constitution

Үндсэн хууль гэдэг нь тухайн улс үндэстний

- үнэт зүйлс, эрхэм зорилго, хөгжлийн чиг баримжаа, үзэл баримтлалыг тодорхойлж; 
- төр болон нийгмийн харилцааны суурь зарчим, зохицуулалт, эрх үүргийн хэм хэмжээг томьёолон төрөөс тогтоогдон гарч, хэлбэржин бичигдсэн баримт бичиг юм.

Одоо манай Үндсэн хуулинд оруулахаар хэлэлцэж байгаа нэмэлт, засвар өөрчлөлтөөр эдгээрийн зөвхөн сүүлийн хэсэгт хамаарах "зохицуулалт, эрх үүргийн" түвшинд шинэчлэлт хийхээр зорьж байна. Энэ нь туйлын хангалтгүй, өнгөц оролдлого бөгөөд уг асуудлаар одоо "Ард нийтийн санал асуулга" явуулах нь хөрөнгө хүч үрсэн, цагаа олоогүй алхам болно.

Ер нь 1992 онд батлагдсан Үндсэн хуулийг өөрчлөх гол санаа нь уг хуулийн агуулга, үзэл баримтлал Монголын ард түмний нийтлэг язгуур эрх ашигт нийцэхгүй байна гэж олон жилийн өмнөөс үзсээр ирсэнтэй холбоотойгоор дахин үндсээр нь шинэчлэн боловсруулах шаардлага хэрэгцээнээс урган гарсан билээ. Энэ нь зөвхөн одоогийн нэмэлт, засвар өөрчлөлтийн хүрээнд, засаглалын хэлбэр, төрийн байгууллын эрх мэдлийн тэнцвэржүүлэлт, үүрэг хариуцлагын хуваарилалт, зохион байгуулалтыг өөрчилж сайжруулснаар шийдэгдэх асуудал биш.

Товчхон хэлбэл, цаашид хаашаа явж юу хийх нь чухлыг тогтоогүй байж, зохион байгуулалтаа л сайжруулах тухай яриад байна гэсэн үг. Бид Үндсэн хуулиараа "Хүний эрх, эрх чөлөөг эрхэмлэн дээдлэх" явдлыг үндэсний эв нэгдлийнхээ өмнө оруулан эрэмбэлж, "Иргэний ардчилсан нийгэм цогцлуулан хөгжүүлэх"-ийг эрхэм зорилгоо болгочхоод давхиж явтал, энэ нь гадны далд колоничлолын арга хэлбэр болж таарсан.

Одоогийн нэмэлт, өөрчлөлтөөр төрийг "эзэнтэй болгоно" гэж ярьж байна. Манай төр эзэнтэй нь эзэнтэй. Харамсалтай нь, тэр эзэн нь монгол биш. Гадныхан Монголын төрийг атгаж байгаагийн нууц нь тэдний бидэнд зааж зааварчилж өгсөн “хөгжлийн зам”-д бий. Энэ зам маршрутаар бид маш хурдтай доошоо чиглэлтэй нисэж байна. Чиглэлээ өөрчлөхгүйгээр, зохион байгуулалтаа сайжруулах юм бол улам эрчтэй хад мөргөнө гэсэн үг.

Бидний хамгийн чухал үнэт зүйлс болох тусгаар тогтнол, аюулгүй байдал, бие даасан эрх мэдэл, байгаль экологийн бүрэн бүтэн байдал, өв уламжлал, ахуй соёл, удмын сан, төвшин сайхан амьдрах нөхцөл, нэгдмэл чанарыг сахин хамгаалж бататгах явдал нь манай улс үндэстний эрхэм зорилго бөгөөд энэ бүхнээр Монгол улсын үндэсний язгуур эрх ашиг хангагдах юм.

Гэтэл бид эрхэм зорилго болон үнэт зүйлсээ өөрсдийн үндэсний язгуур эрх ашигтаа харш (гаднын далд колоничлолын) үзэл суртлаар буруу тодорхойлж, Үндсэн хуулиндаа томьёолсон байгаа нь төр нийгмийн самуурлын үндсэн шалтгаан болсоор ирсэн. Тиймдээ ч, салбар хуулиуд болон бусад дагалдах эрх зүйн актуудаар бүх шатны тулгамдсан асуудлыг зохицуулахад хүндрэл учирч; эдгээр хуулиудаар тогтоосон, зөвшөөрсөн, хориглосон хэм хэмжээний логик уялдаа холбоо зөрчилдөж, шударга ёсыг хангах ёс зүйн хэм хэмжээ зөрчигдөж байдаг.

