/www.vip76.mn сайт-д өгсөн ярилцлагаас/

Улс төр, эдийн засаг судлаач Х.Болорболдтой өнөөгийн тулгамдсан асуудлуудаар ярилцлаа. Тэрээр "Эдийн засгийн алуурчны наминчлал" "Эдийн засгийн алуурчдын золиосууд" зэрэг өнөө цагийн тулгамдсан олон асуудлуудыг задлан шинжилсэн, энгийн үгээр дэлгэрэнгүй тайлбарласан номуудыг орчуулж монголын уншигчдад хүргэсэн билээ...

 

-Сонгуулийн дараа юу болох вэ. Ард түмний амьдралд ямар өөрчлөлт гарах бол?

- Монгол улсад бүрэлдсэн нөхцөл байдал дээр үндэслэн сонгуулийн дараа юу болох вэ гэдгийг ярихын тулд яагаад бид нар ийм байдалд хүрчихсэн бэ гэдгийг ярих ёстой. 1990 оноос хойш Монгол улс нийгэм эдийн засаг, улс төрийн өөр харилцаа, өөр зарчимтай системд татагдан ороод өдгөө 25 жил болжээ. Эргээд энэ өндөрлөгөөс харах юм бол Агуу Их Дампуурлын жилүүд байжээ гэдэг нь хүн бүхэнд ойлгомжтой байна. Одоогийн энэ улс төрч жүжигчдийн хамгаалж, зүтгүүлсээр ирсэн харийн тэр номлол, загвар нь улс Эх орныг маань хэрхэн дампууруулж байгааг хүн бүхэн үнэхээр "нүдтэй" бол харж "чихтэй" бол сонсож байгаа.


-Уг нь их сайхан замаар явж байгаа гэсэн лоозонгуудтай байнга тааралддаг шүү дээ?

- Тэр чинь хоосон тунхаглал шүү дээ. Яг үнэн нүүр царай нь ард түмний дийлэнх олонх нь хавтгай ядуурсан, хүмүүс нутаг орноосоо дүрвэж цагаачилж нийгэмд том хэмжээний шилжин суурьшилт болж байгаагаас харагдаж байна. Энэ байдлаас үзэхэд нэг талаас одоогийн эрх баригчид улс нийгмээ удирдан авч явах чадамжаа алдчихсан, нөгөө талаасаа нийгмийн дийлэнх нь энэ янзаар цаашид явахыг хүсэхгүй байна. Ийм л нөхцөл байдалд 2012 оны сонгууль болох гэж байна. Манайд барууны неолибералч ардчиллын номлол орж ирээд 22 жил боллоо. Гэсэн хэдий ч, хэрэв үр дүнг нь авч үзэх юм бол өнөөдөр бид үндсэндээ хоосон энэ үзэл суртлаас өөр юмгүй болчхоод сууцгааж байна. Манай улсын эдийн засгийг, урьд өмнөх системийн үед байгуулсан байсан үндэстний аж үйлдвэрлэлийн үндэс суурь бүтцүүдийг элдвийн хувьчлал нэртэй хулгайчлал, үнийн либералжуулалтаар эвдэн бусниулж, бараг үрэн таран хийчхээд байж байна. Түүнчлэн мэргэжилтэй ажилчид, инженер техникийн ажилтнуудаа бас үрэн таран хийж нэг хэсгийг нь ганзагын наймаачид болгож нөгөө хэсгийг нь гудамжинд гарган хаяж эсвэл гадаадад хар ажилчин болгож "экспортолсон" шүү дээ. Иймээс өнөөдөр Монгол улс газрын хэвлийн түүхий эдээ ухаж гадагшаа зөөсөн, нийгэм эдийн засаг хүн амын аж амьдрал гээд бүх юм нь гадна талаасаа бүрэн хараат улс орон болоод хувирчихсан шүү дээ. Үүнийг тэгвэл юу гэж нэрлэдэг юм бэ? Ийм ноцтой нөхцөл байдалд хэрэв энэ дампуу үзэл суртлаа эргэн харж даруй засахгүй юм бол, улстөр-эдийн засгийн загвар, чиг баримжаагаа өөрчлөхгүй юм бол энэ сонгуулийн дараа ч манай нийгэмд ямар ч өөрчлөлт шинэчлэлт гарахгүй, тийм боломж байхгүй гэдгийг бид ойлгож байх ёстой.


