the rev will not2

"... түүхийг зураглаж авах ер бусын сайхан боломж..."

Кевин Томас, Лос Анжелос Таймс сонин

 

Оригинал нэр: The Revolution Will Not Televised
Нэр: Энэ Хувьсгалыг Телевизороор Үзүүлэхгүй
Киноны жанр: Баримтат кино
Гарсан он: 2003
Найруулагч: Ким Бартли, Донача ОБрайан
Бүтээсэн: Ирланд, Холланд, Герман, Финлянд, Их Британи
Үргэлжлэх хугацаа: 75 минут

Өнөө үед хүмүүс хаа амьдарч байгаагаасаа үл шалтгаалан эдийн засгийн, урлаг соёлын, улстөр бизнесийн гэх мэт түмэн хэлхээгээр хоорондоо холбогдож Дэлхий нэртэй нэг гариг дээр хамтдаа амьдарч байгаа гэдгээ, таны амьдралын ямар ч талд гаднах энэ орчин шууд буюу шууд бусаар гэхдээ заавал нөлөөлж байдаг гэдгийг ойлгох цаг иржээ. Зөвхөн хамар дороосоо цааш харахыг хүсэхгүй, нэг л улсын хүрээнд "аминчхан" бодож сэтгэх гэдэг бол өөрийгөө “харалган” болгож байгаа, аливаа үйл явдал, юмны цаад учрыг мөн чанарыг ойлгох боломжгүй болгож байгаа хэрэг юм...

Венесуэл улс бол дэлхийн газрын тосны 3 дахь том нийлүүлэгч орон билээ. Гэвч Барууны үндэстэн дамжсан компаниудын талыг баримтладаг, тэдний гар хөлүүд - "тавдугаар цуваа" нь энэ улсын засгийн эрхэнд гарсан байсан тэр он жилүүдэд венесуэлийн ард түмний дийлэнх олонх нь ажилгүйдэл, ядуурал, архидалт, янхандалтад живж энэ улс оронд нийгмийн шударга бус байдал, авилгал газар авсан байсан юм.

2001 онд Ирландын телевизийн хэсэг зураглаачид Венесуэл орны тухай, Хьюго Чавесын тухай баримтат киноны зураг авахаар энэ улсад ирээд гэнэтхэн өөрсдөө ч мэдэлгүй төрийн эргэлтийн яг төвд нь орчихсоноо ойлгосон байна. Хэн ч тэднийг тэр үед онцгойлон анзаараагүй бөгөөд тэд ч тэнд болж байсан гудамжны буудалцаануудын ховор агшнуудыг, төрийн эргэлтийг хийсэн тэр урвагч хуйвалдагчдын баяр хөөрийг, энэ улс орны засгийн эрхийг хуйвалдагчид булаан авсан мэт санагдаж байсан тэр үед тэдний илэн далангүй увайгүй ярилцлагуудыг дурандаа буулгаж авч чадсан юм. Мөн Хьюго Чавесын талынхныг цагдаа нар харгислан дарж хэлмэгдүүлж байсныг мөн эцэст нь хээл хахууль, хэвлэлээр тарааж байсан худал хуурмаг цуурхлууд, Каракаст орж ирсэн танкууд болон гаднын тагнуулын байгууллагын дэмжлэгт тулгуурлаж байсан энэ төрийн эргэлт хэрхэн яаж дууссаныг бас зураглаж авсан ажээ.

Энэ үед Венесуэлийн шинэхэн Ерөнхийлөгч Хьюго Чавес өөрийн улсын нийгмийн дийлэнх олонх болох ядуурсан хүмүүст байгалийн баялгаасаа олж байгаа орлогыг шударгаар хуваарилах боломжийг нээхийн тулд гаднын хөрөнгө оруулалт нэртэй гадаадын капиталын болон дотоодын урвагч эрх мэдэлтнүүд, олигархиудын мэдэлд орчихсон байсан Венесуэлийн газрын тосны компаниудыг улс үндэстнийхээ мэдлийн өмчид буцаан авч эхэлсэн байсан юм.