Эдийн засгийн харилцааны суурь үндсийг одоогийн Үндсэн хуулиар юун түрүүнд "дэлхийн эдийн засгийн түгээмэл хандлагад нийцүүлэх"-ээр тодорхойлон тогтоосон байгаа нь эдийн засгийн тусгаар тогтнолоо эрсдэлд оруулах хөрс суурь болсон. Төвшин сайхан амьдрах нөхцлийг бүрдүүлэн нэгдмэл чанараа хангахад чиглэсэн эдийн засгийн оновчтой хэлбэр, хэвшлийг тодорхойлж хуульчлан баталгаажуулах нь нэн чухал асуудал юм. Ингэснээр эдийн засгийн зөв бодлого зохицуулалт, зохистой үйл ажиллагааны эрх зүйн орчин, бодит тааламжтай нөхцлийг бүрдүүлнэ.

Иймээс эхний ээлжинд одоогийн бидний замнаж буй хөгжлийн чиг баримжаа, сонгосон зам, үзэл баримтлал, түүнд тулгуурласан засаглалын хэлбэр, төр болон нийгмийн харилцааны суурь зарчмыг бүрэн утга агуулгаар нь эргэн нягталж, улс орныхоо эрх ашигт нийцүүлэн өөрчилж, шинээр боловсруулж тодорхойлох шаардлагатай. Үндсэн хуулийн шинэ төсөл бол энэ бүхний эцэст бүгдийг нэгтгэж тодорхойлон томьёолох баримт бичиг юм.

Өөрөөр хэлбэл улс орныхоо хэт ирээдүйг наанадаж 100 жилийн алслалаар харж, өнөөгийн дэлхий дахины улс төр, нийгэм, эдийн засгийн хямралт байдал, мухардлын алдаанаас дүгнэлт хийн, үүссэн хүндрэлтэй нөхцөл байдлыг даван туулах, болзошгүй эрсдлээс сэрэмжлэн хамгаалах, улс орноо хөгжүүлэх цогц үзэл санаа, тогтолцоо, бодлого стратегийг боловсруулсны үндсэн дээр, түүнийгээ шинэ Үндсэн хуулийн төсөлдөө тусгаж ард нийтээрээ хэлэлцүүлэн шийдвэрлэх ёстой.

Ч.Солонго 2015-11-29


Холбоотой нийтлэлүүд

 

1 1 1 1 1 1 1 1 1 1 Үнэлгээ: 4.00 (1 удаа үнэлсэн)

Сэтгэгдлүүд  

РАВЖАА
0 # РАВЖАА 2016-02-14 18:45
ЗӨВ САНАА
Хариулах | Ишлэл татаж хариулах | Ишлэл
Pkxny
0 # Pkxny 2016-03-18 17:57
Зүгээр л 2 парламенттай болгочих
Хариулах | Ишлэл татаж хариулах | Ишлэл

Сэтгэгдэл бичих

Таны бичсэн сэтгэгдлийг сайтын админ зөвшөөрсөн үед нийтлэх болно. Зөвхөн кирилл үсгээр зөв бичгийн алдаагүй бичсэн, интернет соёлын хэм хэмжээнд нийцсэн сэтгэгдлийг хүлээн зөвшөөрөхийг анхаарна уу. Сэтгэгдэл бичихийн өмнө "Интернет соёлын хэм хэмжээ" нийтлэлийг уншихыг танд зөвлөж байна.


Security code
Шинэчлэх

    • Цахим шуудан:
      • This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
      • This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
    • Мэдээлэл харилцаа хариуцсан ажилтны утас: 99721223, 88167001, 98279574
    • Номын борлуулалт хариуцсан ажилтны утас: 99721223, 88167001
    • Худалдаа хөгжлийн банк:
      • Хүлээн авагчийн банк: Худалдаа хөгжлийн банк
      • Хүлээн авагчийн данс: 456 094 040 (төгрөгийн данс)
      • Хүлээн авагчийн данс: 456 086 397 (долларын данс)
      • Хүлээн авагчийн нэр: Болор Дэмчиг(-ийн) Бусад данс