Яагаад гарахгүй гэж. Эдийн засгийн үсрэнгүй хөгжлийн замдаа орлоо гэж дээр дооргүй л ярьдаг шүү дээ?

- Ямар ч өөрчлөлт гарахгүй байх шалтгаан нь дан ганцхан 76-даа байгаа юм биш ээ, мэдээж хэрэг энэ хувь улстөрчдийн өнөөгийн хуурамч дүр эсгэлт, харийн сурталд мөргөдөг шунахай сувьдаг байр суурь маш том нөлөөтэй, бас асар хортой үр дагавруудтай. Энэ байдлыг нөхцөлдүүлээд байгаа ардчиллын баг өмссөн неолибералч тогтолцооны өөрийнх нь тэр халхавч үзэл суртал, номлол загвар, далд зорилго нь улс түмнүүдийн өмч хөрөнгийг цөлмөх, хүмүүсийг ажилгүй болгож ядуурал гуйланчлалд унагах, нийгмийн амьдралын орчныг нь дампууруулж улс орныг сул дорой болгодог цаад зорилго мөн чанартай, харийн хулхи үзэл санаатай холбоотой юм. Ганцхан Монгол биш бусад олон улс орнуудыг дампууралд хүргээд байгаа хуурамч урхи - үзэл санаа шүү дээ.

Тийм учраас энэ удаагийн ээлжит нэг сонгууль нь энэ бүхнийг залруулж манай улсыг, бидний амьдралыг зөв гольдрол руу нь оруулчихна гэж итгэж суух нь маш гэнэн төөрөгдөл юм.

Учир нь манайд ноёрхож байгаа ХАРИЙН үзэл суртал нь, ХАРИЙН НЭГ ЭЗНИЙ 2 ЗАРЦ - хоёр том улстөрийн намын өнөөгийн гол үзэл сурталчид, толгойлогчдын ихэнх нь ХАРИЙН неолиберал шашны номлогчид байгаа. Ер нь бид Барууны орнуудын баян тансаг, цатгалан энэ байдлыг нөхцөлдүүлж байгаа шийдвэрлэх гол хүчин зүйл бол тэнд ардчилал бодитой байснаас, бүх хүмүүс нь хувийн өмчтэй байснаас, хүн бүхний эрхийг дээдэлдэг учраас тийм байгаа хэрэг бус гэдгийг одоо ойлгох цаг болсоон. Харин тэд дэлхийн бусад улс орнуудтай дэндүү тэнцвэргүй солилцоо /үүнийг шууд ил хэлбэл ил далд дээрэм тонуул гэдэг/ хийж ирсний үр дүнд, гол нь орчин үеийн дэлхийн мөнгө-санхүүгийн бүх механизмуудыг дангаараа өөрсдөдөө ашигтай байдлаар атгаж байгаа учраас ийм байгаа юм аа! Ардчилал, хүний эрх гэдэг бол бодит байдал дээр хаа ч байхгүй, энэ бол зөвхөн энэ шударга бус, тэнцвэргүй энэ байдлыг нуун халхлах, огт өөр зорилготой багт наадам бөгөөд бусад улс орнуудыг гаднаас нь байнга дарамталж эрхшээлдээ барьж байх, дотоод хэрэгт нь хошуу дүрж хөндлөнгөөс оролцож байх гэсэн ердөө шалтаг төдий зүйл юм.

Одоо тэнд амьдардаг манай хүмүүс ч үүнийг нь харж ойлгож байгаа байх, ялангуяа сүүлийн үед "арьсаараа" мэдэрч тэндхийн жирийн ард түмний амьдралыг ч харж байгаа байх аа. Яахаараа энд мэргэжлийн ажлаа хийж байсан инженер "Бат" тэнд очоод ямар ч мэдлэг боловсрол шаардахгүй хар бор ажлыг нь л хийхэд Монголд байгаа инженерээс олон дахин их хөлс мөнгө авч байдгийн цаад эдийн засгийн учрыг нь эргэцүүлэн нэг бодоод үзээрэй дээ. Тэндхийн цалин хөлс үнэндээ далд тэтгэмжүүд бөгөөд сүүлийн жилүүдэд зээлээр хэрэглээд байх боломжгүй болохын хэрээр тэндхийн жирийн хүмүүс нь ч энэ бүх жүжгийн цаад мөн чанар үнэн царайг ойлгож эхлээд байгаа шүү дээ...

