stupid1


Аливаа тэнэглэлийг газар авахуулахгүй, тэнэгүүдэд боломж олгохгүй байх нь ухаалаг хүмүүсээр удирдуулсан улс орны өөдлөн дэвжихийн үндэс болдог ажээ.

Италийн эрдэмтэн, эдийн засгийн түүх судлаач Карло Чиполла тэнэг мулгуучууд дээр хийсэн олон жилийн ажиглалт, туршилт судалгааныхаа дүнд нийгмийн энэ үзэгдэлд дотоод нийтлэг зүй тогтлууд байгааг тогтоож, маш үндэслэлтэй дараах дүгнэлтүүдэд хүрсэн байна. Энэхүү эрдэмтэн судлаач тэнэг хүмүүс бидний бодож байгаагаас хэд дахин илүү аюултай, хөнөөлтэй болохыг дараах байдлаар системчлэн дүгнэжээ.

1. Аливаа хүн өөрийн эргэн тойронд байгаа тэнэгүүдийн тоог үргэлж бодит тооноос нь бага гэж төсөөлж явдаг байна.

Энэ нь тухайн хүний ихэрхэж биеэ тоох, бусдыг доош нь хийх хандлагатай нь огтоос хамаагүй, зүгээр л амьдрал өөрөө үүнийг чин үнэн болохыг баталдаг ажээ. Та хүмүүсийг өөрийнхөөрөө хэрхэн харж дүгнэж байгаагаас эс шалтгаалан дараах нөхцөл байдалтай байнга тулгарна:

- Ухаантай мэт царайлагсад олонх тохиолдолд үнэндээ бол жинхэнэ тэнэгүүд байдаг байна. Тэд үргэлж бусдад ухаантай мэт харагдах, тийм мэт сэтгэгдэл төрүүлэхийг чармайж байдаг ч үнэн хэрэг дээрээ итгэхийн аргагүй тэнэг амьтан байсан нь хэзээ нэгэн цагт заавал ил болдог.

- Тэнэгүүд үргэлж хамгийн хэрэггүй цаг мөчид, хэзээ ч хүсэж хүлээгээгүй газар гарч ирж хамаг үйл хэргийг тань баллаж үнэн зөв зүйлийг жадлан эсэргүүцэж ажил үйлсэд тань саад болж хамаг төлөвлөгөөг тань нурааж байдаг.

 2. Тэнэг байх нь тухайн хүний өөр бусад чанартай огт хамаагүй.

Жишээ нь, тэнэг хүн ой сайтай, мэдрэмжтэй, урлагийн авьяастай, уйгагүй, ямар ч байж болно. “Нарийн мэдрэмж ухааны шинж биш ээ, тэнэгүүд тэр байтугай галзуу хүмүүс ч гайхалтай нарийн мэдрэмжтэй байх нь бий” гэж А.С.Пушкин хэлсэн байдаг. “Ой сайтай тэнэг хүн эшилж ярих жишээ баримтаар дүүрэн явдаг ч ямар нэгэн зөв дүгнэлт, гаргалгаа хийж чаддаггүй. Үүнд л хамаг учир нь байгаа юм” гэж Вовенарг хэлж байжээ.

Хүмүүс харилцан адилгүй - зарим нь тэнэг, зарим нь тэнэг биш байдаг ба энэ чанар нь орчин тойрны болон соёлын хүчин зүйлсээс биш харин байгалиас цаанаасаа өгөгддөг байна. Хүний тэнэг байх нь зүйрлэвэл, улбар өнгийн үстэй эсвэл нэгдүгээр бүлгийн цустай байхтай адил цаанаасаа заяагдмал зүйл ажээ. Тийм л төрсөн гэсэн үг! Боловсрол олгоод ч, өчнөөн сургуулийн диплом өвөртлүүлээд ч ийм төрөлхийн тэнэг мулгуучуудын хувь хэмжээг багасгах хэцүү ажээ.

Үүнийг Карло Чиполла их дээд сургуулиуд дээр явуулсан олон тооны туршилт судалгаагаараа тогтоосон байна. Туршилтанд оролцогсдыг дараах таван бүлэгт ангилжээ: оюутнууд, оффисын ажилтнууд, үйлчилгээний ажилчид, захиргааны албан тушаалтнууд болон багш профессорууд.