Ингэж эхэлмэгц түүнийг гүтгэн доромжлох /манайд цөөн хэдхэн неолибералчид түүнийг Чааваас гэж америкчуудыг дуурайн цоллож бичдэг бөгөөд тэд чухам юуг үндэслэж бүхэл бүтэн тусгаар тогтносон нэг улсын ерөнхийлөгчийг тэгж дайрдаг нь, чухам юу нь чааваас байгаа нь бас тодорхойгүй!?../ зорилготойгоор дэлхийн олон нийтийн мэдээллийн хэрэгслүүдээр өргөн хэмжээний үйл ажиллагаа эхэлсэн ба эцсийн эцэст Каракас дахь Ерөнхийлөгчийн ордныг нь дотоодын хуйвалдагчид танкуудаар бүслэн авсан байна.

Англи хэл дээр:

 

Орос хэл дээр: 

 

Тэд Чавесыг баривчлан авч явсан ба түүний сайдуудыг “гүтгэж гутаах” цуурхлуудыг хэвлэл мэдээллээр цацаж эцэст нь бүх арми, тэр байтугай Ерөнхийлөгчийн хамгаалалтын алба шинэ ерөнхийлөгч Педро Кармонед захирагдах болсноо мэдэгдээд байв. Гудамжинд Хьюго Чавесын талынхан руу үрлэн сумаар буудаж мөн Кубын элчин сайдын яамны өмнө бүлэг хүмүүс цуглаж дэд ерөнхийлөгчийг гаргаж өгөхийг шаардаж байлаа. Хуйвалдагчид энэ улсын Дээд Шүүх, Ерөнхий Ассамблей ба бусад үндсэн хуулийн байгууллагуудыг татан буулгасан гэж зарлаж байжээ. Телевизийн бүх сувгуудыг төрийн эргэлтийг зохион байгуулсан хуйвалдагчид гартаа оруулсан байсан ба бүх сувгуудаар "Хьюго Чавесын дайчид тайван жагсагчдыг буудсан" гэж олон нийтэд итгүүлэх ёстой байсан худал хуурмаг эвлүүлсэн зураглалуудыг зогсоо зайгүй харуулж байв. Гэвч... шөнө болж бүх хот даяар хүмүүс босож гудамжиндаа гарч ирсээр байв. Тэд замуудыг түгжиж энд тэнд түүдэг галууд асаан цуглаж эцэст нь ерөнхийлөгчийн ордон руу ирсээр байжээ. Өглөө гэхэд ордныг хэдэн мянган хүмүүс бүсэлснээр хамгаалалтын арми ард түмнийхээ талд орсноор төрийн эргэлт хийсэн хуйвалдагчид гутамшигтайгаар амь зулбан зугтсан байна.

2002 он бол Чилид ТТГазрын шууд дэмжлэгтэйгээр төрийн эргэлт хийсэн 1973 он биш байлаа. Тэр үед АНУ-ын том капиталын ашиг сонирхол Чилийн тэр төрийн эргэлтээс шууд шалтгаалж байсан ч одоо бол Латин Америкийн улс орнуудын дотоод хэрэгт хөндлөнгөөс, гаднаас нь шууд оролцоход илүү хэцүү болсон байсан юм. Хуйвалдагчдын гарт ард түмэн ба тэдний сонгосон хууль ёсны засгийн газарт шахалт дарамт үзүүлэх бүх зүйл орсон байсан боловч тэдгээрийг хэрэглэхэд тийм ч амаргүй болсон байлаа. Ард олны жагсаал цуглаануудыг цусанд хутгах нь одоо /гэхдээ дандаа биш/ бараг боломжгүй болсон байв. Бүх зүйл дэндүү ил тод, олон улсын хамтын нийгэмлэгийн болон дотоодын олон нийтийн нөлөө хэтэрхий их хүчтэй болсон байсан юм.

