Цуврал нийтлэлийн 16-р хэсэг

Богдын засгийн газарт Хятадыг эсэргүүцэж эх орноо хамгаалах бодит боломж байсан уу?

Тэр үед бүрэлдсэн байсан нөхцөл байдал, түүхээс харвал тийм боломж хэд хэдэн хувилбараар байсан байна.

Нэгт, өмнө дурдсанаар Англи, АНУ, Франц, Япон гэсэн барууны бүлэглэлийн 4 улс БНХятад Улсад Зөвлөлт Орос улсыг албан ёсоор хүлээн зөвшөөрөхгүй байх үүргийг гэрээгээр хүлээлгэсэн байсан юм.

Ийм байсан учраас хэрэв БНХУ Хиагтын гэрээг дангаараа хүчингүйд тооцон Монголыг хүчээр эзлэн авбал Зөвлөлт Орос улсын Хиагтын гэрээг хүчингүйд тооцсон тухай тунхаглалыг нь хүлээн зөвшөөрсөн хэрэг болох байсан бөгөөд энэ алхам нь гэрээг цуцлах шийдвэр гаргасан Зөвлөлт Оросын засгийн газрын бүрэн эрхийг ямар нэг хэмжээгээр хүлээн зөвшөөрч буй хэрэг болох байсан ажээ. Чухамдаа ийм цаад учир шалтаантай байсан учраас л хятадын засгийн газар монгол эрх баригч ноёд, том лам нарыг эд мөнгө, эрх ямба, албан тушаалаар хахуульдан 64 зүйлт гэрээ гэгчдээ өөрийн хүслээр хэмээн цохон тэмдэглээд Богдын засгийн газраар энэ гэрээгээ өргөн бариулсан эмгэнэлт жүжгээ тавиулсан түүхтэй.

Иймд энэ бүхнийг эсэргүүцэн тэмцэх хамгийн наад захын эхний хэлбэр бол 1918 оны 9 сараас хятадын цэрэг манай нутаг дэвсгэрт анх цөмрөн орж ирэн Хиагтын гурван улсын гэрээг зөрчиж эхлэх үеэс л Богдын засгийн газраас дэлхийн олон улсад энэхүү гэрээг зөрчиж байгааг нь зарлах хэрэгтэй байсан нь тодорхой. Энэ нь шинэхэн байгуулагдсан, мөн европын том гүрнүүдээс үлэмж хараат хэвээр хагас колони болсон байсан Хятадын засгийн газрыг Барууны хүчирхэг гүрнүүдийн дипломат шахалтанд оруулж улмаар цэрэг оруулсан энэ асуудлыг хялбархаан шийдэх боломж гарч ирэх байсан. Гэвч Богдын засгийн газар Хятадыг барууны 4 улсын өмнө ийм тусгай үүрэгтэй байсныг мэдэхгүй байсан гэж мэлзэж болох юм. (Түүхээс харвал бодит байдал дээр үүнийг мэдэхгүй байсан байх магадлал маш бага юм) Гэвч өөрийнх нь улсын тусгаар бие даасан байдалд ийнхүү заналхийлэн тэр үед бодит байдал дээр бүрэн хүчин төгөлдөр үйлчилсэн хэвээр байсан Хиагтын гурван улсын гэрээг удаа дараа ноцтой зөрчин хятад цэрэг улсынх нь нутаг дэвсгэрт орж ирсээр буйг олон улсад зарлах боломж байсаар атал Богдын засгийн газар энэхүү боломжийг ашиглах гэсэн ядаж оролдлого төдийг ч хийгээгүй болохыг энд дахин сануулах ёстой. Ингэж зарлах нь ийм тохиолдолд хийдэг хамгийн энгийн дипломат хариу үйлдэл бөгөөд заавал барууны орнуудаас Хятадад тулгасан байсан үүргийг мэдсэн ба мэдээгүй гэх шалтаг байх ёсгүй юм.

Хоёрт, өмнөд хил дээрх 2000 орчим цэргээ өөрсдөө зориудаар санаатай тараахгүйгээр Хятадтай өөрийн улсын тусгаар байдлынхаа төлөө эх орончдын ёсоор тулалдан хамгаалж тусламж эрэх боломж бас байсаан.