Туршилтаар ажилчдын бүлгээс тэнэг мунхаг гэж тогтоогдсон хүмүүсийн тоо уг эрдэмтний барагцаалж байснаас хавьгүй олон байжээ (ийнхүү тэнэгүүд бодсоноос хавьгүй олон байдаг гэдэг нэгдүгээр дүгнэлт батлагдаж байв).

Үүнд нь нийгмийн дараах хүчин зүйл нөлөөлсөн байж болно гэж тэр анхандаа үзжээ: ядуу гачуу амьдрал, ялгавартай орчин нөхцөл, гэр бүлийн боловсрол мэдлэг нимгэн байх гэх мэт. Гэтэл шат ахиж нийгмийн зиндаа дээшилсэн ч цагаан захтнууд болон оюутнуудын дунд эзлэх тэнэгүүдийн хувь хэмжээ өмнөх бүлгийнхэнтэй ав адил байжээ! Хамгийн их гайхширмаар нь, багш профессоруудын хувьд ч жирийн хөдөө мужийн коллеж эсвэл хамгийн том алдартай их сургуульд багшилдаг эсэхээс нь үл шалтгаалан тэдний дундах тэнэгүүдийн хувь хэмжээ ав адилхан байсан байна.

Тэгэхээр нь Карло судлаач Нобелийн шагналт эрдэмтдийн дунд туршилт хийхээр шийдсэн байна. Туршилтаар гарсан үр дүн нь уг эрдэмтнийг цочролд оруулсан ажээ. Байгалийн агуу их хүч л бүхнийг шийддэг гэдгийн баталгаа болж - тэдгээр Нобелийн шагналтнуудын дунд ч тэнэгүүдийн хэмжээ ав адил хувь байгаа нь туршилтаар тогтоогджээ. Эрчүүдийн дотор эмэгтэйчүүдээс дутахгүй тооны тэнэгүүд байдаг бөгөөд өнөөгийн өндөр хөгжилтэй орнууд ч “хөгжөөд” тэнэгүүдгүй болчихдоггүй байна. Иймээс та Их британийн дээдсийн хүрээлэлд орсон ч, эсвэл Полинезид очоод нутгийн анчдын дунд орлоо ч, бүүр аль нэг сүм хийдэд бүгэхээр эсвэл казинод зугаацахаар очсон ч хаа сайгүй тэнэг хүмүүс таны бодсоноос илүү олон тоотой байх болно гэж тэр бичжээ.

 3. Тэнэгүүд бусад хүмүүст байнга хор хохирол учруулж байдаг ба тэдний тэнэглэл нь өөрсдөд нь ч ямар ч ашиг тус авчирдаггүй, өөрсдийг нь ч бас хорлож байдаг.

Эрдэмтэн Карло Чиполла хүмүүсийг 4 бүлэгт хуваасан байна: энгийн хүмүүс, ухаантай хүмүүс, луйварчид дээрэмчид, тэнэг мулгуучууд.

Энгийн хүний хийсэн зарим үйлдэл өөрт нь хохиролтой байж болох ч бусдад үр өгөөжтэй байдаг. Энгийн хүнээс ухаантай хүн юугаараа ялгардаг вэ гэхээр, тэрээр өөртөө ч, бусдад ч үр өгөөжтэй зүйлийг хийж байдаг.

Харин луйварчид дээрэмчид өөрсдөдөө ашигтай, бусдад хохиролтой зүйл хийдэг.

Харин тэнэгүүд бол бүгдэд хохиролтой үйлдэл хийх төдийгүй өөртөө ч гай болдог. Хэрэв тэнэгүүд засаг захиргааны эрх баригчид болж улстөрийн болон нийгмийн давуу эрх эдэлбэл мэдээж хүмүүст илүү их хор хохирол учруулдаг. Гагцхүү тэдгээр тэнэгүүдийн чухам юу нь улс нийгэмд тийм аюултай болгоод байгааг нарийвчлан тодорхойлох хэрэгтэй.

