армия гитлера


1939 оны 9-р сарын 1-нд Гитлерийн Герман мөн түүний дагуул болсон байсан Словакийн эрх баригчид хамтран Польшид дайн зарлан цэргийн хүчээр цөмрөн орсноор дэлхийн II дайны байлдааны ажиллагаа эхэлсэн түүхтэй. Байлдааны ажиллагаа гэж байгаагийн учир нь 1938 онд Английн ерөнхий сайд Невилл Чемберлен, Францын ерөнхий сайд Дальде нар Гитлертэй хуйвалдан тэр үеийн Европын зэвсгийн хамгийн том үйлдвэрлэгч байсан Чехословакийг – (түүний зэвсгийн аж үйлдвэрлэл төвлөрсөн байсан Судецийн хязгаарыг) Гитлерт хаяж өгснөөр тэр үед гитлерийн түрэмгийллийн эсрэг Европт бүрэлдсэн байсан аюулгүй байдлаа хамтран хангаж байсан гэрээт тохиролцоог ийнхүү нураан эвдэн хаясан билээ. Үүнээс хойш Гитлерийн явуулж байсан түрэмгий бодлого, дайнч үйлдлээс үүдэн Европоос дэлхийн дайн гарах нь зөвхөн цаг хугацааны асуудал болон хувирсан байсан юм!

Чухамдаа ийм учир шалтгааны учраас мэргэжлийн шударга түүхчид Мюнхенийн энэ хуйвалдааныг дэлхийн II дайны эхлэлийн цэгийг тавьсан хуйвалдаан гэж үздэг нь түүхэн бодит үнэнд нийцдэг.

Мөн энэ дайныг дэлхийн дайн гэж нэрлэсний учир нь тэр үед дэлхий дээр тусгаар тогтнон оршиж байсан 73 улсын 61 нь буюу дэлхийн нийт хүн амын 80% нь энэ дайнд ямар нэг хэлбэрээр татагдан орсон ба энэ дайны зөвхөн байлдааны ажиллагаа нь дэлхийн гурван тив дээр, дөрвөн далайд өрнөж байсанд оршдог.

Гитлерийн Германы талд 1940 оны 7-р сарын 10-ны байдлаар Итали, Албани улсууд, 1941 оны 4-р сарын 11-нд Унгар, 1941 оны 5-р сарын 1-нд Ирак уг дайнд орсон билээ.

1941 оны 6-р сарын 22-нд нацист Герман 1939 оны 8-р сарын 23-нд байгуулсан Үл довтлох гэрээгээ зөрчин ЗХУлсад ямар нэг гомдол, шаардлага эсвэл хүсэлт тавихгүйгээр гэнэт итгэл эвдэн дайран орсны дараа Гитлерийн талд орсон Румын, Хорват, Финлянд улсуудын фашист эрх баригчид ЗХУлсад бас дайн зарлан дайрсан ба 1941 оны 12-р сарын 7-нд Японы эзэнт гүрэн, 1943 оны 12-р сарын 13-нд Болгарын хаант улс, 1942 оны 1-р сарын 25-нд Тайландын хаант улс, 1943 оны 1-р сарын 9-нд Хятадын Ван Цзин Вэй-н засгийн газар, 1941 оны 8-р сарын 1-нд Бирма зэрэг улсууд Гитлерийн талд орон ЗХУлсын эсрэг байлдаж эхэлсэн нь дэлхийн түүхэнд тэмдэглэгдэн үлджээ.

