Кино гэгч нийгмийн толь

Америкийн кино урлагтай монголчууд танилцаж эхэлсэн тэр үеэс бие биенээ залилж луйвардсан, тонож дээрэмдсэн, алж хүчирхийлсэн, мансуурсан, самуурсан гэмт хэргээр дүүрэн капиталист нийгэм, гаж донтнуудын сэтгэлийн ертөнц рүү өнгийж, бас шинжлэх ухааны туршилт судалгааны үр дүнд гаргаж авсан болон харь гаригаас ирсэн гэх элдэв гаж амьтан, вампир, зомби гэх мэт эрэмдэг зэрэмдэг хүн араатны довтолгооноос айж түгшсэн, үхэлдэн тэмцэлдсэн, оргож зугатсан гэх мэт социализмын үеийн монгол хүний сэтгэл оюунд багтахгүй зүйлсийг киноноос үзэх болж “зөвхөн Америкт байдаг амьтас” хэмээн амьхандаа доог тохуу хиймээр санагддаг байлаа.

Үнэнийг хэлэхэд саяхан болтол америкчууд яаж ийм юмыг бодож олдог байна аа хэмээн гайхахад хүрдэг байснаа нуух юун.

“Өндөр хөгжлийнхөө үр дүнд ийм урлагийг бүтээж байна” хэмээн манай зарим нэг хүн, нэгээр ч тогтохгүй хэсэг бүлэг этгээд магтан сайрхдаг, магтаад ч зогсохгүй бодлоготойгоор телевиз, кино театрын дэлгэцээр өдөр шөнөгүй гаргаж, нийгмийн тархи толгойд хүчээр чихэж буй Холливудын киноны эдгээр үзэгдэл нь капиталист хэмээх ертөнцийн өөрийнх нь толинд туссан бодит амьдралынх нь дүр төрх, амьдрал ахуй нь байжээ.

Харамсалтай нь энэ талаар учрыг нь олох гэж гайхшрах ч шаардлагагүйгээр нөгөөх Холливудын киноны хуулбар нь манай нийгмийн амьдралд шууд буугаад ирэв. Монгол кинонд ч нөгөө мафи, хүйтэн зэвсэг барьсан этгээдүүд бие биенээ алж хядсан үйл явдал тусгалаа оллоо.

“Социалист” хэмээн адлагдсан тайван сайхан амьдралын дүр зураг улстөрийн тайзны хөшиг хаагдаад нээгдэх агшинд “капитализм” хэмээх хар бараан үзэгдлээр солигдох нь тэр. Эцэг өвгөдөө хүндлэн асардаг, гэр бүлийн цэвэр ариун ёс журмыг эрхэмлэж, үр хүүхдээ аминаасаа ч илүү хайрлаж, төлөв түвшин, хүнлэг шударга хүмүүн болгон өсгөж хүмүүжүүлэх эцэг эхийн жам ёсны үүрэг хариуцлагыг энэ амьдралынхаа утга учир гэж ойлгож ирсэн хүний ухамсарт ёс зүй алдагдаж, халдварт тахал тарах мэт төрсөн нярай үрээ гудамжинд хаях, биесийнхээ амийг нь егүүтгэх, хүчирхийлэх, хүний наймаа, хар тамхины худалдаа эрхлэх, ямар ч гэмгүй нялх балчир үрээ хүйтэн мэсээр хэрчиж зовоон зугаагаа гаргах хүртэл адгууснаас дор, аймшигт муу ёрын авир араншинтай хүн дүрст араатан, мөнгөний төлөө яахаас ч буцахгүй этгээдүүд хогийн ургамал шиг их бий болцгоов.

Хар хэргүүд нийгмийн амьдралын хэмнэл болов

“Согтуу эр эхнэрээ гудамжаар хөөж яваад найзуудтайгаа зугаалж байсан залууг хутгалж амийг нь хөнөөсөн хэрэг гарлаа. Тухайн үед хохирогч тавдугаар сарын 1-нд 21.00 цагийн үед найзуудын хамтаар “Гандантэгчилэн хийдийн ойролцоо алхаж явсан аж...”

