Зураг дээр:  хөөсөрсөн эдийн засаг

ЭРҮҮЛ УХААНТАЙ ЭНГИЙН НЭГ ЗАЛУУГИЙН БОДОЛ СЭТГЭГДЭЛ

Монголын энэ үл хөдлөх хөрөнгийн хөөснөөс ч тун удахгүй нэлээдгүй гай дуулдана даа. Манайд олгогдож байгаа байрны зээлүүд бол зүгээр л гадныхны мөнгө хүүлж байгаа арга гэдгийг ямар ч эрүүл ухаантай хүн дүгнэлт хийгээд ойлгож болохоор зүйл юм, уг нь.

Барууны орнуудын төв банкууд бүгдээрээ бодлогын хүүгээ асар бууруулчихсан байна. Үүнийг дагаад зээлийн болон хадгаламжийн (тэнд хадгаламж гэж бараг байхгүй, мөнгийг зүгээр л хэвлэж бусдыг элдэв аргаар шимэгчилж байдаг - bolor.info) хүүнүүд нь маш их буурчихсан байгаа. Жишээ, Британид гэхэд хадгаламжийн хүү жилийн 1-3% дотор хэлбэлзэж байна. Байрны зээлийн хүү дунджаар 3-5% орчим байна. Энэ бол жирийн иргэдэд олгогдож байгаа зээлийн хүү(өмнө авсан зээлийг нь дахин илүү бага хүүтэй зээлээр санхүүжүүлж торгоодог арга гэсэн үг - bolor.info). Банк хоорондын ханш бол үүнээс ч бага. Дээр нь тухайн улс нь татвар авна гэхээр хөгжилтэй орны мөнгөтэй цөөхөн хүмүүст энэ нь ашиг багатай.

Иймд тэд оффшороор дамжуулж татвараас дайжиж (С.Баярцогтын асуудал бол өөрийгөө нууцалсан ондоо ноцтой асуудал) өөр зүйлсэд хөрөнгө оруулалт хийх нь элбэг. Саяхан Британийн банкуудад 27 тэрбум паунд эрсдэлийн эсрэг капитал банкуудын үндсэн хөрөнгөд сох дутсан байна гэсэн мэдээлэл гарсан. (http://www.bbc.co.uk/news/business-22982311) Тэгэхээр эдгээр банкнуудын үндсэн хөрөнгөнөөс давсан ямар их санхүүгийн хөөс байгааг харуулж байна. 27 тэрбум дутна гэдэг бол хөөс нь триллионоор байна гэсэн үг. Иймд дериватын зах зээлийн эрсдэл бол барууны банкуудад нүүрлээд буй томоохон аюул мөнөөсөө мөн.

Ийм учир мөнгөтэй хүмүүс мөнгөө өсгөх өөр боломжуудыг маш ихээр хайж байгаа. Тэдэнд ашигтай нэг арга бол Монгол мэтийн байгалийн баялагтай орнуудад ялангуяа түүхийн эдийн салбарт нь хөрөнгө оруулах эсвэл баялгаар нь барьцаа хийсэн засгийн газрын бондыг нь худалдаж авах маш ашигтай хувилбарууд болж байна. Үүнд эрсдэл үнэндээ харьцангуй бага. Яагаад гэвэл янз бүрийн олон улсын хууль дүрэм, гэрээ хэлцэл, дипломат болон эдийн засгийн шахалтаар тэдний хөрөнгө оруулалт сайн хамгаалагддаг. Монгол мэтийн улс мөнгөө төлж чадахгүйдээ хүрвэл тэд манайхаас дээрх шахалтуудаа хэрэглэн байгалийн баялгийг маань яаж ийгээд салгаад авчих аргаа мэднэ. Хэрвээ Монголын ЗГ эсэргүүцвэл бараг л Куба, Хойд Солонгос, Иран мэтийн улсуудын адил янз бүрийн хориг аргаар ганцаардуулж буланд шахах тул тэгж эсэргүүцэх улс төрчидтэй улс ховор. Тийм улс орон гарч ирлээ гэхэд нийгмийн баячуудын анги давхарга өөрсдөд нь ашиггүй тул гадны улсын тусламжтайгаар бослого хөдөлгөөн өрнүүлж тийм шийдвэр гаргасан улс төрч удирдагчдын эсрэг бүх аргаар тэмцэнэ. Энгийн жишээ гэхэд ийм өрөнд орсон Грек гэхэд ийм шахалтаар өрөө төлөхийн тулд арал, түүх дурсгалын зүйлс гэх мэт олон зүйлсээ зарж байна. (Эндээс хараарай http://www.telegraph.co.uk/news/worldnews/europe/greece/10007606/Greeces-great-fire-sale.html) Мэдээж энэ бол Грекийн ард иргэдийн оролцоогүй дээрээс гарч буй шийдвэр. Хичнээн ард иргэд нь тэмцсэн ч ийм л зүйл болж байна. Нэг өдөр манай улс ийм байдалд ороход ойрхон болчихлоо. Үүнээс үүдээд олон нийтийг хамарсан 7 сарын 1 шиг эсэргүүцэл тэмцэл ч гарч болзошгүй. Тийм явдал гарлаа ч бүгд хожимдсон байх вий.

