Өөрийнхөө санаа бодлыг Тантай хуваалцахаас өмнө Та намайг байдаг л нэг ээлжит “ярьдаг толгой”/телевизийн сувгуудаар байнга ярьж л байдаг хүмүүсийг ингэж нэрлэдэг -Орч./ гэж бодохгүй байх, улмаар харин таны л адил жирийн нэг хүн гэж хүлээн авахын тулд надад өөрийнхөө тухай хэдхэн үг хэлэхийг минь болгооно уу. Заримдаа би үнэхээр зурагтаар мэдээний хөтөлбөрүүдийг үзэж байхдаа тэнд ярьж байгаа хүнийг нь “Та хэн бэ?” мөн “Та яагаад энэ бүхнийг надад яриад байгаа юм бэ?” гэж асуумаар санагдаж байгаагаа мэдэрдэг. Чухам ийм учраас би хэн бэ мөн миний энэ үзэл бодлууд чухам юун дээр дэвсгэрлэж анх үүсэж гарч ирсэн бэ гэдгээ тайлбарлахыг минь болгооно уу.

Сүүлийн хорин зургаан жил би Нью-Йорк хотод дунд сургуулийн багшаар ажиллаж байсан юм. Энэ хугацааны нэг хэсгийг Дээд Манхэттэний баруун хэсгийн элит сургуулиудад багшилж байлаа. Сүүлийн жилүүдэд би Гарлем ба Испани Гарлемын хүүхдүүдэд багшилж байна. Ингээд би багшлах хугацаандаа зургаан өөр сургууль сольсон бөгөөд одоогоор АНУ-ын хамгийн том готик байгууламжуудын нэг – Гэгээн Ионнын сүмийн хажууханд, Метрополитен-музей ба Байгалийн түүхийн нөгөө алдарт музейгээс холгүй байрлах нэгэн сургуульд багшилж байна. Манай энэ сургуулиас гуравхан кварталын зайд, хэдэн жилийн өмнө хэвлэлүүд “Төв Паркийн /нөгөө/ Гүйгч” гэж дараа нь нэрлэх болсон тэр эмэгтэйг зэрлэгээр хүчиндэж алсан байсан бөгөөд тэдгээр есөн залуусын долоо нь манай дүүрэгт байрлах нэгэн сургуульд явдаг байсан юм.

Миний өөрийн ертөнцийг үзэх үзэл Нью-Йоркоос алс хол, Пенсильвани мужид Питсбургээс зүүн өмнө зүгт дөчөөд миль зайд, хотынхоо нэртэй ижил нэртэй нэг голын эрэг дээр байрлах Мононгаэл хотхонд анх бүрэлдэж байсан юм. Тэр үед Мононгаэл хотхон ган хайлуулах үйлдвэрүүд, нүүрсний уурхайнууд, голын ногоон усанд улаан шаргал химийн хөөс сахруулан хөвөх дугуйт завинуудын мөн хүнд хүчир ажил, хөдөлмөр ба гэр бүлийн үнэт зүйлүүдийг эрхэмлэдэг тийм хот байсан билээ. Мононгаэлд ангийн ялгаа бараг арилсан байсан ба учир нь бүгд л ядуувтар байсан боловч үүнийгээ бараг хэн ч тэгж үздэггүй, боддоггүй байсан юм. Энд хараат бус байдал, сэтгэлийн хүч тэнхээ ба бие даасан байдал нь онцгой эрхэм, нэр хүндтэйд тооцогддог байсан бөгөөд үндэстэн ястан болон орон нутгийн онцлог, соёл иргэншил бол бүр онцгой бахархлын зүйл байсан билээ. Хэдийгээр ядуу амьдарч байсан ч тийм газар өсөж өндийх нь үнэхээр сайхан байсан юм. Хүмүүс бие биетэйгээ харьцаж одоогийнх шиг тийм нэг хийсвэр “дэлхийн” асуудлуудыг бус харин бие биенийхээ талаар сонирхоцгоодог байсан юм. Гадаад ертөнц ч жилдээ нэг хоёр удаагаас илүү очоод байх шаардлагагүй, ган хайлуулах үйлдвэрлэлийн нүсэр харанхуй хот - Питсбургээс цааш байхгүй мэт байж билээ. Гэсэн хэдий ч миний л санаж байгаар хэнд ч өөрийгөө Мононгаэлын “хоригдол” гэсэн мэдрэмж төрдөггүй байсан ба хэн ч хэрэв өөр газар амьдардаг байсан бол байх боломжтой байсан тэр боломжуудаас хоцорч хохирч байна гэж хэлж ярьж байгаагүй юм.

