Нэг. Нийтлэг үндэслэл 

Монголын Үндэстний Чөлөөлөх Хөдөлгөөн төрийн бус байгууллага /цаашид МҮЧХ ТББ гэх/-н Дотоод үйл ажиллагааны журам /цаашид “журам” гэх/-н зорилго нь гишүүдийн үйл ажиллагаанд оролцох оролцоог оновчтой зохион байгуулах,  гишүүнээр элсүүлэх, чөлөөлөх, хандив болон гишүүнчлэлийн татвартай холбогдсон харилцааг зохицуулахад оршино.

1.1. Энэхүү журмыг МҮЧХ ТББ-д элссэн бүх гишүүд дагаж мөрдөх бөгөөд түүний биелэлтэд гишүүн бүр хяналт тавина.

1.2. Гишүүдийг улс үндэстнийхээ язгуур эрх ашигт чиглэсэн судалгаа, шинжилгээний ажил хийх, лекц унших, илтгэл тавих, өгүүлэл, нийтлэл, ном бичих, хэвлүүлэх, багшлах зэрэг ажлыг байгууллагын зүгээс дэмжинэ.

1.3. МҮЧХ ТББ нь эх оронч итгэл үнэмшил, бодит зүтгэлтэй, ёс зүйтэй, хариуцлагатай иргэдийг гишүүнээр элсүүлэхийг эрмэлзэнэ.

1.4. МҮЧХ ТББ нь гишүүдийнхээ мэдлэг боловрол, авъяас чадварыг дээшлүүлэн хөгжүүлэхэд чиглэсэн үйл ажиллагааг тогтмол зохион байгуулах ба гишүүдээс өөрийн мэдлэг чадварыг дээшлүүлэхэд идэвх чармайлт гаргахыг шаардана.

1.5. МҮЧХ ТББ-ын бүх үйл ажиллагаанд баримтлах үндсэн зарчим нь идэвх санаачлага, сахилга бат, хариуцлага байх болно.

1.6. МҮЧХ ТББ-ын зүгээс гишүүдэд үүрэг даалгавар өгөх ба гишүүд өгсөн үүрэг даалгаврыг тогтоосон цаг хугацаанд бүрэн хийж гүйцэтгэх үүрэгтэй.

1.7. Гишүүдийг ажлын хэсгүүдэд хуваарилах ба ажлын хэсэгт багтсан гишүүд ажлын хэсгийн ахлагчийн удирдлага дор ажиллах үүрэг хүлээнэ.

1.8. МҮЧХ ТББ-ын тэргүүний тушаалаар “Гишүүдийн заавал унших ном, нийтлэл, судалгааны бүтээлүүдийн жагсаалт”-ыг гаргах бөгөөд уг жагсаалт дахь бүх бүтээлийг гишүүн бүр заавал уншсан байна.

 

Хоёр. Гишүүнээр элсүүлэх.

2.1. МҮЧХ ТББ-д гишүүнээр элсэхэд гишүүнээр элсэх анкет бөглөнө.(Анкетыг уг журманд хавсаргав.)

2.2. Гишүүнээр элсэх эсэх шийдвэрийг горилогчийн бөглөн өгсөн анкетад үндэслэн МҮЧХ ТББ-ын тэргүүн гаргана.

2.3. Гишүүнээр элсэх, гишүүнээс чөлөөлөх шийвэрийг Удирдах зөвлөл гаргаж, МҮЧХ ТББ-ын тэргүүн гарын үсэг зурсанаар гишүүнээр элссэн болон чөлөөлөгдсөнд тооцно.

2.3. Гишүүнээр элсэх анкетыг горилогчоос хүлээн авсанаас хойш 21 хоногийн дотор элсүүлэх эсэх шийдвэрийг горилогчид танилцуулна.

2.4. Гишүүнээр элсэн орсон цагаас эхлэн гишүүн нь МҮЧХ ТББ-ын дотоод дүрэм журмыг даган биелүүлэх үүрэг хүлээнэ.

 

Гурав. Гишүүнээс чөлөөлөх.

3.1. Гишүүнээс чөлөөлөх шийдвэрийг удирдах зөвлөлийн саналаар МҮЧХ ТББ-ын тэргүүн гаргана.

3.2. Гишүүнээс чөлөөлөх тухай шийдвэр нь бичгэн хэлбэрээр 2 хувь үйлдэгдэж нэг хувийг МҮЧХ ТББ-ын архивт хадгалж, дараах хувийг гишүүнээс чөлөөлөгдсөн хүнд хүлээлгэн өгнө.

3.3. Гишүүнээс чөлөөлөгдөх тухай шийдвэрт чөлөөлсөн үндэслэлүүд болон бусад баримтуудыг дурдах эсвэл хавсаргана.

3.4. Дараах нөхцөлүүдийг гишүүнчлэлээс хасах үндэслэл гэж үзнэ:

3.4.1. Тухайн гишүүн өөрийн хүсэлтээр МҮЧХ ТББ-ын гишүүнчлэлээс чөлөөлөгдөх хүсэлтээ бичгээр гаргах

3.4.2. 3 буюу түүнээс дээш сарын хугацаанд гишүүнчлэлийн татварыг төлөөгүй эсвэл дутуу төлсөн.

3.4.3. МҮЧХ ТББ-ын “Гишүүдийн ёс зүйн дүрэм”, “Соёлын хэм хэмжээ” болон “Дотоод үйл ажиллагааны журам”-ыг ноцтой зөрчсөн.

