Цуврал нийтлэлийн 11-р хэсэг

XX зууны Монгол 8

 

Гол зүйл рүүгээ орохын өмнө авч үзэж буй асуудлынхаа талаар маш ерөнхий тойм ойлголт өгөхийн тулд эхлээд Манжийн колоничлол дарлалын үед болон Богд хаант Монгол улсын үед манай оронд хэрэгжүүлж бий болгосон байсан нийгмийн бүтэц, зохион байгуулалт, тэр үеийн Монголын нийгмийн дүр төрхийг ерөнхийд нь тоймлон авч үзье.

Манжийн төрөөс монголчуудыг зардал чирэгдэл багатайгаар колоничлон мөлжихийн тулд манай оронд тогтоосон байсан засаг захиргааны байгууламж нь аймгууд, хошууд, сумуудаас бүрдэж байв. Халхын 4 аймаг нь засаг захиргааны хувьд хамгийн том нэгж байсан бөгөөд бүх аймгуудыг дотор нь хошуудад хуваана. Нэг хошууг Манжийн төрөөс тогтоосон хэм хэмжээний хүрээнд засаг ноён хувьчилж авсан мэт үе дамжин захирч манжийн зэвсэг цэрэг, эрүү шүүлтээр дарлан мөлжиж байжээ. Хошуу нь дотроо сумуудад хуваагдаж байсан бөгөөд 18-60 насны 150 эрчүүдийг нэг сум гэж хуваан ард түмэн нэгдэн тэмцэх боломжийг хаан боогдуулж жижиглэсэн сумын зохион байгуулалтад оруулж байсан байна. Сумын нийт иргэдийг Манжийн эзэн хааны албатууд буюу сум ард гэж нэрлэж байв. Тэрхүү сум ардад цэргийн хугацаагүй алба хаах мөн татвар гувчуур төлөх, харуулын алба гүйцэтгэх (Манж Чин гүрний хойд хилийг хамгаалах), мөн Манжийн хааны төмөр сүрэг гэгчийг төлбөргүй маллан үржүүлэх, бас замын олон өртөөнүүдийн алба залгуулах, тарианы алба гувчуур төлөх, Монгол нутагт байгуулсан байсан Манжийн төр засгийн болон монголын дотоод засаг захиргааны бүх зардлыг хангахад шаардлагатай алба гувчуурыг өөрийн буурай хөрөнгөнөөс гарган нийлүүлэх зэрэг үүргийг хүлээлгэж байжээ.

Үүний дараа хамжлага хэмээх хэсэг хүмүүсийг сумын ардуудын дотроос томилон гаргаж засаг ноён ба тайж нарын мэдэлд өгсөн байсан бөгөөд тэд нар бусад ардуудын манжийн төр болон дотоодын засаг захиргааны өмнө хүлээдэг өмнө дурдсан албуудаас чөлөөлөгдсөн бөгөөд харин өөрийн харьяа ноён, тайждаа үйлчлэх, алба татвар төлөх үүрэгтэй байжээ. Ноёдын хамжлага ард нь их төлөв харьцангуй арай чинээлэг хүмүүс байсан бөгөөд харин тайж нарын хамжлагууд гол төлөв дундаж ба ядуу аж ахуйтнаас бүрдэж байв.

Мөн эдгээрээс гадна шавь ард хэмээх бас нэгэн доод давхарга байсан байна. Энэ нь 1640 онд Манжтай хуйвалдан дагаар ороход оройлон зүтгэсэн Халхын Түшээт хан Гомбодорж өөрийн отгон хөвүүн Занабазарыг 5 настайд нь анхдагч дүрийн Жавзандамба хутагт - халхын шарын шашны тэргүүн хэмээн өргөмжлүүлсэн ба хүүдээ 7-8 насны 108 бандийг өөрийн өмч-ардуудаас шавь болгон таслан өгснөөс үүдэлтэй юм. Шавь ардууд нь үнэндээ Богд болон хутагт хувилгаадын хамжлага боол зарцууд байсан бөгөөд ноёд тайж нар өөрсдийн хамжлага ардуудаас таслан Богд хийгээд хутагт лам нарт шавь болгон өргөсөн эсвэл сум ардын дундаас өөрийн хүслээр тэдэнд шавь орсон ардуудаас бүрдэж байжээ.

