Цуврал нийтлэлийн 10-р хэсэг

XX зууны монгол 10


1990 оноос хойш барууны либерал үзэлт ардчилагчид Монголын ХХ зууны түүхийг бодит байдлаас тэс өөр өнгө аяс, хандлагаар бичин гуйвуулах болсон юм. Өнгөрсөн 30 орчим жилийн турш энэ сэдвээр маш олон уран зохиол, нийтлэл, бүүр тэр байтугай эрдэм шинжилгээний гэх нэг сэдэвт "бүтээлүүд" гарсан билээ. Гэхдээ тооны хувьд хэдийгээр олон ном гарсан боловч тэдгээрийн дийлэнх нь тухайн түүхэн үйл явдлыг харуулахдаа баруунтны өнцгөөс хэт туйлширсан, тухайн асуудлын зөвхөн ганцхан талыг хэт дөвийлгөж, харин нөгөө талуудыг нь харуулж байгаа бодит түүхэн баримтуудыг огт байгаагүй мэт ор тас орхигдуулж ирснийг нь нэг талаас санамсаргүй алдаа гэж гэнэн дүгнэж болох ч чухамдаа энэ "алдаагаа" тэд 30 жил байнга давтсаар байгаагаас харвал яавч санамсаргүй зүйл биш болох нь одоо нэгэнт тодорхой боллоо. Ялангуяа тухайн судалж байгаа асуудлаа аль болох олон талаас нь харж дүгнэж зөвхөн бодит-объектив дүгнэлт хийх ёстой шинжлэх ухааны судалгааны гэх ажлууд дунд илэрхий нэг талыг барьсан, маш олон чухал түүхэн баримтуудыг зориуд орхигдуулсан хэт субъектив дүгнэлтүүд хийж олон түмнийг төөрөгдүүлсээр байгаа дүр зураг ажиглагдаад удаж байна.

