Цуврал нийтлэлийн 19-р хэсэг
Д.Өлзийбаатар диссертацдаа “Хурал хийлээ. Энэ нь нийслэл хүрээнд байгуулагдсан МАН-ын үзэл санааг устгах эхний шав байв. Ийнхүү Монголын нийт үндэстний эрх чөлөөний төлөөх зорилтыг албадан өөрчлөх болсныг...” гэгчлэн бичжээ. Нийслэл хүрээнд байгуулагдсан бүлгэмүүдийн тавьж байсан гол зорилго, үзэл санаа нь чухам юу байсныг уг диссертацдаа энэ "судлаач" гэх эрхэм үүнээс жаахан өмнөхөн оруулсан байгааг одоо ишилье.
Тэрээр “Харин Монголд Хятадын цэргийн түрэмгийллийн эсрэг тэмцэл эрс идэвхжиж, нууц бүлгэмүүд нэгдэж 1920 оны 6 дугаар сарын 25-нд МАН нэртэй улс төрийн байгууллага байгуулагдан, “Гадаад Монголын ардын намын зорилт нь шашин үндсэнд харшлах харгис дайсныг цэвэрлэж, алдагдсан эрхийг эргүүлэн аваад, төр шашныг үнэн сэтгэлээр бататган мандуулж, үндэс язгуурыг алдагдахгүй сахих ба дотоод засгийг үнэн сэтгэлээр сайжруулан засамжилж, ядуу дорд ардын тусыг туйлаар бодох ба өөрийн дотоод эрхийг өнө үүрд сахиж, дарлах дарлагдахын зовлонгүй аж төрөхийг чухал болгоно” хэмээн зорилго бодлого тунхаглан зарлаж монголын тусгаар тогтнолыг олж, шашин төрөө мандуулах буухиаг хүлээн аваад байлаа” гэжээ.
Энэ бол хоёр бүлгэм нэгдэж нам байгуулан анхны хурлаа хийхдээ баталсан “Намын хүмүүсийн дагаж явах тангаргийн бичиг”-ийн нэг хэсэг юм. Он сарыг нь харвал энэ нь МАН-ын анхдугаар хурал хуралдахаас 8 сар орчмын өмнө байгаа. Хэрэв энэ хугацаанд чухам ямар үйл явдлууд болж өнгөрснийг, мөн яагаад чухам анх “алдагдсан эрхийг эргүүлэн аваад, төр шашныг үнэн сэтгэлээр бататган мандуулах” тухай үзэл санааг анхны тунхагтаа оруулсан байсны цаад нарийн учрыг мэдэхгүй хүмүүст бол (Д. Өлзийбаатарын гөрдөж байгаагаар энэ бүхэн нь зөвхөн автономит эрхээ буцаан олж аваад төвд Богд ламыг Монголын хаан ширээнд хэвээр үлдээж ноёд-ламын дэглэмийг өөрчлөхгүй зорилго тавьж байсан мэт байгааг бид анзаарах ёстой) уг асуудлын зангилааг ойлгохгүй төөрөлдөж энэхүү сүүлд ишилсэн Д.Өлзийбаатарын дүгнэлт үнэн мэт төсөөлөгдөж болох юм! Учир нь, хожим 1921 оны 3 дугаар сарын 1-нд МАН дахин хуралдахдаа анхны энэ тунхагтаа засвар өөрчлөлт оруулан бошгыг халах буюу хувьсгалт өөрчлөлт хийн дарлал мөлжлөгт тулгуурласан феодалын дэглэмийг устгаж хүн хүнээ мөлжин дарлахгүй цоо шинэ улс болон нийгмийн байгуулал тогтоох зорилготой үзэл санаагаа тунхаглаж намын анхны мөрийн хөтөлбөрөө өөрчилсөн түүхтэй.