Монгол дахь байрны зээл гэвэл барилга барьсан компаниудад л ашигтай. Асар өндөр үнээр байр худалдаж авсан эсвэл зээл авсан энгийн иргэд л хохирч үлдэх байх. АНУ дахь хөөс шиг юм болоход банкууд ч яахав дампуурах нь дампуурна. Харин гадны өр зээлийн ачаа нь төрийн нуруун дээр л ирэх байх даа. Хэдийгээр хувийн хэвшлээр орж ирсэн зээл ч гэсэн гадны хөрөнгө оруулагчид ямар нэг байдлаар өөрсдийн засаг захиргаа, олон улсын банк санхүүгийн байгууллагуудын шахалтаараа манай улсыг шахаанд оруулж хохирлоо нөхөхөө мэднэ.

Саяхан гэхэд Оюу Толгойн гадны хөрөнгө оруулагчдад зориулж Дэлхийн Банкны далбаан доор байдаг Multilateral Investment Guarantee Agency (MIGA) буюу Олон Талт Хөрөнгө Оруулалтын Баталгааны Агентлагаас улс төрийн орчин, гэрээ цуцлалтаас үүдэн гарах хохирлоос сэргийлж 1 тэрбум долларын даатгал гаргажээ. (http://www.miga.org/projects/index.cfm?pid=1184) Энэ агентлаг хэдийгээр ДБанкны хамааралд байдаг гэх боловч хувийн хөрөнгө оруулагчдаас бүрддэг. Мөн энэхүү даатгалд хамрагдах хүсэлтийг нэр бүхий хөрөнгө оруулагчдыг төлөөлж Британийн Standard Chartered Bank гаргасан байна. Даатгал нь 15 жилийн хугацаатай. Британийн ерөнхий сайд байсан Тони Блейрийн саяхны айлчлал эдгээртэй холбоотой нь гарцаагүй. Британийн сонинд гарсан нэгэн нийтлэл дээр Тони Блейр Монголын нэгэн албан тушаалтантай уулзахад уг албан тушаалтан нь Т.Блейртэй "Ц.Элбэгдоржийн ялах нь хүлээгдэж буй сонгуулийн дараа эргэж уулзъя" гэсэн байдаг. (http://www.telegraph.co.uk/news/politics/tony-blair/10108005/Tony-Blair-strikes-gold-in-Mongolia.html) Ц.Элбэгдоржийн хувьд сонгуулийн өмнө л баахан шоудсаныг эс тооцвол Оюу Толгойн гэрээг хэвээр нь байлгахыг дэмждэг хүний нэг.

