Бүү бур! Чамайг анх ингэж бичихэд чинь тоогоогүй
Дараа нь давраад улиглахад чинь эргэлзэж эхэлсэн
Эцэст нь шалгаж үзээд худал бурж байгааг чинь ойлгосон!

"Эх оронч үзэл бол адгийн шааруудын хорогдох сүүлчийн оромж" гэсэн нэгэн үгийг неолибералчид харийн үзэл сурталд Монголын ард түмнийг ятган ухуулахдаа ашиглаж энэ үгийг зориудаар буруу орчуулж буруугаар ойлгуулж тэднийг төөрөгдөлд оруулснаас болж одоо олон монголчууд, ялангуяа манай гэнэн итгэмтгий залуучууд энэ үгийн цаад учрыг, ер нь Эх оронч үзлийг огт буруугаар ойлгож явдаг болсон юм. Энэхүү манай улс үндэстнийг аажмаар сүйрэл мөхөлд зайлшгүй хүргэх нигууртай неолибералчдын башир залийг нь илчилж олон түмний буруу ташаа ойлголт төсөөлөл - тэдний гэнэн төөрөгдлийг нь залруулж өгөх хэрэгтэй байгаа.

Анх энэхүү үгийг манай цөөн хэдхэн "улайрсан" неолибералчдын нэг - гаднын хөлсний суртал ухуулагч өөрийн нэг захиалгат нийтлэлдээ ишлэхдээ энэ үгийг анх хэлсэн тэр жинхэнэ утгын холбоотой санаан дотроос нь сугалж аваад шал өөр утга, өнгө аяс оруулж огт өөр зүйлтэй холбож ишилсэн нь (!) энэ үгийг анх хэлсэн тэр хүний хэлэх гэсэн санааных нь яг эсрэг ойлголт, бодол төсөөллийг гэнэн итгэмтгий хүмүүст, ялангуяа өнөөгийн залууст төрүүлсэн байдаг.

Харийн суртал ухуулагчийн зориуд гуйвуулсан энэ “жигүүрт үгийг” нь олж уншиж ташаа ойлголттой болсон монгол залуучуудын нилээд хэсэг нь одоо Эх орон минь гэж ярихаас, Эх оронч гэж бусдадаа ойлгогдохоос, харагдахаас айж ичиж жийрхэж явдаг болсон нь өнөөгийн харийн ардчилсан дэглэмийн нэг эмгэнэл юм. Энэ бол Эх оронгүй, Үндэс угсаагүй, хаана амар жимэр гэдэс цатгалан сэмхэн амьдарч болж байна тэр газраа "бага эх орон" гэж үздэг космополит - дэлхийн хүн гэсэн харийн неолибералч үзлийг монгол залуусын дунд дэлгэрүүлэх гэсэн Монгол улс үндэстэнд алсдаа тун уршигтай, неолибералчдын чивэлт явуулга юм. Энэ харийн неолибералч бодлогын үр дүнг бид улс үндэстнээрээ 24 жилийн турш хангалттай "амсаж" Эх орон минь тарчилж байна!

Энэ үгийг манай тэр "ардчилсан либералч"-ийн бичдэгээр Л. Н. Толстой хэлээгүй, харин Британийн зохиолч, утга зохиолын шүүмжлэгч, түүхч Сэмуэль Джонсон (1709-1784) 1775 оны 4-р сарын 7-нд нэгэн оройн хүлээн авалтын үеэр тэр үеийн английн III Джордж хааныг хувийн улстөрийнхөө явцуу ашиг сонирхлынхоо үүднээс дайрч шүүмжилж байсан либерал улстөрч Эдмунд Бёркэд хандаж хэлсэн ажээ. Англи дээрх эх үүсвэрээс нь харвал Patriotism is the last refuge of a scoundrel гэсэн байгаа. Хэрэв энэ үгийг жинхэнэ утгын холбоо /контекст/ дотор нь утгачлан орчуулбал "хамгийн увайгүй өөдгүй этгээд ч эцсийн эцэст жинхэнэ Эх орончдын сүүдэрт багтах гэж зүтгэдэг, тэрбээр ингэж эх орончийн хуурамч баг өмсдөг, ер нь хамгийн увайгүй тэнэгийн хувьд ч хамгийн сүүлчийн, хамгийн давж боломгүй хил хязгаар бол Эх орон нь байдаг. Иймээс аливаа Хүний хамгийн дээд эрхэм чанар бол Эх орноо хайрлан дээдлэх үзэл санаа, эх орныхоо төлөө зүтгэх бодит зүтгэл юм" гэсэн утгатай.