3.4.4.  МҮЧХ ТББ-ын “Гишүүдийн ёс зүйн дүрэм”, “Соёлын хэм хэмжээ” болон “Дотоод үйл ажиллагааны журам”-ын зүйл заалтыг зөрчсөн үйлдлийг удаа дараа давтсан.

3.4.5. Гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээс тогтоогдсон.

 

Дөрөв. Байгууллагын эд хөрөнгийг ашиглах

4.1. Гишүүн нь өөрийн ашиглаж буй байгууллагын эд хөрөнгө, үнэт зүйл, тоног төхөөрөмжийг ариг гамтай, зориулалтын дагуу хэрэглэж хамгаална. Дор дурдсан болон бусад эд хөрөнгийг байгууллагын эд хөрөнгө, үнэт зүйлд тооцно. Үүнд:

4.1.1. Оюуны өмчийн бүтээл, ном, сургалт ба судалгааны материал, эрдэм шинжилгээний нийтлэл, хуулбар материал, тайлан, байгууллагын интернет орчин дахь веб сайт ба хаягууд, интернет холболт ба үйлчилгээ,

4.1.2. Байгууллагын байр, компьютер, принтер, дүрс бичлэгийн камер, тавилга хэрэгсэл, бичгийн хэрэгсэл болон байгууллагын өмчид хамаарах бусад тоног төхөөрөмж ба эд зүйлс,

4.1.3. Бэлэн болон бэлэн бус мөнгө, бэлэг дурсгалын зүйлс зэрэг болно.

4.2. Байгууллагын өмчид бүртгэлтэй эд зүйлс, материал, тоног төхөөрөмжийг зориулалтын бусаар хэрэглэх, хувийн хэрэгцээнд ашиглах, бусдад зөвшөөрөлгүй дамжуулахыг хориглоно.

4.3. Гишүүн байгууллагын эд хөрөнгийг ашиглах үедээ эвдэж гэмтээсэн, хаяж гээгдүүлсэн тохиолдолд хохирлыг нөхөж барагдуулна.

 

Тав. Хандив, тусламжийг бүртгэх, ашиглах тухай

5.1. МҮЧХ ТББ нь дотоод ба гадаадын хуулийн этгээд болон хувь иргэнээс мөнгөн ба мөнгөн бус хандив хүлээн авахад нээлттэй.

5.2. Хандивыг МҮЧХ ТББ-ын үйл ажиллагааны үндсэн чиглэлийн дагуу дотоод хэрэгцээнд ашиглана.

5.3. МҮЧХ ТББ-ын бүх гишүүд хандивын орлого болон зарцуулалтын мэдээлэлтэй танилцах эрхтэй.

5.4. Хандивлагчаас тавьж буй тухайн хандив, тусламжийн зарцуулалт болон ашиглалтын нөхцөл, шаардлага нь байгууллагын үзэл баримтлал, зорилго, үнэт зүйлсэд харш тохиолдолд тухайн хандив тусламжаас татгалзаж болно.

5.5. Хандивчлагч нь мөнгөн бус тусламжийг тодорхой хугацаанд ашиглуулах хүсэлт гаргасан бол тухайн хандив, тусламжийг эд зүйлсийн зургийг авч, загвар төрөл, өнгө, хэлбэр хэмжээ, барааны код болон содон таних тэмдэглэгээг тэмдэглэн авч заасан хугацаанд ариг гамтай, цэвэрхэн ашиглаж тухайн хандивлагчид бүрэн хүлээлгэн өгнө.

 

Зургаа. Гишүүнчлэлийн татвар.

6.1. МҮЧХ ТББ-ын сар тутмын гишүүнчлэлийн татварын доод хэмжээ нь 20000 /хорин мянга/ төгрөг байна.

6.2. МҮЧХ ТББ-ын гишүүн гишүүнчлэлийн татварыг сар бүр эсвэл олон сар, жилээр нь багцлан төлж болно.

6.3. Гишүүнчлэлийн  татварыг гишүүнээр эслсүүлэх МҮЧХ ТББ-ын тэргүүний тушаал гарсан өдрөөс эхлэн сар бүрийн 05-ны өдрийн дотор төлнө.

6.4. Гишүүнчлэлийн хураамжийг ХААН банкны 5429668012 тоот дансанд төлөх ба гүйлгээний утган дээр овог нэр, регистрийн дугаарыг заавал бичнэ.

6.5. Санхүүгийн тайланг жилд нэг удаа МҮЧХ ТББ-ын тэргүүн тайлагнана.

 

Сэтгэгдэл бичих

Таны бичсэн сэтгэгдлийг сайтын админ зөвшөөрсөн үед нийтлэх болно. Зөвхөн кирилл үсгээр зөв бичгийн алдаагүй бичсэн, интернет соёлын хэм хэмжээнд нийцсэн сэтгэгдлийг хүлээн зөвшөөрөхийг анхаарна уу. Сэтгэгдэл бичихийн өмнө "Интернет соёлын хэм хэмжээ" нийтлэлийг уншихыг танд зөвлөж байна.


Security code
Шинэчлэх

    • Цахим шуудан:
      • This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
      • This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
    • Мэдээлэл харилцаа хариуцсан ажилтны утас: 88167001
    • Номын борлуулалт хариуцсан ажилтны утас: 88167001
    • Банкны данс:
      • Банкны нэр: Худалдаа хөгжлийн банк
      • Дансны дугаар: 456 094 040
      • Данс эзэмшигчийн нэр: Дэмчигийн БОЛОР
      • Валютын төрөл: Төгрөг