miki mouse edet na gaiti

Оригинал нэр: Mickey Mouse Goes to Haiti
Нэр: Микки Маус Гаитид орж ирсэн нь: Дарлан мөлжлөгийг нь судлахад
Гарсан он: 1996
Төрөл: Баримтат кино, эдийн засгийн дарангуйлал мөлжлөг
Бүтээсэн студи/улс: АНУлс
Найруулагч: Чарльз Кернаган
Продюсор: Үндэстний хөдөлмөрийн хороо(NLC), АНУ
Оролцсон: Чарльз Кернаган, Барбара Бригс, Гаитийн ажилчид ба бусад хүмүүс

 

Киноны тухай товчхон:

Энэ баримтат кинонд гадаадын хөрөнгө оруулалтын цаад мөн чанар, үндэстэн дамжсан корпорациуд яаж ямар аргаар асар их, бүүр санаанд багтахын аргагүй асар их ашиг хонжоо олдгийг харуулдаг. Уг кино гарсан даруйдаа Барууны төдийгүй дэлхийн олон улс орнуудад асар их дуулиан шуугиан тарьж эдгээр улс орнуудын энгийн шударга байдлын төлөө тэмцэгчид, жирийн хүмүүсийн эгдүүцлийг хүргэж уур хилэнг нь бадраасан юм. Үнэхээр энэ киног үзэж байхдаа XXI зуунд ийм зүйлүүд яг одоо тэнд болж байгаа гэдэгт итгэхэд үнэхээр бэрх, биднийг яг ийм ирээдүй хүлээж байгаа сэтгэгдэл төрж байдаг.

Хуйвалдаан, хээл хахуульд орооцолдож дөнгөлөгдсөн эрх баригчид ба гадаадын үндэстэн дамжсан корпорациудын дөрөө харшуулсан хайр найргүй эдийн засгийн мөлжлөгийн дөнгөнд орсон ард түмнүүд эдгээр капиталын эздийн тоссон ёроолгүй мөнгөний шуудайг нь дүүргэхээр хүний эцсийн дусал хөлсийг шавхдаг хөрөнгө оруулалттай үйлдвэрүүдэд цаг наргүй зүтгэж байгаа боловч жирийн хүмүүс улам л ядуурч харин гаднын хүчинд эрдсэн эрх баригчид, тэдний харийн эзэд л улам ихээр баяжиж байгаа юм.

Энэхүү баримтат киног дүгнэж Наоми Кляйн “Энэ кино бол олон улсын үйлдвэрчний эвлэлүүдийн байгууллагуудын бараг зуун жилийн турш явуулж ирсэн олон олон сая доллар үрсэн кампанит арга хэмжээнүүдээс нь ч илүү, хүний эцсийн хөлсийг нь шавхан мөлжиж байдаг гадаадын хөрөнгө оруулалттай үйлдвэрүүдэд хоногийн хоолныхоо төлөө зүтгэж байгаа тэр ядуурч доройтсон хүмүүсийн аймшигтай нөхцөл байдал руу дэлхийн олон нийтийн анхаарлыг хандуулж чадсан юм” гэж хэлсэн байдаг.

Энэ тухай тус баримтат киног бүтээсэн Чарльз Кернаган өөрөө ингэж бичиж байна: “Би Гаити руу явахынхаа өмнөхөн Лонг Айлендын Wall Mart хайпермаркетад очиж Гаитид үйлдвэрлэсэн Wаlt Disney брэндийн зарим нэг хувцаснаас худалдан авсан юм. Тэгээд Гаитид очоод надтай уулзахаар цугласан ажилчдад тэр хувцаснуудыг үзүүлсэн ба тэд ч шууд л өөрсдийн гараар үйлдвэрлэгдсэн тэдгээр хувцаснуудыг таньж байсан юм... Тэгээд би Pocahontas хүүхэлдэйн киноны нэг зурагтай хүүхдийн цамцыг гаргаж ирээд тэдэнд 10 доллар 97 цент гэж бичсэн шошгыг нь харуулсан. Дараа нь би энэ 10,97 долларыг тэдний мөнгөнд шилжүүлж (172.36 гурд) харуулахад тэд нэгэн зэрэг дуу алдацгааж үүнд итгэж чадахгүй байгаагаа, уур хилэнгээ, гайхшрал цөхрөлөө харуулж эцэст нь бүгд тэр цамц руу гөлрөн харж зогсож байсан юм… Тэд өдөрт хэдэн зуун яг ийм цамцуудыг Wаlt Disney компанид зориулж үйлдвэрлэн гаргаж байдаг. Гэвч тэдний үйлдвэрлэсэн ганцхан цамцыг АНУ-д аваачиж зардаг 11 долларын үнэ нь тэдний 5 өдрийн хүнд хүчир хөдөлмөрийнх нь хөлстэй тэнцүү байгаа юм”.

