ТУСГААР ТОГТНОЛ   


Ханат цагаан гэрийн од хийморийн тоонон дээр
Хасаг халуун тулгын омог дөрвөн тотгон дээр
Хан Алтай-аавын онгон тэргүүн оргил дээр
Хатан Сэлэнгэ ээжийн одод орчих мандал дээр
Тусгаар тогтнол чамайг тунхаглан бичнэ би!

 
Ганган улаан тэмээний зогдор дэвсэх тэшил дээр

Гантай мөнгөн хэтний зоо дэлдэх тээгэн дээр
Галбын халуун говийн хулан ангах ээрэм дээр
Гантиг чулуун хясааны янгир халих элгэн дээр
Тусгаар тогтнол чамайг тунхаглан бичнэ би!


Хүж дурдан бүсний ташаа дарах нугалаан дээр
Хүрэл манан хөөрөгний даалин дарах наргиан дээр
Хүүшийн сүүдэр буусан уулын гацаа бууцан дээр
Хүннү дээдсийн тамгалсан улбаа гархин буурин дээр
Тусгаар тогтнол чамайг тунхаглан бичнэ би!


Ширмэн төмөр дөрөөний шивээ зурах тавган дээр
Шижир алтан ээмэгний шигтгээ чимэх гархин дээр
Шинийн хоёрын саран хаяалж шингэх тэнгэр дээр
Шимийн нялх ногоо ханш задлах газар дээр
Тусгаар тогтнол чамайг тунхаглан бичнэ би!


Аавын мөнгөн хазаарын найман цэнгийн товруун дээр
Азын алаг мэлхийний наян нэгэн шагайн дээр
Алиахан саарлын унага хөллөн тэнцэх нуга дээр
Ангирын хоёр дэгдээхэй хөвөн цэнгэх нууран дээр
Тусгаар тогтнол чамайг тунхаглан бичнэ би!


Индэр улаан галын цац бадман дөлөн дээр
Ихэр хоёр загалын цацаг шанхан дэлэн дээр
Идэр гурван есийн цас чахрах цайдам дээр
Илд мөсөн голын цан хөөрөх гарман дээр
Тусгаар тогтнол чамайг тунхаглана бичнэ би!


Бэлгийн цэнхэр хадагны хоёр гардах дэлгээс дээр
Бэхэн хар гэзэгний хосоор дарах сүлжээс дээр
Бэрийн домогт цэцгийн хорвоо уяраах дэлбээн дээр
Бэдэрт мөнгөн сарны хоймор унах туяаан дээр
Тусгаар тогтнол чамайг тунхаглан бичнэ би!


Урсгал татмал усны хөл алдах ёроол дээр
Ургамал, таримал модны хөрсөнд хавах ёзоор дээр
Уяран мэлмэрэх янагийн дурлал амилах харцан дээр
Уйлан мэндлэх үрийн дуулан орхих манцуй дээр
Тусгаар тогтнол чамайг тунхаглан бичнэ би!


Ажнай сайн хүлгийн гал цахилах тууран дээр
Аагисан улаан хүдрийн ган царцах хайлш дээр
Амар түвшин жаргалтай ам бүлийн дансан дээр
Алтан босго өлзийтэй айл бүхний үүдэн дээр
Тусгаар тогтнол чамайг тунхаглан бичнэ би!


Баяр найрын ширээний амт тансаг идээн дээр
Баян хангайд мөнхөрсөн арц, хуш, зээргэнэ дээр
Балтаар давтан ширээсэн анжисны торгон ирэн дээр
Багц дүүрэн ургасан атрын тарианы мөрөн дээр
Тусгаар тогтнол чамайг тунхаглан бичнэ би!


Эвт айлын хаяа дархан хилийн дээсэн дээр
Энх тайваны харуул дайчин эрсийн тангараг дээр
Эрдэнэ зуугийн хэрэмний зуун найман суварга дээр
Энэ зууны өргөөний зуун түмэн цонхон дээр
Тусгаар тогтнол чамайг тунхаглан бичнэ би!


Эрх чөлөөний зарлиг ардын үндсэн хууль дээр
Эх хэл соёлынхоо ад биш баян сан дээр
Эгнэтийн арга билэг алтан соёмбын гачил дээр
Эх нутгийн шорооны амиар солих ширхэг дээр
Тусгаар тогтнол чамайг тунхаглан бичнэ би!


Аав ээжийн буянтай өлзийт цагаан хоймор дээр
Амин гарвалийн толботой өлгийт нялхсын өөжин дээр
Ардын журамт цэргийн өргөж ялсан туг дээр
Амьсгалаа бидэнд өгсөн өрлөг дээдсийн дурсгал дээр
Тусгаар тогтнол чамайг тунхаглаг бичнэ би!


Хан тэнгэрт сүмбэрлэсэн үйлдвэр уурхайн яндан дээр
Хаяа нийлэн сүндэрлэсэн үлгэрийн харшийн туурган дээр
Хангай, говь, талын үлэмжийни өв баялаг дээр
Халуун эх оронч бүхний үндэсний их бахархал дээр
Тусгаар тогтнол чамайг тунхаглан бичнэ би!


Сав саваар саалийн харваж хүрэхгүй зэлэн дээр
Сая саяар сүргийн хатирч хүрэхгүй бэлчээр дээр
Сар нарны өртөөлд хагацаж болшгүй учрал дээр
Сайхан Монгол орноо хайрлаж ханашгүй ерөөл дээр
Тусгаар тогтнол чамайг тунхаглан бичнэ би!


