Цуврал нийтлэлийн 21-р хэсэг

Феодалын дарлал 1

 

Миний бие, өнөөгийн энэ харийн дэглэм ноёрхсон нөхцөлд "түүхч" гэгдэх болсон Д.Өлзийбаатарын МАНАН дэглэмээс түүхийн ухааны докторын зэрэг горилж бичсэн судалгааны ажил-диссертац гэж нэрлэсэн ч үнэн хэрэгтээ бол манай улс ард түмний тэмцлийн түүхийг ичгүүр сонжуургүй гуйвуулж гүтгэсэн бичвэрүүдийг нь олж авч уншиж өөрийн уншиж судалж цуглуулсан материалуудын хүрээнд бодит түүхэн баримтууд болон эрүүл ухаан, логик гаргалгаануудад тулгуурлаж няцаасан бөгөөд үүнийгээ цуврал нийтлэл болгон bolor.info сайтад нийтэлсэн билээ.

Мэдээж хэрэг, миний таамаглан хүлээж байснаар 1990 оны "ардчилсан" гэж нэрлэсэн төрийн эргэлтээс хойших 30 жилд өөрийн толгойгоор сэтгэн бодохоо болиод, харин илүү амар хялбараар буюу зөвхөн бусдын, тэр дундаа либерал үзэл сурталч нийтлэлчид, түүхчдийн гүтгэлгүүдийг л ямар нэг шүүлтүүргүй залгиж тархиа угаалгаж дассан тэр бүлэг хэсгээс миний хийсэн дүгнэлтүүдийг ихэд эгдүүцэн хүлээж авч, бас түүнийгээ ч ил тод илэрхийлцгээж байна. Чухам энэхүү нийгмийн бүлэг хэсгээс яг ийм эсэргүүцэл ирэхийг анх нийтлэл бичиж эхэлж байх үеэс таамаглаж байсны хувьд тэрхүү эсэргүүцлүүдийг нь ч баримтаар няцаах ёстой гэдгийг бас мэдэж байв. Энэхүү нийтлэлээ чухам энэхүү няцаалтад зориулахаар шийдлээ.

Мэдээж Д.Өлзийбаатарын диссертац нэртэй үлгэрийн зохиол, гүтгэлгийн далайд байгаа тэрхүү илэрхий гүтгэн гуйвуулгуудыг баримтаар няцаасныг маань тэд бодит баримтаар хариу няцаасан зүйл нэг ч байсангүй! Харин 30 жил либерал түүхчдийн гүтгэн гуйвуулж, эсвэл бодит үнэнийг нууж ирсэн тэр ерөнхий зүйлстэй холбогдох хэсгүүдийг л либерал хийрхлээрээ эсэргүүцэн эгдүүцэцгээж байгаа юм. Түүний хамгийн том жишээ бол 1911 оны “Үндэсний эрх чөлөөний хөдөлгөөн”, улмаар 1919 оны Богд ламхай тэргүүтэй урвагч хар шар феодалууд эх орон ард түмнээ Хятадад эрх мэдэл, албан тушаал, лан мөнгөөр худалдсан үйл явдлууд болно.