Ер нь Гитлерийн вермахтын бүрэлдэхүүнд нацистуудын удирдлага доор германаас бусад 15 улсын 2 сая орчим цэрэг офицерууд байлдаж байсан ба тэдгээрийн дотор Румыны арми хамгийн олон буюу 500 мянга гаруй цэрэгтэй, Унгарын 400 мянга орчим цэрэгтэй арми /хэн яагаад 1956 оны үймээн бослогыг өдөөснийг эргэн сана!/, Муссолинийн Италийн 200 мянга гаруй цэрэгтэй армиуд ЗХУлсын эсрэг дайтаж байсан юм. Нацистууд өөр улсуудын голдуу сайн дурынхнаас бүрэлдсэн энэ 2 сая гаруй цэргүүдээс өөр өөрийнх нь улсын эсвэл үндэстнийх нь нэр доор нийт 59 дивиз, 23 бригад мөн хэд хэдэн тусдаа салаа, легион, батальонуудыг бүрдүүлж зэвсэг, цэргийн техник мөн дайны стратеги, байлдааны тактикийн удирдлагаар хангаж байсан билээ. Өнөөгийн зарим хөлсний түүхчдийн бурж байгаа шиг тэд нар зүгээр нэг тогооч эсвэл морь маллагчид байгаагүй ба тэдний дунд Гитлерийн амласан дайны олз ашиг, эдлэн газар, албат боолуудтай болохыг хүсэж байсан тухайн орны эрүүгийн гэмт хэрэгтнүүд олонх нь байсан бөгөөд тэд сайтар зэвсэглэсэн, сургуулилсан мөн цэргийн техникээр иж бүрэн хангагдсан анги салбарууд байсан юм. Хэрэв Гитлерийн Германы энэ түрэмгийллийг түүний бусад фашист холбоотнууд ба эрүүгийн гэмт хэрэгтнүүд нь бүх талаар дэмжин туслаагүйсэн бол энэ дайн хичнээн богинохон үргэлжилж, хичнээн их эвдрэл сүйдэл гарахгүй байж, хичнээн олон сая хүний амь нас хохирохгүй байсан бол оо?

Испанийн “Цэнхэр дивиз”

Франц болон испани, валлоны сайн дурынхны “Валлон” дивиз

Украйны үндсэрхэг үзэлтнүүд болон галицчуудын “Галичина” дивиз

Морави болон Богемийн чехүүдийн “Богеми ба Морави” дивиз

Холланд, Бельги болон Скандинавийн орнуудын сайн дурынхны “Викинг” дивиз

Данийн сайн дурынхны “Денемарк” дивиз

Фламандын сайн дурынхны “Лангемарк” дивиз

Холланд болон скандинавын улсуудын сайн дурынхны “Нордланд” дивиз

Холландын Герман руу зугтан гарсан урвагч-коллаборчуудын “Недерланд” дивиз

Францын явган цэргийн 638-р салаа (түүнийг 1943 онд бие бүрэлдэхүүн нь цөөрсөн учир шинээр байгуулагдсан “Францын СС-ийн Шарлемань дивиз”-тэй нэгтгэсэн)

ЗХУлсын эсрэг дайнд Германы холбоотнууд байсан ялангуяа Итали, Унгар, Румын, Финлянд, Словак, Хорватын армиуд маш идэвхтэй байлдаж байсан билээ.

Харин Гитлер Болгарын эзэн хааны армийг Грек, Югославыг эзлэн авахад ашигласан боловч болгарын хуурай замын анги нэгтгэлүүд Дорнод фронт дээр оросуудын эсрэг байлдаж байгаагүй юм.

Урвагч генерал А. А. Власовын удирдлага доор дан урвагчдаас бүрдүүлсэн “Оросын чөлөөлөх арми” гэгч бүлэглэл нацист Германы талд байлдаж байсан ч харин вермахтын бүрэлдэхүүнд албан ёсоор бол орж байгаагүй юм.

Харин Германы вермахтын бүрэлдэхүүнд хаант Оросоос цагаачлан гарч хожим СС-ийн генерал болсон фон Панвицын 15-р казахын морьт корпус байлдаж байжээ. Мөн Гитлерийн Германы талд генерал Штейфоны “Орос корпус”, хаант оросын армийн генерал асан П. Н. Красновын корпус; кубанийн казах асан, СС-ийн группенфюрер А.Г. Шкуро мөн Франц дахь “Хойд Кавказын уулынхны ардын нам”-ын удирдагч, черчес үндэстэн Султан Гирей Клыч-ийн удирдлага доор цэргийн хэд хэдэн хэсгүүд байлдаж байсан байна.

