Цуврал нийтлэлийн 2-р хэсэг

Paradoxxx

Эдийн засгийн онол заалгаж байсан хүмүүс хамгийн эхний хичээл дээрээ дараах тодорхойлолттой танилцдаг:

"Эдийн засаг нь хязгаарлагдмал нөөц баялгийн хүрээнд хүмүүсийн хязгааргүй хэрэгцээг хэрхэн боломжит хамгийн ихээр хангах тухай судалдаг"

"Economics is the study of how we choose to use limited resources to obtain the maximum satisfication of unlimited human needs"

"Экономика - это искусство удовлетворять безграничные потребности при помощи ограниченных ресурсов"

Миний хувьд эндээс л бүх эргэлзээ маань эхэлсэн юм. Энэ тодорхойлолтод хамгийн чухал ойлголт нь "хүний хязгааргүй хэрэгцээ" хэмээх ойлголт юм. Эндээс шууд нэг асуулт толгойд бууж ирдэг. 

Хүний хэрэгцээ хязгааргүй юу? 

Юуны өмнө хүний хэрэгцээ гэж юу вэ? гэдгийг тодорхойлох хэрэгтэй. Хэрэгцээ бол нэн тэргүүнд зайлшгүй зүйлийг л илэрхийлнэ. Энэ бол тухайн амьд организм өөрийн оршихуйг хадгалж үлдэх, цааш үргэлжлүүлэхэд зайлшгүй шаардлагатай материаллаг болон материаллаг бус зүйлсийн олонлог юм. 

Экономиксчид-либералууд хүний хэрэгцээг хязгааргүй зүйл гэдэг. Тэд "Хүн бүр өөр өөр, тиймээс өөрийн өөрийн хүсэл сонирхол ба хэрэгцээнүүдтэй бөгөөд энэ нь хязгааргүй байдаг" гэдэг. Энэ бол гэнэн тэнэг логик алдаа юм. Энэ бол хүний бодит хэрэгцээ хэмээх ойлголтыг хүний шунал хүсэл хэмээх хийсвэр ойлголттой холин бантан болгоод бусдыг хууран мэхэлж буй увайгүй үйлдэл юм. Хүний шунал хүсэл л хязгааргүй, учир нь энэ бол хийсвэр зүйл. Хязгааргүй хэмээх ойлголт бол математикийн хувьд ч, философийн хувьд ч цэвэр хийсвэр ойлголт. Хийсвэр зүйлс л хязгааргүй байж чадна. Харин хүний хэрэгцээ бол түүний бодит оршин амьдрахуйгаар нөхцөлдөн гарч ирж, бас түүнийг өөрийг нь нөхцөлдүүлж байгаа тул бодит зүйл. Тиймээс тэр хязгааргүй байж хэрхэвч чадахгүй.

Асуудлыг бүр илүү нарийн задлан авч үзье. Ингэхдээ хүний амьдралын бүх хэрэгцээг дараах байдлаар тодорхойлъё:

Нийт хэрэгцээ = Нэгдүгээр хэрэгцээ*Түүний тоон хэмжээ + Хоёрдугаар хэрэгцээ*Түүний тоон хэмжээ + Гуравдугаар хэрэгцээ*Түүний тоон хэмжээ + ...

Ямарваа нийлбэр хязгааргүй утгатай байх математик нөхцөл бол уг нийлбэр дараах хоёр нөхцөлийн ядаж аль нэгийг нь хангаж байх юм. Үүнд: 

I. Уг нийлбэрийн ядаж нэг нэмэгдэхүүн нь хязгааргүйтэй тэнцүү утгатай байх. Эсэргээрээ нэмэгдэхүүн  нэг бүр нь төгсгөлөг(хязгааргүй бус бодит тоо)  утгатай байвал уг нийлбэр үргэлж төгсгөлөг утгатай байна гэсэн үг. Манай тохиолдолд аль нэг хэрэгцээний хэмжээ буюу аль нэг  "Түүний тоон хэмжээ" хэмээх утга хязгааргүй байх.

