Цуврал нийтлэлийн 22-р хэсэг

Феодалын дарлал

 

1911 оны зун цаг Халхын Жавзандамба хутагт ба дөрвөн хаадаас бүх монгол үндэстэн нь Манж хятадын дарлал дор тэсэш үгүй болсон учрыг гаргаж, тусгаар улс байгуулахад тусламжийг гуйж Орос улсын хаанд өргөсөн бичиг” хэмээх захидал бичгийн эхэнд “Манай халхын дөрвөн аймгийн монголчууд эртнээс нааш шарын шашиныг шүтэж, өөрсдийн хэв суртлаар явтал, хожим манж хаан мандаж, шарын шашиныг эрхэмнэн эрдэм өршөөлийг дэлгэрүүлсэний тулд бидний багш анхан үеийн Богд лам шарын шашиныг эрхэмлэн манж хаанд шүтсээр хоёр зуу илүү он Монгол хан ван засгууд өөр өөрийн албат арддаа эзэн болж газар орны ашгаа өөртөө эдэлж маш амар тайванаар аж төрж буйд ойрноос нааш хятад түшмэд эрх барьж улсын хэргийг элдвээр самууруулахын дотор ялангуяа шинэ засгийн дүрэм хэмээн нэрийдэж завшаан дор монгол газрыг ашиг тариа хэмээх зэргээр эзлэн хуучин хэв суртлыг халж эрх хүчийг бууруулан бүрэлгэх нь үнэхээр гашуун...” хэмээсэн байна.

“...хоёр зуу илүү он Монгол хан ван засгууд өөр өөрийн албат арддаа эзэн болж газар орны ашгаа өөртөө эдэлж маш амар тайванаар аж төрж буйд ойрноос нааш хятад түшмэд эрх барьж... хуучин хэв суртлыг халж эрх хүчийг бууруулан бүрэлгэх нь үнэхээр гашуун гэснээс харвал энэ захиаг илгээн Хаант Оросод хандаж, цаашлаад Манжаас тусгаарлах үндсэн шалтгаан нь манжийн дарлалын үед хоёр зуу гаран жил манжийн хаанд хорь шахам хүнд хүчир албыг гүйцэтгэн давхар давхар дарлагдаж байсан монголын эгэл жирийн ард түмний зовлон бэрхшээл огт биш байжээ. Харин Манж-Хятадын засгаас "Монгол хан ван засгуудын эрх хүчийг буруулан бүрэлгэх" болсон явдал л үндсэн шалтгаан байсан байна. Өөрийгөө “амьтаныг жаргуулагч” хэмээн нэрлэсэн Богд тэргүүтэй ноёдод тэдний эрх ямба л чухал болохоос эгэл жирийн ард түмний асар их зовлон огт хамаагүй байсныг түүхэнд өрнөсөн өөр бусад үйл явдлууд ч дахин давхар батлан харуулдаг билээ.

Захидлын эхэн хэсгээс мөн чухам энэ захиа бичигдэхээс хоёр зуу гаран жилийн тэртээд анхан дүрийн Богд болон бусад хар шар феодалуудын эрх ямбанд тун их нийцэж байсан (эгэл жирийн ард түмний эрх ашиг бол хамаагүй!) тул тэд ямар нэг эсэргүүцэлгүйгээр өөрийн албат иргэдийг дагуулан сайн дураар Манжийн дарлалд даган орсон юм байна гэдгийг тун тодорхой мэдэж болохоор байна. Манж-Хятад ийнхүү харийн бурангуй шашныг монголын урвагч ноёдыг ашиглах замаар Монголд дэлгэрүүлж, улмаар цэрэг зэвсгийн хүчээр бус бурангуй шашны зөөлөн хүчээр Монгол орныг өөрийн эрхшээлдээ нэгмөсөн оруулан авсан билээ. Харин бүр бүхэл бүтэн хоёр зуун жилийн дараа л зөвхөн тэдний үр садын эрх ямба хавчигдаад эхэлсэн болохоор л тэд хоёр зуу гаран жилийн туршид анх удаа манжаас тусгаарлан тусгаар улс болохоор хөдөлсөн байна.

