Оюунт Монгол аяны хүрээнд өнөөгийн Монголын хүүхэд залуучуудын хүмүүжил, боловсролын асуудлуудыг эргэн харах, үүнтэй холбоотой манай улс үндэстний ойрын ирээдүйн асуудлын тухай яриа хэлэлцүүлгийг өрнүүлж байгаа. Мэдээж хэрэг, мэдээллийн сувгуудын олдоцыг аль болох бүрэн ашиглаж хүмүүст энэ чухал асуудлыг талаар шинэ мэдээлэл, шинэ өнцөг, шинэ сэхээрэл ухаарлыг түгээхийг бид хичээж байна.

 

Өнөөгийн боловсролын салбарт хийгдэж байгаа элдвийн туршилтууд манай боловсролын системд ямар ч сайн сайхан зүйлийг авчраагүй, манайд тохирохгүй байгаа гэдэгт хүмүүсийн анхаарлыг хандуулахыг зорьж байна. Бид өөрсдөө хүүхэд залуусаа - Монголынхоо хойч ирээдүйг монгол ёсоор хүмүүжүүлж сургаж боловсруулж чадахгүй болсон гэж үү?! Эцэг эхчүүд хүүхдүүдээ хүний хүнээр хүмүүжүүлж сургадаггүй биз дээ. Манай дийлэнх эцэг эхчүүд үр хүүхдүүдээ юуны өмнө оюун санаа, ёс суртахууны хувьд Монгол хүн болгох, тэднийг ертөнцийг зөв өнцгөөс үзэх үзэлтэй, эх оронч, зөв үнэт зүйлүүдтэй хүмүүс болгохыг зорьдог билээ. Хүмүүжил боловсрол хоёрыг салгах боломжгүй юм. Хойч үеэ монгол хэл соёлтой, жинхэнэ монголжуу хүмүүс болгосны дараа тэдэндээ шаардлагатай гадаад хэлүүд, дэлхийн орчин үеийн мэдлэг боловсролоос манай улс үндэстний язгуур эрх ашигт үйлчилж чадах тэр эрдэм мэдлэг, мэргэжил боловсролыг шүүн тунгааж авснаа тэдэндээ уламжлуулан зааж сургах бүрэн бололцоо байгаа гэдэгт итгэж байна. Өнөөгийнх шиг асар өндөр үнээр жинхэнэ өргөн далайцтай, гүн гүнзгий ЗӨВ мэдлэг боловсрол гэж хүлээн авахад хэцүү зүйлийг гадаадын хүмүүсээр заалгаж байснаас харьцангуй багахан зардлаар түүнээс ч өндөр хэмжээнд зааж сургаж байсан туршлага, сэтгэл одоохондоо байгаа гэж найдаж байна.

Гэвч одоогийн бүх юм яг эсрэгээрээ байна!!!

Үүний хожмын үр дагаврыг бодож тунгаах цаг аль эрт болжээ...

Өвөг дээдэс маань сэтгэл оюуныг нь эзэмдвэл бие нь хаачих вэ гэж сануулан сургамжилж ирсэн билээ...