Улс орны эдийн засаг, иргэдийн амьдрал цаашдаа хэрхэн хөтлөгдөх нь вэ гэдгийг шийдэх Оюутолгойн гэрээ, үйлдвэр цаашдаа хэрхэн ажиллах асуудал будлиантай байна.

Энэ талаар саяхан Оюутолгойн хувь нийлүүлэгчдийн болон төлөөлөн удирдах зөвлөлийнхөн хуралдахдаа тодорхой шийдэлд хүрэх болов уу гэсэн хүлээлт байсан ч учир битүүлэг болж өнгөрлөө. “Рио Тинто”-гын удирдлагуудын хувьд Оюутолгойг сорчилж ашиглах үзлийг илэрхийлэхийн хамтаар хөрөнгө оруулалтынхаа хэмжээг хоёр тэрбум ам.доллараар нэмснээр 7.1 тэрбум ам.долларт хүрлээ гэж мэдээлж байна. Энэ  нь цаагуураа Монгол Улсад асар их эрсдлийг дагуулах талаар сэжиг төрүүлэн буйг ч эдийн засагчид онцолж буй юм.  

Тиймээс өнөөгийн Монголын эдийн засгийн, ялангуяа Оюутолгойн асуудлаар социалист систем задран унахад зах зээлийн тогтолцоонд шилжих үед Ерөнхий сайдаар ажиллаж байсан гавьяат эдийн засагч Дашийн Бямбасүрэнтэй уулзан, ярилцах боломж олдсон юм. Түүнтэй Оюутолгойн асуудлаар болон Монголын эдийн засагт гарч байсан мартагдашгүй өөрчлөлтийн талаар ярилцлаа.

 

Улсын цаашдын ирээдүйг шийдэх Оюутолгойн асуудлаар ярилцлагаа эхэлье. Оюутолгойн гэрээг эргэн харах хэрэгтэй, хэрэггүй гээд л талцаад байна. Таны байр суурийг сонирхъё? 

-Оюутолгойн Хөрөнгө оруулалтын тогтвортой байдлын гэрээ  Монголын хувьд ашиггүй болсон нь илэрхий. Монголын Засгийн газар үндэсний баялагтаа эзэн болж чадахгүй, гадны хөрөнгө оруулагчдын дур сонирхолд хөтлөгдөж гэрээг байгуулснаараа эдийн засгийнхаа орон зайг хуваагаад хаячихсан юм. Оюутолгойн гэрээг аваад үзэхэд, анхнаасаа манай хууль тогтоомжийг илт зөрчиж эхэлсэн. Хайгуулын ажил дуусаагүй байхад ашиглалтын лиценз Оюутолгойд өгөөд, түүнийхээ дараа техник эдийн засгийн үндэслэл гараагүй байхад гэрээ байгуулсан. Ингэснээрээ Монголын улсын Засгийн газар(С.Баяр, Сү. Батболд, Н. Алтанхуяг, С.Баярцогт, Д.Зоригт, Л.Ганхүү) улс үндэстнийхээ эсрэг гадныхантай хуйвалдсан гэхэд болно. Үүний эцсийн үр дүн орлого зарлагын талаасаа Монгол Улс хосгүй орд газраа гадны компанид эзэмшүүлээд өөрөө өртэй үлдэж байна. 

Рио Тинтогоос бол Монголд 71 хувийн ашиг очно гэж хэзээ биелэх нь үл мэдэгдэх  зүйл ярих юм. Энэ үнэнд нийцэх үү? 