Уг захидал бичигт “Хятад түшмэд манай Манж улсын эрхийг эзэлж эрт эдүгээ дор олон монголыг хилс бэрхээр дарлан зовоож хашруулан бүхий учирыг эдүгээ бидний мэдсэн амссан төдийгээс товчлон гаргаж мэдүүлэхүй нь:” хэмээгээд нийт 21 зүйл жагсаан бичсэн байх ба түүнээс яг 14 нь тэрхүү амссан гэгдэх зовлон бэрхшээлийг тоочсон зүйл байгаа юм. (1-12 ба 15,17-р зүйл)

Энэхүү 14 зүйлээс чухам хэд нь феодалуудын ашиг сонирхлуудыг, хэд нь эгэл жирийн ард түмний ашиг сонирхлуудыг хөндсөн (тусгасан) болохыг нэг бүрчлэн ялган шинжилье. Ингэснээр 1911 оны үйл явдлын үндсэнд чухам хэний ашиг сонирхол оршиж байсныг мэдэж болох бөгөөд улмаар өөрийн өмнөх дүгнэлтийг илүү нарийн батлах боломжтой болох юм.

Захидал бичгийн эхний хоёр заалтад:

“Нэгэн зүйл. Манай монгол хан вангуудаас дараалан засаг ба засаг бус олон түшмэд хэргэм тушаал залгамжлах зэрэг жинхэнэ хууль ёсоор явуулбаас зохих хэрэг зүйлд хятад түшмэд ямагт өчнөөн түмэн мянган лан мөнгө албадан хянан авч сая айлтгаж залгамжлуулах болсон бөгөөд хэрэв мөнгө зоос үлэмж хараахан тушааж чадахгүйг нь боогдуулан хойшлуулсаар энэ хэргэм зэргэ залгамжлан чадаагүй өчнөөн төчнөөн жилээр хүлээсэн засаг ба засаг бус ихээхэн бага түшмэд маш олон.

Нэгэн зүйл. Эзэн хан жил бүр манай монгол олон ван засгуудад хууль ёсоор шагнаваас зохих торго будааны зэрэг тоо бүхий юмыг олон он дор өгсөнгүй. Манж хятад түшмэд завсраас шүүрэн авч ашиглаад эрх сүрээрээ айлгаж ер нэг ч гомдох газар үгүй болсон билээ.”

Мөн л миний дүгнэлтийг дахин давхар баталж байна. Хар феодалуудын хэргэм зэргийг нь, цалин пүнлүүг нь цаг тухайд нь өгөхгүй байсан болохоор л тэмцэхээр болсон юм байна.

Нийт 14 зүйлээс эхний 2 буюу 1 ба 2-р зүйлийг дөнгөж сая ишилсэн билээ. Энэ нь цэвэр хар феодалууд буюу ноёд тайж нарын эрх ямбанд хамаатах зүйл байна. Мөн энэ ангилалд 8-р зүйлд “Нэгэн зүйл. Монгол газар олон иргэнийг элсэн хуруулж муж байгуулан олон хятад түшмэдээр бариулан Монголын олон засгуудын эрх хүчийг бууруулан хасахаар зөвшиж бүхий нь үнэхээр тачияадалтай билээ хэмээсэн нь багтаж байна.

Харин шар феодалууд буюу дээд зиндааны лам нар, хутагт хувилгаадын эрх ашгийг 5 ба 9-р зүйл хөндөж байна. Жишээ нь 9-р зүйлд “Нэгэн зүйл. Хятад түшмэд шарын шашныг огт хэрэг үгүй дор үзэж насан идэр лам нарыг цэргийн сургууль хийлгэн хурлын сүмийг цэргийн гэр болгон зул хүжийн хөрөнгийг цэргийн хэрэгсэл болгохоор зөвшиж бүхий нь үнэхээр хартай харгисын туйл болсон билээ.”

