shock doctrine

"СӨХРҮҮЛЭХ НОМЛОЛ" : СҮЙРЛИЙН ЭНЭ НЕОЛИБЕРАЛЧ
 КАПИТАЛИЗМ ХЭРХЭН ЭХЭЛСЭН БЭ?

 

Оригинал нэр: The Shock Doctrine: The Rise of Disaster Capitalism
Нэр: Сөхрүүлэх номлол: Сүйрэлд хүргэх капитализмын эхлэл
Гарсан он: 2009 Төрөл: баримтат кино
Бүтээсэн студи/улс: Их Британи
Автор: Наоми Кляйн Продюсерууд: Эндрю Итон, Мелисса Парментер, Филип Кох, Сэлли Маршалл
Үргэлжлэх хугацаа: 79 минут
Хэл: оригинал Англи мөн Орос хэл дээр орчуулгатай
Оролцсон: Эл Гор, Киран О`Брайэн, Джордж У. Буш, Наоми Клейн, Дональд О. Хебб, Джанин Уард, Милтон Фридман, Edward M. Korry, Джозеф Блэр, Элиза Токарь, Хэрлан Улман, Пол Бремер, Сальвадор Альенде, Дуайт Д. Эйзенхауэр, Михаил Горбачев

Киноны тухай: Энэ кино бол канадын нэрт сэтгүүлч, олон номын автор Наоми Кляйны "Сөхрүүлэх номлол: Сүйрлийн энэ капитализм эхэлсэн түүх" гэдэг ижил нэртэй номынх нь дагуу бүтээсэн баримтат кино юм. Энэ кинонд неолиберал эдийн засгийн номлол [манай улсад одоо 20 гаруй жил хэрэгжүүлж байгаа] ба энэхүү харгис бодлогын ард зогсож байгаа тэр далд хүчин, түүнийг зүтгүүлэн хэрэгжүүлж байсан "хувилгаанууд", энэ бодлогын хожим хүргэсэн гамшигт үр дагавруудыг нь судалж дэлгэн илчилдэг.

Энэ баримтат кинонд Чикаго-гийн Их сургуулийн эдийн засгийн сургуульд тусгайлан бэлтгэгдсэн эдийн засагчид (тэднийг хожим чикагын банди нар гэж нэрлэх болсон) түүний дотор Милтон Фриидман /энэ жүүдийн зальт номлолыг манай цөөн хэдхэн урвагчид маш их сурталчилж тарааж байсныг эргэн санагтун!/ дэлхийн олон улс орнуудын эдийн засаг, нийгэм – улстөрийг нь зохиомол хямрал сүйрлийн нөхцөл байдал руу түлхэн сөхрүүлж эцэст нь энэ улс орны дийлэнх хүн ардынх нь эсрэг, ард түмний эрх ашгийн төлөө бус харин ардчилсан гэх хуурамч үзэл суртал, зөвхөн цөөнх корпоратив бүлэглэлүүдийн эрх ашгийг зүтгүүлдэг "чөлөөт" гэгч зах зээлийн капиталист эдийн засгийн дэглэмийг байгуулахад ашигласныг дэлгэн илчилдэг.

Энэ кинонд мөн цэргийн дарангуйлагч Аугусто Пиночетийн эрх барьж байсан үеийн “Чилийн эдийн засгийн гайхамшиг” гэгч хоосон үлгэр – неолиберализмын "шилний цаадах чихрийг" нь дэлгэн илчилж Польшид явуулсан эдийн засгийн “муужруулах эмчилгээ”, Орос дахь зэрлэг хувьчлалын үр дагавруудыг мөн Иракт дайран ороход хүргэсэн эдийн засгийн цаад далд шалтгаануудыг судлан шинжилдэг. Наоми Кляйн өөрийн энэ судалгаандаа ТТГазар хүнийг эрүүдэн тамлаж эцэст нь сөхрүүлдэг тэр арга туршлагууд ба Милтон Фриидманы шавь нарын хөгжиж байгаа улс орнуудад "эмчлэх тун болгон бичиж" өгч байсан эдийн засгийг нь унагаж “сөхрүүлэх эмчилгээ” нь бүх талаараа ижилхэн байгааг харуулдаг.

