Бид бүхэн заримдаа Хүйтэн дайны үед Барууны суртал ухуулгын хэрэгслүүд юу юу гэж эрээ цээргүй бурж байсныг нь эргэн харж эргэцүүлэн бодож байх нь тун ашигтай. Тэр үед хүмүүсийг айлган сүрдүүлж зарим хүмүүсийг бүүр бачимдалд оруулж байсан нөгөө том том ухуулгын самбаруудыг нь мөн Америк руу гэнэтхэн дайран довтлох гэж байсан аймшигт дайснуудын тухай үлгэрийн кинонуудыг нь эргэн санацгаая.

Тэгвэл одоо энд, Баруунд өнөөгийн ТВ, сонин хэвлэлүүдийн зүгээс олон нийтийн ойлголт төсөөлөл дотор бүрдүүлж байгаа яг иймэрхүү бачимдал солиорлын уур амьсгалыг хараад хэн ч өнөөгийн энэ солиорол бодит үнэн байдлыг илэрхийлж байгаа хэрэг гэж хүлээн зөвшөөрөхгүй биз ээ. Хэрэв өнөөдрийн өндөрлөгөөс эргэн харвал Хүйтэн дайны үеийн иймэрхүү суртал ухуулгын ихэнх нь дотооддоо айдас хүйдсийн уур амьсгалыг зохиомлоор бүрдүүлж байгаад гадагш чиглэсэн цэрэг дайны түрэмгий бодлого үйл ажиллагаагаа жирийн иргэдээр дэмжүүлэхэд оршиж байсаан гэдгийг төвөггүй олж харж болно оо. 

Гэсэн хэдий ч Британийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд одоо хэрэв гадаад бодлогын талаар ярих эсвэл бичих л юм болбол өнөөгийн засгийн эрх баригчдын барьж байгаа шугамыг нь хичнээн сохроор даган дулдуйдаж бичиж ярьж байдгийг нь харахад үнэхээр дур гутам билээ. Украйны хямрал эхлэнгүүт Британийн ОНМХэрэгслүүд бүүр шүүн тунгааж бодох чадвараа бүрэн гээж бодит байдлын сүүлчийн үлдэгдэл мэдрэмжээ нэгмөсөн алдсан мэт сэтгэгдэл өөрийн эрхгүй төрдөг. Эрүүл ухаан нь арай гайгүй гэж болох аналитикчид нь ч, зарим нэг сэтгэгдэл бичигчид нь хүртэл хүйтэн дайны үеийн тэр сургамжуудыг ор тас умартан яг тэр үеийнх шиг балай юмаа улиглан ярьж бичицгээж байна.

Сирийн нутаг дэвсгэрт [Сирийн хууль ёсны Засгийн Газраас тусламж үзүүлэхийг хүссэн албан ёсны хүсэлтийн дагуу тусалж байгаа цорын ганц улс] ОХУлсын зүгээс явуулж байгаа Лалын улс нэртэй террористуудыг агаараас бөмбөгдөх ажиллагааны тухай бичихдээ Британийн ОНМХэрэгслүүд бүүр улайм цаймдаа гарчихаад байна. Энэ үйл явдлуудын тухай гэх тэр сурвалжлагууд нь бүр илэрхий тэнэглэлээс авахуулаад шал худал гүжир гүтгэлэг хүртэл гуйваж дайвж байгаа нь зүгээр л эрүүл ухаантай хүний бол гайхшралыг төрүүлж байгаа. Хоёр долоо хоногийн өмнө Times сонин "Путин Барууныг өдөж байна" гэсэн гарчигтай нэг нийтлэл тавьсан байсан. Тэнд юу бичсэнээс харвал Путин энэ алхмыг хийхдээ Брюссел болон Вашингтоноос урьдчилан зөвшөөрөл авах ёстой байсан мэтээр бичиж байна!?...

Барууны ОНМХэрэгслүүдээр ОХУлсын тэргүүн Путинийг уран зохиолд гардаг хорон муу санаат профессор Мориарти, аймшгийн киноны Фу Манчу болон фашизмын үзэл сурталч Йозеф Геббельс нартай адилтгаж Барууныг хууран мэхэлж барьц алдуулж байгаа, үүний хажуугаар оньсого мэт нууц бодлого явуулж байгаа нэг тийм алс хэтийн муу бодлогын мастер, хорон санаат гени мэтээр жирийн хүмүүст дүрслэн харуулахыг хичээж байна.