Энэхүү төрийн эргэлтийн нэг сургамж бол олон нийтийн мэдээллийн хэрэгслүүд бол хуйвалдагчдын гарт орвол ялагдашгүй зэвсэг биш, ийм байсан ч тэмцэж болох төдийгүй бүр хэрэгтэй байдаг, хувьсгалын ялалтыг эцсийн эцэст зөвхөн ард түмний өргөн олон нийтийн дэмжлэг л хангадаг гэдгийг харуулсан явдал юм. 1973 оны Чилийн төрийн эргэлтийн дараа олон “зүүний үзэлтнүүд” Альендег хувьсгалын ололтоо хамгаалахын оронд хуйвалдагчдад дэндүү “зөөлөн” хандаж байсан, харгис генерал Пиночетын төрийн эргэлтийг зөвхөн хувьсгалт дайчид л зогсоож чадах байсан гэсэн дүгнэлт хийсэн байсан билээ.

Энэхүү жишээ нь Хьюго Чавес ба түүний засгийн газар нь үгээ хэлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөөг хавчихгүйгээр, төрийн эсрэг хуйвалдаанд оролцож байсан генералуудыг албан тушаалуудаас нь халсан боловч амь нас, эд хөрөнгийг нь үлдээсэн ба сөрөг хүчин мөн тэднийг дэмждэг сувгууд үргэлжлүүлэн ажилласаар байсан боловч өөрийн төлөвлөсөн олон өөрчлөлт шинэчлэлүүдийг хийж чадсан төдийгүй Хьюго Чавесын байр суурь ард түмнийхээ дунд улам бэхэжсээр байгаа юм. /одоо Венесуэлд АИ-95 буюу октаны тоо нь 95-тай тэнцэх бензин 1 литр нь 0,03 $ буюу 3-6 -хан цент байгаа, дотоод эдийн засагтаа ийм хүчтэй тусламж хөрөнгө оруулалт хийж бусад орнуудад зах зээлийн бус "муу" үлгэр дуурайлал үзүүлж байгаагийн төлөө Хьюго Чавесm капиталистууд "популист" шошго наахаас өөр юу ч хийж чадаагүй юм/

Мэдээж хэрэг, ийм Том үйл хэргийг огт алдаа гаргахгүйгээр, шүүмжлүүлэхгүйгээр, тэр байтугай гүтгүүлэн доромжлуулахгүйгээр явуулах боломжгүй юм.

Гэхдээ түүхэн хүнийг гүтгэлэг гуйвуулга биш харин Ард түмэн, Түүхэн үнэн шүүдэг билээ...

 chaves2

Уго Чавес: Би олон газар зэрэг амьдарч чадахгүй шүү дээ

Ч.Өрлөг

 

Венесуэл 1991 он. Неолиберал их өөрчлөлтийн үе. Эдийн засгийн ухааны “суут бусниулагч“ Милтон Фридман, цэцэглэж байсан нэг бус нижгээд Латин Америкийн улсуудыг бутлан сүйрүүлсэн юм. Шинэ сургаалийн үндэслэгч тэр, өөрийн шавь нартайгаа хамт эдийн засгийн шинэ онол-номлол зохиож, түүнийгээ дэлхийд байхгүй мундаг ер бусын гэж сурталчлах болсон билээ. Тийм ээ. Олон хүний амь авах, сүйтгэн хөнөөх чадвараараа онцгой ер бусын гэдэг нь үнэн байсан. Неолиберализм гэдэг нь төрийн бүх мэдлийн хөрөнгийг хувьчлан, нийгмийг хамгаалах бодлогыг багасгаж, хувийн хэвшилд замбараагүй бүрэн эрх чөлөө өгөхийг хэлж байгаа юм. Яг л Монголд болсон шиг. Энэ бол Ардчилал, дэлхий ертөнцийн аврал гэж Америк бусад улсад тулгасан. Тэгээд тахал шиг бүх дэлхийгээр тарж эхэлсэн билээ.

Чавесын эх оронд тэр үед юу болсон бэ? Олон хүн үхсэн. Ард түмэн мянга мянгаараа гудамжинд гарч эсэргүүцэн жагссаныхаа төлөө, тэр үеийн Пересийн засгийн газрын тушаалаар буудуулж алуулж байсан. Дэлхийн валютын сангийн санаачилсан “Шинэ нийгмийн реформ” гэгчийг, түүнтэй холбоотой өөрчлөлтүүдийг хүмүүс тэсвэрлэн давж чадаагүй. Үнэндээ тэд өлсөж, юм идэхийг л хүсэж байв. Гуравхан жилийн дотор Венесуэлийн нийгэм, неолиберализмын сонгодог үр дагавар болох цөөхөн баян саятангууд, үлдсэн нь ядуучууд гэж хоёр хуваагдав.