Майкл Хард энэ тухай “Хамгийн гол зүйл бол капитализм нь хүчирхийлэлтэй хүйн холбоотой гэдгийг дахин баталсан явдал юм... Милтон Фриидман шавь нартаа номлохдоо неолиберализм - чөлөөт зах зээлийн капиталист тогтолцоонд шилжихэд өөрийнх нь анх зүйрлэн хэрэглэсэн “сөхрүүлэх эмчилгээ”-г хийх зайлшгүй шаардлагатай гэж үзэж байсан. Тэрээр нийгмийн урьд өмнөх аж амьдралыг нь эвдэн бусниулж эмх замбараагүй байдалд оруулж хүмүүсийг сөхрүүлэхгүй юм бол, тэдний чиг баримжааг нь алдуулахгүй юм бол түүний энэ неолиберал реформыг хэн ч зөвшөөрөхгүй гэдгийг сайн ойлгож байсан юм” гэж тэмдэглэн бичсэн юм.

Мильтон Фриидман Чикагогийн их сургуульд Чилийн хэсэг оюутнуудыг чухамдаа өөрийн энэ неолибералист онол төсөөллөөр сургаж “чанаж боловсруулсан” байсан бөгөөд 1973 онд генерал Аугусто Пиночет төрийн эргэлт хийж энэ улсын засгийн эрхийг булаан авсны дараа эдийн засгийн харгис ширүүн хувьчлал, бүтцийн өөрчлөлтүүдийг явуулсан билээ. Ингэхэд чухам чикагын банди нар л энэ бүхнийг гардан явуулж харин хажууд нь “номын багш” нь албан бус зөвлөхөөр нь зааварлаж зөвлөж байсан байна. Тэр үед Чилид неолиберализмын “сөхрүүлэх эмчилгээ”-ний энэ номлолынх нь тулгын 3 чулуу гурвуулаа цогцолсон байсан юм: цэргийн хүчээр сөхрүүлэх(төрийн эргэлт), эдийн засгийн аргаар сөхрүүлэх(М.Фриидманы чөлөөт зах зээлийн эдийн засгийн бүтцийн өөрчлөлтүүд) ба бие бялдрын, нийгмийн талаас сөхрүүлэх (эрүүдэн тамлах, баривчилгаанууд, аллагууд зэрэг) ажиллагаанууд зэрэг явагдаж байсан юм.

Мильтон Фриидманы эдийн засгийн хүчирхийллийн капиталист энэ онол нь Пиночетийн цэрэг-улстөрийн хүчирхийлэлтэй яг бие биедээ тохирч харилцан нөхөж энэхүү эрс харгис хэрцгий онолоо дэлхий дахинд цаашид зүтгүүлэхэд Чилийн жирийн ард түмэн хамгийн эхний "туршилтын туулай" нь болсон юм. Чухамдаа Чилийн дараа Аргентин, Тэтчерийн үеийн Их Британи, Боливи, “Эв санааны нэгдэл”-ийн үеийн Польш, апартейдын Өмнөд Африк, Ельцины үеийн Орос, 1990 оноос Монголын ард түмэн энэ “эмчилгээг хийлгэх” ээлж ирсэн билээ. Энэ бүх улс орнууд улстөр-эдийн засгийн неолиберал энэ “хувьсгалын ачаар" эдийн засаг-нийгмийн олон жилийн гүн гүнзгий уналт, сүйрэлд орж сөхөрсөн билээ.

Наоми Кляйн энэ бүтээлээрээ неолиберал капитализмын амлаж байсан хоосон үлгэрийг нэгмөсөн үлдэн хөөж энэхүү давруу номлол нь хэзээ ч хаана ч ардчилсан, тайван замаар нийгмийн олонхын сайн сайхны төлөө хэрэгжиж байгаагүй гэдгийг харуулж энэ номлол нь дандаа ядуурал, хоцрогдол, сүйрэлд хүргэж байсныг дахин баталсан юм.

Мильтон Фриидманы дараа түүний буухиаг залган авсан Харвардын эдийн засагч Джеффри Сакс 1985 онд Боливид эдийн засгийг нь энэхүү эмчилгээгээрээ сөхрүүлсэн юм. Энэ удаа төрийн эргэлт хэрэг болоогүй бөгөөд харин хэрэгтэй хүмүүсээ энэ улсын засгийн эрхэнд тавьж ард түмэнд нь ойлгуулж ямар нэг хэлэлцүүлэг явуулахгүйгээр Пас Эстенссорогийн засгийн газраар нууцаар бэлдсэн байсан нэгэн багц төлөвлөгөөг нэгэн зэрэг бүхэлд нь батлуулан зэрэг зэрэг хэрэгжүүлж эхэлсэн байна. “Энэ бол цэргийн эргэлт байгаагүй бөгөөд харин төрийн энэ эргэлтийг ажил хэрэгч костюм өмссөн балмад улстөрчид, гэнэн эдийн засагчдынх нь гараар хийсэн юм” гэж Кляйн баталж байна...