Богдын шавь нарыг бусад шавь нараас ялгах зорилгоор “их шавь” хэмээн нэрийддэг байсан бөгөөд тэдэнд Богдоос өөр заасан эзэн, заяасан нутаг байхгүй гэж үздэг байсны улмаас Халхын 4 аймагт дураар тэнүүлчлэн амьдрах эрхтэй байснаараа хутагтын шавь ард, хамжлага болон сум ард нараас харьцангуй давуу мэт байжээ.

XX зууны Монгол 6


Хутагт лам нарын шавь ард нь цэрэг, харуул, өртөөний зэрэг гол албанаас чөлөөлөгдөж зөвхөн өөр өөрийн харьяат хутагт лам нарт, мөн хүрээ хийд, хурал ном, бурхан тахил, шавийн ба орон нутгийн засаг захиргаанд алба залгуулан зарцлагдаж байсан нь сум ардын залгуулж байсан алба, татвар гувчуураас арай хөнгөн байжээ. Тамгатай хутагт лам нарын эзэмшил гэж манжийн төрд онцгой зүтгэж гавьяа байгуулсны шан болгож эсвэл өөрийнхөө эрх нөлөө, сүсэгтэн олны өргөсөн эд баялгаар өөрийн харьяат хошууны засаг ноёноос ч давж гарсан эд хөрөнгөтэй болсон, мөн үүнийг маллах үлэмж олон лам, хар шавь нартай болсон зарим хутагт лам нарыг Манжийн засаг захиргаа онцлон үзэж (ард түмэн нэгдэн нийлж нэг зорилготой хүч болон харийн колоничлогчдын эсрэг босон тэмцэх бүх боломжийг хаах бодлогыг колоничлогчид энэ мэт арга бачаар явуулж байсан учир) тэдэнд шавь нараа боол мэт захирах тамга олгож мөн тэдэнд их төлөв уул гарч ирсэн хошуунаас нь нутаг таслан өгөх буюу эсвэл бусад хэд хэдэн хошууны нутгаас нутаг таслан эзэмшүүлдэг байсныг нэрлэдэг байжээ.

Сум ардууд зөвхөн Манжийн эзэн хаанд төдийгүй харьяат ноёндоо алба гувчуур төлнө. Хэдийгээр эхэн үедээ хошууны засаг ноёд зөвхөн өөрийн харьяат хамжлагуудаасаа албан татвар авах эрхтэй, харин хошууны бусад ардуудаас алба авах эрхгүй байсан боловч тэд үүнийг огоорч ямар нэг хэлбэрээр ардуудаас алба татвар авсаар байв. Тэр үед Монгол газар хүчтэй нэвтэрсэн хятадын мөнгө хүүлэлт нь дотоодын ноёд, лам нарт мөлжүүлж туйлдаж байсан ард түмний энэ хөөрхийлөлтэй аж байдлыг улам ч дордуулж байв. Хятадаас таваар мөнгөний харилцаа нэвтэрсэн нь хошуудын засаг ноёдын мөнгөний ёроолгүй шунал - чамин тансаг хэрэглээг нь илт өсгөв. Тэр үед ядуу ард, хамжлагуудаас мөнгөөр татвар авах боломж байгаагүй тул ноёдууд хурдан хялбарыг бодож хятад худалдаачид, мөнгө хүүлэгчдээс өндөр хүүтэй мөнгө янчаан зээлдэж түүгээрээ өөрийн аймаг хошуунд ноогдсон Манжийн хааны татварыг төлөх болон өөрийн хувийн хэрэглээгээ хангаад харин тэдгээр өр зээлүүдээ өөрийн албат хамжлагууд болон ардуудаараа төлүүлэхийн тулд заргалдсан хэнийг ч болов хүчирхийлж хонгоны махыг нь урж банздах, мөглөн хэмээх нүхэн авдарт хийн харангадуулах мөн есөн эрүү хэмээх туйлын хэрцгий аргуудаар тарчлаан мохоох зэрэг олон харгис аргуудаар хүч хэрэглэн төлүүлдэг байжээ.