Жишээлбэл, 1911 оны Үндэсний эрх чөлөөний хөдөлгөөний эргэн тойронд болсон үйл явдлуудыг хэт нэг талыг барин маш өнгөц тайлбарлаж - одоо бүүр “хувьсгал” хэмээн гөрдөн нэрлэх болсон билээ. Манай шинэ үеийн түүхчид чухамдаа яг энэ үйл явдлын тухай бичихдээ Богд тэргүүтэй монголын ноёд, хутагт лам нарыг эх орноо Манжийн дарлалаас чөлөөлсөн баатрууд байсан мэтээр толгой дараалан магтаж зөвхөн үүгээрээ л энэ бүх үйл явцыг бүхэлд нь хязгаарладаг болсон юм. Хэдийгээр уг хөдөлгөөний ачаар монголчууд бид манжийн дарлалаас гарсан нь сайшаалтай боловч түүний дараа дараагийн үйл явдлууд, ялангуяа 1911 оноос хойш эгэл жирийн ардуудын амьдрал ахуй өмнөх манжийн дарлалын үеэс огт сайжраагүйгээр барахгүй улам гүн гүнзгий өрийн намагт унасаар байсан нь түүхэн бодит үнэн юм. Хошуу засаг ноён, Богд, мөн өндөр зиндааны лам нарын хүрээний хятад наймаачдад тавьж байсан асар их байнгын өрийг ард түмэн тэдний өмнөөс төлөх ялд унасаар байсныг, хэдийгээр манжийн хаанд өргөдөг байсан өргөл барьц, алба гувчуур байхгүй болсон байсан ч манжийн үед ноёд тайж болсон этгээдүүд, ард түмний оюун санааг мухар сүсгийн манан дунд барьж байсан лам нар тэрхүү хоосон зайг эзлэн авч ард түмнийг шулан улам их баяжсаар байсан учир баян хоосны ялгаа туйлдаа хүрч байсныг түүхэнд тэмдэглэсэн үлдээсэн байдаг. Мөн Хятадаас автономит эрхтэй болж улсынхаа дотоод хэргийг монголчууд өөрсдөө мэдэн шийддэг болсон байсан хэдий ч эрх баригч ноёд түшмэдүүд улс орноо шинээр эмхлэн байгуулах, дэлхийн бусад улсуудаас хэдэн зуунаар хоцорсон хөгжлийн хоцрогдлоо нөхөх, тэр үеийн зэвсэгтэй зохион байгуулалттай армийг байгуулах, улс орондоо шинжлэх ухаан боловсрол, аж үйлдвэрлэлийг хөгжүүлэх, өөрийн улсын мэдлийн банкийг байгуулж үндэсний мөнгөн тэмдэгттэй болох зэрэг амин чухал асуудлууд дээр маш чамлалттай, тун хойрго байснаар барахгүй харин ч эсрэгээрээ ноёд лам нарын шунал, дураар авирлалт хэмжээ хязгааргүй болон туйлдаа хүрч улс орон маань ЯГ ӨНӨӨГИЙНХ ШИГ ӨР ТӨЛБӨРТӨӨ БАРИГДАН эрх баригчид цалин пүнлүүгээ ч тавьж дийлэхээ больсон учир тэд зөвхөн өөрсдийнхөө эрх ямба, цалин хангамжийг Хятадаас үргэлжлүүлэн авч байх болзолтойгоор улс эх орноо Хятадад худалдсаныг хэн ч үгүйсгэж чадахгүй. Тэр дундаа улс орноо бүх нөөц баялаг, ард түмэнтэй нь ийнхүү хувийн эрх ашгийнхаа төлөө харьд худалдсан жигшүүрт үйл явцад 1911 оны үндэсний чөлөөлөх хөдөлгөөнд идэвхийлэн оролцож явсан Богд тэргүүтэй олон ноёд тайж нар, хутагт лам нар чухам өөрсдөө идэвхийлэн оролцсон бодит үнэнийг харах юм бол 1911 оны үйл явдал бол хэрхэвч өнөөдрийн ардчилсан "түүхчдийн" нэрлэдэг шиг “нийт ард түмний төлөө” үйлс огтоос байгаагүй ажээ. Мэдээж хэрэг, энэ үйл явцын дунд жинхэнэ эх орончид байсан боловч тэдний нэг хэсэг нь 1911-1919 оны хооронд цаг бусаар, учир битүүлгээр хорлогдсон байдаг.

Чухамдаа 1990 оны төрийн эргэлтээс хойш гарсан олон арав, зуун "түүхийн" гэгч голдуу уран зохиолуудын ихэнхэд тухайн цаг үеийн эгэл жирийн ард түмний аж амьдрал, тэдний амсаж туулсан асар их зовлон бэрхшээлийг огт дурддаггүй бөгөөд харин манай ард түмнийг мөлжин боолчилж байсан харийн үзэлт ноёд, лам нарыг “эх орончид” байсан мэтээр магтан дуулсан байдаг. Энэ мэт түүхэн үнэнийг хэт гуйвуулан зөвхөн өнөөгийн цаг үе, үзэл сурталд нийцүүлэн явцууруулах оролдлого түүхийн бусад завсар үеийн үйл явдлуудын хувьд ч адил төстэй байсаар байна!

Миний бие өмнөх цуврал нийтлэлүүдээрээ Д.Өлзийбаатарын доовторын зэрэг горилсон бүтээл гэгч “Монголын улс төрийн хэлмэгдүүлэлтэд гадаад орчны нөлөө /1922-1940/” гүтгэлгийн цуглуулга дотор илтээр гуйвуулсан, ямар ч баталгаа нотолгоогүйгээр хийсэн зохиомол дүгнэлтүүдийг нь баримтаар няцаасан бөгөөд энэ удаад ч үргэлжлүүлэн уг судалгаан дахь лам нартай холбоотой дүгнэлтүүдийг баримтаар няцаах болно.

Үргэлжлүүлэн унших