-Энэ бол эрүүл хүний яриа биш л дээ. Оюутолгойн орлого Монголд орж ирэхгүй. Гадны банкуудад эргэлдэнэ гэсэн гэрээ хийсэн шүү дээ. Мөнгө гадныхнаар эргэлдэж, үндсэндээ биднээр тохуурхаж байгаа хэрэг. Тэгэхээр Монгол зүгээр л зэс олборлож гаргаж байна, эдийн засаг өсөж байна гэсэн тоо нь үлдээд, хүн ардын амьдралд наалдахгүй. Харин ч гэрээнд 34 хувийг нь төр эзэмших бол үүнийхээ хөрөнгийг бүрдүүлэхийн тулд өр тавьсан.  Үүний оронд манай орд газар бол маш үнэтэй гэдэг утгаараа 34 хувьд тооцогдох хөрөнгийг гаргахгүйгээр шийдэж болох байсан. Энэ талаараа ч Оюутолгойн асуудлаар Монголыг хариуцсан захирал нь “Монгол өрөө төлж дууссаныхаа дараа ашгаа хуваана шүү дээ” гээд хэлсэн. Гэтэл Монгол Улс өрөө төлтөл есөн жил анхны хөрөнгө оруулалтаа нөхөж байна гээд ашиггүй ажиллавал юу ч биш болно. Дараа нь ахиад л тухайн үеийн хөрөнгө оруулалтынхаа өрийг төлнө гээд ажиллана. Энэ хооронд гадныхан Оюутолгойн нөөцийн гол хэсгийг сорчилж ашиглаад дуусчихна. Тэр шавхруун дээр нь Монгол Улс үлдэх нь байна. Ийм учраас л Оюутолгойн гэрээ Монголд ашиггүй. 

Саяхан “Рио Тинто”-гоос хөрөнгө оруулалтаа 7.1 тэрбум ам.долларт хүргэлээ. Үүнтэй холбоотой хор хохирлыг тооцвол? 

-Анхандаа хөрөнгө оруулалтын хэмжээг хоёр тэрбум ам.доллараар тооцож, үүнийгээ дөрвөн тэрбум болгож, сүүлдээ 7.1 тэрбумд хүрлээ. Цаагуураа юу ч хийж байгаа юм билээ. Ямар зорилгоор, юуг хэдий хэмжээний үнээр худалдаж авсан, зарцуулалт, зориулалтыг баримтаар шалгах хэрэгтэй. Тэгэхээр энэ чинээгээр манай өр нэмэгдэнэ шүү дээ. 7.1 тэрбум ам.долларын 34 хувь гэхээр бид 2.5 тэрбум ам.долларын өрөнд ороод сууж байна. Цаашдаа ч энэ тоо  нэмэгдэх байх. Газар доорх баялгаа харийхнаар ухуулаад өртэй сууж байна гэдэг чинь ямар ашиг байх вэ. 

Хамаг баялгийг маань ухаад алга болоод өгөх вий гэсэн айдас бас төрүүлэх юм? 

-Ер нь хараад байхад сонин зүйл ажиглагдсан. “Рио Тинто”,”Айвенхоу Майнз”-ийнхан манайхтай гэрээнд гарын үсэг зурсныхаа дараа өөрсдийн байршлаа Голланд руу нүүлгээд бултаж нэг үзлээ. Хоёрдугаарт, тэднийхэн сая “Энтри Гоулд”-ад зэсийн орд газрын үлэмж хэсгийг дамлан худалдаж, тэдэнд эзэмшүүлээд Монголын эзэмшлийн 34 хувийг багасгах далд алхам хийж байх шиг байна. Тэгэхээр үүнээс  харахад манай түнш төдийлөн найдвартай, үнэнч түнш биш гэсэн сэтгэгдлийг төрүүллээ. 

Оюутолгойн гэрээг шинэчлэх боломж бий юу? 