XX зууны монгол 10


1918 оны мал тооллогын баримтаас үзэхэд нийт мал сүргийн 25-30 хувь нь ноёд, тайж, сүм хийдүүдэд харьяалагдаж байжээ. Үүнээс хамгийн их буюу 17% нь сүм хийдүүдийн, 4% нь ноёдын, үлдсэн 5-10 хувь нь тайж нарын өмч байсан байна. Ардуудын нэг хэсэг нь өөрийн цөөн малаа маллан амь зууж байсан ба үлдсэн хэсэг нь амь зуухын эрхэнд өөрийн цөөн мал дээр нэмж баячууд, ноёд, тайж нарын малыг авч малладаг байв. Ингэхдээ бас ноёд, тайж нар огт малгүй гар хоосон ядуу ардад малаа өгч маллуулдаггүй байсан бөгөөд үүний учир нь хэрэв малын элдэв хорогдол гарвал маллаж буй ард тэр хохирлыг өөрийн малаас нөхөж барагдуулах ёстойд байжээ. Сүрэг хариулагч малчид нь хүлээн авсан сүргийн малаас идэх, унах, ачих эрхгүй байсан ба харин ч жил бүр тогтоосон тооны эсгий, сүү тос тэдэнд тушаах үүрэгтэй, мал сүргийг нь хариулсны төлөө ямар нэг хөлс авах эрхгүй байсан учир тэднийг хугацаагүй цэргийн алба, өөрийн зардлаар өртөө улаа залгуулах зэрэг албанаас чөлөөлөх, мөн амины хэдхэн малаас нь зохих тооны малыг албан татвараас хэлтрүүлэх зэргээр "хөнгөлөлт" эдлүүлж "харж үздэг" байжээ.

Бүх сүм хийдүүдийг Богдын, хутагт лам нарын мөн хошууны засаг ноёдын мэдэл дэх хошууны гэсэн гурван ангилалд хувааж байв. Эдгээр сүм хийдүүдэд улсын нийт мал сүргийн үлэмж хэсэг нь харьяалагдан өмчлөгдөж байсан бөгөөд маш эрчимтэй өсөж үрждэг байжээ. Үүний гол шалтгаан бол сүм хийдийн мал сүргийг аливаа алба татвараас чөлөөлсөн байсан ба тэдний малыг хамгийн үржил шимтэй бэлчээрт бэлчээдэг, мөн хариулж буй ардууд нь "хойд насандаа эдлэх буяныг бодож" асар хичээж малладаг мөн сүсэгтэн олноос авч байсан малын өргөл барьцаар байнга сэлбэгдэж байсан явдал юм.

XX зууны Монгол 9

Хошуу тамгын түшмэдээс эхлээд хамжлага ардууд хүртэлх Монгол орны бүх давхаргын хүмүүс өнгөн дээрээ сүм хийдийн нэртэй хэдий ч үнэндээ хэдхэн том лам нарын өмч байсан малыг түр авч хариулж байсан бөгөөд малын тоог өсгөн нэмэгдүүлэх үүрэг хүлээж, хэрэв өөрийн буруугаас болж мал хорогдуулсан бол сүм хийдийг хохиролгүй болгодог байснаас гадна хариулахаар хүлээн авсан малын тоогоор хийдэд тодорхой хэмжээний албан татвар-үйлдэхүүн тушаах ёстой байжээ. Тухайлбал үхэр тутмаас 15 жин тос, 15 хонь тутмаас 1 эсгий сүм хийдэд өгч байх ёстой байсан байна. Үүнээс гадна сүү, айраг зэрэг зүйлсийг мөн авдаг байсан ба тогтоосон ноогдлоос давсан хэсгийг өөрийн хэрэгцээнд хэрэглэж, уналга ачилгын малыг авсан сүргээсээ хэрэглэж болдог байжээ.

Их шавийн харьяат ардууд богд Жавзандамба хутагтын сан ба түүний сүм хийдэд алба залгуулан зарцлагддаг мөн алба гувчуурууд төлдөг байсан бөгөөд эдгээр алба үүрэг нь олон нэр төрлийн хүнд хүчир зүйлүүд байжээ. Тухайлбал, хутагт ламын хоол хүнс, түүний орд ба сүм хийдийн бүх зардал, хүрээний хамба лам, шанзов нарын хоол хэрэглэл, сүм дуганы барилгын засвар, тогтмол ба тогтмол бус хурал ном хуруулах, богд нарыг нас барахад буян ном үйлдэх, богд нарын хойт дүрийг түргэн тодруулахын төлөө хурал ном үйлдүүлэх, богд нарын хувилгааныг Баруун зуугийн газраас залж ирэхээр явж байсан элч нарын замын бүх хэрэглэл, богд нарын ураг төрөл, ойр төрлийн хүмүүсийн хангамж, богдод өргөх даншиг мандлын зардал, хятад ба бусад худалдаачин нарт богдын тавьсан бүх өр (богд хувийн хэрэгцээндээ хятад болон гаднын худалдаачдаас үнэ харахгүй авсан элдэв чамин үнэт зүйлс гэх мэт)-ийг төлөх зэрэг асар их зардлуудыг байнга гаргахаас гадна жил бүр тогтоосон хэмжээний мал, мал аж ахуйн бүтээгдэхүүн, ангийн үс, мах, мөнгөн татварыг мөн Богдод тушааж байжээ. Мөн эдгээр алба татвараас гадна шавь ардууд богд хийгээд бусад сүм хийдүүдийн мал сүргийг маллах, тариа будаа тарих, хадлан тэжээл бэлтгэх зэрэг биеийн хүчний ажлуудыг нь давхар хийн зарцлагддаг байсан байна.

