ҮНЭНИЙГ НУУСАН ЭРХ БАРИГЧИД БА ХУДЛАА ХУЛХИ МОНГОЛ


Аливаа юмыг байгаагаар нь хэлж ярьж эхэлсэн, ард түмэн өөрсдөө бодож эргэцүүлдэг бас идэвхтэй 
байр суурь эзэлж эхэлсэн тэр улс, нийгэмд амьдрал аяндаа илааршиж эхэлдэг.(c)


Үнэнийг нууж болно гэхдээ үнэнийг хэзээ ч устган алга болгож болохгүй. Хэзээ нэгэн цагт үнэн хаа нэг газраас гарч ирнэ. Үнэнээс хүн хэзээ ч зугтаж чадахгүй гэдэг бол амьдралын үнэн. Өнөөдөр Монголын эрх баригчид үнэнд гүйцэгдэж байна. Монголд яагаад үнэнийг ярьдаггүй вэ? Улс төрчдийн үг, үйл хэргийнх нь араас “үнэн үү” хэмээн асуух хэрэгтэй биш үү. Бүгд л ам уралдан яриад л, үнэн яриад байгаа юм уу, худал яриад байгаа нь мэдэгдэхгүй. Үнэхээр үнэнийг яриад байна уу эсвэл худал зүйлийг үнэн мэт үнэмшилтэйгээр яриад байна уу гэдгийг ялгаж салгаж, ойлгох нь бидний амьдрал үйл хэрэгт тустай.

Харамсалтай нь өнөөдөр хэн ч үнэнийг асуухгүй юм. Зөв буруугийн тухай ярьж болно. Ер нь үнэнгүй нийгэм гэвэл худлаа нийгэм гэсэн үг. Худал нийгэмд эмх замбараа гэж байхгүй. Монголын өнөөдрийн нийгэм бол үнэнийг гадуурхаж, худлыг цэцэглүүлсэн нийгэм. Худлаа нийгэм худлаагаараа цааш үргэлжлэх ямар ч бололцоогүй болчихлоо. Ерөөсөө худал зүйлд ирээдүй гэж байдаггүй. Энэ хар. Ардчилал мөн үү. Үүнийг хар. Эрх чөлөө мөн үү. Одоо хар. Шударга ёс тогтсон уу.

Сүүлийн 20-иод жилийн хооронд тэнэгүүдийг толгой дээрээ гаргаж, дураар нь дургиулсны гайгаар юу болсныг одоо харъя. Бүх зүйл худлаа шүү, Монгол улсад худлаа дээд цэгтээ хүртэл цэцэглэсэн шүү гэдэг бол “үнэн”. Нэрэлхэж, нууж хаалгүй “үнэн”-үүдтэй танилцацгаая.

1. “Монголд Ардчилал байхгүй” гэдэг нь үнэн

Монголын ардчилал 2008 оны 07-р сарын 01-ний өдөр таалал төгссөн. Одоо ардчилал байхгүй. Ардчилал гэсэн хоосон үгийг шүтэж, хоосон үгээр сэтгэлээ зогоож, хоосон ходоодтой амьдарсан амьдралдаа цэг тавих цаг нь болжээ. Ардчилал гэсэн хүн төрөлхтний үнэт зүйлийг Монголд оруулж ирж чадсангүй. Тиймээс одоо ардчиллаа аврая гэж уйлагнах нь утгагүй болжээ. Ардчилал гэдэг үг ядуурал, гуйланчлал, авилгал, архидалт, замбараагүйтэл, дураараа дургих хэмээн өнөөдөр ойлгогдох болжээ. Ардчилагчид гэж өөрсдийгөө нэрлэсэн алтан хараацай, мөнгөн шувуухай хэмээн цоллогсод одоо “Монголд ардчилал байхгүй” хэмээн зориг гарган хэлэхийн оронд “ардчилал оршсоор байгаа” хэмээн худлаа хэлж байгаагаасаа ичих хэрэгтэй. Социализмыг л муулаад байвал ардчилал байгуулагдчих юм шиг зүтгэх нь утгагүй хэрэг.

