secret 

Эерэг хүмүүс гэж ер нь хэн бэ? "Би сөрөг зүйл бодох дургүй, шүүмжлэгчид бол сөрөг бодолтнууд, тэд болохгүй бүтэхгүй зүйлд хэт их төвлөрч өөрсдийгөө зовоож түүнийгээ бусдад бас "халдааж" байна, би энэ амьдрал дотор байгаа эерэг зүйлсийг харж амьдрах дуртай, хүссэндээ хүрч зорилгоо биелүүлэх нь чухал, би бол өөдрөг үзэлтэн" гэх гэнэн хандлагыг задлан ярилцацгаая.
 
Хэдэн жилийн өмнөөс "Нууц" нэртэй кино/ном түгж, таталцлын хуулийг ашиглан хүн бүр хүссэн бүхнээ аван амжилтанд хүрч болох тухай маш хүчтэй сурталчилсан. Үндсэн агуулга нь "Бодол биелдэг юм. Бодлоо хяна. Та ямар нэг зүйлийг хүсэж түүн дээр бодол тань төвлөрөхөд татах хүчний хууль хүссэнийг тань өгнө" гэх. Харин "Нууц"-ын цаадах нууц зорилго юу байв гэдгийг нухацтай бодож үзсэн хүн цөөн.
 
Уг ном/кинонд юу гэж ухуулж байсныг эргэн харцгаая. "Ихэнхдээ хүмүүс битгий биелээсэй гэсэн юмаа боддог, тэгээд тэр нь дахин дахин биелэхэд гайхан гомдоллодог. Жишээ нь, их өртэй байгаагаа бодож санаа зовж суухдаа та татах хүчний хуулинд бодсон бүхнээ биелүүлэхэд тусалдаг. Татах хүчний хууль бол сохор, тэр таны бодсоныг л биелүүлдэг. Энэ тэр зүйл таалагдахгүй байна гэж бодох бүртээ та тэр зүйлсийг бий болгож байдаг юм" гэдэг. Тэгвэл хэн биднийг байнгын өртэй байлгах сонирхолтой байгааг, яаж урхидаж шулж мөлжиж буйг, тэр хүн ер нь яагаад өртэй болсон шалтгаан, улс орон нь юунаас болоод өрөнд живээд байгаа үүсгүүрийн тухай бол яагаад ч бодож болохгүй байх нь ээ?
 
Энэ нь цаагуураа “Та өртэй ширтэй байх нь хэвийн зүйл, түүнийг харин төлөх ёстой, яаж төлөх аргыг л ол, харин цаашид та болон улс ард түмэн чинь өртэй байх эсэх, өрөнд улам бүр орохоос хэрхэн сэргийлэх тухай бол бодох ч хэрэггүй” гэсэн далд мессежийг ухамсарт тань илгээж байна.

Уг киноны цаад санааг сайтар нягталж бодоогүй бол эхлээд тун зөв мэт, их үнэмшилтэй санагдана. Яагаад гэвэл тэд ХАГАС ҮНЭН + ХАГАС ХУДАЛ = ШИЛДЭГ ЗАЛЬ МЭХ гэдэг зарчмаар, үнэний зарим элементүүдийг овжин ашиглаж байгаа учраас. Энд үнэн нь юу вэ гэвэл, хүний сэтгэл санаа, оюун бодлын хүч агуу, хүн аливаад анхаарлаа хүчтэй төвлөрүүлбэл уг зорьсон зүйлдээ хүрдэг гэдэг энгийн үнэнийг ярьж байна. Аливаад хий дэмий санаа зовж суух нь эрүүл ухааныг сохолж ямар ч сайн үр дүнд хүргэхгүй гэдэг мэдээжийн үнэнийг бас ярьж байна. Харин худал нь юунд байна вэ гэвэл, аливаа бэрхшээл зовлон хүмүүсийн "битгий биелээсэй" гэж бодсон төдийхнөөр үүсэж бий болдоггүйд оршино.
 