Ийнхүү Манжийн дарлал хийгээд Автономит засгийн үед монголын ард түмэн хар, шар мөлжигч анги буюу ноёд тайж, том толгой лам нарт элдэв янзаар дарлуулан мөлжүүлж, ядуу хоосны туйлд өдөр хоногийг өнгөрөөж байжээ. Нийгмийн баялгийн ихэнх хэсгийг ийнхүү аливаа баялаг огт бүтээдэггүй хэт цөөнх өөртөө төвлөрүүлж, харин тэрхүү бодит баялгийг өдөр шөнөгүй нар салхинд бүтээж байсан сум, хамжлага, шавь ардууд өөрсдийн хөдөлмөрөөр бүтээсэн тэрхүү баялгаас шударгаар хүртэж чадахгүй байснаас гадна давхар давхар алба татвар гувчуурууд(Манжид, богд хаанд, хошуу ноёнд, харьяа тайж нарт, хутагт хувилгаад нарт, сүм хийдүүдэд) байнга төлж, хүн төрөлхтний хөгжил дэвшил, соёл боловсролоос хэдэн зуун жилээр хол хоцорч, шарын шашны мухар сүсэг, хятадын дамын наймаачдын болон мөнгө хүүлэгчдийн золиос болсоор байсан ажээ. Энэ бүхэн нь өнөөгийн манай бодит байдалтай бүх талаараа маш төстэй байгааг анзаараарай!

Энд бас нэг зүйлийг анзаарах хэрэгтэй. 1911 онд Манжийн төр Хятадад өрнөж байсан дотоод шалтгаануудаасаа болж суларсан тэр сиймхийг ашиглан монголчууд автономит улс байгуулснаа зарласан явдал бол гадна талаасаа харийн дарлал мөлжлөгөөс чөлөөлөгдсөн мэт гэнэн нэгэнд санагдаж болох ч Монголыг тусгаар улс гэж дэлхийн бусад улс гүрнүүд хүлээн зөвшөөрөөгүй байсан ба дотоодын ноёд, лам нарын мөлжлөг дарлалын хуучин тогтолцоо огт өөрчлөгдөөгүйгээр барахгүй харин ч улам чангарч хэвээр хадгалагдан үлдсэн гэдгийг дээрх хэдхэн жишээнээс харж болно.

Гэтэл хувьсгал гэдэг бол тухайн нийгмийн хуучин тогтолцоог үндсээр нь нурааж цоо шинэ улс төр, нийгэм, эдийн засгийн харилцааг бий болгож, хамгийн гол нь өмнөх нийгэмд бүрэлдэн тогтсон байсан баялгийн хуваарилалтыг дахин шинэ зарчмаар хийхийг хэлдэг бөгөөд энэ утгаараа 1911 оны үйл явдал бол “нийт ард түмний төлөөх хувьсгал байгаагүй юм!

Нийгмийн бүх хуучин харилцаа хэвээр үлдсэн тухайд нэмж ганцхан жишээг энд хэлье. Д.Цэдэвийн “Их шавь” нэртэй эрдэм шинжилгээний судалгааны бүтээлд дурдсанаар “Манжийн дарлалыг устгаж, Автономит Монгол Улс байгуулсан явдал хар шар феодал лам нарт хамгийн их ашигтай болсон бөгөөд автономит үед дээд ангийн шар феодал-лам нар феодал ангийн мөлжлөгөөр олж байсан нийт орлогын хамгийн их хувийг өөрсдөө авахыг эрмэлзэж байжээ. Тэд янз бүрийн хишиг, пүнлүү гэдэг нэрийдлээр жил бүр их хэмжээний мөнгө хөрөнгийг улсын сангаас бас нэмж авч байжээ. Жишээ нь: сайд, чин сүжигт да лам Цэрэнчимэд жилд 2000 лан, богдын ах Зул хамба Лувсаншарав 1200 лан, богдын ах Чойжил хамба Лувсангэндэн 1200 лан, богдын дүү гүжир хамба Чойжин лам Лувсанхайдав 1200 лан, Хамба Номон хан Пунцаг 500 лан... зэргээр тус тус нэмж авч байжээ.