Гадны мэдэмхийрэгчид өнөөдрийг хүртэл бидэнд зааж ирсэн бөгөөд одоо ч худлаагаа давтаж танай ардчилал бол “Азийн үлгэр жишээ ардчилал” хэмээн худал цаасан малгай өмсгөсөөр байна. Азийн үлгэр жишээ ардчилалтай орнууд гэвэл Өмнөд Солонгос, Япон, Тайвань, Сингапур гээд нэрлэж болно. Яагаад гэвэл тэнд эрх чөлөө, шударга ёс, тэгш эрх хангагдаж, сайхан амьдрал цэцэглэсэн байна шүү дээ. Ард түмэн нь гуйлгачин, ядуу орон хэзээ ч ардчилсан байж таарахгүй. Гадаадынхны магтаал бол шуудхан хэлэхэд “толгойг нь илж байгаад тархийг нь сорох” бодлого юм. Ардчилал монголд байхгүй гэдгийг бүгд хүлээн зөвшөөрцгөөе. Дараа нь хамтдаа жинхэнэ ардчиллаа бүтээцгээе.

2. “Либерализм дээр суурилсан капитализм хямралд орсон” гэдэг нь үнэн

Либерализм ярьдаг улс төрчдөөс асуухад либерализм “өөрөө өөрийгөө” сөнөөгөөд нэгэн жарныг өнгөрөөгөөд байгааг мэдэж байгаа юу гэж асуумаар байна. Түүний дараа “Нью-Либерализм” буюу “Шинэ либерализм” гарч ирээд хямралд орсныг хүн төрөлхтөн өнөөдөр нэгэн дуугаар хүлээн зөвшөөрлөө. Үүний илрэл бол 2008 оноос эхэлсэн дэлхийн банк, санхүүгийн хямрал. Гэхдээ нэг зүйлийг ойлгох хэрэгтэй бөгөөд тэр нь АНУ гадаад бодлогодоо “шинэ либерализм”-ыг бодлогоо үндсэн хэрэгсэл болгодог бөгөөд энэ нь жижиг буурай, хөгжиж байгаа орнуудын байгалийн баялаг, өнгөтэй өөдтэй бүгдийг ховх сорох л заль юм.

Либерализм ярьж төрийг нь сулруулж, нийгмийг нь задалж улмаар улс орныг эмх замбараагүй байдалд оруулах нь энэ бодлогын гол зорилго. Манай улсад шинэ либерализмын бодлогыг жанжин шугамаа болгосон АН өнөөдөр засаг барьж байна. Тэд үүнийг мэдэж байгаа болов уу. Монгол улсын ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж бол шинэ либерализмыг хамгийн ихээр тунхагладаг хүн. Өнөөдөр дэлхийн улс төрийн онолчид төрөө бэхжүүлэхгүй бол замбараагүй байдал бий болдог гээд байхад энэ хүн эсрэгээр нь ажиллаад байгааг юу гэж ойлгох вэ? Социализмыг нураачихсан, либерализм дээр суурилсан капитализм бүтсэнгүй. Одоо хаачих вэ?

3. “Чөлөөт зах зээлийн хууль гэж хаана ч байхгүй” гэдэг нь үнэн

Чөлөөт зах зээлийн эдийн засаг ярьж ард түмний амьдралыг балалж хаясныхаа төлөө хэзээ нэгэн цагт эрх баригчид хариуцлага хүлээх нь тодорхой. Төр эдийн засагт оролцохгүй байна гэдэг бол төр ард түмний амьдралын төлөө гараа ч хөдөлгөхгүй, хамгаалахгүй л гэсэн үг. Өнөөдөр эрх баригчид хаана ч байхгүй, хэний ч зохиогоогүй “Чөлөөт зах зээлийн хууль” гэгч харгис хуулийг ард түмэнд тулгаж байна. Махны үнэ өслөө гэхээр зах зээлийн хуулиараа гэнэ, нефтийн үнэ өслөө гэхээр зах зээлийн хуулиараа гэнэ. Үнэндээ зах зээлийн хууль гэж хаана ч байхгүй. Зүгээр л худал зүйл, тархи угаалт.

Эдийн засгаа жолоодож, монополь болсон хэдэн компаниуддаа шаардлага тавьж чадахгүй байгаагаа л халхавчилсан төдий. Төр эдийн засагт оролцох ёсгүй гэж мунхруулцгаана. Төр эдийн засагт оролцохгүй юм бол төр байхын хэрэг байна уу? Төр л ард түмнээ хамгаалахгүй бол ашгийн төлөө компаниуд ард түмний амьдралаар тоглочихно. Өнөөдөр тоглож байгааг харж байна шүү дээ. Чөлөөт зах зээлийн хууль гэж хаана ч байхгүй төдийгүй улс орныг компаниуд авч явдаггүй юм.