Тэд нар "Сирид тэр юу хийх гээд яах гээд байгаа юм бол" гэсэн оньсогын уур амьсгалыг байнга дэвэргэж байгаа. Саяхан Челтнэм клубын нэг арга хэмжээн дээр америкийн дипломат асан, сэтгүүлч Джеймс Рубинтай ярилцах боломж гарахад тэрбээр Путинийг хичнээн оньсого шиг хүн болох тухай амаа цуцтал бурж билээ.

Гэвч асуудлын гол нь энэ бүхэн бол жинхэнэ балайрал солиорол юм! Нэгдүгээрт, ОХУлсын тавьж байгаа зорилгуудын талаар Баруун юу ч мэдэхгүй байгаа гэх мэдэгдлийг нь эхлээд авч үзье. Иймэрхүү мэдэгдлүүдийг Украйны хямрал дөнгөж эхлэнгүүт Барууны "чөлөөт" хэвлэл мэдээллүүд хийж эхэлсэн боловч энэ нь илэрхий худал заль мэх юм. Украйн болон Сирид ОХУлсын тавьж байгаа зорилго сэдлүүдийг бүгд сайн мэдэж байгаа. Энэ бүхэн одоо хэнд ч нууц биш байгаа нь Оросын "оньсого мэт бодлого" үйл ажиллагааг манайхны "кремль судлаачид" илчилсэн хэрэг огтхон ч биш ээ. Путин өөрийнхөө засгийн газрын бодлого үйл ажиллагааны талаар өөрөө биечлэн нэг бус удаа Барууныханд дэлгэрэнгүй ярьж тайлбарлаж бид бүхний асуултуудад хариулж байсан билээ.

Харин Оросын эдгээр учир шалтгаан, сэдэл зорилгуудыг нь Баруун хүлээн зөвшөөрөхгүй байгаа бол огт өөр асуудал шүү дээ. Путин ийнхүү зорилгуудаа хэзээ ч нууж хааж байгаагүй боловч Барууны ОНМХэрэгслүүд хэзээ ч барууны жирийн олон түмэнд энэ тухай мэдээллийг хүргэж тэдэнд мэдээлж байгаагүй билээ. Ноам Хомски нэгэн удаа "ардчилсан гэгч улс орнуудад л олон олон зүйлийг бүгдийн нүдэн дээр улайм цайм нуун халхлахыг оролддог юм шүү" гэж хэлж байсны нэг маш тодорхой жишээ бол энэ юм.

Сирид ОХУлс ямар зорилгуудыг мөрдлөг болгож байгааг Баруун мэдэхгүй байгаа гэдэг нь бас л илэрхий шал худал гөрдлөг юм. ОХУлс бол Сирийн лидер Башар Асадын эртний түнш бөгөөд Асад албан тушаалаасаа буусан тохиолдолд ч оросууд Сирийн ард түмэнд хэзээ ч ямар ч тохиолдолд дайсагнахгүй нь тодорхой билээ. Москвагийн гол зорилт бол энэ улс орныг сүйрлээс аврахад оршиж байгаа!

Энэ бүхнээ Путин НҮБ-ын индэр дээрээс илэн далангуй бүгдэд тодорхой хэлсэн шүү дээ. Баруун Путины энэ мэдэгдлүүдийг хүлээн зөвшөөрөхгүй байж болох ч ОХУлсын энэ бодлого үйл ажиллагааг нэг тийм цаанаа хорон санаатай эсвэл оньсого мэт ойлгомжгүй бодлого гэж тайлбарлахыг оролдож байгаа нь зүгээр л инээдэмтэй гүжир гүтгэлэг юм.

Цааш нь Сирид бүрэлдсэн өнөөгийн нөхцөл байдалд Орос хөндлөнгөөс оролцож байгаа нь муу үр дагавруудтай байгаа тухай барууны хэвлэл мэдээллүүдийн тачаангуй яриануудыг нь авч үзье. Харийн алс холын нэг улс болох Сирийн нутаг дэвсгэрийг одоо бөмбөгдөж байгаа нь тэнд муу үр дагавруудад хүргэнэ гэж британийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд нэгэн зэрэг ийм ихээр санаа зовнин түгших юм гэж хэн урьдаас бодож чадах билээ дээ?