Миний бие 1911 оны үйл явдал бол Богд тэргүүтэй цөөн хэдэн хар шар феодалууд үндэсний эрх чөлөө нэрийн дор халхавчлан монголын эгэл жирийн ард түмнийг ганцаар (Манжаас үл хамааран дангаар) мөлжин дарлах сэдэл зорилготой байсан хэмээн дүгнэсэн юм. (Мэдээж жинхэнэ эх оронч ноёд, тайж нар байсан боловч тэдний ихэнхийг энэ үйл явдлын дараахнаас элдэв аргаар хорлон хороосон билээ. Энэ болон бусад нийтлэлүүдэд маань хэрэглэгдэж буй "Богд тэргүүтэй хар шар феодалууд" хэмээх ойлголтонд "үндэстний" нэрийн дор зөвхөн өөрсдийн хувийн эрх ашгийг зүтгүүлж байсан бүлэглэлүүдийг ойлгох юм. Тэдний гол төлөөлөгчдийн нэрийг уг нийтлэлийнхээ төгсгөлд дурдсан болно) Үүнийгээ би 1911-1921 оны хооронд болсон үйл явдлууд, тэдгээрийн логик учир холбоонууд гаргах, мөн эдгээртэй холбоотой олон тооны тоо баримтуудыг хавсаргах зэрэг олон хэлбэрээр батлан харуулсан юм. Жишээ нь яг энэхүү хугацаанд Богд тэргүүтэй феодалууд өмнөх манжийн үеэс ч илүү эрх дарх эдэлж, илүү их цалин урамшуулал авч, өөрсдийн зоргоор илүү их өрийг хятад панзчидад тавьж байхад энгийн хамжлага, шавь ардуудад тэр бүх өр зээлийг төлөх үүрэг ноогдон улам улам үгүйрэн хоосорч байсан билээ. Мөн үүгээр ч зогсохгүй Богдын засгийн газраас энэ хугацаанд тусгаар улсын хувьд өөрийн орны олон зууны хоцрогдлыг нөхөх, цаашдын хөгжил дэвшлийг хангах чиглэлд хийж хэрэгжүүлсэн арга хэмжээнүүд нь үнэхээр туйлын хангалтгүй байсан юм. Чухам ийм болохыг нь 1921 оны Ардын хувьсгалын дараа Ардын төр засгаас ижил хугацаанд хийж хэрэгжүүлсэн арга хэмжээнүүдтэй харьцуулах замаар төвөггүй олж харж, үнэмшиж болох юм. Үүгээр ч тогтохгүй Богд тэргүүтэй хар шар феодалууд улс орноо цааш хөгжүүлэн дэвшүүлэх битгий хэл улам ч уруудуулан доройтуулсаар, санхүү мөнгөний чадамжгүй дампуурлын ирмэгт аваачиж хаяад эцэс сүүлд нь улс орон, ард түмнээ Хятадад зөвхөн өөрсдийн хэргэм зэрэг, цалин урамшууллаар наймаалан зарсан жигшүүрт урвалтыг хийсэн байдаг. Би өөрийн дүгнэлтүүдээ чухам эдгээр болон бусад олон баримтуудыг дэс дараагаар нь логик учир зүйн холбоосонд оруулах замаар үнэн болохыг нь батлан харуулсан билээ.

Гэсэн ч энэ бүхэн зарим хэсэг бүлэг хүмүүст хангалтгүй байсан бөгөөд намайг “хэт хийрхэн, ганц түүхчийн булхайг дэлгэх гээд бүхэл бүтэн улсын түүхийг гуйвуулсан байна” (Богдын засгийн бодлогыг шүүмжилж, тэднийг үндэсний гэсэн халхавчин дор зөвхөн өөрсдийн эрх ашгийн төлөө тэмцсэн гэснийг маань) гэх зэргээр ямар нэг бодит үндэслэл бүхий аргументаар бус зөвхөн хоосон хийрхлээр эсэргүүцэцгээж буй юм. Тэдний миний эсрэг гарган тавьж байгаа хамгийн гол "аргумент" гэгч нь бол “Чи зөвхөн Социалист Монгол улсын үеийн түүхийн номуудаас л ишлэн, тэнд буй баримтуудыг л ашигласан байна. Социалист түүх бичлэг бол тэр чигтээ монголын түүхийг гүтгэн гуйвуулсан түүх бичлэг байдаг” гэсэн 30 жил либерал үзэл сурталчдын баруун солгойгүй хашхирсан хийрхэл байгаа нь тун чиг өрөвдөлтэй. Үүнийг нь сонсоод бүр баярлан бахдаж байна, би. Учир нь өдийг хүртэл либерал үзэл сурталчдын толгой хэсэг (ялангуяа Д.Өлзийбаатар өөрөө) миний гарган тавьсан аргументууд, дүгнэлтүүд, няцаалтуудыг шинжлэх ухаанч зарчмын дагуу баримт нотолгоотой хариу няцаалгүй амандаа ус балгасан мэт таг дуугүй байцгаасаар байгаа юм. Харин үлдсэн жижиг жараахайнууд нь л 30 жил тэдний толгойд суулгасан дэндүү болхи, хөөрхийлөлтэй тархи угаалтын энэ мэт хэдэн мөрөөс өөр юм бичиж чадахгүй байгаа нь тэд нэгэнт хаашаа ч зугтах аргагүй амьдралын бодит үнэнд гүйцэгдэж эхэлсэн гэдгийн бодит илрэл юм.