4. “Мэдлэггүй хүмүүс Монголыг хэзээ ч хөгжүүлж чадахгүй” гэдэг нь үнэн

Хөгжил, дэвшил ярих гэж байгаа бол мэдлэгийн хөгжлийг л ярих хэрэгтэй. Мэдлэг боловсрол бол хөгжлийн тулгуур үндэс. Тэрхүү мэдлэг нь үнэн бөгөөд баталгаатай байх ёстой. Монгол орныг мэдлэгтэй хүмүүс л удирдаж, өнөөдрийн энэ хямралаас гаргах боломжтой. Энэ бол цор ганц зам бөгөөд гарц. Мэдлэггүй хүмүүс хоосон ярьж, цаг үрж, аминдаа завшиж бас хоорондоо хуйвалдахаас хэтрэхгүй . Тэдэнд найдах арга байхгүй. Өнөөдөр мэдлэг боловсрол олгох ёстой газрууд нь хоцрогдлын туйл болж доктор профессор цолтнууд нь “хэн ч биш” боллоо.

Онолыг уландаа гишгэж, мэдлэг боловсролыг мөнгөнөөс доогуур тавьснаар манай улс тэнэгийн хараалд өртжээ. Мөнгөтэй хүмүүс л  Монголыг авч явна гэж итгэснээс болж мөнгөтэй бас дээр нь тэнэг, эх орныхоо төлөө сэтгэлгүй хүмүүсийг толгой дээрээ гаргачихаад байна. Тэд ашгийн төлөө улс орноор тоглож байна. Цор ганц үнэн гэвэл мэдлэг боловсролотой Монгол хүн л улс орныг хямралаас гаргаж, хөгжилд хүргэнэ.

5. “Хуучин хүмүүс шинэчлэлтийг хийж чадахгүй” гэдэг нь үнэн

Хулгайчийг хулгайчаар солиод юу ч өөрчлөгдөхгүй. Яг л үүнтэй адилаар МАН-ын олигархиудыг АН-ын олигархиудаар солиод юу ч өөрчлөгдөхгүй. Олигархиуд буюу төрөөс төрсөн тэрбумтнууд улс орноо сорон мөлжиж, сүйтгэхээс биш авран хамгаалж, хөгжүүлсэн түүх дэлхий дээр байхгүй. Шинэчлэлийг шинэ хүмүүс буюу шинэ мэдлэгтэй, шинэлэг санаачлагатай цэвэр хүмүүс хийдэг болохоос биш хуучин хүмүүс хийж чадахгүй. Санаа байвч сачийнд хүрэхгүй. Яагаад гэвэл шинэчлэл хийх мэдлэггүй. Нэгэнт мэдлэггүй юм бол юу ч хийж чадахгүй гэсэн үг. Өнөөдөр АН-ынхан, тэр дундаа өөрсдийнх нь нэрэлснээр шинэчлэлийн засгийн газрынхан үнэндээ бүгд хуучин хүмүүс шүү дээ.
Засгийн газрын сайд нарын бараг 80 хувь нь өмнөх засгийн газар болон УИХ-д сууж байсан хүмүүс шүү дээ. Өнөөдөр гэнэт ухаарсан мэт жүжиг тавих нь зальдах гэж байгаагийн илрэл. Тиймээс шинэчлэлийг хэзээ ч өнөөгийн эрх баригчид хийж чадахгүй гэдэг нь үнэн. Бага идээсэй л гэж хүсье.

6. “Сонгуулиар юу ч өөрчлөгдөхгүй” гэдэг нь үнэн

Сонгуулийг тэсэн ядан хүлээж, нойргүй хонож байгаа хүмүүс нь ард түмэн биш харин улс төрчид. Хэний төлөө, юуны төлөө, юу хийж чадах болоод төр лүү зүтгэнэ вэ? Сонгууль бол олигархиуд буюу төрөөс төрсөн тэрбумтнуудыг төрд гаргах хууль ёсны дамжлага болжээ. Ард түмэн хоосон найдлагаар сонгуулиас сонгуулийн хооронд амьдарч, улс орны хөгжил зогссон нь харамсалтай. Өнгөрсөн сонгууль бол машины сонгууль болсон гэдэг. Ирэх ерөнхийлөгчийн сонгууль бол мөн л машины сонгууль болно. Сая хүрэхгүй сонгогчтой манай улсад санал тоолох машин ашиглах ямар ч шаардлагагүй төдийгүй мөн тэрхүү машин ямар ч баталгаагүй.