Иймээс Джонсон энэ үгээ хэлэхдээ либералчид манайханд ойлгуулсан чухам яг тэр санаагаар хэлсэн хэрэг огт биш, харин ч яг эсрэг утгаар хэлсэн хэрэг юм. Харийн хөлсний суртал ухуулагчдын бичдэгээр С. Джонсон Эх оронч үзлийг адгийн шааруудын хэрэглэдэг сүүлчийн нэг арга бач нь гэж үзэж ер нь Эх оронч үзлийн эсрэг байсан хэрэг үү?

Үгүй ээ! Харин ч яг эсрэгээрээ..!? Ингэж ЗОРИУДААР буруугаар ойлгуулсан нь жирийн хүмүүсийн бодол санаа, ойлголт төсөөллийг хууран мэхлэх зорилготой Хүйтэн дайн - тархины угаалгын сонгодог жишээ бөгөөд энэхүү үзэл суртлын чивэлт зэвсгийг хөлсний сурталч ухуулагч ээлжит удаагаа монголчуудын эсрэг, бидний Монгол Эх Орны маань эсрэг хэрэглэсэн ЗЭВСЭГ юм!

Энэ үгийг Джонсоны ойрын найз, зохиолч Джеймс Боуэлл хожим бүтээлдээ иш татаж хүмүүст хүргэхдээ Джонсон либерал улстөрчдийн худал дүр эсгэсэн, хувийн эрх ашгаа халхлахын тулд эх оронч мэт баашилж өөрсдийн нэр хүндийг өргөх гэж оролдож байгаа байдлыг нь л шүүмжилж хэлсэн, үнэндээ бол ямар ч өөдгүй новшийн этгээдэд ч гэсэн Эх орон гэдэг агуу сэтгэл ойлголт үлдсэн байх ёстой, хэрэв ийм юм ч үлдээгүй этгээд бол хүн биш адгуус! гэдэг утгаар хэлснийг нь тайлбарлаж бичсэн байдаг. Тэр үед ч бас английн олон либерал улстөрчид эзэн хаанаа, засаг төрөө шүүмжилж жирийн гэнэн хүмүүст таалагдах гэсэн элдэв үг яриа хэлж ярьж байгаагаараа өөрсдийгөө эх орончид гэж ойлгуулахыг оролдож байсан гэдэг!...

Жич тайлбар: Энэ нийтлэлд зөвхөн дээр дурьдсан ишлэлтэй нь холбогдуулж Самуэл Джонсоныг дурьдаж байгаа болохоос ер нь аль ч улс үндэстэнд жинхэнэ Эх оронч сэтгэл-зүтгэлтэй хүмүүс ард түмний дийлэнх олонх нь байдаг. Гэхдээ Эх оронч үзэл санаа - сэтгэл нь гагцхүү бодитой зүтгэл байнгын бодит тэмцлээр л сая илэрдэг! Ийм учраас ард түмний энэ олонхыг өнөөгийн харийн ил далд хяналт мэдэлд орсон "ардчилсан" "чөлөөт" гэх мэт нэр хочтой хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр нь тархийг нь угааж мөн гаднын төслөөр доллараар хөлсөлсөн түүхч-нийтлэлчдээр нь зориуд бичүүлсэн ном, сурах бичгүүдээр түр зуур ч болтугай хуурч мэхлэн ард түмний чиг баримжааг нь зориуд алдуулан "мэдээ алдуулж" байгаад Эх орныг маань /урьд өмнөх үеийн эдийн засгийн суурь үндэс, нөхөн аж үйлдвэрлэлийг маань сүйтгэн нурааж одоо Оюу толгой, Таван толгой зэрэг баялгийг маань "чөлөөт зах зээлийн ардчилсан" гэрээ хэлцэл нэрийн доор улайм цайм луйвардаж байгааг санацгаа/ цөлмөн хулгайлдгийг одоо Та нүдээрээ харж байгаа биз ээ ...

