Монголбанк3

 

Төв банк гэж юу вэ? Инфляц гэж юу вэ? Манай улсын – бид бүхний өдөр тутмын амьдралд маань далдуур боловч хамгийн хүчтэй нөлөөлдөг байгууллага ба далд татварын тухай бидний хэд нь яв цав тодорхой ойлголттой байдаг бол? Энэ хоёр чухал зүйл бидэнд яаж нөлөөлдөг вэ?

Эдгээр асуултуудад хариулахын өмнө манай их дээд боловсролын системд заадаг болгосон, монголбанкны мэргэжлийн гэх нөхдийн ярьдаг, хүн бүхний ядаж сонссон нөгөө улиг болсон “домгууд”-ыг нь задлан авч үзье.

Төв банк бол төр нь эргэсэн тухайн улсын хуулиар онцгой эрх ямбыг итгэмжлэн олгосон, тус улсын мөнгө-зээлийн бодлогыг хариуцан явуулдаг маш өвөрмөц байгууллага юм. 1990 онд шинээр байгуулагдсан Монголбанкны баримтлах болсон монетаризмын онолоор төв банкны хамгийн гол зорилгыг инфляцтай тэмцэж, түүнийг бага байлгах гэж тунхагласан байгаа. Харин инфляц бол энгийн хэлээр үнийн өсөлтийн хэмжээ билээ. Төв банкны инфляцтай тэмцэх үндсэн хэрэгслийг бодлогын хүү гэдэг. Энэ бодлогын хүү гэдэг нь төв банкнаас улсын эдийн засагт оруулж байгаа мөнгөний үндсэн суурь хүү нь бөгөөд мөн арилжааны банкнууд төв банкинд мөнгө хадгалуулахад төв банкнаас төлдөг суурь хүү юм. Төв банк эцсийн зээлүүлэгч учраас түүний бодлогын хүүг хамгийн анхны суурь хүү ч гэдэг. Иймээс хамгийн гол нь төв банкны бодлогын хүү дээр суурилж арилжааны банкны зээлийн хүү тодорхойлогддог бөгөөд бодлогын хүүнээс ямагт их байдаг. Тэгэхээр хэрэв төв банк бодлогын хүүгээ бууруулбал арилжааны банкны хүү дагаад буурах боломж бүрддэг ба улмаар эдийн засагт шинээр орох мөнгөний үнэ цэнийг бууруулж буй хэрэг юм. Зээлийн хүү багассанаар аж ахуй нэгжүүд болон хүмүүс банкнаас зээл авах боломж нь нэмэгдэж улмаар эдийн засаг дахь мөнгөний нийлүүлэлт нэмэгдэнэ гэсэн үг. Үүнийг мөнгөний зөөлөн бодлого гэнэ. Харин эсрэг тохиолдолд бодлогын хүүг өсгөснөөр арилжааны банкууд төв банкинд мөнгөө хадгалуулахыг илүүд үздэг учраас энэ байдал эцэстээ эдийн засаг дахь мөнгөний нийлүүлэлтийн цоргыг хааж буй юм. Үүнийг мөнгөний хатуу бодлого гэнэ.

Манай улсын төв банк- Монголбанк бол Монгол улсын нутаг дэвсгэр дээр улс орны мөнгөний бодлогыг хэрэгжүүлэгч байгууллага гэдгийг дурдсан. Уг байгууллага анх байгуулагдсан (өнөөгийн дүрэм, зохион байгуулалтаар) 1991 оноос хойш үргэлж мөнгөний хатуу бодлого гэгчийг баримталж ирсэн билээ. Яагаад? Яагаад гэвэл хэрэв Монголбанк бодлогын хүүгээ огцом багасгавал энэ нь арилжааны банкуудаар дамжин мөнгөний нийлүүлэлтийг хэт ихэсгэж инфляцыг өдөөдөг гэж тэд мэлздэг.

Одоо инфляц чухам яаж бий болдгийг харъя.