Эхлээд өөрийн авсан эх сурвалжуудын талаар хэдэн тайлбар хэлье. Миний авсан баримтуудын дийлэнх хэсэг нь үнэхээр БНМАУ-ын үед бичигдсэн түүхэн судалгаануудаас авсан зүйл бөгөөд яг ямар ямар баримтуудыг хэн гэдэг судлаачдын ямар нэртэй судалгаа, ном зохиолоос авсан бэ гэдгээ би нийтлэл бүрийнхээ төгсгөлд оруулсан байгаа.

Нэгт, миний ишлэн авсан судалгаанууд бол цэвэр архивын баримтад тулгуурлан бичсэн судалгаанууд бөгөөд миний нийтлэлүүддээ авсан тоо баримтууд бол тэрхүү архивын баримтуудын дам ишлэл л гэсэн үг юм. Өөрөөр хэлбэл бодит түүхэн баримтууд.

Хоёрт, хэдий Социалист Монгол улсын үеийн түүх бичлэгт тухайн нийгмийнхээ үзэл суртлын нөлөөгөөр бичигдсэн зүйлс бий боловч, социалист нийгмийн үзэл суртал нь өөрөө улс ард түмэн олонхынхоо эрх ашгийн төлөө байсан гэдгийг онцлон сануулах ёстой. Ялангуяа миний онцлон ярьж буй түүхэн цаг хугацаанд хамаарах архивын баримтууд нь логик дүгнэлт хийх хангалттай үндэслэл болж чадахуйц хэмжээнд нэгэнт хадгалагдан үлдсэн, одоо ч архивт байгаа бөгөөд, улмаар тэдгээрт тулгуурлан хийгдсэн судалгаануудыг миний бие сонгон авсан.

Гуравт, хамгийн чухал нь уг судалгааны бүтээлүүд дээрх дүгнэлтүүдийг өөрийн нийтлэлүүддээ шууд аваад хуулаад тавьчхаагүй бөгөөд, үүний өмнө заавал тухайн баримтууд болон түүнээс урган гарсан дүгнэлтүүд бүрийг нь өөрийн толгойгоор түүхэн логик дэс дарааллуудад оруулан дахин давхар шалгасан билээ. (Хэрэв хүсвэл та өөрөө ч яг ингэж өөрийн толгойгоор шалгаж болно оо!) Ингэж шалгахад ямар нэг ноцтой логик зөрчил үүсгээгүй ба гарцаагүй түүхэн томоохон баримтуудтай ч логикийн хувьд ямар нэг алдаагүй яв цав таарч буй юм. Үүнийг шалгахад заавал мэргэшсэн түүхч байх ч албагүй бөгөөд зөвхөн эрүүл саруул ухаанаар бодит баримтуудыг холбон, тэдгээрийн логик холбоос, зүй тогтлыг олох замаар дүгнэлт хийх чадвар байхад л хангалттай юм.

Дөрөвт, 90 оноос хойших түүхэн гүтгэлгийн номуудыг би судлан үзэж буй сэдвийнхээ хүрээнд тодорхой хэмжээнд сонирхон уншиж судалж үзсээн. Тэнд аваад ишилчих тийм судалгаа олж үзээгүй учраас л либералуудын үзэн ядаад байдаг БНМАУ-ын үеийн түүхэн судалгаануудад хандахаас өөр аргагүй болсон юм. Мэдээж би зарим жинхэнэ судалгаа байсныг олж харалгүй үлдээсэн байж болох юм. Гэхдээ тийм судалгаа байдаг бол тун цөөхөн байгаа гэдэгт итгэлтэй байна. Ялангуяа манай улсын ХХ зууны түүхийг өнгөрсөн 30 жилд аймшигтай эрээ цээргүй гүтгэн гуйвуулсан байхад (үүнийг бид Өлзийбаатар, Баабар зэргийн жишээгээр хангалттай олон харсан билээ) яаж ийм гүтгэлгүүдийг ашиглан судалгаа хийх юм бэ?

