Цуврал нийтлэлийн 18-р хэсэг

1921 оны Ардын хувьсгал Өлзийбүүбурынхаар алуурчдын зугаа төдий байсан хэрэг үү?

Ардын хувьсгал 1

Түүхч гэгддэг Д.Өлзийбаатарын эрдмийн зэрэг горилсон “Монголын улс төрийн хэлмэгдүүлэлтэд гадаад орчны нөлөө /1922-1940/” хэмээх гуйвуулга гүтгэлгийн түүвэр дотор 1921 оны Ардын хувьсгалыг зэвсэгт бослого байсан мэтээр, уг хувьсгалыг удирдсан Д.Сүхбаатар тэргүүтэй жинхэнэ ардын баатруудыг зэвсэгт босогчид төдийхөн байсан мэтээр дараах байдлаар дүгнэн бичсэн байх юм:

1921 оны 3 дугаар сарын 1-нд ЗОУ-ын Тройцкосавск хотноо ЗОУ-д хувьсгалт нам гэж нэрийдэх, Монголд МАН гэж ойлгох учиртай бошгыг халах буюу хувьсгалт хүчирхийллийн замаар төр засгийн мэдлийг авах зорилго бүхий мөрийн хөтөлбөртэй улс төрийн байгууллагыг зохион байгууллаа. Ингэхдээ Монголын эх оронч үзэлтнүүдийг энэ заль мэхэд татан оруулахын тулд нэгдсэн Монгол гэдэг үзэл санааг хөтөлбөрт зориудаар зохион оруулсан байна. Хурал хийлээ. Энэ нь нийслэл хүрээнд байгуулагдсан МАН-ын үзэл санааг устгах эхний шав байв. Ийнхүү Монголын нийт үндэстний эрх чөлөөний төлөөх зорилтыг албадан өөрчлөх болсныг МАН-ыг байгуулахад эхнээс нь амь насаараа дэнчин тавьж оролцогсдын нэг Д.Лосол “Бошгыг хална гэдгийг би мэдэхгүй, улсаа гамингаас салгаж, ард түмний гашуун зовлонг арилгана гэж Богдын тамгатай бичиг авч явснаас биш бошгыг арилгахаар яваагүй” хэмээн эгдүүцэн мэдэгдэж байсан байна.

Үүнээс арван хоногийн дараа буюу 1921 оны 3 дугаар сарын 13-нд Тройцкосавск хотноо зэвсэгт бослогод бэлтгэх ба бослогыг удирдах ардын түр засгийн газар гэгчийг ЗОУ-ын шахалт санаачлагаар байгуулснаар Монгол хоёр Засгийн газартай боллоо. 10 жилийн өмнө Монголын эх оронч язгууртнуудын тэмцэж босгосон Богдын засгийн газар, Зөвлөлтийн нутаг дээр байгуулагдаж тэдний засгийн бодлогыг хэрэгжүүлэх тоглоом болсон түр засгийн газар тогтсоноор ах дүүс бие биенээ алж хядалцах, талцан тэмцэлдэх аюул нүүрлэж, угаас зөвхөн үндэсний эрх чөлөөний хувьсгалд нэгдэж байсан Монголчуудын үзэл санаа бутран сарниж улмаар иргэний дайн дэгдэж болзошгүй боллоо.

Энэхүү Өлзийбаатарын хийсэн дүгнэлтээс авсан ишлэлийг утгат хэсэг нэг бүрээр нь авч үзэж үүгээр илэрхийлсэн утга болон өөр бусад эх сурвалжууд дахь түүхэн баримтуудад чухам юу гэж дүгнэж буйтай нэг бүрчлэн харьцуулж үзье.