Миний өвөө хэвлэлийн жижиг бизнестэй байсан бөгөөд хэсэг хугацаанд “The Daily Republican” гэдэг тэндхийн орон нутгийн сониныг хэвлэн гаргадаг байв. Сонины энэ нэр нь хүмүүсийн анхаарлыг өөртөө татаж байсан ба учир нь манай хот ардчилсан намын бас нэг түшиг тулгуур хот байсан юм. Би хараат бус, чөлөөт үзэл бодолтой нэгэн байсан өвөөгөөсөө олон зүйлд суралцсан ба хэрэв би одоогийнх шиг хөгшдийг нүднээсээ далд оруулж асрамжийн газруудад аваачиж чихэх болсон ийм цаг үед төрж өсөж байсан бол энэ бүхэнд суралцаж чадахгүй байсан билээ.

Би Нью-Йоркт нүүн ирж Манхэттэнд амьдрах болоход энэ нь саран дээрх амьдрал мэт надад санагдаж байж билээ. Хэдийгээр би энд гучин таван жил амьдарч байгаа ч миний зүрх сэтгэл Мононгэалдаа үлдсэн юм. Хүмүүсийн амьдралын шал өөр хэв маяг ба үнэт зүйлсийн системээс авсан тэр шоок надад хүмүүс хичнээн өөр өөр амьдардаг болохыг ойлгуулсан билээ. Би өөрийгөө зөвхөн багш бус мөн хүн судлаач гэсэн мэдрэмж төрж байдаг. Сүүлийн хорин зургаан жилийн турш би сурагчдаа ажиглаж тэдний итгэл найдвараас авахуулаад айдас түгшүүр хүртэл сэтгэл хөдлөлийн асар өргөн илэрхийллүүдтэй нь байнга тулгарах, чухам юу тэдний чадварыг хөгжүүлэхэд тусалж байна, харин юу саад болж хойш чангаагаад байна гэдэг талаар бодох боломжтой байгаа юм. Энэ бүх ажиглалтуудынхаа дүнд би сод гайхамшигтай ухаан бол магадгүй бидний олонход заяагдмал байдаг, хүнд маш өргөн тархсан тийм нэг шинж чанар юм гэсэн дүгнэлтэнд хүрсэн юм. Би ийм дүгнэлт хийж байгаагаа харин дотроосоо бол эсэргүүцэж байв. Бүр цаашилбал миний хоёр ч элит дээд сургуульд орж суралцаж олж авсан мэдлэг минь нийгэм дэх хүмүүсийн ур чадваруудын үзүүлэлтүүд нь хэвийн тархалттай муруй /Гауссын муруй ч гэдэг ба санаа нь хүмүүсийн цөөнхөд л байгалиасаа ухаан заяасан байдаг – Орч./ хэлбэртэй байдаг гэсэн нэг постулат/таамаглал/ дээр тулгуурлаж байсан юм. Эдгээр математик, няцаах боломжгүй мэт санагдаж байгаа “шинжлэх ухааны нотолгоонуудын” /анх түүнийг Джон Кальвин томьёолсон/ үндсэн дээр хувь хүний хувь цаанаасаа заяа хатуу урьдчилан тодорхойлогдсон байдаг тухай дүгнэлтийг тэд хийцгээж байдаг.