Мэдээжийн хэрэг, “чөлөөт зах зээл” гэгчийн нөхцөлд бодлогын хүү бага байх нь нэг талдаа хүмүүсийг мөнгөтэй болгож харин нөгөө талдаа хэн дуртай нь хүссэн үнээрээ бараа үйлчилгээгээ зарахыг оролддог учир инфляцыг өдөөдөг нь үнэн. Гэхдээ зөвхөн “чөлөөт зах зээл”-ийн буюу бараа бүтээгдэхүүний үнийг хэрэглэгчдийн эрэлт, үйлдвэрлэгчдийн нийлүүлэлт хоёрын тэнцвэр тогтоодог гэсэн номлолын  үед л ийм байна.

Төв банк бодлогын хүүгээ бууруулсан гэж үзье. Үндсэн суурь хүү буурсан учир дагаад арилжааны банкны хүү буурна. Эхний хэсэг хүн зээл авна. Тэгээд мэдээж мөнгө ихтэй болсон тэр хүмүүс мөнгөөрөө бараа бүтээгдэхүүн авахыг хүснэ. Энэ бол эрэлт үүсгэж буй хэрэг юм. Нөгөө талаас үйлдвэрлэгч ч гэсэн тэдэнтэй яг нэг мөчид зээл авсан байг. Аль аль нь мөнгөтэй, нэг нь худалдахад, нөгөө нь худалдан авахад бэлэн. Гэхдээ энд нэг асуудал бий. Хэрэглэгч гар дээр авсан тэр мөнгөөрөө шууд бэлэн бүтээгдэхүүн худалдан авахад асуудалгүй байдаг бол харин үйлдвэрлэгчид тийм биш. Тэд авсан зээлээрээ хэрэглэгчийн хүссэн барааг шууд үйлдвэрлэж өгөх боломжгүй бөгөөд үйлдвэрлэлд цаг хугацаа хэрэгтэй. Жишээ нь манай наймаачид зээл аваад шууд бараа бүтээгдэхүүн зарж эхэлж чадахгүй. Тэд эхлээд Эрээн явж бараагаа татан авч ирэх ёстой. Энэ хооронд тухайн бараа бүтээгдэхүүний боломжит нийлүүлэлт бодит эрэлтээс бага болсон тул үнэ нэмэгдэж амжина. Жишээ нь, талхчин өдөрт 5 талх бариад 5 хүнд нэг бүрийг нь 5 төгрөгөөр зардаг байж. Гэтэл нэг өдөр түүнээс талх авахаар 5 биш 10 хүн ирэв. Чөлөөт зах зээл гэгч номлолын орчинд талхчин энэхүү боломжийг ашиглан үнээ 10 төгрөг болгож худалдан авагч тал нь бас чөлөөт зах зээл гэгч онолд найдсаар байгаа тул 1 талхыг 10 төгрөгөөр худалдан авч эцэст нь талхчин бүтээмж, нийлүүлэлтээ нэмэгдүүлээгүй боловч 2 дахин их ашиг унагаж байгаа юм. Үүнийг л төв банк инфляц гэж нэрлээд өөрсдийнхөө онолыг үүгээр л хаацайлдаг юм.

Гэхдээ хамгийн гол нь, “чөлөөт зах зээл”-ийн нөхцөлд мөнгөний хатуу, зөөлөн бодлогын аль аль нь инфляцыг үүсгэдэг.

Хатуу бодлогын үед төв банкны арилжааны банкуудад олгож байгаа зээлийн суурь хүү их өндөр байна. Яг манай улсад 1991 оноос 2018 онд болж байгаа шиг. Хүмүүс болон үйлдвэрлэгчид зээл авах нь бага. Талхчин арилжааны банкнаас яг энэ үед зээл авсан гэе. Тэр арилжааны банкнаас авсан зээлийнхээ хүүгийн төлбөрийг бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн зардалдаа тооцож үнээ нэмнэ. Энэ бол дахиад л инфляц. Мэдээж хэрэг энэ нь үйлдвэрлэгчид тийм ч таатай зүйл биш бөгөөд талхчныг ацан шалаанд оруулна. Сайн чанарын дээд гурилаар талх хийгээд харьцангуй үнэтэй зарах, эсвэл 1 эсвэл 2-р гурилаар талх хийгээд харьцангуй хямдхан эвэл бүр хуучин үнээрээ зарах. Зарим хүн ингэж ярихыг би олон сонссон: ”Үндэсний үйлдвэрлэлээ дэмжмээр л байна. Даанч, үнэтэй. Гайгүй хямд нэг нь чанаргүй”. Шалтгаан нь дээр байна.