Энэ асуудал мөн л тухайн он цаг үеүдийн онцлогтой шууд холбоотой. Хүрээний хоёр нууц бүлэг анх үүсэн байгуулагдсан тэр цаг үе бол Монгол автономит эрхээ Хятадад устгуулсны дараахан буюу 1919 оны эцэс юм. Учир нь Монгол орон харийн мөлжлөг дарлалд дахин орсон байсан үе бөгөөд энэ байдлыг ард түмний сэрж ухаарсан хэсэг нь цаашид хүлцэн тэвчихийг хүсээгүй юм. Улмаар урьд өмнө ил далд өрнөж байсан ард түмний эсэргүүцэл тэмцэл зохион байгуулалт болон зорилгын хувьд цоо шинэ өөр хэлбэрт шилжсэн нь ард түмэн тэргүүний хэсгээрээ удирдуулан зэвсэгт тэмцэлд босохоор шийдсэн хэрэг байсан билээ. Тэгвэл монголын нийгмийн чухам ямар хэсэг бүлгүүд улсын автономит эрхийг ноёд лам нар Хятадад худалдахыг хамгийн их эсэргүүцэж байсан бэ? Мэдээжийн хэрэг, хамгийн хүнд дарлал мөлжлөгийг эдэлж байсан олонх жирийн ардууд! Мөн дунд гарын түшмэд, тайж, гүнгүүд бас их хохирч байжээ. Учир нь тэдний цалин пүнлүү зэрэг давуу байдлууд энэхүү урвалт үйл явдлаас үүдэн маш эргэлзээтэй байдалд орсон байна. Тиймдээ ч 1919 оны 11 сарын 15-нд Хятадад сайн дураар автономит эрхээ шилжүүлэх 64 зүйл гэрээнд гарын үсэг зурдаг тэр өдөр улсын дээд, доод хурлаар уг асуудлыг дэмжих эсэхийг хэлэлцүүлэхэд дээд зиндааны ноёд, тайж, лам нараас бүрдэх дээд хурал олонхын саналаар уг асуудлыг зөвшөөрсөн бол, дунд зиндааныхнаас бүрддэг доод хурал нь уг асуудлыг эрс эсэргүүцэж, цэрэг армиа хөдөлгөн, шинээр цэрэг татан төвлөрүүлж Хятадын эсрэг зэвсэгт тэмцэлд шууд уриалсан байна.*
Иймд хоёр нууц бүлэг өөрсдийн үйл ажиллагааг илүү өргөн хүрээтэй, нийт олны дэмжлэгтэй болгохын тулд эдгээр дунд зиндааны ноёдыг ч өөртөө татах бодлогыг баримталж эхэлсэн гэдгийг миний ишлэн буй эх сурвалжууд батлан хэлж буй юм. Гэхдээ энд маш чухал нэгэн зүйлийг мэдэж ойлгож байх ёстой. Дунд зиндааны лам, тайж, ноёдын гол зорилго нь улс орноо харийн түрэмгийлэгчдээс чөлөөлөх тал дээр Д.Сүхбаатар, Х.Чойбалсан зэрэг ард гаралтай хэсэгтэй үзэл бодлын хувьд нэг мэт байсан юм. Гэхдээ чөлөөлсний дараа Богд хаант засгийг сэргээн тогтоож зөвхөн өөрсдийн хуучин эрх дархыг олж авахаар эцсийн зорилгоо хязгаарлаж байснаараа ялгаатай буюу феодалын мөлжлөг дарлал үндэслэсэн нийгмийг - бошгыг халан ард түмнийг бүх хэлбэрийн мөлжлөг дарлалаас чөлөөлөх зорилго тавьж жирийн ард түмний дийлэнх хэсгийг төлөөлж байсан тэр хэсгээс эрс ялгарч байсан юм. Өөрөөр хэлбэл, МАН дотор ч “Үндэсний эрх чөлөө” гэдгийг анхнаасаа ийнхүү 2 өөрөөр ойлгож байсан гэсэн үг.