Баталгаагүй байдал нь л эрх баригчидад сайн зүйл болж байгаа юм. Учир нь тэд ард түмний саналыг хүссэнээрээ өөрчилж, дураараа засахад боломжтой. Сонгууль бол ардчиллын илэрхийлэл биш шүү дээ. Хамгийн гол нь сонгууль шударга явагдах нь ардчилал хөгжихөд чухал. Төрд нэгэнт хулгайч, луйварчид байгаа үед ард түмэн гэгээрээгүй бол сонгуулиар юу ч өөрчлөгдөхгүй.

7. “Монгол орноо гадныханд худалдсан” гэдэг нь үнэн

Монгол улс байгалийн бүхий л баялгаа гадныханд худалдаж, гадныхантай хуйвалдаж байгаад олон монгол хүн бухимдаж байна. Эрх баригчид асуудлаас зугтаж, тойрч зориуд төөрөгдөлд оруулах зэргээр үүнийг замхруулахыг хичээж байна. Газар доорх баялгаа гадныханд өгөөд зогсохгүй Монголын ард түмний нэрээр их хэмжээний өр тавьж байгааг ч бид харж байна.. Газар доорх байгалийн баялгаа ухаад л гадагш нь зарж баяжицгааж байна. Тэд төрд татвар төлдөггүй. Үүнийгээ “бизнес” гэсэн сайхан үгээр далдалж, үүний ард эх орноо гадныханд зүгээр л найрын ширээний ууц шиг тавьж байна. Монголын бүх лицензүүд өнөөдөр гадаадын хүмүүсийн мэдэлд оржээ.

Үүний наагуур хоосон шоу хийсэн хүмүүс олон болжээ. “Шоу цэнгээн миний амьдрал” гэсэн ерөнхийлөгч маань ч өөрөө “но”-той шүү дээ.

8. “Намууд төрийн хямралыг үүсгэж байгаа” гэдэг нь үнэн

Монголын улс төрийн намууд өнөөдөр монголын төрийг төр биш харин бизнесийн талбар болгож, ард түмний амьдралаар тоглож байна. Намуудын хоорондын ялгарал үгүй болж хоорондоо хуйвалдаж байна. МАН, АН-ынх ч ялгаагүй тэдэнд ганцхан эрх ашиг бий. Тэр нь асар их баялаг болон мөнхийн эрх мэдэл. Монголын ард түмний эрх ашиг гэсэн ойлголт аль эрт мартагдаж, харин намын, хувийн эрх ашгаар хоорондоо харьцаж, асуудлыг шийдэж ирлээ. Нам бол гэмт хэрэгтнүүдийг төрийн хамгаалалт, төсвийн мөнгө, эрх мэдэлд хүргэх гүүр болжээ. Өнөөгийн улс төрийн намуудыг татан буулгах эсвэл шинэчлэхгүй л бол өнөөгийн төр засаг хэзээ ч өөдлөхгүй.

Тэд л төрийг хойш татаж, төр нь улс орны хөгжлийг тушсаар өдийг хүрлээ. Бизнесийнхэн нь бизнесээ хийж, төрийн хар хүмүүс нь төрдөө зүтгэх нь эрүүл нийгмийн шинж юм.

9. “Монголын төр үгүй” болсон гэдэг нь үнэн

“Төрийн минь сүлд өршөө” хэмээн сүсэглэдэг итгэл найдварын илэрхийлэл болсон Монголын төр үнэгүй төдийгүй хүчгүй болжээ. Төрөө шүтнэ гэдэг бол “миний төр намайг хамгаална” гэсэн л итгэл найдварын илэрхийлэл. Төр гэдэг ард түмнээ гадны дайсан, дотоодын луйварчдаас хамгаалах эрхэм зорилготой. Тэгвэл өнөөдөр намайг хамгаалах миний төр үгүй болж, намайг хамгаалахаа болжээ. Төрийн эзэн нь ард түмэн өөрсдөө байх ёстой байтал өнөөдөр нам нэртэй улс төр-бизнесийн бүлэглэлүүд эзэн суужээ.