1990-ээд оноос бидний гэнэн хүлээж авсан энэ үзэл санаа бол өрнөдийн улстөр-санхүүгийн капиталын эздийн хүрээнээс зохиосон үзэл суртал - урхи төсөл юм. Тэрхүү суртлаар бол хувийн өмчтэй, зах зээл чөлөөтэй байх ёстой, заавал олон намын системтэй байх ёстой, заавал хэвлэлийн эрх чөлөө байх ёстой гэж номлодог. Гэхдээ хувийн өмч гэдэг нь Монголын бүх хүмүүс хувийн өмчтэй байна, тэднийг хувийн өмчтэй болгоно гэсэн үг огт биш ээ. Надад, чамд тэр хувийн өмчийн үзэл санаа нь эхнээсээ ямар ч падгүй ээ! Харин монголчууд бидэнд орон сууц, гэр хороо, мал аж ахуй гэх мэт амины өмч бол урьд нь ч байсан, одоохондоо ч ямар нэг хэмжээгээр байгаа. Гэвч энэ бүхнийг ч эцэст нь тэд булаан хамах л болно оо. Хувийн өмч гэдэг бол тухайн хүний, тухайн гэр бүлийн бодит хэрэгцээ, хүч боломжоос бүүр давсан гагцхүү бусдыг ашиглаж хөлс хөдөлмөрийг нь мөлжин шимэгчлэх замаар хэт баяжихад чиглэсэн хөрөнгө капитал юм. Неолиберал үзэл суртал нь ардчиллыг хувийн өмчтэй байгаа нөхцөлд нь хэрэгжих боломжтой гэж тэдгээрийн хооронд тэнцүүгийн тэмдэг тавьдаг үзэл санаа бөгөөд хувийн өмчийг тахин шүтэх үзэл санаа бол нийгэмд зориудаар түгээсэн хоосон тунхаглал, нийгмийн бодол санааг далдаас удирдаж байгаа хэрэг юм. Яг ийм "бэлтгэл ажил" хийсний дараа нийгмийн баялгийн өмч хувьчлал - бусад улс орнуудад бол хулгайчлал гэж нэрлэсэн тэр үйл ажиллагаа эхэлсэн шүү дээ! Харин ингэж тархиа угаалгасан нийгмийн дийлэнх олонх энэ бүх "хулгайчлалыг" нь ийм л байдаг юм байх хэмээн гайхан харсаар хоцорсон доо?! Харин одоо "хувийн өмчтэй" болж авсан тэр хэсэг буюу албан тушаалаа ашиглан хуйвалдаан, хээл хахууль, залилангууд хийж нийгмийн ихэнх хөрөнгө активыг завшсан тэр гадаад дотоодын өчүүхэн хэсэг бүлгийнхний өөрсдийн "хувийн өмч" болгосон байгаа тэр зүйлийг хуулиар бас үзэл суртлаар хамгаалах гэсэн далд санаа юм. Өнөөгийн нийгэмд ч 10, 20 улстөр-санхүүгийн бүлэглэл л элдэв бохир махинацаар, хууль бусаар нийгмийн ихэнх баялгийг сорон авч байгаа шүү дээ. Хувийн өмч дээр тогтсон энэ чөлөөт ардчилсан неолиберал үзэл санаа гэдгийн жинхэнэ нүүр царай нь эдгээр цөөхөн хүмүүсийн эрх ямба, тэдний өөрсдийн хувийн болгож авсан "өмч хөрөнгийг" нь л хамгаалахад оршиж байдаг. Үүнийг л ойлгох хэрэгтэй дээ.


-Тэгэхээр бид цаашид яах ёстой юм бэ. Үүнээс гарах гарц, юунаас эхлэх хэрэгтэй вэ?