Харин ард ангийнхны дэмжиж байсан мөлжлөггүй цоо шинэ нийгмийг байгуулах үзэл санаа, эцсийн зорилго л ард түмний олонхын язгуур эрх ашигт нийцэж байсныг өнгөрсөн 70 жилийн хугацаанд олсон байсан манай улсын бүх дэвшилт ололт амжилтууд бүрнээ гэрчилдэг. Учир нь 1911 оны Үндэсний эрх чөлөөний хөдөлгөөн, түүнийг залгамжлан 1915 онд Хиагтын гурван улсын гэрээгээр монголын ард түмэн бүрэн тусгаар тогтнолын эхний алхам болох автономит эрхийг олж авсан хэдий боловч чухамдаа энгийн ард түмний аж амьдрал хуучин манжийн үеэс дээрдээгүйгээр барахгүй улам дордсон байсан нь, мөн 1911 оны хөдөлгөөнийг хувийн эрх ашгийнхаа төлөө манлайлахыг зөвшөөрсөн байсан Богд тэргүүтэй ноёд, хутагт лам нар 1919 онд улс орон, ард түмнээ Хятадын түрэмгий цэргийн эрхтний гарт хувийн эрх ашгийнхаа төлөө наймаалцан худалдсан гутамшигт үйл явдал бол чухам энэхүү хувийн эрх ашгийн төлөөх дэглэмийг цоо шинэ, ард түмний олонхын язгуур эрх ашигт нийцсэн улс нийгмээр солихоос өөр арга байгаагүй гэдгийг харуулж байсан билээ.
Чухам энэ бодит үнэнийг анх бүлгэм байгуулахаасаа эхлэн ойлгож ухаарч байсан Д.Сүхбаатар, Х.Чойбалсан нар тэр үед Нийслэл хүрээнд амьдарч байсан оросуудын дунд бас Зөвлөлт засгийн талын баримталж байсан М.И.Кучеренко, Я.В.Гембаржевский зэрэг хүмүүсийг олж уулзан тэдэнтэй холбоо тогтоон Орос оронд гарсан хувьсгалын талаар мэдээлэл олж сонсож байсан нь тэднийг жирийн ард түмнийг манлайлагчид болгож байсан юм. Гэхдээ нэгэнт тухайн цаг үеийн байдлыг харгалзан өөрсдийн нууц бүлгэмээ бусад анги давхаргын хүмүүсээр өргөжүүлэх зайлшгүй шаардлага байсныг зөв тооцоолон 200 гаруй жил монголын ард түмний амь амьдралд нэвт шингэсэн байсан харийн шашны мухар сүсгийг нэг доор шууд үгүйсгэн буруушаах нь эргээд зарим гишүүд, дэмжигчдийн санаа сэтгэлийг цааш түлхэн улмаар эсрэг талд урвуулан алдах эрсдэлтэй байсныг харгалзан тэд намын гишүүний тангарагтаа утгын хувьд энэ хоёр талын аль алиных нь ойлголт төсөөлөл - үзэл санааг тусгасан байсан юм.
Арай хожим өрнөсөн үйл явдлууд мөн тухайн үеийн нийгэмд бүрэлдсэн байсан хүнд нөхцөл байдал нь тэдний олонхыг энэ бурангуй харгис дэглэмийг эрс өөрчлөх хувьсгалын зам руу аажмаар чиглүүлсэн болох нь тод харагддаг. Хоёр талын санааг хувь тэнцүүлэн тусгасан нь “дотоод засгийг үнэн сэтгэлээр сайжруулан засамжилж, ядуу дорд ардын тусыг туйлаар бодох ба өөрийн дотоод эрхийг өнө үүрд сахиж, дарлах дарлагдахын зовлонгүй аж төрөхийг чухал болгоно” хэмээн тунхагласнаар илрэн буй юм.
