constitution

Үндсэн хууль гэдэг нь тухайн улс үндэстний

- Үнэт зүйлс, эрхэм зорилго, хөгжлийн чиг баримжаа, үзэл баримтлалыг тодорхойлж 
- Төр болон нийгмийн харилцааны суурь зарчим, зохицуулалт, эрх үүргийн хэм хэмжээг томьёолон 

төрөөс тогтоогдон гарч хэлбэржин бичигддэг баримт бичиг юм.

Одоо хэлэлцэж байгаа Үндсэн хуулинд оруулах нэмэлт, засвар өөрчлөлтөөр эдгээрийн зөвхөн сүүлийн хэсэгт хамаарах "Зохицуулалт"-ын түвшинд төрийн байгууллын зохион байгуулалт, эрх мэдлийн хуваарилалтанд шинэчлэлт хийхээр зорьж байна. Энэ нь туйлын хангалтгүй, өнгөц оролдлого бөгөөд ялангуяа уг асуудлаар одоо "Ард нийтийн санал асуулга" явуулах нь хөрөнгө хүч үрсэн, цагаа олоогүй алхам болно.

Ер нь 1992 онд батлагдсан Үндсэн хуулийг өөрчлөх гол санаа нь уг хуулийн агуулга, үзэл баримтлал Монголын ард түмний нийтлэг язгуур эрх ашигт нийцэхгүй байна гэж олон жилийн өмнөөс үзсээр ирсэнтэй холбоотойгоор дахин үндсээр нь шинэчлэн боловсруулах шаардлага хэрэгцээнээс урган гарсан билээ. Энэ нь зөвхөн одоогийн нэмэлт, засвар өөрчлөлтийн хүрээнд, засаглалын хэлбэр, төрийн байгууллын эрх мэдлийн тэнцвэржүүлэлт, үүрэг хариуцлагын хуваарилалт, зохион байгуулалтыг өөрчилж сайжруулснаар шийдэгдэх асуудал биш юм.

Товчхон хэлбэл, цаашид хаашаа хэрхэн явж юу хийх нь чухлыг тогтоогүй байж зохион байгуулалтаа л сайжруулах тухай яриад байна гэсэн үг. Бид Үндсэн хуулиараа "Хүний эрх, эрх чөлөөг эрхэмлэн дээдлэх" явдлыг Үндэсний эв нэгдлийнхээ өмнө оруулан эрэмбэлж, "Иргэний ардчилсан нийгэм цогцлуулан хөгжүүлэх"-ийг эрхэм зорилгоо болгочхоод хориод жил явж байтал, энэ бүхэн нь гаднын далд колоничлолын арга мэх болж таарсан.

Одоогийн нэмэлт өөрчлөлтөөр "Төрийг эзэнтэй болгоно" гэж ярьж байна. Манай төр эзэнтэй нь эзэнтэй. Харамсалтай нь, тэр эзэн нь монгол биш. Гадныхан Монголын төрийг атгаж байгаагийн нууц нь тэдний бидэнд зааж зааварчилж өгсөн “хөгжлийн чиг баримжаа”-нд байгаа бөгөөд Монголыг бодитоор хөгжүүлэхэд огт чиглээгүй нь жил ирэх тусам тодорхой болсоор байгаа. Энэ зам маршрутаар нь бид маш хурдтай доошоо чиглэлтэй - сүйрэл рүүгээ "нисэж" байна. Чиглэлээ өөрчлөхгүйгээр зохион байгуулалтаа сайжруулах юм бол улам эрчтэй хад мөргөнө гэсэн үг.

Бидний хамгийн чухал үнэт зүйлс болох тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдал, хараат бус бие даасан байдал, үндэстний эв нэгдэл, төр ба ард түмний нэгдмэл чанар, ялангуяа өөрийн онцлогт тохирсон эдийн засгийн загвар, өв соёл, удмын сан, байгаль экологийн тэнцвэр, олонхын эрх ашигт нийцсэн ахуй амьдралын зохистой орчин нөхцөлийг бүрдүүлэх, сахин хамгаалж бататгах явдал нь манай улс үндэстний эрхэм зорилго бөгөөд энэ бүхнээр Монгол улсын үндэсний язгуур эрх ашиг хангагдах юм.