Тэд ЗХУлсын эсрэг – өөрсдийн Эх орон, ард түмний эсрэг Гитлерийн талд орон байлдаж байхдаа “үзэл санааны үүднээс”, зарим нь хаант засгийн үед ард түмнээ олон арав зуун жил мөлжин хуримтлуулсан өмч хөрөнгө, эрх ямбаа алдсандаа өс хонзон өвөрлөж, зарим нь энэ дайнаар олз ашиг, нэр алдар хөрөнгө өмч горилж, цөөн зарим нь нацистуудаас айсандаа, үлдсэн зарим нэг нь коммунизмын эсрэг хаант ёст капитализмын төлөө байлдаж байсан юм. Энэ тухай олон мянга – сая сая хуудас бичсэн бий, иймээс энд давтан нурших шаардлагагүй биз ээ...


Румын

армия румынии

Румын улсын фашист эрх баригчид Гитлерийн араас шууд ЗХУлсад дайн зарласан бөгөөд 1940 оны 6-р сард тэд хаант Орос/ЗХУлсаас салган нэгтгэсэн байсан Бессараб болон Буковинаа буцаан авах мөн Транснистрийг /Днестри мөрнөөс Өмнөд Бут хүртэлх газар нутаг/ өөртөө нэгтгэхийг хүсэж байсан билээ. Румыны 420 мянга орчим фашистууд эхлэн Крым, Молдав болон Украйн ССР-ын хотуудыг бөмбөгдөж эхэлсэн ба удалгүй германчуудтай хамтран Одесс, Крым, Севастополь хотуудыг эзлэн авч тэндхийн энгийн оршин суугчдын эсрэг аймшигтай зэрлэг залхаан цээрлүүлэх ажиллагаанууд явуулж олон зуун мянган хүмүүсийг хядан заримыг нь боолчлолд туун авч явсан түүхтэй. Тэд европ биш хүмүүст ялангуяа еврей, цыган үндэстэн хүмүүсийг онцгой хэрцгийлэн устгаж байсан ба тэдний олонхыг бөөнөөр хорих лагериудад хорьж байгаад буудан алсан юм. Гэвч зэвсэггүй энгийн номхон хүмүүсийн эсрэг “баатарлаг” байсан румынчүүд Сталинградын тулаанд 103 мянган фашистуудаа устгуулж дайнд нийтдээ 475 мянган цэргээ алдсан юм.


Итали

армия италии

Италийн эрх баригчид Гитлерийн холбоотон байсан ба тэд нацистуудтай нэгэн зэрэг 1941 оны 6-р сарын 22-нд ЗХУлсад дайн зарлаж “Орос дахь италийн экспедицийн арми”-аа бүрдүүлж илгээсэн юм. Тэд эхэндээ 62 мянган цэргээрээ ЗХУлсын Донецк, Горловка хотууд руу дайрч байсан ба арай хожим Одесс хотыг эзлэн авсан билээ. 1942 оны 7-р сар гэхэд италичууд 15 мянган цэргээ алдсан учир Муссолини дахин 7 дивиз ирүүлж нийт 230 мянган цэрэг, 2906 их буу миномёт, 74 танк болон САУ, 100 орчим нисэх онгоцтойгоор Гитлерийн армийн зүүн өмнөд жигүүрт ЗХУлсын армийн эсрэг байлдаж байжээ. Гэвч Сталинградыг чөлөөлсний дараа Улаан армийн явуулсан “Бага Сатурн” нэртэй сөрөг давшилтын үеэр Италийн энэ арми бүрэн бут ниргүүлж 1942 оны эхээр тэдний Альпийн корпус нь мөн бүрэн хиар цохиулж нийт 93 мянган цэрэгтэй армиа устгуулж бие даан байлдах чадвараа нэгэнт алдсан билээ.