Одоо бас нэг зүйлийг анзааръя. Хатуу эсвэл зөөлөн бодлогын үед аль алинд ч үнэ өсдөг хэдий ч хатуу бодлогын үед үнийг бууруулах боломж бараг байхгүй. Учир нь үйлдвэрлэгч өөртөө алдагдлыг хүлээж өөрийн олох байсан ашгаас хүүний зардлаа төлөхийг хүсэхгүй. Тэр байтугай тэртэй тэргүй бараа бүтээгдэхүүний нийт зардал өссөн тул тэрээр тэсэж үлдэхийн тулд үнээ нэмэхээс өөр арга байхгүй. Гэтэл зөөлөн бодлогын үе дэх инфляц бол “чөлөөт зах зээлийн онол”- тойгоо адил зориудын, хуурамч мэх, онол төсөөлөл, үлгэр домог юм. Яагаад гэвэл зөөлөн бодлогын үед ч үнэндээ талхчны бүтээгдэхүүний эрэлт буюу талх авахыг хүссэн хүмүүсийн тоо л нэмэгдсэнээс бус бүтээгдэхүүн үйлдвэрлэх нийт зардал өсөөгүй нь тодорхой. Ийм үед үнээ нэмэх нь луйвар шүү дээ. Мэдээж, чөлөөт зах зээлд дуртай талхчин үнээ нэмдэг, иймээс өөр аргагүй (зах зээлд өөр орлуулах бүтээгдэхүүн бараг байхгүй) болсон худалдан авагч үнээ нэмсэн талхчнаас талх авахаас өөр аргагүй байдалд ордог ба талхчин энэ удаад цөөн талхаа дамлан ашиг сайн олно. Одоо талхчнаас талх худалдан авсан хүмүүсийн нэг нь гуталчин байсан гэе. Тэр ч бас дагаад гутлынхаа үнийг нэмнэ. Учир нь тэр өчигдөр 1 гутал зарж олсон мөнгөөрөө 2 талх авч гэр бүлээрээ гэдэс цатгалан байсан бол өнөөдөр 1 талхтай гэдэс дундуур байх болсон. Ийм учраас гуталчин гутлын үнээ нэмэхэд хүрнэ. Энэ гинж цааш үргэлжилсээр аажмаар бүх бараа бүтээгдэхүүний үнэ өсөж эхэлнэ. Нэгэнт инфляц газар авсан, бүх бараа бүтээгдэхүүний үнэ өссөн тэр үед зах зээл дээрх ганц оролцогчоос бусад нь бүгд хохирно. Үнэ нэгэнт өссөн байдаг, гэтэл цалин тэтгэвэр үүнийг дагаад шууд өсөхгүй, мөн нэгэнт өсгөсөн үнээ зах зээлчид барагтай бол эргэж буулгахгүй. Тиймээс ихэнх хэрэглэгчдийн худалдан авах бодит чадвар буурсан тул хэрэглээ багасна. Улмаар үйлдвэрлэгчийн борлуулалтын хэмжээ багассанаар үйлдвэрлэгч ч бас хохирно. Бүх бараа бүтээгдэхүүн түүний дотор түүхий эдийн үнэ ч өссөн тул үйлдвэрлэгчийн нэгж бүтээгдэхүүнээс олох ашиг нь үнэ нэмэгдэхээс өмнөх үеийнхээс өсөхгүй юм. Бидэнд 28 жил эрх баригч бүлэглэлийнхэн “үл үзэгдэх гар” л чөлөөт зах зээлийг зохицуулдаг гэж худлаа бурлаа. Үүнийг нүдтэй чихтэй хүн бүхэн харж сонсож ойлгож эхэлж байгаа байх. Тэд чухам чөлөөт зах зээлийн ачаар л эдийн засгийн харилцаанд оролцогч бүхэн хожилтой буцна гэж сургадаг, номлож ирсэн шүү дээ. Тэгвэл бодит амьдрал дээрээс харвал бүгд хожиж чадаж байна уу? Мэдээжийн хэрэг үгүй!

