ХҮМҮҮСИЙГ ХООРОНДОО САЛГАН ТУСГААРЛАГДСАН БАЙДАЛД
БҮР ЭХНЭЭС НЬ СУРГАХ НЬ

Би хүүхдүүдийг тэднийг анхнаас нь оруулж суулгасан тэр л анги дотроо дандаа үлдэж байх ёстойд сургадаг. Хэн хүүхдүүдийг ангиудад хуваарилж байдаг гэдгийг би мэдэхгүй, тэгээд ч энэ бол миний ажил биш. Хүүхдүүдэд бүгдэд нь дугаар өгч дугаарласан байдаг бөгөөд хэрэв хэн нэгэн нь бултаад өөр анги руу зугтвал түүнийг дор нь хэрэгтэй анги руу нь буцааж байдаг. Олон жилийн турш хүүхдүүдийг хооронд нь ялгаж ангилах тэр аргууд нь маш олон янз болсон тул одоо тэр хүүхдүүдэд өгсөн шошгуудынх нь доороос бодит хүнийг нь олж харахад улам бэрх болсон юм. Хүмүүсийг ялгаварлан ангилах нь хаа сайгүй дэлгэрсэн “маш ашигтай” ажил ч гэсэн энэ үйлдлийнх нь утга, ач холбогдлыг би одоо болтол ойлгодоггүй. Би яагаад эцэг, эхчүүд хүүхдүүдтэй нь ийм зүйлүүд хийгээд байгааг тэвчээд сууж байдгийг бүр ч ойлгодоггүй.

Ямар ч байсан дунд сургуулийн багш надад энэ нь огт хамаагүй юм. Миний гол үүрэг бол өөртэйгөө төстэй шошго зүүсэн өөр хүүхдүүдтэй нэг ангид хашигдан сууж байгаа нь миний сурагчид - хүүхдүүдэд таалагдаж байх тийм нөхцөл, байдлыг л бий болгож байхад оршдог. Эсвэл бүүр доор хаяхад тэд үүнийгээ тэсвэрлэн өнгөрөөхөөс өөр аргагүй байдлыг нь ойлгуулах. Хэрэв би өөрийнхөө энэ үүргийг сайн гүйцэтгэж байвал би тэднийг илүү сайн сурагчдад бол атаархах, харин илүү сулхан сурагчдыг бол жигшин доорд үздэг байхад сургаж байдаг тул тэд ч гэсэн өөр ангид байж болох байсан тухай бодол тэдгээр сурагчдын маань толгойд ч орж ирэхгүй юм. Тийм сахилга батыг тулгасан нөхцөлд хүүхдүүд өөрсдийгөө аяндаа зиндаа, дэс дараалалд оруулж жагсааж байдаг юм аа. Яг ингэж би тэдэндээ хүмүүсийг хэсэг бүлгээр нь хувааж болох ба хувааж ч байх хэрэгтэй гэсэн хичээлийг зааж байдаг юм даа. Энэ бол аливаа өрсөлдөөнт системийн, энд сургууль ч орно, хамгийн гол хичээл сургамж нь юм. Хүн бүр өөрийн байр суурийг мэддэг байх ёстой гэсэн!

Хэдийгээр хүүхдүүдийн ерэн есөн хувь нь томчууд анхнаас нь оруулж суулгаж өгсөн тэр л ангидаа үлдэх ёстой гэж ихэнхи хүмүүс төсөөлдөг боловч би хүүхдүүдээ сурлагадаа илүү их амжилт гаргаж илүү хүчтэй хүүхдүүдийн анги хэсгүүдэд дэвшин шилжихийг ил тод уриалж байдаг. Хэдийгээр би үнэн хэрэг дээрээ тийм бус гэдэгт итгэлтэй байдаг боловч сурагчиддаа тэдний ирээдүйн ажил, мэргэжлийн амжилтууд нь тэдний сургуулийн дүнгүүдээс шалтгаалах болно гэдгийг байнга сануулж байдаг. Би хэдийгээр ил худлаа ярьдаггүй ч гэсэн чин сэтгэлээсээ байх ба сургуульд багшлах хоёр нь мөн чанараараа хамт байх огт боломжгүй юм байна гэдгийг өөрийн туршлагаас итгэж үнэмшсэн юм. Яг үүнийг хэдэн мянган жилийн өмнө Сократ ч хэлж байсан ажээ.

Энэ бүх салган тусгаарлалтын үр дүнд хүүхэд бүр пирамид доторхи тодорхой нэг л байрыг эзлэх бөгөөд энэ тойргоосоо зөвхөн тохиолдлоор л мултран гарч чадах юм. Хэрэв ингэж чадахгүй бол тэр хүн түүнийг анх тодорхойлсон тэр байрандаа л үүрд үлдэх болно.

1 1 1 1 1 1 1 1 1 1 Үнэлгээ: 0.00 (0 удаа үнэлсэн)

Сэтгэгдэл бичих

Таны бичсэн сэтгэгдлийг сайтын админ зөвшөөрсөн үед нийтлэх болно. Зөвхөн кирилл үсгээр зөв бичгийн алдаагүй бичсэн, интернет соёлын хэм хэмжээнд нийцсэн сэтгэгдлийг хүлээн зөвшөөрөхийг анхаарна уу. Сэтгэгдэл бичихийн өмнө "Интернет соёлын хэм хэмжээ" нийтлэлийг уншихыг танд зөвлөж байна.


Security code
Шинэчлэх