Бурангуй шарын шашин нь анх Манжид дагаар орсон тэр цагаас хойш нийгмийн нэг анги нөгөөгөө мөлжих хэрэгсэл, дарлагдагч ангийг хүлцэнгүй номой, үгэнд оромтгой байлгах зорилготой оюун санааны хар тамхи байсны хувьд зөвхөн феодал лам, ноёдын ашиг сонирхолд үйлчилдэг байсан (Яг ийм байсныг би маш олон жишээ баримтуудаар өмнөх нийтлэлүүддээ харуулсан билээ). Үүнийг тооцох юм бол шарын шашныг хавчин гадуурхах нь нэн тэргүүнд шар феодалуудын, цаашлаад хар феодалуудын эрх ямбыг ноцтой хөндөж буй юм.

Захиа бичигт хамгийн олон давтагдсан сэдэв бол манжийн засгаас явуулсан “Шинэ засгийн бодлого” хэмээгчийн хүрээнд хэрэгжсэн Хятад иргэдийг Монгол нутагт суурьшуулан тариа тариулах болсон үйл явдалтай холбоотой зүйлс байна. Энэ тухай 6, 7, 10, 15, 17-р зүйлүүд буюу нийт 5 зүйлд өөр өөр хэлбэрээр илэрхийлжээ. Тэгвэл энэ үйл явдал нь чухам хэний ашиг сонирхлыг илүү ихээр хөндөж байна вэ? Эгэл жирийн ардууд уу, тайж ноёд, лам нар уу? Үүнийг ялган мэдэхийн тулд эхлээд хэд хэдэн зүйлийг ойлгох хэрэгтэй.

Нэгт, феодалын нийгмийн үндсэн шинж чанар. Уг нийгмийн байгууллын онцлох шинж бол тухайн нийгмийн хамгийн гол хөрөнгө байсан газар нь феодал ангийн эзэмшил байдаг явдал юм. Энэ ч ёсоор монголын засаг ноёд, хутагт хувилгаад өөрт ноогдсон газрыг үе улиран өвлүүлэн эзэмшиж байжээ. Нөгөөтэйгүүр тайж ноёд болон сүм хийдүүд өөрсдийн асар их мал сүргийг өөрийн эзэмшил дэх хамгийн их үржил шимтэй бэлчээр нутгуудад хариулуулан малладаг байсан бөгөөд эгэл жирийн ардууд өөрсдийн амины цөөхөн малаа үржил шим багатай, өвс ургамал гандуу жаахан газарт л хариулах боломж олддог байв. Энэ утгаар нь харвал хятад иргэд ихээр орж ирэн үржил шимтэй нутгуудад тариа тарих нь хамгийн түрүүнд зөвхөн хар шар феодалуудын ашиг сонирхолд халтай болж таарч байгаа юм.

Гэхдээ мэдээж хятад тариачид ихээр орж ирэн Монгол нутагт суурьших нь дээд доод гэлтгүй бүх монгол хүний хувьд, цаашлаад Монгол улсын цаашдын оршихуйд маш ноцтой, аюултай асуудал. Тиймээс энэ 5 зүйлд тусгагдсан зүйлс бол зөвхөн хар шар феодалуудын ашиг сонирхлыг бус харин тэдний захиа бичгээр дамжуулан эгэл жирийн ардуудын ч хүсэл сонирхол туссан байх ёстой гэж үзэж болохгүй юу? Энэ асуултад хариулахын тулд дараах хэдэн маш чухал баримтыг дахин сануулах ёстой болно.