Автономит эрхийг устгасны дараа Богдын засгийн газар монгол цэргийн ангиудыг татан буулгаж мөн Хүрээний зэвсгийн газар хадгалагдаж байсан бүх буу зэвсгийг Хятадын цэргийн командлалд шилжүүлэн өгснийг түүхийн үнэн мартаагүй. Хятад цэргийн командлалд хүлээлгэн өгсөн тэр үед Монголын зэвсгийн газар хадгалагдан байсан буу зэвсгийг жагсаавал:

1.Винтов буу-5776, сум-874 363;
2.Бердан буу-2456, сум 714749;
3.Бусад янзын буу-750, сум 118486;
4.Хөнгөн их буу-5, сум нь 4837;
5.Гунан буу-2, сум-49;
6.Пулемёт-10, пулемётны сумтай лент-163 авдар;
7.Маузер гар буу-9, сум-35323;
8.Морин сэлэм-2608;
9.Жирийн сэлэм-400.

Түүнээс гадна зэвсгийн газар хоёр дугуйтай тэрэг, бууны запас хэрэглэл, эмээл, сумны хот зэрэг бусад хэрэгслүүд байсныг хятадуудад тушаажээ.

Мөн Монголын цэргийн бүх тугийг Богдын засгийн газраас Хятадын цэргийн эрхтнүүдэд шилжүүлэн өгсний дотор сайдын туг хоёр, хороон даргын туг 19, ангийн даргын туг 73, аравтын дарга нарын тэмдэг (хихэр) 220 байжээ.

Зэвсгийн газар хадгалагдан байсан хуучны зэвсгүүдийг ч Хятадын цэргийн командлалд шилжүүлэн өгсний дотор нум сум хоёр мянга, цахиур буу 1435, хуучин бялт буу 131 гэх зэрэг зүйлс байв. Үүнээс үзэхэд Богдын автономит засгийн газар нь бас цэрэгжилт зэвсэг тааруухан аньфу бүлгийн түрэмгийлэн эзлэгчдэд хамгийн сүрхий эсэргүүцлийг үзүүлэхэд хүрэлцэхүйц хэмжээний зэвсэгтэй байсан нь тодорхой байна хэмээн Ц.Пунцагноров ”Монголын автономит үеийн түүх” номондоо бичсэн байдаг.

Өлзийбаатар аа! Мөн үүнээс гадна хэрэв засаг төр нь тусгаар байдлаа хамгаалахаар уриалан дуудсан бол ташуураа бариад ч болов босож ирэхэд бэлэн байсан, хятадын мөнгө хүүлэгчид, панзчидад мөлжүүлэн дарлуулж туйлдаж байсан монголын ард түмэн байсан юм аа!

Чухамдаа яг энэ байдлыг баталж, уг гэрээнд гарын үсэг зурсны дараа ард түмэн хэрхэн хилэгнэн жигшиж байсныг Хятадын ерөнхийлөгчид мөргөн ёсолсон гутамшигт үйлдлийг нүдээр харсан Х.Чойбалсангийн дурдатгалд тод томруун илэрхийлсэн байдгаас гадна, энэхүү үйл явдлын дараа ард түмний дунд дуулагдах болсон:

Магнаг дээлтэй Шанзав да лам гуай
Манийгаа худалдаад гялайв уу?

Хүрэн дээлтэй Шанзав да лам гуай
Хүрээгээ худалдаад гялайв уу?

Хайрцаг дүүрэн янчаанаар
Халхаа худалдсан Шанзав гуай

Дэнс дэнс мөнгөөр
Дэлхийгээ худалдсан сайдууд гуай

Уут уут мөнгөөр
Улсаа худалдсан Шанзав гуай

хэмээх дууны үгнээс ч ард олон энэ бүхнийг хэрхэн дүгнэж байсан нь шууд харагдаж буй.

Гуравт, хэдий эдгээр аргуудыг хэрэглээд эцэст нь хүчин мөхөстөж үнэхээр бууж өгөхөөс өөр ямар ч арга замгүй болсны улмаас автономит эрхээ булаалгасансан бол Богд тэргүүтэй эрх баригч ноёд Хятадын төр засгаас өгсөн лан мөнгө, авто машин зэргийг алгаа тосон авалгүй хятадын ерөнхийлөгчөөс шагнасан хэргэм зэрэг цолоос татгалзах зэргээр тэмцэх эсэргүүцлийн аргууд бас байсан билээ.

Гэтэл тэр үйл явдал Д.Өлзийбаатарын худал мэлзсэн шиг зөвхөн 1919 оны төгсгөлд л гэнэт болоод өнгөрсөн бус харин бүтэн жил гаруйн өмнөөс хэд хэдэн шат дараатайгаар явуулсан хятадын бодлого ба урвагч (монгол?!) ноёдын зориудын үйл ажиллагаа байсан нь 1918 оны 9 сараас Монголд хятадын цэрэг Гурван улсын гэрээг ноцтой зөрчин орж ирж эхэлсэн хийгээд яг энэ үед урвагч ноёд Монгол улсыг мөнгө-санхүүгийн хувьд Хятадаас бүрэн хамааралтай болгосон тэрхүү гэрээнд гарын үсэг зурсан зэргээс тодорхой харагддаг.