Тэнэгүүд юугаараа аюултай вэ гэхээр, тэдний яаж бодоод байгааг нь, тэдний мулгуу үйл хөдлөлүүдийнх нь дотоод логикийг ухаалаг хүмүүс ойлгох аргагүй.

Ухаалаг хүн хулгайч луйварчдын бодож сэтгэж байгааг бол ойлгох боломжтой, учир нь тэд шударга хөдөлмөр хийлгүйгээр бусдын хөдөлмөрийг завшиж өөртөө ашиг олз олохыг бодож заль мэхээ боловсруулдаг. Луйварчны юу хийх гэж байгааг тааварлаж, урьдчилан тооцож, түүний хийх үйлдлээс сэргийлж хамгаалж болдог бол харин тэнэгүүдийн чухам яахыг урьдчилан таашгүй, тооцож мэдэх огт боломжгүй байдаг. Учир нь тэд хор хохирол учруулахдаа өөртөө төсөөлөгдөж байгаа тэнэглэлээрээ, харин эрүүл ухаан, системтэй мэдлэгийн үүднээс авч үзвэл ямар ч шалтгаангүйгээр, ямар ч зорилгогүйгээр, ямар ч  төлөвлөгөөгүйгээр, хаана ч хэзээ ч хамаагүй гарч ирж гай болдог.

Тэнэгүүд таньд хэзээ ямар цохилт хийх гэж байгааг та урьдчилан тооцох ямар ч арга хэрэгсэл үгүй, тийм боломж байхгүй ээ. Дайралт цохилт хийх гэж байгаа нь тодорхой болсон байлаа ч тэрнээс нь хамгаалах ямар ч арга байдаггүй, учир нь тэр довтолгоонд нь ч утга уялдаатай логик байхгүй. Энэ нь Шиллерийн хэлсэн “Тэнэглэлийн өмнө бурхад ч хүчин мөхөсддөг” гэдэг санаа юм. Тэнэг хүнтэй маргах, шөргөөцөлдөх нь ухаантай хүний хувьд ямар ч ойлгомжгүй нэгэн бүрхэг балай зүйлтэй тэмцэж дэмий л хүч тамираа, нервээ барна гэсэн үг ээ!

 4. Тэнэгүүдийн хорлон сүйтгэх, эвдэн бусниулах чадвар чадавхыг тэнэг биш хүмүүс байнга дутуу үнэлдэгт хэргийн учир оршдог.

Тэнэгүүдтэй ямарваа үйл хэрэгт хамтрах нь аль ч цаг үед, хаана ч, ямар ч нөхцөлд, ямар ч нийгэмд байсан ялгаагүй зөвхөн хожим тойрч гарахын аргагүй гүн гүнзгий алдаанд хүргэдэг гэдгийг тэнэг биш хүмүүс үргэлж мартдаг.

Энгийн хүмүүс тэнэгүүдийн аюулыг төдийлөн ухаардаггүй нь гайхах зүйл биш, харин ухаантай хүмүүс, луйварчид хүртэл тэнэгүүдийн аюулыг дутуу үнэлдэг нь гайхшрал төрүүлдэг. Тэд тэнэгүүдийг ойр тойрондоо гарч ирмэгц яаралтай хөдөлж хор хохирол учруулахаас нь өмнө эрсдлийг багасгах арга хэмжээ авахын оронд зүгээр л өөрсдийгөө тэднээс илүү ухаантай байгааг мэдэрч бардаж, цалгар наазгай болдог байна.

Хүмүүс бодохдоо тэнэгүүд өөрсдөдөө л гай болдог гэж эндүүрдэг, гэвч тийм биш ээ, тэнэгүүдийг хэзээ ч энгийн арчаагүй хүмүүстэй хольж хутгаж болохгүй. Тэнэгүүдтэй хэзээ ч холбоо сүлбээ битгий тогтоо, та тэдний тэнэг байдлыг өөртөө ашиглаж болно гэж горьдохын ч хэрэггүй, хэрэв та тийм үйлдэл хийж байгаа бол тэнэгүүдийн цаад мөн чанарыг огт ойлгоогүй гэсэн үг ээ! Ингэснээрээ та тэнэгийг зоргоор нь тавьж маш том гай тарих боломжийг олгож байгаа хэрэг.