Автономит засгийн үед лам нар өөрсдийн нэр нөлөө, хүч чадлыг улам нэмэгдүүлэхийн тулд хүүхэд, идэр залуучуудыг нийтээр нь сүм хийдийн газар хуралдуулан суулгаж лам хувраг болгох явдлыг их өргөн дэлгэр болгож байжээ.”

Автономит Монгол улсын үед жил бүр мянга гаруй ноёд түшмэл, дээд лам, тайж нар улсаас цалин пүнлүү нэмж авсаар ирсэн бөгөөд түүний хэмжээ нь хэргэм зэрэг цолоор ялгаран тогтоогддог байв. Уг цалин пүнлүү нь нийт 50 000 лан болдог байсан бөгөөд тухайн үеийн улсын байгууллагуудын зардлын тавны нэгтэй (нийт зардал 265000 лан орчим байсан) тэнцэж байв. 1915-1916 онд Богд хаан өөрийн хувийн хэрэглээндээ улсын төсвийн хөрөнгийн дөрөвний нэгийг шууд зарцуулсан байх юм*.

Автономит Монгол улсын үед хар, шар феодалууд хятадын пүүс, банкнуудад тавьсан өрийг ардуудаар албадан төлүүлдэг байсан хуучин мөлжлөг үргэлжлэн хэрэгжсээр байжээ. Жишээ нь, Хятадын пүүсний өрийг харьяат хошууны ардуудаас (албадан) төлүүлж дуусгахыг 1915 онд Сэцэн хан аймгийн чуулганаас бэйс Сансрайдоржийн хошуу тамганд тушааж, хэрэв удаашруулбал гэмт этгээдийг шийтгэнэ.”**гэжээ.

И.М.Майскийн 1918-1919 онд хийсэн тооцоогоор Монгол улс гадаадын пүүсэд төлөх өр 15 сая алтан рублиэс багагүй гэж тэмдэглэж байжээ. Энэ тооцоогоор бодоход нэг өрхөд 500-700 буюу мянган лан мөнгөний өр ноогдож байсан ба харин нэг чинээлэгдүү өрхийн дундаж хөрөнгө мянган лан байлаа.”*

XX зууны Монгол 1


Одоо тухайн үеийн нийгмийн хамгийн гол баялаг болж байсан мал сүрэг Монголын нийгэмд хэрхэн хуваарилагдсан байсныг сонирхъё. “1915 оны тоо баримтаас үзэхэд Богд хааны шавь нар 55 599 хүн (үүний дотор лам нар 16 954) байсан ба шавийн мал бүгд 61161 толгой, үүний дотор адуу 25036, үхэр 21137, хонь 10301 байжээ.”*

Хэрэв хувааж үзвэл нэг шавь ардад 1.1 мал ногдож байсан гэсэн үг. Гэтэл энэ оны мэдээгээр, ганцхан Богд ламтан өөрөө 10 236 толгой малтай байжээ.

И.М.Майскийн хийсэн тооцоогоор 1918 оны байдлаар Монгол улс 542 504 хүн амтай байжээ. Нийт эрчүүдийн 0.1 хувь нь ноёд, 5.6 хувь нь тайж нар, 26.2 хувь нь сул харчууд, 16.6 хувь нь хамжлага ардууд, харин 44.6 хувь нь лам нар байв. Эрчүүдийн бараг тал нь ийнхүү лам байсан бөгөөд нийт 91 хошууны 28-д нь лам эрчүүдийн хувь 50%-иас их байжээ. Харин нийт малын тоо 127 000 орчим байснаас ноёд тайжийн нэг аж ахуйд 23 070 мал, сүм хийдийн нэг аж ахуйд 662, эгэл монгол нэгж өрх-аж ахуйд 60 мал ноогдож байсан бөгөөд ноёдын аж ахуй эгэл монгол өрхийн аж ахуйгаас дунджаар 40 дахин илүү малтай байжээ. Гэхдээ энэ нь зөвхөн дундаж тоо бөгөөд зарим харьцангуй ядуу ноёд, тайж нар байсныг тооцвол мал сүрэг ямар аймшигтай тэгш бус хуваагдсан байсныг сайтар ойлгож болно.