Англи хэл дээр:

 

Орос хэл дээр:

 

Неолиберал эдийн засгийн реформын “Сөхрүүлэх эмчилгээ”-ний алхмууд нь:

* Улстөрийн эргэлт хийж засгийн эрхэнд хэрэгтэй хүмүүсээ гарган ирж тавьж урьд өмнөх нийгмийн баримжаатай эдийн засаг-нийгмийн байгууламжийг нь энэ номлолоороо сүйрэл рүү залж эхэлдэг.

* Ингээд ард түмэн болж байгаа үйл явцын учрыг нь олохоо байж чиг баримжаагаа бүрэн алдахад хүргэдэг.

* Урьд өмнөх нийгмийн болон эдийн засгийн байгууллагууд ба тэдгээрийн бүх харьцаануудыг нь эвдэн бусниулж ингэснээрээ неолиберал бүтцийн өөрчлөлтүүдээ хийх замаа цэвэрлэж авдаг.

* Эрс харгис ширүүн хувьчлалыг явуулж эдийн засгийн үндсэн суурь бүтцүүд, үйлдвэрлэлийн хангамж, борлуулалтын холбоог нь задалж ингэснээр тараан бусниулдаг.

* Олон хүмүүс ажлын байр, тогтмол ашиг орлогогүй болж ядуурал, нийгмийн задрал ялзрал шинээр үүсдэг. Ингэж хүн ард нь улам улам эмзэг сул дорой болдог.

* Дотоодын суурь үнүүдийг нь либералчилж (аливаа бараа үйлчилгээг дуртай үнээрээ дамлах эрхийг тунхаглах гэсэн үг) үндэстний аж үйлдвэрлэл нь сэргэх боломжгүй болгодог. Учир нь хямдхан хүүтэй зээлтэй, борлуулалтын бүх зах зээлүүдийг эзлэн авсан, гадаадын хүчирхэг компаниудтай өрсөлдөх ямар ч бодит боломжгүй юм.

* Хууль эрхзүйн орчныг нь неолиберал бодлогодоо тохируулан бүрэн өөрчилж авдаг.

* Гадаадын хөрөнгө оруулалт хамгийн таатай орчинд орж ирж бүх зүйлийг нь эзлэн авдаг.

* Улс орныхоо эдийн засгийг хянаж зохицуулж үүнийхээ төлөө хариуцлагыг нь хүлээж байх учиртай, ард түмний цорын ганц төлөөлөл болж байдаг(энд чухам ямар хүмүүс гарч ирж төрийн эрхийг барьж байгаа нь төрийн үүрэг ролийг үгүйсгэх шалтгаан огт биш юм) төрийн бүх зохицуулалтыг үгүйсгэж бүх зүйлийг "чөлөөт" зах зээлийн үл үзэгдэх гар шийднэ гэж хэтэрхий гэнэн эсвэл ашиг сонирхлын зөрчилтэй хүмүүс бие биенээ дуурайн хашгиралдаж эхэлдэг. Гэвч энэ бол тэнэглэл эсвэл бохир заль мэх юм.

* Төрийг (үүний ард нийгэм - олон хүмүүсийг гэсэн үг) мөнхийн сул дорой болгохын тулд өмчгүй болгоход чиглэсэн “төр бол хамгийн муу менежер”, “хувийн өмч л бүхнийг шийднэ” гэх мэт уриа лозунгууд бол неолиберализмын хамгийн эрс давруун урианууд мөн бөгөөд үүнийг л гадаадын капиталын эзэд, үндэстэн дамжсан корпорациуд хүлээж байдаг байна. Чухам үүний тулд л өөрийн үзэл суртлыг тэд түгээн зүтгүүлж байдаг.

* Байгалийн нөөц баялаг нь хямдхан, хүмүүсийнх нь ажлын хөлс нь бага байх нь капиталын эздэд ашигтай байдаг бөгөөд иймээс нийгмийн гишүүд нь үнэндээ бол нийгмийн геноцидэд өртөж эхэлдэг. Ингэхдээ ихэнх тохиолдолд цэрэг ба улстөрийн хүчирхийллийг хослуулан хэрэглэдэг байна .....

Гэвч итгэл найдвар хэзээд байдаг билээ. Учир нь бид олуулаа, үнэн хэзээд бидний талд!

Интернэтээс энэ номыг англи, орос хэл дээр татан авч унших боломжтой... The Shock Doctrine эсвэл Доктрина шока гэж хайгаарай.