maradona by kusturica

Оригинал нэр: Maradona by Kusturica
Нэр: Марадона Кустурцийн нүдээр
Гарсан он: 2008
Төрөл: Баримтат кино, спорт
Бүтээсэн студи/улс: Estudios Picasso / Exception Wild Bunch / Pentagrama Films Испани, Франц

Үргэлжлэх хугацаа: 79 минут
Оролцсон: Диего Марадона, Эмир Кустурица, Ману Чао
Киноны албан ёсны нээлт: 2008. 5.20-нд Каннын кино наадмын үеэр

 
Киноны тухай :

Аргентины алдарт хөлбөмбөгчин Диего Армандо Марадона тухай энэ баримтат киног нэрт кино найруулагч Эмир Кустурица бүтээсэн юм. Энэ бол XX зууны хамгийн алдартай агуу хөлбөмбөгчний, 1986 оны дэлхийн аврагын, шударга бус байдлын эсрэг тэмцэгчийн, зодог тайлсныхаа дараа сэтгэлээр унаж нэг хэсэг хугацаанд хар тамхинд донтож нэр хүнд нь буурсан ч манай дэлхийн сая сая хүмүүсийн хайртай тэр хүний гайхалтай ер бусын амьдралын тухай баримтат кино юм.

Кустурица энэ кинондоо Буэнос-Айресаас Неаполь, Куба хүртэл аялаж үзэгчдийг энэ гайхалтай хувь хүний амьдрал дундуур хамтдаа аялахыг санал болгодог. Энд хөлбөмбөгийн спортод орж ирсэн хамгийн анхны алхамуудаас нь хожим дэлхийн хамгийн алдартай хөлбөмбөгчин болсон, дараа нь алдар хүндийн оргилоос эмгэнэлт байдалд гулган орсон хэдий ч түүнээс гарах хүртэлх Марадонагийн амьдрал, тэмцлийн замаар түүнтэй хамт аялах болно.

Кино ер нь долоон хэсгээс бүтдэг. Энэ кинонд Марадонагийн гэр бүл, Хьюго Чавес ба Фидель Кастро нартай түүний найзалж нөхөрлөсөн тухай, улстөрийн үзэл баримтлалынх нь тухай, хожим “Бурханы гар” гэдэг нэр авсан Английн шигшээ багийн хаалганд хийсэн “алдарт” гоолын тухай зэрэг сонирхолтой түүхүүдийг өгүүлдэг. Мөн Кустурица энэ киноны зургийг авахаар Аргентинд очоод байх үедээ Марадонатай хамт улстөрийн нэгэн цуглаанд оролцсон тухай бас гардаг.

Хэдийгээр Кустурица Марадонагийн халуун дэмжигч хэдий ч энэ кинондоо түүнийг дахин нэг удаа магтан дуулах зорилгыг тавиагүй, алдааг нь ч цайруулахыг оролдоогүй юм. Харин бидэнд Марадонаг хөлбөмбөгчнөөс гадна хувь хүн талаас нь харуулах, Аргентины ард түмнийг “эзэрхийлэгчдийг” хөлбөмбөгийн талбай дээр ч атугай ялан дийлж байсан эх оронч Марадонагийн чин сэтгэлийнх нь үгсийг хүмүүст хүргэх зорилго тавьсан байсан юм. Энэ баримтат кино Марадонаг бидний өмнө дахин цоо шинэ өнцгөөс нээн харуулах болно.

Бусад кино найруулагчдаас онцгой өвөрмөц байдлаар үзэгчиддээ киноны санаагаа хүргэдэг, гэхдээ хэзээд үзүүлж байгаа зүйлийнхээ яг зүрхэнд нь онож чаддаг гэдгээрээ алдартай Эмир Кустурица, манай гаригийн хамгийн алдартай, авьяаслаг агуу хөлбөмбөгчин Диего Арманда Марадона гэдэг үнэхээр ер бусын энэ хоёр хувь хүний бие биедээ итгэсэн дотно ярилцлагууд, хөлбөмбөгийн мартагдашгүй агшингуудыг нь дахин нэг удаа бас хамт мэдрэх болноо...

1 1 1 1 1 1 1 1 1 1 Үнэлгээ: 0.00 (0 удаа үнэлсэн)