“Сонгинохайрхан дүүр­гийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт энэ сарын 2-нд шилжих шөнө хүчингийн гэмт хэрэг гарчээ. Тодруулбал тус дүүргийн иргэн 11 настай, эмэгтэй У-г унтаж байхад нь нагац ах А нь согтуурсан үедээ хүчиндсэн байна...”,

“... Өнгөрсөн амралтын өдөр буюу энэ сарын 5-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрээс дөнгөж төрсөн нярай эмэгтэй хүүхэд олсон байна. Түүнийг тус дүүргийн “Өндөр дэнж” хотхоны 77 дугаар байрны нэгдүгээр орцонд хаясан байжээ...”

“...Бага насны хүүхдээ заазуурдаж, зодож танхайрсан харгис аавын хэрэг /05 дугаар сарын 10-нд/ олныг цочирдуулсан билээ. Гэтэл ийм хэргийн дуулиан намжаагүй байхад өнгөрсөн амралтын өдрөөр 05 дугаар сарын 18-нд үүнтэй төстэй хэрэг Чингэлтэй дүүрэгт гарсан байна. Тодруулбал тус дүүргийн XIII хорооны иргэн Б нь гэртээ согтуурсан үедээ төрсөн хүүгийнхээ гар, хурууг хутгаар зүсэж танхайрчээ. Ингэхдээ хүүгээ "Ээжийгээ өмөөрлөө" гэх шалтгаанаар балмад авир гаргасан талаар албаныхан мэдээллээ.”

“Хөвсгөл аймагт хагас өнчин хүүг 3 жил пинд хорьж байсан нь илэрчээ.”

Дөнгөж 5 дугаар сарын эхний хэдэн хоногт л илэрч, мэдэгдэн хэвлэл, мэдээллээр яригдаж байгаа нь энэ. Эдийн засгийн том хэргүүдийн талаар бол бүр ярилтгүй. Монголын өнөөгийн нийгмийг бүхэлд нь аваад үзвэл аль ч утгаараа томоо гэгчийн “хогийн сав”-тай зүйрлэмээр ...

Гэтэл энэ бүхнийг “эрх чөлөөний илэрхийлэл” гэж тайлбарлах нь энүүхэнд.

Эрүүл ухааны айдас эрх чөлөө мөн үү?

Тиймээ үнэхээр нийгмийн хүн бүрийн эрх чөлөө бүрэн хангагдсан бол шударга ёс, эрүүл саруул ухааны эрх тэгш үүрэг хариуцлага, хүн бүрийн бүтээлч урам зоригийг бадраасан сайхан нийгмийг богино хугацаанд бий болгож, айл өрх бүрийн аз жаргалтай тайван сайхан амьдралыг хангаж болох байлаа.

Үнэхээр ард түмэнд эрх чөлөө нь олгогдсон бол өнөөдөр УИХ-д суудалтай намуудаас Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшигчдийг нэр дэвшүүлсэн өдрөөс нь эхлэн хэн нь юу хийж чадахыг, хэн нь юу хийж ирснийг, Төрийн тэргүүн болгож болох хүн мөн үү үгүй юу?! гэдгийг ард иргэд газар бүр шүүн хэлэлцэж, үүнийг хэвлэл мэдээллийн хэрэгслүүд зохион байгуулан манлайлж байх байлаа. Жишээ нь Ц.Элбэгдорж 2009 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар “Монголын төрийг олигархиудаас цэвэрлэе...” хэмээн хамгийн чангаар амлаж, нүдээ дээш эргэлдүүлэн байж хэлж байсан тэр үгийг нь телевизүүд хичнээн дахин давтан үзүүлж байсныг одоо ч олон хүн тодхон санаж байгаа байх. “Төрөөс тэрбумтнууд төрдөг явдлыг таслан зогсооно” гэсэн амлалтаа, яаж хэрэгжүүлэв ээ?! Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өөрөө өнөөдөр “таслан зогсоох” тэр хүмүүсийнхээ эгнээнд орчихсон юм биш үү?! Жилийн орлого нь л 321 сая төгрөг болчихсон нь ямар гээчийн “бизнес” хийснийх вэ?!