Англи хэл дээр - I хэсэг:

 

Анли хэл дээр - II хэсэг:

 

Киноны хэсгээс:

- Ийм хувцас худалддаг компаниуд асар их мөнгө хийж байдгийг хүмүүс мэддэг. Гэхдээ тэдний ихэнх нь гадаадын хөрөнгө оруулалтын энэ компаниуд тэр жирийн хүмүүсийн амьдралыг огт тоож үздэггүйг бараг мэддэггүй.

- Уолт Дисней бол дэндүү хөөрөгдсөн үнээр асар их ашиг хийж байдаг боловч хүмүүст шударгаар цалин хөлсийг нь төлдөггүй...

- Та энэ футболкыг худалдан авахдаа Уолт Дисней компанид 12 доллар төлсөн үү?

- Тийм ээ!

- Энэ цамцыг чинь үйлдвэрлэсэн Гаитийн ажилчинд 7-хон цент төлснийг Та мэдэх үү? 

- Аймшигтай юм, ийм юм байж болохгүй шүү дээ... 

- Тэд яг ингэж л ийм их ашиг хонжоо хийж байдаг юм шүү дээ. Тэр ажилчид энэ компаниас ердөө цагийн 60 центийг л гуйж байгаа юм. Энэ бол юу ч биш шүү дээ. Гэвч Уолт Дисней энэ асуудлыг нь ядаж авч үзэхийг ч хүсэхгүй байгаа юм...

Хэдийгээр уг кино 1996 онд одоогоос 16 жилийн өмнө гарсан боловч энд өгүүлж харуулж байгаа тэр байдал одоо улам бүр газар сайгүй хавтгай болж хүмүүсийн амьдрал ахуй улам бүр дордсоор байгаа юм. Одоог хүртэл Гуравдахь ертөнцийн орнуудад хөдөлмөрийн хайр найргүй мөлжлөг үргэлжилсээр байгаа билээ. Хэдэн арван сая хүмүүс хөдөлмөрийнхөө хөлсөнд өчүүхэн бага хөлс авч байгаа боловч жил ирэх тутам улам бүр өсөн нэмэгдэж байгаа хүнсний үнийн өсөлт нь чухамдаа яг тэднийг, ийм хүмүүсийн гэр бүлүүдийг сүйрүүлж байгаа юм. Одоо Гаитид гаднаас тулгасан бодлого, гадаадын хөрөнгө оруулалтад мөлжүүлж ядуурал гуйланчлалд живсэн, гаднын элдэв гоё нэртэй боловч өөр далд зорилготой байгууллагуудын явуулж байгаа тархины угаалтанд учраа олохоо больсон тэр хүмүүс эрдэнэ шишийн гурилыг шавартай хольсон гамбираар амь зогоож байна...

Гаднын корпорациудаас ажлын хөлсөө нэмэхийг, байгаль орчныг хайрлахыг, ноогдол ашгийн хувийг нэмэгдүүлэхийг "гуйгаад" нэмэргүй гэдгийг ойлгох ёстой. Үүний тулд ард түмний эрх ашгийг дээдэлсэн эх оронч төрөө байгуулж ард түмэн төр хоёр нэгдэн нягтарч хамтдаа тэмцэж байж л амжилтанд хүрч байсан түүхтэй юм. Мөн энэ тэмцэл дан ганцхан эдийн засгийн асуудлуудаар, корпорациудын эсрэг тэмцлээр хязгаарлагдах ёсгүй юм, энэ тэмцлийг улстөрийн шаардлагуудтай нэгтгэх шаардлагатай байгаа юм.