Унгар

армия венгрии

Унгарын эрх баригчид 1941 оны 6-р сарын 27-нд ЗХУлсад бас дайн зарлан Дорнод фронт руу 44 мянган цэрэгтэй 5 бригад илгээсэн ба 1942 оны 5-р сар гэхэд 205 мянган унгарын фашистууд эд хөрөнгө дээрэмдэж эзэмшил газар завшиж мөн хувийн боолуудтай болохын төлөө Улаан армийн эсрэг байлдаж байсан юм. Тэд дайны эхний шатанд Воронеж хотыг олон сараар бүслэн уулгалан дайрч байсан ба 1943 оны эхээр Улаан армийн сөрөг давшилтад өртөж 148 мянган унгарын фашистууд тэнд ясаа тавьсан түүхтэй. 1944 оны хавар Унгарын танкийн дивиз Улаан армийн эсрэг Коломны хотын дэргэд сөрөг давшилтад орохыг оролдсон ч 38 танкаа алдан аргагүй эрхэнд ухарсан юм. Үүний дараа унгарын фашистууд Трансильвани, Дорнод Унгарт бас Улаан армийн эсрэг байлдаж байсан байна. Мөн үүнээс гадна Унгарын СС-ын 22-р морьт дивиз зөвлөлтийн нутаг дэвсгэр дээр Улаан армийн дайчдын эсрэг байлдаж байжээ.


Дани

армия дании

1940 оны 4-р сарын 9-нд Данийн эрх баригчид нацистуудтай хуйвалдан сэм бууж өгөх шийдвэр гаргаснаар улс орон нь гитлерчүүдэд 6-хан цагийн дотор гэнэт эзлэгдсэн бөгөөд үүнээс хойш Данийн бүх эдийн засаг нацистын Райхын /райх-германаар эзэнт гүрэн гэсэн үг/ төлөө ажиллаж эхэлсэн юм. Данийн социал демократ - фашист эрх баригчид ЗХУлсад дайн зарлаагүй боловч 1941 оны 6-р сарын 29-нд данийн сонинууд СС-ийн сайн дурын корпус байгуулагдаж байгаа тухай мэдээлсний дараа өмнө нь данийн цагдаа, армид алба хааж байсан 6 мянга орчим даничуудыг нацистуудын талд орохыг албан ёсоор зөвшөөрч тэдний цол эрх ямбыг хадгалснаар тэд Гитлерт үнэнчээ тангараглан элсэн орсон түүхтэй. 1942 оны 5-р сард данийн сс-чүүд нацист Германы СС-ийн ”Үхсэн толгой” танкийн 3-р дивизийн бүрэлдэхүүнд орсон бөгөөд гэвч удалгүй “Демъяны тогоо” гэж нэрлэсэн Улаан армийн бүслэлтэд орж бие бүрэлдэхүүнийхээ 80%-ийг алдсан юм. Тэд 10 мянгуулаа Великие Лугы, Невел, Ленинградын дэргэд мөн Латвид, Померанид бас Берлины дэргэд ЗХУлсын Ажилчин Тариачны Улаан Армийн эсрэг тулалдаж байжээ. Данийн фашистуудын үлдэгдлүүд 1945 оны 4-р сард Берлинийг хамгаалан байлдаж байгаад амьд үлдсэн цөөн хэд нь Зөвлөлтийн армид олзлогдсон түүхтэй.


Испани

армия испании

1936-38 оны Иргэний дайны дараа Испанийн жолоодогч болсон байсан /фюрер – каудильо – дучи гэх мэт нь бүгд манлайлагч, жолоодогч гэсэн үг/ Франко 1939 оны 9-р сарын 4-нд төвийг сахисан бодлого явуулахаа зарласан байсан ч Дорнод фронт руу очиж эд хөрөнгө, эдлэн газар, хувийн боолуудтай болохыг мөрөөдөж байсан сайн дурын иргэд, эрүүгийнхэндээ ямар ч саад хийгээгүй бөгөөд ийнхүү испанийн “Цэнхэр дивиз” үүсэн бүрэлдсэн түүхтэй. 1941 оны 7-р сард 18 мянган испаничуудаас бүрдсэн “Цэнхэр дивиз” Ленинград хотыг германы нацистуудтай хамтран уулгалан дайрч дараа нь бүсэлсэн бөгөөд 1943 оны сүүлчээр Зөвлөлтийн Улаан армийн “Туйлын од” гэж нэрлэсэн сөрөг давшилтын үеэр зөвлөлтийн эсрэг улайран эсэргүүцэж байсан ч бут ниргүүлсэн юм. Дайны төгсгөлийн шатанд ойролцоогоор 7 мянга орчим испаничууд Берлинд байлдаж байсан ба испанийн хоёр рот Рейхстагийг хамгаалан тулалдаж байсан юм.