 5. Тэнэгүүд бол байж болох хамгийн аюултай бие хүмүүс. Мөрдлөгөө: Тэнэгүүд хулгайч луйварчдаас ч илүү аюул хөнөөлтэй.

Луйварчин-дээрэмчний хийсэн үйлдлийн үр дүнд нэг хүнд байсан баялаг нөгөө хүнд шилждэг бөгөөд улс нийгэмд энэ нь шударга бус байдлыг бий болгодог ч хүний нийгмийг бүрэн сүйрэлд хүргэдэггүй, учир нь хулгайч дээрэмчдийн үйлдэл өөрсдийнхөө ашиг сонирхлын төлөө байдаг тул тэд үргэлжлүүлэн энэ ашгаа хүртэж байхын тулд өөрсдөдөө байнга боломж олгож байх нэг төрлийн тогтвортой байдлыг бий болгохыг хичээдэг байна. Үүнийг хазаарлан зогсоох боломж байдаг. 

Харин тэнэгүүд тайзан дээр гарч ирэхэд бүх дүр зураг өөрчлөгддөг. Тэнэгүүдэд өөрсдөд нь ямар ч үр өгөөж байхгүй байлаа ч тэд тэнэглэлээрээ маш их хор хохирол учруулдаг ба үр дүнд нь улс нийгмийн баялаг устаж, нийгэм ядуурч дампуурч, ард олноороо сүйрэлд ордог. Хүн төрөлхтний өнгөрсөн бүх түүх юуг баталдаг вэ гэхээр, аль ч улсын төр засгийн эрхэнд хангалттай ухаалаг хүмүүс гарсан үед улс орон нь өөдлөн дэвждэг ба учир нь хамгийн их гай болж улс орноо сүйтгэдэг идэвхтэй тэнэгүүдийг ухаантнууд нь хазаарлан - урьд өмнөх үеийн ухаантнуудынхаа бүтээж босгосон зүйлсийг тэднээр нураалгалгүй сэргийлж тэнэгүүдийн боломжийг эрс хааж чаддаг байна.

Харин доройтон ядуурч буй улс оронд тэнэгүүд тал талдаа олон болж - дээд эрх мэдэлд хүрсэн хулгайчдын дунд ч тэнэгүүдийн тоо хэмжээ эрс өсөж, үлдсэн ард иргэдийнх нь дунд ч гэнэн тэнэгдүү энгийн хүмүүс улам олширдог байна. Тооны хувьд ийн өссөн тэнэгүүдийн хор хөнөөлтэй үйл ажиллагаа улам эрчимтэй болсноор тэр улс орон зүгээр л там мэт аймшигт сүйрэл рүү унадаг ажээ.

Манай улсад “хүний эрх, ардчилал, тэгш эрх” нэрийн доор хамгийн мулгуу тэнэгүүдэд үгээ хэлэх, хэвлэн нийтлэх, үзэл бодлоо илэрхийлэх, нийгэмд чиглэсэн үйл ажиллагаа явуулах, үйлдвэр аж ахуйн газруудыг хувьчилж авах, хүссэн бизнесээ эрхлэх, сургууль байгуулах, хурал цуглаан лекц хийх, улстөрийн нам эвсэл байгуулах, сонгох сонгогдох эрхийг чөлөөтэй тавьж өгч эдлүүлж байгаа нь биднийг бүрмөсөн сүйрэлд хүргэж байгааг одоо та дээрх дүгнэлтүүдтэй холбон тод харж байгаа гэдэгт найдаж байна.

Өөдөлж дэвжих улс оронд тэнэгүүдийнхээ дууг, үйл ажиллагааг хорьдог, харин ухаантнуудаараа удирдуулдаг ажээ. Гэтэл манайд телевиз, радио, хэвлэл, сайтуудын хойморт хамгийн “шилдэг” тэнэгүүд орон зайг нь эзэлж 26 жилийн турш зогсоо зайгүй бурсаар байгаа ба хамгийн тэнэг луйварчид төр барьж байна. Мулгуу сэтгүүлчид, мулгуу эрдэмтэн судлаачид, мулгуу багш профессорууд, мулгуу түүхчид, мулгуу улстөрч, мулгуу эдийн засагчдад хамгийн их боломж, хамгийн их санхүүжилт, дэмжлэг, хамгийн таатай нөхцлийг олгодог нь аливаа тэнэглэлийг нийгэмд зориудаар улам тархааж живүүлэх гэсэн харийн бодлого юм. Тэд хүний нийгмийн энэхүү хачин феномен зарчмыг аль эртнээс мэддэг бөгөөд иймээс бусад улс үндэстнүүдийн эсрэг "ардчилал, хүний эрх, хэвлэлийн эрх чөлөө" нэрээр хэрэглэдэг юм байна аа!