Хэн тэгвэл хожих байна вэ? Арилжааны банк! Юмны үнэ нэмэгдэнэ гэдэг бол мөнгөний нэмэлт нийлүүлэлт нэмэлт эрэлтийг бий болгосон,  үүнийг чөлөөт зах зээлчид – наймаачид ашиглаж бүтээмж, үйлдвэрлэлийн хэмжээгээ нэмэгдүүлээгүй байж хүмүүсийн халаасыг суйлж өндөр ашиг олж байна гэсэн үг. Үнэ өссөн нөхцөлд амьдралын бусад амин чухал хэрэгцээгээ хангахын тулд хүмүүс аргагүйн эрхэнд банкнаас зээл авч эхэлдэг. Жишээ нь манайд цалин, тэтгэвэр, хэрэглээний зээл хавтгайрч 750 мянган иргэн яг ийм зээлтэй байгаа нь үүний нэг тод жишээ. Үүнийг дагаад арилжааны банкнуудын олж байгаа ашиг жил ирэх тусам нэмэгдсээр байна. Манай арилжааны банкуудын ард энэ хулхи онолыг номлогчид нуугдаж байгаа.

Тэгвэл хэн хамгийн их хохирох вэ? Жирийн хүмүүс, малчид, ажилчид, багш, эмч мөн төсвийн байгууллагынхан. Учир нь мөнгөний зөөлөн бодлогын буянаар зах зээлд шинээр цутган орж ирсэн эхний хэсэг мөнгийг тэд л хамгийн сүүлд гар дээрээ хүлээн авна. Ер нь тэр эхний хэсэг зээлийг бизнесчид, үйлдвэрийн эзэд бүхнээс түрүүн олж авдаг. Дараа нь тэр зээлийг авсан үйлдвэрийн эзэн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээ борлуулж олсон мөнгөнөөсөө ажилчинд цалин өгнө, ажилчин болон үйлдвэрийн эзэн олсон ашиг орлогоосоо татвар төлж түүгээр нь төр төсвийн байгууллагын ажилчинд цалинг нь өгснөөр тэд хамгийн сүүлд энэ мөнгөнөөс хүртэнэ. Гэтэл энэ хооронд бараа бүтээгдэхүүний үнэ аль хэдийнэ өсөөд эхэлчихсэн байх тул тэд л хамгийн их хохирно.

Социалист нийгэмд бараа, үйлчилгээний үнийг Улсын хатуу хяналтын доор барьж хянаж зохицуулдаг байсан билээ. Шударга байя гэвэл өөр арга ч үгүй. Бүтээгдэхүүн үйлдвэрлэх зардал нь өсөөгүй байхад борлуулалтын үнээ өсгөнө гэдэг “чөлөөт зах зээл”-ийн зарчим гэгч бол ямар ч эрүүл ухаанаар ойлгох аргагүй зүйл, шууд хэлбэл хуулийн хамгаалалтанд оруулж авсан улайм цайм хулгай луйвар шүү дээ!!! Өнөөгийн ардчилсан гэх Монгол улс шиг нөхөн үйлдвэрлэлээ гадаад дотоодын дайснуудын явуулгаар устгуулсан, иймээс ажлын байргүй болж хоцорсон хүн амынх нь амьжиргаа маш доогуур оронд мөнгөний зөөлөн бодлого явуулж урт хугацаатай, хямд мөнгө-зээлийн бодлого явуулж эдийн засгаа эрчимжүүлэх шаардлагатай байдаг. Урт хямд мөнгө элбэг байна гэдэг бол нэг талаас үйлдвэрлэгчид үйл ажиллагаагаа өргөжүүлж, сайжруулж мөн илүү хүртээмжтэй болгох боломж бүрдэнэ гэсэн үг. Нөгөө талаас үйлдвэрлэлийг даган ажлын байр олноор бий болж, ажилтай орлоготой тэр хүмүүсийн худалдан авах чадвар нэмэгдэх ба тэдний худалдан авалт бүр эргээд  үйлдвэрлэлээ дэмжин урамшуулж улмаар үйлдвэрлэл нэмэгдэхийн хэрээр шинэ шинэ ажлын байр дахин бий болох юм. Энэ эргэх холбоо бол эдийн засгийг бодитоор хөгжүүлэхэд хамгийн чухал хүчин зүйл билээ. Гэтэл Монголбанк 27 жил мөнгөний хатуу бодлого явуулахдаа хэрэв зөөлөн бодлого явуулбал инфляц тэнгэрт хадна гэж түүгээр “хадны мангаа” хийн биднийг мэхлэн төөрөгдүүлсээр ирлээ. Мэдээж, тэдний өөрсдийнх нь номлосоор ирсэн нөгөө “чөлөөт зах зээл” гэгчийн үед л энэ мангаа биеллээ олдог. Гэтэл энэ чөлөөт зарчим чинь харийн мэх – цэвэр луйвар болохыг бид сая харлаа.