Финлянд

армия финляндии

Финляндын нутаг дэвсгэр дээрх аэродромууд дээр байрлаж байсан Гитлерийн “Люфтваффе”-н онгоцнууд 1941 оны 6-р сарын 22-нд ЗХУлсын Ленинград хот болон бусад хотууд, нутаг дэвсгэрийг бөмбөгдөж эхэлсэн юм. Үүний хариуд зөвлөлтийн нисэх онгоцууд зөвхөн нацистуудын эдгээр бөмбөгдөгч онгоцнууд байрлаж байсан 18 нисэх буудлуудыг бөмбөгдсөн билээ. Гэсэн хэдий ч финляндын эрх баригчид үүгээр далимдуулан бүх учрыг сайн мэдэхгүй байсан иргэддээ буруу ойлгуулан ЗХУлсад дайн зарласан юм. Тэд шууд нацистын вермахттай хамтран ЗХУлсын эсрэг дайтаж эхэлсэн бөгөөд дайны турш ЗХУлсын эсрэг нийт 530 мянган цэрэг, 159 сөнөөгч онгоц, 22 бөмбөгдөгч онгоц, олон тооны усан онгоцтой бүхэл бүтэн 2 армиа илгээсэн билээ. Тэд эхний шатанд Карелийг булаан эзэлж авсан ба чухамдаа финляндчууд Ленинград хотыг 3 жил орчим бүсэлж энгийн иргэдийг нь өлсгөж алах Гитлерийн төлөвлөгөөнд тусалж тус хотыг хойд зүгээс нь бүслэн хаасан юм. Тэд Карелийг эзлэн авсныхаа дараа тэнд бөөнөөр хорих лагериуд байгуулж нацистуудын нэгэн адил үндсэрхэг үзлийнхээ дагуу фин-карел угсааны бус зөвлөлтийн олон үндэстний иргэдийг тэнд хорьсон ба ийнхүү зөвхөн нацистуудын хувьд “зөв европ үндэстэн” биш байсныхаа төлөө тэдний 6-10 мянга нь өлсөж харангадаж амиа алдсан билээ...

Гэвч ЗХУлсын эсрэг – большевизмын эсрэг загалмайтны дайн гэгчид оролцож байлдаж байсан финчүүдийн бараг 85 мянга нь тэнд амь насаа алдсан юм.


Франц

армия франции

ЗХУлс руу Гитлер довтолсон тухай мэдээ сонссон Францын /1940 онд нацистуудад бууж өгсөн бүрэн хараат Више улсын/ хэсэг иргэд тэнд 1941 оны 8-р сард Гитлерийн тушаалаар байгуулж эхэлсэн “Большевизмын эсрэг Францын сайн дурынхны легион” армид бүртгүүлэн 1941 оны 10-р сард 2500 хүнтэй эхний явган цэргийн салаа нь Дорнод фронт руу олз ашиг хонжооны төлөө дайнд мордсон юм. Удалгүй тэдэнтэй бас хэдэн мянган францчууд ирж нэгдсэн боловч 1941 оны 12-р сард тэд зөвлөлтийн асар хүчтэй их бууны галд өртөж хиар цохиулсан билээ. Дараа нь тэдний үлдэгдлийг ухрааж дахин 7 мянга хүртэл сайн дурын францчуудаар сэлбэн мэргэжлийн зэвсэглэсэн армитай байлдах чадваргүйг нь харгалзан зөвлөлтийн иргэдийн байгуулсан партизаны отрядуудын эсрэг ашиглаж энгийн оршин суугчидтай бас байлдуулж эхэлсэн байна. Дайны сүүлчийн шатанд Зөвлөлтийн арми 1945 оны хавар Берлинд дахин францчуудтай тулгарсан бөгөөд тэнд СС-ийн Шарлеман дивизийн үлдэгдлүүд болох 500 орчим францын сайн дурын гэмт хэрэгтнүүд Рейхстагийг хамгаалан тулалдаж байсан билээ...


