Херлуф Бидструпын нэрийг мэддэггүй, түүний хошин шог зургуудыг үзээгүй хүн гэж байгаагүй билээ. Харин одоо “юу ч мэдэхгүй байх” эрх чөлөөтэй болсон зарим хүмүүс, ялангуяа залуу үе маань тэр болгон энэ бүхнийг мэдэхгүй, дуулаагүй, үзээгүй байх нь таарах болжээ. Энэ байдал бол дан ганц тэдний буруу биш, харин өнөөгийн ном хэвлэл мэдээллийн хачин жигтэй нэг талыг барьсан байдал, төлбөртэй мөртлөө чанаргүй болсон байгаа боловсролын үр дагавруудын нэг юм. Гэсэн хэдий ч ихэнх монголчууд түүний хошин шог зургуудыг ном, сэтгүүл, сонин хэвлэлээс хаа нэгтээ заавал харсан, үзсэн байдаг биз ээ...

 Данийн алдарт шог зураач Херлуф Бидструп (1912-1988) шог зургууд, улстөрийн төрийн элэглэл зургууд зурж дэлхий дахинд маш их амжилт олж алдаршиж байсан билээ. Гэвч юуны өмнө тэрээр хошин элэглэл, шог зургуудаараа бүтээж байсан бяцхан өгүүлгүүдээрээ ихэд алдаршсан юм. Бидструп тухайн үеийнхээ нийгэм-улстөр, хүмүүсийн аж байдлыг элэглэл, шог зургуудаараа гайхалтай тод томруун гаргаж илчилж байсан гэдэг. Би бүүр бага ангид байхад эцэг эх минь авч өгч бид олон жилийн турш гарган ирж үзэж ханадаггүй байж билээ. Одоо ч түүний хошин шог зургууд өнөөгийн бүрэлдсэн энэ хошин шог, эмгэнэлтэй байдлыг тод томруун харуулж байдаг... Түүний шог зургууд нь хүмүүст амьдрал бол тэмцэл гэдгийг ойлгуулж уриалан дуудсан, хамгийн гол нь түүний зургуудаараа хэлж байгаа цаад санааг нь ойлгосон аливаа хүн өөрийн аж амьдралын болон эргэн тойрондоо байгаа хачин сонин шог эмгэнэлтэй байдлыг эргэн харж эргэцүүлэн бодоход хүргэдгээрээ гайхалтай билээ...

Түүний бүтээл зургууд нь инээдтэй хошин, бидний тэр болгон анзаардаггүй “сонин” байдлыг нөхөрсгөөр элэглэсэн, заримдаа өнөөгийн энэ хатуу бодит аж байдлын эмгэнэлтэй хошин шог байдлыг харуулсан байдаг ба ямар ч нас хүйс, үндэстнээс үл хамааран хүн бүрт ойлгомжтой байдаг.

Хэрэв та бүхэн өдөр тутмын ажил амьдралын асуудлууд, хүнд дарамтуудаас бяцхан ч гэсэн хөндийрч стрессээ тайлан чин сэтгэлээсээ инээхийг хүсвэл хэдхэн минут зарж Бидструпын бүтээлийн цоморлигийг нээж хэзээ нэгэн цагт үзэж харж догдолж байсан зүйлүүдээ эргэн нэг дурсаж эсвэл энэ зургуудыг өөр нүдээр дахин нэг харж өөртөө шинээр нээх биз ээ.

Та хэдэн минут зарцуулсандаа харамсахгүй байх гэж найдаж байна. Зургуудын нэрийг зориуд бичээгүй болно. Та бүхэн эргэн санаж эсвэл өөрөө энэ зурагт нэр өгөхийг оролдоод үзээрэй.

Бидструпын бүтээлүүдийн энэ цоморлигийг цаашид нэмж үргэлжлүүлэх болно оо. 1 / 75

Жич: Дээрх зураг дээр "мауз"-аараа товшиж хуудсуудыг цааш эргүүлэн үзэж болно. Зургуудад нэр өгөхийг хичээгээрэй....

 

1 1 1 1 1 1 1 1 1 1 Үнэлгээ: 5.00 (1 удаа үнэлсэн)