Эрх чөлөөний хөшөө нь хүртэл ичиж байна!

 

Харин тэд үгүй... Өнгөрсөн сарын, 2017 оны 3-р сарын 7-ноос эхлэн Wikileaks өөрийн сайт дээрээ Америкийн Тагнуулын төв газрын “маш нууц” тэмдэглэлтэй албан баримт бичгүүдийг нийтлэн АНУлсын эрх баригчдын доторх Ерөнхийлөгч Д.Трампын эсрэг бүлэглэл ба АН-ын талынхан, тэдний эрхшээл дэх либерал хэвлэл мэдээллийн хэрэгслүүд улиг болтол ярьсаар, бичсээр, зүтгүүлсээр, мэлзсээр байгаа “оросын хакерууд довтолсон” гэгч суртал ухуулгынх нь ард чухам юу нуугдаж байгааг нь илчлэн дэлхийн олон нийтэд мэдээлсэн билээ.

Гэвч “ардчилсан” Монголын хувийн “чөлөөт” хэвлэл мэдээллийн хэрэгслүүд одоо болтол энэ тухай таг чиг л байсаар байна... далайн цаадах жинхэнэ эзэд нь тушаагаагүй бололтой, юу ч болоогүй мэт урьдын адил таг чиг! 1990-ээд оноос хойш "ардчилсан" Монголын мэдээллийн орон зайг - манай хүмүүст хэнийг юуг яаж ойлгуулахыг - Барууны хэдхэн том неолибералч хэвлэлийн агентлагууд бүрэн эзлэн авсан бөгөөд тэр цагаас хойш Монголын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мэдээлэгч бус харин үнэн хэрэг дээрээ Барууны суртал ухуулгын - тархи угаалгын дамжуулагч цагаан хоолой нь болон хувирсантай одоо эрүүл ухаантай л бол хэн ч маргахгүй биз ээ...

АНУлсын Виржини мужийн Лэнгли хотхонд байрладаг АНУ-ын Тагнуулын төв газрын харьяа Кибер тагнуулын албанаас алдагдсан Vault 7 нэртэй, "маш нууц" гэсэн тусгай тэмдэглэлтэй материалуудыг Викилийкс сайт дэлгэн илчлээд байгаа. Эдгээр материалуудаас үзвэл Америкийн Тагнуулын төв газар болон түүний тусгай албад нь бусад улс орнуудын төрийн нууцад хамаарах бичиг баримтуудыг хакердан хулгайлах мөн “ухаалаг” гэгч гар утас, планшет, телевизор болон бусад электрон хэрэгслүүдээр нь дамжуулан иргэдийг далдаас тагнан мөрдөх, сэм чагнах зориулалттай хэд хэдэн нууц программ хангамжийг боловсруулж эрчимтэй ашиглаж ирсэн ба өөрсдөө олон удаа хакер довтолгоонууд зохион байгуулж хийж ирсэн нь тодорхой болсон байна. Гэхдээ тэд өөр улсын нэрийг барьж энэ бүхнээ хийж иржээ!

Мөн энэ албан ёсны баримтууд нь Америкийн Тагнуулын төв газрын Европ дахь хамгийн том хакерын төв нь ХБНГУлсын Франкфурт Майн хотод 90 000 метр квадрат талбайг эзлэн байрладаг, 1000 орчим ажилтантай, АНУлсын дипломат консул гэсэн хаягтай байрыг хууль бусаар ашигласаар ирснийг, тэнд ажилладаг тагнуулын төв газрын ажилтнууд - хакерууд нь бүгдээрээ дипломат ажилтнуудын статус, бичиг баримтаар халхавч хийн эндээс Европын бүх улс орнуудын төдийгүй мөн Ойрх Дорнод, Африк тивийн улс орнуудын төр ба бизнесийн байгууллагууд мөн иргэдийг нь далдаас мөрдөн мөшгиж сэм чагнаж захидал харилцааг нь сэм хакердаж ирснийг дэлхийн олон нийтэд дэлгэн илчлээд байна. ХБНГУлсын канцлер Анжела Меркелийн гар утсыг тэд чагнаж байсныг мөн Герман улсын банк санхүү, бизнес ба үйлдвэрлэлийн нууц мэдээллүүдийг олж авах тагнуулын ажиллагааг идэвхтэй явуулсаар ирснийг удаа дараа илчилсэн билээ...