Хоёрт, 1911 оны Үндэсний эрх чөлөөний хөдөлгөөнийг манлайлан оролцсон тэрхүү тайж ноёд, лам нар 1919 онд өөрсдөө улсын дотоод хэргийг бүрэн мэдэж шийдэх автономит эрхээ Хятадад худалдсан гэдгийг заавал санах учиртай. Автономит эрхээ өөрсдөө устгах гэрээнд гарын үсэг зурсан 16 хүн ба үүний дараа Хятадын ерөнхийлөгчид автономит засгаа өөрсдөө устгасан тухай өргөдлийг гардуулан өгөхөөр Бээжинд очсон 6 хүний дунд 1911 оны үндэсний эрх чөлөөний хөдөлгөөн ялахад идэвхийлэн оролцсон хэд хэдэн хүн байсан байна. Тухайлбал, Чин ван лам Ханддарж, Дархан чин ван Пунцагцэрэн, Бао Лин Цэрэндорж, Сэцэн хан Наваанцэрэн, жонон ван Ширнэндамдин, Жалханц хутагт Дамдинбазар, Далай Чойнхор Чин ван Цэрэнсоном ба хэдий гэрээнд гарын үсэг зураагүй ч уг гэрээний хэлэлцээрт оролцож, мөн автономит эрхээ хамгаалах ямар ч оролдлого хийгээгүйгээр үл барам ингэж улсаа худалдсаныхаа төлөө Хятадын ерөнхийлөгчөөс шагнуулсан Богд Жавзандамба нар байсан юм. Үүгээр ч зогсохгүй 1919 оны 11 сарын 15-нд Хятадад сайн дураар автономит эрхээ шилжүүлэх 64 зүйл гэрээнд гарын үсэг зурдаг тэр өдөр улсын дээд, доод хурлаар уг асуудлыг дэмжих эсэхийг хэлэлцүүлэхэд дээд зиндааны ноёд, тайж, лам нараас бүрдэх дээд хурал олонхын саналаар уг асуудлыг зөвшөөрсөн байдаг байна.

Энэ бүх баримтууд нь чухам юуг илтгэн харуулж байна вэ? Тухайн цагийн Богд тэргүүтэй дээд зиндааны ноёд тайж, лам нарын хувьд нэн тэргүүний ашиг сонирхол бол Монгол улсын тусгаар тогтнол, газар нутгийн бүрэн бүтэн байдал, ард түмний сайн сайхан амьдрал огтхон ч биш байсан бөгөөд харин тэдний амин хувийн эрх ашиг, зэрэг цол, цалин пүнлүү нь л чухал байсан байна. Энэ дүгнэлтийг авч үзэж буй захидлын эхний хэсэг мөн л давхар батлан харуулж буй юм. Тиймээс монгол газар хятад иргэдийн тариа тарих болсон нь гагцхүү Богд лам тэргүүтэй тайж ноёд, лам нарын хувийн эрх ашигт халтай байсан гэдэг утгаар л тэд захидал бичигтээ энэ сэдвийг тэгж олон удаа хөндсөн гэсэн үг. Тэдний мал сүргээ хариулуулдаг үржил шимтэй эзэмшил газарт нь тариа тариад байсан учраас л тэр. Хэрэв дан ганц өөрсдийн төлөө бус үнэхээр монголын ард түмний нийтлэг эрх ашиг, газар нутгийн бүрэн бүтэн байдлын төлөө ингэж их санаагаа чилээж, эвлэлдэн тэмцэж байсан нь ҮНЭН Л ЮМ БОЛ анх энэ захидлыг 1911 онд бичсэн тэр хүмүүс-хятад тариачид монголын бүх газар нутагт бус ердөө хэсэгхэн газруудад нь л тариа тарьж дөнгөж эхэлж байхад газар нутгаа ингэж өмөлзөн харамлаж байсан тэр хүмүүс чинь чухам өөрсдөө ердөө наймхан жилийн дараа улс орноо газар нутаг, ард түмэнтэй нь БҮТНЭЭР нь Хятадад ЗАРНА гэж үү дээ?

Одоо үлдсэн 4 зүйлийг эхээр нь оруулаад нягталж үзье.

Захидал бичгийн 3 ба 4-р зүйлд:

“Нэгэн зүйл. Иргэн Монгол харилцан холбогдсон хэрэг зүйл байхул чухам алины үнэн ташааг магадлахгүй ямагт Монголыг дарлан мушгиж, эд юмыг аван хилж гүжир ял оноон алах цөлөх зэргээр шийтгэх нь нэн олон болж, гашуудалыг хэлэх газар үгүйд хүрсэн бөгөөд иргэн ямар хүнд ялтай хэрэг дэгдээвч ер цээрлүүлэн шийтгэх явдал үгүй. Монгол хүн хааяа эндэгдэл буй ахул огт хэрэгт хамаарахгүй хүнийг боловч хүчээр холбогдуулан үг өчиг огт үгүйгээр онц хүнд ял оноох нь хилс бэрхийн туйл дор хүрсэн билээ.