Бодит амьдрал дээр бол сургуулиас нь “сурлага муутай” гэж бараг татгалзсан тэр сурагчид надтай харьцаж байхдаа нэг бус удаа саруул ухаан, ухаалаг байдал, шулуун шударга зан төрх, ургуулан сэтгэж бодох чадвар, эр зориг, өвөрмөц онцгой байдал зэрэг тухайн хүнийхээ хамгийн гайхамшигтай чанаруудаа харуулж байсанд энэхүү дүгнэлтийн дотоод зөрчил оршиж байсан юм. Энэ нь намайг бүр юу ч ойлгохоо байхад хүргэж байлаа. Тэр хүүхдүүд миний багшлах ажлыг хөнгөвчлөх хэмжээний тийм ч байнга бус гэхдээ эдгээр чанарууд нь одоогийн энэ сургуульд огт шаардлагагүй байгаа нь бүр цаашилбал тэдгээрийг нь нухчин дарж хүүхдүүдээс шал өөр зүйлүүдийг шаардаж байгаа нь ер нь байх боломжтой гэж үү гэж намайг бодоход хүргэхэд хангалттай олон удаа ийм байдлуудыг харуулж байсан юм. Намайг багшаар хөлсөлж авахдаа хүүхдүүдийг хөгжүүлэх бус харин тэднийг бүх зүйл дээр хязгаарлаж нухчин дарж байхын тулд хөлсөлж авсан хэрэг гэж үү? Эхэндээ энэ бодол маань надад ухаангүй нэг тэнэг бодол мэт санагдаж байсан боловч аажмаар би бүх нийтийн албан боловсролын энэ системийн сургуулиудын анги танхим дахь хонхны дуунууд, бүх сурагчдын эрх чөлөөг хатуу хязгаарлаж нэг хэвэнд барьж байгаа байдал, хичээлүүдийн хуваарийг нь л чухам яаж хийснээс шалтгаалан орж байгаа хичээлүүд ба хийлгэж байгаа зүйлүүдийн ямар ч дэс дараалалгүй замбараагүй дурын байдал, хүүхдүүдийг нас насаар нь ялган хувааж тусгаарласан байдал, сурагчид хувь хүнийх нь хувьд ямар ч орон зай байхгүй байгаа байдал, байнгын хараа хяналт доор байлгах зэрэг бусад бүх зүйлүүд нь чухамдаа хэн нэгэн нь хүүхдүүдийг бие даан бодож сэтгэх, өөрсдөө үйл хөдлөлөө бие даан хийж сурахад нь саад болох, тэднийг заавал гадна талаасаа хамааралтай байлгаж сургах ба байнгын хараа хяналтан дор байлгаж сургах зорилготой мэтээр зохион байгуулагдсан болохыг анзаарч ойлгож эхэлсэн юм.

Би хувь хүний орон зай, сонголтоо хийх эрх, байнгын хараа хяналтаас чөлөөтэй байдал, хүн өөрийнхөө амьдрал дээрээс бодит туршлагуудыг олж авах боломжууд зэрэг хүн төрөлхтөн хэдэн зууны турш амьдралын хамгийн олон янзын нөхцөл байдлуудад бие даан суралцахдаа ашиглаж ирсэн тэр нөөцүүдэд хүрэх боломжуудыг сурагчдадаа өгөх зорилгоор өөрийн “партизаны” аргуудаа алхам алхмаар боловсруулж тухайн боломжид нь тохируулан нэвтрүүлж байсан юм. Товчхон хэлбэл, би тэднийг өөрсдөө өөрсдийнхөө багш нар байх тийм байдалд тавьж өгөхийг оролдож байсан билээ.

Миний судалж эхэлсэн энэ үзэл санаа нь хэрэв дүрслэн хэлбэл: сургалт нь нэг гадаргуу дээр будгууд нэмэх замаар бүтээдэг уран зурагтай төстэй бус харин байгалийн чулуун дотор аль эрт байгаа тэр дүр төрхийг илүү саад болж байгаа хэсгүүдийг нь таслан авч хаях замаар чөлөөлөн гаргаж ирж байдаг сийлбэртэй илүү төстэй ажил юм.