Чухамдаа МАН дотор анхнаасаа л хүмүүс бүлгүүдийн хооронд эрх ашгийн болон эцсийн зорилгоо хэрхэн ойлгож байсан талаарх дотоод зөрчил байсныг Д.Лосол “Бошгыг хална (хувьсгалын замаар феодалын нийгмийг хална гэсэн утгатай Л. П) гэдгийг би мэдэхгүй, улсаа гамингаас салгаж, ард түмний гашуун зовлонг арилгана гэж Богдын тамгатай бичиг авч явснаас биш бошгыг арилгахаар яваагүй” хэмээн уурсан хэлж байсан нь баталж буй юм. Б.Ширэндэвийн “Монгол ардын хувьсгалын түүх” номонд “Богдоор толгойлуулсан автономит засгийг дахин сэргээхийг гол зорилгоо болгосон Догсом, Бодоо, Жамъян гүн зэрэг нийслэл хүрээний жижиг түшмэлүүд, бас (Хятадын хараат хэвээр үлдэж зөвхөн) автономит засгийг сэргээж, хөрөнгөтний ардчилсан зарим шинэчлэл хийх замаар түүний хүрээг өргөтгөх гэсэн хөрөнгөтний элементийн санааг илэрхийлсэн Данзан зэрэг хүмүүс оролцож байв” хэмээн бичсэн байна. Үнэхээр энэ нь Ардын хувьсгал ялсны дараа ч Бодоо, Чагдаржав нар Англи мэт хэмжээт эрхт хаан бүхий бүгд найрамдах улсыг байгуулах тухай, С.Данзан парламентын хэлбэртэй ч капиталист зорилготой бүгд найрамдах улсыг байгуулах тухай үзэл санааг тууштай баримтлан зүтгүүлж байсан түүхэн баримтуудаар батлагдаж буй юм.
Намын доторх үзэл санаа, эцсийн зорилгын энэ ялгаатай байдлаас үүссэн зөрчил нь далд хэлбэрээс илэрхий ил хэлбэрээр ч илрэн хэд хэдэн удаа ширүүн маргаан болж байжээ. Жишээ нь, анх 1920 оны 7 сард Чойбалсан Данзан нарыг Зөвлөлт улсад тусламж хүсэхээр илгээх хэлэлцүүлэг дээр Зөвлөлт улс руу өөрийн намын тамга бүхий бичгийг явуулах уу эсвэл Богдын тамгатай бичгийг явуулах уу гэдэг дээр маргаж байсан байна. Бүр хожмоо “Анхны долоо” хэмээн нэрлэгдсэн - Зөвлөлт улсад тусламж гуйхаар явсан МАН-ын долоон гишүүн 1921 оны 8 сард Эрхүү хотод очоод байхдаа цааш Москвад очин тусламж гуйхдаа чухам хэний тамга бүхий бичгийг илгээх асуудлаар дахин маш ширүүн маргалдсан бөгөөд нэг нэгнээ “Хүрээний” ба “Консулын” хэмээн ялган дуудаж, хэд хоногоор дуугаа хураах тохиолдол ч байсан байна.* Үүний нэгэн баталгаа нь “Энэ талаар Сүхбаатар өгүүлсэн нь: Би Хүрээнд байхдаа та нарт намын нэрийн өмнөөс бичиг хэрэгтэй гэхэд манай зарим нөхдөөс заавал Богд гэгээний тамгатай бичиг хэрэгтэй гэж байсан шүү. Одоо намын нэрийн өмнөөс бичиг хэрэгтэй гэж хатуу зүтгэж байна”*** хэмээн ихэд уурсан хэлж байсан явдал юм. Энд ярьж буй тамга бол зүгээр нэг тамга тэмдгийн хэрэг биш бөгөөд чухам хэний тамга тэр бичиг дээр байхаас Монголын энэхүү тэмцэгчид яг юуны төлөө тэмцэж буйг шууд илэрхийлэх байснаараа, улмаар Зөвлөлт Орос улсын итгэлийг олж тусламжийг авах эсэх нь үүнээс мөн хүчтэй хамаарч байснаараа маш чухал асуудал байсан юм!