- Одоогийн байгаа Хөрөнгө оруулалтын гэрээгээ уян, хатан, хоёр талд ашигтайгаар хийгээд хэн хэн нь нэр төртэйгээр энэ байдлаас гаръя гэвэл боломжтой. “Рио Тинто”, “Айвенхоу Майнз”-ийнхан энэ хугацаанд багагүй лобби хийлээ. Монголын татварын, Ашигт малтмалын тухай хуулийг өөрчлүүллээ. Гадныхан энэ шударга бус гэрээний хор уршгийг өөрсдөө ойлгох ёстой. Хэзээ нэгэн цагт өөрсдийнх нь эсрэг эргүүлэх, манайхтай тэмцэл бий болгох санаагүй л байлгүй. Тиймээс гэрээнд зохих өөрчлөлт оруулах ёстой. Ерөнхийлөгчийн санаачилсан Ашигт малтмалын тухай хуульд Оюутолгойн тогтвортой байдлын гэрээг хөрөнгө оруулалтыг нөхөх хугацаагаар хийнэ. Өөрөөр хэлбэл, 8-9 жилийн хугацаанд тогтвортой асуудлыг ярина гэж байна. Энэ нь зөв. Тэрнээс биш 60, 70 жилийн тогтвортой байдлын гэрээ гэж ч юу байх вэ. Тэр хүртэл одоо гэрээ хийсэн хүмүүс нь амьд сэрүүн байхгүй шүү дээ. Хоёрдугаарт, Монголд гадныхнаас бага татвар аваад Монголын компаниудаасаа их авдаг тогтолцоо, хоёр хуваарь байж болохгүй. Ингэхээр дотоодыхныгоо гадуурхсан хэрэг болно. Хэрэв тэд гэрээгээ дахин хийхгүй гээд гөжөөд байвал, танай баялаг нэгэнт манайх болчихсон гэвэл монголчууд яаж ийж байгаад гэрээгээ цуцлах асуудал ярих байх.

Гэрээ талаасаа дахин хийх боломжтой бол нийт уул уурхайн салбар талаасаа цаашдаа ямар бодлоготой байх хэрэгтэй вэ? 

-Хэрэв бид энэ байдлаар зэсийн хүдрээ баяжуулаад жилд 20, 30 хувийн агуулгатай 2 сая гаруй тонн баяжмал гадагш нь хаяад байвал харамсалтай. Нэгдүгээрт, энд тээврийн зардал маш их гарна, хоёрдугаарт овортой ачааны маань зах зээл БНХАУ-аар хязгаарлагдана. Өөрөөр хэлбэл, Монголын эдийн засаг урд хөршийн түүхий эдийн хавсарга, дагуул боллоо гэсэн үг. Тиймээс зэсийн баяжмалаа боловсруулаад, зэсээ хайлуулаад кабель хийгээд худалдвал зах зээлийн талаас эерэг нөхцөл бүрдэнэ. Энэ гэрээндээ Оюутолгойн комплекс дотор зэс хайлуулах үйлдвэрийг Монголын өмч байх асуудлыг оруулах хэрэгтэй.

Батлагдаагүй байгаа Ашигт малтмалын тухай хуулийн үзэл баримтлал энэ тал дээр дүйх юм уу?

 - Ашигт малтмалын тухай хуульд заахдаа уул уурхайн түүхий эд гаргадаг үйлдвэрүүд эн тэргүүнд Монголын үйлдвэрлэгч нарын хэрэгцээнд нийлүүлнэ гэдэг заалт байна лээ. Энэ нь маш зөв заалт. Үүн дээр нэмээд Монголын тал худалдан авах давуу эрхтэй гэж заасан ч болно. Мөн одоогийн татварын хөнгөлөлтийг арилгах хэрэгтэй. Хуучин Ашигт малтмалын тухай хуулийн 47-ын 3, 4 дүгээр заалтыг нэмээд шатлалтай болгосон бол Оюутолгойн гэрээнд шатлалтайг нь мөрдөхгүй, 3 дугаар заалтыг нь мөрдөнө гэж заасан. Үүнийг өөрчлөх хэрэгтэй. Ер нь гэрээг байгуулахад ажиллаж байсан хүмүүс, төрийн сайд нар дэндүү хариуцлагагүй хандсан. Миний бодоход энэ хүмүүстэй шууд хариуцлага тооцож болмоор. 