- Өнөөгийн "ардчилсан" Монгол улс нэг үйлдвэрлэл барьж босгосон уу, сүйтгэсэнтэйгээ харьцуулахад дорвитой юу ч босгож бариагүй шүү дээ. Ядаж нэг газрын тос нэрэх жижиг үйлдвэр ч байгуулаагүй сууж байна. Одоохондоо бид бүхнийг амь тавиулчихгүй аваад явж байгаа тэр зүйл бол социализмын үед л бий болгосон нийгмийн баялгуудын /үрэн таран хийлт, эвдэн сүйтгэлээс үлдсэн байгаа төвлөрсөн усан хангамж, дулаан хангамж, ихэнх нийтийн эзэмшлийн барилга орон сууц, үйлдвэрийнх байсан барилгууд, төмөр зам, харилцаа холбооны сүлжээ гэх мэт/ хэлтэрхий үлдэгдлүүд дээр амь торгоож байна. Байдал ийм ноцтой болсон байтал хоосон үзэл санааг ам уралдуулан цэцэрхэж хийрхэж хэнээрхэхээс өөр юм ярихгүй байгаа нь хамгийн том эмгэнэл, тэнэглэл юм даа. Үүний оронд бид үндэстний эдийн засгийнхаа суурь бүтцүүдийг, цаад механизмуудыг мөн чанараар нь судлан хэлэлцэх, төлөвлөх тэгээд хэрэгжүүлж эхлэх хэрэгтэй байна. Хүмүүсийнхээ эрүүл мэнд, мэдлэг боловсрол, ажил эрхлэлт, ашиг орлого, амьдралын түвшинг яаралтай буцаан сэргээх, цаашид ч ахиулах талаар ярих, хийх хэрэгтэй байна. Яг эдийн засгийнхаа аюулгүй байдал, хүн ардынхаа амьдрал, ирээдүйг яаж баталгаажуулах вэ гэдгийг ярих хэрэгтэй цаг аль эрт болжээ. Энэ бол хэн нэг улстөрчдийн явган хэрүүлээс илүү чухал зүйл шүү дээ. Одоо манай нийгэмд ямар асуудал нь амин чухал, юу нь одоохондоо бол чухал биш гэдгийг ялгаж салгахаа байчихсан бүхэл бүтэн хүн сүргийн овоолго бий болчихжээ. Энэ бүгдийг олж харж ойлгож дүгнэлт хийж алдсан алдаануудаа хүлээн зөвшөөрч, энэ нүхнээс гарах тухай, гарцын талаарх яриа, ажил хэрэг эхлүүлээгүй цагт манай улсын үндэстний аюулгүй байдал, бидний амьдрал сайжрах ямар ч боломжгүй бөгөөд харин ч ойрын хэдэн жилд огцом хүчтэй унаж болох магадлал байгаа. Дэлхий нийтийн санүү-эдийн засгийн хямралын хоёрдугаар давалгаа юу юугүй эхлэх гээд л байгаа, зөвхөн тэндхийн том сонгуулийг хүртэл торгоохоор л оролдож байгаа. Үүнд манай эмзэг бүтэцтэй эдийн засаг бүүр ч их нэрвэгдэх төлөвтэй. Дахиад л дааж давшгүй болоод байгаа гадаад өрөө нэмэх үү? Ер нь бүх импортын барааны үнэ огцом өсөх судалгаа байгаа ба маш цөөхөн түүхий эд л экспортлохоос өөр зүйл хийж чадахгүй болгосон манай улс улам хэцүүдэх магадлал өндөр байна.


-Үүнд чухам хэн буруутай юм бэ? Тэгээд яах вэ?