Олон жилийн дараа Уго Чавес ард түмнээ “үсрэх гэж байгаа 10 сая өлсгөлөн бар” гэж зүйрлэн тэр үеийг хэлнэ. 1998 онд ”яг тэр барууд нь” түүнийг ерөнхийлөгчөөр сонгосон юм. Тэр цагаас эхэлж Венесуэлийн хөгжил цэцэглэлтийн үе эхэлсэн. Өмнө нь 1992 оны хоёрдугаар сарын 4-нд, агаарын десантын цэргийн офицер Чавес өөртэйгээ ижил, айх зүйлгүй, тууштай эх орончдын хамт цэргүүдийн цувааг удирдан, ерөнхийлөгчийн ордон луу хөдөлсөн юм. Энэ дайчин зангаа Уго эхийн сүүгээрээ дамжуулан өвөө ааваасаа өвлөн авсан байдаг. Түүний индиан цустай элэнц өвөө цагтаа засгийн газрын эсрэг мөргөлдөөнийг толгойлж байжээ. 1992 онд Чавесийн төрийн эргэлт хийх оролдлого амжилтгүй болж нухчин дарагдсан билээ. Бүх бурууг Чавес өөртөө авч шоронд хоёр жил суусан юм.

Тэд шинээр их хурал байгуулж, тэр хуралдаа авилгалд идэгдсэн, дахин дахин сонгогдож байсан парламентын хуучин гишүүдийг биш, нийгмийн бүх давхаргаас жинхэнэ олон түмний төлөөллийг оруулж суулгана гэж төлөвлөж байв. Үндсэн хуулийн реформ хийснээр улс орныг хээл хахуулиас чөлөөлж, иргэдийн ихэнх болох ядууст хүн шиг амьдрах, улс орноо удирдахад оролцох боломж олгох байлаа. Тэр үеийн ерөнхийлөгч Рафаэл Калдера түүнийг шоронгоос сулласны дараа, Чавес ядуусын хороололд байдаг “Боливиарын зөвлөлүүд” дээр тулгуурлан яг л Фидел Кастрогийн Кубад байгуулсан шиг “5 дахь бүгд найрамдах улс” гэдэг хөдөлгөөн байгуулав. Тэр хөдөлгөөн цаашаа хөгжсөөр “Венесуэлийн социалист нам” болсон юм. Зургаан жилийн дараа тэр ялалт байгуулж, Венесуэлийн улс төрийн амьдралд шинэ эрин үе эхэлж, ерөнхийлөгчийн ордон түүний гэр болсон юм.

Чавес эрх мэдэл авсан явдал тэр чигээрээ хувьсгал байв. Хийсэн үйлдэл, өөрчлөлт болгон нь шударга ёс, ард түмнийхээ төлөө, баячуудын эсрэг, капитализмын араатан шиг ямар ч энэрэлгүй эзлэн түрэмгийлэл, АНУ-ын давамгайлах бодлогын эсрэг байсан. Тэр урд нь баячууд болон гадны хөрөнгө оруулагч нарт алдсан байсан Венесуэлийн бүх чухал салбар болох нефть, төмөрлөгийн болон цементийн үйлдвэрүүдээ буцаан үндэстний төрийн мэдэлд авсан. Латин Америкийн бусад улсуудад, америкчуудын хэрэгжүүлсэн бүх нийтийн хувьчлалыг мөн адил Венесуэлд хийх гэж санаархаж байсан бүх хувийн америк компаниудыг өөрийн улсаас хөөн гаргасан юм. Их сургуульд орох шалгалтыг байхгүй болгон, оюутнуудын тэтгэмжийг нэмсний дараа оюутнууд түүнийг дэмжин “Ингэж улс орныг удирддаг юм!” гэж хашгирч байв.