Нөгөөтэйгүүр аливаа нам бүлэглэл гэдэг бол нийгмийн хэд хэдэн давхаргын үзэл санааг төлөөлсөн жижиг бүлэг-фракцуудад ямагт хуваагдсан байдаг бөгөөд цаг хугацааны явцад эдгээрийн эрх ашгууд нь эвлэршгүй зөрчилд хүргэн улмаар нэг фракц нь нөгөөгөө түлхэн унагаснаар энэ тэмцэл голцуу төгсдөг гэдгийг өнөөгийн манайд бүрдсэн МАН ба АН-ын дотоод фракцуудын хагарал харуулахын сацуу мөн дэлхийн түүхэнд болж өнгөрсөн төстэй үйл явдлууд ч харуулсаар ирсэн билээ. Жишээ нь, 1924 оноос хятадын Гоминданы намын дарга доктор Сун Ятсэн өөрийн дэргэд Зөвлөлтийн зөвлөгч Бородиныг урин авчирсан тэр үеэс Гоминданы намын бүрэлдэхүүнд коммунист үзэлтэй хүмүүсийг элсүүлэх болсон бөгөөд энэ нь нэг талаас уг намын нийгэмд нөлөөлөх хүчийг нэмэгдүүлсэн ч нөгөө талаас нам доторх хөрөнгөтний чиг баримжаатай фракцтай зөрчилдөөнт байдал үүсгэхэд хүргэж байжээ. Уг зөрчилдөөн 1927 онд оргилдоо хүрч хөрөнгөтний жигүүрийн толгойлогч Чан Кайши коммунист чигүүрээ бут цохин, заримыг нь устгаснаар нам нь бүхэлдээ хөрөнгөтний чиг баримжаатай гишүүдийн удирдлагад шилжсэн байна. Өөр нэгэн жишээ: 1933 онд Адольф Гитлерийг барууны мөлжлөг доромжлол дор орсон байсан Веймарын Бүгд Найрамдах улсын канцлераар томилогдоход түүний толгойлж сонгуульд орсон ГСДАНамын гишүүдийн гуравны нэг орчим нь коммунистууд байсан бөгөөд Гитлер засгийн эрхэнд гарсан даруйдаа тэднийг бүгдийг нь хорих лагериудад илгээснээр нам доторх өөрийн ноёрхлыг тогтоосон байдаг. Мөн Зөвлөлтийн коммунист большевикуудын нам ч хүртэл дотроо большевикууд (олонх) ба меньшевикүүд (цөөнх) хэмээн хуваагдсан байсны сацуу В. И. Ленин 1924 онд нас барсны дараа намын баримтлах чиг шугам буюу цаашдын зорилго, мөрийн хөтөлбөр, намын удирдлага - ЗХУлсыг цааш хааш нь залах тухайд Троцкий, Зиновьев, Сталины хооронд ширүүн тулаан өрнөсөн бөгөөд нам доторх уг ширүүн тулаанд И. Сталины толгойлсон олонх ялж ЗХУ-ын цаашдын замнах жолоог гартаа авснаар ЗХУ хөгжил дэвшлийнхээ замд эргэлт буцалтгүй орсон зэрэг олон баримтыг дурдаж болох юм.
Ийм учраас 1921 онд Монгол Ардын Нам дотор бүрэлдээд байсан зөрчилт байдал хийгээд түүний шууд илрэл болон намын цаашдын зорилгын тухайд гарсан хагарал зэргийг зөвхөн Зөвлөлт улсын тулгалт байсан, тэдний явуулсан намыг хагалган бутаргах зориудын ажиллагаа байсан мэтээр хэт туйлшран дүгнэх нь бодит түүхэн үнэнтэй огт нийцэхгүй юм. Энэ бол тухайн цагийн нийгмийн бодит байдлаар нөхцөлдсөн, ер нь аль ч нам бүлэглэлд үргэлж байдаг түгээмэл үзэгдэл билээ.
Таны бичсэн сэтгэгдлийг сайтын админ зөвшөөрсөн үед нийтлэх болно. Зөвхөн кирилл үсгээр зөв бичгийн алдаагүй бичсэн, интернет соёлын хэм хэмжээнд нийцсэн сэтгэгдлийг хүлээн зөвшөөрөхийг анхаарна уу. Сэтгэгдэл бичихийн өмнө "Интернет соёлын хэм хэмжээ" нийтлэлийг уншихыг танд зөвлөж байна.