Холланд

армия нидерландии

Холландын болон европын бусад улс орнуудын сайн дурынхны Недерланд, Викинг, Нордланд зэрэг дивизүүдийг голландын талаас генерал Зейффард удирдаж байсан ба тусгай зориулалтын танкийн дивизүүд нь Ленинград, Курляндын дэргэд болсон тулаануудад оролцож байсан байна. Скандинавын фашистууд Нарвын чиглэлд хамгийн хүнд цохилтод өртөн асар их гарз хохирол амсан Балтийн чиглэлд дараа нь Герман руу ухарсан юм. Тэдний үлдэгдлүүд 1945 онд англичуудад бууж өгсөн түүхтэй. Мөн Холланд аж үйлдвэрлэлийнхээ тэн хагасыг Райхын захиалгаар хийж нийлүүлж байсан.

“Төвийг сахисан” Швед нацист Райхад энэ дайны туршид асар их төмрийн хүдэр нийлүүлсээр байсан учир нацистуудын танкны 30% нь шведийн металлаас бүрдэж байсан байна. Мөн Франц 1944 оны 1-р сар хүртэл нацист Германд 4000 нисэх онгоц, 10 мянга гаруй нисэх онгоцны хөдөлгүүрүүд, 52 мянган ачааны машин нийлүүлж бизнесээ хийж байсан юм. Данийн хаант улс нацист Райхын гахайн мах, загасны хэрэгцээний 90%-ийг дангаараа хангаж байсан ба Болгарын хаант улс хэдэн зуун мянган тонн хүнсний ногоо жимс, тамхи, олон зуун сая литр архи дарс, янз бүрийн металлын хүдрүүд, чулуун нүүрсээр Гитлерийг хангаж байсан билээ...

Мөн Африк дахь Францын колониудад Вишийн засгийн газар Гитлерийн талд 300 францын иргэд, 150 лалын шашинт африкчуудаас бүрдсэн Африкийн "Фаланга" нэртэй цэргийн ангийг байгуулж сургуулилж байгаад Тунист байлдаж байсан германы 334-р явган цэргийн дивизийн 754-р салаанд шилжүүлэн өгсөн юм.

Дэлхийн II дайны үеэр онц ноцтой олон хүнд гэмт хэргүүд үйлдсэн нацизмын удирдлагч байсан эрх баригчдыг олон улсын шүүхээр оруулж яллахыг тэр үед “холбоотнууд” нэр зүүсэн байсан Англи, АНУ-ын эрх баригчид бүүр эхнээс нь эсэргүүцэж байсан бөгөөд У. Черчилл тэднийг бүр шүүн яллахгүйгээр шууд буудан устгах саналыг И. Сталинд удаа дараа тавьж байсан юм. Гэвч И. Сталин ба ЗХУлсын дээд удирдлага холбоотнуудын энэ саналыг буруушааж хариуд нь нацизмын гол гэмт хэрэгтнүүд /үүнд нацизмыг захиалж Гитлерийг сонгон гаргаж ирж дараа нь санхүүжүүлж зэвсэглэж байсан Барууны банк санхүүгийн болон аж үйлдвэрлэлийн бүлэглэлүүд, тэдний захиалгаар европын улс орнууд болон ЗХУлс, иргэдээс булаан дээрэмдсэн асар их алт, эрдэнэс, соёлын асар үнэт эдлэл, бүтээлүүдийн хувь заяаг тодорхой болгох гэх мэт/-ийн үйлдсэн гол гэмт хэргүүдийг шинээр байгуулах Олон улсын Дээд Шүүхээр нэг бүрчлэн авч үзэж бодит баримтуудаар нотлон энэ бүхний үндсэн дээр яллах саналыг тавьж байсан билээ. Энэ тухай бүүр Ялта-ын гэрээнээс өмнө болон хойно олон удаа янз бүрийн шугамаар хэлэлцэж байсан боловч эцсийн эцэст нацизмын зөвхөн цэргийн гэмт хэрэгтнүүдийг мөн англи-америкийн талын тавьж байсан нөхцөлүүдийн зарим хэсгийг хүлээн зөвшөөрч байж л сая Олон улсын Дээд Шүүхийг тэдний оролцоотойгоор байгуулж нацизмыг шүүхээс өөр аргагүй болсон байдаг...