Зарим нь түүнийг шоудаж байна гэж байлаа. Гэхдээ өөрөө ерөнхийлөгчийн цалингаасаа татгалзан оюутнуудад өгч, өөртөө зөвхөн цэргийн офицер байсныхаа төлөө авдаг тэтгэврээ үлдээсэн нь үнэн юм. Ерөнхийлөгчийн эзэмшилд байх ёстой ордноо сургуулийн байр болгосны дараа үүнийгээ… Би олон газар зэрэг амьдарч чадахгүй шүү дээ гэж тэр тайлбарласан. Өнөөдөр Венесуэлийн хүүхэд болгон 100% сургуульд хамрагдаж, бичиг үсэггүй хүн бараг үлдээгүй билээ. Нэг 70 настай эмэгтэй Уго Чавесын хэрэгжүүлсэн нийгмийн төслийн дагуу бичиг үсэгтэй болжээ. Тэр эмэгтэй ерөнхийлөгчид зориулж өөрийн гараар захиа бичин хайр сэтгэлээ илэрхийлэн болзоонд урьжээ. Уго тэр эмэгтэйн сэтгэлийг гомдоохгүйгээр яаж хариу бичихээ удаан бодсон гэдэг...

Уго Чавесын удирдлага дор Венесуэл улс гадаад өрөө бүрэн төлж өргүй болсноор зогсохгүй бусад улсуудад зээлдэгч, санхүүгийн чадвартай хүчтэй улс болсон, хүн амын өсөлт хэд дахин нэмэгдэж, орон гэргүй болон ажилгүй хүмүүсийн тоо эрс багассан байдаг. Венесуэлийн үйлдвэрлэлийн хэмжээ огцом өсөж, ажлын байр ихээр бий болж, бүтээгдэхүүн үйлдвэрлэлт урьд өмнө үзүүлж байгаагүй өндөр үзүүлэлтэд хүрсэн юм. Тус улсын валютын нөөц 4 дахин өсөж чадсан байв.

Тус улсад гарсан өөрчлөлтүүд, монголчуудын тахин шүтдэг “барууны Ардчилагчдын” дургүйцэл айдсыг яагаад их төрүүлсэн бэ гэвэл, Латин Америкийн энэ жижиг улс өөрсдийн хүчээр, гаднаас буюу Баруунаас ямар ч хамааралгүй байвал өсөн дэвжиж хөгжиж болохыг өөрийн жишээн дээр үзүүлсэн явдал байлаа. Генерал Шарль дэ Голл хагас зууны өмнө банкны системийг болон Холбооны нөөцийг (Fed) тэр чигээр донсолгож сандраасан явдал болох Франц улс өөрийн алтаа буцаан татаж авсныг Уго Чавес Венесуэлийн нөөц болох 160 тонн алтаа, 2012 онд Европын болон Холбооны нөөцийн банкуудаас татаж авснаар дахин давтсан юм.

Барууны ардчиллын эсрэг шударга тэмцэл явуулсныхаа төлөө 2002 оны 4 сарын 12-нд, Америкийн тусгай албадын зохион байгуулсан сөрөг хүчний төрийн эргэлтийн дараа Уго Чавесыг баривчлан хэрцгийгээр зодож холын арал руу аваачин хорьсон юм. Шинэ засгийн газрыг барууны эздийн гар хөл болсон Пэдро Кармона Эстанга толгойлсон билээ.

Тэр үед Уго Чавесын ард түмэн гудамжинд сая саяараа гаран жагсан эсэргүүцэж ерөнхийлөгчөө аварсан юм. Тэд хуулиар сонгогдсон ерөнхийлөгчийг буцаан тавихыг тууштай шаардаж зорьсондоо хүрсэн. Хэдэн жилийн дараа хэд хэдэн хувийн өмчид байсан компаниудыг төрийн мэдлийнх болгосны төлөө дахин түүнийг унагаах гэж оролдов. Энэ хуйвалдааныг хаанаас удирдан зохион байгуулж байгааг олон нийтэд мэдээлсний дараа хуйвалдааны арын эзэн болох Америкийн элчин сайдыг өөрийн улсаас албадан гаргасан юм. Энэний хариуд АНУ зэвсэг нийлүүлэхээ зогсоох эдийн засгийн хориг тавьсан ч, Венесуэл улс өөрийн хүсэлтээр АНУ улсын цэрэг зэвсгийн зориулалттай техникээс бүрэн татгалзсан билээ.