Нэгэн зүйл. Монгол сайн хүнийг цухалдуулсаар бие зугатан гарах замын зуур тохиолдсон хошуудыг нам нийлэв хэмээн гүтгэж өчнөөн түмэн лан мөнгө албадан төлүүлэхээр тулган зовоож хэрэг шийтгэх түшмэдийг чандлан хадгалж буй нь үнэхээр хилстэй билээ.”

гэжээ. Энэ зүйл бол харин эгэл жирийн ардуудын ашиг сонирхлыг ч тодорхой хэмжээнд хөндсөн байна. Мэдээж феодалуудын ашиг сонирхол зохих хэмжээгээр хөндсөн нь ойлгомжтой.

12-р зүйлд “Нэгэн зүйл. Угаас тогтсон хууль дор монгол иргэн харилцан ураг барилдах ёсонгүй бөгөөтөл одоо шинэ засагаар шалтгаалж хуучин хуулийг халж монгол иргэн харилцан ураг барилцахаар ноднин жил зарласан нь үнэхээр хортой санаа мөн бөгөөд энэ мэт харанхуй засгийг манай монгол яахин дагаж чадах билээ” хэмээсэн нь дээд доод гэлтгүй монгол хүн бүрийн ашиг сонирхолд халтай зүйлийг хөнджээ. Хятад Монгол ураг барилддаг болсноор нэг талаас цөөхөн хэдэн Монгол хятадад уусан үндэс угсаа устах үндэс бүрдэх ба нөгөө талаас аажмаар хятадын нэгэн муж болсноор дээд зиндааны ноёд, лам нарын эрх засаг ч Хятадад шилжих тул тэднийг тэгж их айлгасан байна.

11-р зүйлд “Нэгэн зүйл. Манай монгол Манж улсад дагаж орсоноос хойш олон зальхай иргэд маймаа худалдааны учир өөрсдийн юмыг онц их үнээр худалдан өгөх бөгөөд манай Монголын мал юмыг боогдуулан хялбар үнэ дор авах ба мөнгө зээлдүүлвээс хүүнээс хүү үржүүлж авсаар манай Монголыг нэгэнт яс чөмгөнд хүртэл ядруулсан бөгөөтөл одоо шинэ засаг хэмээн нэрийдэж олон зүйлээр үрэгдүүлэн бүхий нь манай Монголын хүчин яахин тэсэх билээ” хэмээсэн байна. Энэ ч бас харьцангуй ерөнхий шинжтэй зүйл байна. Гэхдээ нэг зүйлийг санах хэрэгтэй. Хятадын панзчид, ялангуяа мөнгө хүүлэгчдийн хамгийн гол үйлчлүүлэгчид нь ядуу дорой энгийн ардууд биш харин асар баян тансаг тайж, ноёдууд ба дээд зиндааны лам нар байсан гэдгийг заавал анхааралдаа авах ёстой. Ноёд төдийгүй Богд ламхай ч өөрийн хэрэгцээндээ болон манжийн хааны өргөл барьц болон алба татварт зориулан хятад худалдаачдаас өндөр үнэтэй бараа таваар авах буюу өндөр хүүтэй мөнгө зээлээд, дараа нь түүнийгээ өөрийн харьяат хамжлага, шавь нараасаа хүчээр гаргуулан төлүүлдэг жишиг аль хэдийн энгийн хэвшил болон тогтсон байсныг санах ёстой. Тиймээс энэ зүйл нь бас л хар шар феодалуудын эрх ашгийг ноцтой хөндөж буй юм. Нэгэнт хөрөнгө албадан гаргуулж өөрсдийн өрөө төлүүлдэг эгэл ард туйлдан цаашид тэдний өмнөөс өр ширийг нь төлөх чадваргүй болохын зэрэгцээ хятад панзчид ингэж даврах нь монгол феодалуудад маш хохиролтой байсан юм. 