Өмнөговийн Засаг дарга Б.Бадраагийн төсвийн мөнгө зүй бусаар шамшигдуулсан жагсаалтанд Ерөнхийлөгчид бэлэглэсэн 7.2 сая төгрөгийн үнэтэй алтан аяга орсон гэдэг чинь нэг ёсондоо төсвийн мөнгийг хамтран хулгайлж завшсан хэрэг биш үү?! Ерөнхийлөгч байх хугацаандаа гадаадын хичнээн улсад зугаалж хэдий хэр зардал гаргав, үүнээс Монголд тусах ашиг тус нь тэгээд юу юм бэ?! Ерөнхийлөгч таны оролцоотойгоор Монгол улсын ямар ямар газар нутаг гаднын эздийн мэдэлд оров?! Нөгөө шударга шүүх хаана явна? Нөгөө гэм зэмгүй олон иргэний амь насыг хохироосон хэргүүд, хортой архиар “террор” үйлдсэн этгээдүүд яагаад ял шийтгэлгүй үлдэв?! ... Мөрийн хөтөлбөртөө амлаж байснаасаа яг юу хийв? Ер нь Монгол улсад хэрэгтэй юм хийв үү?!... гэх мэт олон асуулт асуумаар, түүндээ хариулт авмаар байна.

Гэвч харамсалтай нь ингэж асуухаасаа бүгдээрээ айцгааж байна. Айсандаа тал засаж зарим нь “Монгол туургатны 100 эрхэм” гэгч нэвтрүүлгийг хууль зөрчин хийж байна. Эрх мэдэлтэй учраас Ц.Элбэгдорж хууль зөрчин сурталчилгаагаа явууллаа. Тэглээ гээд түүнийг яаж ч чадахгүй юм чинь. Харин иргэд тэгж зөрчих гээд үз л дээ... Энэ бол намын гэх мафи буюу гэмт хэрэгтний бүлэглэлүүдийн дарангуйлалд орж хүчтэний өмнө хүчгүй нь буруутай гэдэг зарчим нийгэмд үйлчилдэг болсны нэг жишээ нь юм.

Дашрамд Бавуугийн Лхагвасүрэн гуайд хандаж хэлэхэд таны бэлтгэж, эрх баригч намын гарт байгаа бүх телевизийн сувгаар хэд хоног тасралтгүй цацагдсан уг нэвтрүүлгийг “бүтээл” гэдэггүй юм. Төрийн тэргүүнээс жирийн нэг малчинтай ярих ярианы сэдвээр ярилцлага авч байгаа нь эрүүлээр сэтгэдэг хэнд ч болов их л жол төдийгүй үүрэг хариуцлагынх нь эмзэг сэдвээс олон нийтийн анхаарлыг зайлуулан хаацайлах гэж ядсан арга л байсан шүү дээ.

Үүнийг олон улсын хэмжээнд нэршсэн үгийн монгол орчуулгаар бол “тархи угаалт” гэдэг юм билээ. Бэлтгэсэн сэтгүүлчид нь ч, бэлтгүүлсэн Ерөнхийлөгч нь ч хэрэв хуулиа мөрдөх ёс жудагтай байсан бол хуулиар хориглосон цаг хугацаанд нэвтрүүлгийг гаргахгүй байх байсан. Гэхдээ нөгөөх сурсан занг сураар боож болдоггүй болохоор хүнийх нь мөн чанар нь цухуйгаад байх юм даа.

Төсөл хэрэгжүүлж байгаа “Монгол туургатны 100 эрхэм” гэх наад цуврал нэвтрүүлэг чинь ер нь нийтдээ л тусгай санхүүжилт бүхий ихээхэн өнгөлөн далдалсан, Монголчуудын “тархийг угаах” зорилготой, гадны бодлогоор хийгдэж байгаа ажил гэдэг нь тодорхой байгаа. Монголын хойч үеийнхний дууриалал болгон замнах “баатруудыг” гаргаж ирэх зорилготойгоор голдуу саар тал нь дийлэнх болсон этгээдүүдийг гоёж чимэн “гаргаж” байгаа нь хүнийг сайн талаас нь харахын үлгэр биш, харин бүлэглэн хулгайлдаг, эх орноо худалддаг, хөрөнгө мөнгөний төлөө яахаас ч буцахгүй этгээдүүдийн замаар залуу үеийг хөтлөх гэсэн цаад санаархал билээ.