Мэдээж, Д.Өлзийбаатарын судалгаа гэгч нь зөвхөн автономит эрхийг Хятад улсад худалдсан тухай биш бөгөөд энэ гутамшигт түүхэн үйл явдлын тухай өөрийн судалгаанд ердөө тойм төдий авч үзэж буй тул миний бичсэн баримт сэлтийг дэлгэрэнгүй бичих албагүй ч тэр үйл явдлын жинхэнэ мөн чанарыг товч ч гэсэн маш тодорхой дүгнэн бичих ёстой байсан билээ. Та одоо ч намайг энэ хүний судалгааны ганцхан өгүүлбэрийг мушгин хүн гүтгэж байна хэмээн бодсоор байгаа бол би танд түүний диссертацын ажилд чухам 1919 оны автономит эрхээ Хятадад худалдсан үйл явдлын тухай бичсэн тэр тал нүүр хүрэхгүй хэсгийг бүтнээр нь үзүүлье:

Орос оронд болсон 1917 оны Октябрийн социалист хувьсгалын ялалттай холбогдон Монгол орны гадаад улс төрийн байдал, дотоод улс төрийн амьдралд хөдөлгөөн орсон бөгөөд цаашдын үйл явцын орчин нь Монголын улс төрийн автономит эрхийг цуцлан Хятадын цэргийн хүчний эзэгнэл тогтох зэрэг үйл явдлын үндсэн хүчин зүйлийг нөхцөлдүүлснийг энд дурдахгүй байж болохгүй.

1919 оны эцсээр Хятадын засгийн газар Хиагтын гурван улсын гэрээг тэгш бус хэмээн цуцалсан Зөвлөлт Орос улсын Засгийн газрын санаачлагыг овжноор ашиглаж Монголын автономитийг цэрэг зэвсгийн хүчээр устган Монгол оронд өөрийн ноёрхлыг тогтоосон билээ.

Хятадын эрх баригчид Монголын автономийг устгаж Монгол төрийн тасарсан уламжлалын сэргэлт, цагаагчин гахай жилийн үндэсний эрх чөлөөний хөдөлгөөний үр дүнг бүхэлд нь баллан дарсан нь Монголын нийгмийн эх оронч, үндэсний үзэлт бүх хүчийг улс үндэстнийхээ тусгаар тогтнолыг сэргээхийн төлөө нэгэн зорилгод урсгалаараа болон ухамсартайгаар эвсэн нэгдэхэд шууд хүргэсэн юм.

Ингээд л болоо. Өөр түүний судалгаанд 1919 оны хэлэлцэн буй үйл явдлын тухай дахин тайлбарлаагүй байна. Гэтэл тэр судалгаа гэгчдээ “Их гүрнүүдийн бодлого ба монголын тусгаар тогтнолынхоо төлөө хийсэн тэмцлийн замд учирсан бэрхшээл (1911-1919 ОН)”, “Тусгаар тогтнолын төлөө тэмцлийн шинэ үе ба монголын төрийн гадаад, дотоод бодлого, түүнд нөлөөлсөн гадаад хүчин зүйлс (1919-1929 ОН)” гэсэн хоёр бүтэн бүлгийг тусгайлан оруулсан байна. Энд бүр 1919 гэсэн он хоёр удаа давтагдаж байхад яг энэ онд болсон хамгийн гол үйл явдлыг маш бүрхэг, уг үйл явдлыг яг эсрэгээр нь огт буруугаар ойлгогдохоор товчлон тодорхойлсон байна. Нөгөөтэйгүүр энэ хоёр бүлэг нь түүний нийт судалгааны гэх ажлын 37 хувийг эзэлж байна. Диссертацын ажил нийт 163 нүүртэй, А4 хэмжээтэй. Энэ бол энэ хоёр бүлгийг зөвхөн өмнөтгөл, товч тойм бүлгүүд гэж мэлзэх ямар ч аргагүй, жинхэнэ бодит үйл явдлыг бүрэн тодорхойлон баримтаар үзүүлэхэд хангалттай их хэмжээ гэсэн үг шүү дээ!