Тэгэхээр бид яах ёстой вэ? Хамгийн чухал гол нэрийн бараа бүтээгдэхүүний үнэд хязгаар тавьж, гагцхүү тухайн бараа бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн зардал өссөн тохиолдолд л үнэ нэмэгддэг байхаар зохицуулах хэрэгтэй. Үүнтэй зэрэгцэн бодлогын хүүг буулгаж мөнгөний зөөлөн бодлого явуулах ёстой ба уг 2 алхмын хүрээнд инфляц өсөхгүй. Ингэснээр миний өмнө хэлсэн эргэх холбоо аажмаар бий болж эхлэх юм. Үүнийг өнөөгийн хувийн шахуу Монголбанк, неолиберал шашнаар бамбай хийж байгаа өнөөгийн эрх баригч бүлэглэл хийж чадахгүй, чадваргүйгээ нэгэнт олон удаа нотолсоон.  Энд өөрийн үзэл санааг хамгийн тойм хэлбэрээр л өгүүлснийг сануулахад илүүдэхгүй биз. Өөр нарийн ширийн зүйлүүд нилээд байдаг.

Инфляц гэдэг бол хүн амын худалдан авах чадварт нөлөөлдөг хамгийн том хүчин зүйл билээ. Харин манай улс шиг дотоодын үйлдвэрлэлээ устгуулсан, дийлэнх хэрэглээгээ гаднын импортын бараа бүтээгдэхүүнээр хангадаг улсад иргэдийн маань худалдан авах чадварт маш хүчтэй нөлөөлдөг өөр нэг хүчин зүйл бол гадаад валютын ханш юм. Гэтэл 2012 оноос хойш валютын ханш түүхэнд байгаагүй хурдаар өссөн билээ. Энэ юутай холбоотой вэ? Мэдээж олон шалтгаан бий. Гэхдээ энэ үйл явцад Монголбанкны оруулсан “хувь нэмэр” хэр их бол?

Эхлээд валютын ханшны өсөлтийг графикаар харъя.

 Долларын ханш

2000-2012 оны дунд үе хүртэл нийт 12 жил гарангийн хугацаанд төгрөгийн доллартой харьцах ханш ердөө 320 орчим төгрөгөөр нэмэгджээ. Гэтэл үүнээс хойш 3 жилийн дотор ханш 600 орчим төгрөгөөр нэмэгдэв. Улмаар 2017 оны эхэнд долларын ханш 2466 төгрөг болж 2012 оны дунд үеэс даруй 1100 орчим төгрөгөөр нэмэгджээ.

Чухам яагаад 2012 оныг онцлох болов? Яагаад гэвэл энэ онд Монголбанк “Үнэ тогтворжуулах хөтөлбөр” гэгчийг хэрэгжүүлж эхэлсэн. Чухам яг тэр үеэс Монгол төгрөгийн доллартой харьцах ханш өнгөрсөн 27 жилийн түүхэнд байгаагүй хурдаар унасан юм. Яаж? Яагаад? гэсэн асуултуудад хариулахын тулд эхлээд уг хөтөлбөрийн анхны зорилго, хэрэгжүүлсэн арга хэлбэр, хүрсэн үр дүнтэй товчхон танилцъя.