Энэ бол хоорондоо тэс өөр хоёр хандлага юм. Өөрөөр хэлбэл, би өөрийгөө эдгээр жижигхэн толгойнуудыг өөрийн мэдлэгүүд болон туршлагуудаараа дүүргэж байх үүрэг бүхий бүхнийг мэддэг мэргэжилтэн шиг гэсэн бодлоо орхисон юм. Үүний оронд би хүүхдийн төрөлх гайхамшигтай тэр ухаалаг байдалд чухам юу саад болоод байнаа гэдгийг судалж тэдгээрийг яаж арилгаж болох вэ гэж бодох болсон юм. Багшийн үйл ажиллагааны зорилгууд бол цаанаасаа “заавал эсэргүүцэж” байдаг сурагчдад ном эрдэм зааж тэднийг “ухаан оруулах” явдал гэдэг хүмүүсийн одоо нийтээрээ хүлээн авсан байдаг тэр үзэл хандлага нь надад огт таалагдахаа больж байв. Хэдийгээр албан боловсролын энэ системийн шинж чанар нь намайг өнөөдөр ч тэдгээр утгагүй оролдлогуудыг хийхэд албадаж байдаг ч гэсэн боломжтой бүх л зүйл дээр би багшлахтай холбоотой хуучны, уламжлалт хоосон номлолуудаас холдож чадсан бөгөөд хүүхэд бүрт өөрийнхөө тэр үнэнд хүрэх замыг хайх боломжийг нь олгож байх болсон юм.

Хэрэв миний санал болгож байгаа эдгээр аргууд түгэн дэлгэрэх юм бол одоо улсын монопольд байгаа бүх сургуулиуд нь одоогийн энэхүү нийтийн албан боловсролын бүх тогтолцоогоо аюул, сүйрэлд хүргэх тэр чиглэлд л хөгжиж” байна. Миний адил ийм дүгнэлтэнд хүрсэн багш сурган хүмүүжүүлэгч хэн ч гэсэн өөрийн тэр жижигхэн хэмжээндээ, хамгийн сайндаа л над мэтийн тайван байдлыг бужигнуулагчдыг зориуд тусгаарлаж дараа нь буулган авч нугалдаг тийм өөрийгөө хамгаалах автомат механизмыг бий болгосон одоогийн энэ системийн хувьд ердөө л тайван амар байдлыг нь бужигнуулагч төдий юм. Хэрэв ийм үзэл санаанууд өргөн дэлгэрвэл боловсролын одоогийн энэ системийн үндэс суурь нь болсон уншиж, тоо бодож сургахад хүнд хэцүү эсвэл ер нь хүүхдүүд сургах үйл явцыг цаанаасаа эсэргүүцэж байдаг гэх мэт олон олон худлаа хоосон постулатуудыг нь эвдэж чадах юм.

Бодит байдал дээр бол одоогийн энэ сургуулиудаас гарч ирж байгаа хүмүүсийн өөрөөр хэлбэл тэр бүтээгдэхүүнийх нь шинж чанаруудыг өөрчилж чадах боловсролын ямар ч систем манай өнөөгийн энэ эдийн засгийн систем тогтнож байхад өөрт нь аюулаар заналхийлж байгаа юм. Одоогийн бага, дунд сургуулийн сурагчдын амьдарч ажиллах энэ эдийн засаг нь жишээлбэл, шүүн тунгааж бодож чаддаг залуучуудын үеүд гарч ирвэл тэдний эсэргүүцлийг дааж тогтнож байж чадахгүй билээ.