АНУ өөрийн холбоотнуудтайгаа хамтран Сирийг бүхэл бүтэн нэг жил гаруйн турш бөмбөгдөж байхад британийн хэвлэлүүд иймэрхүү дүгнэлтэнд хүрч байсан гэж үү? Сирийг агаараас бөмбөгдөх НАТО-гийн ажиллагаанд Британийн засгийн газар нэгдэх тухай хэвлэлээр хэлэлцэж байхад бидэнд ийм бодол сэтгэгдэл төрж байсан гэж үү?

Сири улсын агаарын хил рүү Барууны армиуд [зөвшөөрөлгүй] цөмрөн орж бөмбөгдөж тэнд аймшигтай үр дагаврууд тарьж байхад Британийн ОНМХэрэгслүүд бүгд чив чимээгүй таг чиг өнгөрсөн билээ. Барууны эвсэл тэнд ИЛЛУ-тай тэмцэхийг оролдож байсан гэдэг ч үнэн хэрэг дээрээ "Ан Нусрын фронт" мэтийн джихад бүлэглэлүүдийг дэмжин тэдэнд тусалж байсан юм. Харин тэгвэл Барууны эдгээр шинэ "холбоотнууд" чинь бүгдээрээ Аль-Кайдатай шууд холбоотой шүү дээ. Бид чинь бүгдээрээ эрүүл ухаанаа гээчхээд байгаа гэж үү дээ? Үүнээс ч чухал юм бол, яагаад иймэрхүү чухал гарчгууд манай хэвлэлүүдийн тэргүүн нүүрэн дээр одоо болтол байхгүй байсаар байгаа юм бэ?

Үүнээс гадна бас Сирийн сөрөг хүчний дайчдыг бэлтгэх зорилготой байсан гэх 500 000000 долларын америкийн нэг төсөл эцэстээ мөнгө нь дуусахад ердөө 4-5хан дайчин бэлтгэсэн байсныг мартаж болохгүй юм. Энэхүү Сирийн чөлөөт арми гэгч бол хоосон нэрнээс өөр юу ч байхгүй нь ийнхүү тодорхой болсон бөгөөд энэхүү аядуу сөрөг хүчин гэгч бүлэглэл нь зөвхөн [АНУ-ын] Төрийн Департамент болон [Их британийн] Гадаад Хэргийн Оффисынхны бодол дотор л оршин тогтдог бололтой.

Үүний хажуугаар Сирийн хямрал эхэлснээс хойших бүх цаг хугацааны туршид ИЛЛУ-тэй үнэхээр баатарлагаар тэмцэж байгаа курдуудын анги салбаруудыг НАТО-гийн нэг гишүүн улс - Турк агаараас бөмбөгдсөөр байгаа хамгийн гутамшигтай ичгүүр сонжуургүй үйлдлүүдийг нь таслан зогсоох талаар бол Баруун юу ч хийхгүй байгаа билээ. Курдын эдгээр дайчид бол Сири болон Иракийн нутаг дэвсгэрийн хэсгийг булаан эзэлсэн Лалын улс гэж өөрсдийгөө нэрлэсэн террорист бүлэглэлтэй эхнээсээ бодитой тэмцэж байгаа, Барууны терроризмын эсрэг тэмцлийг үйлдлээрээ дэмжиж байгаа цорын ганц улстөрийн болон цэргийн хүч юм.

Одоо тэгвэл Барууны Сирид явуулж байгаа энэхүү ямар ч үр дүн ашиггүй, шударга бус мөн ухаангүй үйлдлүүдийг нь илчлэн харуулж байгаа хэвлэлийн сурвалжлагууд хаана байна вэ? Оросын бөмбөгдөлтүүдийг тойрсон элдвийн хоосон чалчаа яриануудыг үзүүлж байгаа телевизийн нийт эфирийн ядаж 1/10-ыг нь Барууны тэнд хийж байгаа ухаангүй үйлдлүүдийг харуулахад зориулах юм бол Британид одоо өрнөж байгаа олон нийтийн болон улстөрийн хэлэлцүүлгүүд огт өөр чиглэл гольдролоор явах байсан билээ.