Ингээд 14 зүйлээ ангилж дууслаа. Үлдсэн 7 зүйл нь оросын хаанд тавьсан санал, хүсэлт зэргээс бүрдэж байгаа тул энэ нийтлэлд авч үзэх шаардлагагүй юм. Эхний асуулт руугаа иргэн очъё. Энэхүү захидал бичигт хэний ашиг сонирхол илүү их туссан байна вэ? Мэдээж баян тансаг амьдралтай дээд зиндааны ноёд, лам нар, мөн энэ захидлыг илгээсэн Богд ламын ашиг сонирхол л энэ захидалд нэвт тусгагджээ. Мэдээж эгэл ардын туулан байсан зовлон бэрхшээлийн нэг хэсгээс орсон боловч нэгт, энэ нь зөвхөн феодалуудын ашиг сонирхолтой давхацсан тэр багахан хэсэг орсон байна. Хоёрт, зөвхөн хар шар феодалуудын ашиг сонирхлыг дангаар тусгасан хэд хэдэн заалт байгаа ч зөвхөн дангаар ард ангийн ашиг сонирхлыг хөндсөн нэг ч зүйл энэ бичигт байхгүй байна. Гуравт, ард ангийн ашиг сонирхлыг хөндсөн хэсгүүд нь тэдний туулж мэдэрсэн зовлон зүдгүүрийн хамгийн гол хэсгийг огт хамраагүй байгаа юм. Хамгийн гол асуудлууд болох ард түмний соёл боловсрол хэдэн зуунаар хоцорч, дундад зууны түвшиндээ нөөшлөгдсөн байсан, манж хаанд гүйцэтгэдэг хорь шахам зүйлийн хүнд хэцүү алба болон бусад зүйлийн татваруудаас үүдэн үгүйрэн хоосорч байсан тэдний зовлон бэрхшээлүүд огт тусгагдаагүй байна.

Одоо 1911 оны Үндэсний эрх чөлөөний хөдөлгөөн болон түүний дараа манай оронд өрнөсөн үйл явдлууд дундаас дараах гарцаагүй баримтуудыг нэхэн саная.

1. Анх энэ хөдөлгөөн эхлэх үед бичигдсэн дурдан буй захиа бичиг нь чухам энэ үйл явцын анхдагч сэдэл санааг бүрэн илтгэх түүхэн баримт бөгөөд түүнд Богд тэргүүтэй өндөр зиндааны ноёд, тайж, лам нарын ашиг сонирхлуудыг л нэвт тусган оруулсан байна.


2. Цаашлаад уг хөдөлгөөн амжилтад хүрч манжийн эрхшээлээс гарч, улмаар өөрсдийн автономит эрхийг хоёр хөршөөрөө зөвшөөрүүлэн авсан юм. Хэдий тийм боловч нийт 10 орчим жилийн хугацаанд ард түмний ахуй амьдралыг дээшлүүлэх, тэднийг үндэсний бичиг үсэгт сургах зэргээр соёл боловсролын хоцрогдлыг арилгах, олон зууны хоцрогдлоосоо гарч орчин үеийн шинжлэх ухаан, технологид суурилсан үйлдвэрүүдийг байгуулах, ардын жижиг гар үйлдвэрүүдийг байгуулах, хөхүүлэн дэмжих замаар дотоодын хэрэгцээгээ хангадаг болж, улмаар хятадын панзчидыг өөрийн орны эдийн засгаас шахан гаргах, өөрсдийн үндэсний банк санхүүгийн тогтолцоо ба үндэсний мөнгөн тэмдэгттэй болж хятадын мөнгө хүүлэлтээс ангижрах, улсын нэгдсэн төсөв мөнгөний тогтолцоотой болж улс ардын аж ахуй хөтлөн явуулах, үндэсний байнгын армитай болох зэрэг асар олон амин чухал үйл ажлуудыг зарим нэгийг огт хийж эхлээгүй бол нөгөөг нь зөвхөн эхлүүлэх төдий түүхий орхисон байдаг.