Ардчилсан төрийн тогтолцоо алдагдаж УИХ, ЗГ хоёр тусдаа байх зарчим өнөөдөр алдагджээ. УИХ-ын гишүүн, ЗГ-ын гишүүд тус тусдаа байж л нэг нэгнийгээ хянах боломжтой. Өнөөдөр манай төр ард түмний төлөө ажиллахгүй харин уул уурхайн компаниудын төлөө л ажилладаг болжээ.

10. “Оюу Толгойн гэрээ бол Монгол үндэстний эсрэг гэрээ” гэдэг нь үнэн

“1961 оны НҮБ-ээс гаргасан “тухайн улсын байгалийн баялаг тухай ард түмний өмч” гэсэн заалтыг илт зөрчиж, Үндсэн хуулинд заасан “Монгол улсад газар, түүний хэвлий, ой, ус, амьтан, ургамал болон байгалийн бусад баялаг гагцхүү ард түмний мэдэл, төрийн хамгаалалтад байна” гэсэн заалтыг илт зөрчиж хууль бусаар гадаадын компанид өгсөн Оюу Толгойн гэрээ бол хууль бус гэдэг нь улам тодорхой болж байна. Оюу Толгойн гэрээ бол авлигалаар хийгдсэн гэдэг нь өдрөөс өдөрт тодорхой байна. Гэвч энэхүү гэрээг өөрчлөх хүсэл манай эрх баригчдад байна уу гэдэг эргэлзээтэй.

ТӨГСГӨЛ: Энэ мэтээр цааш жагсааж болно. Бүх зүйл болоод байгаа юм шиг өөрсдийгөө хуурч хэдий хүртэл амьдрах юм бэ? Үнэнийг хэлж, худлыг таслан зогсоох хэрэгтэй. Худлаа, буруу зүйлийн хажуугаар дуугүй өнгөрсний гайгаар өнөөдөр бүх зүйл худлаа болж, буруугаар хийгддэг болчихоод байгааг бид бие, сэтгэлээрээ мэдэрч байна. Энэ их худлааг хэвлэл мэдээллийн хэрэгслүүд болон хар пиарчид үнэн юм шиг, зөв юм шиг дамжуулж, ард түмэн ойлгуулахын төлөө шөнө өдөргүй зүтгэж байна. Энэ бол эрх баригчдын даалгавраар хийгдэж байгаа л үйлдэл.

Дээр жагсаасан “үнэн”-үүдээс гадна хүүхдийн хүмүүжил, цэцэрлэг, сургууль, их сургууль, доктор профессорын цол гээд л худлаагаар явагдаж байгаа олон салбаруудыг жагсааж болно. Үнэн л монголыг аврах болно гэдгийг одоо нэгэн дуугаар зөвшөөрөх хэрэгтэй. Үүнийг сэхээрч ухаарч ухамсарлаж үүнд итгэх үнэмших хэрэгтэй юм аа.

Эх үүсвэр: Цаг төр онлайн сэтгүүл

Хүнд итгэж найдаж горьдож явсан бүх зүйл нь нуран унахаар үнэхээр хүнд, зарим хүн барьц алддаг. Гэвч "маргаашийн өөхнөөс өнөөдрийн уушиг дээр" гэдэг өрөвдөм сэтгэлгээгээр амь зуухын тулд бус харин жинхэнэ ёсоор дэвшиж дээшилж амьдрахын тулд Та өөрийнхөө дотор элдэв тархины угаалгаар орчихсон суугаа тэр "бэртэгчин дотоод хүнийг" ялан дийлж амьдралын бодит үнэн байдлыг хүлээн авч Эх орон, гэр бүл ирээдүй хойчийнхоо төлөө тэмцэхээс өөр ямар ч гарц байхгүй юм...