АНУлсын Тагнуулын төв газрын ажилтан-хакерууд эдгээр тагнуулын програмуудаа ашиглан бусад улс орнуудын төдийгүй өөрсдийнхөө сүлжээ рүү өөрсдөө кибер довтолгоо зохион байгуулж өөр бусад гуравдагч улсын тусгай алба үйлдсэн мэт ул мөрийг зориуд үлдээдэг ба Америкийн эрх баригчид үүнийг ашиглан энэ гэмт хэрэгтээ бусад улс орнуудыг гүжирдэн гүтгэх, үүгээр дамжуулан элдэв янзын дарамт, шахалт үзүүлж эдийн засгийн бүслэлт хориг тавих шалтаг болгон ашиглаж байгаа ажээ.

Ийм учраас Marble нэртэй америкийн энэ тагнуулын программыг зориуд Европын холбооны өөр ямар ч хэл дээр ажилладаггүй байхаар бүтээсэн байна. Энэхүү зориуд үйлдэл нь хакердсан гэх аливаа сэжгийг АНУлсын ТТГазраас холдуулж харин бусад улсуудад бүх хариуцлага, бурууг тохоход чиглэсэн байдаг байна. Энэхүү Marble программ нь хятад, орос, араб, солонгос, мөн ираны фарси хэл дээр ажилладаг ажээ. Мэдээж хэрэг, бас америкийн англи хэл дээр. Гэсэн хэдий ч Marble программ нь англи хэл дээрх кодын тэр хэсгүүдийг нуухын тулд кодын тэр хэсгүүдийг өөр хэлээр автоматаар сольж байх зарчмаар ажилладаг байна. Өөрөөр хэлбэл, энэ программын шууд ажилладаг/гүйцэтгэгддэг/ код нь ийнхүү өөрчлөгдсөн ч харин ажиллагаа нь цааш хэвийн үргэлжилдэг боловч түүний алгоритмыг нь задлан шинжлэхэд хүндрэлүүд үүсдэг ажээ.

Энэ тухай мэдээллийн аюулгүй байдлын өндөр мэргэжсэн шинжээчид ийнхүү баталж байна.

Shout Out UK мэдээллийн агентлагийн удирдагч Маттео Бергамини: “Энэхүү байдал нь чухам хэний эсрэг тэд энэ программаа ашиглахаар бодож хийснийг нь тод томруун харуулж байгаа. Тэгээд хэрэв чухам ямар ямар хэлүүд дээр америкийн энэ тагнуулын хакер программ нь ажилладагт анхаарлаа хандуулах юм бол АНУлс энэ хэлүүд дээр ярьдаг улс орнуудтай яаж харьцдаг болохыг нь төвөггүй ойлгож болно оо”. Америкийн энэ Мarble нэртэй тагнуулын хакер программыг тэд яаж ашиглаж байгааг нь харвал АНУлсын улстөрийн гадаад бодлого чухам юунд чиглэж байгааг харж болох аж: “Хэрэв та жишээлбэл, Хятадын зүгээс олон тооны хакер довтолгоонууд хийж байна гэж байнга ярьж эхэлбэл бодит байдал дээр байхгүй энэхүү аюул занал гэгчийн эсрэг олон гэнэн хүмүүсийг нэгтгэж тэднийг нийгмийн үнэхээр чухал тулгамдсан олон асуудлуудаас холдуулж сатааруулж болно шүү дээ”.