Монголчууд 25 жилийн өмнө аливаад санаа зовж түгших нь битгий хэл, ямар гээч аюултай харгис нийгэмд орж байгаагаа ч мэдэхгүй "цагаан цаас" байлаа. Энэ бүхэн бидний "битгий биелээсэй" гэж бодсон бодлоос үүсээгүй. Тэгэхээр харийнхан өөрсдийнхөө эрх ашгийн төлөөх увайгүй зорилгодоо хүрэхийн тулд биднийг зовлонд унагахаар бодож төлөвлөж хэрэгжүүлж бүүр нурааж самарч болсон байхад, харин бид бодит байдалдаа үнэлэлт дүгнэлт өгч учраа олохын төлөө нухацтай сэтгэж сайн мууг тал талаас нь бодож болохгүй, хэрэв тэгж бодож эргэцүүлж эхэлбэл нөгөө хүслийг биелүүлдэг "гайхамшигтай" татах хүчний хууль нь эсрэгээр-муугаар ажиллаад эхэлнэ гэсэн үг үү??? "Юмыг битгий эрүүл саруул ухаанаар бод, ердөө л өнөө маргаашид анхаар, гэнэн хонгор бай, тэгэхгүй бол муу зүйл тохиолдоод эхэлнэ шүү" гэсэн айлгах, эрхшээлдээ байлгах далд санаа энд байна аа даа?!?

Энэ кинон дээр жишээ болгон ярьж байгаа хүмүүсийн хүсэл, зорилго дэндүү өчүүхэн. Жаал хүүгийн хүсэл дугуйтай болох байв, түүнийгээ авч байна; бүсгүй ч шохоорхож байсан зүүлтээ бэлгэнд авав; аавын "хүслийн самбар" дээрх зураг бодит болж тэд мөрөөдсөн байшиндаа амьдардаг болсон байна, бүгдээрээ л мөнгө эд баялагт санаа зовохгүй болсноо ярьцгаана... Их л сайндаа "ийм эхнэртэй/нөхөртөй болмоор байна" гэж хүсээд яг хүсэлдээ тохирсон хүнээ олжээ. Хүн аливаад тайван ухаалаг хандаж оюун сэтгэлээ, дотоод мэдрэмжээ сонсвоос өөрт тохирох хань ижлээ төвөггүй олж таних нь ойлгомжтой...
 
Энд бас өөр нэг тун ноцтой асуудал байгаа. Юунд зорьж юуг хүсэх нь тухайн хүний ухамсрын түвшин, хүмүүжил, төлөвшил, ухаан, мэдлэгээс шалтгаалдаг. Ухамсаргүй бөгөөд ёс суртахуунгүй, аминчхан, бодож тунгаадаггүй хүний хүсэл тачаал юу ч байж болно. Нийгэм олонд маш муу үр дагавартай зүйл ч байж болно. Харин юу ч хамаагүй хүсээд, хүссэн бүхнээ авч болдог нөгөө "таталцлын хууль"-аар нь бол тэр бүхэн биелэх боломжтой... Аймшигтай биш гэж үү...??? Улс ард түмнийхээ өмч баялгийг хувьдаа ичиж эрээлэхгүй цөлмөж байгаа хулгайч луйварчид хаанаас (ямар зориудын үзэл суртлаар өдөөгдөж) "төрөөд" байгаа нь эндээс тодорхой болж байна.
 
Хүсэж байгаа зүйлээсээ өөр юм бодохгүй, өмнө хийсэн алдаандаа дүн шинжилгээ хийж өөрийнхөө сул талыг илрүүлэн өөртэйгөө ажиллахгүй, сайн дураараа өөрийнхөө ухаан санааг ийнхүү хайрцаглах хэрэгтэй гэж үүгээр ухуулж байна. Юу сайн, юу муу болохыг бодож эргэцүүлээгүй хүн - юу зөв, юу бурууг ялгахгүй, тэр бүхнээс урган гарах өөрт нь бөгөөд бусдад учрах хор хөнөөлөөс сэргийлэхгүй, зөвхөн хэрэгцээ шунал тачаалдаа хөтлөгдөнө. Амьдралынхаа чухал асуудлуудыг ултай суурьтай бодож эргэцүүлэхээ больчхоод, хэрэгцээгээ хангах явцуу хүслээ л дагадаг болбол бид адгуус амьтнаас ялгарах юмгүй.
 