Чавесын өвчин туссан талаар 2011 оны 6 сард анх мэдэгдсэн. Тэр сардаа анхны хагалгаа хийгдэж, дараахан ходоодны хорт хавдрыг авах 2 дахь хагалгааг түүнд хийсэн. Гурав дахь удаа түүнийг өнгөрсөн жилийн 2-р сард хагалгаанд оруулсан юм. Одоогоор ерөнхийлөгч Чавес Гавана хотод 4 дэх хагалгааны дараах эмчилгээгээ хийлгэж байна.

Бүгдээрээ яаран дүгнэлт хийхгүйг хичээе... гэхдээ нэг л булингартай, ойлгомжгүй түүх үргэлжилж байна. Латин Америкийн удирдагчид бараг бүгдээрээ хорт хавдар тусдаг гунигт хандлага бий болоод удаж байна. Мануэл Сантос, Луис да Силва, Дилма Рүсэф, Кристина Киршнер, Фэрнандо Лүго, Алвар Үрибэ, Даниэл Ортега эцэст нь Фидел Кастро… Тэд бараг бүгдээрээ Америкийн эсрэг байр суурь илэрхийлдэг юм. “Бид бүгдээрээ зэрэг өвчилчихнө гэж байхгүй биз дээ” гэж Чавес гайхаж байсан. Тохиолдол цөөхөн тоотой бол байж болно, харин 3-аас илүү байгаа нь энэ бүгд хиймлээр зохион байгуулагдаж, маш нууц өвчнөөр бий болсон юм биш биз гэсэн хардлага зүй ёсоор төрж байна.

Чавесын өвчин түүний сөрөг хүчин болох ардчилагчдын гол зэвсэг болсон юм. Тэр удахгүй үхнэ ээ... Бид та нарт чөлөөт зах зээл, бүх нийтийн хувьчлал, шинэчлэл, ардчилал, эрх чөлөөг өгнө гэж тэд хашгирцгааж байв. Тэд ялсан бол 13 жил Уго Чавесын хамгаалан байж бий болгосон ард түмний хөрөнгийг, Америк зөвлөгч нарын тусламжаар, хувьчлал нэрийн доор тал тал тийшээ таслан хувааж идэхийг завдах байна.

Гэвч ард түмэн сонголтоо хийж, Уго Чавесыг өнгөрсөн 2012 оны 10 сард гурав дахь удаагаа ерөнхийлөгчөөр сонгосон юм. Тэр хүчирхэг дайснуудаасаа хэзээ ч айлгүй, зоригтойгоор хайртай ард түмнээ хамгаалан, тэднийхээ төлөө олон тэмцэл рүү дайран орж, хөдлөхгүй өмөөрөн зогсож байсан билээ.

Өнөөдөр ард түмэн өнчирлөө. Венесуэл гашуудаж байна, Венесуэл уйлж байна...

Мэдээллийн эх үүсвэр: 2013-03-06 15:20:18 , Мэдээний дугаар: #1222741

 

 Та бүхэн ямар байр суурьтай, санаа бодолтой явдаг вэ....

 

Холбоотой нийтлэлүүд

 