- Хэрэв гадна талаас нь зориуд "БУРУУ ИШЭЛСЭН" бол улс орныг сүйтгэдэг гурван гол хүчин бий болдог. Нэгдүгээрт, буруу ишлэгдсэн үзэл сурталч улстөрчид, хоёрдугаарт буруу ишлэгдсэн хэвлэл мэдээлэл ба сэтгүүлчид, гуравдугаар буруу ишлэгдсэн боловсролын түшмэдүүд ба багш нар. Үзэл сурталч улс төрчид Монголын нийгмийг хоосон үзэл суртлаар 20 жил хуурч чирч эдийн засаг-нийгэм ёс суртахууны гол тулгуур сууриудыг мөн нэгэнт хүрсэн байсан чадавхыг бүрэн дампууруулж хаялаа. Одоогийн боловсролын салбарын буруу ишэлсэн түшмэдүүд, гаднынхны СУРГАЛТЫН шилдэг сургах арга зүй нэртэй үнэндээ бол хүүхэд залуусын оюун ухааныг хөгжлийг ХҮЛЖ БАГЛАХ цаад зорилготой арга зүйгээр "сургууль" хийсэн багш нар л бидний үр хүүхдүүд дээр - Монголын хойч ирээдүй дээр маань гаднынхны элдвийн хорлонтой туршилтуудыг хийсэн шүү. Ихэнх "сурах" бичгүүдийг гадныхны санхүүжилтээр тэдний шууд заавраар "боловсруулж", анги үсэргэх, гадаад хэлүүдийг цэцэрлэгээс нь бага ангиас нь заах (төрөлх хэл нь хөгжихгүй бол хүний оюун ухаан нь хөгждөггүй!!!), жинхэнэ шинжлэх ухаанууд болох байгалийн ухааны хичээлүүдийг оромдох, ухвар мөчид эцэг эх хүүхдээр хичээлийг "сонгуулах", улсын ерөнхий шалгалт гэх мэт одоо амар хялбар мэт санагдах боловч алсын ноцтой уршигтай бодлогыг явуулан манай боловсролыг неолибералжуулж дампууруулж самарч хаясан даа.

Одоо ялангуяа хүүхэд, залуу хүмүүсийн боловсролын түвшин, чанар илт муудаж хүн ардыг маань үндсэндээ ДЕБИЛЖҮҮЛЭХ үйл явц эхлээд явж байгаа. Наад захын энгийн нэг жишээ нь, англи хэлийг нь сураагүй мөртлөө латин үсгээр ямар ч дүрэмгүйгээр, амандаа орсноороо монгол галигаар сараачдаг саармаг /маргинал/ хүмүүсийн сүрэг гарч ирээд байна, манай ард түмний түүх соёлыг бус харийн зориуд "хялбаршуулсан" түүх соёлыг багаас нь түлхүү суулгаж өгч байна шүү дээ!

Амьдрал, Баялаг, Хөгжлийг Бүтээдэг байгалийн шинжлэх ухааны системтэй гүнзгий мэдлэг, боловсрол одоо бол хэнд ч хэрэггүй МЭТ болсоон!, ямар ч аргаар хамаагүй мөнгө л олох үзэлд живсэн энэ нийгмийн хамгийн гол шүтээн - шулмын үзэл суртал нь мөнгө болсоон. Энэ бол бүхэл бүтэн улс түмний мөхөл эхэлсэн, айсуй байгааг хэлээд байгаа бөгөөд одоо бол бүүр Монгол нийтлэг хувь заяа, Монгол нийтлэг ашиг сонирхлоо ч мэдрэхээ больчихсон хүн сүргийн бөөгнөрөлүүд манай нийгэмд бий болчхоод байна. Ийм байхад бидэнд ирээдүй бол байхгүй шүү дээ. Үүнийг л ойлгох ёстой доо. Одоо ч хаа сайгүй мэдлэг боловсролын хомсдол, хамгийн гол нь хөгжил цэцэглэлт, бодит баялгийг гардан бүтээдэг мэдлэг боловсролтой хүмүүсийн архаг дутагдалд ороод байна шүү дээ. Ийм байвал ойрын ирээдүйд юу болохыг төсөөлөхөд ч бэрх байна даа.


- Ийм замаар явж байгаа гэж ихэнх хүмүүс бодохгүй л байгаа шүү дээ?