Одоо Барууны эрх баригчид болон тэдний бүрэн эрх мэдэлд байдаг либерал хэвлэл мэдээллийн хэрэгслүүд боломж л гарвал "оросын хакерууд АНУлсын ерөнхийлөгчийн сонгуульд нөлөөлсөн, тэд манай ардчиллыг устгах гэж байна" гэж байнга үглэсээр байгаа. Гэвч бодит байдал дээр үнэхээр хэн нэгэн хакердсан эсэхийг, бас оросууд үүнийг хийсэн гэхийг нотлох ямар ч бодит баталгааг одоо хүртэл гаргаж ирж тавьж чадахгүй байгаа ба бүр энэхүү бодит байдал нь ч америкийн хөлсний суртал ухуулагчдыг зогсоож чадахгүй байгаа гэж Бергамини ярьж байна.

Shout Out UK мэдээллийн агентлагын удирдагч Маттео Бергамини цааш ярихдаа: “Тэд оросууд америкийн сонгуульд нөлөөлсөн гэж гөрдөж байгаатай нь яг ижил. Хэрэв та Оросын нэрийг барьж энэхүү тагнуулын программаа ашиглан фейк хакер довтолгоо хийж чадаж байгаа юм бол тэдний мэдэгдлүүд нь илүү үнэн мэт болж хувирна гэж тэд өөрсдөө тооцоолж байсан хэрэг юм” гэж ярьж байна. Сүлжээн дэх мэдээллийн аюулгүй байдлын шинжээч, PushFor кибер төвийг үндэслэгч Джон Сата энэ бүхнийг үзэхдээ “Америкийн тагнуулын албад өөрсдийн хийсэн кибер довтолгоонуудынхаа бүх хариуцлагыг бусад улс орнуудад тохохыг их хичээсээн, үүний тулд тэд ул мөрөө арилгахын тулд бүх зүйлийг хийсэн” гэдэгт итгэлтэй байгаа ажээ. Сата “Хамгийн сайн хакер арга хэрэгслүүд бол өөрсдийн энэ үйл ажиллагааны хариуцлагыг бусдад - гуравдагч талд тохоход чиглэдэг. Энэ бол тэдний хувьд нилээд ухаалаг тактик юм” гэж мэдэгдэж байна. Тэрээр нэмж хэлэхдээ “Америкийн тагнуулын энэ хакер Marble программ бол маш үр дүнтэй программ, учир нь дэлхийн хаанаас кибер довтолгоог хийснийг илрүүлэх эсвэл хэн энэ программын кодыг бичиж боловсруулсныг олж тогтоох бараг боломжгүй” гэж ярьж байна.

Америкийн тусгай албаны ажилтан асан Джон Киряку энэ тухай ярихдаа “ТТГазрын Marble программ тийм ч онцгой содон эд биш ээ. Үүнийг манай олон тусгай албадууд бас ашиглаж ирсэн. Ийм учраас Marble-ийн энэ энэхүү далд зорилго, мөн чанар нь тийм ч их содон онцгой тохиолдол биш” гэж баталж байна.

Түүний үзэж байгаагаар үүнээс ч илүү ноцтой үйл явдал бол америкийн тагнуулын энэ программын техникийн бичиг баримтууд, кодууд алдагдсан явдал ажээ. “Учир нь Wikileaks оригинал эх сурвалжуудын мэдээллийг ашиглаж байгаа. Ийм учраас тэнд нийтлэгдсэн бүх баримт бичгүүд оригиналууд нь юм” гэж баталж байна.

Гэвч АНУлсын болон Барууны хэвлэл мэдээллийн бүх агентлагууд ТТГазраас алдагдсан эдгээр мэдээллүүдийг аль болох чимээгүй өнгөрөөчих, хүмүүст энэ тухай мэдэгдэхгүй байхыг хичээж байна гэж бүх шинжээчид үзэж байна.