Гэвч жинхэнэ эх оронч сэтгэл зүтгэлтэй цөөнгүй хүмүүс тэдний энэхүү башир үнэгэн залийг нь сайн ойлгож байсан ба тэднийг ёс суртахуунгүй, хариуцлагагүй хоосон чалчигчид /демогогчид/ гэж илчилж шүүмжилж байсан юм. Тэдгээр жинхэнэ эх орончдын нэг байсан Самуэл Джонсоны бүх уран бүтээлд түүний Эх оронч үзэл нь нэвт шингэсэн байдаг. Тэрээр харин ч Эх оронч үзлийг аливаа хүний хамгийн эрхэм дээд чанар гэж тэмдэглэн хэлж ярьж Patroit - Эх оронч гэдэг үгийг дандаа том үсгээр эхлэн бичиж байсан ажээ. Сэмуэль Джонсоны "Эх оронч хүн" (“The Patriot” /1774/) нийтлэлээс нь хэрэв иш татвал:

"Зарим хүн хэдийгээр төрөө - эзэн хаанаа үзэн ядаж байж болох ч тэр бас үүний хажуугаар өөрийн Эх орон, Ард түмнээ ч хайрлахгүй, харин зөвхөн өөрийн өчүүхэн эрх ашгийг л урьтал болгож байж болдог" гэдгийг сануулжээ.

Ер нь төр гэдэг бол харийн колоничлолын үед засгийн эрхийг барьж байгаа тэр урвагчид хараахан биш ээ, тэд бол түр зуурын л этгээдүүд, харин Төр бол улс, ард түмэн бие даан тусгаар оршин тогтнохын үндсийн үндэс юм. Иймээс одоогийн "ардчилсан" дэглэмт Монголын хуйвалдаан, хээл хахуульдаа живсэн цөөн хэдхэн бүлэг хүмүүсээр далимдуулж Монголын Төрийг харааж зүхэж мөн зарим ухвар мөчид хүмүүсээр хараалгуулж зүхүүлж байгаа нь неолибералчдын жинхэнэ увайгүй заль, урт хугацааны цаад зорилготой хорт явуулга юм. Монголын Төрийг ингэж үгүйсгэж байгаа нь Монгол улсын тусгаар тогтнолыг, Төр улсыг маань үгүйсгэж харийнхны мөнхийн колони хязгаар нутаг дэвсгэр, харин ард түмнийг маань долларын мөнхийн боолууд байлгах гэсэн чивэлт явуулга юм.

Ер нь энэ неолиберал ардчилал нэртэй харийн үзэл суртал бол цаад жинхэнэ зорилгоо хэзээ ч шууд хэлдэггүй, түүнийгээ дандаа өөр гоё сонсогдох элдэв үг уриагаар халхлан зүтгүүлдэг тун өвөрмөц хүмүүсийн хорлонт явуулга гэдгийг нэгмөр сайн ойлгож байнга толгойдоо барьж байх хэрэгтэй...

Джонсон "Эх оронч хүн бол улстөр, нийгмийн амьдралд оролцохдоо зөвхөн ганцхан л сэдлээр - чухамдаа бол Эх орноо хайрлах сэтгэлийг чин удирдлагаа болгосон хүн юм, энэ бол парламентын гишүүн байсан ч ялгаагүй, хувьдаа бол найдвар горьдлогоо ч, айдас хүйдсээ ч, сайхан сэтгэлээ ч, гомдол харууслаа ч үл тоон харин өөрөө өөрийгөө гагцхүү улс Эх орон, нийгмийнхээ сайн сайхны төлөө өгч зүтгэж байгаа тэр хүн юм" гэж бичсэн байдаг.

Мөн иш татвал : “Эх оронч үзлийн гол чанарууд бол аливааг хардан шалгадаг сонор соргог байх, бүх далд нууц махинацуудыг нь ажиглан хардаг байх, мөн нийгэмдээ орж ирэхээр айсуй яваа аюулыг алсаас олж харж чаддаг байх гэсэн үг юм. Өөрийн улс эх орныг чин сэтгэлээсээ хайрладаг хүн өөрийн эмзэглэл, шаналалуудыг ярихад мөн аюул ойртон ирж байгааг мэдэрч байгаа бол түгшүүрийн харанга дэлдэхэд хэзээд бэлэн байдаг. Гэвч тэрээр түгшүүрийн харанга байнга дэлдээд байдаггүй. Хэрэв дайсан байхгүй бол, өөрт нь эмзэглэл болгоомжлол төрөхөөс нааш тэрээр хэзээ ч өөрийн эх орон нэгтнүүдээ айлган сүрдүүлдэггүй. Ийм учраас үнэнд үл нийцэх худал зүйлүүд ярьж улс ард түмэндээ сэтгэл тавьж байгаа мэт байгаа зарим хүмүүсийн "эх оронч үзэл" нь зүй ёсны шударга эргэлзээг төрүүлж байдаг” гэж бичиж байжээ.