Д.Өлзийбаатар диссертацдаа 1921 оны 3 дугаар сарын 1-нд ЗОУ-ын Тройцкосавск хотноо ЗОУ-д хувьсгалт нам гэж нэрийдэх, Монголд МАН гэж ойлгох учиртай бошгыг халах буюу хувьсгалт хүчирхийллийн замаар төр засгийн мэдлийг авах зорилго бүхий мөрийн хөтөлбөртэй улс төрийн байгууллагыг зохион байгуулав. ... Хурал хийлээ. Энэ нь нийслэл хүрээнд байгуулагдсан МАН-ын үзэл санааг устгах эхний шав байв.” гэжээ.

Эндээс харвал урьд өмнө нь огт өөр зорилго чиглэлтэй байсан намыг (үнэн хэрэг дээрээ Монгол Ардын Нам 1920 оны 6 сарын 25-нд байгуулагдсан) 1921 оны 3 дугаар сарын 1-нд л гэнэтхэн зорилго чиглэлийг нь өөрчлөн шинээр зохион байгуулсан гэж ойлгогдохоор бичсэн байна. Гэтэл огт үгүй юм. Монгол Ардын Нам анх байгуулагдахдаа л улс эх орноо гадаад дотоодын мөлжигчдөөс чөлөөлөхийн тулд зэвсэгт тэмцэлд бэлдэж байсныг дараах түүхэн олон баримтууд баталдаг. Жишээлбэл, “Х.Чойбалсангийн тодорхойлон бичсэнээр бол хоёр бүлгийг албан ёсоор нэгтгэхийн өмнө хоёулаа тус тусдаа ажиллаж байсан ба харин сүүлдээ гол чухал асуудлуудаа хамтарсан хурлаар хэлэлцдэг болжээ. Ээлжит нэг хамтарсан зөвлөгөөн дээр дор дурдсан асуудлуудыг хэлэлцсэн байна. Үүнд:

а) Зөвлөлт Оростой холбоо тогтоохыг дахин оролдох (энэ нь өмнө нь бас ийм оролдлого хийж байсныг гэрчилж байна-Л.П)
б) Зэвсэгт бослого зохион байгуулахын тулд зэвсэг олж авах асуудал байжээ.

... Дарь зэвсэг олж авахаар бүлгийн гишүүн Дэндэв мэтийн хүмүүст даалгавар өгч байсан боловч тэд нь энэ үүргийг биелүүлж чадсангүй.

Зэвсэг олох асуудлыг хэлэлцэн “... Удалгүй цэргийн бүх зэвсгийг хятад цэрэг хүлээж авна. Тийнхүү авахын урьд бид зэвсгийн буу сумаас нэлээдийг хулгайлан авч хол зайлуулан тавиад хойч өдөр хэрэглэхэд тус болговол зохино”** гэж шийдсэн байсан боловч “...гэнэт нэгэн өдөр зэвсэг шилжүүлэх болж....зэвсгийн хашааг олон гамин цэргээр харгалзуулан авах хэмээсэн учир хэлэлцээ хоосон болон замхрав”**

Харин бүлгийн гишүүд амь хүмүүсээс 500 орчим янз бүрийн буу зэвсэг худалдан авсан байжээ.”*

Энд яригдаж байгаа хоёр бүлэг гэдэг нь 1919 оны 11 сард Богд тэргүүтэй монгол ноёд, хутагт лам нар өөрийн улсын автономит эрхийг Хятадад худалдсаны дараа ард түмний эсэргүүцлийн илрэл болон байгуулагдсан “Хүрээний бүлэг” ба “Консулын бүлэг” байсан юм. Тэгэхээр энд яг хэдий үеийн үйл явдлын тухай өгүүлж байна вэ? 1921 оны 3 сараас өмнөх үү, хойших уу?