Өглөө бүрийн нарны асгаран буух цацрал дээр
Өвгийн морин хуурын аялгуу хослох утсан дээр
Өргөн цээж чөлөөтэй амьсгалж яваа агаар дээр
Өөрийн толгой мэдэлтэй амьдарч яваа заяан дээр
Тусгаар тогтнол чамайг тунхаглан бичнэ би!


Ухаа хонгорын жолоог захлан татсан талбай дээр
Ухаант жанжин Сүхбаатарын зарлан дуудсан тунхаг дээр
Улаанбаатар нийслэлийн заяа тэтгэх дээвэр дээр
Улсаа ачлан захирсан засаг төрийнхөө ордон дээр
Тусгаар тогтнол чамайг тунхаглан бичнэ би!


Нүүрэнд нь гал бадарсан монгол эцгийн хийморь дээр
Нүнжгэнд нь нар гэрэлтсэн монгол эхийн сэтгэл дээр
Нүүдлийн өргөөнд нэгдсэн Монгол аймгийн холбоон дээр
НҮБ-ын шилтгээнд заларсан Монгол улсын далбаан дээр
Тусгаар тогтнол чамайг тунхаглан бичнэ би!


Эзэн сууж жаргасан их заяагаа сүсэглэж
Эх орон танынхаа ирээдүйн таалалд нийцүүлж
Эрдэнэсийн далайгаас шүүрдсэн итгэлийн сувд үгсээр
Эрх жаргалаа баталсан Иргэн бүхний гараар
Тусгаар тогтнол чамайг тунхаглан бичнэ би!

Д. Пүрэвдорж

1 1 1 1 1 1 1 1 1 1 Үнэлгээ: 4.50 (1 удаа үнэлсэн)

Сэтгэгдлүүд  

Ус
0 # Ус 2015-11-22 02:54
Сайн байна уу? нэг зүйл лавлах гэсэн юм. Либерал нэрээр боолчлолын тогтолцоо ноёрхоод байгаа гэж ойлголоо. Харин Либерал нь моралыг үндсээ болгодог, зүй ёсны гэж өөрсдийгөө өмгөөлөх байх.. энэ талаар хариулж тус болооч.
Хариулах | Ишлэл татаж хариулах | Ишлэл
Модератор
0 # Модератор 2015-11-22 15:26
Quoting Ус:
Сайн байна уу? нэг зүйл лавлах гэсэн юм. Либерал нэрээр боолчлолын тогтолцоо ноёрхоод байгаа гэж ойлголоо. Харин Либерал нь моралыг үндсээ болгодог, зүй ёсны гэж өөрсдийгөө өмгөөлөх байх.. энэ талаар хариулж тус болооч.
Үүнийг тусад нь тайлбарлаж нийтлэл бичих хэрэгтэй байх... Товчхондоо, уг нь хүний/нийгмийн эрх чөлөө гэдэг ойлголт freedom гэсэн нэр томьёотой тун ойролцоо утгатай. Гэхдээ барууны freedom гэсэн энэ ойлголт нь монголчууд бидний уламжлалт ёс суртахуун, эрх чөлөөний тухай түүхэн хэвшмэл ойлголтоос нилээд ондоо, ер нь маш "өвөрмөц" тун чиг "сонин" ойлголт байдаг. Харин өнөөгийн либерти/либерал/либеритари бол олонхийн эрх чөлөө огт биш, зөвхөн цөөн хэдхэн өмчийн шуналтай аргатай зальтай увайгүй этгээдүүдийн бүх юмаас: ёс суртахуунаас, улс үндэстний бүх эрх ашгаас, хуулиас бүрэн "чөлөөтэй" болох гэсэн, зөвхөн амин хувиа хичээх "эрх"-ийг тунхаглан номолсон харийн суртал ухуулга, капитализмын зүсээ хувиргасан хулхи үзэл санааг өмгөөлөн мэлзэж байгаа хэлбэр. Энэ үзэл суртал нь хүнийг/нийгмийг бүхэлд нь мөнгөөр боолчилж байгаа тогтолцоог гэнэн харанхуй хүмүүсээс халхавчлах гэсэн арга ядсан мэх бөгөөд ийм хүмүүсийн тархинд нь өдөр бүр тарьж байгаа мэдээ алдуулах тарилга гэдгийг ойлгох хэрэгтэй.
Хариулах | Ишлэл татаж хариулах | Ишлэл

Сэтгэгдэл бичих

Таны бичсэн сэтгэгдлийг сайтын админ зөвшөөрсөн үед нийтлэх болно. Зөвхөн кирилл үсгээр зөв бичгийн алдаагүй бичсэн, интернет соёлын хэм хэмжээнд нийцсэн сэтгэгдлийг хүлээн зөвшөөрөхийг анхаарна уу. Сэтгэгдэл бичихийн өмнө "Интернет соёлын хэм хэмжээ" нийтлэлийг уншихыг танд зөвлөж байна.


Security code
Шинэчлэх

    • Цахим шуудан:
      • This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
      • This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
    • Мэдээлэл харилцаа хариуцсан ажилтны утас: 98279574, 99721223
    • Номын борлуулалт хариуцсан ажилтны утас: 99721223, 80088803, 99936217
    • Худалдаа хөгжлийн банк:
      • Хүлээн авагчийн банк: Худалдаа хөгжлийн банк
      • Хүлээн авагчийн данс: 456 094 040 (төгрөгийн данс)
      • Хүлээн авагчийн данс: 456 086 397 (долларын данс)
      • Хүлээн авагчийн нэр: Болор Дэмчиг(-ийн) Бусад данс