II. Нэмэгдэхүүн эсвэл үржигдэхүүний тоо нь хязгааргүй байх. Манай тохиолдолд хүний хэрэгцээний төрлүүдийн тоо нь хязгааргүй байх.

Эхний нөхцөлийг авч үзье. Хүний аль нэг хэрэгцээ хязгааргүй байх боломжтой юу? Нэгэн жишээ авъя. Хүнийг хязгааргүй тооны хувцасны хэрэгцээтэй, бүр тэр хувцаснууд нь өөрт байгаа гэж хийсвэрлэн төсөөлье. Тэр хүн нэг насаараа цаг мөч бүр тэр хувцаснуудаа сольж өмссөн-хэрэглэсэн гэе. Тэгвэл тэр хүн мянга насалсан ч өөрт байгаа хязгааргүй тооны хувцсаа өмсөж - "хэрэглэж" чадахгүй, амжихгүй. Өмсөж-"хэрэглэж" чадсан тэр хэмжээ л түүний (маш бүдүүлгээр хэлэхэд) бодит хэрэгцээ болно. Үлдсэн нь хэрэгцээнээс илүү гарсан хэсэг буюу "шунал хүсэл" болох юм. Бодит зайлшгүй хэрэгцээ шаардлагаас хэтэрсэн тэр цэгээс хүний шунал, хүсэл тачаал эхэлдэг.

Хоёрдох нөхцөлийн хувьд бас л адилхан. Хүн гэдэг бол физик бодит байдлаараа асар хязгаарлагдмал, тун жижиг хэмжээтэй. Нөгөө талаас түүний бүхий л оршихуй маш богинохон цаг хугацаа-түүний насаар хязгаарлагддаг. Энэ бяцхан бие энэ богинохон хугацаанд оршиход, жишээ нь, бие физиологийн талаас асар бага энерги шаардагдана. Энэ бүх энергиэ хэд хэдэн эх үүсвэрээс авах бөгөөд энэ нь түүний бодит хэрэгцээ мөн. Энэ хэрэгцээ хязгааргүй байх боломжгүй. Учир нь хэрэгцээ бол зөвхөн зайлшгүй зүйлс. Зайлшгүй гэдэг бол түүнгүйгээр хүн өөрөө цааш орших боломжгүй гэсэн үг юм. Гэтэл түүний физиологийн хэрэгцээнүүд хязгааргүй юм бол хүн өөрөө бодитоор орших боломжгүй болох юм. Учир нь ямар ч хүн хязгааргүй тэр их хэрэгцээгээ хангаж чадахгүй. Хэрэгцээгээ хангаж чадахгүй байна гэдэг нь цааш орших боломжгүй болно гэсэн үг. Хэрэгцээ бол зөвхөн оршин амьдрахад зайлшгүй хэрэгтэй тэр зүйлс гэдгийг дахин сануулъя. 

Түүнчлэн хүний бие физиологи тодорхой хязгаарлагдмал тооны төрлийн л эрдэс, шим тэжээлийн хэлбэрүүдийг шаарддаг. Харин хязгааргүйг биш. Хэрэв эдгээр нь хязгааргүй байгаад, бүр хүн түүнийгээ хангах материаллаг боломж нь байлаа ч хүний энэ бяцхан бие амьдрах энэ ахархан хугацаандаа тэр бүгдийг хүлээн авч, боловсруулж чадахгүй-амжихгүй юм. Хязгааргүй хэрэгцээтэй байх юм бол тэр амьд бие оршин тогтнох боломжгүй ээ!!!

Нэгт, хүн физик бодит хэмжээс ба цаг хугацааны хийсвэр хэмжээсүүдээр маш хүчтэй хязгаарлагддаг гэдгийг тооцоод, хоёрт, хүний зайлшгүй хэрэгцээ гэдгийг шунал хүсэл хэмээх төстэй мэт санагдаж болох ойлголттой холихгүй байж чадвал бид хүний бодит зайлшгүй хэрэгцээ хязгааргүй байх ямар ч боломжгүй гэдгийг амархан ойлгож чадна.