Хөтөлбөрийн тайланд “2010-2012 онуудад инфляц 13.0%, 10.2%, 14.0% буюу байнга хоёр оронтой тоонд байсан. Үүнд нийт эрэлт өссөн, улсын төсвийн зардал, халамж, хувийн хэрэглээ огцом тэлсэн зэрэг нь нөлөөлж байсны зэрэгцээ инфляцын 1/3-ийг нийлүүлэлтийн гаралтай инфляц, түүний дотор хүнс, махны үнийн өсөлт дангаар бүрдүүлж байв. Зөвхөн махны үнэ 2010-2012 онд жил бүр дунджаар 34%-иар, 2012 онд 44%-иар өсөж байлаа.

Энэ нь бага, дундаж орлоготой иргэдийн бодит орлогод 20-80%-ийн сөрөг нөлөө, ачаалал бий болгож, нийгмийн дундаж давхаргыг дунджаас доогуур, эмзэг, ядуу бүлэг рүү шахах сөрөг нөлөөтэй байсан юм. Иймд инфляцыг бууруулж, нам, тогтвортой төвшинд байлгах зайлшгүй шаардлага гарсан” гэжээ.

Өөрөөр хэлбэл гол нэрийн бараа бүтээгдэхүүний нийлүүлэлтийн инфляц буюу нийлүүлэлтийн хомсдолоос үүсдэг инфляц хүчтэй байгаа тул аж ахуй нэгж (ААН)-үүдэд арилжааны банкаар дамжуулан хөнгөлөлттэй зээл олгох замаар уг бүтээгдэхүүнүүдийн үйлдвэрлэл ба импортыг нэмэгдүүлэх замаар инфляцыг багасгахаар шийджээ. Ингэхдээ Засгийн газар уг ААН-үүдийг сонгон шалгаруулсан ба байгууллагууд өөрсдийн үл хөдлөх хөрөнгө, агуулах дахь бараа бүтээгдэхүүнээр барьцаалан зээл авчээ.

Хөтөлбөрийн хүрээнд дараах дэд хөтөлбөрүүдийг авч хэрэгжүүлсэн байна.

  1. 1.“Шатахууны жижиглэнгийн худалдааны үнийг тогтворжуулах” дэд хөтөлбөр
  2. 2.“Өргөн хэрэглээний импортын бараа, бүтээгдэхүүний өртгийг бууруулах” дэд хөтөлбөр
  3. 3.“Хүнсний гол нэрийн бараа, бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах” дэд хөтөлбөр
  4. 4.“Барилгын салбарыг дэмжих, улмаар орон сууцны үнийг тогтворжуулах” дэд хөтөлбөр

Үнэ тогтворжуулах хөтөлбөр

Хөтөлбөрийн тайланд “Хөтөлбөрийн үр дүнд нийлүүлэлтийн гаралтай инфляц 3 жилийн дотор тэг (0.0) болсон. Хэрэглээний үнийн индексээр хэмжигдэх жилийн инфляц 3 жилийн дотор 14.0%-иас 1.9% болж буурсан бөгөөд цаашид инфляц нам, тогтвортой төвшинд хадгалагдах нөхцөл бүрдсэн” гэж мэдээлжээ.

Одоо хөтөлбөрийн хамгийн гол нөлөө хаана туссаныг сонирхъё. Хөтөлбөрийн дагуу ААН-үүдэд хөнгөлөлттэй зээл олгосон. Авсан зээлийг уг байгууллагууд юунд зарцуулсан бэ? Мэдээж зарим нь үйлдвэрлэл, үйлчилгээгээ өргөтгөх тоног төхөөрөмж, түүхий эд худалдан авч, зарим нь хилийн чанадаас оруулж ирдэг бараа бүтээгдэхүүнийхээ нэр, төрөл, хэмжээг ихэсгэсэн. Улмаар ААН-үүд авсан зээлийнхээ ихэнх хэсгээр гадаад валют худалдан авч байсан нь гадаад валютын эрэлтийг огцом ихэсгэсэн. Ингээд энэ их эрэлтийг Монгол улсын валютын нөөцийн өсөлт гүйцээгүй тул эрэлт нийлүүлэлтээсээ хэтэрч “чөлөөт зах зээлийн зарчим” ёсоор гадаад валютын ханш огцом өсөж эхэлсэн. Жишээ нь: Монголбанк 2013-2015 оны хооронд 1 тэрбум 579,95 сая ам долларыг нефть импортлогч компаниудад зах зээлийн ханшнаас 300 хүртэлх төгрөгөөр хямдруулан худалдсан байх юм.