Сангийн сайд асан С. Баярцогт Ганбаатар хоёр Оюутолгойн асуудлаар  мэтгэлцсэн. Иргэд ч хоёр хуваагдсан. Та эдийн засагч хүний хувьд мэтгэлцээнээс нэгийг ажигласан байх?

- Мэтгэлцээн их л сонин болсон. Мэргэжлийн хүний нүдээр харахад гэрээг байгуулсан, төрийг төлөөлсөн С.Баярцогт бол илт хуурч мэхлэх, монголчуудыг мунхруулах байр суурьтай байсан.

ed al zassan“Энэ нь их сайхан гэрээ, Монголчууд 60, 70 хувийн ашгийг авна” гэж яриад өрөнд орчхоод байгаагаа цухуйлгаагүй. Хамгийн гол асуудал болох Монголын нутаг дэвсгэр дээр, Монголын хуулиар ажиллаж байгаа аж ахуй нэгж Оюутолгойн олсон орлого яагаад заавал гадаадад хадгалагдах ёстой юм гэдэг асуудлыг хөндөөгүй. Энэ бол Монголыг шууд басамжилсан хэрэг л дээ. Мөн энэ бүтээн байгуулалтанд орж байгаа ажилчдын нийгмийн асуудал. Одоо бол цогцолборт нь ажилчид сендвичэн байшинд амьдарч байна. Гэтэл Оростой хамтарсан Эрдэнэтийг хар. Хажууд нь төмөр зам, цахилгаан станц, орон сууц, сургуулиа барьж байгаад үйлдвэрийн ажил эхэлсэн. Энэ загварыг яагаад авч болохгүй гэж. Харамсалтай нь С.Баярцогт худлаа хэлэх нь дэндсэн л дээ. 20 мянган хувьсагчтай загвар дээр ажилласан гээд байгаа. Тийм хөрөнгө оруулалтын ашгийг тооцох загварыг анх 1986 онд Монгол оруулж ирсэн. Тэр үеийн телефон автоматжуулсан системд хэрэглэж байсан. Ер нь хувьсах загварыг хэрэглэсээр л ирсэн. 20 мянган хувьсагчтай загвар гэж дэлхийд байдаггүй. АНУ-ын эдийн засгийг бүхэлд нь төсөөлдөг загвар бол 159 хувьсагчтай. Гэтэл хувьсагч, өгөгдөхүүн гэдгийг ч мэддэггүй юм байна лээ. Энэ нь өөрөө загвар дээрээ ажиллаагүй, мэдэхгүй гэдгээ харуулсан. Нөгөө талаас гадныхны нүдээр бол Монголын эдийн засгийн хувь заяаг шийдэж байгаа Сангийн сайд нь арчаагүй, боловсрол муутай, ард түмнийхээ өмнө ичихгүй худлаа хэлдэг хүн байна гэж ойлгогдож, Монголыг энэ хэрээр дүгнэнэ шүү дээ. 

Монгол Улсын эдийн засаг зэрлэг каптализм байдлаар хөгжиж байна гэх юм. Энэ тал дээр та ямар бодолтой байдаг вэ? 