Та сүүлийн ишлэлийг дахин нэг уншаад үз дээ. Өмнө миний тайлбарласантай утга нийлж байна уу? Яагаад ч үгүй ээ! Түүний судалгааг уншсан хүн хятадууд манай улсыг цэрэг зэвсгийн хүчээр эзлэн аваад эрх баригч ноёд лам нарыг хүчээр бараг буу тулгаж байгаад монголын харьцангуй тусгаар эрх автономит засгийг устгасан мэт ойлгогдохоор байгаа. Энэ бол Богд тэргүүтэй ноёд ямар ч эсэргүүцэлгүйгээр автономит засгаа өөрсдөө устгах болзолтой гэрээнд гарын үсэг зурахдаа давхар шан харамж авсан урвалт байсан гэсэн бодит түүхийн чин үнэнийг танд хэлж өгч чадаж байна уу? Үгүй ээ, тэр тухай түүний судалгаа гэгч ажилд нэг ч үг үсэг ч алга байна.

Яагаад? Яагаад тэр ийм эндүү ойлголт төсөөлөл бий болгохоор илэрхий худал дүгнэж бичив ээ? Санамсаргүй алдаа байв уу? Бас л үгүй. Учир нь энэ бол докторын зэрэг горилсон шинжлэх ухааны судалгааны ажил гэж нэрлэсэн ажил нь шүү дээ, уран зохиолын ном биш ээ!!! Тэгвэл яагаад гэдэг нь үүнээс жаахан хожим ил болж байна. Нэлээд нуршуу ч дараах хэсгийг түүний судалгаанаас дахин ишлээд цааш үргэлжлүүлье.

1921 оны 3 дугаар сарын 1-нд ЗОУ-ын Тройцкосавск хотноо ЗОУ-д хувьсгалт нам гэж нэрийдэх, Монголд МАН гэж ойлгох учиртай бошгыг халах буюу хувьсгалт хүчирхийллийн замаар төр засгийн мэдлийг авах зорилго бүхий мөрийн хөтөлбөртэй улс төрийн байгууллагыг зохион байгууллаа. Ингэхдээ Монголын эх оронч үзэлтнүүдийг энэ заль мэхэнд татан оруулахын тулд нэгдсэн Монгол гэдэг үзэл санааг хөтөлбөрт зориудаар зохион оруулсан байна. ... Үүнээс арван хоногийн дараа буюу 1921 оны “ дугаар сарын 13-нд Тройцкосавск хотноо зэвсэгт бослогод бэлтгэх ба бослогыг удирдах ардын түр засгийн газар гэгчийг ЗОУ-ын шахалт санаачлагаар байгуулснаар Монгол хоёр Засгийн газартай боллоо. 10 жилийн өмнө Монголын эх оронч язгууртнуудын тэмцэж босгосон Богдын засгийн газар, Зөвлөлтийн нутаг дээр байгуулагдаж тэдний засгийн бодлогыг хэрэгжүүлэх тоглоом болсон түр засгийн газар тогтсоноор ах дүүс бие биенээ алж хядалцах, талцан тэмцэлдэх аюул нүүрлэж, угаас зөвхөн үндэсний эрх чөлөөний хувьсгалд нэгдэж байсан Монголчуудын үзэл санаа бутран сарниж улмаар иргэний дайн дэгдэж болзошгүй боллоо.

...Хүрээн дэх Богдын засгийн газар бий болсон улс төрийн байдлыг цэгнэн үзээд ЗОУ-ын цэрэг улс төрийн нөлөө Монголд нэг мэдэхнээ яах аргагүй түрж улмаар шийдвэрлэх үүрэгтэй болсныг ухаарчээ. Буулт хийж чадсанаараа тэд эд хөрөнгөө эх орон, олон түмний өмнө тулгарсан бодит ашгаас дээгүүр тавилгүй улс төрийн шинэ нөхцөлийг ухаалгаар мэдэрсэн улс төрчид болохоо харуулсан юм.” 

Энэ хэсэгт манай ард түмэнд жинхэнэ эрх чөлөөг, хожим бүрэн эрхт тусгаар тогтнолыг авч ирсэн 1921 оны Ардын хувьсгал ба өөр хэн ч тухайн үед бидэнд өгөхгүй байсан Зөвлөлтийн асар их тусыг үгүйсгэж, түүнийг харлуулан бичсэн байгааг та харж буй байх. (Ардын Хувьсгалын үйл хэргийг гүтгэн гүжирдсэнийг нь дараагийн нийтлэлдээ баримтаар няцаах болно оо!)