А. Ганбаатар


Холбоотой нийтлэлүүд

 

Сэтгэгдлүүд  

-Н-
0 # -Н- 2013-03-16 21:45
Монголын залуучууд ерөнхий массаараа юуч бодож эргэцүүлэх ухаангүй зүгээр л хүний бөөгнөрсөн сүрэг болцгоож байна. Монголд очоод залуучуудын дунд ороод сонсоод ажиглахад энэ маш тод мэдрэгддэг. Ерөөсөө өнгөн талыг нь л анхаархаас биш уг мөн чанарыг огт анзаардаггүй. Залуучууд хүүхдүүдын хүмүүжил ёс суртахуун аль хэдийн шалдаа буусан. Гадныханы зохион байгуулж байгаа энэ их шоу цэнгээн залуучуудыг улам бүр доройтуулсаар.. Тэд Улаанбаатарын хэдэн барнаас цааш сэтгэхүй байна,Ядаж 2хөршөөсөө үлгэр жишээ авч суралцах хэрэгтэй юмсан. Харааж зүхэхээ урьтал болголгүй Хятадын коммунист нам яаж 1тэрбум 300сая хүнийг тэжээж болоод байна Гэтэл Азийн үлгэр жишээ ардчилсан орон гээд байгаа Монгол улсад яагаад 3хан сая хүн амтай ийм өлмөн зэлмүүн амидралаар амидраад байна? Путин орос орныг яаж босгож ирэв яаж удирдаж байна? Эдгээрийг ерөөсөө уншиж эргэцүүлж тунгааж бодохгүй байна. Улс үндэстэн өөрсдийн хувь заяаг өөрсдөө шийддэг байх ёстой.
Хариулах | Ишлэл татаж хариулах | Ишлэл
саруул монгол
0 # саруул монгол 2013-03-17 21:52
Энэ бол жинхэнэ үнэн! хэдийгээр хоёр хөршийн маань улс төрийн бодлого эх оронд маан зарим үед маш халтай нөлөө үзүүлэх тохиолдол байдагч боловч өнөөгийн дэлхий ертөнцөд дэгдээд буй даяарчлалын их шуурганд улс эх орныхоо оршихуйн мөн чанарыг алдахгүй хүчирхэг оршиж чаддаг бие даасан улс төрийн нярт нямбай бодлого зөв дэг журамт засаглалын загвар нь замбараагүй задгай самуун өнөөгийн нийгэмд зөв дэг ёсны их хүч оршино буйг жаахан ч гэсэн мэдэрүүлдэг биширүүлдэг харин бидний нэгэн залуу үе бол эх орныхоо төлөө гэхээсээ эрх чөлөөгөө нэхэж өссөн тэгж ч сургасан авах л ёстой гэсэн амин ч үзлээр сургасан ардчилал багшийн бүтээлүүд юм хойн бүтээл буруу бол гол буруу нь бүтээлдээ бус бүтээгчдээ буй бусуу бидний үеийн залуус зөвхөн буруу нийгмийн золиос төдий азаар би нүүдэлчин Монгол юм даа
Хариулах | Ишлэл татаж хариулах | Ишлэл
саруул монголд хариу
0 # саруул монголд хариу 2013-03-18 10:32
Quote:
хэдийгээр хоёр хөршийн маань улс төрийн бодлого эх оронд маань зарим үед маш халтай нөлөө үзүүлэх тохиолдол байдагч
үүнийгээ илүү тодорхой бодит баримт фактуудаар баталгаажуулна уу. Хаанаас ийм бодит баримт нотолгоонуудыг үзэж болох вэ. Өөртөө санагдаж байгаагаараа бураагүй гэж найдаж байна.... :thinks:
Хариулах | Ишлэл татаж хариулах | Ишлэл
TSOGT
0 # TSOGT 2013-03-18 16:39
Ямар ард түмэн байна тийм төр байдаг. Бид нар л өөрсдөө энэ муу муухайгаа засч залруулах эв нэгдэл зориг эрмэлзлэл байдаггүйн гор шүү дээ. Одоо энэ сонгууль ч гэсэн гадаад, дотоодын олихаруудын санаснаар явагдана.Худлаа ардчилал ярьж цөөхөн хэдэн ард түмнээ хооронд нь эвдрэлцүүлсэн төр засгийн эрхийг барьж байгаа тэнэгүүдийг [censored]уулах хэрэгтэй.
Хариулах | Ишлэл татаж хариулах | Ишлэл
Зочин
0 # Зочин 2013-03-18 18:38
Сайтынхаан энэ аавынхаа гараас хөтөлсөн хүүгийн зураг монголчууд уу, гадаадынхан уу хэлж өгөөч. /Харахад хар арьст хүний гар шиг л гэхдээ.... /