Харанхуй хүмүүст л таалагдах гэж хоосон чалчигдын /демагогуудын/ ээлжит нэг золиос нь болохгүйн тулд дараах зүйлийг санаж явахад илүүдэхгүй биз ээ. Мөн энэ бүтээлээс нь иш татвал:

Эх оронч хүн хэзээд заавал өөрийн ард түмнээ хайрлаж байдаг. Гэвч энэ шинж тэмдэг нь ч бас бид бүхнийг хууран мэхэлж чадна. Ард түмэн бол янз бүрийн хүмүүсийн, баян ба ядуу, саруул ухаан ба ухвар мөчид, сайн ба муугийн ер нь нэг утгаар ойлгох боломжгүй нэг цул нэгдэл юм. Өөрийн ард түмний төлөө санаа тавьж байгаа аливаа нэг хүнд эх оронч хүн нэрийг олгохын өмнө тэр хүн ард түмний чухам ямар хэсэг рүү нь анхаарлаа хандуулж байгааг нь авч үзэх ёстой. Зүйр үг байдаг шүү дээ: чиний найз чинь хэн гэдгийг надад хэл, тэгвэл би чамайг өөрийг чинь хэн гэдгийг чинь хэлээд өгье гэж. Хэрэв эх оронч гэж байгаа тэр хүн өндөр түвшний хүмүүст зөв үзэл санаануудыг суулгаж өгч тэднээр дамжуулан доод түвшний хүмүүсийг зөв замд удирдах гэж хичээж байгаа бол, хэрэв тэрээр голдуу ухаалаг, даруу төлөв, хуулийг дээдэлдэг мөн сайн үйл бүтээж явдаг хүмүүстэй харьцдаг бол түүний ард түмнээ хайрлах сэтгэл бол чин сэтгэлийнх байж болдог. Хэрэв тэр хүний үндсэн ажил нь хялбархаан молигодож болох доод түвшний ядууст, өөрийн цаад дотоод мөн чанараараа бүх зүйлд сэжиглэнгүй хандаж байдаг сул дорой мулгуу хүмүүст, хойноосоо амархаан дагуулж болох боловсролгүй мөн гэнэн залуу хүмүүст, гай зовлон ба цөхрөлд унаж ёс суртахуунгүй болсон хүмүүст хандаж байгаа бол түүнд өөрийн ард түмнийг хайрлаж байгаа гэх эрх байхгүй юм. Хэн ч үхрийн мах сайхан шардаг, гутал хийдэг, жагсаал цуглаанд очдог эсвэл ямар нэг клубт гишүүн болсноороо өөрийн эх орныг хайрладаг хүн гэж тооцогдож чадахгүй ээ. Тэр хүн согтуурагчдын дунд сэтгэлийн найз нь байж болох ч мөн эрүүл саруул бас элдэв муу зүйлд сэргэлэнчүүдийн дунд байхдаа харьцахад амархан, эелдэг нэгэн эрхэм байж болох ч жинхэнэ эх оронч хүн гэж тооцогдохын тулд юуны өмнө эдгээрээс илүү бас онцгой чухал шинж чанаруудтай байх ёстой юм”...

Манай өвөг дээдэс мөн гадаадын олон нэрт хүмүүс өөр өөрсдийн Эх орон, ард түмнээ хайрлах сэтгэлийг дээдлэн амьдарч төлөө нь тэмцэж туурвиж бичиж хөдөлмөрлөж ирсэн байсан байхад одоогийн "ардчилсан" Монголд энэхүү агуу үзлийг зориуд гуйвуулан үгүйсгэж бүр буруу орчуулж залуучууд, хүмүүсийн тархийг угааж эргээд тэднийг хорлож байгаа!

Ер нь монголчууд бид яагаад Эх орноо хайрладаг, дээдэлдэг сэтгэлтэй, үзэлтэй байж болохгүй, ийм эрхгүй байх ёстой юм бэ?..... Чухамдаа үүнээс л харийн хоосон үзлийг шүтэн мөргөдөг неолибералчид хамгийн их айж үзэн ядаж тачаадаж байдаг билээ...