Нюрнберг-т болсон Олон Улсын Дээд Шүүхээс оноосон ялын дагуу нацизмын цэргийн зарим нэг гол гэмт хэрэгтнүүдийг цаазалсан ч цэргийн бусад гэмт хэрэгтнүүдийн олонход нь олон жилийн хорих ял оноогоогүйгээр барахгүй тэдний нэг нь ч ялаа бүрэн эдлээгүй мултарсан билээ. Энд голлох үүргийг бас л “холбоотнууд” гүйцэтгэсэн бөгөөд тэд 1957 онд Нюрнбергийн Дээд шүүхээр яллагдсан хамгийн сүүлчийн гэмт хэрэгтнийг ялаас мулталсан түүхтэй. Абвертай нягт холбоотой ажиллаж байсан германы Фарбин индастри-ийн нууц алба байсан АЖБ-7-ын ажилтан Макс “бид одоохондоо таг чиг болж ёроолд хэвтэж өнгөрөөх хэрэгтэй байна. Гэвч бидний зарим нь шүүхээр орох байх, гэхдээ америкчууд биднийг суллаж бидний үйл хэрэг цаашид ч өөр хэлбэрээр үргэлжлэх болно” гэж бичиж байсан байдаг.

Дахин сануулахад, Нюрнбергийн Дээд Шүүх нацист Райхын зөвхөн цэргийн гэмт хэрэгтнүүдийн зарим нэгийг нь л шүүн ялласан юм. Гэвч Гитлерийг сонгон гаргаж ирж ЗХУлс руу түлхэж байсан барууны банк санхүүгийн элитүүд, аж үйлдвэрийн магнатууд ял завшиж цэргийн гэмт хэрэгтнүүдийг золиосолж тэдний ард нуугдан үлдэж одоо ч жирийн хүнийг үзэн ядагч нацизм, фашизм, либерализм, ардчилал гэх мэт өөр нэр багийн доор реформ, чөлөөт зах зээл, хүний эрх, мөнгө хүүлэх гэх мэт хэлбэрээр үргэлжилсээр байна....


Ашигласан эх сурвалжууд:

1. Абрамян Э. А. Кавказцы в Абвере. М.: Издатель Быстров, 2006.
2. Асадов Ю.А. 1000 офицерских имён в армянской истории. Пятигорск, 2004.
3. Бердинских В.А. Спецпоселенцы: Политическая ссылка народов Советской России. М.: 2005.
4.
Бриман Шимон Мусульмане в СС:
http://www.webcitation.org/66K7aB5b7
5. Вторая мировая война 1939-1945, БСЭ. Яндекс. Словари
6. Возгрин В. Исторические судьбы крымских татар. Москва: Мысль, 1992
7. Гилязов И.А. Легион «Идель-Урал». Казань: Таткнигоиздат, 2005.
8. Дробязко С. Восточные легионы и казачьи части в Вермахте:
http://www.erlib.com
9. Елишев С. Салазаровская Португалия // Русская народная линия:
http://ruskline.ru/analitika/2010/05/21/salazarovskaya_portugaliya
10. Каращук А., Дробязко С. Восточные добровольцы в вермахте, полиции и СС. 2000
11. Крысин М. Ю. История на устах. Латышский легион СС: вчера и сегодня. Вече, 2006.
12. Краткая еврейская энциклопедия, Иерусалим. 1976 – 2006
13. Мамулиа Г.Г. Грузинский легион вермахта М.: Вече, 2011.
14. Романько О.В. Мусульманские легионы во Второй мировой войне. М.: АСТ; Транзиткнига, 2004.
15. Юрадо Карлос Кабальеро «Иностранные добровольцы в вермахте. 1941-1945. АСТ, Астрель. 2005
16. Этингер Я. Я. Еврейское сопротивление в годы Холокоста.

 

 

1 1 1 1 1 1 1 1 1 1 Үнэлгээ: 4.56 (8 удаа үнэлсэн)