Би яагаад чухам тэднээс энэ бүхнийг нэхээд байна вэ гэвэл хэрэв үнэхээр Богд ламхай тэргүүтэй ноёд, лам нарын тэмцэл зөвхөн өөрсдийнх нь амин хувийн ашиг сонирхлын төлөө бус нийт Монглолын төлөө, монголын ард түмний төлөө байсан юм бол тэд энэ бүх ажлыг хамгийн түрүүнд барьж авч, хийж дуусгах байсан юм. Учир нь чухам ингэж гэмээнэ манай улсын тусгаар тогтнол эдийн засаг, санхүүгийн хувьд, батлан хамгаалахын хувьд, оюун санаа, соёл боловсролын хувьд баталгаажих байсан юм. Энэ бүхнийг хийснээр хамгийн гол нь монголын эгэл жирийн ард түмний ахуй амьдрал дээшлэн дэвжих бодит нөхцөл бүрдэх байсан билээ. Чухам энэ бүх ажлуудыг 1921 оны Ардын хувьсгалын дараа Ардын төр засгаас цаг алдалгүй авч хэрэгжүүлж эхлээд, асар богино хугацаанд үр дүнд хүрч байсантай харьцуулбал 1911 ба 1921 оны үйл явдлуудын аль нь чухам Монгол улсын эрх ашгийн төлөө, монголын нийт ард түмний төлөө үйл явдал байсныг хялбархаан ялган таньж болох юм.


3. Бүхэл бүтэн арван жилийн хугацаанд Богдын засгийн газраас ядаж үндэсний мөнгөн тэмдэгттэй болж чадаагүй бөгөөд, манай оронд хятад янчаан, орос рубль, хатуу цай, мөнгөн ембүү зэрэг эрээвэр хураавар тэмдэгтүүд гүйлгээнд эргэлдэж байв.(Гэтэл энэ ажлыг Ардын төр засгаас ердөө гуравхан жилийн дотор бодит үйл хэрэг болгон хэрэгжүүлж чадсан юм) Улмаар тусгаар улсын хамгийн наад захын шаардлага болох үндэсний нэгдсэн төсөв мөнгөний тогтолцоог ч бий болгож чадаагүй ба шат шатны ноёдын улсын болон өөрийн харьяа хошуудын санг элдэв янзаар завших байдал улам гаарсан байна. Улс оронд жижиг гар урлалаас эхлээд орчин үеийн машинт үйлдвэрлэлийг шат дараатай хөгжүүлж чадаагүй тул хэрэглээний бараа бүтээгдэхүүнээр өөрийн дотоод хэрэгцээг хангах тал дээр манжийн үеийн байдлаас ер дээрдээгүй байна. Улмаар нэг талаас хятад панзчид, мөнгө хүүлэгчдийн дөнгөнд улам улам гүн шигдэж, нөгөө талаас үйлдвэрлэлээр дамжуулан төсвийн орлогыг нэмэгдүүлэх эх үүсвэрүүдийг шинээр бий болгоогүй, байнгын алдагдалтай төсөвтэй явж, түүнийгээ зөвхөн хаант оросын зээллэгээр дөнгөн данган нөхөж явсаар 1910-аад оны сүүл гэхэд мөнгө санхүүгийн хувьд дампуурлын ирмэгт ирсэн байна. Чухам энэ үеэс 1911 оны хөдөлгөөнийг манлайлан оролцсон Богд тэргүүтэй дээд зиндааны ноёд, тайж, лам нар хятадын мөнгөн тэмдэгтийг үндэсний мөнгөн тэмдэгт болгон хүлээн зөвшөөрч, улмаар өөрсдийн зэрэг дэв, цалин пүнлүүг үргэлжлүүлэн тоо ёсоор авч байх нөхцөлтэйгээр Хятадад улс орноо худалдсан юм.