Фэйсбүүк, твиттер гэх мэт олон нийтийн сүлжээ энэхүү тэнэглэл балайрлыг улам их түгээн халдварлуулах гол хэрэгсэл нь төдийгүй олон нийтийн санаа бодлыг элдэв цуу сенсациар хүссэн зүгтээ залах, бүр өдөөн хатгаж хагаралдуулах зэвсэг болсон байгаа ба үүнээс үүдэн тэнд идэвхтэй байгаа жирийн монголчууд, залуус хүүхдүүд бодох сэтгэх, ухаарч сэхээрэх, ойлгох дүгнэх чадварынхаа ихэнхийг алдсаар байна!

Алт шиг үнэн зөв үг хэлэх ухаантны үгийг, ямар хор уршигтай юм ярьж байгаагаа өөрөө ч ойлгохгүй байгаа нэг тэнэгийн чалчихтай эн зэрэгцүүлэн үзэж үүнийгээ “тэгш эрх” гэж гэнэн хүмүүст ойлгуулж байна! Ингэснээрээ саарыг сайн гэж, худлыг үнэн гэж Монголын олон нийтэд итгүүлэхийг оролдож байна!

“Мунхаг хүн дуугүй явдаг ч болоосой, өөдгүй хүн залхуу байдаг ч болоосой” гэж Францын гүн сэтгэгч Шамфор хэлсэн байдаг. Мөн Германы эрдэмтэн Лихтенбергийн хэлсэнчлэн /тэнэг мулгуу зүйл байсан ч хамаагүй/ “Үнэн голоосоо хийж байгаа юм бүхнээ ухаантай ажил гэж боддог хүмүүс олон бий” бөгөөд тэд өөрсдөө ч сайн ойлгож ухаарахгүйгээр тэнэг үг үйлдлээрээ улс эх орноо, ард түмнээ хорлож байгаа усан тэнэг хэнхэгүүд юм.

Тэд хичнээн олуулаа бөгөөд мөн аюултай болохыг жирийн хүмүүс байтугай ухаантнууд ч дутуу үнэлдэг гэж хүний нийгмийн энэхүү хачин жигтэй бодит байдлыг олон жил судалж байгаа эрдэмтдийн сануулж байгааг санаж явцгаая.

Ч. Солонго


 

Сэтгэгдлүүд  

Билэгчулуун
0 # Билэгчулуун 2017-05-21 01:40
Аймшигтай юм аа.
Хариулах | Ишлэл татаж хариулах | Ишлэл

Сэтгэгдэл бичих

Таны бичсэн сэтгэгдлийг сайтын админ зөвшөөрсөн үед нийтлэх болно. Зөвхөн кирилл үсгээр зөв бичгийн алдаагүй бичсэн, интернет соёлын хэм хэмжээнд нийцсэн сэтгэгдлийг хүлээн зөвшөөрөхийг анхаарна уу. Сэтгэгдэл бичихийн өмнө "Интернет соёлын хэм хэмжээ" нийтлэлийг уншихыг танд зөвлөж байна.


Security code
Шинэчлэх

    • Цахим шуудан:
      • This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
      • This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
    • Мэдээлэл харилцаа хариуцсан ажилтны утас: 88167001
    • Номын борлуулалт хариуцсан ажилтны утас: 88167001
    • Банкны данс:
      • Банкны нэр: Худалдаа хөгжлийн банк
      • Дансны дугаар: 456 094 040
      • Данс эзэмшигчийн нэр: Дэмчигийн БОЛОР
      • Валютын төрөл: Төгрөг