Хүн гэдэг амьтныг бусад араатан амьтдаас ялгадаг тэр зүйл бол түүний тархи, оюун ухаан. Мөн бидэнд бусад амьтдад байдаггүй шунал хүсэл хэмээх зүйл бий. Араатан амьтад бол зөвхөн байгалийн зөнгөөрөө өөрсдийн оршин байгаа орчин нөхцөлдөө тааруулан бодит хэрэгцээгээ л хангахыг зорьдог, тэгж ч амьдардаг. Чадаагүй нэг нь харин үхдэг бас мөхдөг. Гэхдээ тэд хэзээ ч хүн шиг өөрийн бодит хэрэгцээнээс илүү ихийг олж авахын төлөө шүлэнгэтэн зүтгэдэггүй!

Экономиксчид бидэнд "Тийм ээ, ЧИНИЙ ХЭРЭГЦЭЭ ХЯЗГААРГҮЙ ЭЭ! Тиймээс хүссэн бүхнээ олж авч хэрэглэхийн төлөө бусадтайгаа тэмц, өрсөлд. Чадахгүй бол хязгаарлагдмал хомс тэр бүх баялгаас чамд хүртэх хэсгийг өөр хэн нэгэн чамаас урьтаад авчихна шүү" гэж хэлж байна. Хүнийг зөвхөн хүсэл шуналдаа хөтлөгдөн амьдрахад далдуур шахаж байдаг учир хүн төрөлхтний бүхий л түүхийн туршид урьд өмнө хэзээ ч, хаана ч байгаагүй асар үрэлгэн, үүнийгээ дагаад асар их хорлон сүйтгэх нөлөөтэй капитализм хэмээх энэ тогтолцоо биднийг шунал хүслүүдээ бодит хэрэгцээгээрээ хязгаарлан оюун ухаант хүний ёсоор амьдрахын үргэлж эсрэг тэмүүлж байдаг ажээ. Энэ нь хэдий бид өөрсдийгөө "оюун ухаант хүн" хэмээн өргөмжилдөг ч үнэндээ зэрлэг араатан амьтдаас долоон дор (тэд хэзээ ч өөрийн бодит хэрэгцээнээс илүү ихийг хэрэглэхийн тулд л байгаль эх дэлхийгээ сүйтгэх буюу бүр нэг төрөл зүйлийнхнийгээ мэрж иддэггүй!!!) адгууснууд болж хувирсан, үнэндээ энэ систем биднийг ийм болгосон гэсэн үг. Энэ систем, энэ хулхи онол хүний бодит хэрэгцээ ба шунал хүсэл хэмээх мөн чанарын асар хол зөрүүтэй хоёр ойлголтыг санаатайгаар хооронд нь хольж хутгах замаар биднийг араатан амьтдаас ч гардаггүй тийм араншинг бусдадаа, мөн хүрээлэн буй байгаль эх дэлхийдээ гаргахыг уриалж, бас далдуур-сэмхэн тийш үргэлж чиглүүлж байна.

Unlimited needs


Их  сэтгэгчид ч энэ тухай хэлсэн байдаг. Жишээ нь, Махатма Ганди нэгэнтээ "Энэ дэлхий дээрх хүн нэг бүрийн хэрэгцээг хангах нөөц баялаг бий ч хүн нэг бүрийн шунал хүслийг хангах нөөц баялаг гэж байхгүй" гэсэн байдаг. Өөрөөр хэлбэл хүний "бодит хэрэгцээ" гэдэг зүйл хязгаарлагдмал. Харин "шунал хүсэл" бол хязгааргүй гэжээ.