Сэтгэгдлүүд  

bat
0 # bat 2012-01-15 20:45
яг үнэн шүү.телевиз мэдээллийн хэрэгсэл бол хэн эзэмшинэ түүний боол шүү дээ...манай ард түмэнд хувь хүний боловсрол их хэрэгтэй байна даа.их туйлшрах, юуны ч туханд хүрэлгүй мугуйдлах гэх зэрэг араншин манайханд их байх юмаа...
Хариулах | Ишлэл татаж хариулах | Ишлэл
Үзэгч
0 # Үзэгч 2013-01-09 18:26
Ханаж цадахаа мэддэггүй улаан архичдын архины (нефть) төлөөх тэмүүлэл нь ихэнх дайны шалтгаан. Тэд байнга л баар (ОПЕК) савнаас архи нэхнэ. Ардчилал хүний эрхийн төлөө, эрх чөлөөний төлөөх дайн гэдэг шошготой нефтийн дайнууд л сүүлийн хэдэн жил явсан байх. Бидний үздэг ихэнх хэвлэл мэдээллийн сувгууд нь барууных байхад бид яаж бодитой, тэнцвэртэй мэдээлэл авч чадах юм бэ?. Зурагт радиогоор дамжуулж юүг л бол юүг бий болгож бас устгаж чадна. Жишээ нь огт байдаггүй Осама Бин Ладен гэдэг нэртэй муу хүнийг байдаг болтол нь сэнхрүүлж байна шүү дээ. Бин Ладины дүрд тоглосон хүн нь өөрөө Америкийн нууц ажилтан л юм. Өнөөдөр телевиз бид бүгдийн юманд хандах хандлагыг зааж өгч байна. Тэр хүн бол муу, тэр хүн бол сайн, ингэж болдог, болохгүй, ийм юм байдаг, ийм юм байддаггүй гэж олон дахин бөмбөгдөөд байхаар аяндаа хүмүүс тийм л ойлголттой болно. Мэдээлэлийн хэрэгсэл өнөөдөр таныг устгаад маргааш дахин амилуулж чадна!

Хариулт: Таны зөв өө! Хүмүүс өөрсдөө төдийгүй ойр тойрныхондоо хэлж анхааруулж л тэмцэхээс өөр арга зам бидэнд байхгүй. Мэдээллийн тусгаар тогтнолоо эргүүлэн олж авах ёстой!!! Ер нь ТВ үздэг "хүмүүсийг" ном уншдаг хүмүүс нь удирддаг гэж нэг ухаантан хэлсэн байдаг. Ихэнхи хүмүүсийг ийм болгожээ :wall2:
Хариулах | Ишлэл татаж хариулах | Ишлэл
JAMTS
0 # JAMTS 2013-03-14 18:35
Миний ард түмэн ухаантай байж нэгдэж нягтран бие биенээ дэмжиж тусалж хайрлаж байх цаг үе ирсэн байна.Монгол хүн эд баялгийнхаа эзэд нь юмаа гэдгээ бүх түвшинд ойлгох хэрэгтэй байна.Тиймээс боловсролдоо түлхүү анхаарах хэрэгтэй юмаа. Ялангуяа эрэгтэй хүүхдүүдийг сургалтанд хамруулах
Хариулах | Ишлэл татаж хариулах | Ишлэл
наса
0 # наса 2013-12-27 21:22
Анх 5 жилийн өмнө үзээд Ануг их өөр нүдээр хардаг болж билээ.
Хариулах | Ишлэл татаж хариулах | Ишлэл
bid
0 # bid 2014-01-16 19:34
Харамсалтай нь олон хүн үнэнийг ойлгохгүй байна. Бид ойлгуулахын төлөө тэмцэх болно. Баярлалаа.
Хариулах | Ишлэл татаж хариулах | Ишлэл

Сэтгэгдэл бичих

Таны бичсэн сэтгэгдлийг сайтын админ зөвшөөрсөн үед нийтлэх болно. Зөвхөн кирилл үсгээр зөв бичгийн алдаагүй бичсэн, интернет соёлын хэм хэмжээнд нийцсэн сэтгэгдлийг хүлээн зөвшөөрөхийг анхаарна уу. Сэтгэгдэл бичихийн өмнө "Интернет соёлын хэм хэмжээ" нийтлэлийг уншихыг танд зөвлөж байна.


Security code
Шинэчлэх

    • Цахим шуудан:
      • This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
      • This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
    • Мэдээлэл харилцаа хариуцсан ажилтны утас: 88167001
    • Номын борлуулалт хариуцсан ажилтны утас: 88167001
    • Банкны данс:
      • Банкны нэр: Худалдаа хөгжлийн банк
      • Дансны дугаар: 456 094 040
      • Данс эзэмшигчийн нэр: Дэмчигийн БОЛОР
      • Валютын төрөл: Төгрөг