 

Миний дурдсан 3 бүлэг баримт бол нэг талаас ямар ч эргэлзээгүй, хэн ч маргах боломжгүй бодит түүхэн баримтууд бөгөөд нөгөө талаас логик утга агуулгын хувьд нэг хэлхээнд орж миний тавьсан асуултад бүрэн дүүрэн хариулт өгч буй юм. ҮНЭХЭЭР ЭДГЭЭР ГАРЦААГҮЙ БАРИМТУУДААС ХАРВАЛ 1911 ОНЫ ҮНДЭСНИЙ ЭРХ ЧӨЛӨӨНИЙ ХӨДӨЛГӨӨН БОЛ ҮНДЭСНИЙ НЭРИЙН ДОР ХАР ШАР ФЕОДАЛУУДЫН ӨӨРСДИЙНХ НЬ ЭРХ ЧӨЛӨӨНИЙ ХӨДӨЛГӨӨН БАЙСАН БАЙНА. (Мэдээж жинхэнэ эх оронч ноёд, тайж нар байсан боловч тэдний ихэнхийг энэ үйл явдлын дараахнаас элдэв аргаар хорлон хороосон билээ) Тэдний энэхүү хөдөлгөөн тэдний зэрэг дэв, цалин пүнлүүний асуудлаар эхэлж (оросын II Николай хаанд илгээсэн захидал), мөн л тэдний энэ ашиг сонирхлоор нөхцөлдөн дууссан байх юм (өөрсдийн зэрэг дэв, цалин пүнлүүг тоо ёсоор хятадын засгаас авч байх нөхцөлтэйгээр Хятадад Монгол улсыг сайн дураар дагуулан орох - худалдах 64 зүйл бүхий гэрээ). Үүнийгээ ч тэд бүхэл бүтэн арван жил улс орныг удирдсан хугацаанд хийж гийгүүлсэн тэр бүх бүтэлгүй, ямар ч алсын хараагүй, увайгүй үйл хэргүүдээрээ давхар нотлон харуулсан юм. Харин энэ бүхний голд монголын тусгаар тогтнол, монголын ард түмний амь амьдрал хавчуулагдан хохирсоор байсныг олон олон гарцаагүй баримтууд илтгэн харуулсаар байна.

 

Холбоотой нийтлэлүүд

ӨлзийБҮҮБУР!!! Эмээгийн ярьсан үлгэр
ӨлзийБҮҮБУР!!! Баабар v2.0
ӨлзийБҮҮБУР!!! Зүүнтний нугалаа
ӨлзийБҮҮБУР!!! Зүүнтний нугалааг барууны неолибериалчид гүтгэсэн нь
Ардын засгаас өмнөх ард түмний аж байдал
ӨлзийБҮҮБУР!!! Ламын шашин ба нүглийн хүүдийнүүд 
ӨлзийБҮҮБУР Улсаа зарсан урвагч ноёдыг улсын баатар болгосон нь
ӨлзийБҮҮБУР!!! 1921 он - Ардын хувьсгал уу? Алуурчдын бослого уу?

 

Сэтгэгдэл бичих

Таны бичсэн сэтгэгдлийг сайтын админ зөвшөөрсөн үед нийтлэх болно. Зөвхөн кирилл үсгээр зөв бичгийн алдаагүй бичсэн, интернет соёлын хэм хэмжээнд нийцсэн сэтгэгдлийг хүлээн зөвшөөрөхийг анхаарна уу. Сэтгэгдэл бичихийн өмнө "Интернет соёлын хэм хэмжээ" нийтлэлийг уншихыг танд зөвлөж байна.


Security code
Шинэчлэх

    • Цахим шуудан:
      • This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
      • This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
    • Мэдээлэл харилцаа хариуцсан ажилтны утас: 88167001
    • Номын борлуулалт хариуцсан ажилтны утас: 88167001
    • Банкны данс:
      • Банкны нэр: Худалдаа хөгжлийн банк
      • Дансны дугаар: 456 094 040
      • Данс эзэмшигчийн нэр: Дэмчигийн БОЛОР
      • Валютын төрөл: Төгрөг