Хариу: Чамд энэ л сонин байна уу!!! Ардчилал, хувьчлал, үнийн либералчлалаас болж ажилгүй амьдралгүй болсон жирийн монгол хүний хөөрхий хүүгийн зураг
Хариулах | Ишлэл татаж хариулах | Ишлэл
Itgel-д хариу. ядаж л монголоороо зөв бичиж сур
0 # Itgel-д хариу. ядаж л монголоороо зөв бичиж сур 2013-03-21 23:54
итгэл гэдэг бол горьдлого гэсэн утгатай үг!!!Харамсалтай нь, ийм горьдлогууд хоосон байх нь тун ч элбэг. Харин ингэж хоосон горьдож гараа хамхин сууж бусдын ард бэртэгчин байдлаар үлдэхийн оронд өөрөө олж мэдэж судалж ойлгож хамтран тэмцэх нь хамгийн найдвартай, амьдралын нэг утга учир биш гэж үү
Хариулах | Ишлэл татаж хариулах | Ишлэл
Танай сайт ... - Тэгвэл орж ирэхгүй байх эрх чөлөө танд байгаа.
0 # Танай сайт ... - Тэгвэл орж ирэхгүй байх эрх чөлөө танд байгаа. 2013-04-01 23:10
Эрхэм ээ та! Хөлсний үзэл сурталчдийн золиос болсон, тархиа угаалгасан төөрсөн нэгэн бололтой. Түүхийн зохих судалгаа, ном дурьдатгалууд, баримтат кинонууд ер нь уншаагүй, энэ бүхнийг мэдэхгүй байх + санагдснаараа орилох "эрх чөлөөтэй" болж авсан хүн бололтой. Ядаж энэ баримтат кинонуудыг анги үзсэн үү? Таны энэ "бахираад" байгааг батлах бодиттой түүхэн баримт нотолгоо байгаа юу, эсвэл нэг "том" хүн тэгэж ярьсан/бичсэн, эсвэл надад тийм юм шиг "санагдаад" байна гэж байна уу.

Танд юм мэдэхгүй байх тэнэг байх "эрх чөлөө" + "хүний эрх" байгаа.... :wall2:
Хариулах | Ишлэл татаж хариулах | Ишлэл
Цолмон
0 # Цолмон 2013-05-08 14:21