Миний ойлгож байгаар бол багш, сурган хүмүүжүүлэгчийн амжилт нь хүүхдүүдэд ямар нэг болзолгүй, элдэв үзүүлэлтүүдгүйгээр итгэж найдах явдалтай ихээхэн холбоотой байдаг. Хүмүүст өөрсдийн алдааг хийх, шинээр оролдоод үзэх боломжийг олгох зайлшгүй шаардлагатай байдаг, эс тэгвэл тэд хэзээ ч өөрөө өөрсдөө болж чадахгүй, хэдийгээр юм юм мэддэг мэт сэтгэгдэл төрүүлж чадах боловч бодит хэрэг дээрээ зөвхөн цээжилсэн зүйлүүдээ давтах эсвэл өөр хүнийг л дуурайж байх болно. Багш, сурган хүмүүжүүлэгчийн амжилтын талаарх миний энэхүү төсөөллийг чухам юунд хүүхдүүдийг сургаж байх ёстой, аз жаргалтай сайхан амьдрал чухам ямар “эдээр хийгдсэн” байдаг тухай олонх хүмүүсийн “хүлээн авсан” байгаа тэр постулатуудад өгч байгаа дуудлага гэж хүмүүс хүлээн авч байдаг юм.

Хүүхдүүд ба бодит боловсролыг олж авах тэдний боломжийн хооронд зогсож байгаа олон саад бэрхшээлүүдтэй хийж байсан тэмцлийн он жилүүд намайг боловсролын энэ улсын монополь системд бүтцийн өөрчлөлт хийх гэж оролдох хэрэггүй юм байна гэдэг итгэл үнэмшилд авчирсан юм. Хэрвээ энэ системийн үндэс суурь болсон тэр худлаа үлгэрүүдийг нь илчилж эвдэн хаясан тохиолдолд энэ систем нь цаашид урьдын адил хэвийн ажиллаж байж чадахгүй юм.

Олон жилийн турш миний багшийн хувиар хийж байсан бүх зүйл маань одоогийн энэ баян хоосны анги давхарга, эрх мэдэлтэй хүмүүсийн эдийн засгийн боломжууд ба мөн боловсролыг олж авахад хүртэл үйлчилж байдаг одоогийн энэ анги давхарга, зиндааны үндсэнд нь байгаа тэр худлаа хоосон үлгэрүүдийг нь л хамгаалж бэхжүүлж байх далд зорилгод захирагдсан байна гэдгийг би ухамсарлаж ойлгосон юм.

Миний багшийн ажлын туршлагын чухам аль хэсгийг уншигч та бүхэнтэй хуваалцах тухай бодож байхдаа чухам юуг би зөв хийж байгаагаа биш харин чухам юуг буруу хийж байгаагаа ярьж өгөх нь илүү ашигтай байх болно гэсэн дүгнэлтэнд би өөрөө хүрсэн юм. Юуг би зөв хийж байгааг ойлгох маш амархан – би хүүхдүүдэд аль болох бага саад болохыг хичээдэг ба тэдэнд орон зай, цаг хугацаа ба итгэл, хүндэтгэлийг өгч байхыг оролддог. Харин чухам юуг би буруу хийж байгаа гэдэг бол үнэхээр хачин гаж, хүнд хэцүү бас айдас төрүүлэхүйц зүйлүүд юм. Ингэхээр Танд энэ байдлыг харуулахыг минь зөвшөөрнө үү.

* * *

Би өмнөх нийтлэлүүддээ “гэр бүл” гэдэг ойлголтыг олон удаа хэрэглэж байсан учир бидний хэн ч миний бодож байгаагаар энэ үгэнд чухам юу, ямар утга оруулж ойлгохыг өөрөө шийдэх ёстой гэж би бодож байна. Ямар ч засаг захиргаа, эрх мэдэл “гэр бүлүүд” гэж нэрлэж болох асар олон янзын бас тэгээд нийгмийн амин чухал зохион байгуулалтуудын тухай нэг хэвийн төсөөллийг тулгах ёсгүй бөгөөд тэдгээрийг ямар нэг ийм л байх ёстой гэх мэт хоосон номлолуудад захируулах эрх байхгүй гэдэгт би хатуу итгэж байна.