- Ихэнх маань тэр соёл иргэншлийн харанхуй ангал руу нь баярлаад дэвхцээд хар эрчээрээ гүйж явж байна. Хүмүүсээ, түр зогсоод энэ байгаа байдлаа эргэцүүлэн бодооч ээ гэж хэлмээр байна. Буруу замаар явж байгаа зүйлийг өөр тийш нь эргүүлэхийн тулд зогсоож байж л эргүүлдэг. Тэрэнтэй адилхан зогсох, юу болоод байгааг сэрж ухаарах хэрэгтэй байна даа. Бид өөрсдөө сурч боловсорч бодож сэтгэж өөрсдийн амьдралыг өөрсдийн хөдөлмөр зүтгэлээр байгуулж ирээдүйгээ өөрсдөө баталгаажуулж амьдрах ёстой атал юуны өмнө гадаадын бэлэн материаллаг юмсыг, гадна талынх нь материаллаг хэрэглээг нь илүү чухалд тооцоод байна. Монгол ардын мэргэн үг бий. Гаднаа гяланцаг, дотроо паланцаг, одоо энэ яг биеллээ олов. Өнөөдрийн монголын нийгмийн, төр засгийн явуулж байгаа бодлогын үнэн нүүр царай ийм л болчихож. Бүгд л иддэг уудаг, эдэлдэг хэрэглэдэг донтонгууд болчихсон. Энэ их идэх уух, эдэлж хэрэглэх донтон болгоход хэвлэл мэдээллүүд, сэтгүүлчид бас буруутай. Ер нь дебилжилт гэдэг чинь нийгмийн болон хувь хүний сэтгэлзүйн нэг онцгой төлөв байдлыг, ялангуяа эргэн тойрондоо юу болоод байгааг мэдрэхээ анзаарахаа больсныг, эргэцүүлэн бодож ойлгох чадвараа гээж байгааг хэлдэг сэтгэцийн эмгэг судлалын нэр томьёо шүү. Хажууд нь болоод байгаа үйл явдлыг олж харахгүй ойлгохгүй, зааж өгсөн ч ойлгохыг хүсэхгүй байгаа хүмүүс их болоод байна. Монголын бүх хүн ингээд бодчихвол яах болж байна аа. Энэ бол улс нийгмийн унтралт, оюун санааны мөхөл шүү дээ. Үүнийг ярихгүйгээр цаашаа хөгжих, цаашид ядаж энэ байдлаа хадгалж үлдэх ямар ч боломж байхгүй гэдгийг ойлгох хэрэгтэй байна. Энэ дампуурлыг даруй зогсоох ёстой.

Болохгүй байгаа юмнуудыг олж харсан, мэдсэн судалсан хүмүүс бүх түвшинд ярьж хэлэх шаардах, өөрсдөө ямар нэг бодит алхам хийж эхлэх цаг болсоон. Бид ер нь XXI зуунд тусгаар тогтносон улс үндэстэн хэвээр үлдэж чадах уу, 800 жилийн төрт ёсны уламжлалаа хадгалж эцэг өвгөдийн өвлүүлсэн газар нутаг, хүн зон маань үндэстэн ард түмэн гэдэг хэлбэрээрээ цаашид оршин байх уу гэдэг асуудал тулж ирээд байна. БИДНИЙ АМЬДРАЛЫГ ХАРИЙНХАН ЯМАР АРГУУДААР "АЛААД" БАЙГААГ БИД САЙН ОЙЛГОЖ АВАХ ЁСТОЙ. БИДНИЙ ҮЕ ДЭЭР "УЛС ҮНДЭСТНИЙ АМЬ АМЬДРАЛ" МААНЬ ТАСРАХ ЁСТОЙ ГЭЖ ҮҮ?!!