Монгол улсын гадаад валютын нөөц хэрхэн багассаныг харцгаая.


гадаад валютын нөөц
https://www.mongolbank.mn/dbgrossreserves.aspx


Чухам яг 2013 оны эхний сараас энэ бууралт эхлээд 2015 оны төгсгөл гэхэд 2012 оны 12 сарын хэмжээнээс 3 дахин багассан байна. Улмаар 2017 оны хоёрдугаар улирлаас л валютын нөөц өсөж эхэлсэн байх юм.

Тийм ээ, Монголбанкны энэхүү бодлого, үйл ажиллагаа нь монгол төгрөгийн ханшийг бараг 2 дахин унагасан гэсэн үг. Үүнээс дүгнэвэл 1990 оны 20 дугаар тогтоолоос хойших хамгийн хорлонт үйл ажиллагаа чухам энэ байжээ.

Хөтөлбөрийн эцэст буюу 2015 онд Монголбанк хөтөлбөрийн өмчлөлийн эрх ба үлдэгдэл зээлийг Засгийн газарт шилжүүлээд хөтөлбөрөөс бүрэн гарсан байна.

Хэдийгээр хөтөлбөрийн тайланд инфляцыг нам дор төвшинд барьж чадсан гэж байгаа ч энэ нь зөвхөн түр зуурын шинжтэй байсан бөгөөд харин валютын өсөлтөөс үүдсэн инфляц Монгол орныг өрийн гүн гүнзгий намаг руу улам ихээр шигтгэж байна.

Сүүлийн хэдэн жилийн арилжааны банкнуудын нэгдсэн тайлангаас харвал шинээр гарч буй зээлийн бараг гуравны нэг нь байнга иргэдийн хэрэглээний, цалин тэтгэврийн зээл байгаа бөгөөд энэ дүнгээрээ бусад салбарын зээлээс байнга илүү байна. Ийм ч утгаараа нийт зээлийн үлдэгдэлд эзлэх эдгээр зээлийн хувь хэмжээ тогтмол өсөж бусад салбарын үлдэгдэл зээлээс илүү гарсаар байгаа дүр зураг харагдаж байна.

Манай улсын 20-оос дээш насны нийт иргэдийн 38 хувь буюу 750 мянган иргэн цалин болон тэтгэврийн зээлтэй байна. “Өнгөрсөн тавдугаар сард банкнуудаас ирүүлсэн мэдээгээр нийт тэтгэврийн зээлийн 68 хувийг авсан ахмадууд сарын тэтгэврийн орлогынхоо 90-100 хувийг банкны зээлийн төлбөрт суутгуулж тэтгэврийнхээ 10 хүрэхгүй хувийг ч заримдаа гар дээрээ авахгүй байгаа дүн гарчээ. Ийм учраас Монголбанк зохицуулагч байгууллагын хувьд арга хэмжээ авахаас өөр аргагүй болж, энэ асуудлаар Мөнгөний бодлогын хороо хуралдсан аж. Ингээд иргэдийн хэрэглээний зээлийн хувьд өр, орлогын харьцаанд дээд хязгаар тогтоох тухай шийдвэр гаргажээ (түүхэндээ анх удаа). Энэ дагуу ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс хойш шинээр олгох, иргэдийн хэрэглээний зээлийн сарын зээлийн болон үндсэн төлбөр нь сарын орлогын татварын дараах хэмжээний 70 хувиас давж болохгүй байхаар тогтоосон байна”.