Монголын ард түмнийг "умардын зэрлэгүүд" гэж бичиж гутаан доромжилж өнгөрсөн Түүхийг маань бүхэлд нь харлуулж нүүдэлчид, коммунист гэх мэт барууны үзэл суртлын шошгууд нааж дорд үзэж үгүйсгэдэг, харин барууны араас бол нүдээ анин чихээ таглан гэлдрэх ёстой гэж сурталддаг монголын цөөн либералчдын шүтээн - англисаксууд нь болохоор "зөв ч байсан, буруу ч байсан энэ бол миний эх орон" гэж үздэгийг тэд ядаж мэддэг болов уу ...

Монгол Эх оронч үзэл, Эх оронч байх гэдэг бол Эх орноо өөрийн гэсэн өвөрмөц соёл иргэншил, эцэг эхийн минь Эх орон, намайг төрүүлж өсгөсөн Эх нутаг минь, ямар ч байдаг байсан Эх орноо гэж хайрлах дээдлэх үзэл юм. Үүний зэрэгцээ мөн өөрийн улс Эх орон, ард түмний уламжлал, ёс суртахууны үнэт зүйлүүд, агуу Түүхээ судалдаг сайн мэддэг, улс орныхоо амжилт ололтууд, алдаа оноог ч бас мэддэг тэр бүхнийг зөв ухаалгаар үнэлж дүгнэж чаддаг байх, Эх орноо чин сэтгэлээсээ хайрлан дээдлэх үзэл, хамгийн гол нь Эх орондоо зүтгэх үүрэг хариуцлага юм.

Бидний тархи толгой, зүрх сэтгэлийг "ардчилсан, зах зээлжсэн" 20 гаруй жилийн турш Барууны үзэл суртлын машины тусламжтайгаар маш хүчтэй угааж ирсэн ба энэ бүхэнд итгэж төөрөлдсөн, зүг чиг баримжаагаа алдсан олон хүмүүс олон олон хоосон үл гүйцэлдэх үзлүүд, ташаа ойлголтуудын дунд нэг үгээр хэлбэл харийн “үлгэр” дор амь зууцгааж байна! Энэ бол манай Эх орон, ард түмний өнөөгийн энэ ядуу сул дорой байдлын нэг гол шалтгаан юм!

Үүнээс гарах гарц бол юуны өмнө бид оюун санааны энэ төөрөгдөл, хүлээснээс гарч гэгээрэл ухаарал руу тэмүүлж амьдрах явдал юм… Энэхүү хүлээснээс гарахын хэрээр монгол хүн бүрийн өмнө бидний хамтын амьдрал, бидний улс Эх орны маань хөгжил цэцэглэлтийн зам мөр улам тод зурайх болно гэж итгэж найдаж байна.

Иймээс "манай" жинхэнэ адгийн шаарууд бол харийн улс орны үнэндээ бол бидэн шиг хүмүүсээс элдэв башир аргуудаараа шимэгчилж эсвэл улаан цайм дээрэмдэн хэрэглэж байгаа материалаг баялагт нь шунаж шүлсээ залгиж байгаа, хувийн шуналаа гүйцэлдүүлэхээр улс Эх орноо харийнхны гар хөл болж цөлмөн хоосолж байгаа, гэнэн цагаан сэтгэлт ард түмнээ басан доромжилж тархийг нь угаан хойч үеийнхний хувь заяаг нь харийнханд хэвлэсэн цаас - "доллараар" наймаалж байгаа, Эх оронч үзэл сэтгэлийг басан доромжилж Эх орны маань язгуур ашиг сонирхлуудыг үгүйсгэж Эх орончдод элдэв нэр хоч гутаасан шошго наахыг оролдож байгаа чивэлт явуулгатай урван тэрслэгчид юм аа !!!

Харин дийлэнх маань үүнийг ойлгож ухаарахаас нааш бидний хамтын амьдрал, амьдрал аж байдал маань улам хэцүү болсоор байх болно гэдгийг мартаж болохгүй юм!

http://ru.wikipedia.org/wiki/ Джонсон,_Сэмюэл

Энэ нийтлэлийг хуулан авч өөр сайт, сонин, твиттерт тавих бол монгол хэл дээрх энэ эх үүсвэрийг заах, мөн тус сайт руу шууд холбоос хийх ёстойг сануулъя.


Холбоотой нийтлэлүүд