Мөнгөтэй бол юу ч хийсэн ингээд магтагдаад сууж байдаг юм байна гэсэн гэнэн итгэл үнэмшлийг төрүүлэх, бүр бодит байдал болгон дархлах гэсэн санаанаас өөр юу ч биш ээ. Энэ мэтийн суртал нэвтрүүлгийг Америкийн ТТГ-ын санхүүгийн дэмжлэг заавраар дэлхийн өнцөг булан бүрт хэрэгжүүлж ирсэн, хэрэгжүүлсээр байгаа “сэтгэл зүйн дайны” туршлага дэлхийн олон нийтэд харуулсаар, тиймээс ч газар бүр ойлгож, мэдэрч, жигшин эсэргүүцсээр байгаа билээ. Социологийн судалгаа авахад манай дунд сургуулийн ахлах ангийн сурагчдын 80 хувь нь “шударга байснаас мөнгөтэй байсан дээр” гэсэн хариултыг өгсөн тухай яригдаж байсан нь ч Монголын ирээдүй үеийнхний сэтгэхүй хэрхэн эвдэрч буйн тодорхой үзүүлэлт юм.

“Ардчилсан” хаягтай капитализм буюу боолын нийгмийн боловсронгуй хувилбар Латин америкийн улс орнууд дахь нэр хүндтэй томоохон удирдагчийн нэг байсан Уго Чавесийн хэлсэнчлэн “Ардчилал гэсэн шошготой Америк хогийн сав” манайд хэрхэн бий болсныг Монгол Улсын Үндсэн хуулиасаа л эхлэн харж болно. Уг нь Монгол улсын Үндсэн хуулиар хүн бүр сонгох сонгогдох эрхтэй гэсэн хэр нь Ерөнхийлөгчид нэр дэвшигчдийг зөвхөн УИХ-д суудалтай намууд нэр дэвшүүлэхээр зааж, бие дааж нэр дэвших боломжгүй, ард иргэд нутаг дэвсгэрийн харьяаллаараа хэлцэж нэр дэвшүүлэх эрхгүй болгосон нь нөгөөх “хүн бүрийн сонгох сонгогдох эрх” гэгчээ баруунаараа өгөөд зүүнээрээ булаагаад авахтай адил буюу лангууныхаа ард муу бараагаа сольж боогоод атгуулах луйварчны аргыг эрхгүй санагдуулна. Үндсэн хууль боловсруулах ажлын хэсэг Америкт очиж туршлага судалж, зөвлөгөө авсныхаа үр дүнд заалтууд нь хоорондоо зөрчилтэй, иймэрхүү л хууль боловсруулсан ажээ. Тэгээд цаашид эрх баригч бүлэглэлүүд Үндсэн хуулийг хэрхэн яаж дур зоргоороо засаж өөрчлөн “зэрэмдэглэснийг” бүгдээрээ мэдэх билээ.

Одоо бүр Үндсэн хууль ч хамаагүй болсон. Эрх мэдэл авахын тулд өөрсдөдөө зориулаад Үндсэн хуулиа зөрчсөн хууль гаргачихдагийг, бүр гадны ноёд ирээд зааж зааварчлан өөрсдийнхөө эрх ашигт нийцүүлсэн хууль захиалан гаргуулдгийг та бид мэдэх болсоор удаж байна. Ардчилалын гэх “хуулийн засаглал” гэгч нь нэг иймэрхүү. Үг хэлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөө гэгч нь бүр ч инээдэмтэй. Хэн нэг иргэн нийгмийн чанартай, тэр тусмаа эрх баригч намуудын бугшсан луйвар, нийгмийг талцуулан хагаралдуулсан хорт үйл ажиллагааг шүүмжилсэн зүйлийг ярих нь “улс төржсөн” гэх нэгэн төрлийн “гэмт хэрэг”-т тооцогдож хориглогдоно. Бүр захын телевиз л иргэний үгээ хэлэх эрхийг нь “улс төржихийг зөвшөөрөхгүй” гээд таслан хаана. Энэ нь тухайн мэдээллийн байгууллага л өөрөө “улс төржиж” иргэний үзэл бодлыг ялгаж, ялгаварлаж “цензур”-дэж байгаа хэрэг шүү дээ. Эрх мэдэлтэй, хөрөнгө мөнгөтэй этгээдийн хууль зөрчсөн, нийгэмд хортой үйл ажиллагааг олон нийтэд илчлэх эсэх нь тухайн хэвлэл мэдээллийн эзний л ашиг сонирхлоор шийдэгдэнэ. Хэвлэл мэдээллийн эрх мэдэлтнүүд нь “төлбөр” аваад гэмт этгээдтэй албан ёсны “хаалтын гэрээ” гэгчийг байгуулаад гэмт хэргийг нь нуун дарагдуулж болно. Энэ нь үндсэндээ авилга аваад хэргийн баримтыг устгаж буйтай адил гэмт хэрэг мөн. Тэр тусмаа улс орны сонор сэрэмжийг бүрдүүлэгч олон нийтийн ой санамжид үнэн зөв мэдээллийг хүргэхээс санаатайгаар зайлсхийж, нийгмийн өмнө хүлээсэн мэдээлэл түгээх үүрэг хариуцлагыг наймааны хэрэгсэл болгон завхруулж байгаа нь туйлын ёс зүйгүй хэрэг билээ. Гэтэл манайд энэ нь хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн оршин тогтнох үндсэн буюу хүлээн зөвшөөрөгдсөн арга хэлбэр нь юм.