Мөн их эрдэмтэн Альберт Эйнштейн "Энэ ертөнц дээр хоёрхон хязгааргүй бий. Нэг нь энэ орчлон ертөнц өөрөө. Нөгөө нь хүний тэнэглэл. Гэхдээ би эхнийхэд нь бага зэрэг эргэлздэг" хэмээжээ. Хорьдугаар зууны хүн маань хүний тэнэглэл хязгааргүй гэдэгт огтхон ч эргэлздэггүй байжээ. Тэнэглэл гэдэг мэдээж маш өргөн утгатай ойлголт. Түүнд юу дуртайгаа ч оруулж болох биз. Гэхдээ эрх биш "хүний бодит хэрэгцээ" үүнд орохгүй нь ойлгомжтой. Учир нь бодит хэрэгцээ бол хүний өөрийнх нь оршихуйг нөхцөлдүүлж бас тодорхойлж буй тэр зүйлс юм. Энэ нь өөрөө "тэнэглэл" болчих юм бол хүний оршихуйг өөрийг нь үгүйсгэж буй хэрэг болох юм. Харин тэрхүү "тэнэглэл" гэдэгт хүний шунал хүслийг оруулж бүрнээ болно. Мэдээж түүнд хязгаар байхгүй нь тов тодорхой.

Анх авсан тодорхойлолт руугаа эргэн очъё. Эхнээсээ логик алдаатай тодорхойлолт болж таарлаа. Аливаа онол тодорхойлолтуудаасаа эхэлдэг. Тэгээд аксиомууд, теоремууд гээд үргэлжилдэг. Тодорхойлолтууд ба аксиом хоёр бол тухайн онолын сууриуд нь юм. Ямар ч байсан экономикс хэмээх "онол"-ын тэгшлэн зассан хөрсөн суурь нь - үндсэн тодорхойлолт нь яйжгий юм байна. Цаашид бетонон суурь - аксиомууд нь ямар болохыг сонирхоцгооё.

(Жич: Ер нь уг тодорхойлолтыг дээр орос хэл дээр бичсэн хэлбэрээр нь ч ашигладаг. Надад лав яг энэ орос эхийн орчуулгаар заасан. Энэ нь утга агуулгын хувьд англиасаа зарчмын шал өөр зүйл юм. Энэ хувилбарт "хязгааргүй хэрэгцээг хязгаарлагдмал нөөцөөр хангах" тухай байгаа юм. Бүрэн хангах!!! Мэдээж энэ нь ямар ч боломжгүй. "Зуун хүнд арван алимыг хуваалгүйгээр жигдхэн тараа" гэсэнтэй адил боломжгүй зүйл. Өөрөөр хэлбэл экономикс хэмээгчийн үндсэн тодорхойлолт, бүр тодруулбал тодорхойлолтын өөрийнх нь илэрхийлж буй утга агуулгаар бол түүний үндсэн зорилго нь эхнээсээ боломжгүй зүйл байна. Энэ нь энэхүү номлол бол эхнээсээ үл гүйцэлдэх утопи үзэл санаа юм аа гэсэн үг.)

 

Үргэлжлэлийг унших

 

Сэтгэгдэл бичих

Таны бичсэн сэтгэгдлийг сайтын админ зөвшөөрсөн үед нийтлэх болно. Зөвхөн кирилл үсгээр зөв бичгийн алдаагүй бичсэн, интернет соёлын хэм хэмжээнд нийцсэн сэтгэгдлийг хүлээн зөвшөөрөхийг анхаарна уу. Сэтгэгдэл бичихийн өмнө "Интернет соёлын хэм хэмжээ" нийтлэлийг уншихыг танд зөвлөж байна.


Security code
Шинэчлэх

    • Цахим шуудан:
      • This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
      • This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
    • Мэдээлэл харилцаа хариуцсан ажилтны утас: 88167001
    • Номын борлуулалт хариуцсан ажилтны утас: 88167001
    • Банкны данс:
      • Банкны нэр: Худалдаа хөгжлийн банк
      • Дансны дугаар: 456 094 040
      • Данс эзэмшигчийн нэр: Дэмчигийн БОЛОР
      • Валютын төрөл: Төгрөг