Британийн ОНМХэрэгслүүд өнөөгийн Оросын эрх баригчдыг хяналтан доороос мултарсан ухаангүй солиотнууд мэтээр харуулахыг оролдож байгаа ч сүүлийн 20 жил олон улсын байдлыг сонирхон ажиглаж байгаа хэнбугай ч гэсэн Хүйтэн дайны дараа дэлхий дахиныг тогтворгүйжүүлж энд тэнд дайн дажин байнга өдөөж байгаа хамгийн түрэмгий хүчин бол чухамдаа Барууны эвсэл гэдгийг анзаарсан биз ээ. Бид оросын улсын хэвлэл мэдээллүүдийг нь элдвээр шүүмжлэн дайрч байгааг нь маш их сонсож байгаа ч Барууны ОНМХ-үүд өөрсдийн ичгүүргүй худал нүглүүдийг анзаарахгүй байхыг хичээдэг араншинтайг бүгд мэднэ ээ.

Жич: ... Зарим гэнэн хүмүүс 1990 оноос хойш бид дэлхий дахины бүх төрлийн мэдээллийг чөлөөтэй хүлээн авч монголчууд "ардчилсан" сонголтоо өөрсдөө ухамсартайгаар цаад учрыг ойлгож байж хийж байгаа гэж бодож эндүүрсээр байгаа. Гэвч энэ бол огтхон ч тийм биш юм. 1990 оноос хойш дэлхий дахинд, тэр тусмаа манайд ганцхан үзэл суртлыг - бүүр тодорхой хэлбэл чухамдаа Барууны шинэ хэлбэрийн колончлолын зэвсэг - неолибералч ардчилал мөн чөлөөт зах зээл гэж зальжин нэрлэсэн капитализмыг янз бүрийн хэлбэрээр хэвлэл мэдээллийн олон сувгаар НЭГ Л ЭХ ҮҮСВЭРЭЭС хүмүүст сурталчлан ухуулсаар л байгаа. Иймээс өнөөгийн америк хэлбэрийн ардчилал, чөлөөт зах зээл гэгч капитализмыг дэлхийн өнцөг булан бүрт асар олон хүмүүс эсэргүүцсээр тэмцсээр эвлэлдэн нэгдсээр байгаа билээ...

Тэдний зарим нь В. Путинийг энэхүү тэмцлийнхээ нэг лидер хэмээн харж түүнийг дэмжигчдийн сайт Dear Putin website - ыг дэлхийн 20 хэл дээр өөрсдөө байгуулсан байна. Дээрх холбоос дээр дарж тус сайтыг уншиж сонирхоорой.

Нийтлэлийн эх сурвалж: http://www.spiked-online.com/newsite/article/the-western-media-have-lost-the-plot-in-syria/#.ViPLA1WZQ95

Нийтлэлийн автор: доктор Тара МасКормак / Tara McCormak / - Лестерийн Их сургуулийн олон улсын улстөрийн бодлогын профессор, Европын болон харьцуулсан улстөрийн бодлогууд болон олон улсын харилцааны чиглэлээр Вестминстерийн Их сургууль, Брунейн Их сургуульд багшилж байсан

 

 

 


 

Сэтгэгдэл бичих

Таны бичсэн сэтгэгдлийг сайтын админ зөвшөөрсөн үед нийтлэх болно. Зөвхөн кирилл үсгээр зөв бичгийн алдаагүй бичсэн, интернет соёлын хэм хэмжээнд нийцсэн сэтгэгдлийг хүлээн зөвшөөрөхийг анхаарна уу. Сэтгэгдэл бичихийн өмнө "Интернет соёлын хэм хэмжээ" нийтлэлийг уншихыг танд зөвлөж байна.


Security code
Шинэчлэх

    • Цахим шуудан:
      • This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
      • This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
    • Мэдээлэл харилцаа хариуцсан ажилтны утас: 88167001
    • Номын борлуулалт хариуцсан ажилтны утас: 88167001
    • Банкны данс:
      • Банкны нэр: Худалдаа хөгжлийн банк
      • Дансны дугаар: 456 094 040
      • Данс эзэмшигчийн нэр: Дэмчигийн БОЛОР
      • Валютын төрөл: Төгрөг