Энэ мэтээр манай нийгмийн бүх үйл ажиллагаа “авилгыг тэтгэх” тогтолцоогоор оршин тогтнож байгаа. Тиймээс ч манай нэгэн эрдэмтэн багшийн хэлсэнчлэн өнөөгийн Монголын нийгмийг “эзэн буюу босс, зарц буюу үйлчлэгч, гуйлгачин ядуус буюу гудамжныхан” гэсэн гуравхан төрлийн хүн бүрдүүлж байгааг хүлээн зөвшөөрөхөөс аргагүй. Юуных нь төрийн албан хаагч байх вэ?!

Үнэндээ шүүгч, прокурор, цагдаагаасаа эхлэн Төрийн бүх албан хаагчид нь мөнгөтэй, эрх мэдэлтэй “эзэнд” үйлчилдэг “зарц” буюу үйлчлэгч гэдэг ангилалд багтах болсныг нийгэм тэр чигтээ батлана. Хүн хүндээ итгэх итгэлээ алдаж, шударга ёс үгүй болсныг шүүмжилсэн, сануулсан мэдэгдэл, шаардлага, гомдол зарга, хэрүүл тэмцэл, нийгмийг бүхэлд нь хар бараан болгосон үйл ажиллагаа бүхний цаана төрийн алба гэгч нь бүхэлдээ мөнгөө төлсөнд нь үйлчилдэг “хөлсний этгээд” буюу “зарцын” ангилалд багтах болсныг батлах хангалттай арвин баримт байдгийг үгүйсгэх хүн үгүй байх аа.

Энэ бүхэн чухамдаа “ардчилал” гэсэн хаягтай капитализм нь цөөн хэдэн олигархын дур хүсэл дор сөхрөн нухлагдсан, боолын нийгмийн боловсронгуй хувилбар болохыг тодорхой илэрхийлж байгаа билээ. Хүн төрөлхтнийг “зомби” болгох Америк бодлого хийгээд Монгол аль улсын өмч болчхов? Иргэн бүрийнхээ амар тайван, тэгш амьдралын баталгааг хангадаг байсан “социалист систем”-ийг задлан унагасан ч түүнээс үхтлээ айж, үзэн ядаж, бүх л муу муухай арга хэрэгслээр устгахыг зорьж байсан, хохимой толгой бүхий туг барьж, шүдээ хүртэл зэвсэглэсэн “Америк бодлого”, “Америк ашиг сонирхол”-ын бүлэглэлийн сэтгэлийг нь амраасангүй. Яагаад гэвэл хүн эрүүл саруул ухаанаар сэтгэж байх нь боолчлолын бодлогод нь аюултай байлаа. Тийм ч учраас хүн төрөлтнийг өөрсдийнхөө дуулгавартай боол байлгахын тулд - сэтгэл зүйг нь эвдэн сүйтгэж “зомби”, “вампир”, “манкурт” ... болгох, - баялгийг нь эзэмшихийн тулд улс үндэстнээр нь үгүй хийх, - дэлхийн хүн нэг бүрийг хянаж байхын тулд арьсан дор нь “чип” суулгах, - зөвхөн өөрсдөөс нь л хоол гуйдаг байлгахын тулд бүх хүнсний зүйлийг генийн өөрчлөлтөд оруулан, патентлан өмчилж авах... гэх зэрэг солиотой санааг бодож олж, аймшигт төлөвлөгөө боловсруулан, тэр бүхнээ хэрэгжүүлэхийн төлөө зогсолтгүй зүтгэсээр ирсэн бодлогын тэр бүх баримт бичгүүд нь өнөөдөр хүн төрөлхтөнд нэгэнт ил болжээ.