Жишээ нь, чухам 1911-1921 оны үйл явдлуудыг үнэхээр хэт нэг талыг барин либерал үзэл суртлаар бөмбөгдөн гүтгэн гуйвуулсан байна. Үүнийг батлах шиг амархан зүйл байхгүй юм. Та өөрт хамгийн ойр байрлах номын дэлгүүр рүү нэг шагайгаад үзээрэй. Аль ч номын дэлгүүрт энэхүү түүхэн цаг үеийн тухай сүржин нэртэй, даржин агуулгатай номууд хангалттай олон бий. Тэдний ихэнхийг Конрад Аденаурын сан гэх мэт барууны санхүүжилттэй (энэ нь юу гэсэн үг болохыг та ойлгож байгаа байх) төрийн бус байгууллагууд санхүүжүүлж, манай нэр бүхий түүхчид, тэр дундаа түүхийн хүрээлэнгийн нэр бүхий доктор, профессор, академик хочтонгууд бичсэн байгаа.

Гадна талаасаа нэг ийм. Дотор талдаа бол бүр ч хөгийн. Та хэд хэд ном аваад агуулгыг нь нэг сайн хараарай. Тэнд ерөөсөө монголын тусгаар тогтнолын төлөө тэмцсэн Богд ламхай тэргүүтэй ноёд лам нарын "баатарлаг" үйл хэргүүдийг л зогсоо зайгүй магтан дуулсан байгаа. Гэтэл тэнд миний ишлэн тавьсан судалгаанууд шиг тэрхүү Богд тэргүүтэй дээд зиндааны лам, ноёд нь ард түмнээс дээрэмдэн авсан мөнгө хөрөнгөө эргээд тэдэнд 60 хүртэлх хувийн хүүтэй зээлүүлэн дахин давхар увайгүй мөлждөг байсан тухай, богд ламхайгаас эхлээд бүх шатны ноёд, том толгой лам нар улсын сангаас асар их цалин пүнлүү авахын зэрэгцээ шат бүхэндээ улсын хөрөнгийг завшин шамшигдуулах ба үүгээр ч зогсохгүй өөрсдийн амин хувийн хэрэгцээндээ зориулан хятад панзчидаас элдэв зүйлийн тансаг эдлэл, хүүтэй мөнгө зэргийг зээлэн аваад, түүнийгээ харьяат албат, хамжлагуудаараа төлүүлдэг байсан тухай, тэр хэрээр нь энгийн ардууд улам улам үгүйрэн хоосорч зовлон бэрхийг эдэлж байсан тухай БҮР НЭГ Ч УДАА ДУРДААГҮЙ БАЙГАА. Та энэ тухай бичсэн байна уу, үгүй юу гэдгийг сайтар шалгаад нэг үзээрэй.

Яагаад энэ мэт маш чухал олон баримтыг нэг биш бүхэл бүтэн бүлэг түүхчид дандаа мартчихаад байгаа юм бол оо? Учир нь хэрэв эдгээр болон бусад асар олон гарцаагүй түүхэн баримтуудыг либерал түүхчдийн магтан дуулаад байгаа Богд ламхай тэргүүтнүүдийн эрх чөлөө тусгаар тогтнолын төлөө гэж хулхи өргөмжилсөн тэр их хичээл зүтгэлтэй нь хамт нэг дор тавиад зэрэгцүүлээд харвал тэрхүү ноёд, лам нар чухам хэний эрх ашгийн төлөө (мэдээж зөвхөн өөрсдийн), юуны тулд (мэдээж энэ хулгай луйвар, мөлжлөгүүдээ манжийн төрөөс хараат бусаар, хэнд ч цагдуулалгүйгээр чөлөөтэй хийж байх гэж) тэгж их тэмцээд байсны учир тодорхой болох юм аа!!! Учир нь эдгээр баримтуудыг оруулаад ирвэл тэдний түүх гүтгэлэг нь баригдчих гээд байгаа юм аа.