10 жилийн өмнө Монголын эх оронч язгууртнуудын тэмцэж босгосон Богдын засгийн газар- яг энд 1919 оны ноёдын ээлжит урвалтыг тэгж их бөөрөнхийлөөд байсны учир нь гарч ирж байгаа юм. Автономит эрхээ өөрсдөө устгах гэрээнд гарын үсэг зурсан 16 хүн ба үүний дараа Хятадын ерөнхийлөгчид автономит засгаа өөрсдөө устгасан тухай өргөдлийг гардуулан өгөхөөр Бээжинд очсон 6 хүний дунд 1911 оны үндэсний эрх чөлөөний хөдөлгөөн ялахад идэвхийлэн оролцсон хэд хэдэн хүн байсан байна. Тухайлбал, Чин ван лам Ханддарж, Дархан чин ван Пунцагцэрэн, Бао Лин Цэрэндорж, Сэцэн хан Наваанцэрэн, жонон ван Ширнэндамдин, Жалханц хутагт Дамдинбазар, Далай Чойнхор Чин ван Цэрэнсоном ба хэдий гэрээнд гарын үсэг зураагүй ч уг гэрээний хэлэлцээрт оролцож, мөн автономит эрхээ хамгаалах ямар ч оролдлого хийгээгүйгээр үл барам ингэж улсаа худалдсаныхаа төлөө Хятадын ерөнхийлөгчөөс шагнуулсан Богд Жавзандамба нар байсан юм. Энэ нь 1911 оны хөдөлгөөнийг удирдан манлайлж явсан эх орончид гэгдэгчид нь өөрсдөө 9 жилийн дараа эх орон, ард түмнээ Хятадад олон лан мөнгөөр худалдчихсан гэсэн үг бөгөөд хэрэв бодит байдлыг яг үнэнээр нь ингээд биччихсэн бол Өлзийбаатар тэргүүтний “ариун эх орончид-ын дүр зураг нь хийсэн арилах гээд байсан ажээ. Хэрэв 1911 оны Үндэсний эрх чөлөөний хөдөлгөөний удирдагчид өөрсдөө 1919 онд эх орноо Хятадад худалдсан урвагчид байсан гэдгийг хүлээн зөвшөөрчихвөл 1921 оны Ардын хувьсгал ба БНМАУ-г харлуулан гүтгэж үгүйсгэж чадахгүй болчих гээд байжээ.

Улмаар Д.Өлзийбаатар анхнаасаа Монголыг өөрийн гарын үзүүрээр хөдөлгөж, манай ард түмнийг “ах дүүс бие биенээ алж хядалцах, талцан тэмцэлдэх аюул”-д түлхэж байсан Зөвлөлт засаг яг энэ чиг шугамынхаа дагуу 1937 онд Монголд “хэлмэгдүүлэлт?!” явуулсан гэсэн дүгнэлтэндээ хүрч чадахгүй болчих гээд байсан байна. (Яг л Сталин манайд “хэлмэгдүүлэлт?!” явуулсан гэж харуулахын тулд түүнийг 1929 онд манай улсад хэт зүүний бодлого тулган хэрэгжүүлсэн хэмээн гүтгэсэнтэйгээ адилаар. Энэ гүтгэлгийг нь би өмнөх нийтлэлээрээ баримтаар няцаасаан!!)

Одоо сүүлийн асуулт. Яагаад 1919 онд монгол ноёд, том лам нар улс эх орноо Хятадад худалдах болов оо? Тэднийг чухам ямар хүчин, гадаад дотоод нөхцөл байдал ийм алхам хийхэд түлхсэн бэ? Энэ асуултад заавал хариулах ёстой. 

 Үргэлжлүүлэн унших

 

Сэтгэгдэл бичих

Таны бичсэн сэтгэгдлийг сайтын админ зөвшөөрсөн үед нийтлэх болно. Зөвхөн кирилл үсгээр зөв бичгийн алдаагүй бичсэн, интернет соёлын хэм хэмжээнд нийцсэн сэтгэгдлийг хүлээн зөвшөөрөхийг анхаарна уу. Сэтгэгдэл бичихийн өмнө "Интернет соёлын хэм хэмжээ" нийтлэлийг уншихыг танд зөвлөж байна.


Security code
Шинэчлэх

    • Цахим шуудан:
      • This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
      • This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
    • Мэдээлэл харилцаа хариуцсан ажилтны утас: 88167001
    • Номын борлуулалт хариуцсан ажилтны утас: 88167001
    • Банкны данс:
      • Банкны нэр: Худалдаа хөгжлийн банк
      • Дансны дугаар: 456 094 040
      • Данс эзэмшигчийн нэр: Дэмчигийн БОЛОР
      • Валютын төрөл: Төгрөг