амьдрах зохион байгуулалт, нэгдмэл үнэт зүйлс, чиг зорилготой, ухамсартай харилцаа ба харилцан үйлчлэлийн цогц систем билээ.

Тэгэхээр СОЦИОПАТ гэдэг үг нь хүний нийгмийн сайн сайхан, ухамсартай эрүүл саруул байдал, зүй зохистой зохион байгуулалт, хамтын үнэт зүйлс, чиг зорилго, харилцан үйлчлэлд сөргөөр нөлөөлөгч "НИЙГЭМД УРШИГТАЙ ЭМГЭГ" МЭТ ЭТГЭЭД гэх утгыг илэрхийлж буй юм.

Иймээс тэд бол нийгэмд хор хөнөөлтэй - хүний нийгэм дэх увайгүй, өрөвдмөөр бас жигшмээр арчаагүй дорд "эмгэг сэтгэхүйтэй", ичгүүр сонжуургүй, мөс чанаргүй, ёс суртахуунгүй амьтад ажээ...

Харийн луйварчид дээрэмчдийн зориудын хорлонт үзэл суртал ийм л амьтдын өчүүхэн аминч шинж, явцуу ашиг сонирхолтой нь давхцаж нийлдэг байх нь. Тиймээс тэд өөрсдөд нь л ашигтай бол улс нийгэмдээ ямар ч хор уршигтай байсан хамаагүй аливаа хорлонт үзэл санаа, үг хэл, үйлдлийг огтхон ч ичиж эрээлж гэмшихгүйгээр тарааж сурталчилж, ярьж бичиж, хийж үйлддэг байна.  

Нийгмийн тийрэнгүүд    

Смайл тайк
Исмаил тайжид Монголын ирээдүй биш өөрөө эрх мэдэлд хүрэх л чухал байв


Тэд бол Нийгмийн тийрэнгүүд. Тэдний үйлдэл нийгэм олныг хорлож хордуулдаг. Улс нийгэмдээ хор уршиг тарьж ард түмнээ хохироохыг юман чинээнд үзэхгүй. Өөрийнх нь ашиг сонирхол, өчүүхэн зорилго л биелэх ёстой.

Манайд нэвтэрсэн Барууны индивидуал ба либерал үзэл нь яг ийм социапатууд-нийгмийн тийрэнгүүдэд зориуд давуу байдал олгож, бусдаас илүү боломж бололцоог тавьж өгөн, тэдний аминч увайгүй үйлдлээр дамжуулан улс нийгмийг нь уналт ялзралд хүргэх зорилготой юм.

Нийгэм олны нийтлэг эрх ашиг, ард түмний сайн сайхны төлөөх шударга нийгмийг байгуулсан байсан БНМАУ-ыг үгүй хийсний дараах "ардчилсан" Монгол улсын Үндсэн хуулинд хувь "хүний эрх"-ийг "шударга ёс, үндэсний эв нэгдэл"-ийн өмнө оруулж эрэмбэлсэн байгаа бөгөөд уг хуулинд "хүний эрх"-ийн дараа хоёрдугаарт нь бичигдсэн "эрх чөлөө" гэгч ойлголт нь хүртэл гаднын "liberty" буюу дур зоргоороо байдал гэх үгийн орчуулга юм.

Ичих эмээх өрөвдөх гэмшихийг мэдэхгүй социопатууд 90 оны төрийн эргэлтээс хойш төр засгийн эрх мэдэлд хүрч, удирдах албан тушаалуудыг хашиж, хувьчлал нэртэй хулгайчлалаар улс ард түмний өмчийг хувьдаа авч баяжиж хөлжин, "ардчилсан сонгууль" гэгч харийн дэмжлэг ба мөнгөөр цохин "сонгогддог" ээлжит жүжгүүдээр сандал суудал эзлэн, гагцхүү амин хувийн ашиг хонжоогоо бодон - юм мэдэхгүй чадахгүйгээ ч тоохгүй, өөрийгөө ч голж мэдэхгүй, Монголын төрийг хүндэтгэх өчүүхэн ч мэдрэмжгүй нийгмийн тийрэнгүүд төр зайдагнан ард түмний толгой дээр гарч суув.

Тэд авилгал хээл хахууль лиценз концесс гм-ээр баяжиж, харийнханд ашигтай хууль дүрэм баталж, луйврын гэрээнүүд хийж, зөвхөн өөрт нь болон харийнханд ашигтай "бизнес"-ээр хөлжиж, нутаг ус байгаль орчныг хордуулан сүйтгэж ард түмнийг архи дарсны бизнес гэх мэт аливаа хор хогоороо хордуулан, нийгмийн олонхыг цөхрөөн ядууруулж, харийнхны алсын уршигтай төсөл хөтөлбөрүүдийг нь эх орондоо хэрэгжүүлсээр байна. 

"Ардчилал" нэрээр Монголд тулган тогтоосон Барууны капиталист нийгмийн дэглэм нь ХАМГИЙН УВАЙГҮЙ НЬ ХҮЧТЭЙ гэдэг үзлээр дэлхийн нөөц баялгийн 70%-ыг хувьдаа эзэмшиж байгаа хэт цөөнх буюу бусад олонхыг өрөвдөж хайрлах ичих гэмшихийг мэдэхгүй социопатуудын засаглал иерархи (hierarchy) дээр тогтож байгаа юм.

Монголын ард түмэн эдгээр гадаад дотоодын НИЙГМИЙН ТИЙРЭНГҮҮДЭЭС эх орноо цэвэрлэн чөлөөлж Улсаа жинхэнэ ёсоор дахин байгуулж чадах эсэх нь БИД ийм социопатуудаас аливаа бодит эерэг үр дүн хүсэн хүлээх БОЛОМЖГҮЙ гэдгийг хэдий түргэн УХААРЧ ОЙЛГОЖ УХАМСАРЛАХААС хамаарах билээ.