Жишээ нь, Засагт хан аймгийн Дүүрэгч вангийн хувийн өмч 7000 адуу, 300 үхэр, 20 000 хонь, Цэцэн хан аймгийн Бишрэлт вангийн өмч 6500 адуу, 500 үхэр, 120 тэмээ, 10000 хонь байсан бол Засагт хан аймгийн Үйзэн гүн 12 адуу, 12 тэмээ, 8 үхэр, 2 хоньтой, Түшээт хан аймгийн Арлигсүрэн гүн 1 адуу, 2 тэмээ, 10 хоньтой байжээ. Сүм хийдүүдийн хувьд ч энэхүү дундчилсан тоо нь цөөн хэдхэн сүм хийдүүд асар их мал хөрөнгөтэй болсон байсныг бүдгэрүүлж буй юм. Жишээ нь, Өргөөгийн гол хийдийн эзэмшилд 1918 оны байдлаар 30 000 адуу, 15 000 үхэр, 100 000 хонь, Эрдэнэ хийдийн эзэмшилд 300 адуу, 1000 үхэр, 300 тэмээ, 50 000 хонь тус тус байсан байна. Энд нийгмийн ямар ч  бодит баялаг бүтээдэггүй, малаа ч өөрсдөө хариулдаггүй атлаа сүм хийдийн лам нар гэнэн ард түмний сэтгэл зүрхийг мухар сүсэг бишрэлээр дамжуулан бүрэн эзэмшиж байсныхаа хүчээр ийм их баялаг хөрөнгийг өөрсдөөр нь өргөл барьц өгүүлж тэднээс хураан хуримтлуулсан байсныг анхаарах ёстой. 

Богдын зарлигаар бүх төрлийн алба татвараас ноёд, тайж нар мөн дээд лам нар чөлөөлөгдөж байснаас гадна 100 хүрэхгүй хувь (нэг хувь нь 22 лантай тэнцэнэ) хөрөнгөтэй ч хошуу захирдаггүй засаг бус ноёд, тайж нар бас бүх татвараас бүрэн чөлөөлөгдөж байсан ба түшмэлүүд үлэмж хөнгөлөлт үздэг байв. Энэ бүхнээс болж албаны хүнд нь хамжлага, шавийн нуруун дээр үүрэгдэж байжээ.*

1918 оны байдлаар Богдын шавь нарын тоо 71 058 байсан бөгөөд уг онд эдгээр шавь нараас 168 356 жин шар тос, саалийн үнээ 1014, түлээ 23 000 тэрэг, мөнгө 213 045 лан мөнгө татварлан авчээ. Харин шавь нэртэй ч жирийн ард түмэн мухар сүсгийн өмхий намагт улам живсээр улам үгүйрэн хоосорсоор байв. 

XX зууны Монгол 7


Шавийн ардууд үнэхээр хоосрон ядуурч, тахил, татвараа ч өгч чадахгүй болсон тухай олон баримт байдаг. Жишээ нь: “... Хүрээний баруун өмнө зүгийн шавь нарын бүх отог багийг товчлон захирсан эрх баригчдаас 1912 онд Эрдэнэ Шанзовын Яаманд өргөн мэдүүлсэн албан бичиг үүнийг гэрчилж байна. Тэр өргөдлийн дотор ,,Баруун хүрээ зэрэг 18 отог багийн дарга, шүүлэнг, мэдээчин нараас өөр өөрийн отог багийн ардууд ойрхи жилд албаны үлэмж, цагийн гачаал, хүн малын өвчин эмгэг элдэвт хохирон хоосорч оноосон алба, дутагдсан өр аль ч зүйлийг гүйцээн залгуулж чадахгүйд хүрэв хэмээн цурхиралдан мэдүүлсээр ирэх нь ер тасралтгүйн дээр одоо болбол харьяат газраас тушаасныг дагаж олон отог багаас санд барих олон зүйлийн албыг шаардан гаргуулахаар зүг зүгээс зарагдсан элч нараас олон отог багийн иргэд нийтээр хүчин мөхөж өөр өөрийн оногдож тогтоосон албаны өрийг гарган чадахгүй гэр хогшлыг худалдан хэрж явчихад хүрсэн ба унах морь, саах үнээгүй, халуун зун хар цай уух зэргээр зовон зүдэрсэн учрыг хэлсээр ирсэн нь...”***

Гэтэл хурал номын хэрэглэлд барих албаа тушааж чадахаа больсон ядуу шавь ардыг банздах зэргээр тарчлаан гэсгээн шийтгэж байжээ.