Тэгэхээр дээрх мэдээллийг бүгдийг нь дүгнэж үзвэл хөрөнгө оруулагчдын хувьд Монголд хөрөнгө оруулах маш ашигтай. Тэдэнд эрсдэлийн баталгаа болсон манай улсын баялаг байна. Эрсдэл гарлаа гэхэд түүнийгээ нөхөх арга зам, улс төрийн нөхцөл байдлыг тэд аажмаар бий болгож байна. Нэг талаас хөрөнгө оруулагчид, нөгөө талаас улс төрийн даатгал гаргасан MIGA Монголын улс төрийн амьдралыг зүгээр хэзээ ч хараад суухгүй нь ойлгомжтой. Тэд бүх төрлийн арга замаар Монголын улс төрд нөлөөлөхийг оролдоно. Тони Блейрийн айлчлал ч гэсэн үүнийг нотлох томоохон жишээ. Нөгөөтэйгүүр дээрх улс төрийн нөхцөл байдалд зориулсан даатгалын хүчинтэй хугацааг харахад Оюу Толгойн баялгийг ЭХНИЙ 15 ЖИЛИЙН ДОТОР идэвхтэй шавхах бодлоготой байгаа нь харагдаж байна. Өнөөгийн МАНАН-гийнхан бараг бүгдээрээ гадныхны нээнтэгт орчихсон байгаа даа. Яагаад гэвэл АНУ гэхэд өөрсдийнхөө иргэдийг тагнаж чагнахаас гадна Европийн Холбооны иргэд, байгууллагуудыг тагнаж мэдээлэл цуглуулж байсан явдлаас болоод ихээхэн шуугиан дэгдээд байгаа. Үүнээс үзэхэд хөгжилтэй орнууд тэр тусмаа АНУ, Британи гэх мэт орны тагнуулын албад бусад улс орны улс төрчдийг тагнаж бүх но-той зүйлсийн талаар нь мэдээлэл цуглуулсан байгаа гэж хардах үндэслэл бүрэн бий болж байна.

Хөгжилтэй орнуудын хувьд тэдний засгийн газрын үйл ажиллагаа хувийн хэвшлийн үйл ажиллагааг заримдаа ялгаж салгахын аргагүй нягт хамтран ажилладаг. Тиймд дээрх аргаар Монголыг бүх талаар нь урхиндаа оруулсан байхыг үгүйсгэхгүй. Монголын олон улс төрчид АНУ гэх мэт улсад тухайн улсын засгийн газрын янз бүрийн төсөл хөтөлбөрөөр сурсан байдаг. Жишээ нь АНУ-ын ЗГ гэхэд Fulbright Program, International Visitor Leadership Program гэх мэт АНУ-д элэгтэй гадаадын ирээдүйн удирдагчдыг бэлдэх олон янзын төсөл хөтөлбөр хэрэгжүүлдэг. Ц.Элбэгдорж ч гэсэн жирийн шалгуураар бус хялбар замаар АНУ-ын талаас бүх зардлаа даалган Harvard-д сурсан нэртэй. Ийм замаар либерал эдийн засгийн бодлогоор тархиа бүрэн угаалгасан өөрийн хүмүүсийг АНУ, Английн ЗГ газрууд олон оронд бэлддэг. Либерал зах зээлийн бодлогууд нь өнөөгийн глобалчлагдсан санхүү, эдийн засаг, худалдааны орчинд нэгэнт мөнгө хэвлэдэг санхүүгийн таатай давуу талуудыг олчихсон барууны пүүс компаниудад маш хялбар аргаар "хуулийн дагуу" нэг ёсондоо шинэ төрлийн арга - өрөөр бусдыг боолчлох хялбар боломж олгодог.

Ядуу улс орнууд ийм зүйлийн эсрэг тэмцье ч гэсэн тэдэнд үүний эсрэг тэмцэх өөрийгөө хамгаалах нөөц бололцоо туйлын хомс. Ганц арга бол АНУ мэтийн хүчтэний өмнө бөхийн түүний далбаан доорх шаталсан эрэмбэд орж арай дөнгүүр болоод бусад улсыг мөлжих ээлжээ хүлээх нэг арга. Яг л энэ аргаар Япон, Өмнөд Солонгос мэтийн АНУ-н бүрэн холбоотон аялдан дагагч улсууд гарч ирсэн. Тэд Англи, Америкийн бүх аргыг сурч дууриасан. Нэг талаар одоо тэд маш либерал зах зээлтэй баян улс орон мэт болж хөгжсөн. Тэд одоо өөрсдөө ядуу орнуудад томоохон хөрөнгө оруулагчид болж хөлжсөн. Тэд бол АНУ-ын сайн шавь нар.