“Энэ мэдээлэлд бас олон хүмүүс анхаарлаа хандуулна гэдэгт найдаж байна. Гэвч Барууны гол гол мэдээллийн агентлагууд энэ талаар хангалттай мэдээлэхгүй л болов уу. Учир нь тэд хүмүүсийн бүх анхаарлыг Брексит, америкийн ерөнхийлөгчийн өнгөрсөн сонгуульд оросууд нөлөөлсөн гэх мэт зүйлүүд дээр л зориуд төвлөрүүлж байна” гэж Бергамини ярьж байна. Тэрээр цааш нь ярихдаа “Иймэрхүү зүйлүүдийг ер нь мэдээлдэггүй юм аа, учир нь энэ бүхэн эрх баригч бүлэглэлд халгаатай мэдээллүүд болохоор. Хэрэв иймэрхүү мэдээллүүд олонх хүмүүст хүрчих юм бол тэд энэ бүхнийг эргэцүүлэн бодох шаардлагатай болно, тэгээд хүмүүс эрх баригчдад асуултуудаа тавьж эхлэх болно гэдгийг сайн мэдэж байгаа. Эрх баригчдын өмнө хариулахад үнэхээр хэцүү өчнөөн ноцтой асуудлууд гарч ирэх болно гэдгийг. Иймээс тэд Wikileaks-ийн иймэрхүү мэдээллүүдийг олон хүмүүст хүргэж мэдээлдэггүй юм аа, харин үүнийхээ оронд одоо болтол ямар ч баталгаа нотолгоо байхгүй, гаргаж ирж чадахгүй байгаа хэрнээ Орос манай сонгуульд нөлөөлсөн гэж цаашдаа ч ярьсаар л байх болно оо” гэж баталж байна.

Джон Киряку ч Бергаминийн ярьсныг дэмжиж байгаа ба Wikileaks-ийн эдгээр илчилсэн материалууд америкчуудын дунд өргөн дэмжлэг хүлээхгүй, учир нь жирийн америкчууд Тагнуулын төв газар нь өөрсдийн иргэдээ алхам тутамд нь тагнан мөрдөн мөгшиж бодит баримт фактуудыг гуйвуулж чадна гэдэгт итгэдэггүй, үнэндээ ингэж итгэхийг хүсдэггүй, хэрэв итгэх юм бол тэд нүдээ нээж өөрөө өөрсдөдөө өчнөөн олон асуудлуудад хариу өгөх хэрэгтэй болно шүү дээ гэж зориуд тэмдэглэн хэлж байна.

“Иймэрхүү ноцтой чухал мэдээллүүд манай сонингуудын эхний нүүрэнд гардаг байхаа болиод их удсаан. Магадгүй, энэ мэдээллүүдийг хэвлэж ч болох юм, гэхдээ хамгийн сүүлийн хуудаснууд дээр л гардаг. Иймээс америкчуудын олонх нь ТТГазар нь иймэрхүү бусармаг зүйлүүд хийж чадна гэдэгт итгэж чаддаггүй, яг үнэндээ бол тэд ингэж итгэхийг хүсэхгүй байгаа юм, одоохондоо” гэж баталж байна.

Эцэст нь Бирмингэмийн их сургуулийн кибер аюулгүй байдлын профессор Маттео Бергамини “Хэрэв энэ бүхнийг нэгтгэн авч үзэх юм бол “оросын хакерууд үүнийг хийсэн" гэж бүх зүйлд оросуудыг буруутгаж байсан Вашингтоны тэр бүх мэдэгдлүүд нь бүүр эхнээсээ шал худлаа байсан гэдэг нь бүүр ч тодорхой болж байгаа” гэж дүгнэж байна.

Эх үүсвэр: CIA's "Marble Framework" shows its hackers use potential decoy languages

https://t.co/Hm3pTPSXIS

Background: https://t.co/GsoN4BuyTz pic.twitter.com/ZT66doCnfY

— WikiLeaks (@wikileaks) March 31, 2017