Гэтэл бид эрхэм зорилго болон үнэт зүйлсээ өөрсдийн үндэсний язгуур эрх ашигтаа харш (гаднын далд колоничлолын) үзэл суртлаар буруу тодорхойлж Үндсэн хуулиндаа томьёолсон байгаа нь төр нийгмийн самуурлын үндсэн шалтгаан болсоор ирсэн билээ. Тиймдээ ч салбар хуулиуд болон бусад дагалдах эрх зүйн актуудаар бүх шатны тулгамдсан асуудлыг зохицуулахад хүндрэл учирч; эдгээр хуулиудаар тогтоосон, зөвшөөрсөн, хориглосон хэм хэмжээний логик уялдаа холбоо зөрчилдөж, шударга ёсыг хангах ёс зүйн хэм хэмжээ зөрчигдөж байдаг.

Эдийн засгийн харилцааны суурь үндсийг 1992 оны Үндсэн хуулиар юун түрүүнд "дэлхийн эдийн засгийн түгээмэл хандлагад нийцүүлэх"-ээр тодорхойлон тогтоосон байгаа нь эдийн засгийн тусгаар тогтнолоо эрсдэлд оруулах хөрс суурь болсон. Ард түмэндээ ажиллаж амьдрах бодит боломж нөхцөлийг бүрдүүлэн дотоодын нөөц бололцоогоо бүрэн ашиглаж үндэсний үйлдвэрлэл, бүтээн байгуулалт, аж ахуй эрхлэлтийг тэнцвэртэй хөгжүүлэх, барууны мөнгө-банк-санхүүгийн бүрэн ноёрхол, өрийн боолчлол, үндэстэн дамнасан корпорациудынх нь мөлжлөг дээрмээс богино хугацаанд ангижрах, улс үндэстний нийтлэг эрх ашиг, нэгдмэл чанараа хангахад чиглэсэн эдийн засгийн оновчтой хэлбэр, загварыг боловсруулж хуульчлан баталгаажуулах нь нэн чухал асуудал юм. Ингэснээр эдийн засгийн зөв бодлого зохицуулалт, зохистой үйл ажиллагааны эрх зүйн орчин, бодит тааламжтай нөхцөлийг бүрдүүлнэ.

Иймээс эхний ээлжинд одоогийн бидний замнаж буй хөгжлийн чиг баримжаа, сонгосон зам, үзэл санаа, үзэл баримтлал, түүнд тулгуурласан засаглалын хэлбэр, төр болон нийгмийн харилцааны суурь зарчмыг бүрэн утга агуулгаар нь эргэн харж, улс орныхоо язгуур эрх ашигт нийцүүлэн өөрчилж, шинээр боловсруулж тодорхойлох шаардлагатай. Энэ нь бүх нийтийн ёс суртахуун, соёл хүмүүжил, боловсрол мэдлэг, эрүүл мэнд, нийгмийг хамгаалал, эдийн засгийн уналт хямралаас гарах үндэс суурь болно. Үндсэн хуулийн шинэ төсөл бол энэ бүгдийг нэгтгэн боловсруулж, эцэст нь тодорхойлон томьёолох ёстой баримт бичиг юм.

Өөрөөр хэлбэл улс орныхоо хэтийн ирээдүйг олон жилийн алслалаар харж, өнөөгийн дэлхий дахины улс төр, нийгэм, эдийн засгийн хямралт байдал, мухардлын цаад шалтгаан, өөрсдийн алдаанаас дүгнэлт хийн, үүссэн хүндрэлтэй нөхцөл байдлыг даван туулах, болзошгүй бүхий л эрсдэлээс сэрэмжлэн хамгаалах, улс орноо бодитоор хөгжүүлэх цогц үзэл санаа, нийгмийн баримжаа, нийгэм-улстөр-эдийн засгийн байгуулал тогтолцоо, үзэл баримтлал, бодлого стратегийг зангидан боловсруулсны үндсэн дээр түүнийгээ шинэ Үндсэн хуулийн төсөлдөө тусгаж ард нийтээрээ хэлэлцүүлэн шийдвэрлэх ёстой.

Ч.Солонго

2015-11-29


Холбоотой нийтлэлүүд

 

1 1 1 1 1 1 1 1 1 1 Үнэлгээ: 4.50 (2 удаа үнэлсэн)