-Энэ бол жаахан хуучирсан ойлголт. Ер нь шинэ колончлол гэх ойлголт бий. Эдийн засгийн аргаар боолчлох колончлол гарч ирж байна. Үүнийгээ дагаад үндэстэн дамнасан корпораци төр улсаас ч хүчирхэг, шуналтай субъектүүд гарч ирсэн. Даяаршсан шинэ колончлолын бодлогын үед бид өртөж байна. Манайхан дотор гадныхны хөрөнгө оруулалтыг шүтээд, хамаг юмаа гадныхнаар хийлгээд өөрсдөө баян амьдрах гэсэн сэтгэхүй байна. Үүнийгээ зарим хүмүүс эх оронч сэтгэхүй гээд нэрлээд байх шиг. Энэ бол дээрэмчидтэй нийлж өөрсдийнхөө хонийг барьж өгөх чонын сэтгэхүй. Ер нь Монголын эдийн засгийг хараад байхад иргэдээ, нийгмээ дээдлэхээсээ илүү ашгийн төлөө нүдээ ухаад өгөхөөс ч буцахгүй байдал харагдаж байгаа нь Монголын онцлог болчихож.  Гэсэн ч нөгөө талаас авч үзвэл салхи эргэлээ. Учир нь үндэсний ухамсар сэргэлээ. Шударга үнэний тийшээ зүтгэж байгаа нь одоо Оюутолгой, Таван толгой, МИАТ-ийн асуудлыг сөхөж байгаагаар дүгнэж болно. Мөн иргэд маань бэлэн мөнгөнд хууртахаа больж, тогтвортой амьдралыг хүсдэг болсон байна. 

Эдийн засаг өсөхийн хэрээр иргэдийн худалдан авах чадвар муудах юм.  Өсөлтийг иргэдэд хэрхэн хүргэх вэ?

-2010 онтой харьцуулахад одоо Монголын дотоодын нийт бүтээгдэхүүн 15 дахин өсөж л дээ. Гэтэл монголчуудын амьдрал өөдөлсөнгүй. Энэ нь хоёр шалтгаантай. Нэгдүгээрт, дотоодын баялгаа зөв хуваарилж чадсангүй. Цөөн хүмүүс баялгийг цөлмөөд, өсөлт ярьж байна. Хоёрдугаарт, энэ бол Монголын баялаг биш, эдийн засаг хүнийсэж байна. Ухсан баялгаа хэмжээд л том тоо гаргадаг, нөгөө талд нь Монголд юу ч үлдэхгүй. Үүн дээр нэмэгдээд Монголын эдийн засгийн өөр нэг сөрөг үзэгдэл нь сүүлийн таван жилд тохиолдлоо. Энэ бол төсвийн тэлэх бодлого. Байгаа хөрөнгөө төсөв рүүгээ аваачаад түүнээсээ хуваарилах гэж оролдоод байдаг. Гэтэл сайдууд нь, томчууд нь төсвийн амыг тосоод суучихдаг. Ингээд ард түмэнд ашиг нь ирдэггүй. Ингээд сүүлд 21 мянган төгрөг, ахмадуудад сая төгрөг ч гэнэ үү тараагаад таван тэрбум долларын өрийн өсөлттэй хоцорлоо. 

Монголын төр хэр өртэй байна вэ? 

-Одоо төрийн удирдлагууд ер нь үнэнээр нь хэлэх цаг болсон. Төрийн, хувийн хэвшлийн авсан зээл нийтдээ жинхэнэ тоогоор хэлэхэд 13 тэрбум ам.доллар даваад явчихсан. Энэ тоогоо хэлээд явж байхгүй бол хуучин Зөвлөлтийн өрийг нууж байсан шиг үр дагаввартай юм болно. Үндсэндээ Монголын эдийн засаг олигархуудын хуваарилалтаар хөдөлж байна. 

Үүнээс яаж гарах ёстой бол?