Өдөр бүр, цаг тутам зөвхөн асар их мөнгөтэй болох тухай бодож, таазан дээрээ хэдэн тэрбум, саяын тоо наачхаад орон дээрээ хэвтэж байгаа хүний ухаан санаанд мөнгө олох бүх арга орж ирэх нь дамжиггүй. Энийг тэгээд "татах хүчний агуу хууль" гэдэг хэрэг үү??? Хүний оюун санаа аливаа нэг асуудалд хүчтэй төвлөрвөл шийдэл гарц олддог энгийн логик зарчмыг "татах хүчний агуу хууль" гэх үү???
 
"Ухаантай хүмүүс татах хүчний хуулийг хэзээд мэддэг юм. Эртний вавилиончуудын шилэгдмэл 1% нь улсынхаа мөнгө баялгийн 96%-ийг эзэмшиж байсныг юу гэж тайлбарлах вэ" гэж цэцэрхэж байгаа буурал гадаад өвгөн тэр "шилэгдмэл 1 хувийнхан" жирийн хүн ардыг сорж мөлжих чивэлт арга бодож олж, эртнээс хэрэгжүүлсээр өдийг хүрснийг мэдэхгүйдээ ингэж ярьж байгаа юм биш ээ.
 
Дэлхийн бараг бүх улсын хэл дээр орчуулагдаж түгсэн энэ ном/кино ямар өргөн хүрээг хамарч, ямар их санхүүжилт дэмжлэгээр хийгдэн гарч байгааг ажиглавал, энэ нь дэлхийн нөөц баялагт хяналтаа тогтоосон капиталист цөөнхийн зүгээс захиалсан "хагас үнэн+хагас худал" зориудын манипулятив том төслүүдийн нэг гэж дүгнэж болохуйц байна.
 
Энэ бол таны ухааныг "жижиг тугалны бэлчих газраас цааш хэтрэхгүй" болгон явцууруулж, ингэснээрээ хүссэнээрээ мунхруулж, тэнэгрүүлж, өөрсдийнхөө амьгүй албат гар хөл болгож, ойр зуурын юмс эд мөнгөнөөс өөр юм бодохгүй жижигхээн хүсэл хэрэгцээндээ хөтлөгдөж мал шиг амьдрахад уруу татаж байгаа бурангуй заль мэх.
 
"Бодол бүр өөрийн хэлбэлзэлтэй" гэж тэдний ярьж байгааг тунгааж бодоод үз. Та гайхамшигт оюун ухаант хүн атлаа зөвхөн хэрэгцээгээ хангах төдий дорд хэлбэлзэлд орохыг зөвшөөрч, "хүсэл" нэртэй шунал тачаалынхаа төлөө энэ дэлхийд ирсэн эрхэм дээд зорилгоосоо ухарч, тэнгэрлиг мөн чанар сүнсээ тэр "өчүүхэн дорд хэлбэлзлийг захирагч хүчинд оосорлуулах" гэж үү? Гэтэл хүн гэдэг агуу, хүмүүс бид сайн сайхныг жинхэнэ утгаар нь дэлхий ертөнцөд цогцлоон бүтээж чадах төдийгүй, чухам тийм зорилготой хүн болж төрсөн.
 
Mongol huuhed 
Бодит байдал дээр, тэдний ярьж байгаа шиг аливаа муу зүйлийг битгий биелээсэй гэх бодол бол үнэнийг ойлгоогүй хүний хоосон айдсаас урган гардаг. Айдас бол хүний сэтгэл, оюуны хүч чадлыг асар ихээр сорж сааруулдаг дайсан. Айдас бол алдаж бүтэлгүйтэхээс эмээх мэдрэмж зовнил болохоос биш, ухамсартай бодол эргэцүүлэл биш. Яг энд л тэдний заль мэх оршиж байгаа юм.
 