Эцсийн эцэст тэр бүхэн нь хүн төрөлхтнийг сүйрэлд хөтөлж, өөрөө өөрийнхөө амийг хөнөөх гэж байгаа тэнэг хэрэг болохыг ойлгоогүй явсан “Эдийн засгийн алуурчин” ч түрүүчээсээ гэмшин нүглээ наманчилж, дэлхийн олон нийтэд үнэнийг өчиж ном хүртэл бичсэн нь манайд ч орчуулагдан гарсан. “Америкийн Үндэсний Аюулгүй байдлын эрх ашгийг хамгаалах” гэгч тэр бодлогуудыг эх баримтаар нь илчилсэн олон ч ном гарлаа. Гэвч тэглээ гээд хүн төрөлхтнийг “зомби” болгох тэдний санаархал зоссонгүй. Өнөөдөр манайд хүртэл тэр бодлого нь бодит аюул болон хэрэгжиж байгааг бид бүхэн харцгаасаар л...

“Ардчиллын сүйтгэлээс” олз хайсан хүмүүс буруу бодлогыг нь эсэргүүцсэн бүхнийг “коммунист” хэмээн хараан зүхэж, Монгол орны газар бүрт нутаг орныг хордуулж, байгаль ан амьтныг нь сүйтгэж, ард иргэдийг амьдралынх нь орчноос шахан зайлуулж, гишгэх газаргүй, уух усгүй, ажил орлогогүй, амьдрах аргагүй болгож байна. Америкт “бэлтгэгдсэн ардчилагчид” Арабын орнуудад төрийн эрх мэдлийг нь авахын тулд иргэний дайн дэгдээж байгаа бол Монголд аль хэзээний Төр засгийн эрхийг авцгаачхаад Монголын газар нутгийг гадныханд худалдаж, бэлэглэж байгаа билээ. Өнөөдөр тэд Монголд ашиггүй Оюутолгойн гэрээг хийж, ураны цацрагийн гамшгаар Дорноговь аймгийн Улаанбадрах сумынхныг хордуулан золиослохыг “Коже говь” гэгч гадаадын компанид үг дуугүй зөвшөөрч байна.

Дашрамд дурдахад 1990 оноос хойших сонгуулиудыг АНУ-ын Бүгд найрамдахчуудын олон улсын хүрээлэнгээс санхүүжүүлж байсныг илчилсэн Америкийн судлаачийн ном монгол хэл дээр орчуулагдан гарсныг монголын олон нийтэд үнэнийг мэдүүлэхгүй гэхдээ бөөнөөр нь устгасан дуулдана. “Гадаад хандивлагчдын хайртай хонгор” гэх тэр ном аль ч номын дэлгүүрт байхгүй байгаа. Энэчлэн гадныхны гар хөл болсон эрх баригчид дэлхий нийтийн түгээмэл хэрэглээ болсон мэдээллийн цахим хуудсууд руу ч гар далайн, хааж хамхихыг санаархаж, өөрсдийнх нь талаар үнэнийг илчилсэн мэдээ, мэдээлэл, зөв ухаарал, үзэл бодлын илэрхийлэл бүхнийг, тэр дундаас өнөөгийн Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн талаарх ноцтой мэдээлэл нийтлэлүүдийг “сайтуудаас” ор мөргүй устган арилгах, хариу мушгин гуйвуулсан, заналхийлсэн, хараан зүхсэн санал сэтгэгдлийг хөлсний этгээдүүдээр бичүүлэх зэрэг “мэдээллийн хүчирхийлэл”-ийг ч завсар зайгүй явуулсаар байгаа.

Харин энэ хооронд Монгол улс хэний өмчид шилжчихээд байгааг ч иргэд ойлгохгүй будилахад хүрээд байгаа билээ. Тухайлбал Америкт бэлтгэгдсэн ардчилагчдын нэг, Монголыг худалдагч УИХ-ын гишүүн С.Баярцогтын гадаадад бүртгүүлсэн нууц компани нь Хятадын монгол гэж бүртгэгдсэн байсан төдийгүй Монгол Улсын төрийн өмчит МИАТ компанийн тийзэн дээр Хятадын Монгол гэж албан ёсоор зарлагдан бичигдсэн байсныг анзаарсан мэдээллүүд нь манай төрийн эрх барьж буй этгээдүүд үгсэн хуйвалдаад Монгол улсаа тэр чигт нь бусдад худалдчихсан юм биш үү гэх сэтгэгдлийг өөрийн эрхгүй төрүүлж байгаа. Ямар ч гэсэн гадаадын гүрнүүдэд тэгж сурталчилж таниулж байгаа юм байна. Харамсалтай нь энэ бол бодит баримт билээ.