-Сүүлийн үед манайх эдийн засгийн алуурчид гэж их ярих болсон. Энэ нь “Хитмэн” гэсэн үг л дээ. Гадныханд ийм алуурчид байдаг, гаднаас манайд ч орж ирдэг! Гэтэл хамгийн том алуурчид дотроо л сууж байдаг шүү дээ. Сүүлийн жилүүдэд Монголын эдийн засгийг хоёр номлол их баллалаа. Нэгдүгээрт, уул уурхайг дагаж Монгол хөгжинө. Газрын дорх баялгаа ухаж гаргах бол хөгжил биш. Эдийн засаг хөөсрөөд л хоцордог юм байна. Хоёрдугаарт, бүтээн байгуулалт гээд манай улс төрийн намууд тус бүртээ хашгирдаг болсон2012 онд МАН гэхэд 50 тэрбум ам.доллар гаднаас зээлж байж хэрэгжүүлэх мөрийн хөтөлбөртэй сонгуульд орсон. Ардчилсан нам гэхэд 30 тэрбум ам.доллар. Өөрөөр хэлбэл, өр зээл тавьж, Монголын ард түмний ирээдүйг шийдэж, өөрсдөө толгойд суух бодлого баллаж байна. Үүнийгээ тэд бүтээн байгуулалт гэж нэрлэх юм. Тиймээс эдийн засгийн номлолоо өөрчлөхөөс эхэлнэ....

Таны хувьд цаашдаа эдийн засгийг ямар байдлаар залах нь зөв гэдэг байр суурин дээр байдаг вэ? 

- Эдийн засаг гэдэг бол олон хэмжээстэй. Машин жолоодоход жолоочид дөрвөн хөшүүргэ хэрэг болдогтой адил, түүнээс ч нарийн. Гэтэл одоо эдийн засгийн жолоо барьж байгаа хүмүүс оюутны нэгдүгээр курсын мэдлэггүй нөхдүүд шиг л байна. Ингээд тал бүрийнхэнтэй уулзаж, ярьж хэлэлцэхэд болоод сая болж өнгөрсөн Эдийн засгийн форум тус болох байх гэж харж суудаг. Гэтэл уул уурхайгаа л магтан дуулаад байна. Улс орон уул уурхайдаа найдахгүй байх ёстой гэсэндээ биш, салбартаа зөв бодлогыг баримтлах хэрэгтэй. Жишээ нь, Эрдэнэтээс баяжмал гаргаад 35 жил боллоо. Зэсээ бүрэн боловсруулаад, зэсийг дагаад цагаан мөнгө, дагалт баялаг селенийг гаргаж авч байна. Үүнийг цахилгаанд хувьсах гүйдлийг тогтмол гүйдэл болгох байдлаар ашигладаг. Хүхэр төмрийн нэгдлээс хүхрийн хүчил, төмөр гаргаж авч болно. Хүхрийгээ фосфорын бордоонд ашиглаж болно. Төмрийгөө зэстэй нийлүүлээд цахилгаан хөдөлгүүр хийхэд ашиглах боломжтой. Өөрөөр хэлбэл нэг уурхайгаа ашигласан бол түүнийгээ бүрэн боловсруулан гаргах төрийн бодлого хэрэгтэй. Хоёрдугаарт, хөдөө аж ахуйн салбар чухал. Төмс ногоо, алим лийр чавга, интоор гүзээлзгэнээ өөрсдөө тариад сурчихвал баялаг болно шүү дээ. Мэдлэг шингээсэн эдийн засаг гэж ярьдаг байсан бол одоо больчихож. Энэ хэрэгтэй байна. Бүтээгдэхүүнээ боловсруулаад ур ухаан, технологи шингээх хэрэгтэй. Мөн аялал жуулчлалын салбараа сайтар хөгжүүлж чадвал хаана ч газардахгүй шүү дээ. 

Ярилцсанд баярлалаа.

Болор 

 

Монголыг улсыг, монголын ард түмний өнөө үеийн биднийг болон ирээдүй хойч үеийг маань харийн хулхи өрийн ёроолгүй ангалд унагаж байгаа, удалгүй гадагшаа зугтах гэж байгаа энэ улстөрчин нэртэй зомбинууд эх орноосоо урвагчид, эдийн засгийн дотоодын алуурчид биш гэж үү!...

Бүр улс орнуудын эдийн засгийг яаж алдаг тухай; бусад золиос болсон өчнөөн улс орнуудын туршлагыг монгол хэл дээр орчуулж тэдэнд өгөөд дахин дахин хэлээд сануулаад байхад шүү!...