Албатай юм шиг заавал энэ тороосонд толгойгоо шургуулж ашиглуулж, шулуулж, шулуучихаад эцэст нь хэнд ч хэрэггүй амьтан болж хаягдах шаардлага хэнд бий гэж? Тэгэхээр ирээдүйнхээ төлөө нэгдэнэ гэдэг маань эхний ээлжинд хуйвалдааныг илрүүлж, тоглоомыг зогсоох явдал юм байна. Эс тэгвэл энэ худал хуурмаг арай л хэрээс хэтэрлээ.
biznetwork.mn/topic/show/39552/9#last
Хариулах | Ишлэл татаж хариулах | Ишлэл
Цолмон
0 # Цолмон 2013-05-08 17:24
Quote:
Нөхцөл байдал нэгэнт ийм болсон тохиолдолд бид өөрсдийнхөө төлөө, ирээдүйнхээ төлөө худал хуурмагийг сөрөн зогсох л хэрэгтэй болж байгаа юм. Хэдийгээр худал хуурмагийн харагдах сүр бараа нь их, баргийн аавын хүү дальдирхаар аюултай байсан ч өөрийнхөө төлөө, ирээдүйнхээ төлөө түүнийг сөрөх л хэрэгтэй болж байгаа юм. Хар хүчээрээ үзээд барахгүй бол аргаар оролдоод үзэх хэрэгтэй. Туулайн чинээ үнэн уулын чинээ худлыг дарна гэж үг бий. Тэгэхээр ялалт бидний талд ирэх найдлага байгаа биз. Тиймээ бидэнд найдвар бий. Гагцхүү бид ялна гэдэгтээ итгэлтэй л байх хэрэгтэй. Итгэл хэзээд бидний урагшлах хүч байдаг шүү дээ.
biznetwork.mn/topic/show/39552/9#last
Хариулах | Ишлэл татаж хариулах | Ишлэл
Цолмонгэрэл
0 # Цолмонгэрэл 2013-05-12 09:02
Quote:
Ингэж хамгийн худалчийг гол цөмөөс нь тодруулж, худал хуурмагтай үндэс сууриар нь тэмцээд эхлэхийн цагт үнэн улам тодорч, үнэнтэй зэрэгцээд хүмүүн та ч тодрон мандаж, шинэ хөгжил дэвшил цэцэглэх юм болов уу.
biznetwork.mn/topic/show/39552/9#last :thanks:
Хариулах | Ишлэл татаж хариулах | Ишлэл
Амбаажаа
0 # Амбаажаа 2014-07-26 20:27
зөвөө зөв ичнэ гэхээс ичдэг хүмүүс олон байдаг болчихсон. ийм байдал биднийг юунд хүргэж болохыг бид бүгд мэдэж байгаа. Даанч доод дээдгүй луйварчид болчихсон хамгийн аймаар нь хүний мөн чанар ямар их шалгасан нийгэм болж байгааг хараад л суух юм миний хувьд. үнэхээр аймшигтай ийм байдал улс үндэстний төдийгүй түүнд багтах ард түмний, Монгол түмний цусанд буцлах сэтгэл цэвэр байж чадахгүй болж байгаад бухимдаж байна даа
Хариулах | Ишлэл татаж хариулах | Ишлэл
нийгэм
0 # нийгэм 2014-08-24 20:54
..Бодит үнэн гэвэл,ард түмэн эрх баригчидаас олон гэдэг нь үнэн.Гэхдээ тэмцэнэ гэдэг нь ямар замаар,яаж гээд олон асуултууд бн.Тэмцээд,ялаад,дараа нь гарч ирэх түшмэдүүд эдэн шиг байхгүй гэх баталгаа бас байхгүй,учир нь мэдлэгтэй хүмүүс нь цөөхөн (Өнөөдрийн төрд бгаа цөөн хэдэн иэдлэгтэнгүүдийн үлгэр үүнийг бат[censored].)...Бидэнд ерөнхийлөгчийн засаглал хэрэгтэй,бидэнд чанга сахилга бат,бид ардчилал гээч,бүлэг дээрэмчдээс болж.урагшаа биш,хойшоо ухарсаныг нөхөж чадах өндөр чадвартай удирдагч хэрэгтэй.
Хариулах | Ишлэл татаж хариулах | Ишлэл
Монгол хүн
0 # Монгол хүн 2014-09-14 15:53
Уншаад Үнэн бичсэн байна гэж би хувьдаа мунхаглав. Энэ олон түмэн бүгд сэхээр ч л байж хамтдаа хөгжнө. Сэхээрэл гэдэг бол хүн бүхэн худал хэлэх, хулгай хийх, санаатайгаар хүний амь насыг хороохгүй байх хэрэв хороосон тохиолдолд төр нь тэр этгээдийг нүднээс далд оруулдаг тэжээдэггүй байх. Яагаад гэвэл сайн хүн ийм үйл хийдэггүй муу хүн хийдэгт байгаа юм.Дээрх үйлдлүүдэд хүндэтгэх шалтгааныг энэ ертөнцөөс хайгаад олдохгүйд л байгаа юм.
Хариулах | Ишлэл татаж хариулах | Ишлэл

Сэтгэгдэл бичих

Таны бичсэн сэтгэгдлийг сайтын админ зөвшөөрсөн үед нийтлэх болно. Зөвхөн кирилл үсгээр зөв бичгийн алдаагүй бичсэн, интернет соёлын хэм хэмжээнд нийцсэн сэтгэгдлийг хүлээн зөвшөөрөхийг анхаарна уу. Сэтгэгдэл бичихийн өмнө "Интернет соёлын хэм хэмжээ" нийтлэлийг уншихыг танд зөвлөж байна.


Security code
Шинэчлэх

    • Цахим шуудан:
      • This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
      • This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
    • Мэдээлэл харилцаа хариуцсан ажилтны утас: 88167001
    • Номын борлуулалт хариуцсан ажилтны утас: 88167001
    • Банкны данс:
      • Банкны нэр: Худалдаа хөгжлийн банк
      • Дансны дугаар: 456 094 040
      • Данс эзэмшигчийн нэр: Дэмчигийн БОЛОР
      • Валютын төрөл: Төгрөг