Зөвхөн шавь ардуудыг ч биш ноёд тайж нарын дураар авирлах хэтрэн энгийн ардыг хүчирхийлэн мөлждөг хэлбэр манжийн үеэс ер өөрчлөгдөөгүй байна. Хүн ардууд аймаг болон хошууны ноёдод, мөн сүм хийдүүдэд биеийн хүчээр болон эд хөрөнгийн нийлсэн, хамгийн багадаа гэхэд 17 өөр өөр алба гувчуурыг төлж байсан ба энэ нь оногдуулалтын ямар нэг хяналт байхгүй байсны дээр тогтмол хугацаанд биш хэдийд ч шаардан гаргуулж болохоор байдаг байжээ. Эдгээрээс гадна хошуу ноёд өөрсдийн зоргоор хувийн хэрэгцээндээ ардуудаас ямар нэг хязгаарлалтгүйгээр алба татвар авдаг байв.

XX зууны Монгол 3

Тэрбээр энэ их мөнгийг хятадын пүүсээс зээлдэж улмаар алба болон төлөгдөхдөө капиталын процентыг давхар шимнэ. Хошуу ноён ямар ч хяналтгүй дураараа авирлаж алба татвар оногдуулдаг явдал бол монголын амьдралын нэг гол нүгэл мөн. Энэ нүгэл нь хошуу ноёныг маш үрэлгэн авиртай болгодог бол түүний харьяат нарт хоосрол гуйланчлал авч ирнэ. Өөр нэг хар нүгэл бол монголын ноёд дороосоо дээрээ хүртэл толгой дараалан улсын өмчөөс луйвардан завшдаг явдал юм. Миний ерөнхий тооцоогоор бол албан татварын хэлбэрээр хураагдаж байгаа хөрөнгө мөнгөний гуравны нэгээс 50 хүртэл хувийг бүх зиндааны хөрөнгөлөг эрх мэдэлтнүүд хулгайн аргаар хуваан идэж байна. Угтаа нэг их сүрдмээр их биш гэмээр алба, татвар гувчуур нь хүн амын нуруун дээр дааж давшгүй хүнд ачаа болж тусаж байгаагийн учир энэ”** хэмээн академич И.М.Майский бичсэн байдаг.

XX зууны Монгол 5

1640-1680-аад онд тэр үеийн хэсэг урвагч ноёд төр засгийн эрхийн төлөө тэмцэхдээ Лигдэн, Цогт хунтайж зэрэг олон эх орончдыг харийн цэргийн хүчний дэмжлэгээр ялан дарсны уршгаар тэд манай ард түмнийг хятад-төвдийн ламын шашинд дагуулан орсноор Чингисийн Монгол гүрэн нэгмөсөн мөхсөн түүхтэй.

Урвагчид  Манжийн колоничлолд ямар ч цэрэг зэвсгийн эсэргүүцэлгүйгээр АРД ТҮМНЭЭ ДАГУУЛАН дагаар орсноос хойш манай орон бараг 300 жилийн турш өмнө хүрсэн байсан хөгжил дэвшлийнхээ олон ололт амжилтуудаас ухарч мартан яг тэр түвшиндээ гацсан бөгөөд хүн төрөлхтний дэвшил хөгжил, мэдээллээс тусгаарлагдсан байсан эгэл жирийн ардууд мухар сүсэг, ядуу тарчигийн зовлонд нэрвэгдэж байхад харийн шарын шашны нэрийг барьсан шимэгч анги давхарга Богд тэргүүтэй  лам нар, манжийн албат тайж ноёд ард түмнээ харийнхантай нийлж мөлжин боолчилсоор байсан юм.