Гэхдээ нөгөө талаар эдгээр улс орнуудын баялаг нь нийгмийн маш цөөн хэсгийн мэдэлд байдаг. Баячууд ядуусын амьдрал тэнгэр газар мэт зөрүүтэй. Наад захын жишээ гэхэд эдгээр улс орны энгийн иргэдэд гэхэд хүний энгийн хэрэгцээ байх ёстой байр орон сууц худалдаж авах боломж туйлын хэцүү. Байр орон сууц эдгээр улс орнуудад амьдрах орчин биш зүгээр мөнгө, эд баялаг, хөрөнгө оруулалт. Тиймдээ ч байрны үнэ нь тэнгэрт тулчихсан байдаг. Яахав бид иймэрхүү нэг нэгнээ мөлжигч босоо шаталсан нийгэм байгуулж амьдаръя гэж байвал ийм зарчмаар чөлөөт зах зээл гэж явж болох л байх. Гэхдээ миний хувьд ийм араатан шиг нийгэмд амьдрах хүсэл алга. Ийм юм яривал зарим хүмүүс намайг коммунист социалист гэж хочлох л байх. Заавал коммунист, социалист, капиталист гэхээсээ илүү бид өөрсдөө хүсвэл хумигдмал сэтгэхүйгээсээ салж илүү өөр дэвшилтэт шудрага, энэрэнгүй нийгэм байгуулах боломж бидэнд бий гэдэгт хувьдаа эргэлздэггүй. Гэхдээ тэр зүгт хүн төрөлхтөн аажим аажмаар ойртож байгаа ч гэж боддог.

Эх үүсвэр: www.ganaa.mn Orgilkhuu Zorigt (@orgilkhuu)

Жич: Хэдийгээр энд өнөөгийн энэ ноцтой байдлын цаад бүх шалтгаан сэдлүүдийг бүрэн гүйцэд нээгээгүй боловч одоогийн ид өрнөж байгаа бодит байдлыг тун сайн олж харж гаргаж бичсэн байгааг та бүхэн анзаараарай. Ийм залуус гарч ирж байгаа цагт Монгол улсад сайн сайхан ирээдүй байна гэж найдаж сэтгэл баясаж байгаагаа хэлэх юун. Монголд харийн элдэв онол (энэ онолууд нь үнэндээ бол зориуд зохиож гаргаж ирж пиардсан, тун өвөрмөц зорилготой цөөхөн хэсэг хүмүүсийн төлөвлөгөө юм)-д толгой нь бүрэн эргэсэн муйхар зөрүүд бус харин аливаа зүйлд эхлээд жирийн эрүүл ухаанаар ханддаг Эх оронч зүрх сэтгэлтэй хамгийн гол нь бодит зүтгэлтэй хүмүүс улам олон болох болтугай!!!

Мөн манай сайтаас:

1. Өнөөгийн санхүү-эдийн засгийн хямрал мухардлын онол
2. Дотроосоо хийсэн ажил / Inside Job
3. Даяарчлал гэж юу вэ
4. Барууны ардчиллын стандартууд гэх мэт нийтлэлүүд, баримтат кинонуудыг үзээрэй.

Хамгийн гол нь бид өөрийн толгойгоор шүүн тунгааж эргэцүүлэн бодож өөрсдөө бие дааж дүгнэлт хийж сурах цаг үе тулж ирээд байна!


Холбоотой нийтлэлүүд

 

1 1 1 1 1 1 1 1 1 1 Үнэлгээ: 4.83 (3 удаа үнэлсэн)