1912 оноос эхлэн Хятадын талаас монголын эрх баригч ноёд, том лам нар нарт ил далд тавьсаар байсан, 1919 онд бодитоор биелсэн Монголын өөртөө засах-автономит эрхийг устган Хятадад нэгтгэх шаардлагын нэг гол нөхцөл нь автономит Монголын цэрэг армийг тарааж улмаар бүх зэвсгээ хятадын талд хураалгах явдал байсан юм. Өөрөөр хэлбэл, монголчууд бүх зэвсгээ Хятадад хураалгасан уг үйл явдал 1921 он гарахаас хамаагүй өмнө болсон бөгөөд энэ нь уг хоёр бүлэг эвсэн нэгдэж байх яг тэр үеэс л уг хоёр бүлгийнхний өмнөө тавьж байсан хамгийн гол зорилго нь цэрэг зэвсгийн хүчээр тусгаар тогтнолоо Хятадын цэргийн эрхтнүүдээс зэвсгийн хүчээр булаан авах явдал байсныг нотолдог. Учир нь тэр үед Хятадын эрх баригчид Богд лам тэргүүтэй урвагч эрх баригчдын гараар Монголын автономит засгийн бүрэн эрхийг өөрсдөөр нь устгуулж улмаар Хятад цэргээ нэмж оруулан Монгол орныг бүрэн эзлэн авч цэргийн бүх зардлаа монгол жирийн ардуудаар даалгахын зэрэгцээ тэднийг тонон дээрэмдэж эсэргүүцсэн хэнийг ч боловч тамлан алж хядаж байсан учраас хувьсгалт бүлгийнхэн Ардын армиа сэргээн байгуулж Хятадын гамин цэргийг зэвсэглэн дарж хөөн гаргахаас өөр улс эх орноо чөлөөлөх ямар ч арга зам байхгүй байсныг ойлгож байсан юм. Чухамдаа яг энэ зорилгоор хожим хоёр бүлэг нэгдэн нэг бүлгэм-байгууллага болж Монгол Ардын Нам нэртэй болсон түүхтэй.

Нөгөөтэйгүүр, сүүлд ишилсэн хэсгээс үзвэл цөөн хэдхэн хүн нийлж байгаад “хувьсгалт хүчирхийллийн” замаар төрийн эргэлт хийж улс орныг удирдах бүх эрх мэдлийг тухайн цагийн “бүрэн эрхт субъект”-ээс (Өлзийбаатарын хувьд Хятадад төр засгаа худалдсан ноёд лам нар аж!) булаан авах зорилготой байсан мэт ойлгогдохоор байгаа.

Гэтэл яг үнэндээ тэр үед нэгт, 1919 онд Богд тэргүүтэй феодал ноёд, лам нар өөрийн улсын автономит эрхийг Хятадад худалдсанаас хойш Монголд зөвхөн харийн (Хятадын ба Барон Унгерний) эзэрхэг дэглэм урвагч ноёд лам нарын дэмжлэг болон харийн цэргийн зэр зэвсгийн хүчээр ээлжлэн ноёрхож байсан юм. Хоёрт, бодит байдал дээр Богдын засаг гэгч бол зөвхөн нэр төдий, жинхэнэ тоглоомын засгийн газар байснаас гадна монголын нийт ард түмэнд хүлээн зөвшөөрөгдсөн харизматик шинжгүй байсныг тухайн үеийн үйл явдлууд, мөн нийслэл хүрээг Ардын журамт цэрэг чөлөөлснийг ард түмний олонх хэрхэн хүлээн авч байсан зэргээс шууд харж болох юм. Иймээс тэрхүү шинээр зохион байгуулагдсан Монгол Ардын Нам бол “хувьсгалт хүчирхийлэл” үйлдэхээр нэгдсэн хэсэг зайгуул дээрэмчид огт биш, харин өөрийн болон өрөөлийн харгис дарлагчдын доор олон жил бүх зовлонгийн хамгийн хүнд бэрхийг эдэлж байсан эгэл жирийн ард түмний нэг хэсэг хүмүүс буюу улс үндэстнээ харийн болон дотоодын дарлан мөлжигчдөөс чөлөөлөх зорилго бүхий эх орончид байсан билээ!

Үргэлжлүүлэн унших

 

1 1 1 1 1 1 1 1 1 1 Үнэлгээ: 5.00 (7 удаа үнэлсэн)