Гагцхүү 1921 оны Ардын хувьсгалын ачаар л энэхүү харгис мөлжлөгийн харилцааг эцэс болгож эхэлсэн боловч харин өнөөгийн дэглэмд үйлчилсээр байгаа ард-чи-лаларжсан түүхчид 1920-30-аад онд лам нарыг хар болгож нийгмийн амьдралд хөдөлмөрийн харьцаанд татан оруулж сүм хийдүүд болон ноёд тайж нарын шударга бус замаар хураан хуримтлуулсан байсан асар их өмч хөрөнгөөс өсөн нэмэгдэх татвар авах болсныг манай нийт ард түмний эсрэг хийсэн бусармаг бодлого үйл ажиллагаа байсан мэтээр гуйвуулан гүтгэж ярьж бичиж бүүр ийм сэдвээр докторын зэрэг "хамгаалж" неолибералч төрийнхөө шагналаараа шагнуулсаар  байна.

Өөрсдийн үр хүүхэд хойч үе болсон бидэнд гэрэлт ирээдүйг авч ирсэн, өнөөгийн дэлхийн нөхцөл байдалд шударга ёсыг боломжит утгаар нь тогтоосон байсан, тусгаар тогтнолоо баталгаажуулж чадсан тэр агуу хүмүүсийг өнөөгийн неолибералч дэглэмийн ивээл доорх доктор, профессор хочтой түүхчид нь монгол үндэстний дайсан байсан хэмээн гүжирдэн гүтгэж элдэв худал "баримтууд" гэгчийг цуглуулж ном бичиж, түүнийг нь тэднийг ивээн тэтгэгч, энэ бүх гүтгэлгийг захиалсан гаднын сангууд, гаднын санхүүжилт даалгавартай ТББ-уудыг хэвлэсэн цаас - доллараараа санхүүжүүлэн хэвлүүлж залуу үеийн тархийг угаадаг болоод удаж байна шүү дээ.

Дараагийн нийтлэлдээ энд тоймлосон сэдвийнхээ хүрээнд Д.Өлзийбаатарын диссертацын ажил гэгчийн лам нартай холбоотой хийсэн дүгнэлтүүдийг түүхэн бодит баримтуудад үндэслэн авч хэлэлцэх болно.

 

Ашигласан материал

1. * Б. Ширэндэв, “Монгол Ардын Хувьсгалын түүх”, 1969 он
2. ** И. М. Майский, “Орчин үеийн монгол (Автономит Монгол XX зууны гараан дээр)”, 2000 он
3. *** Д. Цэдэв, “Их шавь”, 1964 он
4.
Б. Ширэндэв нар, “Бүгд Найрамдах Монгол Ард Улсын түүх”, 1969 он
5.
Ш. Нацагдорж, “Сум, хамжлага, шавь ард”, 1972 он

 

Холбоотой нийтлэлүүд

ӨлзийБҮҮБУР!!! Эмээгийн ярьсан үлгэр 
ӨлзийБҮҮБУР!!! Баабар v2.0
ӨлзийБҮҮБУР!!! Зүүнтний нугалаа
ӨлзийБҮҮБУР!!! Зүүнтний нугалааг барууны неолибериалчид гүтгэсэн нь
ӨлзийБҮҮБУР!!! Ламын шашин ба нүглийн хүүдийнүүд 
ӨлзийБҮҮБУР Улсаа зарсан урвагч ноёдыг улсын баатар болгосон нь
ӨлзийБҮҮБУР!!! 1921 он - Ардын хувьсгал уу? Алуурчдын бослого уу?
Феодалуудын эрх чөлөөний хөдөлгөөн

 

 

Сэтгэгдэл бичих

Таны бичсэн сэтгэгдлийг сайтын админ зөвшөөрсөн үед нийтлэх болно. Зөвхөн кирилл үсгээр зөв бичгийн алдаагүй бичсэн, интернет соёлын хэм хэмжээнд нийцсэн сэтгэгдлийг хүлээн зөвшөөрөхийг анхаарна уу. Сэтгэгдэл бичихийн өмнө "Интернет соёлын хэм хэмжээ" нийтлэлийг уншихыг танд зөвлөж байна.


Security code
Шинэчлэх

    • Цахим шуудан:
      • This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
      • This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
    • Мэдээлэл харилцаа хариуцсан ажилтны утас: 88167001
    • Номын борлуулалт хариуцсан ажилтны утас: 88167001
    • Банкны данс:
      • Банкны нэр: Худалдаа хөгжлийн банк
      • Дансны дугаар: 456 094 040
      • Данс эзэмшигчийн нэр: Дэмчигийн БОЛОР
      • Валютын төрөл: Төгрөг