Аливаа алдаа бүтэлгүйтэл нь тухайн хүнд ямар нэг зүйл болохгүй байгааг анхааруулсан дохио бөгөөд, тэрхүү алдаанд хүргэсэн цаад шалтгааныг олж хаана юун дээр алдсанаа ухаарч түүнээсээ сургамж аван дахин давтахгүй байхыг - оюун ухааны хувьд өсөж дээш ахихыг шаардаж буй сануулга юм. Бүгдийг маш нарийн шинжлэн бодох хэрэгтэй. Хүн эрүүл саруул ухаанаар тэр айж байгаа зүйлийнхээ уг үндсийг олж харахыг хичээж, бодож тунгааж, ухаж судалж, асуудлаа үндсээр нь таньж мэдвэл - айж эмээж байсан зүйл нь айгаад байхаар юм огт биш байсныг ойлгож, улмаар хоосон айдас зовнилоосоо чөлөөлөгддөг.
 
Энэ нь аливаад болгоомжилж хаширлаж болохгүй гэсэн үг биш, харин ч юуг таслан зогсоож юунаас сэргийлбэл алдаа бүтэлгүйтлийг тойрч гарахыг мэддэг болно гэсэн үг юм . Асуудлыг юу үүсгэж байгааг үндсээр нь ойлгож эхэлбэл, хоосон айх зовних биш - харин болгоомжлох ёстой зүйлсээ ялгаж салгаж, сэргийлж, алдаагаа засаж сурна.
 
Хүмүүн бид энэ амьдралынхаа, хувь заяаныхаа эзэд бөгөөд бидний сонголтоос бүх зүйл шалтгаалдаг. Хүний сэтгэхүй, оюун ухааны хүч үнэхээр гайхамшигтай. Энэ хүчээ зөв ашиглахын тулд юуны түрүүнд бодит үнэнийг олж мэдэх хэрэгтэй. Гэтэл үнэн зүйлийг "сөрөг мэдээлэл, сөрөг хандлага" хэмээн ухуулж, "эерэг байх"-ын тулд үнэнийг мэдэхээс татгалзахыг, хэрэглээний донтон хүн сүрэг болж, бусдад гэнэнээр ашиглагдаж, гол зүйлээ ойлгохгүй адгууслаг амьдрахыг хүн төрөлхтөнд энэ кино/ном уриалж байна. Энэ бол "Нууц"-ын цаадах нууц - хүний оюун санааг хайрцаглах гэсэн башир арга юм.
 
"Хамаагүй муу юм бодвол тэр бодол чинь биелчихнэ шүү" гэж айлгаж хууран, системтэй зөв бодож сэтгэж эргэн тойрондоо болж байгаа бүхий л зүйлсэд бодит үнэлэлт дүгнэлт өгөхгүйгээр нүдээ аньж чихээ бөглөн ертөнцийн бор хоногийг элээхийг өөрсдөөр маань зальдаж байгаад "сонгуулж" байна. Энэ бол таны дээд ухамсар сэтгэхүйд "мэдээ алдуулагч шахаж", сонор сэрэмжийг тань "унтуулан", асуудлыг цогцоор нь харуулахгүй жижигхээн юманд төвлөрүүлж амьдруулах гэсэн оролдлого.
 
Өөдрөг үзэл гэдэг бол үнэн зөв мэдлэг мэдээллийг олж, оюуны хүч чадлаа бүрэн дүүрэн ашиглан, бүгдийг эргэцүүлэн бодож ухаарсны үндсэн дээр сайн сайханд сэтгэл үл шантран зорих, өөрийнхөө сул талыг ялан дийлж, алдаа дутагдлаа засаж, хүнч сэтгэлээр бусдадаа тусалж, шударга ёсны нийгэм журмыг байгуулж, зөвийг эрхэмлэж, сайн үйлсийг бүтээж, чин шударга амьдрах зориг тэмүүлэл юм.
 
Өөдрөг үзэлд тавтай морил.
Ч.Солонго
2015-12-22
 
 
 
 
1 1 1 1 1 1 1 1 1 1 Үнэлгээ: 4.64 (7 удаа үнэлсэн)