Харин ард иргэддээ хандсан нөгөө талын бодлогын дүр зураг нь шинээр баригдаж байгаа барилга дээрээс төмөр унагаж, согтуугаар машин жолоодон дайрч, шатааж, хүчирхийлж, монгол хүний амь насыг зуурдаар олноор нь хороож байна. Хүүхэд залуусыг архи, хар тамхинд донтуулж, садар самуун, хөнгөн амьдралд уруу татаж байна. Гэмт хэрэг гаарч, гэмт хэрэгтнүүд улам тэнэг хэрцгий болж байна. Монгол хүн араатнаас дор орж, адгууснаас хямд үнэлэгдэж байна. Харин тэр бүхний төлөө эрх баригчид санаа тавихдаа цаазын ялыг хориглож, өршөөлийн хууль гаргасаар ...

Ийнхүү Монголд “зомби”-ийн эрх чөлөө дэвэрч байна. Бусдын тулгалтанд бөхөлзөж Бурантагтай тэмээ шиг хөтлүүлэхээ больцгооё! Ядарч цөхөрсөн ард иргэд ажил хаяж, мэдэгдэл хийж, Төр Засгийн эрх баригчдадаа захидал бичиж, цалингаа нэмүүлэхийг, ажлын нөхцлөө сайжруулахыг, цөмийн түүхий эдийн хор аюулаас газар нутаг, мал сүрэг, амь амьдралыг нь хамгаалахыг гуйж царайчлан аргаа ядацгааж байна. Гэтэл эрх мэдэлд улайрсан эрх баригчид, улс төрийн намууд ард иргэдийн энэ цөхрөл горьдлого бүхнийг үл хайхран Ерөнхийлөгчийн сонгуульд л анхаарлаа хандуулан талцацгаав. Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалыг шинэчлэх нэрээр Монгол Улсыг цөмийн түүхий эд бэлтгэгч, булшлагч орон болгох “зорилгыг” үзэл баримтлалд тусгах ажлыг санаачлан гүйцэтгүүлчхээд НҮБ-ийн индэр дээрээс “цөмийн хог хаягдлыг булшлуулахгүй” хэмээн санаа зорилгынхоо эсрэг үгийг хээв нэг хэлж байсан Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнөөдөр Дорноговийн Улаанбадрах сумын ард иргэдэд нүүрлээд байгаа ураны цацрагийн аюулын талаар жишим ч үгүй сууж байна. Гэтэл Ц.Элбэгдоржийг дэмжигчид НҮБ-ийн индрээс хэлсэн үгийг нь цөмийн түүхий эдийн цацрагийн аюулаас Монголыг аварсан гавьяат үйлс мэтээр сурталчилж байгаа нь “Хай би сайхан хоолны нэр хэлваа, чи түүнийг савхадваа. Тэгээд надад мөнгө төлваа” гэх шиг увайгүй сонсогдоно. Зөвхөн энэ хандлага л Монгол төрийн жолоог атгах гэж ямар хүмүүс улайрцгааж байна вэ? гэх айдас, гайхшралыг төрүүлнэ.

Өнөөдөр УИХ-д суудалтай намуудаас Ерөнхийлөгчид нэр дэвшсэн гурван хүнийг аль алиныг нь муулж ч магтаж ч ярьцгааж л байна. Ард олон тэднийг аль алиныг нь сайн мэддэг болохоор тэр. Бас аль нь ч сонгогдлоо гэсэн Монгол Улсын аюулгүй байдлын төлөө, Монголын ард түмний сайн сайхан амьдралын төлөө тун бага анхаарна гэдгийг мэдэж байгаа болохоор тэр. Тэд намаасаа уяатай, нам нь гадныхны хөлөөс зуураатай болохоор тэр. Тэгвэл бид яагаад мэдсээр байж улс үндэстний эсрэг бодлого үйл ажиллагаа явуулж байгаа намуудын тулгалтаар санаанд нийцэхгүй байсан ч “хоёр хулгайчаас энэ нь арай дээр юм даа” гэсэн ядарсан сэтгэхүйгээр хандаж, алийн болгон бусдад хөтлөгдөх бурантагтай тэмээ болж явах юм бэ?!