Ухаалаг гэр бүл өөр нутгийн эсвэл харийн хүмүүсийн үзэл санаагаар, номлолоор үр хүүхдүүдээ өгч хүмүүжүүлнэ гэж байдаггүй шүү дээ, учир нь оюун ухаан, сэтгэлийг нь урвуулан авсан бол хүүхэд нь тэдний хүн болж урвадгийг, ингээд тэр айл тэднийх болдгийг монголчууд эртнээс нааш мэдэж захиж сургаж үүнээс болгоомжилж ирсэн шүү дээ. УЛС ОРНЫГ МӨНХИЙН ЭРХШЭЭЛДЭЭ ОРУУЛАХЫН ТУЛД ЭНЭ УЛС ОРНЫ ИРЭЭДҮЙ - ХҮҮХЭД ЗАЛУУСЫНХ НЬ "ТАРХИЙГ УГААЖ" СЭТГЭЛИЙГ НЬ УРВУУЛАН АВ ГЭСЭН ЗАРЧИМ ХҮН ТӨРӨЛХТНИЙ ТҮҮХЭНД ЭРТНЭЭС НААШ ЯВЖ ИРЖЭЭ!!! Харийнхны зориуд суулгаж өгсөн үзэл суртлаар эх орноо, ажил амьдралаа харах гэдэг бол харийн ашиг сонирхлын өнцгөөс харж байгаа гэсэн үг шүү дээ. Африк, Латин Америк, Азийн зарим колони болсон орнуудын элитийг нь колоничлогч гүрнүүд аваачиж өөрсдийн хэл соёл, ертөнцийг үзэх үзэл, үнэт зүйлүүд хамгийн гол нь өөрсдийн эрхшээл доор байхаар хүмүүжүүлж "боловсруулсан" байсныг хүн төрөлхтний буурал түүх мартаагүй шүү! Үүнийг ойлгон ухамсарлаж одоо улс нийгмийнхээ түвшинд сэрцгээж, гаднын үзэл санаагаар өөрсдийнхөө болон хүүхдүүдийнхээ тархийг угаалгуулж, гадныханд мөргөж шүтэж амь зуухаа больцгооё оо. Бид тэдэнтэй ухаалгаар бодитой харилцан ашигтай харьцаж өөрсдийн ухаанаар бодож өөрсдийн гараараа хөгжлөө бүтээж амьдрах хэрэгтэй байна даа. Манай нийгмийн өмнө тулгараад биднийг боомилоод байгаа маш олон чухал асуудлууд байсаар байтал одоо ихэнх хэвлэл, ТВ-ээр хаа холын холливудын хоёр од гэрлэсэн эсвэл элдэв гаж үйлдлийнх нь тухай бидний хэнд ч падгүй, харин ч хортой шар мэдээллүүд л цутгаж байна шүү дээ. Бид үүнийг таслан зогсоох, ийм зүйлийг ялангуяа ОНМХ-ээр сурталчлаад байхыг болих ёстой. Ийм мэдээлэлд "хорхойтой" болж донтсон хүмүүс тэр "эрх чөлөөгөө" эдэлж интернетээс олоод үзчихэж болно шүү дээ. Харин ийм элдвийн уршигт явуулга, гаднын тархины угаалга хүн ардын маань зүрх сэтгэл рүү, тархи оюун дээр өдөр шөнөгүй дусаж бүүр цутгаж байхад бид хүмүүсээ, залуу үеэ эх оронч бус байна, залхуу идэвхгүй байна, мэдлэггүй боловсролгүй байна, хийж бүтээх хүсэл эрмэлзэлгүй байна гэж дан ганцхан тэднийг буруутгаж болно гэж үү? ЕР НЬ БИДЭНД НОЦТОЙ АЛДААНУУД ИХ ХУРИМТЛАГДААД БАЙНА ШҮҮ.

Бид хэрэв яг энэ хэвээрээ байвал харийн хүчний найруулан тавьсан энэ эмгэнэлт жүжигт нь арын эгнээний туслах дүрд тоглосоор эцэст нь улс үндэстний хувьд сүйрч сульдан доройтож мөхөх болно. Улс орон өөрийн ард түмэнтэй, хилийн доторх газар нутагтай, уламжлал түүх хэл соёлоо хадгалж авч үлдэж хайрлан хамгаалж үлдэх нь маш чухал боловч орчин үед тусгаар тогтнолын хамгийн чухал хүчин зүйл баталгаа бол бид улс гэрээ өөрсдөө бие даан аваад явчих үндэстний эдийн засгийн суурь бүтэц, үндсэн амин чухал хэрэгцээгээ хангах дотоод чадавхтай, үүнд чиглэсэн шинжлэх ухаантай, орчин үеийн мэдлэг боловсролтой, эрүүл ухаантай ард түмэнтэй байх явдал гэдгийг бид сэхээрч ойлгож ухаарах ёстой.

БИДЭНД ОДООХОНДОО БОЛ ЭНЭ БҮХНИЙГ ЗАСАЖ ЗАЛРУУЛАХ ӨӨРСДИЙН УЛС ОРНОО, АЖ АМЬДРАЛАА СЭРГЭЭН БОСГОХ ЧАДАВХ БАС БАЙНА АА.

БИД НЭГЭН ҮЗҮҮРТ СЭТГЭЛЭЭР ТЭМЦВЭЛ УЛС ГЭРЭЭ БҮРЭН ТОХИНУУЛЖ ӨНӨӨ БА ИРЭЭДҮЙГЭЭ БҮТЭЭЖ ЧАДНА АА! ГЭВЧ ЦАГ УЛАМ Л БАГА БОЛООД БАЙНА ДАА!

Ярилцсанд баярлалаа.

Х.Өнөрсайхан


Холбоотой нийтлэлүүд