Хүнийг хууран мэхлэх хоёр арга байдаг. Нэгт, бодит баримтуудыг шууд гүтгэн гуйвуулах. Хоёрт, бодит баримтуудаас зөвхөн өөрт ашигтай нэг хэсгийг ялгаж аваад, өөрийг нь илчилж чадах тийм баримтуудыг санаатайгаар нуух, хэлэхгүй байх. Аль аль нь хууран мэхлэлт, луйвар юм. Ялангуяа нэг биш нэлээн хэдэн түүхчид, нэг биш нэлээн хэдэн "судалгаа" гэгчдээ уг судалгаа гэгчид нь гол биш ч туслах чанарын байрыг заавал эзлэн орж, хамгийн гол нь асуудлыг бодитоор, бүрэн зураглалаар харж дүгнэхэд зайлшгүй хэрэгтэй тийм баримтуудыг дандаа хэлэхгүй, бичихгүй орхичхоод байгаа явдал бол яав ч зүгээр нэг санамсаргүй алдаа хэрхэвч биш гэдгийг сүүлийн 30 жилийн бодит байдал харуулж байна. Тэд энэ хоёр аргыг 30 жил маш чадварлаг ашиглан бидний тархийг угаасаар ирлээ шүү дээ!!!

Энэ удаад либералуудад дахин гүтгэх боломж олгохгүйн тулд тэдний ад үзээд байгаа тэрхүү судалгаанууд дээр бус шууд түүхэн эх сурвалж материалууд дээр үндэслэн өөрийн дүгнэлтийг дахин батлах болно. Ийм материал бол нэн тэргүүнд “1911 оны зун цаг Халхын Жавзандамба хутагт ба дөрвөн хаадаас бүх монгол үндэстэн нь Манж хятадын дарлал дор тэсэш үгүй болсон учрыг гаргаж, тусгаар улс байгуулахад тусламжийг гуйж Орос улсын хаанд өргөсөн бичиг” хэмээх юм. Уг бичгийг Богд лам ба халхын дөрвөн ханаас II Николай хаанд хандан бичсэн бөгөөд 1911 оны наймдугаар сарын эхээр чин ван Ханддорж тэргүүтэй хүмүүсээр Хаант Орос улс руу явуулсан байдаг.

Энэ бичиг бол чухам 1911 оны Үндэсний эрх чөлөөний хөдөлгөөний цаана хэний, ямар эрх ашиг оршин байсныг гарцаагүй нотлох тун чухал баримт бичиг юм. Иймээс энэ бичгийн заалтуудыг тус тусад нь авч үзэн шинжилцгээе. (Захидал бичгийг ЭНДЭЭС бүрэн эхээр нь уншина уу)

Үргэлжлүүлэн унших

 

1 1 1 1 1 1 1 1 1 1 Үнэлгээ: 4.96 (12 удаа үнэлсэн)

Сэтгэгдэл бичих

Таны бичсэн сэтгэгдлийг сайтын админ зөвшөөрсөн үед нийтлэх болно. Зөвхөн кирилл үсгээр зөв бичгийн алдаагүй бичсэн, интернет соёлын хэм хэмжээнд нийцсэн сэтгэгдлийг хүлээн зөвшөөрөхийг анхаарна уу. Сэтгэгдэл бичихийн өмнө "Интернет соёлын хэм хэмжээ" нийтлэлийг уншихыг танд зөвлөж байна.


Security code
Шинэчлэх

    • Цахим шуудан:
      • This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
      • This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
    • Мэдээлэл харилцаа хариуцсан ажилтны утас: 99721223, 88167001, 98279574
    • Номын борлуулалт хариуцсан ажилтны утас: 99721223, 88167001
    • Банкны дансны дугаар:
      • Хүлээн авагчийн банк: Худалдаа хөгжлийн банк
      • Хүлээн авагчийн данс: 456 094 040 (төгрөгийн данс)
      • Хүлээн авагчийн данс: 456 086 397 (долларын данс)
      • Хүлээн авагчийн нэр: Болор Дэмчиг(-ийн) Бусад данс