Алийг нь ч бид хүлээж авахгүй, ард түмний төлөө үнэхээр ажиллах хүнийг нэр дэвшүүлэх хүртэл бид сонгуулийг хүлээн зөвшөөрөхгүй гэж хэлэх эрх нь ард түмэн бидэнд бий. Үнэндээ бол Ард түмний сонголтоор биш намын жагсаалтаар дийлэнх нь томилогдож, Монгол Улсын Үндсэн хууль зөрчиж байгуулагдсан өнөөгийн УИХ-ыг хууль зүйн хувьд хүчин төгөлдөр байгууллага гэж үзэх аргагүй бөгөөд нэгэнт хуулийн хүчин төгөлдөр бус УИХ-д суудалтай намуудыг Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэх эрхтэй субъект гэж хүлээн зөвшөөрөх үндэслэл ч байхгүй билээ.

Тиймээс энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуулийг нэг хоёр намын тулгалтаас ангид нийт ард түмнээрээ хэлэлцэж, нийгэм улс орны ашиг тусын тулд хийх зайлшгүй шаардлагатай ажлуудыг нь зааж үүрэгдэж, хэрэгжүүлэх арга хэлбэрийг нь ч асууж, сонсож, шилж сонгон нэр дэвшүүлж, жинхэнэ Монгол төрийн тэргүүнээ гаргаж ирцгээе! Ард түмэн өөрсдөө хувь заяагаа шийдэх зориг хүслийнхээ дор нэгдэцгээе!

О.Лхагвадорж

 

...........???......!!!.......???......!!!


Холбоотой нийтлэлүүд

 

1 1 1 1 1 1 1 1 1 1 Үнэлгээ: 5.00 (1 удаа үнэлсэн)

Сэтгэгдлүүд  

zochin
0 # zochin 2013-06-03 16:46
та удахгүй болох томоохон хямралыг хэрхэн төсөөлж байна? Үүнийг хэрхэн даван туулж гэтлэх вэ?
Хариулах | Ишлэл татаж хариулах | Ишлэл
Монгол
0 # Монгол 2013-06-17 16:27
Дээрх нийтлэл 200% бүр түүнээс ч илүү үнэтэй. 2008 оны болон 2012 оны сонгуулийн дараа АНУ-д сонгуулийг хэрхэн сонгууль биш болгодгийг үзүүлсэн баримтат кино гарч эхэлмэгц TV-9-ийн дуу дүрсийг хаачихаад байсан. Энэ бол улс орныг Монголын төлөө зүтгэх монгол хүх бус Америк, барууныханы төлөө улс орноо сүйтгэх хөлснийхөн ажиллаж, үнэнийг ард түмнээс нуугаад байгаагийн хамгийн бодит баримт мөн.Дүр эсгэсэн "Ардчилагчид" буюу барууны бууны нохдыг хөөж ....... Тэгэхгүй тэднийг зүгээр хөөгөөд явуулбаль эргэж ноцоод, амар заяа үзүүлэхгүй_
Хариулах | Ишлэл татаж хариулах | Ишлэл

Сэтгэгдэл бичих

Таны бичсэн сэтгэгдлийг сайтын админ зөвшөөрсөн үед нийтлэх болно. Зөвхөн кирилл үсгээр зөв бичгийн алдаагүй бичсэн, интернет соёлын хэм хэмжээнд нийцсэн сэтгэгдлийг хүлээн зөвшөөрөхийг анхаарна уу. Сэтгэгдэл бичихийн өмнө "Интернет соёлын хэм хэмжээ" нийтлэлийг уншихыг танд зөвлөж байна.


Security code
Шинэчлэх

    • Цахим шуудан:
      • This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
      • This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
    • Мэдээлэл харилцаа хариуцсан ажилтны утас: 98279574, 99721223
    • Номын борлуулалт хариуцсан ажилтны утас: 99721223, 80088803, 99936217
    • Худалдаа хөгжлийн банк:
      • Хүлээн авагчийн банк: Худалдаа хөгжлийн банк
      • Хүлээн авагчийн данс: 456 094 040 (төгрөгийн данс)
      • Хүлээн авагчийн данс: 456 086 397 (долларын данс)
      • Хүлээн авагчийн нэр: Болор Дэмчиг(-ийн) Бусад данс