Энэ бүхэн юуг илтгэж байна вэ? Тийм ээ, олон жил Монголбанкнаас явуулж ирсэн мөнгөний хатуу бодлого гэгч нь бидний худалдан авах чадварыг үгүй хийсээр одоо арилжааны банкнуудаас улам хараат болгож байна. Мөнгөний хатуу бодлогын үед инфляц гарцаагүй, нэгэнт нэмэгдсэн үнэ эргээд буухдаа маш хойрго, тэгээд мэдээж бидний цалин тэтгэвэр инфляцын хурдыг гүйцэж тогтмол өсөөд байдаггүй. Яг энэ үйл явц 28 жил үргэлжилсний эцэст бид цалин тэтгэврээрээ энгийн хэрэглээгээ ч хангаж дийлэхээ байлаа шүү дээ! Та төсөөлөөд үз дээ. Бид бүгд сард 22 хоног, өдөрт дор хаяж 8 цаг ажиллаж байна. Яг л дүрмийн дагуу. Зарим нь үүнээс ч олон хоног, олон цаг ажиллаж борви бохис хийлгүй зүтгэж байна. Гэтэл ингэж зүтгээд ч амьдралын наад захын хэрэгцээнүүдээ бүрэн хангаж чадахгүй байна шүү дээ. Миний хувьд энэ бол эрүүл саруул ухаанаар ойлгохын аргагүй зүйл. Мэдээж та ямар нэг зүйлийг эрүүл саруул ухаанаар бодоод бодоод ойлгож чадахгүй байгаа бол энэ нь луйврын мэх гэсэн үг. Тийм ээ! Энэ бол ямар ч эргэлзээгүй цэвэр луйвар.

Та магадгүй зээлтэй байсан ч яадаг юм, төлчих юм чинь гэж бодож байж магадгүй. Гэхдээ таны төлж буй зээлийн хүү “мөнгө хүүлэгч” буюу хувийн  арилжааны банкнуудын ашиг болж байгаа энэ байдал хэрхэвч тоглоом биш юм. Жишээ нь хэрэв та ипотекийн 8 хувийн зээл 20 жилийн хугацаатай авлаа гэж бодъё. Та 20 жилийн дотор анх авсан зээлээсээ 1,6 дахин их мөнгийг зөвхөн хүүндээ төлнө гэсэн үг. Гэтэл та энэ зээлийг аваагүй, хүү төлөөгүй байсан бол энэ хэмжээний мөнгөөр бусад бараа бүтээгдэхүүн худалдан авч эдийн засгаа урамшуулан идэвхжүүлж улмаар эдийн засаг дахь үйлдвэрлэлийн цаашдын хөгжилд асар их хувь нэмэр оруулах байлаа. Бусад бүх төрлийн зээл яг ийм үр дагавартай бөгөөд ялгаа нь гэвэл илүү өндөр хүүтэй байдаг билээ. Нийгэм өнөөгийх шиг арилжааны зээлээс хэт хараат байгаа нь эргээд эдийн засгийн “бодит” өсөлтийг хойш чангаах маш хүчирхэг хэрэгсэл болдгийг энэ жишээ харуулж байна. Нэгэнт эдийн засаг урагшлахгүй бол бидний орлого бодитоор нэмэгдэхгүй. Ингээд бид хэзээ ч энэ их өрнөөс  гарахгүй ба энэ намагтаа улам гүн шигдсээр амь тавих болно оо!!!

 

 

 

Сэтгэгдэл бичих

Таны бичсэн сэтгэгдлийг сайтын админ зөвшөөрсөн үед нийтлэх болно. Зөвхөн кирилл үсгээр зөв бичгийн алдаагүй бичсэн, интернет соёлын хэм хэмжээнд нийцсэн сэтгэгдлийг хүлээн зөвшөөрөхийг анхаарна уу. Сэтгэгдэл бичихийн өмнө "Интернет соёлын хэм хэмжээ" нийтлэлийг уншихыг танд зөвлөж байна.


Security code
Шинэчлэх

    • Цахим шуудан:
      • This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
      • This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
    • Мэдээлэл харилцаа хариуцсан ажилтны утас: 88167001
    • Номын борлуулалт хариуцсан ажилтны утас: 88167001
    • Банкны данс:
      • Банкны нэр: Худалдаа хөгжлийн банк
      • Дансны дугаар: 456 094 040
      • Данс эзэмшигчийн нэр: Дэмчигийн БОЛОР
      • Валютын төрөл: Төгрөг